“Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, хүний гавъяат эмч Б.Болдсайхантай ярилцлаа. Гэхдээ энэ удаа эрүүл мэндийн салбарыг голчилж бус, харин иргэн хүнийх нь хувиар Монголын иргэний нийгмийн байгуулал, хөдөлгөөнүүдийн талаарх байр суурийг нь сонирхлоо.

-NEWS.MN


-“Босоо Монгол”, “Хөх Монгол” зэрэг эх оронч гэж өөрсдийгөө нэрлэдэг элдэв холбоо, хөдөлгөөн Монголд олон. Сонгуулийн өмнөх жил учраас үйл ажиллагаа нь ч эрчимжиж байна. Иргэний ийм хөдөлгөөнүүдийн талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Уг нь тэдний тухай бодох шаардлага надад байхгүй. Гэхдээ бодохгүй бол ийм хөдөлгөөнүүд улс орны эдийн засаг, түүгээр дамжуулаад эрүүл мэндийн салбар, иргэдийн өдөр тутмын амьжиргаанд ч нөлөөлөх шийдвэрүүдэд хөндлөнгөөс оролцох гэж оролддог, нөлөөлдөг болоод байгаа. Ер нь миний бодлоор иргэн хүн бүр идэвхтэй байх ёстой, ялангуяа бидний сонгосон шинэ нийгэмд. Гэхдээ иргэний идэвхийн хамгийн зөв хэлбэр бол мэргэжлийн холбоод. Эмч нарын, хуульчдын, эмнэлгүүдийн, эсвэл цэцэгчдийн холбоо гэх мэт. Учир нь тухайн салбараа мэддэг хүмүүс эрх ашгаа илэрхийлээд, төр нь түүнийг ашиглаж асуудлаа шийдэх эрх, үүргийг нь тэр холбоодод өгдөг. Энэ бол иргэний нийгмийн үндсэн тогтолцооны нэг хэлбэр. Манайд ийм зөв холбоо байх нь байгаа. Гэхдээ иргэн нь, төр нь ч ашиглахгүй байна. Харин оронд нь бүх юмыг мэддэг, Тавантолгой, Ноён уул, төмөр зам, цахилгаан станц, бүр музей ч байсан оролцож, хошуу дүрж явдаг арван хэдэн хүн байна. Бид бүгдээрээ зүсийг нь мэднэ. Нэг хүнтэй фронт, хоёр хүнтэй хөдөлгөөн, гурван хүнтэй хөдөлгөөнүүдийн эвсэл ч гэнэ үү ийм зүйл олшроод байгааг дээр үед би шоолж бичиж байсан юм. Их төлөв тэр хүмүүс бүх юмны тухай хөлсөөр дуугарч, шантааж хийж амьдардаг. Үүнийг би иргэний оролцооны зөв хэлбэр гэж боддоггүй.

-Иргэний нийгэм буруу тийшээ хэлбийгээд байна гэх гээд байна уу?

