Монгол агуу ухаан
“Хорвоод хосгүй монгол ухаан” гэж хөөрцөглөх хүн цөөнгүй байх юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ.
“Хорвоод хосгүй монгол ухаан” гэж хөөрцөглөх хүн цөөнгүй байх юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ. Сайн бодвол тэнэг ч юм шиг. Тэр хосгүй ухаанаас миний мунхаг тархинд тоймтой юм заяасангүй. Тиймээс надад хосгүй ухаан гээд нэрлэх юм алга. “Монгол ухаан гэж базарваань дэлхийд байхгүй суут ухаан” гээд итгэл үнэмшилдээ бишрэх хүнийг би хараад атаархдаг. Түүний мэдсэнийг би яагаад мэддэггүй билээ гээд. Би түүнээс дутахгүй гэсэн хор шарандаа нэг ч монгол агуу ухаан мэдэхгүй атлаа бас хааяа тэгж монголоороо бахархах дүрд тоглож, эх оронч сүрхий хүний дүр эсгэдгээ нуугаад яахав. Монголоороо онц ихээр бахархагч зарим үндэсний үзэлтэй баатар нүдээ аниад “Хосгүй монгол ухаан” гэж дүвчигнэх авч хосгүй монгол ухаанаасаа өчүүхнийг ч тайлалгүй оюун ухаан нь бүр алсад хоосон чанарт ч юм уу арилаад өгдөг. Монгол агуу ухааны зах сэжүүрээс нь чимхээд авъя гэж чих тавиад байхад барин тавин итгэгдэхээр ухагдхуун гаргалгаа нотолгоо гэх юм баригдахгүй явсаар миний нас өнгөрлөө. Монгол агуу ухаанаас ганцхан ч ойлголтгүй атлаа “Монгол ухаан агуу”, “Монгол ухаан шиг суут ухаан ертөнцөд байхгүй” гэж зарим үед худал онгирдог минь үнэн шүү. Ингэж худал онгирдог минь монгол агуу ухаан юм бол уу. “Алив тэр агуу ухаанаа тайлбарла” гэж гадаад хүн надаас шаардвал би юугаа хэлэх вэ. Төрийн нууц гэж аргалах уу. Овтой гадныхан өдгөөг хүртэл хосгүй монгол ухаан гэх юм олж судлаагүйг бодоход монголчуудад уламжлагдаж ирсэн агуу ухаан гэж ерөөс байхгүй юм биш биз дээ таминь. Тийм тийм агуу ухаан байдаг гээд тодорхой хариулах монгол эрдэмтэн мэргэд байна уу? Нөгөө агуу монгол ухаан чинь энэ байна гээд унших судлах ном судартай би таарч явсангүй.
Уг нь бидний агуу ухаан улсын үсрэнгүй хөгжил, өрх гэр, үр хүүхдийн өв тэгш хүмүүжлээс харагдах учиртай. Гэртээ халуун ам бүлээрээ дэг журамгүй айлын хэнэггүй эцэг эх, үр хүүхэд улсын хуулийг алхам тутамдаа мөрдөнө гэдэг лөө лөө. Өрхийн орлогоо үрэн таран хийгээд өөдөлдөггүй айлуудаас бүрдсэн улс баяжих уу. Энд нөгөө агуу монгол ухаан чинь үйлчлэхгүй яагаад байна? Эдийн засаг хямарч өрний бөөс болоод байхад эв нэгдэлгүй төр засгийнхан ажлаа элбээд ахиулъя гэхийн оронд бие биеэ унагаж, толгой толгой дээрээ гарах гэж хорон санаалж буйг хосгүй монгол ухаан гэхгүй нь лав. Хямрал, үнийн хөөрөгдөл, валютын чангарлыг давахын тулд агуу монгол ухаанаа яагаад өдий хүртэл ашиглахгүй, хохирч хоосроод байна. Дэлхийд хосгүй монгол ухаанаа мэддэг нь мэддэггүйдээ тов тодорхой заагаад өгөөч. Сургалт явуулаач.
