Монголчууд бид дөнгөж гурван сая хүрлээ. Хятад, Энэтхэг, Америк, Бразил, Индонез, Орос зэрэг 1,3 тэрбумаас 150 сая хүн амтай аварга гүрнүүдийн дэргэд 3-хан сая хүнтэй Монгол дэндүү жоохон. Гэхдээ үүнд нэрэлхэх юу байхав. Цөөхүүлээ нь бидний алдаа бус хувь заяа юм чинь. Хэдхэн монголчууд хүчирхэг хөршийнхөө далайсан цагт нь далд орж, далалсан цагт нь ил гарч явна. Ийм эмгэнэл цөөхөн үндэстэнд учирдаг л хувь заяа. Том гүрэн дэндүү цөөхөн бидэнтэй өөрсдийгөө жишиж онгирвол зохимжгүй, цөөхнөө мэдэхгүй бид том гүрэнтэй зиндаархвал инээдэмтэй. Гэвч гадаадын дундач хотоос цөөхөн хүнтэй бяцхан орны иргэд бид дэлхийд улс шиг л улс явна. НҮБ-ын гишүүн, ардчилал зах зээлийн замд хөл тавьсан гэж байгаа. Хэдхэн цөөхөн хүн амтай ч олимпийн наадмаас алт мөнгө хүрэл медаль хүртэнэ. Бөх, бокс, буудлага, сүүлийн үед сагс, гар бөмбөг зэргээр дэлхийн олон зуун сая хүн амтай орнуудын хүчирхэг багуудад хатуухан “боорцог” гэгдэх болов. Овоо шүү. Одоо улам даруухан байж байгаад хөгжлийн хурдаа сэм сэмхэн нэм. Эдийн засагтаа ч, үйлдвэрлэлдээ ч, дэд бүтэцдээ ч, спорт урлагтаа ч сюрприз үе үе үзүүл. Хамгийн гол нь амаа л хумь. Бүү онгир. Уул үзээгүй хормой шуух, ус үзээгүй гутал тайлах гэж үг бий.

Гэтэл манай хэдэн гайхалтай улстөрч гадны хөрөнгө оруулагч хөөдгөөрөө дэлхийд тамирчдаасаа хамаагүй илүү алдаршиж эдийн засгаа хорлов. Эх оронч тэдний сортоо боохой үзэж чаддаггүй хоточ банхрынхаас ч давсан гээд бодчих. Мянга гаруй метрийн гүнд орших алт зэсээ ухаж гаргах хүч, бэл, мэргэжил гуравхан сая хүнд дутагдаж байна. Үүнд бид буруугүй. Буруу нь бидний хэтэрхий цөөхөнд байгаа юм. Техник технологи хөгжөөгүй нь ч мөн бидний хэр хэмжээ. Хүч хүрэхгүй ажилд цөөхөн хүмүүс юуны өмнө хүсэл зоригоо нэгтгэдэг. Харин манай эрх баригчид яаж байна? Нэг нь төмөр замаа дэргэдэх зах зээл рүүгээ тавья гэхэд нөгөөх нь хойд мөсөн далай руу 1300 км төмөр зам тавина гэж маргасаар юу ч амжуулалгүй хүн амаа өрний бөөс болгов. Цөөхөн бидэнд уул уурхайн мега төслийг бие даан олборлож, тээвэрлэж, дэлхийн зах зээлд үнэ хүргэх боломж дутмаг учраас баян хүчирхэг гадны түншүүд урихаас ондоо аргагүй. Урьж оруулж ирчихээд хөрөнгө оруулагчаа мөлжигч гэж эх орончоор давшилбал сонгуульд ялна гэсэн улстөр дэврээд төслүүдээ явуулдаггүй. Ажилсаг тооцоотой гадаад хүмүүстэй залхаг монгол хамтран ажиллахад гологддог тул сурах юм мундахгүй гарна. Овжин азийнхан тэднээс сураад хөгжсөн түүх бэлээхэн байж байна.  

