1960 оны майн баярын үеэр Свердловск хотын тэнгэрт АНУ-ын тагнуулын U2 онгоц Зөвлөлтийн пуужинд өртөн сөнөлөө. Нисгэгч Паулис амьд гарч нээлттэй шүүхээр орж шийтгүүлсэн. Ер нь түүгээр үзэл суртлын томоохон кампани зохион байгуулсан юм даа. Сүүлд нь түүнийг Зөвлөлтийн алдартай тагнуул Абелиар сольсон. Биднийг хүүхэд байхад Абелийн тухай гол дүрд нь алдарт жүжигчин Бонанис тоглосон “Тагнуулчийн дууль” гэдэг киног их үзүүлдэг байлаа. Орос нэр нь “Мёртвый сезон”.

Америкчууд Зөвлөлтийн цөмийн хүчин аль хэрийг мэдэх гэж тухайн үедээ хамгийн өндөрт нисдэг онгоцоо явуулан агаараас зураг авч байжээ. Энэ явдлын өмнө Хрущёв гадаадын дипломатуудыг хүлээж авсан цайллага дээр “Бид та нарыг удахгүй булшлана” гэж улаан цагаангүй мэдэгдэж байв. НҮБ-ын чуулганд оролцсон тэрээр ширээгээ гутлаараа нүдэж байсан төдийгүй, “бид цөмийн зэвсгийг хиам хийж байгаа юм шиг олноор нь үйлдвэрлэдэг” гэж мэдэгдэн дэлхийг цочоож байв. Зөвлөлт хичнээн цөмийн толгойтойг Америкийн тал мэдэж чаддаггүй. ТТГ-ын таамаглаж буйгаар бардам Хрущёв мянга орчим цөмийн толгойтой гэж үзэн дээш мэдээлжээ. Энэ үнэн бол АНУ-д хохиролтойгоор хоёр орны хүчний тэнцвэр алдагдсан гэсэн үг. Ингээд тэд юутай ч нэлээд хуучирсан цөмийн пуужинг юм яаж мэдэхэв хэмээн Түрэгийн нутагт байрлуулжээ.

Энэ явдал болон оросууд түрүүлж сансарт гарсан, Америкийн асар өндөрт нисч яваа онгоцыг сөнөөсөн, өөрийнх нь атомын бөмбөгөөр дэлхийг айлгаж чадсан тоглолт амжилттай болсон зэрэгт хөөрсөн Хрущёв маш нууцаар Кубын аралд цөмийн зэвсэг байрлуулав. Үүнийг олж мэдсэн АНУ-ын эсэргүүцлийг тас мэлзэн үгүйсгэж гарлаа. Энэ бол 1962 оны 10-р сарын хуучид. Америкчууд Кубын арлын зургийг өдөр болгон агаараас авч бүрэн нотолгоотой болов. Оросууд үгүйсгэсээр л. Хрущёв энэ үйлдлээ тас нуусан учир АНУ-д суух элчин сайд ч энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм. Тэр байтугай энэ асуудлыг дээд хүрээнд ч хэлэлцээгүй учир Зөвлөлтийн удирдлага хагас, буруу мэдээлэлтэй байжээ. Энэ тухай Зөвлөлтөд ердөө цэргийн дээд тушаалынхан л мэдэж байлаа.

Зөвлөлтийн армийн Жанжин штабын удирдах ажилтан хурандаа Олег Пеньковкий гэх нэгэн Москвад суух АНУ-ын элчин рүү, дараа нь Английн тагнуулын байгууллага руу хандан хамтарч ажиллах санал энэ эгзэгтэй мөчид гэнэт тавих нь тэр. Америк, Английн тагнуулын газартай ганц жил хамтрахдаа бараг найман мянган хамгийн нууц материал явуулсан Пеньковскийг зууны тагнуулч гэж нэрлэдэг. Тэрээр урьд нь Түрэг дахь Элчин сайдын яаманд тагнуулчаар ажиллаж байсан ба итгэгдсэн хүний хувьд хоёр удаа Англид төлөөлөгчөөр очижээ. Худлаа блиф хийгээд байгаа Хрущёвт мянгаар тоологдох цөмийн толгой байхгүй, ярьсан хиам нь ердөө найман хэрчим гэдгийг Пеньковский эсрэг талдаа мэдээлсэн юм. Тэрээр Карибын хямралын ид үед илчлэгдэн баривчлагдсан ба үүнийхээ өмнөхөн оросууд АНУ-д цөмийн зэвсгээр гэнэдүүлэн цохилт өгөхөөр шийдчихээд байгааг дуулгажээ.

