Коридор-3 (Хотын туужийн хэсгээс)
Не было бы счастья, да несчастье помогло.
Аз жаргал байгаагүй ч золгүй явдал аз болж тусалмой.
(Орос ардын зүйр цэцэн үг)
Ухаан билгийн илд лүгээ эс төгсвөөс угсаа зэрэг өндөр боловч ичгүүрийн үндэс болой.
(Монголын эртний уран зохиолоос)
Сайн байна уу, идэр залуугийн дурлал минь
Сансрын хүрдэнд жигүүрлэсэн аянгын дуут нас минь
Томоотой багын ой тойнд сэтгэлтэйгээ гагнаад
Торомгор бүсгүйг зөнд нь орхиж хайрын галд шатаасан
Тэр л цаг минь, зөөлөн дуут амраг минь
(Тэнгис-Оюун)
Хүний сэтгэлийн далд уянга бол бодол ухаарлын жигүүр. Хүсэл залбирлын үндэс, сэтгэл бодлын хүч чадал бол зорилгодоо хүрэх хүчирхэг эрчим хүч. Тодорхой үг өгүүлбэрээр илэрхийлэгдээгүй эрчимт бодол санаа ч хүний сэтгэл зүрх, оюун санаанд бодитой үл үзэгдэх чухал дохио мэдрэмж төрүүлдэг. Мөн эрчимт чухал мэдээлэл өгдөг. Тэр шидэт эрчим, санаа бодол хүний хувь тавилан, амьдралын замыг, ахуй биеийг хувиргах чадвартай.
Бусдын сэтгэл санааг ойшоон хүндэтгэж, хэдий чинээ бусдад тусална төдий чинээ сайхан сэтгэлийн эрчим нь хувь тавилан болон буцан зайлшгүй ирдэг.
Асар их цаг хугацаа, хүний амьдралын бүхэл бүтэн үе ч дамжин ирж магадгүй.
-Гүррагчаа юу гэсэн бэ гэж Гочоо хашхирлаа. Москвагийн оюутны байрны хоёр давхраас тэрбээр гүн цас руу үсэрлээ. За, анд маань амьд байдаг болов уу гэж найзуудаа бодох агшин зуур... хунгарласан их цасан дундаас Монголын туг далбаа гартаа барьсаар гарч ирэв. Пуужин мэт эрчтэй гарч ирж “Гүррагчаа! Гагарин! Юрий Гагарин, Юрий Гагарин сансар эрхсийн хурдан хөлгөөр...” хэмээн амандаа бум-бум бум-бум хэмээн баргил хоолой мэдэн дуулсаар хурдан гүйлээ.
Тэрээр хааяадаа хүй мандал, сансар орчлонгоос Гүррагчаа юу үзсэн бол хэмээн чанга хашхиран Москвагийн өргөн чөлөөгөөр Монголын туг дарцаг намируулан барьж хар хурдаараа гүйх нь Монголын аливаа алдарт аргамаг хүлэг мэт харагдахуй.
Түүний араас Москвагийн оюутан Чурагсээ яаран босохдоо
-Польш, Чехээс ирсэн монгол оюутан найзуудад нь Монголоос ирсэн шинэ оюутнууд шууд махчлан орчуулж, Монгольская Торговая Земля гэх худалдааны ТӨГ-аас авсан Экспортын цагаан архи, олноо Цагаан Долгор гэх ундны дээд хүндхэн туссаныг мэдэрлээ.
Москвачууд Андроповка гэх болсон архи, Жигулевская шар айраг, уламжлалт Столичнаяг хэрэглэх талаар Москвагийн театрын сургуулийн Дарцаг хэмээх Шар Габи, Гал командын сургуулийн Төмөрчөдөр, Москвагийн оюутан найз Гурам Мамбетов, Монтигимо Ястребиный Коготь хэмээх Чечевицын Ловиветравполе, Цуциков Баблмандебский, киноны сургуулийн гажиг гэх Дэрийламятав, Эрхүүгийн их сургуулийн экран дүүрэн шанаа хэмээгч Майнбаяр, Өсгий нарын пянг Польш, Чехийн монгол оюутан нөхдүүд арай л даахгүй гэдгийг хожуухан ухаарав.