-Иргэний нийгэм гэдэг үг зүгээр холбоо үг биш. Чөлөөт өрсөлдөөнт зах зээл, ардчилсан тогтолцоот улс төрийг улам сайжруулах арга механизмуудын тухай XX зуунд олон сэтгэгчид бодож, сэтгэж, үгээ хэлж, түүнийг нь барууны ертөнцийн хөгжилтэй орнууд өөрийн орныхоо нийгэм, улс төрийн амьдралд тусгаж ирсэн. Тэдгээрийн нэг нь иргэний нийгэм гэдэг ойлголт. Өөрөөр хэлбэл, зөвхөн дөрвөн жилд нэг удаа төлөөний хүнээ сонгоод, түүнд бүгдийг хариуцуулаад орхих учиргүй. Ерөхийлөгч юм уу, эсвэл Парламентын гишүүн, Засгийн газарт бүх зүйлээ даатгах ёсгүй. Ерөөсөө иргэний нийгэм гэдэг нь өөрийнхөө сонирхдог зүйлээрээ санал бодлоо илэрхийлэх, түүнийг нь төр тусгаж аваад олон иргэдийн санаа бодол, мэдлэг боловсрол, идэвх чармайлтыг ашигладаг байх бололцооны тухай механизм. Энэ тухай XX зууны дунд үеэс хойш нэлээд ярьж, Европын орнуудад их хэрэгжиж байгаа. Гэтэл Монголд түрүүчийн хэлдэг шиг “Улаан залаатай Монгол” гэдэг хөдөлгөөнийг нэг хүн байгуулчихаад л, хөлс өгсөн болгоных нь төлөө өөрийн мэдэх, мэдэхгүй салбарт хошуу дүрж, нэг Дорнодод, нэг Ховдын Хөшөөтөд харайж байдаг. Иргэний нийгэм гэдэг нь ийм шантаажийн, луйврын амьдралын тухай биш л байгаа юм.

-Ардчиллаар олгогдсон нэг боломж болох үг хэлэх эрхээ хүмүүс буруугаар ашиглаад байгаа юм байна. Бусад ардчилсан орнуудад ч гэсэн ийм үзэгдэл байдаг болов уу?

-Үүнийг монголчуудын буруу гэх аргагүй. Хүүхэд эхээс төрөөд, нэг ой гараад хөлд орж, хоёр ой өнгөрөөд ярьж эхэлдэг. Харин таван нас хүрээд өөрийгөө би гэж ярьдаг болоод, цаашилбал, бага сургууль гэхчлэн амьдрал нь шат дараатай үргэлжилдэг. Монголчууд капитализмын амьдралд орсноос хойш хөлд ороод, одоо дөнгөж хэлд орж эхэлж байна. 400 жилийн өмнө Англиас эхэлсэн барууны энэ нийгэмд хөл тавиад дөнгөж 25 жил болж байгаа. Энэ хоорондоо харин ч 100 шахам жилийн хурдтайгаар явсан байх. Тэгэхээр энэ хооронд гардаг алдаа, оноог бүгдийг нь улс төрчид, иргэд, иргэний хөдөлгөөнүүд ч цөм давтаж байна. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол “Нью-Йоркийн дээрэмчид” гээд 1870-аад оны Нью-Йорк хотын тухай кино байдаг шүү дээ. Ер нь өнөөгийн Монголын нийгэм хөгжлөөрөө тэр үеийнхтэй л ойролцоо байна. Тэр кинонд улстөрчид нь яадаг билээ? Сонгууль дөхөөд ирэх үед хотын захирагчийн сонгуульд нэр дэвшсэн хоёр улстөрч гал гарсан байшинд гал командын машинаас зүүгдчихсэн “Миний төлөө саналаа өгөөрэй” гээд орилоод орж ирдэг шүү дээ. Тэгээд дээрэмчдийг хөлсөлдөг, нэг нэгийгээ дарамталдаг, алуулдаг. Арай ч алж хядах нь юу юм бэ, гэхдээ одоо бид тэр хавьцаа л явж байна. Тэгэхээр нэг талаараа бид жамаараа яваа юм. Бид шууд XXI зууны эхэн үеийн Шведийн юм уу, Английн нийгмийн улс төр, иргэншил, төлөвшлийг бий болгож чадахгүй. Аль болох хурдан явах ёстой, гэхдээ үсэрч, тойрч, “дэвхэрч” болдоггүй. Би түрүүнд хүүхэд ярьсан шүү дээ. Дөнгөж хөлд орсон хүүхдийг шууд их сургуульд оруулаад л, эсвэл хагалгаа хийлгээд байж болохгүй. Түүнтэй л ижил. Тийм учраас манайд “Нью-Йоркийн дээрэмчид” кинон дээр гаргадаг шиг “дээрмийн” иргэний хөдөлгөөнүүд их байгаа.

