Сар хүрэхгүйн дараа наадам болох нь. Бөхчүүд бэлтгэлдээ аль эрт гарч, уяачид морьдоо барьж, хагссан нумаа харваачид эвшээлгэж ахуйд монгол хүмүүн бүр гоёлоо зэхэж, наадмын өдрийг хуруу даран тоолон, догдлон хүлээх энэ цаг дор наадам маань наадам шиг болоосой хэмээн хүсэх юм. Хүсэхийн учир жил ирэх бүрийд бид наадаж чадахаа больж байгаад билээ. Бөхчүүд нь найраа хийж, худлаа барилдаад, эсвэл допингдоод, хурдан морины уралдаан нь хэн нэгний мөнгөөр зодож гаднаас авчирсан араб, англи адуу, түүний үр төл л түрүүлж байдаг явцуу болоод хувирчихлаа. Өөрөөр хэлбэл наадам монгол түмний цэнгэл байхаа болиод, мөнгөтэй хүмүүсийн зугаацал, аархал болсонд түмэн олон бухимдан, бачуурч буйг төр засаг, холбогдох нөхдүүд, баяр наадмын комисс анзаарч, анхааралдаа аваасай. Энэ жилээс эхлээд дэг журамд нь оруулж, наадмаа наадам шиг болгоосой билээ. Сүүлийн жилүүдэд бөхийн барилдаанаасаа илүү хурдан морины уралдаан маш заваан, ямагт будлиан маапаантай болдог боллоо. Өнгөрсөн жилийн наадмын хурдан морины уралдааны талаар таатай биш зүйлийг одоо ч олон түмэн ярьж байна. Баяр наадмын хуулиндаа эрлийз, монгол морьд тус тусдаа уралдана хэмээн заасан атлаа үүнийгээ ёс төдий дагаж мөрддөг нь ямагт нэг, хоёрдугаар үеийн эрлийз морьд цэвэр монгол морьдтой уралдаж байгаа нь уяачид төдийгүй ард түмнийг бухимдуулж, наадмыг наадам биш болгоод байгаа юм. Монгол хүн газрын холоос хурдлан хурдалсаар барианд орж ирж байгаа хүлгийг баярын нулимстай тосон, бахдан бахархаж, дараа жилийн наадам болтол дурсан ярьдаг байсан нь одоо хаачив аа?



Яагаад тэр сайхан сэтгэлээр морь тосдог асан монгол хүн өнөөдөр барианд орж ирж буй хүлгийг хараад “Өө, чааваас дан эрлийзүүд л орж ирлээ...” хэмээн бухимдал, гомдолтой өгүүлээд буцаж алхаж байна вэ? Наадам болгоноос ийм дүр зураг харагддаг болсныг та бидний хэн хэн маань мэднэ шүү дээ. “За даа, одоо ч над шиг монгол адуутай хүн Хүй долоо худаг, Халхын наадмын дэвжээнд уралдах нь өнгөрч байх шиг байна” хэмээн шүүрс алдаж зогсоо мянга мянган уяачийн харуусал, гомдол юуг өгүүлнэ вэ? Энэ бүхэнд хэн буруутай билээ? Тэгээд хэрхэн энэ бүхнийг засаж залруулах ёстой вэ?

Уг нь хурдан морины комисс гэж бүлэг хүмүүс байдаг. Энэ бүлэг хүмүүсийг урьд өмнө ахалж байсан ахлагч нарын зангарагийг үгүйлэн дурссан уяач олон байсан. Ямар ч байсан Баасанхүү хэмээх генералын дүрэм журмаа яс барьж, үүссэн будлиан маргааныг тас, яс шийдвэрлэдэг байсныг нь ойрын хэдэн жил морины комиссыг ахалсан бүрэг ноомой, бөөрөнхий атлаа “но”-той нөхдүүдээс нэхээд бардаггүйгээ уяачид ярьцгааж байх юм.

Хариуцсан ажлаа хийхээсээ илүү хөөрцөглөсөн нөхдүүд наадмын өмнөх өдрүүдэд телевиз, сонины дэлгэц, талбайг эзэгнээд жинхэнэ монгол наадмыг чухам л зохион байгуулаад өгдөг хүмүүс болчихсон дарцаглаад давхиад байдаг атлаа начир дээрээ хамаг будлианы эзэдтэй хамсан, хуйвалдаж, уралдааныг уралдаан бус болгоод хаячихдаг нь нууц биш ээ. Нөгөө тус тусдаа гээд байсан монгол, эрлийз морьд холилдож уралдсан наадам болоод өнгөрдөг. Би тод санаж байна. Өнгөрсөн жил гэхэд л Хурдан морины салбар комиссын дарга хурандаа Ж.Болдбаатар гэдэг нөхөр долоодугаар сарын 10-ны өдөр манай сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “ Хурдан морины уралдаан ямар ч будлиангүй болно. Ялангуяа англи, арабын эрлийз адууг монгол морьдтой хамт уралдуулахыг үл зөвшөөрнө. Хэрэв ийм явдал гарвал уралдаанаас шууд хасна. Амжилтыг нь тооцохгүй байхаар Наадмын комиссын шийдвэр гарсан ” хэмээн тодорхой өгүүлсэн атлаа ам, ажлаа зөрүүлчихсэн. Телевизүүдээр ч энэ талаар хангалттай яриад байсан шүү дээ.

