Рейтингээрээ МАХН, АН хоёр зуузай холбож явна
Сантмарал сангийнхан 2008 оны тавдугаар сарын судалгаагаа нэгтгэжээ
Хэрвээ маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ гэсэн асуултад дараахь байдлаар хариулжээ.
| Хөдөө | Улаанбаатар | Нийт хувь | Бодит хувь |
МАХН | 30.5 | 17.8 | 25.5 | 38.9 |
АН | 27.2 | 21.2 | 24.8 | 37.8 |
ИЗН | 1.7 | 4.8 | 2.9 | 4.5 |
Ард түмний нам | - | 0.5 | 0.2 | 0.3 |
Иргэний эвсэл | 0.8 | 4.7 | 2.4 | 3.6 |
Гуравдагч хүчний холбоо | 2.3 | 3.8 | 2.9 | 4.4 |
Бие даагч | 4.0 | 11.2 | 6.9 | 10.5 |
Энэ үзүүлэлт Сантмарал сангийн гуравдугаар сарын дүнтэй ойролцоо гарчээ. Гуравдугаар сард МАХН хөдөөд 30.7, хотод 25.3, АН хөдөөд 33, хотод 29.1 хувьтай байсан юм. Харьцуулж харвал тавдугаар сард МАХН хөдөөд рейтингээ хадгалж, хотод бараг найман пунктээр унажээ. АН-ын хувьд рейтинг нь хөдөөд гурав, хотод мөн л найм орчим пунктээр гуравдугаар сарынхаас унасан дүн гарсан байна. Ерөнхийдөө С.Баярыг дарга болсноор МАХН хайрцаглагдаж рейтинг нь өссөн ч, судалгаа хийж байх үед болсон үйл явдлууд тэрхүү өсөлтийг баллуурдаж, хотод гуравдугаар сарынхаас нь унагав. Хотынхон мэдээлэлд хамгийн ойр хэсэг учраас үнийн өсөлтийг хязгаарлана гэсэн болчимгүй амлалт, “Роснефть”-ийн 100 шатахуун түгээх станцын саналыг УИХ-д оруулсан, энэ хоёр үйл явдал дээрх сөрөг хүчний байр суурь, зах зээлийнхээ жамаар зохицуулагдаж байгаа болон зориуд хөөргөдөж буй үнийн өсөлт зэрэг нь С.Баярын Засгийн газраар дамжаад МАХН-д хасах оноо авчирлаа. Гэхдээ МАХН-аас хасагдсан рейтинг АН-д шилжсэнгүй. Харин ч АН-ынх гуравдугаар сарынхаас уналттай байна. Гуравдугаар сарын 12-21-нд явуулсан Сантмаралын судалгааны үед С.Баяр МАХН-ын дарга, Ерөнхий сайд болоогүй байв. М.Энхболдын цоохор танхим С.Баярын багаар солигдсоноор АН-ын хувьд сөрөг хүчний байр суурь нь ганхаагүй ч, УИХ-ын гишүүдийнх нь дуу хоолой ялимгүй суларсан нь үнэн билээ. Тэгэхээр МАХН даргаа, Ерөнхий сайдаа сольсноос хойшхи, үнэ огцом нэмэгдэж, “Роснефть”-ийн 100 шатахуун түгээх станцын санал парламентад орж ирэхээс өмнөх үеийн Засгийнгазрын үйл ажиллагааны нийлбэр АН-ын рейтингийг гуравдугаар сарынхаас бүдгэрүүлсэн байхыг үгүйсгэхгүй.