-Сонгууль угтсан пиар энэ хавраас эрчээ авч байна. Танд анзаарагдаж байна уу?

-Энэ жил “согтуу, галзуу” хонин жил, дараа онд солиоруулж, дэмийрүүлдэг сонгуулийн жил. Түүний эхлэл нь энэ хавар хэтэрхий эрт эхэлчихсэн байна л даа. “Ерөнхийлөгчтэй уулзаад хамт дуулъя, Ерөнхий сайдтай рингэн дээр гараад зодолдъё” гэхчлэн уриалаад явж байна. Энэ бол солиорол. Энэ нийгэмд хүмүүс мэддэг, чаддагаа л хийх ёстой. Жишээлбэл, С.Жавхлан Ерөнхийлөгч хийгээд, Ц.Элбэгдорж зүрхний мэс заслын эмч болоод, би дуулбал энэ Монгол Улс ямар болох вэ? Хамгийн түрүүнд чаддаг чаддагаа л хийх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 25 жил улстөрчийн амьдралаар амьдарсан бол түүнийгээ шавхтал зүтгэнэ. Ард иргэд сонгоод томилчихсон байна шүү дээ, тэр хүнийг. Тэр хүн ажлаа хийг л дээ. Харин түүнийг эрх, үүргийнхээ дагуу хийх ёстой ажлаа хийж байна уу, үгүй юу гэдгийг л бид шаардаж, шүүмжилж болно. Эрх чөлөөт хүн үгээ хэлж болдог нийгмийн гайхамшиг нь тэр. Түүнээс биш би чамаас уйдчихлаа, тэг, ингэ гээд байж болохгүй.

Хуулиа үл ойшооё, татвараа бүү төл гэж зарим хүн уриалаад байх юм. Зэвсэгт тэмцэл хийе ч гэж байх шиг. Би 7-8 жилийн өмнө бичиж байсан юм, “Түүхийн төгсгөл” гээд. Түүнд бичсэнчлэн Монголд одоо хувьсгал хийж болно. Аль ч цаг үед хувьсгал хийж болдог. Гэхдээ хувьсгал хийхдээ Монголын өнөөдрийн нийгэм, улс төр, эдийн засаг, хуулийн байгуламжуудыг нураагаад, оронд нь ийм нийгэм байгуулъя гэх санаагаа хэлэх ёстой. Жишээлбэл, Европт капитализмыг унагаад, социалист нийгмийг байгуулсан шүү дээ. Гэхдээ бүүр 100 жилийн өмнө Карл Маркс, түүний өмнөх мөрөөдөгчдийн үеийн гаргасан онолд тулгуурлан улс төр, нийгмийн, эдийн засгийн зарчмуудыг хэрэгжүүлэхээр түүнийг гардан зохион байгуулах хувьсгалчид гарч ирж байсан. Түүн шиг одоо ч гэсэн хувьсгал хийж болно. Гэхдээ юу хийхээ хэл! Ямар улс төрийн, ямар сонгуулийн, ямар төрийн байгууламж байгуулж, түүнд нь иргэд яаж оролцох гээд байгаа юм бэ? Эдийн засаг, нийгмийн амьдралд ямар өөрчлөлт гарах юм бэ? Би одоо бол тийм зүйл огт харахгүй байна. “Чи буу, би дарга болмоор байна шүү дээ” гээд уйлж байгаад ч хамаагүй дарга болох хүсэлтэй хүмүүс л байна. Дарга болъё гэж хүсэх нь огтхон ч буруу биш. Хэрвээ хувьсгал хийгээд ийм нийгэмтэй болъё гэсэн санал байхгүй бол энэ нийгмийнхээ тоглоомын дүрмээр өрсөлд. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд болж болно, Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн. Өрсөлд тэгвэл. Тэгэхгүй бол гэр чинь муухай санагдаж болно, тэгэнгүүт хэмх цохиж хаячихаад, одоо яах вэ гээд гудамжинд зогсож байж болохгүй. Дараагийн гэрээ барьчихсан, бүр арга ядвал очиж толгой хоргодох айлаа ярьчихсан байх ёстой. “Аман хуур” кинон дээр гардаг шиг машиндаа бүх зүйлээ аччихаад хаачих вэ гээд тэнэгтээд байж болохгүй. Нэгэнт хувьсгал хийхгүйгээр дарга болъё гэж байгаа бол нэг жил тэвчээртэй хүлээгээд өрсөлд.

