Өрөөсөн “гар”-гүй Ерөнхий сайд өнөөдөр биш ч, маргааш огцорно
Муу амлаж, улстөрийн тогтворгүй байдлыг өдөөж байгаа юм биш шүү. З.Энхболдыг дэмжиж, Ч.Сайханбилэгийн эсрэг бол бүр биш. Хэн Ерөнхий сайд, хэн намын дарга байхаас үл хамааран өнөөдөр үүссэн улстөрийн нөхцөл байдал хэзээ нэгэн цагт бий болох л байв.
Муу амлаж, улстөрийн тогтворгүй байдлыг өдөөж байгаа юм биш шүү. З.Энхболдыг дэмжиж, Ч.Сайханбилэгийн эсрэг бол бүр биш. Хэн Ерөнхий сайд, хэн намын дарга байхаас үл хамааран өнөөдөр үүссэн улстөрийн нөхцөл байдал хэзээ нэгэн цагт бий болох л байв. Үйл явдал З.Энхболд хүчтэй, Ч.Сайханбилэг хүчгүйгээс огт болоогүй. Энэ хоёр эрхэм тус тусын албан тушаалдаа л шинэ болохоос Монголын улс төрд шинэ хүмүүс биш юм. Асуудлын гол нь өнөөдрийн улстөр дэх, тэр дундаа АН доторхи албан тушаалын хуваарилалтад байгаа юм. Намдаа албан тушаалгүй, улстөрийн эрх мэдэлгүй, намын дарга биш Ерөнхий сайд бол өрөөсөн “гар”-гүй хүнтэй яг адилхан. Намын даргын эрх мэдлээр дамжуулж намаа зангидах, үгэндээ оруулах, Ерөнхий сайдын захирамж дор улс төрийн шийдвэр гаргах эрх мэдэл, эрх зүйн боломж Ч.Сайханбилэгт өнөөдөр алга. Гэтэл түүний нөгөө талд Засгийн газрыг томилдог, огцруулдаг, хянадаг УИХ-ын дарга, засаглаж байгаа АН-ын дарга гээд хоёр том албан тушаалыг нэг хүнд буюу З.Энхболдод давхар өгчихсөн нь түүнийг хаан, зарим гишүүдийн тодорхойлсноор “чимээгүй дарангуйлагч” мэт хүчирхэгжүүллээ. Тийм учраас З.Энхболдод Ч.Сайханбилэг бол Ерөнхий сайд бус, өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаараа л харагдаж байна. Уг нь эсрэгээрээ буюу гүйцэтгэх засаглалын тэргүүн нь намын дарга байдаг. Зүйрлэхэд, ачааг үүрдэг нь Засгийн газар, аахилдаг нь парламент буюу УИХ. Харин өнөөдөр АН-ынхан ачаа үүрдгээ явган, аахилдагаа машинтай уралдааны замд гаргачихаад замын дунд, сонгуулийн өмнө намаараа бахардаж унаж байна. Энэ нь АН-ын буруу болохоос ард түмний юмуу, МАН-ын буруу биш шүү дээ.
Парламентын засаглалтай улс орнуудад ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг нь зүгээр л “давхар дээл”-нд дуртайнх биш юм. Хэрвээ төрийг намаар дамжуулж байгуулдаг, тэнд нам засаглалж байгаа нь үнэн л юм бол гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрын ажлыг явуулахад улстөрийн шийдвэр, улстөрийн эрх мэдэл, улстөрийн удирдлага заавал хэрэгтэй. Тэр бүхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт алга. Түүнд улс төрийн дэмжлэг алга.