Хот газарт хонь хурга нийлэхүй
Бидний хамгийн том асуудал бол хууль номыг дагахаас эхлээд өчүүхэн жижиг юмыг хүртэл эмх цэгц, дэс дараатай гүйцэтгэж чаддаггүй байх явдал.
Нийслэлд автомашингүй өдөр болов. Ингэхийн тулд хотын төвийн замуудыг тасалж хаагаад гүйцээ. Доторх зайд Улаанбаатар-2019 марафон болов. Хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, хүүхдээ хөтөлсөн, утсаа чихэндээ нааснаас эхлээд дэлхийд холын зайн хамаг рекордыг тогтоосон Африкийн хар тамирчид нийт таван ангиллаар уралдлаа. Зургаа дахь удаагийн марафон учраас манайхан зохион байгуулаад сурчээ. Гараа, тэмдэглэгээ, замын цэгүүд, сайн дурынхан, тэжээлтэй ус, бариа, чимэглэл, шууд дамжуулалт нь дэлхийн жишгийг чадах чинээгээрээ дууриажээ. Нью-Йоркийн, Бостоны (нөгөө бөмбөг дэлбэлдэг!), Токиогийн марафон зурагтаар иймэрхүү л харагддаг. Гэхдээ монголчууд юм хойно үе үе, ялангуяа бариан дээр замбараагүйтүүлэхгүй байж яаж чадахав.
Саяхны гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт. Хэзээ нэгэн өдөр газар хүчтэйхэн чичирвэл нурахгүй юм аа гэхэд физикийн хуулийн дагуу хазайгаад унаж мэдэх (манайхан барилгыг сайн барьдаг, гагцхүү суурь асуудалтай гэж сонссон) гозгор барилгуудаар улам бүр чигжигдэж байгаа нийслэл хотын оршин суугчдийг сэрэмжлүүлэх зорилготой байсан ч онцгой байдлынханд өөрсдөд нь сургамжтай болов. Тэд үнэхээр хичээсэн ч зохион байгуулалтын олон алдаа гаргажээ. Цугларсан хүмүүс хэнд ч хэрэггүй бичиг авахаар урт оочирлон бужигнаан үүсгэсэн, эсгий гэр, намхан байшингаасаа гарч ирсэн иргэд өндөр барилгын дор цугларсан гэх мэт. Одоо 20, 30 давхар байшинд гал гарвал яаж аврах сургууль хийгээсэй.
Дээрхэн үед иргэний хамгаалалтын сургууль хийдэг байж. 1960-аад оны сүүлчээр Баяндун суманд намайг зуныхаа амралтаар очоод байхад тийм сургуулилт таарсан. Үй олноор хөнөөх зэвсгийн тухай зурагт хуудсанд, бодвол цацраг туяа, хорт бодисоос сэргийлж байшин барилгынхаа нүх сүвийг битүүлэх заавар байсныг ах нар уншаад хэтрүүлсэн үү, эсвэл дээрээс тийм үүрэг өгсөн үү, зуны модон байшингийн завсрыг гудас, хөнжлөөр таглахаар оролдож байтал дууслаа гэсэн дохио дуугарч билээ. Бэлэн байсан хорт утааны нэг багыг хэн углахаа шийдэж чадаагүй өнгөрсөн. Газрын мухарт байгаа сумын төвд атомын бөмбөг хаяад ... гэж төсөөл дөө!
Бид өнгөрсөн зуунаас Майн баярын, Улсын баярын парад, жагсаал гээд олон түмний арга хэмжээг зохион байгуулж иржээ. Шууд жагсаахгүй бөгөөд оюутан сурагчдийг цуглуулж учир зүггүй бэлтгүүлнэ. Октябрийн баярын жагсаалын бэлтгэлийн үеэр их даардаг байлаа. 1974 оны өвөл Л.И.Брежнев Монголд айлчлахад Эрүүл мэндийн яамны харалдаа сургуулиараа мөн ч удаан хүлээсний эцэст тэр эрхмийг машин дотроос нь хараад ура хашгирсаар Их тэнгэр лүү үдэж билээ. Амьдаар нь харсанд тооцно биз?
Намын болоод бусад их хурлууд дэндүү албан бөгөөд уйтгартай ч нам, эвлэлийн зүгээс илүү дутуу юм бодуулдаггүй байжээ. Харин одоо цагийн хурал, чуулган, форумууд тэнгэр газар шиг ялгаатай. Индэр дээр зөвхөн дарга биш, бас араар нь хүмүүс зогсох эхэндээ сонин байсан бол сүүлдээ дассан. Хамгийн сүүлд Татварын ерөнхий газрын дарга өөрийн хэлтсийн дарга нарыг хоёр талаараа ярайтал зогсоогоод илтгэл тавьж харагдсан. Өнөөдөр бүх хурал тайзан дээрх урт ширээний ард эгнэсэн биш, тус тусдаа буйдан сандалд сууж тухалсан модератор, панелист гэгчтэй болжээ. Энэ бүхэн дэлхийн жишиг, стандарт юм. Ялгаа нь ийм хурал, семинар, лекц, форум, хэлэлцүүлгийн тоо бөгөөд манайх хол тасархай санагддаг. Бас Үндэсний онцлог гэж байна. Хэдэн жилийн өмнөх Эдийн засгийн форум дээр Эдийн засгийн сайд “Фортуна” Батбаяр хэнгэрэг дэлдэж бараг бөөлсөн бол лам нар ном уншдаг тууз хайчлах ёслол өөр хаана ч байхгүй биз.