Түүнээс биш би Спортын төв ордны өмнө очоод л хоёулаа нэг үзчихье л дээ гээд Сайханбилэгийг дуудаад байж болохгүй шүү дээ. Тэр хүн өөрийнхөө ажлыг хийж байна, би ч гэсэн зүрхний эмчээ хийж байна. “Нарантуул” захын үүдэнд хулгай, зэлгий хийдэг хүмүүс таарснаа сольдог шиг аашилж болохгүй шүү дээ. Тийм ч учраас 1870-аад оны “Нью-Йоркийн дээрэмчид” кино дээр гардаг шиг түвшинд Монгол Улс байна гэж би хэлсэн юм. Муухай сонсогдсон байж магадгүй. Гэхдээ тийм түвшинд сэтгэж байгаа, эсвэл сэтгэцийн асуудалтай хүмүүсээ бүх ард түмнээсээ мөнгө хурааж авдаг МҮОНТ-ээрээ дахин дахин гаргаж яриулдаг, бусад телевиз нь өөгшүүлж, түүнийг ярьдаг, хүн ард нь хошууран сонирхоод “Хөөрхий минь, зөв шүү дээ” гэж ярьж байгаа нь 1870 оны Нью-Йоркийн дээрэмчдээс ялгаа юу байгаа юм бэ? Ийм доод түвшнээсээ бид хурдан дээшлэх ёстой. Хүмүүс түүнээс хойш 150 жилийн турш хөгжчихлөө шүү дээ.

Монгол Улс бол Берлиний ханаас урагшаа Вьетнамыг өнгөртөл энэ орон зай дотор Ардчилсан хувьсгалыг, чөлөөт өрсөлдөөнт зах зээлийн энэ шинэ нийгмийг системийнх нь хувьд бий болгож чадсан бараг цорын ганц орон. Манайд “Өнгөт хувьсгал” хэрэггүй. “Өнгөт хувьсгал” хаана гардаг вэ гэвэл ардчилсан хувьсгал болоогүй, социализмаас шууд диктатурт буюу нэг хүний дарангуйлалд орсон Гүрж, Украин, Беларусь, Арабад ардчилсан хувьсгал хийх гэсэн оролдлого. Орос, Гүрж бол Монголоос 10-20 жилээр хойно яваа, Кыргыз одоо л шилжиж эхэлж байна. Төв Ази тэр чигээрээ нийгмийн байгууллаараа ардчилсан нийгэм гэдэг зүйлийг одоо болтол мэдэхгүй, Монголын хойно явж байна шүү дээ.

-Таны бодлоор ийм байдлаас яаж гарах вэ? Түүний тулд бусад улсын туулсан урт удаан хугацааны түүхийг товчлох боломжтой юу?