Хэдэн жилийн өмнө Оюу толгойн хайгуул хийж байсан Фридландыг цус сорогч Боби гэж манай нэг цуут эх оронч харааж гарсан. Тэгтэл яасан? Оюу толгойн бүтээн байгуулалт эхлээд, ашигт малтмал ашигласны татвар гэж улсын төсөвт жил бүр 500-600 сая ам. доллар хураалгаад явж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалтын оргил үе болох 2012 онд уг төслийн болон түүнийг дагасан хөрөнгө оруулалт нийлээд 7,5 тэрбум ам. долларт хүрч байв. Далдыг харагч далай лам л биш бол агуу том мега төслийн ТЭЗҮ-д явцын дунд таамаглаагүй бэрхшээл учирдаг болтой. 1500 метрийн гүнд 200 км-ын хонгил ухаж, хүдэр олборлох гэж буй нь үлгэрийн том ажил. Нүүдэлчин монголын ухаанд багтамгүй нөр их ажлыг адгийн наад зах нь соёлтой малчин бол хүндэтгэж үзнэ. Гэтэл манай УИХ-ын эх оронч хэдэн гишүүн өч төчнөөн хөрөнгө оруулаад хамтарч буй гаднын түнш нараа яасан муухай сэрдэнэ вэ? Яасан муухай ханилгаагүй үг бурж Монголынхоо нэрийг баастана вэ? Та нарын худал сүржигнэж буй зэвүүн араншинг хараад УИХ-д дахин бүү ойртуулаасай гэж бодоход хүрлээ. Хэрээ мэдэж хэнхэлзээч. Та нарын хуурамч эх оронч синдромоос болоод даян дэлхий тэнэг бүдүүлэг биднээс үргэж байна.                  

Эрдэнэтийн бүтээн байгуулалт 1975 онд эхлэж, 1978 онд нэгдүгээр ээлж нь ашиглалтад орсон. Эхлээд юун татвар төлөх манатай алдагдалд орсон. Алдагдлыг нь манайх Оросоос зээлж, Эрдэнэтийн үйлдвэрт татаас хэлбэрээр өгч ажиллуулж байв. 25 жилийн дараа буюу 2003 оноос Эрдэнэт Монголд татвар төлж эхэлсэн түүхтэй. Үүнээс үзэхэд уул уурхайн мега төсөл гэдэг ямар ярвигтайг манай нийт сонгогчид тунгааж, сүүлийн үед энэ чиглэлээр “од” болж, цууд гарч буй эх оронч гишүүдээ дараагийн сонгуульд сонгох эсэхээ шийдээсэй. Моноросцветмет, Бага нуур гэх уурхайнууд 20-30 жилийн дараа л ашгаа өгч эхэлснийг эх орончид сайн мэдэж байгаа.

Эх оронч зүрх хэт их дэлсэхээр гадны хөрөнгө оруулагчдыг хөөгөөд зогсохгүй Монголынхоо томхон бүтээн байгуулалт хийх гэсэн компаниудыг татаж унагах гэж омойрох юм гээч. Энержи ресурсын голомтыг самрах гэж хэлээ билүүдээд байсан, одоо МАК-ийг стратегийн орд авчихлаа хэмээн заналхийлээд эхлэв. Япон Солонгос зэрэг орон үндэсний аварга том компаниудынхаа ачаар хөгжсөн. Төрийн өмчийн Эрдэнэс таван толгой зэрэг компаниудын хөрөнгийг сонгуульд ялсан үе үеийн улстөрчид л иддэг шүү дээ. Дэлхийн хэмжээний аварга ордынхоо нүүрсийг чулуу шороотой нь машинаар замгүй газраар зөөгөөд явцгүй гэж мөн ч их сануулсан даа. Төрд шургалсан хоёр гурван урвагч Монголынхоо нүүрсний экспортыг хэдэн жил ч болохноо гацаах гэж улайран зүтгэж байна. Тэр хоёр гурван урвагч хоншоорыг тас цохиж болдоггүй юм уу эрхэм төрийн түшээд минь. Таван толгой шиг ордыг дэлхийн дүрмээр тоглож байж эдийн засгийн эргэлтэд оруулна гэж манай гэгээрсэн ажил хэрэгч бизнесмен залуус шаардаад л байх юм. Баялаг бүтээгч залуугийн үгийг унш. “МЕРА” ХХК-ийн дарга Т.Гантөмөр “Хятадын “Шинхуа”, Японы “Сумитомо” компаниудын түншлэл бол гадаадад нүүрс борлуулах маш сайн хослол. Энэ хослолыг олсон хүмүүст бид баяр хүргэх нь зүйтэй” гэжээ. Хоосон чалчигч бус баялаг бүтээж яваа залуугийн үг.

