Дайн дажны улмаас хага­цаж салсан иргэдээ хоёр та­лын төрийн бодлогын дэмж­лэгтэйгээр хооронд нь уул­зуулж учруулан найрсч бай­сан хоёр Солонгос гэнэт түнжин хагарлаа. Хагас зуун жилийн өмнө салан тусгаар­ласан тэд­ний сүүлийн үеийн энэ мэт эерүү харилцаа Солонгосын хойгийн үе үе хавиралдаж бай­даг сэрүүн уур амьсгалыг намж­мал болгосон байсан юм. Зарим ажиглагчид бүр хоёр Солонгосыг нэгдэнэ гэж хүртэл таамаглал дэв­шүүлж байсан гээч. Гэвч энэ удаа тэд­ний дунд дэндүү том асуу­дал үүслээ. Нөхцөл бай­дал ийнхүү гэнэт эсрэгээрээ эр­гэж ахиад л солонгосуудын дунд дайн дэгдэх нь, аягүй бол дэлхийн гуравдугаар дайн ч үүгээр эхэлж магад гэцгээн дэлхийн улс төрийн ажиглаг­чид дуу дуугаа авалцаж байна.

Солонгосын хойгт үүссэн энэ удаагийн нөхцөл байдлаас болж  Пхеньяныг АНУ, Евро­пийн холбоо, НҮБ, Япон, Орос, Их Британи зэрэг дэл­хийн олон орон буруутгалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама энэ асуудлаар анх удаа байр суу­риа илэрхийлэхдээ “АНУ Өм­нөд Солонгосыг Ази, Номхон далай дахь хамтраг­чаа гэж үздэг учраас Вашинг­тон Сөү­лийг ямагт хамгаална” хэмээн чангаар дуугарсан нь бусад улс орнуудын ар араа­саа хө­вөрсөн мэдэгдлүүдийг эхлүүлэв. 

Хэрэг явдлыг өдөөсөн хээрийн сургуулилт гэж юу вэ

Өмнөд Солонгос арван­нэгдүгээр сарын 22-ны өд­рөөс эхлэн умардын зүгээс хийж болзошгүй дайралтаас хамгаалах тэнгисийн цэргийн тактикийн сургуулийг ес хоног хийх болсноо мэдэгдсэн юм байна. Уг сургуулийг АНУ-тай хамтран зохиохоор ярилцаж байсан боловч АНУ тодорхой бус шалтгаанаар оролцохоос татгалзсан аж. Энэхүү тов­лосон хээрийн сургуулилт нь 1996 оноос эхлэсэн “Тим спирит” гэх хамтарсан хээ­рийн сургуулилтын ээлжит үргэлжлэл юм байна. Гэхдээ энэхүү хамтарсан сургуу­лилтын зорилгыг томъёолсон нэр нь үнэхээр сүржин. “Hoguk” буюу коммунист орны эсрэг батлан хамгаалах чадавхиа бэхжүүлэх гэсэн. Уг сургуулилт нь байлдааны таван удаагийн буудлагатай. Энэхүү суруулилтаа  Банён болон Енпен арлын ойролцоо бүст эхлүүлснээс уг мөргөл­дөөн эхэлсэн байна. Умар­дын тал уг сургуулилтыг өө­рийн усан хилд халдсан гэж үзэж өглөөний 8.30 цагт зогсоохыг анхааруулж мэдэг­дэл хийгээд улмаар өдрийн 14.34-14.55 цагийн хооронд, мөн 15.10-15.42 цагийн хооронд Умард Солонгосын Гэмори болон Мудо бааз дахь уулын агуйд далдлан байрлуулсан эргийн артил­лерийн их буугаар 170 удаа БНСУ-ын чигт буудсан байна. Үүний 80 сум нь Енпен арлыг онож, 90 нь усанд тусчээ. Үүний улмаас Өмнөд Солон­госын хоёр цэрэг, хоёр энгийн иргэн амь насаа алдаж, 18 хүн шархдаж, 30 орон сууц, цэргийн байгууламж өртөж, хоёр миллиард вонын хохи­рол учирсан байна.

