Гуйлгачин явах заяаных
Далаад оны эхээр дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний их хямрал гарчээ. Энэ нь 1929 онд Нью Йоркын бирж дээр эхэлж дэлхийг хамарсан Их Хямралын дараах хамгийн том сүйрэл байлаа. Москвагийн үзэл сурталчид үүнийг капитализмын хоёр дахь том хямрал гэж нэрлээд гурав дахь хямралаар капитализм сөнөж хүн төрлөхтөн коммунизмд орно гэж мэргэлж байв.
Далаад оны эхээр дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний их хямрал гарчээ. Энэ нь 1929 онд Нью Йоркын бирж дээр эхэлж дэлхийг хамарсан Их Хямралын дараах хамгийн том сүйрэл байлаа. Москвагийн үзэл сурталчид үүнийг капитализмын хоёр дахь том хямрал гэж нэрлээд гурав дахь хямралаар капитализм сөнөж хүн төрлөхтөн коммунизмд орно гэж мэргэлж байв. Үнэндээ хямрал юунаас үүсдэг, ямар давтамжтай, ерөөс давтамж бий эсэх зэрэг асуудлыг эдийн засагчид олон жил судалсан боловч тоймтой хариу гаргаж чадаагүй аж. Далан гурван оны гэнэтийн хямрал түүхий эдийн үнийг тэнгэрт гаргалаа. Газрын тос хэдэн арав дахин үнэд орж, алт унци нь 800 долларт хүрчээ. Энэ нь одоогийн ханшаар бараг хоёр мянга шахам доллар гэсэн үг. Бараг л бүх түүхий эдийн үнэ огцом өсөв. Манай дэлхий дээр 70-80 орчим улс орон түүхий эд экспортлодогийн ихэнх нь гурав дахь ертөнц хэмээгдэх хөгжиж буюу ядуу буурай орнууд аж.
Олон жил гуйлгачин явсан орнуудын цөс хөөрөөд эхэллээ. Түүхий эдийн борлуулалтын анхны том мөнгөнүүд тэдний удирдагчдын “ухааныг хурцалж” гарлаа. Эх орондоо хайртай, ард түмнийхээ төлөө байдгаа харуулах алтан боломж. Энэ удирдагчид түүхий эдийн үнэ хямд байхад гаднаас хахууль авдаг нийтлэг шинжтэй байв. Харин мөнгөтэй болоод ирүүт баялагийг дангаараа өөртөө хамруулах, захиран зарцуулах хорхой нь гозойв. Уул уурхай дахь том хөрөнгө оруулалтууд цээжинд нь багтаад ирсэн хэрэг. Ингээд ард түмнийхээ үндсэрхэг үзлийг хөөрөгдөж гарлаа. Гэвч орон нутагтаа ганцаараа “эх оронч” биш, өөр өрсөлдөгч олон бий нь ойлгомжтой. Иймээс далаад оны дундуур Африк, Латин Америкт төрийн эргэлт өдрийн норм болж хувирсан юм. Зөвхөн 1979 онд Африкт хорь гаруй төрийн эргэлт гаржээ. Үнэндээ мөнгө булаацалдсан хэрэг шүү дээ.
Уул уурхайн салбарт гадны хөрөнгийг хурааж улсын болгох үзэгдэл тэр үед ядуу буурай орнуудад өргөн далайцтай явагдсан юм. Тэдэнд менежмэнт, марктингийн тухай ямар ч ойлголт байсангүй. Перуд зэсийн асар том уурхайг хурааж аван улсын болгоод төр менежмэнтийг нь хийж эхэлсэн боловч ердөө жил хагасын дараа бүрэн дампууруулж байв. Гадныхан биднийг шулж байна, бид тийм амар шулуулдаг тэнэгүүд биш гэх үг хэллэг хэвшмэл зүйл байлаа. Өөрөөр хэлбэл “чукча не дурак”.
