Исланд улс улсаараа дампуурч байна
АНУ-даа эхний гуравт, дэл­хийд эхний аравт ордог ЖП Морган банкинд ажилладаг монгол залуутай ярилцлаа. Баатарын Болд гэх тэрээр 160 гаруй мянган ажилтантай, 2007 оны байдлаар нийт нэг трил­лион гурван зуун тэрбум ам.дол­ларын хөрөнгөтэй, ой­рол­цоогоор 160 тэрбум ам.дол­ларын үнэлгээ бүхий   хувьцаа­тай нүсэр банкны Лондон дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Сонирхолтой нь ЖП Морган 1929, 1930 оны их хямралын үед Америкийн төв банкны үүргийг гүйцэтгэж байжээ. Ийм түүхтэй банкинд ес дэх жилдээ ажиллаж буй Б.Болдтой гал тогоон дотор нь байж, үйл явдалд оролцож яваа хүнийх нь хувьд  дэлхийн нийтийг хамарсан Америкийн эдийн засгийн өнөөгийн хямра­лын талаар ярилцлаа.    

-Тантай Америкийн эдийн засгийн хямрал тойр­сон сэд­вээр ярилцах гэсэн юм. Энэ хямрал гэнэтийнх үү, эс­вэл удаан хугацааны буруу бод­логын сөрөг үр дагвар уу?

-Энэ хямралын түүхийг эхлээд ярья. 1980-аад оны сүүлээр АНУ-ын Сангийн яам орлого багатай иргэдийг  орон сууцжуулах зорилгоор банкуу­даар дамжуулж зээл олгож эхэлсэн. Гэхдээ энэ бодлого нэг их сайн явж өгөөгүй. Зах зээл нь ч өсөөгүй. Тэгж байтал 2001 оны есдүгээр сарын 11-ний хэрэг явдлаас улбаатай эдийн засгийн хямрал үүссэн. Энэ үед Америкийн төв банк зээлийнхээ хүүг ­нэг хувь хүр­тэл бууруул­сан. Энэ нь тухайн үед  эдийн засгаа аварч чадсан ч, бага хүүгээ хэт удаан барьсан.

-Нэг хувь дээрээ юү?

-Тийм, зээлийн хүүг нэгээс хоёр хувь болгож өсгөтөл бараг дөрвөөс таван жил болсон. Энэ хугацаанд маш олон хүн техно­логийн компанийн хугацааны алдагдлаас айгаад бэлэн мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авч эхэлсэн. Өмнө нь банкнаас үл хөдлөх хөрөн­гийн зээл авахад хорин хувийн урьдчилгаа төлдөг байсныг 0 /тэг/ болгосон. Тийм учраас нэг хүн ганц биш, дөрвөөс таван байр худалдаж авч эхэлсэн. Ийм хүмүүсийн ихэнх нь түрүүн ярьсан, 1980-аад оны сүүлээр батлагдсан бодлогын хүрээнд багтах бага орлоготой иргэд байсан. Энэ нь Амери­кийн түүхэнд байгаагүйгээр хамгийн олон байшин барьж, мод хэрэглэж, зээл авч байсан үе л дээ. Маш олон хүн зээл авсан учраас үл хөдлөх хөрөн­гийн зээлүүдийг багцалж бонд болгож гаргасан. Багцалсан бондуудаа хөрөнгө оруулалтын фондуудад зарсан. Фондуудад  зарахдаа долоон хувь нь л дампуурах магадлалтайг 40-50 жилийн судалгаан дээр тоо­цоолж гаргасан байсан. Гэтэл 2007 оны тавдугаар сард эдгээр бондын багцын  дампуурах магадлалтай долоон хувь маань 15 хувь болж өссөн.  Дампуурлын хувь нэмэгдсэн гэсэн үг.  Иймд  маш олон тоо­ны үл хөдлөх хөрөнгө борлог­дохгүй болж орон сууцны  үнэ унаж эхэлсэн. Гэтэл үнэ нь унасан тэдгээр үл хөдлөх хөрөнгүүд бүгд өмнө нь банкны барьцаа тавигдчихсан байсан.  Жишээ нь, 100 мянган ам.дол­ларын зээлийн барьцаатай байрны үнэ унаж 60 мянган ам.доллар болсон. Зээлийн барьцааны 100 мянга, унасан үнэ 60 мянган ам.долларын зөрүү болох 40 мянган ам.дол­ларын алдагдал нь шууд банкин дээр  ирсэн. Товчхондоо бол Америкийн Засгийн газар 2001 оны есдүгээр сарын 11-ний хямралын дараа бага хүүгийн орчинд эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлсэн. Гэхдээ бага  хүүгээ хэт удаан хуга­цаанд барьсны уршгаар маш олон иргэн, компани, хөрөнгө оруулалтын сан их хэмжээний үл хөдлөх хөрөнгийн зээл авч, эргээд зээлээ төлж чадахгүй, банкууд алдагдалд орж улсынх нь эдийн засаг унаж байгаа үзэгдэл л дээ.