Өмнөд Солонгосын тал К-9 өөрөө явагч их буугаар 2.50 цагт хариу буудлага хийсэн. 50 мм-ийн 80 сумаар (40 км-ийн тусгалтай, 50x50 метр ра­диусын хөнөөлтэй) Умардын эргийн артиллерийн хоёр бааз руу мөн буудсан. Өнөөд­рийн байдлаар хойд Солон­гост учирсан хохирлын хэм­жээний мэдээ цацагдаагүй байна. Хэдийгээр үе үе мөр­гөлдөөн болдог ч энэ удаа­гийн буудалцааныг 1953 оноос хойш буюу хоёр улсын хоорондын дайн зогссоны дараа байгуулагдсан энхийн гэрээнээс хойш бүс нутагт гарсан хамгийн анхны их буу оролцуулсан зэвсэгт сөргөл­дөөн гэж мэдээлж байгаа юм.   

Хоёр Солонгосын хоо­ронд 1999, 2002 онуудад тэнгисийн мөргөлдөөн болж байсныг бид мэднэ. 2002 онд болсон буудалцаанаар Умардын 13, Өмнөдийн та­ван усан цэрэг амиа алдсан юм. Тэдний мөргөлдөөний хамгийн сүүлийнх нь энэ онд болсон. 2010 оны тавдугаар сард болсон уг мөргөл­дөөнөөр умардын зүгээс БНСУ-ын эргийн харуулын Чхөнан байлдааны хөлгийг торпедоор буудаж, 46 усан цэргийн амь насыг хөнөөсөн учир ерөнхийдөө хоёр улсын харилцаа ширүүссэн байлаа. Шинжээчид энэ бүхэн дээр тулгуурлан Умардын талыг зэвсэгт өдөөн хатгалгыг алхам алхмаар ихэсгэж ирсэн гэж үзэж байгаа юм. Одоо­гийн байдлаар БНСУ зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг дайны өмнөх өндөр­жүүлсэн буюу хамгийн дээд төвшинд (тавдугаар зэрэгт) зарлан тогтоогоод байна.

Енпен арлын тухай

Хоёр Солонгосын хоо­ронд одоог хүртэл хилийн маргаан үргэлжилдэг. Шар тэнгис дэхь Хойд хязгаарын шугамд орших Енпен арал нь БНСУ-ын нутаг дэвсгэрт тооцогддог бөгөөд Умард Солонгосын эргээс 12 км-т байршилтай юм байна. Арлыг хүрээлсэн тэнгисийн ус загасны нөөцөөр дээгүүрт ордог. Тэнд ажиллаж байгаа манай улсын хоёр иргэн гэхэд загасны аж ахуйд ажилладаг байх жишээтэй. Энэ арал дээр тэнгисийн цэргийн байн­гын артиллерийн батарей, цэргийн барилга байгууламж, иргэний 930 орчим барилга, орон сууцны байшин байдаг. Мөн 1700 орчим энгийн ир­гэд, цэргийн албан хаагчид оршин суудаг юм байна.

Умардынхан нь урьдаас бэлтгэж байсан уу

Одоогийн байдлаар ба­руун эргийн бүст 30000 тэн­гисийн цэргийн бие бүрэл­дэхүүн байгаа гэсэн мэдээ байна. БНСУ-ын Нампо, Сагот болон Чодо дахь ба­руун эргийн тэнгисийн цэргийн гурван баазад усан дор явагч завь, десантын сэнст ховер хөлөг онгоц зэрэг 560 байлдааны онгоц байр­лаж байгаа. Хэдийгээр байлдааны хөлөг онгоцны тоогоор давуу боловч алсын зайд байлдааны үүрэг гүйцэт­гэх чадвартай 500 тн-оос дээш багтаамжтай хоёрхон хөлөг онгоцтой байгаагаа сул тал гэж мэргэжилтнүүд нь үзэж байгаа аж.

