Нэг нь гацаадаг байснаа нийлж гацаадаг боллоо
Хамтарсан Засгийн газраас хурд харагдахгүй байна. Харин ч хүлээлтээр ард түмнээ залхааж эхэллээ.
2008 оны сонгуулийн дараа МАХН, АН хоёр Засгийн газарт эвссэн гол шалтгаанаа “сөрөг хүчин нэрээр төрийн ажлыг гацаадаг явдлыг халах” гэж тайлбарласан. Тэдний тайлбар “бай”-гаа оносонгүй. Өмнө нь нэг нам нь гацаадаг байсан бол одоо хоёулаа нийлж гацаадаг боллоо. Сонгууль дуусаад дөрвөн сар болж байхад УИХ нь бүрэн бүрдсэнгүй. 76-уулаа байх ёстой парламент 66 гишүүнтэйгээр анхдугаар чуулганаа дуусгасан бол, одоо Баянгол дүүргээс сонгогдсон дөрвөн гишүүнгүйгээр намрын чуулганаа өндөрлөх шинжтэй. Дутуу бүрэлдэхүүнтэй УИХ Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх үү, үгүй юү. Ямар ч гэсэн төрд өөрийн төлөөлөлтэй болох гэсэн баянголынхны хүлээлт дөрвөн сар хээр хонолоо.
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлээд хоёр сар болох гэж байна. Гэтэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөргүй, гүйцэтгэх засаглал гэдэг утгаараа Засгийн газар нь бүрэн бүрдээгүй явна. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарын томилгоо сунжирснаас төрийн албанд хүлээлт үүсч ажил хийдэг хүн цөөрлөө. Аль намын, хэн гэдэг хүн томилогдож ирэх бол, ирээд намайг яадаг бол гэсэн хүлээлт, айдас хоёроор ажлын найман цагаа өнгөрүүлдэг хүмүүс олшров.
Дэд сайд бол улстөрийн албан тушаалтан гэхээс өөр нэр хаяггүй. Дэд сайдын албыг анх намыг санхүүжүүлэгчдэд зориулж гаргаж ирсэн гэдэг. Тиймээс зарим хэвлэлд “сайдын цүнхийг барьж, цайг нь зөөх” гэж дэд сайдын ажил үүргийг томъёолсон нь бий. Ямар ч гэсэн Засгийн газрын гишүүн ч биш, төрийн захиргааны албан хаагч биш дэд сайдын сул албыг энэ Засгийн газар халж зүрхэлсэнгүй. Хамтарсан учраас хуваах бялуу нь багасчих гээд байсан юм болов уу. Гэхдээ бас дэд сайд нараа томилж зориглосонгүй. Дэд сайдыг сонирхогчид яамныхаа тооноос олон учраас тэр болов уу. Бүр сүүлдээ нэг яам хоёр дэд сайдтай байх ч сураг дуулдаж байна. Үндэсний аудитын газар болон төрийн албаны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар Эрдэс баялгийнхаас бусад яаманд хоёр битгий хэл, нэг дэд сайд ч илүү орон тоо ажээ.
Ер нь бол томилгоо сунжрахын хэрээр түүний төлөөх улстөрийн тэмцэл ширүүсч, ханш нь өсдөг урьдын туршлага Монголын улстөрд бий. Ерөнхийлөгч бараг Тамгын газаргүй, Засгийн газар дэд сайдгүй удаан явлаа гээд Монголд удирдлагын хомсдол үүсэхгүй нь тодорхой. Гэхдээ л сул, эзэнгүй албан тушаал байгаа нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг тойрсон хүмүүсийн дунд өрсөлдөөн, хардлага үүсгэдэг. Харин дунд доод шатанд шинэ дарга, дэд сайдаа хүлээсэн хүлээлт бий болж байна. Хамгийн гол нь аль ч шатанд ажлаа хийж бус, хийдүүлж дараагийн томилгоог хүлээдэг нь хүлээлтийн сөрөг тал юм.