-Миний бодлоор бол ганц л арга байгаа. Гэхдээ би улс төрч биш, эмч хүн шүү. Маш гайхамшигтай удирдагч сонгоод нэмэр байхгүй. Харин гурван сая хүн гурван саяулаа маш их хичээж, чармайж, уйгагүй, чанга сахилга баттай хөлөлмөрлөж, хуулиа биелүүлэх хэрэгтэй. Адаглаад гудамжинд гараад нус цэрээ хаяхгүй байх хэрэгтэй, дуртай газраа машинаа тавихгүй байх хэрэгтэй, цаашилбал, хоорондоо хэрэлдэх, тав дахь өдөр бүрийн орой архи уух, тэгээд хоорондоо зодолдож, эхнэр, хүүхдээ зовоохоо болих хэрэгтэй. Нэг үгээр, хүн бүр хичээх ёстой. Хятад хүнээс шаргуу, орос хүнээс боловсролтой, солонгос хүнээс ухаалаг, япон хүнээс чанартай ажил хийж байж л гуравхан сая хүнтэй Монгол Улс энэ том хөршүүдийн дунд босож ирж чадна. Сингапур ингэж л амьдарсан. Хүн бүр хичээж ажиллаж байж зургаан хүний нэг нь саятан болоод дэлхийн хамгийн аз жаргалтай, тайван, баян тансаг, амьдрахад аятай орон болсон.

1990 оноос хойш хүний нэг үе өнгөрөөд хүмүүсийн зан байдал, төлөвшил сайжрах юм гэсэн. Би түүнд итгэдэггүй. Хүний гурван үе өнгөрч байж бид хүн шиг амьдарч байж, хүүхдүүддээ хүн шиг амьдрахыг ойлгуулж байж гайгүй болох байх. Тэр хүртэл зөвөө дэмжиж, буруу гэснийгээ дэмжихгүй бай. Заавал эсэргүүцээд, зөрж уйлаад, орилоод байх албагүй л дээ.

-Монголчууд тэгэж хичээж, Монгол Улс Сингапур шиг хөгжиж чадна гэж та бодож байна уу?

-Чадна. Чадаж ирсэн түүхтэй. Монголчууд төрт улс байгуулсан 2000 гаруй жилийн түүхэндээ унах болгондоо босож ирсэн түүхтэй ард түмэн. 1162 онд Тэмүүжингийн төрсөн үеийн Монгол бүүр аймшигтай байсан. 20-30 аймаг болоод салчихсан, хоолойгоо хэрчилцээд, ямар сайндаа “хөнжилдөө орох завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байлаа” гэх вэ. 2200 жилийн өмнө Модунийн үе ч тийм, мөн 1670-1680 онд ч монголчууд “бяр нь ихэдчихээд” Өвөрмонгол нь халхтай байлдаад, халх нь Зүүн гарынхантай байлдаад, нэгнийхээ хоолойг хэрчилцээд л явж байсан. Ингэж байсан улс энхтайванг олсон. Газрын зураг дээр тэмдэглэгддэггүй, Чин гүрний газрын зурагт орчихсон, тусгаар тогтолоо алдчихсан байсан Монгол Улс үнснээсээ амилдаг галт шувуу шиг дахин амилаад газрын зураг дээр гарч ирсэн нь чиний, миний өмнөх хоёр үеийнхний бүтээсэн түүх шүү дээ. Бүгд бичиг үсэгтэй, боловсролтой, улс шиг улс болчихлоо. Одоо жаахан хичээхэд яагаад чадахгүй гэж? Чадна шүү дээ. Жилээс жилд сайжраад л байгаа.

-Улс төр тойрсон асуудлуудаа ингээд орхиё. Тантай ярилцах боломж олдсоных эрүүл мэндийн салбарыг хөндөхгүй байж болохгүй нь. Азид ч цөөн хийдэг даралт бууруулах эмчилгээг “Сонгдо” эмнэлэгт өнгөрсөн долоо хоногоос хийдэг болсон гэж дуулсан. Энэ талаар та тодруулахгүй юу?