Орчин үеийн монгол залуус хувцас хунар, гадаад төрхөөр япон солонгос залуусаас дутахаа больжээ. Харин хувцаснаасаа цааш цаг ашиглах, зөв хооллох, эх орноо гэсэн нэгдмэл зүтгэл, биеэ зөв авч явах, хэлсэндээ хүрэх, ариун цэврийг сахих, ажилдаа үнэнч хандах, чанарыг эрхэмлэх гээд бүх асуудал дээр монгол хүн япон солонгос хүмүүсээс хол дутаж, тэдний доог болдгоо агуу монгол ухаанаараа таягдан хаях сан. Үүнийг ганц би биш бүх монгол иргэн сайн мэдэж буй. Гэвч энэ ялгаа, энэ хоцрогдлоо арилгая гэж чармайхгүй үе дамжуулан давтаж амьдардаг нь гайхалтай. Нөгөө агуу монгол ухаан нь энд чухамхүү үйлчилмээр сэн.
Нийслэлийн бид өөрсдийгөө Токио, Сөүлийнхэнтэй жишээд үзье. Бид хогоо хандсан зүгтээ хаялсаар хогондоо дарагдаад бүр ой гутам заваарсан цагтаа олныг хүчээр албадан дайчилж, социалист их цэвэрлэгээ-субботник байн байн манаруулдгаа монгол хосгүй ухаан гэх үү? Коммунист субботник хийсэн хүмүүс явахдаа цэмцийтэл цэвэрлэсэн газартаа хоол ундны үлдэгдэл яс, тостой цаас, лонх зэрэг хогоо хаяад харьдаг-жинхэнэ монгол ухаан уу? Монгол хүнд наалддаггүй агуу монгол ухаан гэж юу байна аа? Тодруулаад өгөөч. Үндэснийхээ тэр гайхамшгийг эзэмшиж, дэлхийд гайхуулмаар байна.
Мухар сүсэгтнийг залилж, аль байдгийг нь хамдаг хувилгаан бөө удган яавч агуу монгол ухаантан биш. Овоо тахих нэрээр газар дэлхий бохирлон сүйтгэгч найр наадам агуу монгол ухаан биш байлтай. Өвөл хаврын хариг хайруу улиралд хурдан азнай, бяцхан үрсээ тамлаж, эзгүй хээр мөрийтэй уралддаг шуналын өрсөлдөөн агуу монгол ухаанд хамрагдаж таарамгүй. Одон медаль гэх алаг төмөр энгэр дүүрэн жингэнүүлж гайхуулах, үрлэг зарлаг нь хэтийдсэн ойн баярууд агуу монгол ухаан биш. Манжийн хааны хахууль болох тамгатай хутагтуудын хойд дүрийг тодруулах сунтаг шүүлт хэмээх марзан жүжгийг монгол суут ухаан гэж сүүлийн үед тахин шүтэх янзтай. Сунтаг шүүлтээр тодорсон гэх нэгнийг хилийн чанадаас далай лам аравнайлснаар тэр бээр хүн биш бурхан болдог нь суут монгол ухаан юм гэнэ. Өөрийгөө “бурхан” биш “хүн” гэдгээ лавтай гадарлах гэгээнд тодорсон хүүхэд залуус биеэ хэрхэн залуурдаж явахаа мэдэхгүй балмагдаж ичих нь хөөрхийлөлтэй харагддаг. Энэ нь суут ухаан уу, тэнэгрэл үү?
Бүтээн байгуулалтад төсөвлөсөн тоотой мөнгөнөөс хумсалж, амин хувьдаа завшаад, хүрэлцэхгүй болсон төсвөөр чанаргүй барилга байшин, зам гүүр, үйлдвэр, сургууль, эмнэлэг оромдоод тэр нь дорхноо эвдэрч ноорч дахин бөөн үрлэг зарлагаар засварладаг тэнэглэл агуу монгол ухаанаас гарамгүй. Хэтэвч нэгтэй бүлэглэл хууль завшиж төр засгийн толгойд асахыг агуу монгол ухаан гэж далдуур бишрээд ч байх шиг. Нутгархаг, ах дүүсэг, аймгархаг жолоодогч нарт мөргөж ирсэн хуучин тогтолцоогоо агуу монгол ухаан гэж үгүйлээд ч байх шиг.
