Баялаг ордуудаа, тэр ч бүү хэл, Монгол улсаа барьцаалаад, гадаадад оргох гэж буй томчуудыг баатарлагаар илчлэгч зоригт эх оронч гишүүн Г.Уянга, Л.Цог, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нараараа бахархаж сууна. Уут уутаар улсаа худалдсан дайснуудыг та нар нэр усаар нь зарлаж баярлуулав. Ард түмэн мэдээж хулгайч нарын талд бус хулгайг илрүүлэгч та нарын талд зүтгэнэ. Та нарын мэдэгдлээс та бидний ялалт ойрхон ирснийг мэдлээ. Одоо гагцхүү “уут уут” гэдгээ хэдий анзайны уутнууд вэ, хичнээн уут вэ, дотор нь хаанахын хэний хичнээн валют байв гэдгийг нийтэд дурайтал нотол. Уут уут мөнгөний оронд эх орныхоо баялгийн юу юуг тастаад өгчихсөнийг үзүүл. Ингэсэн нөхцөлд та хэд эх оронч эрхэм гишүүд гэгдэж, ирэх сонгуулийн мандат халаасанд тань бэлэн гэж итгэ. Нотлох баримт та нарт байж таарна. Түүнийгээ дэлгэ. Дэлгэхгүй бол хулгайчид хууль завшаад, та нарын эх оронч тэмцэл үнс болно шүү. Босоо Ганбаа минь 2048 он хүртэл ард түмэнд юу ч долоолгохгүй болгож, 6 тэрбум ам. долларын өрөнд унагасан гэх гал цогтой эсэргүүцлээ баримтаар нотлоод өгөөч. Нотлоод өгвөл сэлэм далайсан таны босоо хөшөөг сүндэрлүүлье. Сүрлэг хөшөө аварга хөлөөрөө улсаа худалдсан банхруудыг няц гишигсэн байдлаар дүрслэе.

                                    Шинжээч Василий Иванович   

Оросын www.asiarussia.ru цахим хуудас.                            

Монгол улс бол Путины онцгой анхааралд өртсөн орон. Хятад-Киргизийг холбох төмөр замын төслийг ОХУ нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэлтэд хориг тавих шийдвэр гаргахаар заналхийлэн байж дарж авч зогсоож чадсан билээ. Энэхүү улс төрийн дарамт шахалтыг В.Якунин боловсруулсан ба “1520-ийн цариг” нэртэй комбинац бөгөөд үүнд Монгол улсыг ч мөн оруулсан юм.

Путин улс орныхоо бүх засаглал, эрх мэдлийг гартаа атгасан цорын ганц лидер хэдий ч монголчуудтай одоохондоо ажиллаж чадахгүй л байгаа. Монгол улс нь парламентын засаглалтай улс бөгөөд үүнд л тэдний өвөрмөц агуулга оршиж буй юм. Оросууд С.Баярыг Ерөнхий сайд болоход нь тусалцгаав. Тэгтэл өнөөх нь Ерөнхий сайдын суудалд очуутаа Оюутолгойн ордыг өгөлгүй хулхидсан. Тэгэхээр нь Х.Баттулгатай ажиллаж эхэллээ. Тэгтэл өнөөх нь шуналаасаа болоод маш сайн бэлтгэсэн комбинац төлөвлөгөөг нурааж орхив.

Монгол улс дангаараа ОХУ-ын нүүрсний экспортод шууд аюул учруулна. 90-ээд оны дунд үед Орос Европын нүүрсний зах зээлээс шахагдан гарч байсныг сануулах нь зүйтэй. Тийм учраас ОХУ Ази, Номхон далайн бүс нутаг руу чиглэлээ өөрчилсөн юм. Үүнд Хятад, Солонгос, Япон, Тайвань гэх улс багтана.

Путин В.Якунин болон О.Дерипаска нарт бооцоо тавьжээ. Нэгд, төмөр замын асуудлыг шийдвэрлэх, хоёрт, нүүрсний магнат болох. Монголын талын түншээр Х.Баттулга гэгч улстөрчийг сонгон авлаа. Путины Якунинаар дамжуулсан бооцоо нь Таван толгойн нүүрсний ордыг транс-монголын төмөр замтай холбох явдал байв. Учир нь УБТЗ-ын нийт хувьцааны тал хувийг ОХУ эзэмшдгийн хувьд Таван толгойн ордыг ОХУ автоматаар хяналтандаа авах боломжийг олгож байв. Дерипаскагаар дамжуулан тоглосон тоглолт нь Таван толгойг оролцуулан Монгол дахь хамгийн их нөөцтэй нүүрсний ордуудыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн эзэмшихэд агуулагдаж байв.

