Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимидийн САЙХАНБИЛЭГ манай VIPerson зочноор уригдлаа. Юуны өмнө энэхүү уулзалт маань сарын өмнө буюу 5 дугаар сарын 1-нд болсон гэдгийг би онцолж хэлэхийг хүсч байна. Тиймээс эрхэм уншигч танаас тухайн үеийн улс төрийн цаг агаар ямархуу байсныг тооцож бидний яриаг уншаарай хэмээн чин сэтгэлээсээ гуйж байгааг хүлээн авна уу. Мөн эл уулзалт “Оюутолгой”-н хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гацааг гаргаж, галт тэргээ хөдөлгөсөн тэр үйл явдлаас өмнө хийгдсэнийг анзаарна биз ээ.

Чимидийн Сайханбилэг бол өнгөрсөн 25 жилийн турш бидэнтэй нүүр нүүрээ харалцаж явсан хуучин хүн. Энэ утгаараа олон түмэн түүнд хайраа ч үзүүлж,  халаараа ч ороолгож ирсэн гэсэн үг. Тийм ч болохоор тэр гомддоггүй, гонгинодоггүй, даадаг давдаг биз. Ингээд эрхэм Ерөнхий сайдын сонин хэвлэлд өгч буй анхны ярилцлагыг )Ерөнхий сайд болсноос хойших)та бүхэнд толилуулж байна. Хүлээн авна уу. 



-Юуны өмнө ноён, Ерөнхий сайд танд манай “Open door” сонины урилгыг хүлээж авсанд баярлалаа. Мэдээж танд тавих олон асуулт байна. Уг нь надад Тавантолгой төслөөс зайлсхийх бодол  их байна. Гэвч яг өнөөдрийн халуун сэдэв энэ учраас өөр арга алга. Цахим ертөнцийн хэдэн залуусыг лав талцуулчихлаа. Хүн болгон л энэ төслөөр өвчилсөн харагдана.

-Би ч гэсэн тантай ярилцах боломж гарч ирсэнд баярлаж байна. Гэхдээ аливаа кино гэхэд эхлэл, тэгээд дараа нь өрнөл, төгсгөл гээд тодорхой дамжлагуудыг дамжаад явдаг бол та эхний асуултаа л шууд өрнөлөөр эхлүүлж байгаа юм байна. Таныг надад ярилцлага авах хүсэлт тавихаар нээрээ би Б.Ганчимэг сэтгүүлчид хэзээ, ямар үеүдэд ярилцлага өгч байлаа гээд бодож үзсэн. Энэ ярилцлага бол миний бодож байгаагаар албан ёсны гурав дахь ярилцлага маань болж байх шиг байна. Мэдээллийн технологийн газрын дарга байхдаа нэг өгч байсан. АН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа нэг өгч байсан. Өнөөдөр Ерөнхий сайдын хувьд өгч байна. Тантай хийж байсан ярилцлагуудаа бодохоор дандаа л асуудал, ажил ярьж байсан байх юм. Бусад хүмүүс чинь өөрийгөө нээгээд, сэтгэл зүйн хувьд нэг тийм гоё болдог доо. Тийм ярилцлагыг хийж байгаагүй юм байна л даа.

-Асуудлын дунд зогсож байгаа Ч.Сайханбилэгтэй л ярилцаж байж л дээ.

-Тийм байх. Тэрнээс болоод сонирхолтой, сонирхолгүй ямар болдгийг нь мэдэхгүй юм.  Дандаа л ажил ярьсан байна билээ. Өнөөдөр бас л олон жилийн дараа ярьж байгаа атлаа “Тавантолгой” гэдэг сэдвээс л эхэлж байна. Та бид хоёр хоёулаа энэ хайрцгаасаа гарч чадахгүй нь бололтой. “Тавантолгой” сэдвээс болж нийгэм талцчихсан байна гэж та ярилцлага эхлэхээс өмнө хэлж байна. Би яг ийм юм болж магадгүй гэж бодоод Засгийн газар хийх ёстой юмаа хийгээд л явчихъя гэсэн байр суурьтай байсан. Ингэж шийдээд л явсан юм. Тавантолгойн асуудлыг хаанаас нь эхэлж ярих уу. Эхлээд юунаас болж бид ийм байдалд орж байна гэдгээ эргэж нэг харах хэрэгтэй байна. Засаглалыг шүүх засаглал, хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал гээд хуваадаг шүү дээ. Энэ гурван засаглал чинь бие биенийхээ дээр нь гарч, бас дор нь орж байх ёсгүй юм. Засаглалууд хоорондоо харилцан уялдаатай, тэнцүү байх тухай асуудал юм. Одоо жишээ нь, шүүх дээр гарах гэж байгаа тогтоолыг Их хурал татаж авчраад, ямар тогтоол гарах гэж байна, үүнийгээ тайлбарла гэх ёсгүй шүү дээ. Гэхдээ гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал хоёрын хооронд нэг онцлог байдаг. Сонгодог тогтолцоотой газар Засгийн газар Парламентынхаа өмнө ажлаа хариуцдаг. Парламент нь бас хариуцлага тооцдог. Хэрвээ хууль тогтоох засаглал дээр юм явахгүй бол итгэл хүлээлгэхээс гадна Парламентаа тараах эрхийг хийж өгсөн байдаг. Нөгөө гурван засаглалынхаа харилцан шүтэлцээг олох гээд. Харин манайд нэг урсгалыг нь дутуу хийсэн. Тэгэхээр бид нэгдүгээрт, Үндсэн хуулийнхаа өөрчлөлт юмнуудыг хийхгүй бол болохгүй нь ээ. Та уучлаарай, “Тавантолгой” ярих гэж байгаад их холоос эхэлж байх шиг байна. Хоёрдугаарт, “Тавантолгой”-г яагаад Засгийн газар өөрсдөө шийдээд явъя гэсэн юм бэ гэдгээ тайлбарлахыг хүсч байна. Одоо өнөөдөр УИХ-ын гишүүн болгонтой уулзахаар бараг хүн болгон л  “Тавантолгой” төсөл явах ёстой, хөдөлгөх ёстой гэж байгаа. Үнэхээр хөдлөх, хөдөлгөх ёстой гэдгийг хүн болгон ойлгоод байнаа даа. Яаж явах ёстой вэ гэдэг дээр л хүмүүсийн санаа талын нэг тарж байна л даа. Одоо тэгээд “Эрдэнэс Таван толгой” 51 хувийг аваад явах ёстой гэдэг ийм санаа гарч ирж байх шиг байна. Хувийн компаниуд бол болохгүй ээ гээд. “Эрдэнэс ТТ” компани нь “Тавантолгой”-н 51 хувийг аваад явъя гэдэг энэ хувилбарыг бид нар өнгөрсөн буюу 2014 оны тавдугаар сар хүртэл хийх гээд амжилт олж чадаагүй хувилбар байхгүй юу. Яагаад амжилт олоогүй хувилбарыг одоо дахиад явуулах гэж оролдож байна гэдгийн цаанаас би хувьдаа  “Тавантолгойн төсөл нурах ёстой” л гэсэн бодлого байгаа юм болов уу л гэж харж байгаа. Аль алинд нь ямар ашигтай байгаа юм бэ гээд бодъё л доо. “Эрдэнэс ТТ” 51 хувийг нь аваад ороод ирэхээр бид нар дээр гурван үндсэн асуудал үүснэ.

-Ямар?

-Ноднин жилийн тавдугаар сард үүнд бид нар хариулж чадаагүй учраас зогсчихсон байхгүй юу. Нэгдүгээрт эрэмбэлэх хамгийн том үндэслэл нь бид нар “Оюутолгой” төсөл дээр 34 хувиа аваад нэлээн том алдаа хийжээ гэдэг дүгнэлтийг одоо хүн болгон хийдэг биз дээ. Яагаад гэвэл 34 хувь дээр бид дандаа зээл авч байна. Бид өөрсдөө хөрөнгөө босгож чадахгүй байна. Нэмэлт хөрөнгө оруулалт хийх тусам монголчуудын зээл, хугацаа юм юм маань л улам  сунаж байна гэдэг ийм шүүмжлэл бол байнга өрнөж байдаг шүү дээ. Тэгэхээр хүн нэг хийчихсэн алдаагаа давтвал тэр хүнийг тэнэг л гэнэ биз дээ. Алдаагаа бүр давуулж давтвал хэн болох вэ. “Оюутолгой” дээр 34 хувийг заавал ав гэж Их хуралдаа шахагдаж байгаад хийчихсэн энэ гэрээнийхээ алдааг ахиад бид нар “Тавантолгой” дээрээ 51 хувь болгож хийх гэж байна шүү дээ. Хоёрдугаарт, зүгээр энгийн жишээ авч тайлбарлахад одоо бид “Чалко”-гийн 145 сая долларыг төлөхийн тулд бид нар ахиад 100 илүү сая долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэр мөнгөний 51 хувийг одоо жишээ нь, хаанаас гаргах вэ. Төмөр зам барихад бид нарт тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэрний 51 хувийн хөрөнгө оруулалтыг бид хаанаас гаргах вэ. Дахиад л зээл авах болноо доо. Тэгээд том угаах үйлдвэр барина, цахилгаан станц барина. Гарч байгаа өдөр тутмын бүх зардлууд дээр Монгол дандаа 51 хувийг нь гаргана. Нөгөө өрийн хязгаар маань хаачих вэ гэдэг асуулт ургаж гарна биз дээ. Гуравдугаарт, бид зээлийн барьцаа болгож лицензээ тавих асуудал үүснэ. Иймээс л ноднин зогссон хэрэг.

-Үндсэн хуульд заагдсан статусаас болоод улс төрийн хямрал үүссээр л ирсэн. Бидний олон жилийн зовлон энэ дээр явсан. Гэвч сонгуулийн үр дүнгээс болоод энэ өөрчлөлтөө хийж чадахгүй явж ирлээ. Бүр цаашаа Монголын Төр том мөнгө ярина. Том мөрөөдлүүдийн төлөө зүтгэнэ. Бас дандаа ийм байхгүй шүү дээ. Бид нэг төсөл л ярьж байна. Ахиад олон төсөл байна. Өөр ч Монголын Төрийн өмнө чухлаар тавигдах олон асуудлууд гарч ирнэ. Тэд маань Парламент дээрээ хэлэлцэгдэхгүй, ард түмний төлөөллүүдийн шүүлтүүрээр орохгүй, гадуур нь гүйгээд гарчихдаг байх юм уу. Ажиглагчдын зарим нь ийм болгоомжлол тээж байгааг нуух аргагүй юм.

-УИХ бол Төрийн эрх барих дээд байгууллага гэсэн төөрөгдөл яваад байх юм. Эхлээд бид үүнээс салах хэрэгтэй. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага шүү дээ. Нөгөө гурван засаглалын маань нэг. Тэгэхээр УИХ-ын үндсэн үүрэг маань өөрөө хууль гаргах. Хуулиар бодлогоо тодорхойлох ийм үйл ажиллагаа явуулдаг. Бид өнөөдөр Төрийн эрх барих дээд байгууллага учраас бүх асуудал тийшээ явж шийдэгдэж байх ёстой гэж туйлширцгааж байна. Одоо бид УИХ дээр “Тавантолгойн” төслийг ярих юм бол дараа нь “Эгийн голын усан цахилгаан станц”-ын гэрээг ярьдаг болно. ТЭЦ 5-ын гэрээг ярьдаг болно. Төмөр замын гэрээгээ оруулж ярьдаг болно. Энэ өөрөө хууль тогтоох байгууллагын үндсэн үүрэг биш байхгүй юу. Тийм учраас энэ улс орны өмнө байгаа ажлуудыг хийж гүйцэтгэдэг байгууллага нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар нь юм аа. Засгийн газар нь юмаа хийг. Засгийн газар нь юмаа хийхгүй, хийж чадахгүй байвал хариуцлагаа хүлээгээд явдаг шүү дээ. Бүх жишиг тийм. Одоо тэгээд яах вэ. Засгийн газар нь юмаа хийе гэхээр УИХ нь татаж авчихаад, тэгээд үр дүнд нь энэ “Тавантолгойн” төсөл нурвал яах юм. Их хуралд хэн хариуцлага тооцох юм. Хэн хүлээх юм. Хэн ч хүлээхгүй. Бид алдагдсан боломжийн хариуцлагыг хэнээс ч нэхэж сураагүй ард түмэн. Тийм болохоор юм нураадаг хүмүүс л моодонд орсон цаг үе болж.

