Хүний амьдралд зүсэн зүйлийн явдал тохиолддог. Сайн сайхан, саар муухай гээд. Шагнал урамшил, цол хэргэмийг бид хэтэрхий өндөр үнэлж, хэзээд мартагдахгүй зүйл гэж андуу боддог. Үнэндээ хүмүүс ганцхан үг, нэг л үйлдлээрээ дурсагдан үлдэх нь олон. Жишээ нь О.Дашбалбар найрагчийн “Амьддаа бие биенээ хайрла” ГЭСЭН мөр шүлэг мөнхөд дуурсагдсаар байх болов уу.

БНМАУ-ын дэслэгч генерал Л.Моломжамцыг ийм л хүмүүсийн нэг гэж би боддог. Хэдхэн малтай, цоорхой гэртэй ядуу айлын ганц хүү цэргийн амьдрал дагаж, аз жаргалтай сайхан амьдралыг туулж иржээ. Ингэж генерал өөрөө хэлсэн. Л.Моломжамц генерал хуучнаар Булган аймгийн Намнан, одоогийн Баян-Агт суманд 1935 онд төржээ. Жараад жил батлан хамгаалах салбарт ажилласан энэ хүний амьдралд тун ч олон явдал тохиолдсон нь мэдээж. 13 настайдаа Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерын сургуульд орж, улмаар Цэргийн ерөнхий сургууль, ЗХУ-д Куйбышевийн нэрэмжит цэргийн академи дүүргэж, Батлан хамгаалах яам, МАХН-ын Төв Хороонд ажиллажээ. Бүр “Алдар” нийгэмлэг анх байгуулагдахад гар бөмбөг, сагсан бөмбөг хөөсөн тамирчин, дасгалжуулагч, “Залуучууд” сонины орон тооны зөвлөгч, гэрэл зурагчнаар хүртэл ажиллаж явжээ. Энэ хүний бүхий л амьдралыг дурдан тоочих аргагүй, ердөө нэгээхэн хэсгийг нь харуулахыг зорилоо.

1989 оны есдүгээр сарын 14-нд Л.Моломжамц гуай хурандаа генерал Ж.Ёндонгоос Батлан хамгаалахын сайдын албыг хүлээж авчээ. Яг тэр үед өөрчлөлт, шинэчлэлтийн тухай яриа ид тархаж, нийгэм хуваагдмал байдалтай болсон үе байлаа. Сайдаар ажиллаад хоёрхон сар болж байхад нь батлан хамгаалахын салбарын уур амьсгал ч өөр болоод эхэлж. Зарим офицер шинээр байгуулагдсан нам, хөдөлгөөнүүдэд элсч цэргүүдийн дотор санаа бодлын зөрүү гарч эхэлсэн тийм л үе. Цэргийн тусгай албаныхан нь “Ангиудыг барьцаанд авах гэж байна”, “Ер нь болохоо байлаа”, “Улаан-Од” сонины Ц.Элбэгдорж, Т.Ганди нарыг халмаар байна, хөөмөөр байна” гэсэн янз бүрийн мэдээ мэдээлэл сайдын ширээн дээр өглөө болгон ирэх. Цэргийн дүрэм, журам ч үйлчлэхээ больж, хэн нэгнээ халах хөөх тухай л яриа гарч, бас хөдөөгийн ангиудад байсхийгээд асуудал гардаг тийм үе байлаа. Тухайн үед ардын арми нийтдээ 30-аад мянган хүнтэй, 20 мянган хугацаат цэргийн албан хаагчтай нүсэр бүтэцтэй салбар байв. Сайдад ийм том салбар, байгууллагыг задлачихгүй авч явах, тэр их зэр зэвсгийг буруу гарт, буруу зорилгод ашиглуулчихгүй байх гэхчилэн олон хүнд сорилт асуудлууд тулгарч байсан нь ойлгомжтой.

Ардчилсан хөдөлгөөнийг дэмжигчид цэргийн ангиудаар явж, яриа хийж, ухуулах хуудас наана. Манаанд гарч буй цэргээс бууг нь булаахыг завдсан хэрэг ч гарч байв. Янз бүрийн сүрдүүлэг, эсхүл хуурамч дохио, анхааруулга ангиудад тараана. Сайд армийг улс төрөөс ангид, төвийг сахисан байлгах гэж үнэхээр хичээжээ. Армийн дотор дэглэм журмыг чангатгасан байна. Зүүнбаян, Ховдын зарим цэргийн ангийн захирагч нар руу аймгийн намын хорооны дарга нар утасдаж, “жагсаал болох нь мэдээтэй байгаарай” гэхээр ангийн захирагч нар туршлагагүйтэж, цэрэг цуухаа гудманд зогсоодог байсныг тас хоригложээ.