Хамгийн гол нь хот, хөдөөгийн олон уяачдын хөдөлмөрийг үгүйсгэн, Монгол наадмын дэвжээн дээр уясан хүлгээ шударгаар уралдуулан цэнгэх хүсэл, эрмэлзэл, мөрөөдлийг нь арчаад хаячихаж байгаагаа үл тоосон “махан толгойтнууд” дараа дараагийн наадмаа хэсээд зохион байгуулалттай будлианаа хутгаад явж байдаг нь л туйлын харамсалтай.

Эрлийз морь, монгол адуутай хамт уралдаж яагаад болдоггүй юм хэмээн адарч байгаа хүмүүс бас байна.

Зүйрлэвээс мэргэжлийн тамирчин, сонирхогчтой өрсөлдөж буйтай агаар нэг шударга бус тэнцвэргүй, үр дүн нь тодорхой тэмцэл болж буй учир хэмээн маниас илүү морь мэддэг монгол хүмүүс дургүйцэж байгааг бодоод үзэх хэрэгтэй юм. Монгол хүн л болсон хойно төрийн наадмын түрүү, магнай зүүдлэн, гайгүй хурдаа шилэн, цаг зав гарган, хөлс, хүчээ зарцуулан байж газар газраас ирсэн хэчнээн олон хүний хүсэл мөрөөдлийг эрлийз морьд хийсгэн, наадмаас наадамд монгол морьдыг шахан үлдэж байгааг зөвтгөх аваас ярих юм алга. Энэ байдлаар үргэлжилвээс улсын наадамд монгол морь лав уралдахгүй болохдог.

Хэдэн арван саяын үнэтэй цэвэр араб, англи үүлдрийн нэг, хоёрдугаар үеийн эрлийз адуутай уралдаад түрүүлэх монгол морь бараг байхгүй гэдгийг уяачид өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Амгалан төрийн алдарт Ажнай шарга гэхэд л Морин тойруулгын угшилтай, өөрөөр хэлбэл цэвэр монгол адуу биш. Гэхдээ дөрөвдүгээр үеийн холдсон, бараг л монгол цусны гэхээр болсон буян. Тэгэхээр дөрөв, тавдугаар үеийн эрлийзтэй монгол морь ана, мана өрсөлдөж чадаж байна. Үүнийг бол монгол хүн хүлээн зөвшөөрдөг. Эрлийз адууг долоодугаар сарын 13 –ны өдөр тусад нь уралдуулан, алдар, цол, тэмдэг, бай шагналыг эзэнд нь ч, адгуусанд нь ч монгол адууны бай шагналтай адилхан олгодог хэдий ч, дархлагдсан цөөн тооны хүмүүс зөвхөн нэр алдрын төлөө монгол наадмын утгыг алдуулан байгааг нөгөө наадмын комиссын “номой”-чууд мэдэн будилж өөгшүүлсээр байдгаа энэ жилийн наадмаас эхлээд засаж, залруулах хэрэгтэй байна. Жишээ гэхэд л ноднин жилийн соёолон насны түрүү, аман хүзүү, гутгаар, дөтгөөр байранд орж айрагдсан морьд бүгд эрлийз байлаа. Даага, шүдлэн, хязаалан насанд ч ялгаагүй эрлийз морьд хүч түрчихсэн. Түрүү магнай болсон халтар соёолон гэхэд л даагандаа эрлийз морьдын уралдаанд уралдан түрүүлж байсан алдартай хүлэг. Гэтэл цэвэр монгол адуу “болчихсон” уралдаж байх. Нас нэмэх болгонд цус нь цэвэршчихдэггүй л юм бол үзэж, дуулдаагүй гайхмаар эволюц энд явагдсан байж таарах нь. Энэ мэтчилэн сайд, дарга явсан хийгээд , зарим том бизнесменүүд эрлийз морьдоо зориуд монгол морьдтой уралдуулаад байдаг нь алдар цолын шунал уу? Өөрөөр юу гэж тайлбарлавал зохилтой билээ. Уг нь Баяр наадмын тухай хуулинд “ наадамд зургаан насны морь уралдуулна” гэж заасан атлаа үүнийгээ зөрчин эдүгээ есөн насны морь уралдуулдаг болсон. Энэ нь асар их мөнгө, цаг зав зарцуулж , тэр Англи, Араб, Оросоос хурдан морь авчирч, адууны үүлдэр, угсааг сайжруулж байгаа эрхмүүдийн зүтгэлийг үнэлж, наадамд эрлийз морьдыг тусад нь уралдуулах болсон хэрэг л дээ. Ийм байхад мань нөхдөд бас нэг жудаг баймаар санагддаг.