-Зуун жилийн түүхтэй банкууд дампуурч байна гэхээр ит­гэ­мээр­гүй санагдаад байгаа юм. Ту­хайн банк түүхийнхээ энэ урт ху­гацаанд өөрийн хөрөнгийн  найд­вартай эх үүсвэр, харил­цаг­чид, хадгаламж эзэмшигчид­тэй болчихсон байдаггүй юм уу?    

-Банк бол хүнээс хадгаламж аваад эргүүлж зээл олгодог. Гэтэл  Аме­рикт сүүлийн 20-30 жил хад­га­ламж байхгүй, харилцагчид  нь  зөв­хөн зээлээр амь­дарч ирсэн. Америкт банк­ны өөрийн хөрөнгө нь нийт ак­тивын­­хаа 10 хувьтай л тэнцдэг. Жи­шээ нь, 100 ам.долларын баланс­тай банкны 10 ам.доллар нь өөрийн хө­рөнгө, үлдсэн 90 ам.доллар нь зээл бай­­даг. Гэтэл сая ярьсан зээ­лийн барь­­­цаа, унасан үнэ хоёрын зөрүү бо­­лох алдагдал нь тухайн банкны өөрийн үндсэн хөрөнгөөс давчихаж бай­­­гаа байхгүй юу. Ингэхээр банкууд дам­­пуурч эхэлж байгаа юм. Ийм ал­дагд­лаас үүссэн хямралд хөрөнгө оруу­­лалтын банкууд хамгийн ихээр өртсөн.

-Хөрөнгө оруулалтын банк арил­жааныхаас ялгаатай юу?

-Ялгаатай. Арилжааны банкны өөрийн хөрөнгө нь нийт активынхаа арван хувьтай тэнцдэг бол хөрөнгө оруулалтын банкин дээр энэ хэмжээ дөнгөж таван хувь байдаг. Өөрөөр хэлбэл, 100 ам.долларын баланстай банк­ны таван хувь нь л өөрийн хө­рөн­гө,   үлдсэн 95 хувь нь зээл бай­даг. Өөрийн чинь асуугаад байгаа зуун жилийн түүхтэй дампуурсан бан­куудын ихэнх нь хөрөнгө оруу­лалтын банкууд байсан. Жишээ нь, олон жи­лийн түүхтэй Лехман бродерс /Leh­man brothers/ гэдэг банк дам­пуур­сан. Дараа нь Мэрил линч / Merril Lynch/ гэж Монголд амралтын газар барих гэж яваад байсан хөрөнгө оруу­лал­тын банкийг яг дампуурахын ирмэг дээр Америкийн банк /Bank of America/ худалдаж авлаа. Морган стэн­ли /Morgan stanley/ гэдэг банкийг дам­пуу­рахаас хамгаалж японууд есөн тэр­бум ам.долларын хөрөнгө оруу­лалт хийлээ. Бас Голдман сачс /Goldman sachs/ гэж банк хүнд бай­далд орсон, хувьцаа нь нэлээд унаж байна.

-Яг  одоогоор хэдэн банк дам­пуураад байна вэ?

-Америкийн бүх банкны 12 хувь нь дампуурна гэсэн прогноз байсан. Хэр бодитойг мэдэхгүй юм. Дам­пуур­лын хамгийн том жишээ гэвэл Мон­голд одоо ипотекийн зээл гэж яриад байна аа даа. Үүнтэй адил Америкийн Засгийн газар ипотекийнхоо бодлогыг хөгжүүлэхийн тулд хоёр байгууллагыг өөрийнхөө дэмжлэгтэйгээр байгуул­сан байсан.  Фанни мае, Фредди мак гэж.  Энэ нь манайхаар Орон сууцны санхүүжилтийн корпорац л даа. Орон сууцны бүх зээл энэ хоёр байгууллага дээр төвлөрдөг байсан. Гэтэл энэ хоёр байгууллага маань хоёулаа дам­пуурчихлаа.  Ингэснээр Амери­кийн нийт зээлийн хэмжээ 11 трил­лион ам.доллар болж, нийт эдийн засгийн­хаа бараг 80 хувьд хүрчихээд байна. Гэхдээ энэ бол найдваргүй зээлүүд биш л дээ. Бүгдээрээ л цаа­наа үл хөд­лөх хөрөнгөөр батал­гааж­сан зээл. Америкт нэг номерийн бая­лаг бол орон сууц байдаг.     

-АНУ-д нийт хэдэн банк байдаг юм бэ?

-Би яг нарийн тоо мэдэхгүй байна. 13 мянга орчим банк байдаг гэж сонсч байсан.