Л.Моломжамц сайд 1990 оны хоёрдугаар сард ардчиллынхныг өрөөндөө дуудаж уулзжээ. Дарь.Сүхбаатар, Д.Дорлигжав тэргүүтэй 3-4 хүн ирэв. Сайдын ойр тойрныхон тэднийг дуудаж уулзсанд дургүйлхэж байсан гэдэг. Хувийн саналаа хэлье гээд сайд ярьж эхлэв. Та нарын үйлдлийг буруу зөв гэж би дүгнэхгүй ээ. Тэгж дүгнэдэг хүн нь би биш. Би энэ олон мянган офицер, ахлагч нарын амь амьдралыг хариуцаж байгаа хүн. Армийг би Монгол Ардын Арми гэдэг хэвээр нь үлдээж, элдэв замбараагүй байдалд оруулмааргүй байна. Автомат буутай, 60 сумтай дайз зүүсэн цэргүүд ардчилсан, ардчилаагүй гээд талцаад сөргөлдөөд эхлэвэл юу болох вэ? Нэг автомат буу, дайзтай сумтайгаа алдагдаад хүмүүс бие бие рүүгээ буудвал яах вэ? Иймээс би ардчилсан хөдөлгөөнийхнийг цэргийн анги, байр, хотхонд жагсаал цуглаан хийхийг хориглоно. Одооноос оруулахгүй. Хэрвээ янз бүрийн асуудал гарвал үндэсний гамшиг болно, бид хамтарч ажиллах ёстой гэж хэлсэн гэдэг. Сайд офицер ахлагч, ажилчдыг дуртай хөдөлгөөн, намдаа орж болно, жагсаалд оролцохдоо л цэргийн форм, дүрэмт хувцсаа өмсөхгүй байхыг тушаажээ. Харин хугацаат цэргийн албан хаагчдыг хөдөлгөөнд оролцохыг тас хорьсон байна.

Сайдад дээрээс дарамт их ирнэ. Ц.Элбэгдоржийг хал, “Улаан-од” сонин чинь юуны газар юм гэх тулгалт байнга. Сүүлдээ Ц.Элбэгдоржийг дуудаж уулзжээ. Ц.Элбэгдоржийн эхийн бие тааруу, өөрөө айлын хажуу өрөөнд амьдардаг, хүүхэд нь бас өвдсөн гэсэн мэдээлэл сайдад байв. Сайд асууж. “Чи Ардчилсан хөдөлгөөнөөс цалин авдаг уу” гэж. Ц.Элбэгдорж “Үгүй”. Сайд “Би чиний төлөө үргэлж загнуулж байхаар надад хэцүү байна. Өдөр болгон хал гээд байх юм. Тийм болохоор офицероос чинь халья. Гэхдээ чи энгийнээр сониндоо ажилла. Долоо хоногийн чөлөө өгье. Ээж рүүгээ яв. Хэзээ цалинтай болно хэлээрэй, тэр үед чинь ажлаас чинь чөлөөлье” гэж сэтгэл гаргасан гэдэг.

1990 оны гуравдугаар сарын 7-нд ардчиллынхан өлсгөлөн зарлалаа. Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөл байсхийгээд хуралдаж хэрхэхээ ярилцдаг байв. Иймэрхүү хурал дээр Л.Моломжамц генералд “Өлсгөлөн зарлагсадыг тараа, ийм сахилгагүй нөхдийг хөөж гаргах хэрэгтэй. Арми хэний талд байгаа юм” гэсэн тулгалт ирнэ. Л.Моломжамц “Монгол Ардын Арми ард түмний талд байгаа” гэж хариулна. Онц байдал тогтоох тухай яриа гарах үед хурлыг нь орхин гарч явсан удаа ч бий. Румын, Болгарт гарсан шиг тийм үймээнийг гарахыг сайд хүсээгүй гэдэг. Ингэж л ажилласаар 1990 оны есдүгээр сард өөрийн хүсэлтээр ажил албаа өгчээ. Сонин хэвлэлээр ч түүний тухай элдэв янзын буруутгасан зүйл хэвлэгдэхээр эмзэглэсэн хэрэг. “Энэ ганцхан жилийн хугацаа бол 45 жил цэргийн мөрдөс зүүгээд ажилласан жилүүдээс минь хамгийн хүнд нь байсан” хэмээн Л.Моломжамц генерал дурслаа.


1989 оны есдүгээр сарын 14. Сайдаар томилогдсоны дараа.

Насаараа тушаал дагаж, биелүүлж явсан энэ хүн асуудалд хөнгөн хуумгай хандаж явсангүй. Цэрэг оруулж, өлсгөлөнг хүчээр тараасан бол тайван байдал алдагдаж, цус урсч мэдэх л байсан. Тийм эмгэнэлт явдал руу түлхэлгүй монголын армийг авч  үлдсэн гавьяаг мартах ёсгүй.

БНМАУ-ын дэслэгч генерал, Батлан Хамгаалах яамны сайд. Энэ бол том цол, том албан тушаал. Гэхдээ энэ хүний тодоос тод, том алдар нь ардын арми ардын төлөө байх ёстой гэсэн зарчимдаа хэлбэрэлтгүй үнэнч байсан явдал юм. Энэ л төрийн хүний шинж билээ.