ОХУ Монголын нүүрс ураны экспорт болон шинээр тавих төмөр замыг бид хянана гэж өдөр тутмын хэвлэл, сайтуудаараа өчүүхэн ч нэрэлхэлгүй зарлаж буйг уншаад бяцхан эх орноо өрөвдөх юм. Тэр ч байтугай Монгол улсын засгийн газар дахь “чухал хүмүүс”-тээ Таван толгой-Гашуун сухайтын төмөр замыг даруй зогсоох тушаал өгч зогсоосноо ч бардамнан мэдэгдсэн. Энд нөгөө эмзэглээд байдаг тусгаар тогтнол, бие даасан бодлого маань хаачив. Манай урвагчид Таван толгойн хөрөнгө оруулагчдад 267 км төмөр зам дээр 1300 км төмөр зам тавих болзол тулгаж буй нь тэднийг шууд хөөж буй хэрэг. Төслөө сайжруулах гэсэн бус зогсоох зорилготой нь үүгээр батлагдлаа. Хоёр тийшээ төмөр замтай болох нь зөв. Гэвч бэнчин хомс улс 267 км-ын замаа эхлэж тавчихаад, нүүрсээ галт тэргээр тээвэрлэж ашиг хуримтлуулж байх зуураа 1300 км-ыг эхлэж болно шүү дээ. Нийт 1567 км төмөр замаа заавал зэрэг эхлэж, зэрэг дуусгах гацаа бодож олсон нь юун ч дүнхүү юм. Нүүрсээ тээвэрлэх 267 км-ээ тавих мөнгөгүй байж Эрээнцав хүртэл 3,1 тэрбум ам. доллараар 1300 км төмөр зам тавиад ямар бараа хааш нь хэнд зөөх нь вэ? Ах нарт нүүрсний хэрэг огт байхгүй. Энэ бол ОХУ-ын тушаалаар нүүрснийхээ экспортыг гацааж, энэ зуур оросуудад нүүрсээ ихээр экспортлох боломж олгож буй манай урвагчдын ажил гэдэг нь танигдав. Ямар ч нийгэм эх орон ард түмнээсээ урвагчдыг хатуу шүүдэг. Тэр тусмаа шударга нийгэм. Ард түмнээ хохиролд унагаад харийн ашигт үйлчилдэг урвагчийг үзэн яддаг үзэл эх орончийнх. Урвагчид нь УИХ, Засгийн газартаа заларчихаад шийдвэр гаргадаг ардчилсан нийгэм байж таарах уу. 

Гарын бэлээ эрх баригч улстөрчдөд хусуулчихсан эмгэнэлтэй үед хувийн компани МАК стратегийн бэсрэг ордод хөрөнгөө бүрэн оруулаад, хөгжүүлээд, зохих татвараа төлөөд, дэд бүтцээ байгуулаад, олон хүн ажилтай болгоод аваад явахад эх оронч гишүүд юундаа шээс алдаад байна. Тийм заалт хуулинд байж байна. Энержи ресурсийн бүтээснийг хар. Тэднийг зээлээ төлөөд хүчээ авахад нь монгол иргэн бүр ядаж сэтгэлээрээ дэмжье л дээ. Төрийн бус хувийн менежмент гэдэг чинь баялаг юм биш үү. МАК-ийн оюуныг баялаг болгон үржүүлье  л дээ. Алийн болгон төрийн компани нэрийн дор хулгайч нарыг тэжээж байх юм бэ. Төрийн компани гэдэг шувуу бужигнаад арилдаг үхсэн малын сэг л юм. Тэгж мунгинахын оронд нэг монгол компани баяжиг л дээ. Ийм замаар л үндэсний компаниудад чөмөг сууж улс орноо өөд татна. Монгол нь монголоо өөдлөхийг үзэж чадахгүй атаархна гэдэг мөн агуу тэнэглэл ээ. 

2015-06-03