Гэвч чукча дурак л байсан, дуракаараа л хоцорсон. Дэлхий түүхий эдээр дутагдсан явдал байгаагүй. Том компаниуд геологид асар их мөнгө хаян тэр дороо л олон орд илрүүлж, хэдхэн жилийн дараа түүнээ ашиглаад эхэллээ. Түүхий эдийн үнэ ч хэвэндээ орон хямдрах нь тэр. Харин байгалийн баялаг экспортлогч орнууд урьдахаасаа долоон дор болон ээлж дараалан модоо барьж гарлаа. Нигери улс олдсон мөнгөөрөө шугуйд шинэ нийслэл барьж эхэлсэн нь дуусаагүйгээр барахгүй эхний хөрөнгө оруулалт нь төлж барагдахгүй өр болжээ. Латин Америкийн хоёр том “хохирогч” Болив, Перу улс Андын нуруу дамнасан мянганы төмөр зам, мянганы засмал замтай, түүнийхээ өрөнд баригдсан гуйлгачин боллоо. Америкийн империализмын эсрэг хөөрцөгт автсан Иран, Ливи, Алжир зэрэг олон орон найдваргүй орноор тодорч хэн ч хөрөнгө оруулахаа больсноос гадна зарим нь дэлхий нийтийн хоригт хашигдах нь тэр. Тэнэгэрсэн жишээ дэндүү олон. Чухам эндээс байгалийн баялагтай орон ядуурдаг гэсэн парадокс үг үүсчээ. Үнэндээ далаад оны хямралаас хожоод гарсан экспортлогч орон ч бий. Юун түрүүн Австрали, Канадыг нэрлэж болно. Альендаг цааш нь харуулж байж социализмаас зайлсхийсэн Чили хожоотой гарсан. Хүйтэн дайны үе байсан тул нефтийн гол хүүдий Саудын Араб, Кувейт хоёрын менежментийг америкчууд өмнөөс нь хийж тэднийг ашигтай гаргасан. Түүхий эдийн хямралаас болж компаниуд геологид мөнгө хаяснаар олон орон шинэ ордтой болсны дотор Хойд тэнгист газрын тос нээгдэж Англи, Норвеги улсууд түүхий эдийн асар их нөөцтэй болж авчээ. Бусад нь ч дээ. Гэнэт олсон мөнгөөрөө жаал дургисан л болохоос ядахнаа боловсролоо дээшлүүлээгүй тул харанхуйгаараа үлдэж билээ.
Дэлхийн эдийн засаг түүхий эдийн хангалттай нөөцтэй болсон учир уул уурхайн салбарын хөгжил наяад оны сүүлчээс хаягдаж эхэллээ. 1994 онд бүх дэлхийн уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалт ердөө зуухан сая доллар болтлоо уруудсан байна. Үнэ ч навс унаж гарсан хэрэг. Уул уурхайн дэлхийн хамгийн том компани Би Эйч Би Монголд авсан байсан Оюу толгой, Таван толгойн нөөцийн хайгуулийн лецензээ эргүүлж өгчихөөд гарав. Тооцоолоод ашиггүй гэж үзсэн хэрэг. Эдгээр болон бусад ордыг олон орны олон компанид монголчууд үзүүлсэн боловч тоож өгөхгүй байсан нь цаанаасаа уул уурхай уналтанд орж үнэ шалан дээр хэвтэж байсантай холбоотой.
2000 он гараад уул уурхайн сэргэлтийн анхны шинж тэмдэг үзэгдэх боллоо. Одоо ашиглаж буй нөөц ордуудын хөрөнгө оруулалтын өртөг хэт өсөөд эхэлсэн аж. Гурван жилийн өмнөөс бужигнаан эхэллээ. Далан он давтагдав. Нефть баррель нь 8 доллароос бараг ная хүрэх нь тэр. Дагаад бүх түүхий эдийн үнэ гозгонож гарлаа. Монгол үнэд хүрэв. Нүүрс зургаагаас зуун долларын зүг, уран 12 дахин өндөр, алт зургаан зуу гарч зэс зургаан мянга гэсэн тоонд авирлаа. Монгол орон хоер мянган жилийн түүхэндээ байгаагүй их бололцооны өмнө ирлээ. Харамсалтай нь дагалдаад далаад оны гэнэт их мөнгө харсан гуйлгачин орнуудын синдром давтагдах нь тэр. Гадаадынхан биднийг шулах гэж байна, бид ч бас тэнэг бишээ. Өөрөөр хэлбэл чукча не дурак.