Аливаа шинэ Засгийн газар 100 хоногийн давуу эрхтэй байдаг. Энэ нь нэг талаас тухайн Засгийн газрыг бүрдүүлэн мөрийн хөтөлбөрөө батлуулж эхний үр дүн гарах хугацаа, нөгөө талаас шинэ танхмын талаар шүүмжлэлийн муу үг унагадаггүй жишиг болдог юм. Энэ жишгийг дагаж зарим хүн хамтарсан Засгийн газрын талаар сайн, муу үг унагахгүй байх шиг байна. Унагая ч гэсэн баримт болгон ярих мөрийн хөтөлбөр нь одоогоор алга. Гэтэл улс орнуудын хөгжил, дэлхийн эдийн засгийн хямрал, түүхийн эдийн үнийн хувьсан өөрчлөлт нь Монгол Улсын хамтарсан Засгийн газрын 100 хоногийг хүлээсэнгүй. Засгийн газар танхмаараа ажиллаж эхэлснээс хойшхи хоёр сарын дотор л гэхэд Монгол Улсын төсвийн тавиас илүү хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ бараг хоёр дахин уналаа. 68 хувийн татвараар бүрдүүлж байсан Монгол Улсын хөгжлийн сан орлогогүй болох нь тодорхой болов. Энэхүү уналт манай улсаас, Засгийн газрын хурдаас хамаараагүй ч, эдийн засгийн хямрал, зэсийн үнийн уналтаас хамгаалсан нэг ч арга хэмжээг Монголын төр засаг авч хэрэгжүүлсэнгүй. Харин ч энэ үйл явдлыг “дэлхийн улс орнуудын хямрал болохоос Монголынх биш” гэж өөрөөсөө холдуулж, “хямрал манайд шууд нөлөөлөхгүй” гэсэн “солгой” тайлбар хийгээд сууж байна. Зэсийн үнээс хамаарч 2007 оны төсвөө тодотгосноо, мөн л зэсийн үнийн уналтаас шалтгаалан 2009 оны төсвөө төслийн явцад нь дахин тодотгох гэж байгаа нь дэлхийн эдийн засгийн хямралын шууд нөлөөлөл биш хэрэг үү. Сангийн сайдын хэлж буйгаар бол, удахгүй иргэдийн хадгаламжийг даатгах хууль батлах бололтой. Үүнийг Шадар сайд асан М.Энхсайхан “байхгүй хадгаламжийг байхгүй мөнгөөр даатгах тархи угаалт” гэсэн утгатай ярилцлага өгсөн байна лээ. М.Энхсайханы хардлага үнэн бол энэ нь сонгуульд 1-1,5 саяыг амладаг сонгуулийн популизмтай л төстэй бололтой. Сангийн яамныхан 68 хувийн татвараар бүрдүүлж 2009 онд хэрэглэхээр нөөцөлсөн 290 тэрбум төгрөгийг дуусашгүй мэтээр тайлбарлаж байгаа ч, цаанаа бол 2009 онд зогсоох нийгмийн халамжийн жагсаалтыг аль хэдийнэ бэлэн болгочихсон явна. Үүнийг эдийн засгийн хямралын шууд нөлөөлөл биш эрх баригчид л хэлж байгаа. Тэд энэ үгээ мянган удаа давтавч “Эрдэнэт”-ийн зэс дэлхийн зах зээл дээр, Оюутолгойн нөөц хөрсөн дороо үнэгүйдэж байгаа нь түүхэн үнэн билээ. Үнэнийг гуйвуулж, үйл явдлаас тэс хөндлөн хийсэн тайлбар, шийдвэрүүд үүнээс өөр ч бий. Жишээ нь, Төвбанкны ерөнхийлөгч нь УИХ-д “дэлхийн эдийн засгийн хямрал харин ч Монголд ашигтай тусна” гэсэн хачин мэдэгдэл хийв. Ажлаа хийж чадаагүй зарим нь бухимдлаа, сайд болж чадаагүй хэсэг нь хорслоо Монголбанкны удирдлагуудад тайлж, тэднийг инфляц өсгөсөн буруутан болгов. Ер нь монголчууд нийтээрээ нэг л их буруутан хайсан, тодруулсан, шүүсэн, ялласан улс боллоо. Сонгуульд ялсны, ялагдсаны, долдугаар сарын 1-ний хэрэг явдлын, инфляц өсгөсний буруутныг дэс дараалан тодруулж байна. Шударга ёсыг тогтоох нь зөв боловч ирж байгаа эдийн засгийн аюулыг зөөллөх нь өнөөдрийн хувьд нэгдүгээр асуудал, илүү олон хүний эрх ашгийг хөндсөн баймаар. Гэтэл УИХ, Засгийн газар нийгмийг тэгж залсангүй. Тэд Монгол Улсыг сүүлийн нэг жил Их хурлын сонгуулиар амьсгалсан сонгуулийн орон болгосон. Дараа нь олимпийн алтан медалиар түүчээлэн спортын орон болгож нэг хэсэг явлаа. Одоо дэлхийн эдийн засгийн хямралын энэ үед Монголыг сонгуулийн дүн, томилгоо хүлээсэн хүлээлтийн орон болгож хувиргалаа.