-Тэгвэл энэ хямрал Америкаас даваад дэлхийн бусад улсын банкуудыг дампууруулсан жишээ бий юү?

-Байна аа. Англид хоёр ч банк дампуурчихлаа. Исланд гэдэг улс ул­саараа дампуурч байна. Сая ОХУ-аас дөрвөн тэрбум ам.долларын зээл авлаа шүү дээ. Исланд улс өнөөд­рийн байдлаар 29 хоногийн хоол хүнсний нөөцтэй үлдсэн байна.

-Уг нь жижигхэн улс биз дээ, 350 мянга орчим хүн амтай?

-Хамгийн гол нь Исландын хам­гийн том банк дампуурсан. Гэтэл тэр бан­кинд нь Английн зарим хот болон ма­найхаар аймаг сумын статустай за­саг захиргааны нэгжүүд  800 тэр­бум фунтын хөрөнгө оруулчихсан бай­­сан. Энэ нь нэг триллион зургаан зуун тэрбум ам.доллар. Ийм их мөнгө дам­­пуурлаар алга болчихсон. Тийм уч­раас өнөөдөр Исланд, Англи хоё­рын хооронд маш эмзэг, хүнд харил­цаа тогтчихоод байна. Бас Японд 29 тэр­бум ам.долларын активтай даат­га­лын нэг компани дампуурчихлаа. Щвейцарийн дэлхийд алдартай, хам­гийн найдвартай гэгддэг Кридет суис /Gredit suisse/ зэрэг хоёр банк хүнд байдалд орж, улсынхаа Засгийн газар бо­лон арабуудаас 40-50 мянган ам.дол­­лар босгож авлаа. Энэ нь дам­пуурна гэсэн үг биш л дээ. Энэ хям­рал өөрөө ямар том хэмжээний, дэл­хийн бусад улс ордыг  яаж хамарч бай­­гааг харуулж байгаа хэрэг юм.  Энэ хям­ралаас өөрийгөө тусгаарлаж бай­гаа Хятадад гэхэд л хөрөнгө оруу­лалтын компани нь 200 тэрбум ам.дол­­ларын алдагдал дээр сууж бай­на. Яагаад гэвэл, Америкт хөрөнгө оруул­сан учраас. Дээр нь Хятадын экс­портын хэмжээ их хэмжээгээр буурч байна.  

-Ер нь бол үл хөдлөх хөрөн­гийн зээлээр дамжсан банкны хямрал болж байгаа юм байна, тийм үү?

-Үндсэндээ тийм. Энэ хямрал эх­лээд үл хөдлөх хөрөнгийнх байсан. Да­раа нь санхүүгийн хямрал болж хувир­сан. Одоо  шинэ нэр томъёотой болсон.  Дэлхий нийтээр итгэлцлийн хямрал гэж нэрлэж байна. Яагаад ийм нэр өгөв өө гэвэл дэлхийн санхүүгийн сүлжээнд том байр суурь эзэлдэг Лехман бро­дерс банк дампуурангуут банк хоорон­дын итгэлцэл байхгүй болсон. Банкууд хоорондоо зээл өгч, авч байж нийт эдийн засаг маань амьдардаг. Гэтэл энэ сүлжээний нэг том төлөөлөгч дампуурангуут бан­кууд хоорондоо зээл өгөхөөсөө айж бол­гоом­жилж эхэлсэн. Америкийн эдийн засгийн  өчигд­рийн үзүүлэлтүү­дээр  /энэ ярилц­лагыг өнгөрсөн ням гаригт ав­сан болно/ нийт хүн амынх нь итгэлц­лийн төвшин 1960-аад оноос хойш тус улсын түү­хэнд бай­гаа­гүйгээр хамгийн доод төвшин­дөө хүрсэн байна лээ. Маргаа­шийн итгэл байхгүй учраас иргэд мөн­гөө эргэл­тэд оруулахгүй хадгалаад дараад бай­на гэсэн үг. Зээлээр байр, машин, мебель авдгаа болилоо. Зээлжилтийн эрэлт байхгүй болсноор Америкийн эдийн засаг удаашрал руу орлоо. Энэ процесс дараа жилийн хоёр­дугаар улирал хүртэл үргэлжилнэ гэж суд­лаа­чид үзэж байгаа.

 

Засгийн газар нь иргэдийнхээ хадгаламжийг даатгаж баталгаа гаргасан  

-Хямралыг давахын тулд Аме­рикийн Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлж бай­на вэ?