Гэтэл монголчуудын тоглолт оросуудыг хожив. Тэд Таван толгойн хамгийн амтат хэсэг болох Ухаа худгийг “Энержи Ресурс” нэртэй Монголын компанид өгчихөв. Харин бусад хэсгүүдийг тасдаж гадаадын компаниудад өгөхөөр шийдвэр гаргалаа. Энэ үед оросууд яаж ч гүйж хөөцөлдөөд, яаж ч оролдоод бүх хүчин чармайлт нь бүтэлгүйтэв. Гэтэл тэд зүгээр л хэнд ч юу ч өгөхөө болчихлоо. Энэ нь ч оросуудад нааштай шийдвэр байж.

Гэтэл өнөөх “Энержи Ресурс”-ийн залуус Якунин Дерипаска нарын хамаг хөзрийн модны утга учрыг үгүй хийв. Тэд төмөр зам барих төсөл дээрээ 700 мянган ам. доллар босгоод иржээ. Гэтэл манай залуус ОХУ-ын төмөр замаас үл хараат бие даасан төмөр замыг уурхайгаас Хятадын хил рүү татахыг яахан зөвшөөрч чадахсан билээ. Энэ төсөл хэрэгжсэн бол ОХУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын төслүүдийг бүхэлд нь нураах аюул авчрах байсан юм. Тиймээс Монголын Засгийн газар дахь чухал хүмүүст энэхүү төмөр замын бүтээн байгуулалтыг яаралтай зогсоох тушаал өгсөн билээ.

Канад ч Франц ч энэ чиглэлээр (ураны) ажиллах чадваргүй. Учир нь Монгол улс бол француудын уранаа олборлодог хаа нэгтээ Африк дахь Нигер улс биш. Зарчмын хувьд ураны (Монголын) олборлолтыг ОХУ хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Үүнийг үүрд мөнх санаж явах хэрэгтэй.

                                 “Коммерсант”, “РИА новости”

Хэдэн жилийн өмнө ОХУ-ын өдөр тутмын сонин “Коммерсант”-ын тоймч Александр Габуев тухайн үед бичихдээ “Москва Улаанбаатартай хэлэлцээ явуулахдаа энэ орны хамгийн баялаг орд болох нүүрсний Таван толгой, алт зэсийн Оюу толгойн лицензийг авахаар чармайсан. Өөр нэг хүчин зүйл бол Монголын засгийн газраас төмөр замын сүлжээг өргөтгөхдөө орос стандартын 1520 мм-ийн цариг бүхий зам тавих тухай шийдвэр юм. Монгол нүүрсээ Транссибирийн төмөр замаар тээвэрлэнэ гэж Москва тооцож байгаа. Оросын албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар энэ нь Таван толгойн төлөөх тэмцлийн гол аргын нэг юм” гэж бичиж байв.

Оросын “РИА Новости” агентлаг: “ХХ зууны Монгол нь Зөвлөлтийнх байсан. Манайх Монголын үйлдвэрлэдэг зэс, молибден, нүүрс, цинк, мал, мах, арьс гээд барааных нь 90 хувийг авдаг байсан бол 2009 оноос Хятад 79, Канад 9, Орос 3 хувийг нь худалдан авдаг болжээ. Тиймээс булаалгаснаа бараг дайтаж байж эргүүлэн авахад хүрээд байна. Монголчууд Хятад Япон гээд чинээлэг хөшүүдтэй. Тэд нар дээр Америк Канад нэмэгдсэн. Тиймээс бидний итгэл найдвар нэг л зүйл дээр тогтоно. Ирээдүйд газар зүйн байрлалд өөрчлөлт орохгүй л бол Монгол Оросоос холдохгүй. Тийм болохоор цаашид ч бид энэ улстай түүхий эдийн худалдаа эрхэлнэ гэсэн үг. Харин ойрын ирээдүйд бид хятад эзэнтэй, эсвэл АНУ, Японы тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүдэд боловсруулсан Монголын ахиу өртөгтэй бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа тулах вий” гэж байлаа.

Орос ах нар бидэнд ингэж хайр зарлаж байв. Байгалийн баялгаа хагас хугас боловсруулж, нэмүү өртөг шингээж, иргэдээ ажилтай болгох манай Төрийн бодлогыг орос ахын геополитик цаанаа зөвшөөрдөггүйн нууц ийнхүү тайлагдлаа.