Удахгүй хонхны баярууд эхэлнэ. Өглөө эрт их дээд, дунд, бага, улсын, хувийн гээд элдэв сургуулийн гадна дуу хөгжим цууриатан цэцэг, шаар алаглаж оюутан сурагч, эцэг эхчүүд багширна. Энэ арга хэмжээнд жилээс жилд засагдаагүй нэг дутагдал байгааг хэлсүгэй. Олон хоног, сараар бэлтгэж төгс гоё болсон охид хөвгүүд диплом гэрчилгээгээ гардан авах мөчид болдог явдал. Сургуулийн удирдлага үг хэлсний дараа гурав, эсвэл голдуу тав таваар нь нэр дуудна. Хэрвээ цааш ингэж дуудсан дарааллаар үргэлжилбэл асуудал байхгүй. Гэтэл багш, захирал, доктор, профессоруудын хэн нь хэнд гардуулахыг урьдчилж товлоогүй байх бөгөөд тэдэнд хэн нэгний дипломыг атгуулсныг аваад диплом дээрх нэрийг гаргаж уншина, “чи хэн билээ” гэж асууна, энэ зуур хэдэн хормыг алдана, ромбо тэмдгийг зарим нь түргэн шаламгай, зарим нь хоцорч зүүнэ. Дараа нь дипломоо дундаа хийж, гар бариад зургаа даруулна. Үүний төлөө сургуулиас хөлсөлсөн гэрэл зурагчин төдийгүй аппарат, камер барьсан нэг нөхөд, аав ээж тайзан дээр дүүрнэ. Энэ хооронд дараачийн гурав юмуу тавыг дуудаад тайзан дээр гаргаад ирнэ... Ингээд дипломоо гардан авах гэж байгаа, авч байгаа, дөнгөж авчихаад зургаа даруулахаар поозоо авч байгаа, даруулчихаад бууж байгаа гээд хөл толгой олдохгүй юм болдог.
Дараачийн хүмүүсийг түр хүлээлгэж болохгүй юу гэвэл үгүй, хэдэн зуун хүнд диплом гардуулах учраас шавдуулах хэрэгтэй гэнэ. Тэр үнэн. Гэхдээ диплом гардуулах ёслол эхлэх гэж бүтэн цаг, хоёр цаг хүлээлгэх нь гэм биш зан байдаг. Хэрвээ яг цагтаа эхэлсэн бол тайван сайхан амжуулах байсан.
Эндээс дахин дүгнэхэд, бидний хамгийн том асуудал бол хууль номыг дагахаас эхлээд өчүүхэн жижиг юмыг хүртэл эмх цэгц, дэс дараатай гүйцэтгэж чаддаггүй байх явдал. Төрийн том хэргийг хувийн ашиг, их үйлийг жижигхэн юмаар баллаж, тэрбумыг ганц хулгайч үгүй хийж байна. Сайхан арга хэмжээг дээрхийн адил жижиг алдаанууд баллаад хаячихдаг. Саяхан сургууль төгсөгчдийн нэгэн уулзалт болов. Багш нар нойр хоолгүй бэлтгэж, сэтгэл хөдөлсөн төгсөгчид пиг дүүрсэн ч цугларсан хүмүүсээ, наад зах нь захирал, эрхлэгчээ олигтой танилцуулахгүй юм. Манайхны элдэв ёслолын арга хэмжээнд уран гоё ярих нь эмх цэгцээсээ ямагт давж гараад байдаг.
Өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүдийг гудамжаар авч явахтай таарлаа. Урьд нь нэг багш чиглүүлж, араас нь өөр нэг багш хурааж алхана. Даанч хоёр хоёроороо хөтөлсөн багачууд явган хүний нарийхан зам дээр багталцаж ядна, зөрж өнгөрөх хүмүүст шахагдана, хоцроно, түргэлэхээрээ урьдах хоёрын өсгий дээр гишгэнэ. Багш нар нь арга буюу дуудаж, хашгирч, анхааруулна. Хэрвээ хүүхдүүдийн гарыг тавиулбал бүр болохгүй. Үүнийг харсан нэгэн тэсэлгүй саналаа хэлж байна. Гадаад оронд бол урт олс юмуу уяа аваад (тод өнгөтэй байх ёстой гэнэ) хүүхдүүдийг бариулаад (хаанаас барихыг нь хүртэл тэмдэглэдэг) цувуулчихдаг юм байна. Ингээд уулчид шиг нэг эгнээгээр, бие биенээ дагаад, түрүүлэхгүй, хоцрохгүй, бас уяагаараа машин замаас хашигдаад явдаг ажээ.
Хүүхдийн аюулгүй байдал, хүрээ соёл, менежмент энэ тэр гэсэн том том асуудлын шийдэл нь модератор, панелисттайгаар дэлхийн стандартаар хуралдахаас биш, бас энэ мэт юм жижиг юмнаас эхлэх ёстой болов уу.
ган
нара
Зочин
zochin