-Хямралыг зогсоохын тулд АНУ-ын Засгийн газраас банкууддаа 700 тэрбум ам.долларын тусламж үзүү­лэ­хээр болсон. Энэ тусламж гурван зориулалттай. Нэгд үл хөдлөх хөрөн­гийн найдваргүй зээлүүдийг Амери­кийн Засгийн газар өөрийн балансан дээр хямдралтай үнээр худалдаж авна. Өөрөөр хэлбэл, банкуудын найд­варгүй зээлийн багцыг Засгийн га­зар нь өөртөө худалдаж авч байна гэ­сэн үг. Хоёрт, 700 тэрбум ам.дол­ларынхаа 250 тэрбумыг нь банкуудын хувьцаанд хөрөнгө оруулна. Гуравт, иргэдийн хадгаламжинд баталгаа гар­гаж өгч байгаа юм. Өмнө нь тухайн ир­гэний 100 хүртэлх мянган ам.дол­ларын хадгаламжийг АНУ-ын Засгийн газар даатгаж баталгаа өгдөг байсан. Одоо энэ хэмжээг нэмэгдүүлж, 250 мянган ам.доллар хүртэлх хадга­ламжинд баталгаа өгөх боллоо. Ингэснээр иргэд банкнаас хадгалам­жаа татах шаардлагагүй, дампуурах вий гэж айх аюулгүй болж байгаа юм. Харилцагчдын итгэлийг дахин олж, энэ зээлийн цаана АНУ-ын Засгийн га­зар байгаа шүү гэсэн баталгааг гаргаснаар банкуудын харилцан зээл өгөлт сэргэж эхэлж байна.  Амери­кийн  Засгийн газрын энэ шийдвэр бол аль болох олон банк, олон ком­панийг дампууруулахгүй, аль болох олон айл өрхийг эдийн засгийн хям­ралд өртүүлэхгүй  гэсэн бодлого.  

-700 тэрбум ам.доллар гэдэг хям­ралыг давахад хүрэлцэх хэм­жээний хангалттай мөнгө үү?

-700 тэрбум ам.доллар гэдэг Солонгосын эдийн засгийн 80 хувь шүү дээ. Харин Америктаа нэг их мөнгө биш. Хамгийн гол нь 700 тэр­бум ам.долларын тусламжийн хөтөл­бөрийг хэдий хугацаанд хэрэг­жүү­лэх вэ гэдэг нь тодорхойгүй учраас одоо­хондоо  олон хүний итгэлийг сайн та­тахгүй байх шиг байна.

-Таны ажиллаж байгаа ЖП Морган банк энэ хямралыг яаж давж байна вэ?

-Хямралыг гайгүй давж байгаа. Энэ нь манай удирдлагуудын  зөв шийд­вэр, үл хөдлөх хөрөнгийн зээ­лийн багцыг сонирхож олноор аваа­гүй­тэй холбоотой. Мэдээж бусад банк­ны адил сөрөг нөлөөнд өртөж л бай­гаа. Манай банк саяхан хоёр том бан­кийг худал­даж авлаа. Манай банкны нийт хувь­цааны үнэлгээ 2007 оны эхэнд 150 тэрбум ам.доллар байсан. Энэ үнэлгээ өнөөдөр ч хэвээр бай­гаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд тогт­вортой ажил­лаж чадсан гэсэн үг. Гэтэл Сити групп гэдэг банкны нийт хувьцаа  2007 оны нэгдүгээр сард 250 тэрбум ам.доллар байж байгаад өнөөдрийн байд­лаар нэг зуун тэрбум ам.долларт ч хүрэхгүй боллоо. Бусад банк ч гэсэн хям­ралд өртөж хувь­цааны үнэлгээ нь унаж байна. ЖП Морганы хувьд арил­жааны банк уч­раас хадгаламж эзэм­шигчдийн­хээ найдвартай балансан дээр ам­жилт­тай ажиллаж чадаж байгаа.  

-Танай банкны зүгээс Монгол­той ямар нэгэн харилцаа хам­тын ажиллагаа байгаа юу?

-Хамтын ажиллагаа тогтоох чиглэ­лээр нэлээд идэвхтэй ажиллаж бай­гаа. Манай удирдлагуудаас хэд хэдэн удаа Монголд айлчилсан. Миний хувьд хөрөнгө оруулалтыг Монголдоо та­тах сонирхолтой учраас аль болох зөв талаас нь мэдээлэл өгч байдаг. Мон­голд хэрэгжүүлэх янз бүрийн то­моо­хон төслүүд дээр анхаарал тавьж ажиллаж байна.

-Та одоо  ЖП Морганд яг ямар алба хашиж байна вэ?

-Би одоо Нью-Йоркоос нүүгээд, Лондонд амьдарч байгаа. Банкныхаа Лондон дахь салбарын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай банк ОХУ, түүнээс гадна хуучин ЗХУ-ын бү­рэлдэхүүнд багтаж байсан улсуу­дыг хариуцдаг. Бид Оросын зах зээл дээр нэлээд амжилттай, эрчтэй ажилладаг.