Америк орон хөл дээрээ бослоо. Улс оронд аюул учирчихаад байгааг Ерөнхийлөгч Кэннэди радио зурагтаар ард түмэндээ зарлав. Арми бүрэн бэлэн байдалд орсон төдийгүй нисдэг техник болгон нь агаарт хөөрч бэлэн байдал хангаж байлаа. Пеньковскийгаас мэдээ авч Зөвлөлтийн бодит хүч чадлыг ойлгосон генералууд шуурхай арга хэмжээ авч оросуудыг нэг мөсөн хашраая хэмээн Ерөнхийлөгчийг шахах болов. Харин Кэннэди асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулан галзуу хүнийг тэнэг алхам хийлгэхээс нь буцаах зорилго тавьсан юм. Тэрээр Хрущёвтай утсаар ярих гэж оролдоход цаадах нь завгүй гээд олддоггүй. Хожим мэдэгдсэнээр мань хүн Большой театрт дуурь үзээд амгалан сууж байсан байдаг.

Хэрэв мөргөлдөөн болсон бол Зөвлөлт улс оршин тогтнохоо болих хэмжээнд хүрэх байсныг хожмын судлаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Мэдээж оросууд АНУ-ын хилээс зуу гаруйхан км-ын алсаас цөмийн пуужин харавж маш их хохирол учруулан хоёр гурван хотыг газрын хөрснөөс арччих байлаа. Энэ бол нэг тулалдаан дахь түр зуурын ялалт. Хариуд нь хавьгүй илүү зэвсэг болон техник технологитой дэлхийн хамгийн баян орноос юу хүлээж авах байсныг бурхан л мэдэх байх. Энэ бол оросуудын сурсан фронтын дайн биш, хэдхэн мөч, их хадаад хэдхэн өдөрт болоод өнгөрөх хэмжээлшгүй гамшиг. Юутай ч Пеньковскийгаар дамжин хамаг блифээ алдчихсанаа мэдсэн оросууд хэлэлцээг зөвшөөрч Кубаас цөмийн зэвсгээ татсан юм. Америкчууд ч хариу болгон Түрэгээс зэвсгээ гарган хоёр талын удирдлага ард түмнийхээ өмнө нүүрээ аварчээ. Ийнхүү дэлхий тэр чигээрээ сөнөх аюулын ирмэгээс арай гэж мултарсан азтай түүх буй.

Хамгийн чухал газар ажилладаг, дээд удирдлагадаа бүрэн итгэгддэг, хангалуун цалин мөнгөтэй, хөрөнгөт оронд зочлох бололцоотой, албан тушаалын хувьд цааш ахих байтугай оройд ч гарч магадгүй ирээдүйтэй, тууштай коммунист, тухайн үеийн Зөвлөлтийн хэмжигдэхүүнээр нийгмийн элит хэсэгт хамаарах болсон, дөнгөж дөч өнгөрч буй хурандаа Пеньковский яагаад эх орныхоо эсрэг тагнуул хийн, Зөвлөлтийн хамгийн эмзэг, хамгийн нууц материалыг ямар ч шан харамж горьдолгүйгээр дайсандаа идэвхийлэн дамжуулав? Баривчлагдсанаас нь хойш хэдхэн сарын дараа түүнийг шүүх ажиллагааг нээлттэй хийн үзэл суртлын томоохон концерт болгосон юм. Авагдсан кино хальсанд мань хурандаа эх орныхоо өмнө гавъяа байгуулсан аятай индэр дээрээс мэндчилгээ дэвшүүлж байгаа хүн шиг гал цогтойгоор өөрийн үйлдлийг чанга дуугаар илтгэх аж. Гутарсан урвайсан шинж алга, харин бахархаад ч байгаа юм шиг. Түүнийг шүүхийн шийдвэр гарснаас тав хоногийн дараа буудан хороосон гэж албан ёсоор мэдээлсэн. Харин түүнийг бусдад сургамж болгох зорилгоор кино зургийг нь авч байгаад (ирээдүйн тагнуулуудад үзүүлж айлгахын тулд) амьдаар нь ган хайлуулах дүрэлзсэн зуух руу шидсэн гэх баримт хожим гарч ирсэн боловч хэн ч тэр киног нь олж үзээгүй бололтой. Ийм хэрэг хийсэн хүнийг өөрийг нь байтугай эхнэр хүүхэд төдийгүй хамаатан садан удам угсаагаар нь үгүй хийдэг зөвлөлт системд Пеньковскийн охиныг хожим нь МГИМО гэгдэх зөвлөлтийн дээд элитийнхэн хүүхдээ сургадаг дипломатын сургуульд элсүүлсэн ба бэлбэсэн эхнэр нь насан туршдаа тэтгэгдэж байсан гэдэг.