-Нөгөө талаас нь харъя. Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Гурван гишүүний хоёр нь нэгдмэл байр суурьтай байхад энэ төсөл чинь яагаад УИХ-аар орох болоод явчихаж байгаа юм. Хүчинд автагдаж байна гэж харах юм уу?

-ҮАБЗ чинь зөвлөмжийн шийдвэрүүд гаргадаг. ҮАБЗ-ийн зөвлөмжийг хүлээж аваад хууль тогтоох, гүйцэтгэх засаглалууд үйл ажиллагаандаа тэр зөвлөмжийг анхаарна гэсэн үг. ҮАБЗ дээр зөвлөмж хэзээ гардаг вэ гэхээр гурван хүн гурвуулаа санал нэгдсэн тохиолдолд тэр шийдвэр нь зөвлөмж болж гардаг. ҮАБЗ-ийн хамгийн сүүлийн зөвлөмж “Тавантолгойн” төсөл дээр одоо болтол байгаа. Засгийн газар хуульд нийцүүлээд юмаа хийгээд яв гэсэн зөвлөмж.

-Би олон нийтийн сонирхож байгаа, бас гайхаж байгаа зүйлийг л асуух гэж хичээнэ. Нэг бүрчлэн хөөж ярина гэвэл бидний цаг хүрэхгүй. Гэрээг тойрч хүн болгон ярьж байгаа ч тантай нүүр тулж байгаа болохоор зарим асуудлыг асуугаад явчихмаар байна.

-Тэгэлгүй яахав.

-Үндсэндээ бид гурван гэрээ зурахаар төлөвлөсөн. Хамтран ажиллах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ, Төмөр замын концессын гэрээ. Энэ гурван гэрээ parlament.mn дээр тавигдсан. Эндээс гарын үсэг зурах ёстой талуудыг харахад “Сумитомо” байхгүй байна.  Яг “Тавантолгойн” орд дээр бол “Сумитомо” хөрөнгө оруулагч биш юм байна. Зөвхөн худалдаан дээр л орж байгаа юм байна гэж ойлгогдож байна. Тэгэхээр бидний нөгөө их ач холбогдол өгдөг гуравдагч хөршийн оролцоог хангаж чадаж байна уу. Үүнийг та тайлбарлахгүй юу?

-Ойлголтуудаа бүгдээрээ нэгтгэх хэрэгтэй байна. “Тавантолгойн” хэлэлцээрт оролцсон хамгийн сүүлийн зургаан субьект байна шүү дээ. Тэрэн дотор “Энержи ресурс” ч гэж байхгүй. “Сумитомо” ч гэж байхгүй. Өөр зургаан субьект байгаа. Энэ зургаагийн нэг нь “Шенхуа”. Энэ төслийг гацаанаас гаргах гэж хийсэн хоёр дахь оролдлого маань 2014 оны хавар амжилтгүй болоод зогссон гэж би танд ярьсан. Гурав дахь оролдлого дээрээ бид нар үлдсэн зургаан нөхөрт та бүхэн ажил хийх чадвартай, хөрөнгө оруулах чадвартай, консерциум болох чадвартай хүмүүсийг аваад ороод ирж болно гэж, тэр дунд нь нэг монгол нөхрийг заавал 51 хувьд нь оруулж ирэх ёстой шүү гэдэг даалгаврыг бид өгсөн. Бид чинь бас үндэсний компаниудаа дэмжих ёстой шүү дээ. Тэгээд “Шенхуа” орж ирэхдээ “Энержи ресурс”-ыг дагуулаад ороод ирсэн. “Шенхуа” орж ирэхдээ “Сумитомо”-г аваад орж байгаа юм. “Шенхуа” орж ирэхдээ хөрөнгө оруулалтынхаа 51 хувийг “Энержи ресурс”-ээр хийлгэнээ гээд ороод ирж байна шүү дээ. “Шенхуа” орж ирэхдээ худалдааныхаа тодорхой хувь дээр нь “Сумитомо” орж ирнээ гээд дагуулаад орж ирж байгаа байхгүй юу. Эд нарыг бид нар захиалга өгч оруулж ирээд байгаа юм биш. “Шенхуа” орж ирэхдээ өөрөө консерциумаа  ийм нөхцөлөөр оруулж ирж байгаа л  асуудал. Одоо “Сумитомо”- гийн нэр байхгүй байна гээд ярьж байна. Зөвхөн хөрөнгө оруулалтын том гэрээ нь л УИХ дээр орж байгаа нь энэ шүү дээ. Цаана нь төмөр зам, ус, цахилгаан, эсвэл худалдааны гээд бүх гэрээнүүд нь явж байгаа. Тэрний нэг гэрээг нь л “Сумитомо”-той байгуулаад явж байгаа. Энд нуугаад юм уу, далдуур юм хийгээд байгаа ямар ч асуудал байхгүй.

-“Энержи ресурс” анхнаасаа ил орж ирэхгүй яасан юм бэ. Яагаад ингэж бүх юман дээр Монголын олон нийтийг үл тоосон, “бид л чадна, та нар өгөх ёстой” гэсэн дарангуй үнэр тээж байдаг юм бэ. Бид “Шенхуа”-тай ярьж чадах юм чинь, тэдэнтэй цуг орж ирэх юм чинь гэсэн түрэмгий авир байна гэж энгийн олон нийт дургүйцээд байгаа юм биш үү. Энгийн ухамсрын төвшинд ийм эсэргүүцэл их л явдаг юм билээ. Төр бол тэднийг хангалттай л дэмжсэн гэж бас манай хувийн хэвшлийнхэн хэлдэг.

-Бид 25 жил тээж ирсэн, тэрнээсээ болж өөрсдийн ажлаа нурааж ирсэн нэг буруу хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Бид хувийн аль нэг компаниа дайсан юм уу, өрсөлдөгч болгож хараад, тэрэндээ хэсэг бүлэг улстөрчдийг наагаад, тэрнийхээ эсрэг бүгд тэмцдэг. Хөгжсөн орнуудын бүх жишиг, туршлага нь яг үүний эсрэг байдаг. Үндэснийхээ компанийг дэмжээд, аль болох хурдан томруулаад, тэгээд ард нь зөвхөн нэг компани биш хоёр дахийг нь, гурав дахийг нь, 10 дахийг нь төрүүлж явдаг. Тэгээд тэр арван үндэсний том компани нь ардаа мянган дунд зэргийн компани, мянган дунд зэргийн компани нь зуун мянган жижиг компаниа чирч явдаг. Ийм л хөгжлийн зохиолтой шүү дээ. Бусад бүх орнуудын явсан хөгжлийн туршлага нь энэ. Бид болохоор Төр нь нийлээд, улстөрчид нь нийлээд, бизнесийн нөгөө бүлэглэлүүд нь нийлж байгаад нэг рүүгээ дайрдаг. Энэ сэтгэлгээгээ өөрчилж чадахгүй бол бид хэзээ ч тамын тогооноосоо гарч чадахгүй.

-"Энэ Засгийн газар чинь MCS-ийн Засгийн газар юм уу" гэж асуугаарай гэж миний твиттерийн уншигч захьсан. Асуучихъя ?

-Тийм юм байхгүй. Тэгж харж болохгүй гэж хариулах байх гэж магадгүй та тооцож байж болох юм. Уучлаарай, би эсрэгээр нь хариулна. Тийм, энэ Засгийн газар бол “MCS”-ийн Засгийн газар. Энэ Засгийн газар бол “Женко”-гийн Засгийн газар. Энэ Засгийн газар бол “МАК”-ийн Засгийн газар байхгүй юу.

-Сайхан хариулт байна.

-Ганчимэг сэтгүүлч ээ, яагаад бусад улс орнууд bail out жишээлбэл хийдэг юм бэ. Том компаниа дампууруулахгүй гэж. Том компани дампуурахад ард нь арван мянган хүн, тавин мянган хүний аж амьдрал дампуурдаг л байхгүй юу. Тэр хэмжээгээр эдийн засаг нь доргиж байдаг. Тийм учраас өнөөдөр Монголын Засгийн газар яаж харах ёстой вэ. “MCS” нурж унавал Эрдэнэт нурж унаж байгаатай адилхан. Энд өмчийн ялгаа байх ёсгүй байхгүй юу. Яагаад гэвэл аль аль нь л Монголын тавь тавин мянган хүнийг тэжээж байна. “МАК” нурж унах юм бол “Оюутолгой” нурж унаж байгаатай ялгаагүй. Ард нь хэдэн мянган монгол өрх сүйрэх байхгүй юу. Тийм учраас Засгийн газрууд тийм компаниудаа аврахын тулд bail out хийдэг юм. Тэр компаниа аврахын тулд мөнгө өгдөг юм. Эсвэл тэр компаниуддаа том төслүүдээ хариуцуулж өгдөг. “MCS” нь нүүрсээ, Женко нь “Майдар хот”-оо, “МАК” нь зэсийн төслөө аваад ч гэдэг юм уу, эсвэл “Петровис” нь нефтийн салбараа хариуцаад, ингэж байж Монголын хөгжлийн зөв схем бий болох байхгүй юу даа. Солонгосыг хар л даа. Бүгд салбар салбараа л аваад явсан шүү дээ. Тэдний үзэл санаанд хэзээ ч Төр нь хэсэг улстөрчидтэйгөө нийлж байгаад нөгөө компаниа цохиж унагадаггүй байхгүй юу. Одоо энэ дээр л бид бодлогын маш том өөрчлөлтөө хийхгүй бол явахгүй нь ээ. Манайд үндэсний том компаниуд маань хөл дээрээ зогсож авахгүй бол хөгжихгүй. Ийм байдалтай явсаар байх юм бол Монголын төр, засаг дандаа “Рио тинто”, “Шенхуа” эсвэл хэн нэгэнтэй нь аж ахуйн хэрүүл хийсээр суух болно.

-Таны өгч байгаа мессеж таалагдаж байна. Гэхдээ та намайг хардагч гэж битгий хараарай. Би жишээ нь, хардах эрх гэдэг үгэнд асар дургүй болоод байгаа. Энэ ойлголт манай нийгмийг ер нь бол баллаж байна. Манай ажиглагчдын зарим нь “Энэ З.Энхболд өөрт нь хувь өгөөгүй учраас ингэж байна. Энэ Женко өөрийг нь энэ төсөлд хавчуулаагүй учраас ингэж байна” гээд л хараагаад байх юм. Үнэхээр ийм барьцаалсан хандлага, барьцаалсан бодлого байна уу?

-Ахиад л нөгөө бидний аливаад хандах хандлагад гарах ёстой өөрчлөлт рүү орж бид хоёр ярих хэрэгтэй болно. Ийм энгийн ойлголтоор, ийм энгийн хардлага, сэрдлэгээр бид нэг нэгнээ авлаж болохгүй ээ. Энэ төсөл дээр бол манай үндэсний компаниудаас алийг нь сонгохыг бид санал болгоогүй. Сонгох эрх нь “Шенхуа”-д байсан. “Шенхуа” орж ирэхдээ л манай Х.Баттулгыг биш Ж.Оджаргалыг сонгоод л аваад ороод ирлээ шүү дээ. Бид нар Ж.Оджаргалыг сонгоод байгаа асуудал биш. Энд нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Энэ бол З.Энхболд, Ч.Сайханбилэг гэдэг хоёр хүний санал зөрөлдөөн биш байхгүй юу. Бидэнд “Тавантолгой” төсөл дээр сүүлийн 25 жил тогтчихсон буруу, сөрөг ойлголтуудаа цэгцэлж авах шаардлага үнэхээр гараад байгаа юм. Өнгөрсөн 25 жилийнхээ түүхийг хар даа. Бид “Эгийн голын усан цахилгаан станц” гэж ярьж байсан. Бид яг том төслөө явахын өмнө нураасан. Төмөр зам гэж том төсөл ярьж байсан. Ахиад л эх орны эрх ашиг, үндэсний аюулгүй байдал гээд л гоё юм яриад долоон жил нураалаа шүү дээ. Өнөөдөр “Тавантолгой”-г яг энэ сценари луугаа аваачиж чихэж байгаа байхгүй юу. Энэ бүхний ард хэн хожоод байна вэ. Би ахиад нэг амьдралын энгийн логик хэлье.