 

Монголбанк арилжааны банкуудад хӨрӨнгӨ оруулалт хийх шаардлагатай

-Энэ хямралыг “дэлхийн эдийн засгийн” гэж онцолж байгаа. Банкны тухайд ойлголоо. Ха­рин банкныхаас бусад салбар­тай яаж холбогдож эдийн за­сагт нь нөлөөлж байна вэ?

-Америкийн эдийн засаг маш олон орны хөрөнгө оруулалтаас хамаарал­тай. Тус улсын нийт эдийн засаг 15 триллион ам.доллар. Америкийн да­раа Японы эдийн засаг ордог, зургаан триллион ам.доллар. Европын хол­боо­ны улсуудыг нэгтгээд үзвэл бас 15 трил­лион ам.доллар болдог.  Ор­ноор нь тооцвол дэлхийд  гурав­ду­гаарт хэм­жээгээрээ Германы эдийн засаг ордог. Харин манай урд хөрш БНХАУ-ын эдийн засаг ойролцоогоор 2.5 триллион ам.доллар л байгаа. Энэ бол Америкийн эдийн засгийн дэргэд харьцангуй бага. Америкийн эдийн зас­гийн 15 триллион ам.долларын гурав­­ны хоёр нь хэрэглээний эдийн засаг. Өөрөөр хэлбэл, тус улсын иргэ­дийн машин техник, бараа худалдаж авдаг эдийн засаг. Америкууд энэ бүхнээ  Хятадаас болон дэлхийн бу­сад улсаас худалдаж авдаг.  Америкт хэрэглээ багассан учраас Хятадад тоглоомын үйлдвэрүүд хаагдаж бай­на, “Тоёота” үйлдвэрлэлээ зог­соож бай­на, зарим үйлдвэр нь хөрөнгө оруу­лал­тын мөнгөгүй боллоо. Бидний сайн мэдэх зэсийн үнэ 4800 ам.дол­лар болж уналаа. Ихэнх ажиглагч зэсийн үнэ 4800 ам.доллар дээр тог­тож хоёр жил орчим болно гэсэн таа­маг­лал дэвшүүлж байна. Бүр илүү унаж ч магадгүй гэсэн прогноз бий.  Зэсийн хэрэглээ дэлхий нийтээр урьд өмнөх жилүүдийнхээс багассан уч­раас үнэ нь унаж байна. Хүмүүс ма­шин худалдаж авахаа больсон уч­раас машины үйлдвэрлэлд хэрэглэ­дэг зэсийн хэмжээ багаслаа. Америкт жилд  15 сая машин борлогддог байс­наа өнөөдөр 12 сая ширхэг болж буур­лаа. Ачааны тэргүүдийн борлуу­лалт бүр багассан.  Орост гэхэд л жилд  гур­ван сая ширхэг машин бор­луулдаг Ев­ро­пын хамгийн том зах зээл болно гэсэн прогноз байсан, гэтэл 2.5 сая болж буурлаа.  

-Цагаан ордон, Бээжин хоёр яаж хамтарч ажиллахаас хямралыг хэрхэн давах нь хамаарна гэж зарим хэвлэлд бичсэн байна лээ. Гэ­тэл таны хэлснээр Хятадын эдийн засаг Америктай харьцуу­лахад хамаагүй бага байж Аме­рикийн эдийн засгийн тогтвор­жилтод яаж эерэг нөлөө үзүүлэх вэ?  

-Хятадын эдийн засагт нэг сонин зүйл бий. Америк, Хятад хоёр дандаа худалдааны алдагдалтай явсан. Хятад талдаа ашигтай, Америк талдаа алдагдалтай явж ирсэн. Америк ба­рааг дандаа зээлээр худалдаж авс­наар Хятадын төв банк өнөөдөр 1.5  трил­лион ам.долларын валютын нөөцтэй болсон. Энэ нь Америкийн эдийн засгийн арван хувь гэсэн үг. Хамгийн ашигтай нь хятадууд энэ бүх мөн­гөө Америкийн Засгийн газрын үнэт цаас руу оруулчихсан. Тийм уч­раас л Америк, Хятад хоёр дэлхийн дэл­хийн эдийн засгийн хөгжлийн хү­зүүн дээр хамт суучихаад байгаа юм. Европын холбооны хувьд маш олон улсын нэгдэл учраас орон болгон тус­даа мөнгөний бодлого явуулж нэг хэ­сэг хүчгүйдсэн. Тийм учраас хям­ралыг давахын тулд Европын холбоо гурван триллион ам.долларын хөрөн­гийг  банкуудад оруулах, баталгаа өгөх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бүхэн бэлэн мөнгө биш шүү дээ. Өнөөд­рийн байгаа үл хөдлөх хөрөн­гийг баталгаажуулж байгаа л хэрэг шүү дээ.  

-Энэ хямрал  Монголд нөлөөлж байна уу?