Умардын Гемори болон Мудо бааз дахь цэргийн хүчний тооцоонууд ч гарч байна. Жишээ нь тэдний 1000 нэгж артиллерийн зэвсгийн ихэнхийг агуй, хонгилд байр­луулсан гэж хэвлэлүүд мэ­дээлж байгаа. 23-ны өдрийн буудлаганд умардын зүгээс их буунаас гадна 122 мм-ийн бөөнөөр галлах зэвсэг ашиг­лагд­сан гэнэ. Уг зэвсгийг оро­сын алдарт катюша маягийн зэвсэг гэж тайлбарлажээ. Их бууны буудлага эхлэх үед ойролцоох агаарын цэргийн баазад Умард Солонгосын таван МиГ-23 байлдааны ажиллагаанд оролцоход бэ­лэн байсан аж. Мөн тэнги­сийн цэргийн пуужин болон хөлөг онгоцнууд байлдааны тушаал хүлээж байсан байна. Эдгээрээс үүдэн Умард Солонгосын талаас хийсэн энэ удаагийн зэвсэгт халд­лагыг урьдаас төлөвлөгдсөн, нягт бэлтгэгдсэн байсан байна гэж шинжээчид үзэж байгаа бололтой. Хоёр талын цэргийн хүчний хувьд авч үзвэл сөргөлдөгч талуудыг шар тэнгисийн энэхүү орон зайд байлдааны ажиллагааг шатлан өргөжүүлэх боломж­той гэж шинжээчид тайлбарлаж байна.

Парламентын шийдвэр, намуудын байр суурь


БНСУ-ын Үндэсний Ас­самб­лей арваннэгдүгээр сарын 25-ны пүрэв гаригт уг мөргөлдөөнтэй холбогдуулан нэгэн тогтоолыг баталлаа. Умард Солонгосын талыг хатуу буруушаасан уг тогтоо­лыг 261 хүний саналаар баталсан ч татгалзсан нэг, түдгэлзсэн есөн хүн байжээ. Тус улсын Үндэсний Ассамб­лей уг үйл явдлыг зэвсэгт өдөөн хатгалга гэж тодор­хойлсон бөгөөд Солонгос хооронд үйлчилж байсан энхийн гэрээ болон НҮБ-ын дүрмийг зөрчсөн явдал хэмээн цохон тэмдэглэлээ. Уг тогтоолд, “Хэрэв дахин өдөөн хатгалга үйлдвэл Умардын эсрэг нэн даруй шийдвэртэй арга хэмжээ авахыг Засгийн газартаа уриалж, их буугаар буудаж довтолсных нь ха­риуцлагыг дипломат хүчний чармайлт гарган “хөөцөл­дөхийг” Засгийн газартаа үүрэг болгосон байна. Үндэс­ний Ассамблейн гишүүд зэвсэгт халдлагад бэлтгэл­гүй, хариу арга хэмжээг цаг алдаж авсан хэмээн бухим­даж байгаа юм байна. Хэт барууны үзэлтэй гишүүдийн зүгээс Ерөнхийлөгч Ли Мен Бакийг дэндүү зөөлөн байр суурьтай байна хэмээн шүүмжилж, Чонан хөлгийг живүүлэхэд хариу арга хэм­жээ аваагүй, одоо газар нутаг руу нь довтолж байхад ч гараа хумхин сууж байна гэсэн ширүүн шүүмжлэлээр бөмбөгдөхөө мартсангүй. Ийнхүү шахалтад орсон Ерөнхийлөгч өчигдөр анх удаа ард түмэндээ хандаж байр сууриа илэрхийллээ. Хэдийгээр баруун тэнгист орших таван арал дээр тэнгисийн цэргийнхээ тоог 5000 хүртэл нэмэгдүүлэхийг Засгийн газраас мэдэгдээд байгаа ч Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод амьдрал урьдийнхаараа амар амгалан үргэлжилж байна. Зовлон туулж хатуужсан ард түмэн болоод тэр үү тэдний зүгээс элдэв санаа сэтгэлийн түгшүүр, савалгаа давалгаа төдийлөн ажиглагдахгүй аж. Эндэхийн монголчууд ч тэдний адил тайван байна. Уулзсан хүмүүс Монголоос ар гэрийнхэн нь айж сандралдан утасдсаныг гайхан ярьцгааж байх юм. Мөргөлдөөн болсон арал дээр ажиллаж байсан хоёр монгол залуу ч өөр тийшээ шийлжээгүй, тэндээ байгаа гэсэн мэдээг тэд өгч байлаа.

Сөүлд ирсэн үдэш маань зөөлөн сэвсгэр цас тэнгэрээс бужигнан бууж, охид нь догдлон алхалдаж байсан бол урд шөнө тэнгэр дуугаран бороо оров. Намрын төгсгөл, өвлийнх нь эхлэл ирж байгаа бололтой.

Үргэлжлэл бий