Аливаа энэ том төсөл, шийдвэр гэдэг чинь дандаа хоёр талын хүсэл зориг мөргөлдөж байж, тохирч байж явдаг. Хэрвээ нэг талын “Хүслийн жагсаалт” явдаг бол өнөөдөр энэ төсөл дээр ярьж байгаа улстөрчид шиг би ч бас л нэг юм яриад л давуулж гуядаад л явж болно. 100 хувь ард түмний мэдэлд байх ёстой гэдэг ч юм уу, 100 хувь Төрийнх байх ёстой гээд л. Амьдрал дээр гэхдээ  боломжгүй зүйл байхгүй юу. Тэгэхээр заавал нөгөө талын эрх ашиг дээр очиж зохицохоос өөр аргагүй болдог. Хоорондоо хэлэлцэж байж дундын хувилбар дээрээ очдог. Манай нийгэмд бусад хүмүүст ямар боломж өгдөг вэ гэхээр дандаа нөгөө хүслийн жагсаалтаа ярьж улс төр хийх боломжийг өгдөг. Одоо жишээ нь, “Эрдэнэс ТТ”-г 51 хувиа оруул гэхэд 100 хувь байх боломжтой гэдэг тэр улс төр хийх хувилбар үлдэнэ. “Энержи ресурс” гээд хувийн компани ороод ирэхэд “Эрдэнэс ТТ” 51 хувь орох ёстой байсан гэдэг ийм улс төр хийх, ийм мөрөөдлийн жагсаалт ярих орон зай гарч ирж байгаа байхгүй юу. Тэрэн дээр дандаа манайхан улс төрөө хийдэг учраас, тэр орон зай нь хүмүүст дандаа таалагддаг учраас бид энэ ажлуудаа нураагаад байна шүү дээ. Одоо бид нар энэ алдаагаа хүлээн зөвшөөрч, татгалзах ёстой байхгүй юу. Ер нь алдаа хийгээгүй улс орон байхгүй шүү дээ. Бүгд алддаг. Бүгд том төсөл дээрээ алдана. Улс төр дээрээ алдана. Геополитек дээрээ алдана. Гэхдээ Монголчуудаас өөр энэ улсуудын ялгаа нь алдаа хийсэн ч юмнуудаа шийдээд яваад байгаа байхгүй юу. Ар араас нь шинэ төслүүд гарч ирээд байна. Бид нар болохоор алдах гэж байна, улс орныхоо тийм ч тусгаар тогтнолыг сүйтгэх гэж байна, эх орон эх орон гэж ярьсаар байгаад нэг ч юмаа явуулахгүй байна шүү дээ. 25 жил өөрсдийгөө дэгээдэж унагасаар ирлээ. Нөгөө Монголчуудын айл саахалтынхнаасаа амьдрал нь шалтгаалахгүй өөрөө өөрийгөө аваад явчихаж болдог байсан үеийнх нь үзэл л шингээстэй байдгаас болдог юм болов уу. Гэтэл тэр үе чинь алга болсон. Өнөөдөр бид XXI зуунд амьдарч байна шүү дээ. Бүх юм глобалчлагдсан. Бидний энэ хоцрогдсон, байж боломгүй соёл өөрсөд дээр маань сөрөг оноо болоод яваад байна шүү дээ. Бид бүх хүчээ, хайран энерги, мөнгө хөрөнгөө бие биенээ нураах, үгүйсгэх юманд л зориулж байна. Өөрсдийгөө босгох юманд тэр хүчээ ерөөсөө гаргадаггүй. Одоо бид цөмөөрөө нийлж байгаад л хаана, хэн шоволзох гэж байна тэрийгээ хамтарч нүддэг тийм л ажил хийж байна шүү дээ.

-2010 онд ҮАБЗ-өөс  Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замыг төрийн өмчит, эсвэл төрийн өмч давамгайлсан компанид шууд гэрээгээр олгох зөвлөмж  гаргасан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарын үсэг зурсан. Энэ баримт бичиг одоо хүчинтэй байна. Түүний дагуу Монголын төмөр зам компани барьж байгуулж байна. Ажил нь явж байна. Гэтэл танай Засгийн газар уг зөвлөмжийг зөрчиж энэ төмөр замыг гадаадын хөрөнгө оруулалттай компанид өгөхөөр гэрээ бэлтгэж байна. Та ҮАБЗ-ийн зөвлөмжийг зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээнэ гэдгээ тооцож байгаа биз дээ?

-ҮАБЗ-ийн зөвлөмж ч тэр, Монгол Улсын хууль ч тэр, төмөр зам дээр төрөөс баримтлах бодлого ч тэр одоо өнөөдрийн явж байгаа хувилбарыг зөвшөөрчихсөн байдаг юм. Төмөр замын суурь сүлжээг хувийн хэвшил болон бусад хөрөнгө оруулалтаар хийж болно. Тодорхой хугацааны дараа төрд шилжсэн байх ёстой. Энэ заалтаараа л явж байгаа. Тийм учраас хуулийн хувьд зөрчил байхгүй. Асуудал одоо төр хийх үү, хувийн хэвшил хийх үү гэдэг дээр л байгаа шүү дээ. Бид нар урьд нь нэг удаа төмөр зам дээрээ төр эргүүлж өмчөө хурааж авсан. Тэрнээс хойш 2.5 жилийн хугацаа өнгөрлөө. Бид нар одоо юутай сууж байна. Чингис бондынхоо мөнгийг хийлээ. Төмөр замын далангийнхаа ажлын 70 хувийг хийчихсэн гэж ярьж байгаа. 70 хувь гэхээр их гоё өндөр тоо сонсогдоод байгаа юм л даа. Далангийн ажлын 70 хувь гэдэг маань нийт нөгөө босгох жинхэнэ төмөр замынхаа ажлынхаа 30 хувьд нь хүрэхгүй ажил байхгүй юу. Одоо далангийн замыг дахиад 30 км гүйцээж барих ёстой. Дээр нь нөгөө төмөр замаа тавих ёстой. Дохиолол холбоо, хөдлөх бүрэлдэхүүн гээд бусад бүх юмаа хийх ёстой шүү дээ. Одоо ахиад хувийн хэвшлийн болон бусад хөрөнгө оруулагчдыг оруулахгүй гэх юм бол Төр энэ төмөр замыг барьж дуусгана гэдэгт би хувьдаа итгэл муутай л байна. Бид нар асуудалд их прагматик хандах ёстой шүү дээ. Хувийнхан хөрөнгө оруулалтаа хийгээд бариад өгье гэж байхад Төр зөрүүлээд үгүй бид заавал зээл тавьж хийнэ гэх ямар шаардлага байна вэ. Төр ахиад хэдэн жил мөнгө хайж, хаашаа явж, хаанаас хөрөнгө босгож ирж энэ төмөр замыг барих вэ. Хэрвээ хувийнхнаар бариулахгүй гэх юм бол Төрийг ёстой хугацаагүй цэргийн албанд мордуулж байна л гэсэн үг байхгүй юу. Би үүнд санаа зовж байна. Одоо “Тавантолгой” ерөнхийдөө нурах нь. Яагаад гэвэл “Шенхуа” нь ч ийм нөхцөлд орохгүй гэж байна. Бид ямар юман дээр сууж байна вэ. Төслөө нураачихлаа. Төмөр зам тэг километртэй л сууж байна. Хэрвээ Засгийн газрын хувилбараар явсан бол төмөр зам жил хагасын дотор баригдаж дуусах байсан. “Тавантолгой” төсөл нурахад одоо явж байгаа нүүрсний маань хэмжээ ч байхгүй болно. Манай нүүрсний экспорт үндсэндээ тун хүнд байдалд орно. Гэтэл бид 30 сая тонн нүүрс угаагаад гаргачих хувилбар хийсэн шүү дээ. Одоо Хятадад очиж угаалгаж, бүх нэмүү өртөг тэнд үлдэнэ. Монголд угаах үйлдвэрүүд барих энэ төсөл байхгүй болж байгаа учраас. Хэрвээ нүүрсний экспорт явлаа гэхэд “Тавантолгойн” бүх чанартай нүүрс урагшаа сорчилж гарна. Манайд дандаа эрчим хүчний нүүрс, хог хаягдлууд нь үлдэнэ. Энэ төсөл явсан бол “Тавантолгойн” нүүрс сайнтай муутайгаа угаагдаад урагшаа гарах ёстой байсан. Ийм юмнууд дээрээ бид яагаад шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа юм бэ. Яагаад ингэж улс төржөөд байгаа юм бэ гэдэг асуултуудад хариулт олох хэрэгтэй болж байна.

-Тийм ээ, зорилго маань ийм том. Үүнийг бүгд ойлгож байгаа. Үүнээс болоод одоо л түргэлэх хэрэгтэй, хэрэв одоо л биш бол нүүрс маань үнс болно гэсэн нэг тийм уулгалуулсан суртал дагаж байна. Бид зургаан жил хэрэлдэж болсон юм хэд хоног хэлэлцэхэд юу нь буруу байна. Тийм учраас жишээ нь би гэхэд УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Энэ давчдуулсан, шахамдуулсан суртал чинь жаахан хямдхан пиар юм биш үү. Иргэдэд улам хар төрүүлээд байна шүү дээ. Түүнээс биш “Тавантолгой”-н төслийг нураах хүсэл бидний хэнд ч, хаана ч байхгүй л гэж бодож байна?

-Та “Тавантолгой” төслийн тухай асуудал хэзээ эхэлснийг мэдэх үү?

-Мэднэ.

-Энэ бол надаас ах настай, өнгөрсөн зууны 50-иад оноос эхэлсэн хөгшин сэдэв байхгүй юу. Румынуудтай хийх гээд бүтээгүй, Югославуудтай хийх гээд бүтээгүй. Японуудтай яриад болоогүй. Энэ нь бол социализмын үеийн түүх нь. Дараагийн нэн шинэ үеийнхийг нь та бүр сайн мэдэж байгаа. XXI зуун эхлээд бүхэл бүтэн 15 жил өнгөрлөө. Дахиад л хөдлөөгүй байж  байна. Үгүй, тэгээд тайван хийе гээд цаашаа хэдэн жил хүлээх юм бэ.

-Ер нь хувийн хэвшилд байсан, тэд лицензийн төлбөрийг нь төлөөд  хадгалаад явж ирсэн орд. Бас нэг Засгийн газар гарч ирээд л хурааж авсан. Дээрэмдэж авсныхаа төлөөсөнд өгөхөө өгсөн гэх яриа бол дараагийн асуудал. Ер нь хувийн хэвшилдээ байж байсан бол яах байсан бол?

-Өнөөдөр Төрд байгаа учраас л 2015 он гараад явж байхад л бид эргэлтэд оруулж чадахгүй явж байна шүү дээ. Хувийнхандаа байсан бол аль хэдийнэ дэлхийн хэмжээний нэлээн том уурхай болчихсон, татвараа төлөөд л явж байх байсан байх.

-Лицензийн төлбөрийг нь төлөөд, гаднынханд өгчихөлгүй хав дараад гарч чадсан тэр хувийн хэвшлийнхэнд Монголын Төр ямар хүндэтгэл, ямар хариу сэтгэл ер нь үзүүлсэн юм бэ?

-Бид нар хувийн хэвшлийнхэндээ хэзээ ч хүндэтгэл үзүүлж чаддаггүй. Харин бүр өнөөдрийн энэ шинэ цаг үедээ ч хувийн хэвшлийнхээ эсрэг тэмцэж явж байна шүү дээ. Энэ тогтолцоогоо бид өөрчлөх ёстой. Бид нарын ийм буруу сэтгэлгээ өөрчлөгдөөгүй байхад та ямар гоё гэгээлэг юм ярьж байна вэ. Буцааж үндэсний татвар төлөгчдөдөө Монголын Төр ямар хүндэтгэл үзүүлсэн бэ гэж. Өнөөдөр яагаад бизнесменүүд улс төрд ороод байгаа юм. Яагаад гэвэл Монголын Төр бизнесүүдээ дэмждэггүй, хувийн компаниудаа дэмждэггүй учраас хувийн хэвшлийнхээ зүг үлээлгэдэг тэр хүйтэн салхийг сөрөхийн тулд, тэр элдвээр учруулдаг  дарамтыг нь багасгахын тулд эд нар чинь улс төрд орж өөрийнхөө хамгаалалтыг хийгээд байна шүү дээ. Монголын Төр хувийн хэвшлээ дэмждэг бол эд бизнесээ, өөрсдийн ажлаа хийгээд л явна ш дээ.