Тэрээр яаран сандран Жараахай хочтой Тэнгисийн хамтаар хамаг тэнхээгээрээ
-Гогий... Гогий...!!! Зогс оо оо... хүлээ...! хэмээн дотуур байрандаа гангаран өмсдөг урт шар торгон уран ганган хийцтэй ижийн оёж өгсөн дээлээ намируулах зуураа шар дурдан бүсээ алдалж байгаад ороон аахилан араас нь гүйлээ.
Хоёрдугаар давхрын хагарсан цонхыг яаралтай шиллэх, жижүүр баба Маня болон дотуур байрны комендант авгайг аргалах, сургуулийн захиргаанд мэдэгдүүлэхгүй байх зэргийг зохицуулах арыг нь даахаар Боржигин Болдхүү үлдлээ.
Сургуульдаа сайн сурдаг, өндөр, булчинлаг, биерхүү тэрээр орос хэлдээ ус цас, дүрлэгэр нүд, товхийсэн цээж, гайхамшигт царай, элдэв бэлэг сэлтээр багш нарынхаа аргыг олсон сэргэлэн цовоо залуу. Аливаа асуудлыг шийдэмгий, уян хатан зохицуулахдаа гаргуун нэгэн ажээ.
Панк Гочоо цасан өвгөн болсон гэмээр хунгарласан цас болсон хувцастай, туг дарцаг намируулан оросуудад үл ойлгогдох хэлээр хашхиран зогсолтгүй шогшсоор.
Араас нь монгол дээл өмссөн залуу жинсэн хослолтой өөр нэгний хамт хоёр гараа дээш өргөн савчуулцгаан чанга чанга -Х-үү-е, хүүе... Гогий, Гогий... хэмээн хашхиран яарах гүйх.
Энэ хачин жигтэй явдлыг гудамжинд алхан яваа хижээл насны москвачууд зогтусан гайхашран харж байлаа. Зарим орос залуучууд ч сахилгагүйтэн -Бариарай, Зогсоогоорой гэцгээж даган гүйлээ.
Гэвч тэднийг төд удалгүй МИЛИЦИЯ гэсэн машинаар ирсэн сэргийлэгч нар бүгдийг саатуулан сэргийлэхийн дүүргийн хэлтэс рүү ачин явлаа. Социализмын төв, ЗХУ-ын нийслэл Баатар хот Москвагийн иргэдийн амгалан тайван байдал, тав тух алдагдуулсан хэргээр 72 цаг суулгах болов.
Сэргийлэхийн хэлтэст бас хэдэн чечен, кавказчуудтай саатуулагдсантай хувь заяаны эрхээр тааралдан, мэнд усаа мэндлэлцэн бас л оюутан залуус болохыг мэдэн яриа хөөрөө өрнүүлэн тамхилан сууцгаав.
-Гоги почему у тебя кавказское имя? У тебя что есть кавказские корни? (Гоги яагаад чи кавказ нэртэй юм бэ? чамд Кавказтай холбоотой юм байна уу?) хэмээн Муса Гочоогоос асуулаа.
Панк Гочоо/Гогий ч монгол нэрсийн утга, далд утга, билэг дэмбэрэл, ерөөл болгон нэрлэсэн хийгээд муу нэр ч хүртэл өгдөг заншлын талаар, мөн монголчууд нэр сунжруулан аль эсвэл товчлон дууддаг талаар тайлбарлаж ярив.
Тэнгис-Оюун нь Чингис хаан, Бат хааны Их Монголын үеийн монгол баатар эрс Дагестан, Чечен – (сэцэн) нартай угсаа овог, уг гарал нэгтэй цөөнгүй овог аймаг, төрөл хүмүүс бий гэж нэмлээ.