Хоёр жилийн дараа зөвлөлтийн дээд удирдлагынхан сэм хуйвалдан төрийн эргэлтэрхүү юм хийж Хрущёвийг буруутган огцруулж зайлуулсан юм. Мань хүн хурал дээр хамаг буруугаа хүлээсний шанд тэтгэвэрт гарчээ. Огцруулах шалтгааны нэг нь Карибийн хямралын үед бусадтай зөвлөлгүйгээр дураар загнаж улс орныг аюулын ирмэгт аваачсан тухай байлаа. Сансарт анхлан пуужин хөөргөсөн төдийгүй америкчуудаас түрүүлж хүн нисгэсэн (америкчууд бүтэн сараар хоцорсон), атрыг эзэмших дуулиантай ажил эхлүүлсэн, удахгүй Америкийг гүйцээд урд нь гарна, коммунизм ердөө гүвээний цаана байна, 1980 он гэхэд коммунизмд ороод бүх юм үнэгүй болно хэмээн ард түмэндээ үнэмшүүлчихсэн, атомын бөмбөгийг хиам шиг үйлдвэрлэдэг болсон тул айх аюулгүй гээд итгүүлчихсэн, сталинизмын харгислалыг илчилж “Хрущёвын дулаарал” гэгдэх ард түмэндээ зөөлөн хандах бодлого хэрэгжүүлсэн түүний нэр хүнд өөрийн иргэдийн дунд асар сайн байж баатар цолоор дөрвөн удаа энгэрээ мялаан, далан насныхаа нь ойг бүх нийтээр тэмдэглүүлж байлаа. Харин түүнийг залгамжилсан Брежнев “намжмал байдал” гэсэн ганц дипломат бодлогыг төр эзэмшиж байсан 18 жилдээ тасралтгүй үгэлсэн билээ.

Ерөнхийлөгч Кэннэди асуудалд тун хянамгай, ухаалаг хандсан юм. Хэрэв байлдахдаа тулбал Америк хавьгүй давуу учир ялах нь дэндүү илэрхий байлаа. Ялалт бол ялалт, гэхдээ хаяанд нь аваачаад зоочихсон цөмийн зэвсэг нөхөж баршгүй хохирол учруулна. Магадгүй хэд хэдэн хот үнсэн товрог болж хэдэн сая хүн ч үрэгдэж болно. Илэрхий сул дорой, хэнд ч зодуулчихмаар тэнэг амтан хутга барьчихаад өдөөд байхад дийлэх боловч өрөөсөн нүдээ сохлуулчих юм байна гэдгээ урьдчилж мэдсээр байж эрүүл хүн гар зөрүүлэх үү? Орост ч эрүүл хүн тэр байтугай армийн удирдлагад ч хавьгүй олон байсан байж таараа. Хрущёвийн солиорлыг зогсоохгүй бол адаглаад л эх орноо бүр мөсөн алдана, аягүй бол хүн төрлөхтнийг мөхөөнө гэдгийг ойлгож байсан зөвлөлт генералууд цөөнгүй л байгаа биз. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн хувьд нүдэнд нь  илэрхий зүйл. Тэд АНУ-ын зэвсэглэл, техник, технологи, хүч чадлын тухай бүрэн мэдээлэлтэй, тэрийгээ өөрсдийнхтэйгээ харьцуулж үзэх хангалттай мэдлэг боловсролтой хүмүүс. Ийм болохоор өөрсдийн дундаас Пеньковскийг сонгон мэдээллийг алдагдуулж цөмийн тулсан дайнаас мултрах арга бодож олсон юм биш байгаа? Наанадаж хамгийн түрүүн өөрснөө, цаашлаад төрлөх эх орноо үгүй хийж болох аюултай тоглоомд голлон оролцохыг эрүүл хүн мэдсээр байж хийнэ гэж үү? Баригдахаа мэдсээр байж Пеньковский яагаад ийм “тэнэг” алхамд зориглов? Өөрийг нь мөрдөж байгааг мэдсээр байж яагаад сүүлийн өдрүүдэд өөрийн гадаад холбогч агенттай хамгийн их хөлийн газар, КГБ-ийн бараг гадаа үүдэнд уулзаж байв?  Хүүхэд ч ингэхгүй гэнэн алхамыг тэрээр шүүх дээр баримт болгож үлдээхийн тулд зориуд тэгсэн гэж хожмын судлаачид хэлдэг.