-Үнэн л дээ. Тэдний хэн ч энэ байшин руу ирэхгүй байсан байх.

-Хэн нь ч ирэхгүй. Би одоо Гадаад хэргийн сайддаа хэлж байгаа. Та гадаадын улс орнуудад сууж байгаа Монголын Элчин сайдуудын ажлыг төрийн том албан тушаалтнуудын айлчлалыг хэр зохион байгуулсан гэдгээр битгий дүгнэ. Тэрний оронд Монголын нэг хувийн компанийг өөрийн суугаа тэр орныхоо хөрөнгө оруулагчтай холбож өгч чадсан уу. Эсвэл тэр орныхоо хөрөнгө оруулагчдаас Монгол руугаа оруулж  ирж чадсан уу, ямар нэг бизнесийн төсөл хөдөлгөж чадсан уу гэдэг ийм прагматик юмаар ажлыг нь дүгнэдэг болооч ээ гэж. Элчин сайдууддаа ийм л даалгавар өгдөг бол гэж шахаад байгаа юм. Монгол өөрөө гуравхан сая хүнтэй, бас асар их баялагтай ийм улс. Тийм учраас ажил нь, бодлого нь илүү прагматик шинж чанар дээрээ очиж байж бид илүү үр дүнд хүрнэ.

-Та бас ажлын онцлогийг минь ойлгоорой. Гудамжинд сүү зарж байгаад цагдаад хураалгах ч юм уу, танхай этгээдэд түлхүүлж асгуулчихаад уйлаад ороод ирсэн эмээгийн зовлонг ч хуваалцах л болдог юм. Тэр хүний эрхийг  хэн нэгнээс асуух, гомдлыг нь дамжуулах л болдог. Ийм ажил шүү дээ. Тэгэхээр би яагаад дээрх асуултыг тавьсан юм бэ гэхээр Төр “Тавантолгой”-г авсныхаа хариуд Сү.Батболдод том бялуу өгсөн гэж үздэг хүмүүс байгаа учраас хөндсөн юм. Тэр хардаж байгаа хүмүүсийн өмнөөс асуух л ёстой учраас тавьж байгаа юм.

-Ойлголгүй яахав.

-Баярлалаа, дараагийн асуултаа тавъя. Төр муу менежер. “Эрдэнэс ТТ” бол төрийн компани. Төрийнх учраас бүтэлгүйтээд байна гэдэг утгаар “Тавантолгой”-г хувийнханд өгөхөөр зорьж байгаа юм байна. Гэтэл хамтрагч тал  “Шенхуа” тань төрийн компани. Хятадын Төр сайн менежер, Монголын Төр муу менежер л гэсэн нэг логик үүсээд байнаа даа?

-Бид “Эрдэнэт” дээр ч тэр, “Монросцветмет” дээр ч тэр, эсвэл “Эрдэнэс ТТ” дээр ч юм уу Төрийн компаниуд маань ямаршуухан байдалтайгаар менежментээ хийж явж байна гэдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харлаа шүү дээ. Улстөрчид нь оролцдог, улс төрийн томилгоо явдаг, бизнес нь ашиг, зарчим дээр суурилахаас илүү улс төрийн бодлого холилдсон менежмент явдаг гэх мэт зөндөө олон сөрөг үр дагаваруудыг үзлээ дээ. Одоо жишээ нь, “Тавантолгой” дээр юу гарч ирж байна. Өдий төдий сая төгрөгийн дугуй шахчихсан гээд л яригдаж байгаа биз дээ. Ийм зүйлүүд бол тасрахгүй байхгүй юу. Хятадын төрийн компани Монголын төрийн компаниас юугаараа ялгаатай гэхээр public компани байхгүй юу. Олон нийтэд гарчихсан. Хувьцааг нь эзэмшдэг иргэдтэй. Нөгөө хүмүүс нь нээлттэйгээр компанийхаа үйл ажиллагааг хянадаг, шалгадаг. Бүх юм нь нээлттэй. Ялгаа нь үүндээ байгаа юм. Тийм учраас бид монголынхоо компаниудыг зах зээл рүүгээ нээлттэй компани болж гаргах энэ үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж хийхгүй бол болохгүй. Өнөөдөр манай хувийн компаниуд ч тэр гэр бүлийн л бизнес явж байгаа байхгүй юу.  Хэрвээ хөрөнгийн бирж дээр гараад, хүмүүс орж ирж хувьцааг нь аваад ингээд хяналттай, нээлттэй болгох юм бол бид нар компанийн хөгжлийнхөө дараагийн шатанд гарч байгаа хэрэг юм. Ийм учраас төрийн, хувийн гэж ялгахдаа биш бизнесийнх нь суурилагдсан зарчим нь өөрөө шал өөр байгаад л учир нь байгаа юм.

-“Оюутолгойн” гэрээ одоо болтол маргаан дагуулж байгаа. Өчнөөн жил хэрэлдэж байж арай гэж явуулсан. Ерөнхийлөгч энэ төслийн талаар миний нэг ярилцлагад орохдоо нэг үг хэлж байсан юм. Хадамд гаргасан охиноор жишиж. Энэ үгийг хүмүүс шүүмжилдэг л юм. Одоо ч бид сүүлдэж авчраад л самарч байгаа. Энэ бол харамсалтай явдал. Гэхдээ эндээс бидэнд юу үлдсэн бэ гэвэл олон улсын ийм төвшний гэрээг маш сайн хийх ёстой юм байна гэсэн сургамж үлдсэн. Гэтэл танай М.Энхсайхан сайд ямар ч зөвлөхгүйгээр хэлэлцээрт оржээ. Дэлхийд эхний тавд ордог “Шенхуа” компани олон улсын нэр хүнд бүхий дөрвөн том зөвлөхтэй орсон байна. М.Энхсайхан сайд энэ гэрээний төсөл дээр алдаа хийгээгүй гэсэн баталгаа байна уу. Хэн энэ баталгааг өгөх вэ. Та өгөх үү. Яагаад энэ том төсөл дээр манай Засгийн газар зөвлөх аваагүй вэ?

-Чоно туулайг цохиод унагачихдаг. Яагаад цохиж байгаа юм бэ гэсэн чинь малгай яагаад өмсдөггүй юм гэдэг. Тэгээд малгайгаа өмсөхөөр нь чи яагаад малгай өмсөж байгаа юм гээд ахиад цохиод унагачихдаг тухай нэг хошин яриа байдаг. Одоо ингэхээ хэдүүлээ больцгооё. Та хоёр зүйлийг хөндлөө. Нэгдүгээрт, “Оюутолгой” төслийн талаар. Одоо “Оюутолгой”-гоо орхио. Би Ерөнхийлөгчтэй энэ талаар байр суурь нэгтэй байдаг. Аль 2009 онд гэрээгээ хийгээд, нэг үгээр за бол ёогүй гэдгээ бид хийчихсэн. Одоо араас нь мянга гонгиноод яах юм бэ. Гэрээгээрээ л явна. Одоо  хоёрдугаар шатны далд уурхайг эхлүүлэх үйл ажиллагаагаа бид нар яриа хэлэлцээгээ дуусгаад эхлүүлнэ. Бид нар 2009 оны гэрээнд өөрчлөлт оруулах нэг ч асуудлыг ярихгүй байгаа. Аль аль талаасаа. Гэрээнд өөрчлөлт оруулъя гэвэл хэн хэнд нь зөндөө олон хүсэлт байна. Зөндөө олон мөрөөдлийн жагсаалт байна. Энэ бүхэн удаан хэлэлцээ,  урт хэрүүл тэмцэл болох учраас хойш тавиад урагшаа хараад явцгаая. Тийм учраас энэ “Оюутолгой” дээр очиж улс төр хийдгээ больцгоо. Эхний асуултад би ийм хариу өгье.

-Хоёр дахид нь?

-Би түрүүн танд чоно туулай хёрын онигоог ярьж өгсөн. Ийм л юм болж байна. М.Энхсайхан сайдыг хэлэлцээ хийж байхад гаднын зөвлөх авлаа гээд одоо яг энэ яриад байгаа хүмүүс Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаа өргөн барьчихсан явж байсан шүү дээ. С.Баярцогт сайдыг өргөн бариа биз дээ. Гаднаас зөвлөх авлаа, хуулийн зөвлөгөөнд мөнгө өглөө гээд бөөн юм болсон.

Тэгсэнээ одоо гаднын зөвлөх чи яагаад авдаггүй юм гэж байгаа биз. Ийм нөхцөлд энэ сайд нар яаж ажиллах юм бэ. Чоно туулай хоёр харагдаж байгаа биз дээ. Ер нь бол ийм том том ажлууд дээр бусад улс орнууд гаднын нэр хүндтэй том санхүүгийн зөвлөх, хуулийн зөвлөх, PR-ийн зөвлөх аваад ажиллуулдаг. Бид ч бас адилхан мөнгөө гаргаад аваад явдаг байх ёстой. Энэ нь өөрөө улстөржих сэдэв биш байхгүй юу.

-Хөрөнгө оруулагч болох MMC компани 1,3 тэрбум долларын өртэй. Энэ нь  аудитын дүгнэлтээр баталгаажсан. Энэ өр бол “Ухаа худаг”-ийн ашиглалтаас үүссэн өр. Өөрөөр хэлбэл “Энержи ресурс”-ын өр. Ийм өртэй компанид “Тавантолгой”-г өгөх гэж байна. Эдийн засгийн өгөөж хаана байна вэ. Яагаад заавал өртэй этгээдүүдэд энэ том үүцийг өгөх гээд байна вэ гэж асуувал та ямар тайлбар өгөх бол. Бүгдээрээ өг, өгсүгэй гэж хуйнаран хашгиралдаж байгаа болохоор тэрийг дагалдахгүй асуулт л тавимаар байна?

-Би их энгийн юм л хэлээд өгье. Уул уурхайн салбарт зээлгүй, өргүй компани гэж байхгүй. Бид нар “Тавантолгой”-г ажиллуулаад, тэд нар хөрөнгөө оруулаад бид нар бүх татваруудаа авах гэж байгаа байхгүй юу. Тэгж байгаа тохиолдолд хэр их хөрөнгө оруулж байна, өртэй байна уу, өргүй байна уу, хэр зэрэг эрсдэлтэй байгаа юм гэх мэт нь бол Монгол Төрийн санаа зовох асуудал биш болчихож байгаа байхгүй юу. Тийм учраас Засгийн газар энэ хувилбарыг оруулж ирсэн. Хэрвээ бид өөрсдөө 51 хувийн төлбөр төлөөд, бид 51 хувийн эрсдэл үүрээд орж байгаа тохиолдолд хажуу талын нөхөр чинь ямар ачаалалтай байна, өрөө яах бол, хөрөнгө оруулалтаа яах бол гэдэг асуудлууд бидний зовлон болж ирж байгаа байхгүй юу. Ийм огт өөр хоёр хувилбарын тухай ярьж байгаа биз дээ. Бид бол татвараа аваад л явна. Татвараа төлж чадахгүй, ажлаа явуулж чадахгүй, хөрөнгөө оруулж чадахгүй бол уучлаарай, баярлалаа, бид дараагийн нөхөртэй яръя гээд явах юм. Ингэж Монголын Төрийн эрсдэлийг ”0” дээр аваачсан хувилбар байсан байхгүй юу.



-“Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулна гээд яриад байх юм. “Эрдэнэс ТТ” чинь ажил нь явж байгаа шүү дээ. Нүүрсээ олборлоод “Чалко”-д өгөөд явж байгаа. Төрийн энэ компаниа дэмжээд, үйл ажиллагааг нь өргөжүүлээд явж болдоггүй юм уу. Нүүрс ухахад илүү ямар хүчин чадал хэрэгтэй юм бэ. Бид сансрын хөлөг бүтээх гэж байгаа биш дээ гэх асуултыг манай уншигч ирүүлсэн байна.