Үнэндээ чукча нь биш дэлхийн уул уурхайн салбар тэнэг биш. Геологид сүүлийн гурван жилд асар их хөрөнгө хаялаа. Эх газар гэхээсээ далайн эргүүд асар их түүхий эдтэй болохыг нээснээр үл барам технологийн өнөөгийн төвшин үүнийг харьцангуй хямд үнээр олзворлож болохоор болжээ. Одоо хөрөнгө оруулагчид олон нээгдсэн баялагуудаас аль сайн нөхцөлтэй рүү нь мөнгөө хаяна. Энэ нөхцлийн зэрэглэлийг бие даасан институциуд гаргаж өгдөг. Экспортлогч далан орон дотор өнгөрсөн жил 30 орчимд явсан Монгол өдгөө 21-р зууны социализм гээч юм байгуулж байгаа гэгдэх алдарт Чааваасын Венесүэль, гадныхны хөрөнгийг хураадаг Мугабэгийн Зимбабвэ, нутгийн индиан Моралисын Болив гэсэн цагаандаа гарсан гурван оронтой зэрэгцэн адагт нь оржээ. Өөрөөр хэлбэл энэ дөрвөн улсад хөрөнгө оруулалт хийх нь аюултай гэсэн анхааруулга. Яагаад ингэж гэнэт унасан гэхээр нэгдүгээрт гэнэтийн ашгийн татвар гээд гэнэтхэн луйварддаг, хоёрт тогтвортой байдлын гэрээ хийдэггүй, өөрөөр хэлбэл хууль нь тогтворгүй ба ийм гэрээгүй учраас гэнэт яаж ч магадгүй, гуравт уул уурхайн сайд нь улайм цайм мөнгө нэхдэг өгөхгүй гэвэл шуудхан хөөдөг. Өөрөөр хэлбэл дэлхийн хамгийн марзан орон. Ийм дүгнэлт тодорхойлолтыг интернэтээс шууд олж харж болж байна. Газар мундсан биш өөр орон руу хөрөнгө оруулалт хий.
Таван Толгойг үндэсний компаниуд эзэмшиж болно. Гэхдээ хэрэгцээт хэдэн тэрбум долларыг зөвхөн гадны том бирж дээр л босгоно. Ингэхээр ялгаагүй л гадны хөрөнгө оруулалт гэсэн үг. Харин итгэж болохгүй гээд байхад хувьцааг авах ёстой олон сая хүмүүс мөнгөө өгөхийн өмнө бодож таарнаа даа. Ингэхээр Монгол орон хоёр жил моодонд ороод эргээд тун хурдан моодноос гарчих шиг боллоо. Алаагүй баавгайнхаа арьсыг хуваах гэж хоорндоо зодолдох төдийгүй юун хэрүүл болж буйг сонирхож харсан гадныхныг зодож хөөгөөд чукча хэвээрээ хоцрох шив.
Орд баялагийг эзэмших олон улсын жишиг стандарт бий. Норвегийн, Австралийн, Чилийн, Кувейтийн гэх мэт хувилбарууд жишиг болсон. Цаашилбал геологийн нөхцөл, ордын хэмжээ дамжаа, түүхий эдийн олдоц зэргээс хамаарсан төрөл бүрийн стандарт бий. Үүгээр явахад ямар ч буурай чукча шулуулдаггүй аж. Анх Индонезид цагаан будаан дээр буй болсон бүтээгдэхүүн хуваах зарчим гээд тогтсон аргачлал байна. Түүхий эдтэй орон нэг ч төгрөг гаргалгүйгээр татвар, роялти, газрын болон ашиглалтын төлбөрөө стандартаар аваад явахад буй болсон ашгийн тэн хагасыг хүртдэг аж. Урьд концесс гээд шулчихдаг байсан үе өдгөө улиран оджээ. Ядуу орнууд мөнгө харуутаа өөрийн жишиг тогтоон түүгээрээ явах гэдэг “эх оронч” үндсэрхэг үзэл, өөрт нь тогтсон авилгын систем хоёр нь байгалийн баялагаасаа болж улам ядуурах нөхцлийг буй болгодог ажээ. Олон улсын стандартаар эхэлсэн процесс нутгийн “эх оронч” жимээр хөгжин эцэст нь ард түмэн хоосордог дээр өгүүлсэн далаад оны явдлын үйл явцын сонгодог анатоми энэ болой. Түүхий эдийн үнэ өсөхөд ядуу орны удирдлага баяжиж ард түмэн нь улам үгэйгүйрч улс орон нь ухардагийн учир энэ. Үүнийг л баялагийн хараал гэж нэрлэмой. Чукча дурак, дуракаараа л хоцроно. Империализмыг хараагаад л үлдэнэ. Уул нь хөлдүү толгойгоо гэстэл нь балбах ёстой байсан юм.