Хоёрдугаар дайны үр дүнгээр тогтсон статус квог Путин эвдэн анхны бөгөөд өдий болтол цорын ганцад тооцогдох бусдын газар нутгийг анекс хийн булаан авлаа. Үүнийгээ баяр бахдал болгон зарлаж хүчээр далайлгаснаа ил тод мэдэгдэн нэвтрүүлэг хийн зурагтаар цацлаа. Гүрж, Молдав зэрэг тусгаар улсын нутгийг эзлэн авч тоглоомын улсууд байгууллаа. Зэргэлдээ өөр орнуудад илэрхий заналхийлж хил хязгаарыг нь зөрчих боллоо. Сансрын бамбай хэмээх агаараас хамгаалах өрнөдийн системийг даван туулж цөмийн бөмбөг тээхүйц сюпэр балластик олон пуужинтай болсноо бахархалтайгаар мэдэгдлээ. Тэрээр одоо ард түмнийхээ дунд Хрущёв шиг нэр хүндтэй байгаа.

Путины дайснаар зарлаад байгаа нөгөө тал Оросоос хүн амаараа дөрөв дахин олон, үндэсний баялагаараа арван тав дахин их, батлан хамгаалан зардал нь мөн арван тав дахин их, технологийн хувьд бүтэн үе түрүүлчихсэн, соёл, шинжлэх ухаан, зэвсэглэл, баялагаар бүх дэлхийг тэргүүлчихээд байгаа этгээд юм. Хүч тэнцвэргүй энэ дайсагналцалд Путин дайсныхаа өрөөсөн нүдийг үүрд юм харахгүйгээр таг сохолж болох ч хариу нь энэ хүчирхэг түүхэн орныг газрын хөрснөөс нэгмөсөн арчиж болох аюултай. Хрущёвийн үед улс орон нь дэлхийн хоёр дахь хүчирхэг зэвсэгт гүрэн, дэлхийн хоёр дахь том эдийн засаг байсаан. Одоо бол эдийн засгийн хувьд гаргаж зарж буй юмных нь 80 хувь нь байгалийн түүхий эд учир томсогосон Саудийн Араб. Хүйтэн дайны үеэс үлдсэн цөмийн нөөц нэлээдтэй учир үүгээрээ бусдыг айлгадаг томсогосон Хойд Солонгос. Биенийхээ үүдэн дээр зэвсэг хангинуулан шавж дэвэн, өрж  загсох нь хөндлөнгөөс харахад ч аймаар. Магадгүй өнөөдөр хүн төрлөхтөн Карибийн хямралын томсгосон хувилбарын өмнө ирчихээд ч байж болох. Түүх давтагдах дуртай. Гэхдээ спираль хэлбэрээр давтагддаг гэж зарим нь нотлох. Харин Хрущёвийн хувилбараар уу, Кэннэдийн хувилбараар уу?

2015.6.19