-“Тавантолгой” чардайгаад чардайгаад уржнан хоёр сая тонн нүүрс экспортолсон. Ноднин бид яг Засгийн газар дээрээ, Ерөнхий сайдынхаа өрөөнд штаб шиг зохион байгуулалтад орж ажиллаж байгаад 5,8 сая тонн нүүрс гаргасан юм. Өрөвдөлтэй байгаа биз, рекорд нь 5,8 сая тонн. Энэ жил бол энэ тоондоо хүрэхгүй. Ер нь бол энэ төсөл явахгүй гэж үзэхэд манай “Эрдэнэс ТТ”-н нүүрсний борлуулалт ч асар багасна. Зах зээл нь угаасаа ийм байгаа. Тэгэхээр энэ компани маань өөрөө ажиллах боломжгүй харагдаж байгаа юм. Хэмжээ дамжааныхаа хувьд. Хэзээ боломжтой болох вэ гэхээр төмөр зам бий болох ёстой, томоор хөрөнгө оруулж байж, дэлхийн хэмжээний уурхай болж байж явахгүй бол одоо бид нар Налайхын уурхай шиг л ажиллаж байна шүү дээ. Ингээд ажиллаад яваад байна гэвэл аргацаагаад яваад л байна. Гэхдээ нэг гуниг нь одоо энэ “Тавантолгой”-н төслийг унагахад нөгөө эсэргүүцээд юм яриад яваад байгаа Үйлдвэрчний эвлэлийн С.Эрдэнээ гээд дарга нь хүртэл ажилгүй болох байхгүй юу. Тэрийгээ манай нөхөр мэдэхгүй л цохиж яваа. Гуниг нь үүнд байгаа юм. “Тавантолгой” дээр болсон нэг инээдтэй юм нь бусад хүмүүсийн мөнгөөр компаниа их сайн сурталчиллаа л даа. 100 шилдэг татвар төлөгчийн нэг нь болсон гэдгээ сурталчиллаа. Мундаг ашигтай явж байгаа энэ тэр гээд. Хоёрхон сарын өмнө л хүн болгон энэ компанийг мөдхөн дампуурлаа л гэж байсан биз дээ. Тэгэхээр юмыг яаж гоё будаж болдгийг л сая бид сарын турш харлаа. Энэ компанийн ирээдүйг ямар ч мэргэч төлөгчөөр үзүүлэх хэрэг байхгүй. Энэ компани дампуурлын байдалд л очно. Энэ компани чинь босох ёстой байхгүй юу. Тэр боломжийг нь л бид нар алга хийж байна.

-1072 хувьцаа гэж нэг сэдэв бий. Өргөдлийн байнгын хороонд иргэд гомдол гаргаснаар тус байнгын хороо хоёрдугаар сарын 18-ны өдөр тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг өгчээ. Энэ тогтоолд 1072 хувьцаатай иргэдийн эрх ашгийг хамгаалсан бие даасан бүлэг “Тавантолгой”-н гэрээнд оруул гэж. Энэ бүлэг орж байгаа юу. Энэ хувьцаа чинь ямар ч саналын эрхгүй, амьгүй хувьцаа байна гэж иргэдийн зарим нь бухимдаад байна. Нэг хэсэг нь бид авахгүй ээ, зүгээр л ажлаа хийцгээ гэж байна. Энэ ч бас сайхан л ойлголт?

-Энэ шүүмжлэгчид юуны төлөө тэмцээд байгаа юм бэ. Энэ хувьцааг амьтай болгоно гэж тэмцээд байгаа биз дээ. Энэ тэмцэж байгааг нь харахаар амьгүй болгох гээд тэмцээд байгаа юм шиг харагдаад байх юм. “Тавантолгой”-н төсөл нурчихвал 1072 хувьцаа чинь “0” төгрөгтэй л үлдэнэ шүү дээ. Яаж тэгвэл амь оруулах гэж байгаа юм бэ Монгол Улсын одоо үйлчилж байгаа хүчин төгөлдөр хуулиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти гэж ярьдаг ш дээ, энэ татварыг Хүний хөгжлийн сан руу татаж болох эрх нь нээлттэй байгаа. Засгийн газрын саяны оруулж ирсэн хувилбараар ашигт малтмалын нөөц ашигласны татварын таван хувь, дээрээс нь нэмэх нь хоёр хувь гээд ингээд долоон хувийн роялти авах байгаа. Энэ долоон хувь татварыг хамгийн багаар тооцоход 2,4 сая хүн дээр жил болгон 100 мянган төгрөгийн бичилт хийх боломж байгаа юм. 1072-ыг хөөцөлдөөд байгаа юм бол энэ төслөө дэмжээчээ. Энэ төслөө унагах юм бол ёстой өөрсдөө энэ хувьцааг амьгүй байлгах гэж тэмцэж байгаа юм байна гэж л ойлго.

-За, “Тавантолгой”-н сэдвийг энэ асуултаар дуусгая. Та бүхэн 2010 оны тендерийг үргэлжлүүлж байгаа юм байна. Тэр үед зургаан компани шалгаруулалтад тэнцсэн байсан. Тэр зургаа дотор чинь MMC ч байхгүй, “Энержи ресурс” ч байхгүй. Ингэж болох уу. Энд тендерийн хууль зөрчигдсөн үү. Энэ асуулт их маргаан дэгдээж байгаа болохоор төгсгөлд нь ахиад нэг тусад нь гаргаж ирж асууя?

-Энгийн асуулт шүү дээ. 100 хувь гаднын компани орох уу, дунд нь 51 хувь дээр нь Монголчууд явж байг уу. Засгийн газар ингэж л харж хийсэн. Тэгээд л тэр орж ирэх эрхтэй байгаа зургаан нөхрийг орж ирэхдээ заавал Монголын компанитай орж ирээрэй гэсэн. Энэ бол Засгийн газрын Монголоо бодсон л шийдвэр байсан.

-Оффшор бүсэд очиж гаднынхантай хамтарсан компани байгуулж тоглолоо. Монголчуудынхаа толгой дээгүүр гишгэлсэн ийм арга барилаар явлаа гээд л олон л шүүмжлэл “Энержи ресурс”-ыг ороож байна. Гэхдээ би ийм төвшинд очиж ээрч таны цагийг үрмээргүй байна. Харин энэ сэдэв дээр нэмж хэлэх үг танд юу байна?

-Одоо бүгдээрээ тайвширъя. Сая нийгэм даяар хамарсан бүтэн сарын л хэлэлцүүлэг явлаа. “Тавантолгой” төсөл явах уу, явахгүй юу, явбал яаж явах юм гээд. Хүн болгон л эрхбиш явах юм байгаа биз дээ л гэж асууцгааж байна. Би ч гэсэн тэгж бодож байна. эрхбиш явуулах байлгүй дээ, манай Их хурал. Гэхдээ явуулъя гэж байгаад энэ “Тавантолгой”-г битгий нураачихаасай гэж бас хүсч байна. Яагаад ингэж хэлж байна гэхээр одоо оруулж ирсэн энэ хувилбарынхаа хайрцгийг их томоор эвдэх юм бол явахгүй ээ. Жишээ нь, хөрөнгө оруулагч талуудын тохироог эвдээд л, “Эрдэнэс ТТ” 51 хувиа авна гээд л явах юм бол энэ төсөл маань нурчихна. Нураад ямар ашиг бид авах юм. Төмөр зам “0”. Гэтэл нөгөө талд нь бидэнд жил хагасын дотор төмөр зам барьчих боломж зогсож байна. 1072 хувьцаа мөн “0”. Гэтэл би сая өөр боломжийг ярилаа. “Чалко”-гийн өр 145 сая доллар, 14 хувьтайгаа хэвээрээ үлдэнэ. Хэрэв Засгийн газрын хувилбараар бол энэ өр “0” болно. Одоо байгаагаараа энэ компани маань хоёр сая тонноо ч гаргаж чадахгүй байна. Гэтэл бид 30 сая тонн нүүрсээ угаагаад гаргах байсан. Ард нь бид нар ямар ч том хөрөнгө оруулалтын асуудал ярих боломжгүй болно. Гэтэл бид шинээр угаах үйлдвэр, цахилгаан станц, төмөр зам барих байсан. Олон том ажил оволзох байсан. Одоо энд нэг ч хүн шинээр ажлын байраар хангах бололцоогүй болно. Гэтэл Засгийн газрын оруулж ирсэн хувилбар дээр 4000-5000 хүн ажлын байраар хангагдахаар суулгасан байсан. Одоо бид нэг зүйлийг ерөөсөө ярихгүй байгаа юм. Англиар profit, benefit гэж хоёр үг байдаг. Хоёуланг нь бид монголоор ашиг гэж ярьдаг. жишээ нь profit нь бол ашиг гэж болно. “Тавантолгой”-гоос яг хэдэн төгрөгийн татвар авах юм. Ямар ашиг олох юм гээд. Benefit буюу бас л бидний ашиг гэж ярьдаг энэ ойлголт арай өөр би монголоор яг оновчтой хэлж чадахгүй байж магадгүй, хаялга ашиг гэх юм уу даа. Энийгээ бид ярихгүй байна. Яагаад гэвэл “Тавантолгой” хөдлөх юм бол тэдэн мянган ажлын байртай болно. “Тавантолгой” хөдлөх юм бол тэдэн зуун компани туслан гүйцэтгэгчээр орно, ажилтай болно. Тэдэн мянган айл өрхийн амьдралд орлого орж ирнэ гэх энэ бүх юмаа бид ярьдаггүй. Үүнийгээ тооцдоггүй. Гэтэл энэ төсөл нурснаар бидний benefit буюу хаялга ашиг алга болж байгаа байхгүй юу. Нэг төсөл нураасны үр дүнд бид нар дандаа тэг тэг, “0”,”0” гэдэг юмтай үлдлээ. Цаана нь үнэхээр бодитой том мөнгө, бодитой үр дүн байсан байхгүй юу. “Тавантолгой”-г дагаад эдний том төслүүд нь хөдөлж байгаа юм байна гээд хөрөнгө оруулагчид эргэнэ. Энэ бүх юмаа бид хааж байна. Тэгээд хэн хожиж байгаа юм. “Энержи ресурс” хожсон юм уу, хожоогүй. Эх орончид бол бид эх орноо гай түйтгэрт автахаас сэргийллээ гэж л өөрсдийгөө сурталчлах байх л даа. Гэтэл ямар том гай тарьж байгаагаа харин бодох ёстой шүү дээ. Эх орныхоо хөгжлийг гацаахын гутамшиг гэдэг юмаа бид ерөөсөө ярьдаггүй. Юм гацаахын гутамшиг,юм хөдөлгөхийн гайхамшиг гэдэг энэ хоёр юмныхаа ялгааг ерөөсөө олж харж чадахгүй байна шүү дээ. Тэгээд юм гацаасных нь гутамшиг дээр нь хэн ч хариуцлага тооцдоггүй. Хэн ч тэрний араас хариуцлага нэхдэггүй. Тэр нөхдүүд нь тухайн үеийн улс төрийн оноогоо сайхан халаасалж аваад л явдаг. Тэрүүгээр бидний ирээдүй үе хоолоо олж идэх юм уу.



-Би цахим ертөнцийн твиттерийн хэрэглэгч юм. Манай твиттерчид танд бас асуулт илгээсэн байгаа. Төлөөлөл болгож цөөн асуулт тавъя. Болно биз дээ?

-Бололгүй яахав.

-Гео залуу гэдэг жиргээч танаас асуужээ. Шинэ төмөр замд бараг 800 сая доллар үрсэн боловч км ч зам тавьсангүй ээ. Ийм хүмүүст Монголын Төр ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Төр барьж чадахгүй бол бид барьж чаддаг хүнээр нь л бариулах хэрэгтэй шүү дээ. Хувийнхан бол хоёр жилийн дотор барьж чадна гэдэгт би хувьдаа итгэдэг. Яагаад гэвэл олон улсын хөрөнгө оруулагчид нь ч ажлаа хийж чаддаг хувийн компаниудтай илүү харилцаатай байдаг. Илүү итгэдэг. Тэдний харилцаа илүү хэрүүл тэмцэлгүй явдаг. Тэдний бизнесээ явуулдаг орчинд нь ч хулгай, авлига бусад буруу жишгүүд байдаггүй. Ажлаа хийгээд л явчихдаг.

-Жиргээч Оюунбатын асуулт. УИХ үнэхээр Засгийн газрын ажилд оролцож, детальчилан зааварлах явдал гардаг уу?