Эл эрхмүүдээс гадна монгол наадам, монгол ёс заншлаа яриад суудаг зарим алдартай уяачид ч эрлийз морьдоор дагнан наадах болсон нь харамсалтай. Өнөөдөр зөвхөн мөнгөний төлөөнөө тэднээс ийм аяг гарахаар бусад нь яах билээ. Уяач хүний хүрч болох бүхий л алдар цолд хүрсэн атлаа монгол наадмаа бусниулах хэмжээнд тэдний хүсэл шуналыг юу ингэтлээ өдөөнө вэ?

Шуудхан хэлэхэд морины комисс эрлийз морийг монгол адуу хэмээн бүртгэж уралдуулахдаа тохиолдол бүрийг 1-2 сая хүртэл төгрөгөөр үнэлдэг гэлцэж байна. Яг бөхийн цолны давааг үнэлэн найраа хийдэг шиг хуйвалдаан морины уралдаанд нэвтэрч, өвөр, түрүүдээ мөнгө өгөлцөж авалцах болчихлоо гэдгийг уяачид сүүлийн жилүүдэд байнга ярих болсон.

Эрлийз морьд уралдаад эхэлснээр нөгөө бидний монгол наадам маань мөнгөтэй хэдхэн хүний наадам болон хувирч байна. Тэд дүрэм журмынхаа дагуу тусдаа уралдаж болох шүү дээ.

Хэдийгээр зурхай руу гарахын өмнө морьдыг үүлдрээр нь ялган ангилж, авч үлддэг хэдий ч одоогийн зөвхөн сэрвээний өндрөөр хэмждэг нь туйлын учир дутагдалтай байгаа юм. Яагаад гэвэл хоёр, гуравдугаар үеийн эрлийз адууны сэрвээний өндөр монгол адуутай адилхан болчихсон байдаг. Үүн дээр дөрөөлөөд эрлийз адуутай нөхдүүд наадам “завааруулаад” байдаг юм.

Иймээс яавал зохилтой вэ? Гарц бий. Хурдан морины уралдааны журам, Баяр наадмын тухай хуулиндаа “Морьдыг гараа руу гарахын өмнө үүлдрээр ангилахдаа сэрвээ төдийгүй, биеийн галбир хийцээр нь шинжинэ. Уралдаад барианд орсон хойно нь ч дахин шүдэлж, үүлдрээр нь шинжин нягтлаад, хэрэв эрлийз морь монгол морьтой уралдаад барианд орсон бол амжилтыг нь тооцохгүй ” гэсэн заалтыг л оруулж, амьдралд хэвшүүлбэл энэ бүх будлиан алга болно. Өөрөөр хэлбэл аль ч спортын төрөлд медаль, шагналт байрт шалгарсан тамирчдаас дахин допингийн сорил аваад илэрвэл амжилтыг нь тооцдоггүйтэй ижил зарчмыг наадмын хурдан морины уралдаанд хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Энэ жилийн наадмаас эхлээд ийм зарчимд шилжээсэй хэмээн баяр наадмын комисст хандаж байна. Ингэснээрээ наадам сайхан болох төдийгүй монгол түмний уламжлал, соёл, баяр, цэнгэл, хиргүй тунгалаг мөнхөд үргэлжлэх авай. Морины комиссыг энэ жил БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга аанай л ахлах байх. Жинхэнэ эр хүн, цэргийн хүн, генерал хүн шиг зангараг гаргаасай билээ. Амьтан хүний аманд багтаж, улцагнах нь онцгүй харагдана шүү дээ. Харин шинэ Шадар сайд У.Хүрэлсүх энэ жил анх удаа Наадмын комиссын даргаар ажиллана. Шударга, шийдэмгий, залуухан Шадар сайдад түмэн олон наадмыг шударга, сайхан зохион байгуулна хэмээн итгэж суугаа нь тодорхой.

Ш.АЛТАЙ