-Нөлөөлж ч  байна, нөлөөлөхгүй ч байна гэж бөөрөнхий хариулъя л даа. Яагаад гэвэл, Монгол Улс  сүүлийн таван жилд урьд өмнө байгаагүйгээр их  хөрөнгө оруулалт авсан. Хөрөнгө оруулалтынхаа хэмжээгээр Хятад, Солонгос улс тэргүүлдэг. Эдгээр  хөрөнгө оруулалт маань ирэх арван­хоёрдугаар сараас эрчтэй буурах төлөв ажиглагдаж байна. Энэ утгаараа нөлөөлнө. Яагаад гэвэл Со­лонгос улс өөрөө хямралыг даван туу­лахын тулд 30 тэрбум ам.долларын тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнөөдөр воннын ханш 30 хувиар унаад байна. Өмнө нь Америк, Солонгосоос Мон­голд ирсэн нэг бизнесмэн “би бирж дээр хувьцаа зарж, Монголд хөрөнгө оруулна аа” гэдэг байсан урьдын үлгэр цаашид нэг хэсэгтээ байхгүй болно. Энэ утгаараа нөлөөлж байна.

-Нөлөөлөхгүй тал нь?

-Монгол Улс сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжсөн ч дэлхийн санхүүгийн том зах зээл рүү нэвтэрч орж амжаа­гүй байсан. Хувьцааны зах зээл болон улсын төсөв маань гадаадын хөрөнгө оруулалтаас хэт их хамааралгүй байгаа нь хямрал шууд нөлөөлөхгүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар энэ хямралаас үүдэлтэй дампууралд өртөх магадлалтай орнуудын жаг­саалтыг Пакистан, Казахстан тэргүүлж байгаа. Дандаа гадаадын зээл тусламжтай учраас.

 

Монголд тҮрээсийн байрны компани байгуулмаар байна

-Монголд ноднингоос бага хүү, урт хугацаатай байрны зээлийг банкууд маш ихээр өгсөн. Үүнээс болоод орон сууцны эрэлт ихэсч байрны үнэ өссөн, инфляц нэмэгд­сэн гэж зарим хүн хэлдэг. Одоо банкууд зээлээ бараг  зог­соосон учраас барилгын компаниуд, бас банкууд өөрөө ч хөрөнгийн эх үүсвэргүй болчихоод байна. Монголын өнөөдрийн энэ дүр төрх дэлхийн эдийн засгийн хямралыг эхлүүлж байсан Америкийнхтай адилхан юм биш үү?

-Монголын арилжааны банкууд зээлээ хязгаарласан нь хэд хэдэн шалтгаантай байх шиг байна. Нэгдүгээрт Монголбанк инфляцтай тэмцэж байна гэж 200 сая долларын үнэт цаас гаргаж, банкуудад байсан илүүдэл мөнгийг сонгуулийн өмнө өөртөө татаж төвлөрүүлсэн. Хоёрду­гаарт инфляц өссөн хэд хэдэн шалт­гааныг бодож үзэх хэрэгтэй. Нефтийн үнэ өсч 140 ам.долларт хүрсэн, буу­дай, будааны үнэ өссөн, дараалаад хоёр сонгууль хийж тодорхой хэмжээ­гээр бэлэн мөнгө тараасан байна. Энэ бүхэн нь инфляц өсгөсөн гол шалтгаан л даа. Бид өнөөдөр инфляцтай тэмцэж байгаа нь энэ гээд урагшаа явж байгаа машиныхаа хойшоо харсан толь руу л хараад яваад байна. Гучин хэдэн хувийн инфляц бол 2008 оны долдугаар сард болоод өнгөрчихсөн үйл явдал. Гэтэл өнөөдөр Монгол болон Орост сүүлийн арван жилд байгаагүй арвин буудай хурааж авлаа. Дэлхий даяар буудайны үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сартай харьцуулбал бараг далан хувиар уналаа. Нефтийн үнэ 140-өөс далан доллар болж тавин хувь уналаа. Хэрвээ зах зээлийн утгаараа нь харвал ирэх жил үнэ буурах нь тодорхой байна.  Дэлхийн зах зээл дээр  үнэ буугаад байхад манайд бензиний үнэ өсөөд байвал импортлогч компаниудтай ажилладаг, монополийг хязгаарладаг, хянадаг үүрэгтэй байгууллага нь ажлаа сайн хийх ёстой. Энэ өнцгөөс маргаашаа харвал өнөөдрийн гуч гаруй хувийн инфляц бол монголчууд бидний хувьд хоёрдугаар асуудал. Нэгдүгээр асуудал бол таны хэлдгээр банкуудын эх үүсвэрийн асуудал хүнд байна. Миний бодлоор Монголбанк дэлхий нийтийг хамарсан энэ хямралыг хараад, бусад улс орны жишгийг дагаад арилжааны банкууддаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байх.