АНУ, Европын холбоо, Хятад, Солонгос гээд хүчирхэг гүрнүүд эдийн засгийн хямралаас хамгаалж иргэдийнхээ хадгаламжийг даатгалаа. Харин манайх ямаанд гучин тэрбум төгрөг хуваарилж дэлхийгээс сондгойров. Дэлхийн бүх л улс орон арилжааны банкуудаа дэмжиж хөрөнгө оруулалт хийн зээлийн бодлогыг нь дэмжиж байна. Харин Монголбанк угийн өндөр хүүтэй зээлийн бодлогоо улам чангаруулж, зээлийг хязгаарлаж их гүрнүүдээс онцгойров.
Дэлхийн улс гүрнүүдийн удирдлагууд эдийн засгийн хямралыг давахад зориулсан дээд хэмжээний хамтарсан уулзалтад оролцож явахад манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар сүүлийн нэг сарын дотор АНУ, Франц, Солонгос, Хятад зэрэг улсад ганцаарчилсан уулзалт хийж, өөрсдийгөө төрийн тэргүүн, гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдгийг нэг хэсэгтээ марттал ойр ойрхон гадаадад айлчиллаа.
Дэлхийн улс гүрнүүдийн парламент хямралыг давахад зориулсан, ард түмнээ санхүүгийн эрсдэлээс хамгаалсан хуулиуд баталж байхад манай УИХ малыг онлайнаар бүртгэнэ, бүртгэхгүй гэж хагас сар маргаж сууна. Ямаанд мөнгө хуваарилж, малыг онлайнаар бүртгэхийн хажуугаар эрхэм гишүүд ирэх 2012 онд болох УИХ-ын сонгуулийн хуулийн өөрчлөлтөд анхаарлаа хандуулжээ. Тэд дөрвөн жилийн дараа болох сонгуулийн хуулийг ирэх онд учирч болох эдийн засгийн хямралаас илүүд үзэж байна. Тэд ядаж жилийн дараа сонгуулийн хуулиа ярьж болох ч, өнөөдрөөс хэт яаравчилж буй нь “Сонгуулийн хуулийг өөрчлөх нэрээр намуудын удирдлагын байр суурийг бэхжүүлэх гэсэн улстөрийн акц” гэж болох хардлагыг төрүүлж байна. Учир нь одоо ярьж буй төслөөр бол 2012 оны сонгуулийг пропорциональ хувилбараар явуулах юм байна. Тэгээд ч УИХ-ын сонгуулийн хууль бол сонгууль явуулах процессыг л илүүтэй зохицуулна. Түүнээс биш, улс орны эдийн засгийн чадавхи, ард түмний амьдралыг дөрвөн жилийн дараа болох сонгуулийн хуулиар сайжруулахгүй.
Ямар ч гэсэн их улстөр тойрсон хүлээлт илүү сартай намраас урт болж байна.