Чингисийн үеийн эртний монгол-татар овог аймгуудын Кавказ-Хавт Хасын өндөр уулсын нуруунд хойч үеийн үржсэн угсаа, овог аймаг бол Алтан Орд улсын Нохой ханхүү жанжнаас үүдэлтэй Ногайчууд мөн эрэлхэг зоригт Кара Булак буюу Хар Булаг! гэлээ.
Кавказын 100 жил үргэлжилсэн дайнаар Ермолов генералын Цагаан хааны цэргүүд дайчин Карабулагчуудыг бууж өгөлгүй баатарлаг тэмцсэний хариуд бүгдийг нь шахам хүйс тэмтрэн устгасан, цөөн үлдэгдэл нь Турк гаран явсныг дурсацгаав.
Хамтын ярианы сэдэв уянгын халилтай өргөжиж, алдарт Кавказын Нарны домог зохиол 13-14 дүгээр зуунд Монголын аман зохиолын нөлөөн дор бүтээгдсэн, тэр баатарлаг туульсад монгол, кавказ хоёр ард түмний баатарлаг намтар оршив гэцгээв.
Аа, ер нь бол угсаа үндэстэн хоршоо, гарал үүсэл, хувь тавилан нэгтэй хүмүүс хэмээн баталцгааж, 1944 онд Сталины тушаалаар Чечен, Ингуш, Халимаг (монголууд) Хойд мөсөн далай, Казахстаны элсэн цөл, эзгүй талд цөлөгдсөн зэргийг халуунаар ам уралдан ярьцгаалаа.
Сэтгэл хөндсөн тэр яриа хөөрөөнд кавказчуудтай их л дотносчээ. Удалгүй тэд бүгд л сэргийлэхийн үйлчилгээний торгуулиа төлөн гарлаа. Тэгээд хэзээний танил болсон кавказчуудын урьснаар Москвагийн алдарт Сандуновские бани, Кавказ хоолны Арагви, плов, шорлогоороо алдартай Узбекистан ресторанаар бас зочлуулав.
Орсон газар болгондоо кавказчуудын лезгин бүжиг ид хаваатай, шавайгаа ханатал уралдан бүжиглэн байн явлаа. Тэгэж явсаар Чурагсээгийн оюутны дотуур байранд бүгд тарган цатгалан, цэвэр цэмцгэр жигтэйхэн сайхан амарсан ирцгээв.
Ийнхүү тэр гурав Эвлэлийн хурлаар орж, арга хэмжээ зайлшгүй авхуулах адармаатай адал явдлаас эрч хүч, баяр баясгалан, аз жаргал ханхалсан ирж байгаа нь тэр.
Зөн совингоор мэт алс холын нарлаг Монголоос болон агуу уудам Оросын өөр өөр хотоос өвлийн амралтаараа Москвад ирсэн аль найз гоо бүсгүйчүүд, Боржигин Болдхүү тэргүүтэй бууз хийчихсэн шар айраг, улаан дарс, Советское шампансктай тэсэж ядан хүлээж байлаа.
Бөхөж буй галын дөл илчгүй боллоо гэж үү
Бас та минь дахин энэ агшинд үнэгүй боллоо гэж үү
Бид хайрлан дурласандаа олзлогдох жаргал гэж итгэнэ
Өглөөний нарны гэрэлд анивчин далдирч үнэгчлэх
Өлгийтэй нялхсын нүд аниастайгаа тэмтчин байгаа нь
Өнгө гэрлийг хүсэхүйн мөнхийн тэмүүлэл буй за
Зөөлөн эрчимт хүчээр чам руу намуухан урсах
Зөн мөрөөдөл төөрөлгүйгээр урган дэгжихийн түрүүч болж
Зовлон зүдгүүрийн улигт орчноос салан тэлгүүльюү.
(Үргэлжлэл бий)