-Татвар төлөгчдийн мөнгөөр л хөрөнгө оруулалт хийж таарна. Гэтэл уг банк дампуурвал яах вэ?

-Хөрөнгө оруулалт хийхдээ шалгуур тавьж болно. Жишээ нь, төв банкнаас өгсөн хөрөнгө оруулалтыг зөвхөн орон сууцны зээлд зориулна гэж хоёргүй утгаар зааж болно. Хэрэв ингэвэл тухайн зээлээр барьсан байр нь өөрөө барьцаа болно. Ер нь тухайн банкны найдвартай байдлыг харж, шалгуур үзүүлэлт тавьж байгаад төв банк өөрийнхөө валютын нөөцөөс хөрөнгө гаргаж арилжааны банкуудад шилжүүлж л таарах болов уу. Тэгэхгүй бол экспортын орлого маань бүр л байхгүй болно. Монголын хамгийн том банкны нийт баланс 600-гаад сая ам.доллар гэвэл тухайн банкны өөрийн хөрөнгө 60 орчим сая ам.доллар л байгаа шүү дээ. Хэрвээ төв банкнаас 100-200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг арилжааны банкууддаа хийвэл барилгын салбар эргээд сэргэнэ. Өнөөдөр төмрийн хүдрийн үнэ тавин хувиар уналаа, цементийн үнэ унаж байна. Энэ бүхнээс шалтгаалаад ирэх жилд  орон сууц барих өөрийн өртөг бас л унана гэсэн үг.

-Дэлхийн нийтийн жишгийг дагаад Монголд ч гэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэ унах байх гэтэл тийм хандлага ажиглагдахгүй бай­на. Энэ юутай холботой вэ?    

-Монголд одоогоор үл хөдлөх хөрөнгийн үнэ харьцангуй гайгүй. Орон сууцны нэг ам метр нь 650-750 ам.доллар байна уу даа, ноднин­гийнхоос унаад шүү дээ. Гэтэл манайх шиг  бетонон байшингийн нэг ам метр нь Казахстанд 3000, Орост 10000, Америкт 10000 ам.доллар байгаа. Манайд байгаа 750 ам.доллар гэдэг бидний олж байгаа орлоготой харь­цуулахад өндөр боловч дэлхийн зах зээл дээрх үл хөдлөх хөрөнгийн үнийн төвшинд хүрэх болоогүй байна. Энэ маань цаашид тодорхой хэмжээ­ний нөлөөнд автаж унах, өсөх магад­лал бий. Уналт, өсөлтийг зохицуулах нэг арга бол түрээс.  Жишээ нь Аме­рикт тухайн орон суу­цанд амьдардаг нийт иргэдийн 50 орчим хувь нь л  байрны­хаа жинхэнэ эзэн байдаг. Бусад нь дандаа удаан хугацааны түрээс­лэгчид байдаг. Монголд л зуун хувь мөнгөө төлснийхөө дараа байрандаа орж байрныхаа эзэн болох гээд байх юм. Мон­голын Засгийн газар яагаад Хон­конг, америкууд шиг үл хөдлөх хөрөн­гийн түрээсийн компани бай­гуулж бол­доггүй юм. Засгийн газар ипотекийн ком­пани байгуулсан шиг орон сууцны түрээсийн компани байгуулмаар бай­на. Тэр нь Засгийн газар юм уу, төв банк­ны эх үүсвэрээр орон сууц ба­риулж, түүнийгээ иргэдэд түрээсэлж, түрээсийнхээ мөнгөөр зээлээ эргээд төлдөг бусад улсын жишгийг амьдралд хэрэгжүүлж болно. Түүнээс биш, гэр хорооллыг байхгүй болгоно гээд сарын 400 мянган төгрөгийн орлоготой айлд сарын 500 мянган төгрөгийн хүүтэй зээлийг тулгах  нь банкны хувьд ч, улсын эдийн засгийн хувьд ч эрсдэлтэй.  

-Зээлээс гадна эрх баригчид өөрсдөө бэлэн мөнгө амлаж, эдийн засагтаа эрсдэл авчирч байна. Сая УИХ-ын сонгуулиар 1.5 саяыг ам­лалаа. Ийм жишиг бусад улс оронд байна уу, эдийн засагт нь  яаж нөлөөлж байна вэ?