-УИХ бол Төрийн эрх барих дээд байгууллага гээд буруу ойлгоод яваад байвал ийм жишиг рүү хүссэн хүсээгүй яваад байна. Тийм учраас би Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд бол ийм зовлон бэрхшээл дундуур явж байгаа сүүлчийн Ерөнхий сайд байгаасай гэж хүсч байгаа. Ерөнхий сайд дээр бол бүх кабинетаа бүрдүүлэх эрх мэдэл, хариуцлагаа хүлээх эрх мэдэл, УИХ-тайгаа бас хариуцлагаа ярьдаг эрх мэдэл, УИХ-ынхаа өмнө хариуцлагаа хүлээдэг энэ үүрэг хариуцлага байх ёстой. Энэ бүх зүйлсийг одоо яг сонгодог тогтолцоонд нь оруулах цаг ирчихжээ. Үндсэн хуулийн ажлын хэсэг гээд том ажлын хэсэг Их хурал дээр ажиллаж байгаа. Ажлынх нь явцтай би танилцсан. Нэлээн сайн ажиллаж байгаа. Би үнэхээр хуулийг өргөн барьсны дараа энэ ирэх нэг хоёр сарыг Үндсэн хуулийн том хэлэлцүүлэгт зориулагдаасай гэж хүсч байна.

-Дундуур нь надад асуулт байна. УИХ дээр Засгийн газрын бүтэц орж ирж хэлэлцэгдэх үе үнэхээр сонирхолтой байдаг л даа. Сайд болох гэж байгаа нөхдүүд үнэхээр юу ч гэж хэлсэн тонгойж сууж байгаад л батлуулаад гардаг. Сайд болж аваад л чуулганы танхимыг хаяад гүйчихдэг. Энэ байдал бүр жишиг болон ноёрхож байсан үе манай Парламентын түүхэнд байдаг. Саяхан би УИХ-ын даргын нэг жиргээг харсан. Сайд нар Их хурлаар юмаа батлуулж аваад л гараад явцгаачихсан. Л.Гантөмөр сайд, С.Оюун хоёр л суугаад үлдлээ гэсэн. Энэ бол бас нэг гунигтай сүүдэр нь шүү дээ. Та санал нийлэх үү?

-Асуудлыг хаанаас харах вэ гэдэг л байгаа юм. Бид эхний ээлжид Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх ёстой. Хоёрдугаарт, Улс төрийн намуудынхаа хуульд өөрчлөлт хийх. Тэгээд Парламентынхаа дэг рүү орж өөрчлөх зүйл зөндөө байгаа л даа. Гэхдээ би энэ болгоныг сөрөг өнцгөөс нь хардаггүй. Энэ 20 жил чинь явсаар арга буюу биднийг суурь хуулиудын өөрчлөлт рүү авчирч байна шүү дээ.

-Жиргээч Амаржаргал танд гуйлт явуулсан байна. Засгийн газрын зүгээс нийт иргэдэд Ардчилсан чөлөөт зах зээлийн зарчмын талаар ойлголт өгөх соён гэгээрүүлэх компанит ажил хийгээч ээ гэж.

-Энэ асуудал чинь бидний хамгийн чухал асуудлуудын нэг болчихоод байгаа юм л даа. Тийм учраас янз бүрээр оролдож байна. Жишээлбэл, би дөрөвдүгээр сард иргэдэд хандаж үг хэлэхдээ хэлсэн. Хэдүүлээ сайн мэдээ тээсэн цагаан пиарыг өрнүүлье гэж. Одоо та  твиттерийг харж байгаа байх. Хүн болгон л шүүмжлэхийн цондон тусчихсан. Хэвлэл мэдээллийнхэн нь эхлээд дандаа болж бүтэхгүй байгаа зүйлийг мэдээлдэг, түүнийг нь хүмүүс үздэг, тэр муу сэдэв дээрээ талцаж хэрэлдэцгээж байдаг болчихсон. Кино, жүжиг, драм нь заавал гол баатраа үхүүлж дуусгадаг болчихсон. Улстөрчид нь заавал юмыг нураадаг, гутаадаг, зогсоодог гацаадаг. Тэр нь илүү амжилттай улс төр гэж үздэг. Эсвэл хэн нэгнийг огцруулдаг тэр нь улс төрийн сайн тоглолт гэж үнэлэгддэг. Үр дүнд нь нийгэм маань тэр чигээрээ хар саарал болчихлоо. Амьдрал чинь ганцхан өнгөтэй биш шүү дээ. Гэтэл бид бусад олон өнгөнүүдээ гаргаж ирэх хэрэгтэй байна. Үүний төлөө бүгд л хичээх хэрэгтэй байна.

-Таныг манай  салбарт хүндэтгэлтэй ханддаг гэж ойлгодог. Одоо ямар нэгэн юм болохоо байхаар сэтгүүлчдээс болсон гэдэг болж. Манай хамгийн томорсон компани гэхэд л ганц нэг хүн худалдаад авчихсан л ажиллуулж байдаг. Хамгийн  эх оронч  улстөрч маань хэдэн сэтгүүлчийг аваад нэг цэгийн үйлчилгээнийхэн болгочихсон. Нөгөөдүүлдээ нэг сэдэв гаргаж өгдөг. Нөгөө хэд  нь ойлгосон ойлгоогүй л орилж байдаг. Голд нь зогсоод төв байр суурь баримталж  болохоо байчихсан. Сүүлдээ хүмүүс заавал нэг талынх байх ёстой юм шиг хардаг болчихлоо. Улстөрчид нь хүртэл. Сая тань руу орж ирэх гээд явж байтал тааралдсан гишүүн асуух юм. "Чи  энэ Тавантолгойн аль талд нь байна вэ" гэж. Энэ гунигтай хандлагууд миний хувь тавиланг ч гунигтай болгож байгаа биз дээ.

-Ойлгож байнаа. Гунигтай байна...

-Улстөрчид нь өөрийн гарын дор, таалдаг хэдэн сэтгүүлчээ тэжээгээд л явж байдаг. Нөгөөдүүл нь Монголын хамгийн ядарсан, хамгийн эмзэг цэг дээр нь гишгиж тоглоод л сэтгэл зүйг нь удирдаж байдаг. Яагаад ингэж манай салбарыг унагаж, буруу хөрөнгө оруулалт хийгээд байдаг юм бэ. Өмнөх Засгийн газартай хаалтын гэрээ гэдэг зүйлээс болж нэлээд тэмцсэн. Танай Засгийн газрыг ч хаалтын гэрээг хэрэглэж байна гэсэн шүүмжлэл байх юм. Та жишээ нь, үүнд хувь нэмэр оруулахгүй байж чадах уу?

-Хүмүүс орж ирээд шүүмжилж л байна. Та яагаад бусад улстөрчтэй адилхан PR-ын баг гаргадаггүй юм. Яагаад хүмүүст юмаа хүргэдэггүй юм бэ гэж асууж байна. Гэвч өнөөдөр яг ийм зүйлд мөнгө зарах ямар ч боломжгүй болчихсон. Шилэн данс, дээрээс нь хаалтын гэрээ гээд. Хаалтын гэрээтэй байсан бол одоо манай Засгийн газар шиг ингэж их шүүмжлүүлэхгүй шүү дээ. Манай Засгийн газар сүүдэргүй Засгийн газар. Бүх юм нь ил. Одоо “Тавантолгой” дээр л харагдаж байгаа биз дээ. Нэг хэвлэлийн баг гарч ирээд л хоёр талд нь гарч тоглоод л дуусгаж байна. Юм ингээд утгаа алдаад байхаар одоо ингээд тань шиг бухимдаад, дараа нь харин  ингэж хурдан ёроолдоо хүртэл утгаа алдахаар, за больцгооё гээд хурдан зүгширч, сайжрах юм болов уу л гэж өөдрөгөөр бодож сууна. Бод л доо, та бид хоёр 20 жилийн өмнө байтугай хоёр гурван жилийн өмнө ийм зүйл яриад сууж байсан бол энэ хоёр ямар  амьдралаас тасарчихсан юм ярьдаг хоёр вэ гэж хэлэхээр байсан. Одоо энэ сэдвийг ярихад олон хүмүүс ойлгохоор сэдэв болсон байна. Энэ чинь л өөрөө юм утгаа алдаад ёроолдоо очиж байгаагийн хэлбэр. Тэгэхлээр энэ юмаа ярьж байгаад өөрчилье. Тал талаасаа зүтгэе гэж би уриалж байна.

-Нөгөө талаас танд эрх мэдэл дутаж байгаа юм улс төрийн талаасаа байх шиг байна гэж зарим ажиглагч харж байх шиг байна. Эрх мэдлээ авсан шиг ав. Атгасан шиг атга. Намын даргаа ав гэдэг зөвөлгөөг  танд жиргээч Батжаргал дамжуулсан. Үнэхээр та одоо гурван хөлтэй сандал дээр сууж байгаа юм шиг л байна уу?

-Энэ бол ердөө багийн тоглолтын асуудал байгаа. Одоо хүн болгон З.Энхболд дарга бид хоёрыг хагарчихсан, хоёр тийшээ харчихсан гэж ойлгоод байна. Бид хоёр “Тавантолгой” дээр л өөр өөр байр суурийг  илэрхийлж байгаа юм. “Тавантолгой”-гоос бусад бүх асуудал дээр 100 хувь ойлголцоод л явж байгаа.

-Намын дарга биш болохоор улс төрийн эрх мэдэл дутсан зүйл байхгүй гэж ойлгох уу?

-Тийм. “Тавантолгой”-н асуудал дээр нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгаа нь үнэн. Би Засгийн газар дээрээ шийдээд явчихвал асуудалгүй гэж үзэж байсан. УИХ-ын  дарга бол заавал УИХ-аар орох ёстой гэсэн байр суурьтай байсан.

-Та “Тавантолгой”-н төслийг оруулж ирэхээсээ өмнө ард олонд хандаж мэдэгдэл хийсэн. Хүмүүсийн тодорхой хэсэгт урам зориг, итгэл найдвар төрүүлсэн. Гэвч маргааш нь юм эргэчихсэн. Ард олондоо хандаж улс орны удирдагчид  мэдэгдэл хийнэ гэдэг бол өөрөө тодорхой том акц. Мэдээж та бодож байгаад л энэ хувилбарыг сонгосон байх. Дараа нь харин сэтгэл санааны хувьд урам хугарч, гонсойсон уу?

-Тэр мэдэгдэлтэй холбоотой бүх зүйлээ Засгийн газар хийгээд л явж байгаа. “Тавантолгой” дээр процессын асуудал гарч ирлээ. Гэхдээ миний сэтгэлийн хүч алдраагүй, эрч хүч, итгэл найдвар маань хэвээрээ байгаа. Цаашид ч хэвээрээ байх болно.

-Номгочилж байна. Улс төрийн соёлтой, тэвчээртэй байгаа дээр нь дөрөөлж байна гэж таныг дэмжиж байгаа хүмүүс их бухимдаж байгаа харагддаг. Тийм болохоор л урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн сэтгэгдлүүдийг над руу их  ирүүлсэн байх.

-Сэтгэл санаагаар манай иргэд дэмжиж байгаа. Үүнийг мэдрэх сайхан байдаг. Засгийн газрын ажлыг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлаж талархаж байна. Ямар нэгэн номгочлох, шооконд орох асуудал байхгүй ээ. Бид асуудлуудаа шийдээд явнаа гэж хэлмээр байна. Жишээ нь, би танд ямар харагдаж байна. Сэтгэлээр унасан хүн шиг байна уу. (инээв)



-Үгүй үгүй, харин ч эрч хүчтэй, гуниггүй харагдаж байна.

-Тийм учраас хийх ёстой юмнуудаа хийгээд явна. Мэдээж цаг үе амаргүй байна. Нөхцөл байдал, эдийн засаг, санхүүгийн хувьд ч мөн хүндхэн байна. Гэхдээ бид нар том төслүүдээ хөдөлгөөд, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын асуудал дээрээ гэрэл асааж чадвал манай Монголын эдийн засаг богино хугацаанд амархан сэргэчих ийм эдийн засаг учраас итгэл найдвараа бид алдахгүй.