                                            Монгол онигоо

Төмөр замаа 6-7 жил гацаахдаа зохиосон онигоог мартаагүй байна. Бүдүүн нарийн цариг, Таван толгойгоос Тяньжин хүрэх 1000 км-ээс транссибирийн 5000 км төмөр замаар нүүрсээ тээвэрлэх илүү ашигтай, хятадууд нарийн төмөр замаар танк их буугаа ачаад ороод ирнэ, монголчууд нарийн төмөр замд ажиллах чадваргүй төрсөн хүмүүс, Хятадад их нүүрс зарвал ганц гүрний нөлөөнд унана гэх мэт онигоог олон нийт зохиогоогүй, эрх баригч хэдхэн эрхэм зохиож байв. Гялгар уутанд элс дүүргээд ёроолыг нь бүдүүн хадаасаар энд тэндгүй цоо хатгаж, гялгар уутан дахь элс доошоо нөгөө нүхнүүдээр нь асгараад дуусаж буйг харуулсан онц сонирхолтой теле кино ч олонтаа давтагдсан. Монголын баялаг ингээд дуусна гэж нийт олон итгэсэн эсэхийг мэдэхгүй. 3 сая хүн амаа төлөөлж бурах тэнэг УИХ-д байна уу гэхээс жирийн ардын дунд байдаггүй. Хүн өөрийнхөө өмнөөс ярьдаг бөгөөд өөрийнхөө өмнөөс хариуцлага хүлээдэг.

                                          Спикер З.Энхболд

Хэдхэн жилийн тэртээ УИХ-ын гишүүн З.Энхболд “Таван толгой-Гашуун сухайтад төмөр зам тавьж, галт тэргээр нүүрс тээвэрлэснээс нүүрсээ машинаар зөөвөл маш олон жолооч ажилтай болж үр ашиг нь илүү болно” гэж байсан. Энэ үг явууртай үг байжээ. З.Энхболд УИХ-ын дарга болмогц 267 км уурхайн төмөр замыг эсэргүүцэгч дуршлаараа зард гарсан А.Гансүхийг зөвлөхөөрөө татан авсан нь ийм учиртай юмсанж. Х.Чойбалсанг СССР-ийн НКВД-гийн гавъяат нууцаар болгож байсан бол А.Гансүх дружба одонгоор энгэр цоолсныг нээлттэй нийгмийн ачаар нэгэн сонин нийтэлж байв.   

                      Төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбоо

Тус холбооны ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоо “Монголын уурхайчид өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийчихлээ. Одоо тээвэрлэлт дээрээ гацаад байна. Тэд биднээс төмөр зам л нэхээд байна. Төмөр замгүйгээр уул уурхайн баялгийг тээвэрлэнэ гэж байхгүй. Хоорондоо хэрэлдэж суухын оронд бэлтгэгдсэн 15 мянган төмөр замчин, яг одоо ажиллаж байгаа төмөр замын 450 инженерийнхээ хүчийг ашиглах ёстой. Тэднийхээ хүчийг ашиглавал 267 км төмөр замыг жил хагасын дотор барчихна.

                                                  Хан Ресурс

Ах нарын зөвлөлт удирдамжаар Хан Ресурс компаний лицензийг хурааж, хэдэн жил хөрөнгөө үрсэн канадуудыг хөөсөндөө Монгол улс 104 сая ам. долларын торгуульд унав. Хоногийн 7000 шахам ам. долларын хүүтэй шүү. Эрх баригчид маань ах нарт “та нараас боллоо” гэж хэлж зүрхлэхгүйдээ өөрсдөө буруутай мэт гөлөлзөөд, зуу гаруй сая ам. доллар төлөхөөр хоосорсон сан хөмрөгийнхөө ёроолыг малтаж сууна.

                                    УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа

“Ажлын хэсэг гарсаан. Хоёр удаа хуралдсан гэсэн. Ажлын хэсэг дээр тийм сүртэй асуудал яригдаагүй гэдгийг бүлгээс томилогдсон ажлын хэсгийн гишүүд хэлж байсан. Ажлын хэсгийн ахлагчийн өгсөн ярилцлагуудыг хараад байхад Их хурлын өмнөөс маягтай тайлбар хийж байна. Энэ нь өөрөө хууль бус. Аливаа асуудлыг хэлэлцэж эхлээд ажлын хэсэг байгуулдаг бол үүн дээр хэлэлцэж эхлэхээс өмнө ажлын хэсэг байгуулсан. Үүнийг хараад байхад (Таван толгой төслийг) цоожлох гээд ингэж байна уу гэж харагдахаар байгаа юм.

                                         Монголыг залгих гэрээ

Чалкогийн гэрээг бүрэн шилжүүлж авахгүйгээр зөвхөн “Чалко”-гийн өрийг “Энержи Ресурс” төлөх үүрэг хүлээгээд, бусад үүргийг “Эрдэнэс Таван толгой”-д үлдээж буй нь байж боломгүй хэрэг.