Улаанбаатарт | Хувь | Хөдөөд | Хувь | |
1 | С.Баяр | 42 | С.Баяр | 40.1 |
2 | Ц.Элбэгдорж | 28.9 | Ц.Элбэгдорж | 17 |
3 | Л.Гүндалай | 14.3 | Ч.Улаан | 15.5 |
4 | Ц.Нямдорж | 13.1 | Н.Энхбаяр | 13.1 |
5 | Б.Жаргалсайхан | 11.6 | Н.Багабанди | 12 |
6 | С.Оюун | 11 | Л.Гүндалай | 10 |
7 | Н.Энхбаяр | 10.6 | Р.Рааш | 8.9 |
8 | Н.Баганбанди | 6.8 | Ц.Нямдорж | 6.8 |
9 | Э.Бат-Үүл | 6.3 | Ө.Энхтүвшин | 6.8 |
10 | Ганбаатар /ҮЭ-ийн/ | 6.1 | С.Оюун | 6.3 |
Хэрвээ Сантмаралынхан үнэхээр “бай”-гаа онодог нь үнэн л бол 2008 оны сонгуулиар МАХН, АН-ын аль нь ч олонхи болж чадахгүй нь уг судалгаагаар харагдаж байна. Судалгаа бодит байдал хоёр адилгүй л дээ. Хатуу электоратууд сонголтоо хийчихсэн ч байж магадгүй. Одоо МАХН, АН-ын аль нь 2008 оны парламентын хамгийн олон суудалтай, магадгүй олонхи болох нь нэр дэвшүүлэлт, мөрийн хөтөлбөрийн танилцуулга зэргээрээ сонгууль бүрт хэлбэлзэж савлаж байдаг нийт сонгогчдын 20 хувь дээр хэрхэн тоглохоос хамаарна. Үлдэж буй сар гаруйн хугацаанд сонгуульд зориулсан популизм, улстөржилт олон гарахгүй бол шүү дээ.
Засгийн газарт орлоо гээд ИЗН-д, нэгдлээ гээд Гуравдагч хүчний холбоо нэртэй М.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нарын эвсэлд одоогийнхоосоо илүүрхэх ирээдүй судалгаагаар харагдсангүй. Ганц хүний байсан намууд нийлж нэг хэсэг хүмүүсийн л эвсэл болж өөрчлөгджээ. Парламентад нийлээд 10-аад суудалтай ҮШН, БНН, Эх орон намуупын эвслийн рейтинг нийлбэрээрээ УИХ-д хоёр төлөөлөлтэй ИЗН-ынханд ч хүрсэнгүй. М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нарын сонгогдсон Хөвсгөл аймаг энэ судалгаанд хамрагдсан байхад шүү дээ. Иргэний эвсэл ч ялгаагүй. Д.Энхбат, Ж.Батзандан зэрэг ганц хоёрхон хүнийг УИХ-д гаргахад л зориулагдсан бүтэц болж хувирч байгаа бололтой юм.
Дээрх хоёр улстөрийн эвслийн хувьд юун гуравдагч хүчний орон зай, гуравдугаархи улстөрийн хүчнээр ч эрэмбэлэгдэж чадсангүй. Л.Гүндалай АН-д орсноор түүний байгуулсан Ард түмний нам албан бусаар татан буугджээ. Намаа орхиод явсан намын даргынх нь төрсөн нутаг Хөвсгөлд судалгаа хийгээд байхад л АТН 0.8 хувийн рейтингтэй гарчээ. Экс, эсвэл асан гэмээр тус намын 3.1 хувьтай байсан гуравдугаар сарын рейтинг тавдугаар сард хөдөөд ч, хотод ч ерөнхийдөө тэглэгдсэн байна. Харин энэ рейтинг нь Л.Гүндалайтай хамт АН-д дагаар орсонгүй, МАХН, Гуравдагч хүчний холбоонд хуваарилагджээ.
Өмнөх судалгаануудад “хамгийн сайн нам” гэсэн хэсэг байдаг байв. Шинэ аргачлалаар явуулсан судал-гаанд дээрх хэсгийг “таны онцолдог нам” гэсэн асуулга төлөөлжээ. Судалгаанд оролцогчид, дэмжигчид нь “онцолдог нам”-аа ингэж нэрлэжээ. /Хувиар үзүүлэв/ МАХН | 24.4 |
АН | 20.2 |
Эх орон | 1.2 |
ИЗН | 2.5 |
БНН | 0.6 |
ҮШН | 0.3 |
Ногоон нам | 0.7 |
ИХ нам | 0.1 |
Энэ хэсэгт МАХН-ынх илүү харагдаж байгаа ч, үнэн чанартаа сайн ч бай, онцолдог ч бай намын үзүүлэлтэд АН-ын рейтинг өсч, “ах” намынх унасаар байгаа юм. 1990 оноос хойш МАХН-ын рейтинг 20 хувиас дотогш орж байсан удаагүй. Харин энэ парламентын үед 18 хувь хүртэл унаад сонгуулийн нэгэн бүрэн эрхийн хугацааны төгсгөл рүү буцаж өссөөр 24 хувьд хүрээд байгаа нь энэ юм. Рейтинг чансаагаараа АН-ыг өмнөө гишгүүлж байсан МАХН-ын түүх мөн л энэ парламентын үед тохиосон. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж, М.Энхболдын Засгийн газарт танхимын зарчим алдагдсан үеэс АН рейтингээрээ МАХН-ын өмнө гишгэж эхэлсэн. Сантмаралын гуравдугаар сарын судалгаагаар АН 31, МАХН 28 хувийн рейтингтэй байлаа.