-Янз бүрийн Засгийн газруудын үед та ажилласан. Зохицуулах зуучлах, хэлэлцээр хийх багийг толгойлох ажлууд танд ногдож байсан. Өөр дээрээ гал атгаж, халуун эсэргүүцлүүдтэй нүүр тулж, намуудын бүлгүүдтэй ажиллах зэрэг хүнд ачаалал үүрч байсан улстөрч гэж хардаг. С.Баярцогт ч мөн адил. Тэгэхээр хувийн нөхөрлөлийн түүх ч бай, улс төрийн залуу лидерүүдийн түүх ч бай энэ хоёр нэр хамтдаа л явж байдаг. Манай нэг жиргээч асуусан байна. С.Баярцогт та хоёрын хэн нь яг Ерөнхий сайд юм бэ. С.Баярцогтоос л ямар нэгэн виз авахгүй бол Засгийн газрын ажил явдаггүй. Өөрөө мэдэж хэнийг ч томилдоггүй. С.Баярцогттой ярилцахгүйгээр ямар ч шийдвэр гардаггүй гэх юм. Энэ үнэн үү гэдэг асуултыг  Галданбошигт гэж жиргээч явуулсан байна.

-С.Баярцогтын хувьд бид хоёр дарга байхдаа танилцсан улсууд биш юм аа. Бид бол хар багаасаа хамт явсан улсууд. Унаж босч хамтдаа явсан. Энэ түүх их ил түүх шүү дээ. Тийм учраас намайг С.Баярцогтоор, С.Баярцогтыг надаар төлөөлүүлж хараад байдаг байх. Өнөөдөр би Ерөнхий сайд,С.Баярцогт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга. Хэрэг эрхлэх газрын даргын хувьд  надад саналаа хэлдэг. Би авах гээхийн ухаанаар гаргах шийдвэрүүдээ гаргаад л явдаг.

-Та хоёрын нөхөрлөлийг мэднэ. Харин яагаад ч юм бэ, С.Баярцогт эхлээд Ерөнхий сайд болно гэж боддог байлаа. Хувийн энэ бодлоосоо болоод ч юм уу, таныг тохиолдлын Ерөнхий сайд гэж хардаг.

-Таныхаар бол Ерөнхий сайд болох гээд баахан хүмүүсийн дараалал гарчихсан, би оочёр дайрсан бололтой юмаа даа. Та бид хоёр хоёулаа С.Баярцогтыг ямар нэгэн төрийн өндөр албан тушаалтан, тухайлбал Ерөнхий сайдын албыг ч юм уу хийгээд явчих чадвартай лидер гэдгийг мэднэ. Бид хоёрын хувьд  чи эхлээд Ерөнхий сайд болно шүү. Чи тохиолдлоор, би тохиолдлын бус шүү гэсэн тийм юм байдаггүй ш дээ. (инээв) Бид яг л энэ цаг хугацааны эргүүлэг дотор ороод л явж байгаа ийм л хоёр хүн.

-Ерөнхий сайд болно гэсэн мөрөөдөл танд байсан уу. Эсвэл зүгээр л эргүүлэгт орчихсон уу?

-Би бол 1990-ээд онд улс төрд орсон хүн. Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг байдаггүйтэй адил Улс төрийн  карьер хөөж байгаа хүн болгоны санааны мухарт юм юм л байдаг байх. Харин үүндээ хэт шаналаад байгаа зарим хүнд нэг гоё дууны үг сануулмаар байдаг. “Цаг нь болоогүй учирлын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй” гээд л явж байхад нэг болно ш дээ.

-Та бол хэлэлцээрийн мастер улстөрч. Хэцүү цаг үеүдийг туулдаг, тэрний төлөө ажилладаг арга технологитой. Гэхдээ нэг талаас  намын асуудлуудыг тоодоггүй хүн гэж хардаг. Том зорилготой, том улстөрч өөрөө намын зүтгэлтэн байх шаардлага байдаг.  Та намын талын эрх мэдлийг зүгээр л сул хаяж байгаа юм уу?

-Би дахиад хэлье. З.Энхболд бид хоёрыг хоёр тийшээ хараад суучихсан гэж битгий хар. Бид хоёр өдөр болгон уулздаг. Асуудлуудаа ярьдаг, хэлэлцдэг. Тийм болохоор надад нам талаас дэмжлэг байхгүй юм уу, эсвэл эрх мэдэл дутагдаад байна гэсэн ямар ч мэдрэмж өнөөдрийг хүртэл төрөхгүй байна. Нөгөө талаар Ерөнхий сайдын ийм их ачаалал авдаг ажил дээр дахиад намын даргын ажил нэмэх бол буруу. Нэг хүн ийм их ажлыг яаж хийх вэ гэдгийг би хувьдаа ойлгохгүй байгаа юм.

-Улс төрийн тайзан дээр олон жил явсан улстөрч атал таны хувь хүнийхээ хувьд хэр хүн бэ гэдэг тухай гарт тэмтрэгдсэн ойлголт  байхгүй байгаа нь сонин. Тийм ч болоод олон хүн таны хувийн түүхтэй холбоотой асуулт явуулсан байх. Жишээ нь, 18 настай сонгогч аль намыг дэмжих вэ гэж эргэлзэж ядан байгаа. Энэ сонгогчдод зориулж та өөрийнхөө тухай ярьж өгөөч гэвэл  ямар ямар шинэ баримт ярих, бас хуучин түүхээсээ юуг эргэн сануулахыг хүсч байна?

-Хамгийн зовлонтой асуулт чинь л наадахь чинь байна. Нэг талаар баярлаж байна. Хувийн юмнууд маань бага, хувьсгалын юмнууд нь ил явдаг бол энэ улстөрч хүний хамгийн хүсэх имижүүдийн нэг. Улстөрч хүний хувьд гаргаж байгаа шийдвэр, тээж яваа үзэл бодлоороо тэртээ тэргүй хүмүүст танигдаад л явж байгаа. 18 настай Монгол хүүхдэд Монгол орон шиг нь сайхан улс байхгүй. Ийм улсад төрнө гэдэг үнэхээр сайхан хувь заяа. Бидний үеийнхэн бол хоёр нийгэмд амьдарлаа. Одоогийн манай 18 настай хүүхэд бол үнэхээр шинэ бүх боломжуудаар дүүрэн оронд амьдарч байна. Хүн болгон л бурхны зургаар явдаг байх. Гэхдээ бурхны зургаас илүү өөрөө өөртөө итгэх итгэл хэрэгтэй. Өөрөө өөртөө итгэж байгаа хүн амжилт олдог гэдэгт би итгэдэг.

-Ер нь бол азтай хийморьтой хүн гэдэгтээ итгэдэг биз дээ. Улстөрчийн хувьд азгүй тавилантай хүн зөндөө байдаг. Үнэхээр чадалтай, боловсролтой, эдийн засагтай атлаа азгүйтлээр дүүрэн улстөрч байдаг шүү дээ.

-Хэрвээ эргээд дахин төрөх амьдрал гэж байдаг бол ямар амьдрал сонгох вэ гэвэл би ахиад л энэ амьдралаараа л явах сонголтыг хийх болов уу. Би тэгж л боддог.

-Энэ ёстой сонин тохиолдол байна. Олон жил сэтгүүлч хийж, олон хүнтэй уулзаж ярилцаж явахад хоёр дахь хүн ингэж хэллээ. Японд суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар яг ингэж хэлж байсан. Эргээд төрвөл би яг энэ л замаараа явна. Энэ л амьдралаараа амьдарна. Энэ л эмэгтэйг ахин сонгоно гэж.

-Тийм үү. Би үнэхээр тэгж л боддог.

-Сайхан хариулт авлаа. Одоо дараагийн асуултаа тавья. 2000 онд сонгуульд ялагдсаныхаа дараа АН-ын хэсэг залуус АНУ- д суралцахаар явсан. Та тэдний нэг. Таныг тэр үед Америкт сурах зардлаа хаанаас авсан бэ гэж жиргээч Алтан алим асуусан байна?

-Ерөөсөө нууц биш. Төрийн сангаас өгдөг 16 мянган доллараар л сурсан. Сурахынхаа хажуугаар ажилладаг байсан. Энэ тухай С.Баярцогт ярилцлага өгөхдөө дурссан байна лээ. Манай хоёр гэр бүл АНУ-д байхдаа жишээ нь, бүтэн зургаан давхар байшин цэвэрлэх ажил хийж байх жишээтэй. Бидний дотроос ажлыг нягт нямбай хийдгээрээ С.Баярцогт, манай гэр бүлийн хүн О.Байгаль хоёр илүү мундаг. Дандаа тухайн ажил олгогч хүмүүсээсээ сайн үнэлгээ авдаг. Хамгийн хөнгөн маягаар гялс хийдэг нь би. (инээв)

-Та хүүхэд байхдаа ямар хүүхэд байсан бэ. Онц сурдаг байсан уу?

-Би 10 төгсөхдөө хоёр сайнтай төгсч байсан. 45 дугаар дунд сургуулийг. Москвагийн Их сургуулийг улаан дипломтой төгсч байсан.

-Комсомолын дээдийг.  Манай ах намын улс төрийн залгамж халаагаа бэлтгэдэг ийм угшилтай сургууль төгссөн байж яаж яваад Ардчиллыг сонгочихсон юм бэ?

-Арван жилийн хүүхэд байхдаа би их идэвхтэй хүүхэд байсан. Хотын пионерын штабт ажилладаг. “Бүхий олон багачууд”, “Ногоон гэрэл цагаан шугам” гээд хүүхдийн нэвтрүүлгүүд телевизээр хөтөлдөг байлаа. Ер нь бол их идэвхтэй хүүхэд байсан л даа. Тэр байдал нь мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байх. Түүгээрээ л явж байсан. Ардчиллыг сонгосон явдал бол итгэл үнэмшил, сэтгэлийн л сонголт байсан.

-Тэтгэвэртээ гарахаараа юу хийх вэ гэсэн асуулт ирүүлсэн байна. Энэ их хожмын асуудлыг хөндсөн асуулт байна уу?

-Эрт асууж байна. (инээв) Гэхдээ энэ үеийг хүний амьдралын их сайхан үе байх болов уу гэж боддог. Үр ачаа тойруулаад, очихыг хүсдэг газраа очиж үзээд л.  “Хүслийн жагсаалт” гээд нэг кино байдаг ш дээ. Түүнтэй адил жагсаалт гаргаад л явна гэж бодож байгаа.

-Хүүхдүүд нэлээд том болцгоосон уу. Өвөө болох дөхөж байна уу?

-Хүүхэд бол зөндөө том болсон. Манай хүү онгоцны нисгэгчээр дөрвөн жил сураад ирэх долоо хоногт төгсч ирж байна. Манай гэр бүлийнхэн ёслолынх нь баярт оролцохоор явсан. Би хамгийн том хүүгийнхээ хамгийн том баярт нь ажлаасаа болоод явж чадахгүй үлдсэндээ жаахан гомдолтой л сууж байна.

-Шилэн данс гэгчээр шилэн намтар ч гэсэн улстөрчдийн хувьд бий болмоор юм. Бид нар Ерөнхий сайдынхаа хэдэн хүүхэдтэй, хүүхдүүд нь хаана юу хийж амьдардаг гэх мэтчилэн энгийн зүйлийнх нь талаар юу ч мэдэхгүй байна.

-Манайх гурван хүүхэдтэй. Том нь сургуулиа төгсч  байна. Удаахь нь 12 дугаар ангид орж байна. Бага маань зургаан настай. Одоо бага охин маань манай айл гэрийн ганц нар сар болж байна. Хүүхдүүд том болохоор аав ээждээ ч олдохоо больчихдог юм байна. Тэгэхэд манай бага орой болгон бид хоёртой хамт унтах аргаа сүвэгчилнэ. Ийм аз жаргал байна гэдэг чинь амьдралыг их утга учиртай болгодог юм байна.

-Таны өөрийн өссөн гэр бүлийн тухай бид бас юу ч мэддэггүй юм байна.