-Бэлэн мөнгө тарааж байгаа улс орнуудын хамгийн сүүлчийн жишээ нь Пакистан байна. Сая Беназир Бухоттогийн нөхөр гарч ирээд ядуу хүмүүст бэлэн мөнгө тараалаа. Энэ нь эргээд Пакистан улсын төсвийг алдагдалд оруулж дампуурлын ирмэг дээр авчирлаа. Манайхны тухайд 1.5 сая төгрөгийг бүх уурхайгаа бүгдийг нь жигд ажиллуулаад ашиг олоод эхэлсний дараа өгч байвал нэг хэрэг. Гэтэл олох ашгаа урьдчилан тараах нь арай эртэдсэн алхам юм шиг санагдаж байна. Иргэдэд мөнгө, хишиг хүртээхгүй гэсэн үг биш шүү дээ, ялангуяа дэлхий нийтийг хамарсан ийм хямралын үед энэ амлалтаа жаахан хойшлуулах л  хэрэгтэй. Хожим өгөхдөө ч гэсэн заавал бэлэн мөнгөөр биш, хувьцаа хэлбэрээр өгнө гэсэн зарим хүний санаа зөв юм  Ер нь бэлэн мөнгө тараах нь инфляцид, эдийн засагт маш сөрөг нөлөөтэй.

-Сая шинэ УИХ ямаанд 30 тэрбум төгрөг хуваарилснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ  шүү дээ?

-Ямааны гучин тэрбум төгрөг бол үнэхээр харамсалтай, санхүүгийн зах зээл дээр инээдтэй л юм боллоо. Үүний оронд энэ гучин тэрбум төгрөгөө арилжааны банкууддаа өгсөн бол бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж эдийн засагт илүү нэмэр өгөх байлаа. Хувийн хэвшлийнхэн л Монголын эдийн засгийг бүрдүүлж улсыг авч яваа шүү дээ. Ямаа биш. Бизнесээ дэмжих бодлогод л зарцуулмаар байсан юм.

-Гэтэл мөнгө босгож бэлнээр тараана гэж тооцоолж байсан Оюутолгойнх нь зэс хөрсөн дороо үнэгүйдлээ?

 -Зэсийн үнийн талаар түрүүн ярьсан. “Айвенхоу”-гийн хувьцаа өнөө­дөр 11-ээс дөрвөн ам.доллар болтлоо унаад байна. Зэсийн үнэ 8000-4800 ам.доллар болж уналаа.  Ийм учраас ашигт малтмалын ордуудыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнээс их зүйл хамаарна. Ямар ч гэсэн үр ашиг нь өмнөх жилүүдийнхээс унасан, үүнийг дагаад сонирхогч этгээдийн тоо ч цөөрч мэдэхийг үгүйсгэхгүй. Гол нь хөрөнгө оруулалтын гэрээнээс их зүйл хамаарна.   

-Харин нүүрсний үнэ гайгүй өсөөд байх шиг байна. Зэсийн үйлдвэрлэл буурч,  гангийн үйлдвэрлэл, нүүрсний хэрэглээ буурахгүй байгаа хэрэг үү?

-Нүүрс бол өөрөө хоёр төрөл байгаа. Хүрэн, коксжих нүүрс гэж. Коксжсон нүүрс дэлхийн зах зээлд  дутагдалтай учраас гайгүй өсөлттэй байна. Прогнозоор бол цаашид буурах хандлага бий гэж байгаа. Одоо бол хүргэж өгсөн нөхцөлөөр нэг тонн кокс­жих нүүрсний үнэ тонн нь 270 ам.дол­лар байна. Манайхан Тавантолгойн косжих нүүрсээ Хятад руу зөөвөрлөнө гээд байгаа. Гэтэл Хятад маань өөрөө импортоор жилд 10  сая тонн хүрэхгүй коксжих нүүрс авдаг. Өөрөө нөөцтэй учраас. Хамгийн их коксжих нүүрс импортоор авдаг улс бол Япон, жилд далан сая тонн коксжих нүүрс авдаг. Дараа нь Солонгос, жилд 30 сая тонн коксжих нүүрс авдаг. Эдгээр орнууд нүүрсээ дандаа Австрали, Бразилиас авдаг. Тийм учраас бид эдгээр зах зээл рүү гарах гарц эх үүсвэрээ олох хэрэгтэй. Сая Ерөнхий сайд С.Баяр Солонгост айлчилж, Тавантолгойг солонгосууд сонирхож байна, үүнийг оросуудтай хамтарч шийдэхгүй бол төмөр зам нь Хятадын нутгаар явахад хүндрэлтэй юм байна гэж ярьж байна лээ. Энэ бол маш зөв. Хамгийн том зах зээл, хэрэглэгч хаана байна, түүн­тэйгээ л түншлэх хэрэгтэй. Бид Таван­тол­гойгоос таван саяыг гаргах уу, хорин саяыг гаргах уу гээд л яриад бай­на. Гэтэл ийм хэмжээгээр гаргаж авахын тулд дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Дээр нь коксжих нүүрс гэдэг маань маш сайн боловсруулалт хийж, өндөр чанарын усаар угаасан нүүрсийг хэлдэг. Түүнээс биш, Тавантолгойд байгаа нийт нөөцөө шууд өнөөдөр байгаа коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнээр бодвол тооцоо буруу болно.