Монгол хосгүй агуу ухаанаар бид ямар бодлого баримталбал хохирохгүй, тэр ч байтугай, хожих байв аа? Гадны хөрөнгө оруулагчдийг ангич намч угшлаар хөөлгүй, хаяа нийлсэн нүүрсний их хэрэглэгчээ хятад гэж адлалгүй эртний монгол жинчин-наймаачны “тал алдахгүй түншилбэл унац нэмэгдэнэ” гэх хар ухаанаар хандах байж уу? Агуу монгол ухаан гэж уг нь байгаа нь байгаа л байх. Өтгөсийнхөө суут ухааныг бид хэзээ тодруулж, тэр агуу ухаанаар хэзээ төр засгаа жолоодож, хүн амаа хүмүүжүүлж, тэр агуу ухаанаар хэзээ аж ахуй бүтээн байгуулалтаа хөтлөх юм бол. Монгол агуу ухаан гэж хий сүржигнээд байхаар эхлээд тэр ухаанаа бодитоор гаргаж ирээд, агуу гэдгийг нь баримтаар нотлооч. Тэгээд дэлхийд хосгүй тэр суут ухаанаараа ард түмнээ хүмүүжүүлж, эх орноо жолоодъё.
Агуу ухаан гэж эртний монголчуудын хар ухаан гэж даруухан нэрэлснийг арай хэлээд байгаа юм биш биз дээ. Жишээ нь дээр өгүүлсэн түншлэгч нартаа тал алдахгүй үргэлж итгэлтэй нөхөрлөвөөс, талуудын ашиг адилхан нэмэгдэнэ гэх ямар ч улс төргүй монгол хар ухаанд, манай бодлого боловсруулагчид анхаарал хандуулаач. Гадны хөрөнгө оруулагчдын томыг хөөдөг, жижгийг дээрэмддэг эх оронч иргэний хөдөлгөөнүүд эртний монгол жинчдийн хар ухааныг судлаач. Энэ хар ухаан эртний монголчуудаар түүхэнд туршигдаад, батлагдан, шалгарч үлдсэн хар ухаан юм чинь эрсдэлгүй найдвартай байж таарна. Монгол хар ухаан “оюуны баялаг” гэвэл элэг нь хөшиж үхэх коммунист онолчдоор Монгол нэг үе дүүрсэн. “Нэгдэл-нийгмийн эзэнгүй өмч үрэгдэнэ” гэж монгол хар ухаан сануулаад байсныг нам засаг тоолгүй бүх мал сүргээ нийгэмчлээд сүүлдээ яаж баларлаа?
Төрийн ордны чуулганы танхимд УИХ-ын эрхэм гишүүд онолдож байхад, хашаа байшингийн үүдний сандалд нарласан хөгшид монгол хар ухаан гүйлгэж суудаг. Тэд монгол хар ухаанаараа гишүүн, сайд байхыг эхнээс нь шүүмжилсэн. “Ажилтай болгоод өг. Хавтгайрсан халамжаа хямагдаад хуримтлал үүсэг” гэж нарлах зуураа хөгшид 20 гаруй жил шаагилдсан. Нарлагч хөгшдийн хар ухаанаас УИХ-ын бодлого 10-20 жилээр хоцорч явдаг. 2000-гаад оноос хөгшид утаагүй зуух, утаагүй түлш хэдэн хүн цатгах хий зардал, утаанд зарцуулах мөнгөө хураагаад сантехникийн шугам тавь, төмөр замаа түргэн тавьж нүүрс зөөдөг тээврийн зардлаа хямдруул, хулгайчдаас алдсан мөнгөө юун түрүү тоо ёсоор төлүүлж хохирлоо нөх гэх мэтээр бувтнаад л суув. Өвөө эмээгийн үглэснийг 10-20 жилийн дараа УИХ ярьж эхэлдэг. Өвөө эмээ нар “Бондын зээлийг баялаг үржүүлдэг төсөлд зарахгүй бол өрөнд унана, төсвийн мөнгө идсэн, авилга авсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болъё” гэж шаардаж суусныг УИХ хямралд унаж хоосорсон хойноо одоо ярьж эхлэх жишээтэй. Хорвоод хосгүй монгол ухаан гэж дургүй хүрэм онгирч сагсуурснаас монгол хар ухаан гэж ярьж заншвал ядаж даруухан сонсогдох сон.