-Манай аавын хийсэн бүтээснийг яривал би дэргэд нь ичмээр. Оросын “Сот-2”-ын барьж байсан бүх том барилга байшингуудыг барьж байсан хүн. Гэмтлийн эмнэлэг, Соёлын төв өргөө, 10 болон нэгдүгээр хороолол, нисэх онгоцны буудал, говийн үйлдвэр гээд энэ бүх бүтээн байгуулалтыг хүлээж авдаг ажлын комиссын даргаар ажиллаж байсан. Аавтай маань хамт Комплекс импорт нэгдэлд хамт ажиллаж байсан хэд хэдэн УИХ-ын гишүүн ч бий. Улаанбаатартай холбоотой бүхий л барилгуудтай хувь заяа нь холбоотой хүн. Үндсэн мэргэжил нь эдийн засагч. Аав ээж хоёр хоёулаа П.Очирбат гуай, Ш.Цэвэлмаа гуай хоёртой Ленинградын нэг үеийн оюутнууд. Манай ээж бол 1961 оноос хойш Монгол Улсад хийсэн бүхий л киноны хальсийг нь угаасан инженер. Одоогийнх шиг дижитал камер байгаагүй. Хөдөө гадаа бүтэн 1-2 жил натурт явдаг. Тэр хальсан дээр технологийн алдаа гарвал бүх хөдөлмөр будаа болох болохоор их хариуцлагатай ажил. Би арван жилийн хүүхэд байхдаа ээж дээр очиж бүх киног үздэг байлаа. Кино театрт гарахаас нь өмнө. Кино үйлдвэрийн уран бүтээлчид, жүжигчид дунд л миний бага нас өнгөрсөн. Жаахан хүүхэд л тэр дунд гүйж харайгаад л явж байсан гээд л дурсдаг. Өнөөдрийг хүртэл тэд надад их сайн байдаг.Манай ээжийг киноныхон анддаггүй. Таван жилийн өмнө ээж маань бурхны оронд заларсан. Одоо аавтайгаа байдаг.

-Ах дүү хэдүүлээ вэ ?

-Ах дүү дөрвүүлээ. Нэг эгч, хоёр охин дүүтэй. Хоёр нь PhD. Эгч маань их сонин бизнес хийдэг. Хүүхдийн цэцэрлэг, хөгшчүүдийн асрамжийн газар гээд дандаа хүний төлөө ажилладаг хүн бий. Хоёр дүү АНУ-д, нэг нь цөмийн эрүүл мэндийн чиглэлээр, нөгөө нь биологийн лабароторид ажилладаг.

-Аав тань таныг Ерөнхий сайд болоод очиход  юу гэж хэлсэн бол?

-Манай аав чинь мэргэжлийн улстөрч шүү дээ. Телевизиртэйгээ хэрэлдээд л сууж байдаг хүн. (инээв) Хүн болгонд эцэг эх нь хамгийн нандин хүмүүс нь байдаг. Тийм болохоор аавын маань хэлсэн ярьсан бид хоёрын дунд үлдэг. Зүгээр л аавынхаа нүдийг хараад л би бас амьд явсных нь хэргийг бүтээсэн юм байна гэж л ойлгосон. Ер нь  хүү нь сайн явбал эцэг хүний хамгийн том жаргал болов уу гэж боддог.

-Ерөнхий сайдаа, хүмүүсийг бөөндөж ажлаас халаад байгаа сайдуудтайгаа хариуцлага тооцох уу. Жишээлбэл Д.Оюунхорол, С.Чинзориг, Л.Пүрэвсүрэн гэдэг сайдууд байна гэдэг асуултыг жиргээч Оюунбат ирүүлжээ.

-Төрийн албаны байр байдал нь ийм болчихоод байгаа. Сая хэд хэдэн том хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Ер нь улс төрийн намуудын зөвшилцлийн асуудал юм байна. Бид хуулийнхаа төслийг өргөн барьсан байгаа.

-Ажлаа зоригтой, өөрийнхөөрө хийгээрэй. Таны хэлсэн үгнээс том мотиваци авсан. Одоо цөмөөрөө юм хийцгээе, ажиллацгаая гэж  жиргээч Амармэнд дамжуулсан байна.

-Баярлалаа. Үнэхээр бид эх орныхоо төлөө хийрхэх биш хийцгээх цаг ирсэн гэдэгтэй санал нэг байна.

-2008 оны сонгуулиар өгч байсан таны амлалтыг сануулсан зурагт хуудас цахимаар их явах юм. Энэ талаар асуухгүй өнгөрч болохгүй байх?

-Шилэн кабелийн сүлжээ байгуулах ажил уг нь хэрэгжсэн юм шүү дээ. Хувь заяаны шоглоомоор тэр төсөл хэрэгжсэн учраас одоо бид нар өнөөдөр твиттер дээр надаас тэр төслийг нэхээд, Юнивишн, Сансарыг шинэ технологиор үзээд сууж байгаа юм. Одоо IPTV учраас гурав хоногийн өмнөхийг ухраагаад л үздэг болчихсон. Америкууд хүртэл ирээд шүтдэг. Пөөх танайх ингэж IPTV үздэг юм уу. Манайд тийм зүйл байдаггүй. Хэзээ үзэх юм бол гээд. Төр хөрөнгөө оруулаад шинэ орлоготой болох тэр хувилбар нь хэрэгжиж чадаагүй. Төрийнхөн байнга эсэргүүцэл үзүүлээд болохгүй болохоор нь уг төслийг манай хувийн хэвшлийнхэн хийсэн. Тэр асуудлыг ярьж байх үед Монголын жилийн интернэтийн урсгал хэрэглээ нь 1,5 гега урсдаг байсан. Тэгэхэд өнөөдөр 160, энэ жилээс 400 болно гэж байгаа. Тэр боломж нь нээгдчихсэн. Өнөөдөр твиттер яагаад хөгжиж байгаа юм. Өнөөдөр хүмүүс утсан дээрээсээ л твиттер, фэйсбүүкт ороод яваад байна. Яагаад бид нар интернетэд суурилсан телевизор үзээд байна вэ гэвэл тэр төсөл хэрэгжсэний үр дүнд юм шүү дээ. Монголыг олон хоолой тойрч байгаа ч шилэн кабелийн хоолой дайрч гарсан юм шүү.

-Та твиттерт аккуант хаяггүй. Яагаад вэ?

-Загасчны морь усгүй гэдэг дээ. (инээв) Гэхдээ үнэхээр энэ салбарын хөгжилд хийх юмаа хийчихсэн гэдэг сэтгэл санааны ханамж бол надад байдаг. Харин тэр цахим ертөнцийнхөн дунд ороод хүмүүстэй хэрэлдээд, шүүмжлээд, бусдыг буруутгаад явах өөрөө миний натурт таарахгүй. Би нэг юманд орвол их гүнзгий ордог учраас. Ажлаа хийж чадахгүй твиттерчин болчихож магадгүй гэж айгаад ордоггүй юм. (инээв) Түүнтэй адил мөрийтэй тоглоом тогловол орчихож  магадгүй гээд болгоомжлоод тоглоомд бас дургүй байдаг.

-Таныг мэдээллийн технологи дагасан бизнестэй гэдэг. З.Энхболд дарга та хоёрыг л энэ салбараас маш их мөнгө хийсэн гэх нэг хардлага явах юм.

-Мэдээлэл технологитой холбоотой нэг ч компани, нэг ч бизнес байхгүй. Тийм компани байдаг юм бол түүнийг илрүүлсэн нь авч болно. Харин энэ салбар бол үнэхээр гоё салбар шүү.

-Бүтээн байгуулалтын ажлуудаа урагшлуулахад танд ямар садаа байна вэ. Олон нийт, бид нарын зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ гэсэн жиргээч Одбаярын асуулт байна?

-Бараг л бид хоёр ярьчихлаа даа. Баярлалаа.

-Та бол “Алтангадас” фракцдаа нэлээд түшигтэй улстөрчдийн нэг байх. Гэхдээ Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг огцорсны дараа та хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцох асуудал үлдсэн үү?

-Н.Алтанхуяг даргын хувьд бид одоог хүртэл хэвийн харилцаатай явдаг. Гэхдээ нэг юмыг хэлэхэд бид хамт огцролцсон хүмүүс шүү дээ. Бид нарыг бүгдийг нь огцруулсан биз дээ. Таны түрүүний хэлдгээр хувь заяаны тохиолдлоор л би Ерөнхий сайд болчихсон. Бид одоо уулзаж учраад ажлаа яриад л явж байдаг. Ерөнхий сайдын хувьд ер нь аль нэг фракцын үйл ажиллагаанд ороод явах нь зохисгүй. Хуучин тийм байсан, одоо ч мөн адил.

-Гэр бүл дээр нэг асуулт үлдээчихлээ. Хувийн амьдрал дээр ч та дандаа азтай байсан. Манай урлагийн ертөнцөд амжилттай карьертай явж байсан жүжигчнийг эхнэрээ болгосон. Та эхнэрийнхээ мөрөөдөлд ямар нэг байдлаар садаа болсон гэж боддог уу. Танаас болж эхнэр тань тодорхой зүйлийг золиослосон уу?

-Манай эхнэр олон зүйлийг миний төлөө золиослосон. Жишээ нь намайг АНУ-д суралцаад явж байхад хажууд гэр орноо, үр хүүхдээ аваад явж байсан гэдгээс нь эхлээд л. Гэхдээ энэ бол бид хоёрын хамт л босгосон  амьдрал. Хааяа хамт жүжиг үзээд түүнийг тайзаа хараад, алга ташилтыг сонсоод жүжигчин хүний хувьд  цаанаа огшиж байгаа тэр мэдрэмжийг нь би мэдэрдэг. Гэхдээ харамсал нь харьцангуй гайгүй байдаг байх  гэж найдаж явдаг. Би ажил мэргэжлийг нь ойлгодог. Кино, жүжигт тоглох урилга ирэхэд нь хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Мэргэжлээ өөрчлөөд бизнес хийгээд явж байхад нь ч хорьж байгаагүй. Ер нь хүнээс хамааралтай амьдрал утгагүй. Эхнэр маань миний ажлыг хориглоод байвал надад утгагүй. Манай гэрт нэг зарчим байдаг нь хоорондоо улс төр ярьдаггүй.

-Хатагтай О.Байгаль Ерөнхий сайдын гэргийн хувьд ямар жишиг үлдээх бол. Олон Ерөнхий сайдын эхнэр янз бүрийн байдлаар л үлдсэн байдаг. Зарим нь сайн ойлгогдож чадалгүй аюулт эмэгтэй болоод үлдсэн ч байж магадгүй. Зарим нь янз бүрийн төсөл санаачлаад нийгмийн тайзан дээр гарч ирдэг. Бид танай гэр бүлийн зүгээс ямар дүр төрхийг хүлээж болох вэ?

-Төлөвлөгөөгүй байгаа нь төлөвлөгөө юм уу даа.

-Таныг Ерөнхий сайд болсноос хойш төрийн өндөр зэрэглэлийн хамгаалалт гэдэг зүйл танай гэр бүлд орж ирсэн байх. Зарим эхнэрүүд үүнээс болж шооконд ордог гэсэн. Танд энэ байдал ямархуу байна?

-Та түрүүн намайг их тайван хүн юм гэж хэлж байсан. Миний ганц дасахгүй байгаа зүйл энэ л байна. Манай гэрийнхний хувьд харьцангуй тайван байгаа. Тэд нарыг байнга дагах биш. Миний хувьд дасч өгөхгүй л байгаа. Одоо би юу мөрөөдөж байна гээч, зүгээр нэг хүнсний дэлгүүр ороод л, гав ганцаараа идэж уух зүйлээ цуглуулаад л явахыг.

-За, баярлалаа. Танд амжилт хүсье.


Бидний уулзалтаас хойш 20 гаруй хоногийн дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АБНЭУ-д айлчлал хийлээ. Энэ айлчлалын үеэр “Оюутолгой”-н далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд талууд гарын үсэг зурж, зургаан тэрбум ам.долларын том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн юм. Мөн тэрбээр айлчлалынхаа хүрээнд Дубай хотноо СIB санхүүгийн групптэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол Улсад хөрөнгө оруулалтын сан байгуулах замаар нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхээр болж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Энэ бол том ахиц, том ажил. Ийнхүү хөрөнгө оруулалтын орчинд нүүрлээд байсан бараан үүлийг хөөх гэж тэр чадлаараа хичээж байна, чардайн зүтгэж байна. Үр дүн нь Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гацаа арилж, галт тэрэг хөдлөх болов. Тэр залуу хүний тэсвэр тэвчээр, эр зориг, хүсэл тэмүүллээр Монгол Төрийн төлөө зүтгэж байна. Түүнийг нь ч нийгэм ойлгож, дэмжиж байх шиг ээ.