Зарим эх сурвалжийн мэдээгээр МАХН-ын өөрийнх нь харъяаны “Прогноз” төвийн судалгаагаар Сантмаралынхаас ч дор үзүүлэлт гарч байсан гэдэг юм билээ, тэр үед.
Судалгаанд оролцогчдын 36.4 хувь нь МАХН-ыг, 33 хувь нь АН-ыг зөв замаар явж байна гэжээ. Харин МАХН, АН-ын “тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадвар”-ыг дараахь байдлаар үнэлсэн байна. Үүнд:
| МАХН /хувиар/ | АН /хувиар/ |
Ажилгүйдэл | 6.8 | 6,8 |
Амьжиргаа | 5.1 | 4.0 |
Үнийн өсөлт | 9.6 | 6.9 |
Боловсрол | 1.4 | 0.9 |
Хуулийн хэрэгжилт | 1.4 | 1.4 |
Авлига | 1.0 | 2.0 |
Эдийн засаг Төрийн удирдлага Байгаль, эрүүл орчин Нийгмийн шударга ёс | 1.4 0.1 1.1 0.9 | 1.3 0.4 0.7 0.6 |
Улс орны өмнө тулгамдсан дээрх 10 асуудлыг цогцоор нь аль нам хамгийн сайн шийдэж чадах бол гэсэн асуултад судалгаанд оролцогсдын 22.9 хувь нь МАХН-ыг, 19.8 хувь нь АН-ыг нэрлэжээ.
Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс хэнийг улстөрийн амьдралд идэвхтэй оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн уламжлалт асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.
Топ-10 улстөрчийн жагсаалтыг цааш харвал Э.Бат-Үүл, Ө.Энхтүвшин, Р.Гончигдорж, Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар, Р.Буд, Д.Лүндээжанцан нар оржээ.
Топ-10 улстөрчийн жагсаалтад МАХН-аас тав, АН-аас хоёр хүн оржээ. Энэ шалгуур намын харъяалалгүйгээр зөвхөн хувь улстөрчийн рейтингийг тодорхойлдог үзүүлэлт юм. Хувь хүнийхээс гадна хашиж байгаа албан тушаалынх нь нэр хүнд, сүр ч нөлөөлдөг. Жишээ нь жагсаалтыг тэргүүлж яваа С.Баярын рейтинг бол хувь улстөрчийн болон Ерөнхий сайд, МАХН-ын даргын нэр хүндийн нийлбэрээс бүрдэж байгаа. Гэтэл албан тушаалын нэр хүндээрээ ч топ-10-т багтдаггүй лидерүүд байдаг. Жишээ нь, УИХ-ын дарга энэ жагсаалтад багтсангүй. Хэрэв энэ судалгаанд Өвөрхангайнхан оролцсон бол Д.Лүндээжанцан дарга спикерийн алх атгасан атгаагүй “шилдэг -10”-ын жагсаалтад ороод л ирнэ. Яг ийм шалгуураар Р.Раш, Ө.Энхтүвшин, Ч.Улаан нар “шилдэг-10 улстөрч”-ийн жагсаалтад орж ирсэн нь энэ удаагийн судалгаанд Дундговь, Хөвсгөл, Сүхбаатар аймгийнхан оролцсонтой холбоотой юм. Өөрөөр хэлбэл, нутгийн фактор нь дээрх хүмүүсийг “шилдэг 10 улстөрч”-ийн жагсаалтад багтаасан хэрэг.
хараалч