Төр засгийн эрх дахин дахин барих гэж намаараа үхэн хатан тэмцэхдээ эх орныхоо баялгийг өчүүхэн ч гамнаж байсангүй. Энэ бол яавч монгол хар ухаан биш. Өнөөгийн эдийн засгийн “өвчлөлт”-ийг монгол хар ухаанаар оношлоё гэвэл ердөө дахин сонгогдох өвчин гэсэн хариу гарна. Эдийн засгийг өөр ямар ч вирус хордуулаагүй. Гадаад хөрөнгө оруулалт, валют, үнэ гэх мэт бууж өсдөг давтамж өдөр бүр таардаг цадах өлсөхтэй адил үзэгдэл. Бэрхшээлгүй амьдрал гэж хэзээ ч байхгүй. Харин бэрхшээлээс шантралгүй хөлс, хүч, мөнгө, уран аргаар гарахыг монгол хар ухаан номлодог.
Сар бүр хүн болгонд 21 мянган төгрөг бэлнээр тараахад ойролцоогоор 1,4 тэрбум ам. доллар оржээ. 1,4 тэрбум долларыг эрх баригчид “Намайг дахин сонго”, “Манай намыг дахин сонго” хэмээх хахууль болгон цацаад дуусчээ. 21 мянгаар өөдөлж өндийсөн иргэн, өрх өнөөдөр нэг ч алга. Ихэнх нь архидаад, шараа тайлаад өнгөрсөн. 21 мянгаас цааш сонгуулийн амлалт юу юу байв: хүүхдийн 10 мянга, 1 сая, 1,5 сая, 70 мянга, шинэ гэр бүлийн 500 мянга, шинээр төрсөн хүүхдийн 100 мянга гээд явж өгнө. Энэ их хөрөнгийг эрх баригчид ард түмэндээ хайртай болоод тараасан юм огт биш. Өөрсдөө дахин сонгогдох гэж цацсан мөнгө гэдгийг иргэн бүр ойлгосон цагт улс төр эрүүлжинэ. Дахин сонгогдохын тулд үрсэн энэ их мөнгийг баялаг бүтээх эх үүсвэр болгосон бол өнөөдөр манай эдийн засаг өвчлөөгүй, үнийн хөөрөгдөл үүсээгүй, валютын ханш өсөөгүй.
Австралийн нүүрсний уурхай үерт автаж, ашигт малтмалын үнэ хадаж, Хятадын импорт өссөн таатай зурвасхан үед манай эдийн засаг 17 хувиар өссөн. Энэ өсөлт бидний сайных биш. Мөнгөний боломж гарсан энэ хоромхон зуурт төмөр замаа тавьж чадаагүйн улмаас өнөөдөр тээврийн зардлын зөрүүгээс жилд 250-350 сая доллар алдсаар буйг төмөр замын мэргэжилтэн нар сануулдаг. Үүнийг хоёр жилээр тооцоход 500-700 сая доллар. Үүгээр 350 орчим км төмөр зам тавих байсан гэж тэд ярьдаг. Таван толгой-Гашуун сухайтын 267 км, мөн Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн 46 км төмөр замыг тавиад цаана нь 40-өөд км төмөр зам тавих хөрөнгийг эрх баригчид дахин сонгогдох хувийн шуналдаа завшаад дуусгасан. Эрдэс баялгийн экспорт асар их нэмэгдэж, тээврийн зардал талаас илүү хувь хямдарч, экологид ээлтэй төслийг туршлагажсан парламентч гэж өөрсдийгөө дөвийлгөгч нар УИХ-д байнга сонгогдохын тулд балласан даа. Энэ том хар нүгэл монгол агуу ухаан мөн үү?
Ард олноо ингэж цусгүй алчихаад та нар өнөөдөр ямар нүүрээрээ томроод байна? “Завилах нь жанжин шиг, залгих нь мангас шиг” гэж та нар шиг гай хөөг монгол хар ухаан дүрсэлжээ.
2014-05-16
поорно п.
поорно п.
поорно п.
поорно