-“Сонгдо” эмнэлэг сүүлийн гурван жилд маш олон шинэ технологи нэвтрүүлж,  шинэ эмчилгээ, хагалгаа хийж байгаа. Өнгөрсөн онд л гэхэд 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүх лабораторио шинэчилсэн. Хамгийн сүүлд бид даралт бууруулах эмчилгээний шинэ технологи ашиглаж эхэлсэн. Технологи нь эрүүл мэндийн салбарт нэвтрээд ердөө хоёр, гуравхан жил өнгөрч байна. “Metronic” гээд дэлхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хамгийн том компани бий. Гар утасны үйлдвэрлэлтэй зүйрлэвэл “Apple” компани гэсэн үг. Салбартаа хамгийн урт түүхтэй. Эдний нээсэн эмчилгээний шинэ арга барилыг бид нь өнгөрсөн долоо хоногоос нэвтрүүлж эхэлсэн. Процедурыг нь энгийнээр тайлбарлавал, хоёр, гурван төрлийн эм уугаад ч даралт нь буудаггүй, 180/200 хүрчихээд байдаг өндөр даралттай хүмүүсийн бөөрний артерийг агшаадаг симпатик мэдрэлийг ажиллагаагүй болгоод, бөөрний артерийг тэлэх юм. Ингэснээр бөөрний цусан хангамж сайжраад, түүний дотор даралт зохицуулдаг бодисууд хэвийн болно гэсэн үг. Эхний хүмүүсийг амжилттай эмчилсэн. 180/200 хүрдэг, гурав, дөрвөн эм уугаад дарагддаггүй байсан хүмүүсийн даралт энэ эмчилгээг хийлгэснээр шууд 120, 130 болж буусан. 180/200-тай даралт маш аюултай. Зүйрлэвэл, Улаанбаатар хотын Энхтайваны гудамжаар 180-200 км/цагийн хурдтай давхиж байгаа мэт эрсдэл ихтэй. Хаана ч, хэзээ ч хамаагүй зүрхний юм уу, тархины судсанд цус харвахад бэлэн явж байна гэсэн үг. 120 болоод ирэхээр ийм эрсдэл байхгүй болно. Ийм технологийг Азид нэвтрүүлсэн хоёрхон эмнэлгийн нэг нь “Сонгдо”. Япон, Солонгос, Хятад эхлээгүй байгаа. Эмчилгээний хувьд үр дүн нь батлагдсан, FDA-ээр (Food and Drug administration) зөвшөөрөгдсөн, Америкт цөөн тооны эмнэлгүүдэд ашиглаж эхэлсэн технологи.

-Үнийн хувьд гадаадынхаас хэр хямд вэ?

-Гадаадад арван хэдэн мянган ам.долларын үнэтэй байдаг. Монголд хамаагүй хямдхан. Үнийг нь тодорхой мэдэхгүй байна. Манайх 4000 төрлийн хагалгаа, 6500 төрлийн шинжилгээ хийдэг. Бүгдийнх нь үнийг шууд хэлж мэдэхгүй байна.

-Гадагшаа явж эмчлүүлдэг 60 мянган Монголын 90 хувьд дотооддоо эмчлүүлдэг болно гэж та ярьж байсан. Энэ зорилго хэр амжилттай биелж байгаа бол?

-Энэ нь дан ганц биднээс хамаарахгүй. Урт удаан хугацаа орно. Бид хамгийн сайн оношилгоо, үйлчилгээтэй, эмчилгээтэй эмнэлэг байгуулаад, түүнийг хүмүүст ойлгуулж, итгэлийг нь олтол цаг хугацаа шаардана. Одоогоор амжилттай байна гэж бодож байгаа. Хятадыг зорьдог хүмүүсийн тоо сүүлийн гурван жилд эрс багассан гэж хүмүүсийг зуучилдаг өвөрмонголчууд надад хэлж байсан. Цаашид ч гэсэн ойрын гурваас таван жилийн дотор Солонгос, Хятад, Тайландыг зорьдог хүмүүсийн 90 хувь нь Монголд эмчлүүлдэг болгохын төлөө “Сонгдо” эмнэлгийн 70 эмч, 120 сувилагч, ажилтнууд бүхий л чадлаараа хичээж, зүтгэж байна.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.