                                       Таван толгойгоо босгоё

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл: “Төлбөрөө төлнө гэж гэрээнд тусгасан. Чалкогийн өрийг, Чингис бондын өрийг тус тус төлнө. Төмөр зам барина. Нүүрс угаах үйлдвэр байгуулна. Ханган нийлүүлэгч компаниуд, олон мянган монгол хүнийг тэжээлгэнэ гэсэн тийм л гэрээ. Харин хөрөнгө оруулагч биднээс юу хүсч байна гэвэл татварын тогтвортой орчин өгөөч, ашиглах талбай өгөөч л гэсэн юм билээ. Талбай ашиглах эрхээ авахын тулд ялангуяа Цанхийн талбайг авахын тулд түүний эзэмшигч Эрдэнэс Тавантолгой ХХК-д төлбөр төлье гэсэн байгаа юм. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойд төлбөрөө төлнө, төрд төлбөрөө төлнө, дээр нь бүтээн байгуулалтаа хийнэ, бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ ганцхан Хятад руу биш цаашид борлуулалтын компаниа ажиллуулж, Монгол улсын хэзээ ч гарч байгаагүй зах зээл рүү гаргахаар амалсан.

Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ногдол ашиг ярьдаг. Ногдол ашиг хүртэл баялгийн хуваарилалт гэж бий. Ашгийн хуваарилалт ч бий. Тэр дотор баялгийн хуваарилалт нь сонин. Дөрвөн тэрбум ам. доллар Монголд орж ирнэ. Түүнийг Монгол руу оруулж ирэх гээд байгаа нь баялгийн хуваарилалт талаасаа надад таалагдаж байгаа. Ингэж бодохоор бид ногдол ашгаас илүүтэй баялаг хуваарилалтаас хамаагүй эрт ашиг хүртээд эхэлнэ. Тиймээс гэрээг аль болох хурдан батлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг дагуулаад бизнесүүдээ өндийлгөж, монголчуудаа ажилтай болгох хэрэгтэй. Тендерт монгол компани орж буй нь бахархалтай. Гадаадын хөрөнгийн бирж дээр хүлээн зөвшөөрөгдсөн дотоодын компани байдаг юм байна. Гэрээнд орж ирж байгаа гурван компани байхад зөвхөн дотоодынхоо компниа элдвээр хэлэхээр яг тамын тогооны үлгэр нүдэнд харагдаж байна. Тавантолгойн нүүрсээр бизнес хийх ашиг сонирхол нэгдсэн Шеньхуа тээвэрлэлтээ хийх, мөн ашиг сонирхол нэгтэй Сүммитомоо далайн чанад дахь дөрвөн зах зээлд борлуулалтаа хийх гэрээ бол бидний боломжийг 20-30 жилээр нааш татна”.            

                           УИХ-ын ажлын хэсэг ЗГ-т үүрэг өгчээ

УИХ-аас Таван толгойн гэрээний төсөл дээр ажиллуулахаар байгуулсан ажлын хэсэг Засгийн газарт чиглэл өгсөн байна. Тодруулбал, Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 1300 км төмөр замын суурь бүтцийг барих асуудлыг хөрөнгө оруулагчидтай тохирох үүрэг Засгийн газарт өгчээ. 267 км төмөр зам тавиад өгье гэсэн биш 1300 км-ыг тавь гэсэн тулгалтад орсон нь амар байна уу гэсэн биш гай болжээ. Энэ бол Таван толгойг түгжих болзол. Таван толгойн хөгжих, эс хөгжихийг Монголд ганцхан хүн мэднэ. Тэр хүн нь Л.Эрдэнэчимэг гишүүн гэж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин мэдэгдсэн. Тэр бээр Л.Эрдэнэчимэг гишүүн шинээр тендер зарлах гэж буйг бас зарласан. Л.Эрдэнэчимэг гишүүний ард гишүүн Х.Баттулга, зөвлөх А.Гансүх, УИХ-ын дарга З.Энхболд нар буй агаад тэдний ард Путин, Якунин, Дерипаска байгаа гэх цуурхал тараад удлаа. Бохир мэдээлэлд иргэд төөрөөд хүн биш мал болжээ. Малыг хааш нь ч туусан дурын хэрэг байдаг. 1990 оноос өмнөх мал явсан 70 жилээ эргэн дурс*.

*Арай дэлгэрэнгүйг хэвлэлээс гарч буй “Цав цагаан” нэртэй номын “Түүхийн манан будан ба бидний төөрөгдөл” бүлгээс уншина уу.   

                                                                                                          2015-05-24