Ноцтой үгс...
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн ноцтой үгсийг мартаж болохгүй. Шударга бусын хонгилыг өрөгчид болох Монголын хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж “Дараагийн эзэн хэн байх вэ, бид яаж өөрсдийн албан тушаал дээрээ үлдэх вэ” гэхчлэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур төр барьж тоглох, наймаалцах хуйвалдаан өрнүүлснийг Л.Оюун-Эрдэнэ нийгэмд хэлсэн.
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “давхар дээлний” хуулийг УИХ хэлэлцсэний дараахан шиг санаж байна. Тэр хуулийг хэлэлцэхэд их сонин юм болж байлаа. ТББХ-гоор орох гээд, өглөөхөн нь би С.Дэмбэрэл гишүүнтэй ярилцсан байсан. Давхар дээлний хууль үндсэндээ энэ Засгийн газрыг унагахад зориулагдаж байгаа учраас энэ удаадаа ийм хууль батлах нь зөв үү, буруу юу гээд. Гэтэл ТББХ орох болтол С.Дэмбэрэл гишүүн алга болчихсон. Яав, юу болов? гэсэн чинь “Хэцүү байна ш дээ” л гэдэг ганц үг хэлсэн.
-Юу болсон бэ?
-Ганболд гээд дүүг маань Дарханд бариад хийчихсэн байна.
-Хэн хийсэн юм?
-Танай цагдаагийнхан... Би гайхаад цагдаагийн удирдлага руу утасдаад асуусан чинь “Дээрээс чиглэлтэй” гэсэн.
-Уг нь бол та дээр нь сууж байгаа биз дээ, Хууль зүйн сайд гээд?
-Харин тийм. “Ямар дээрээс вэ?” гэсэн чинь шууд л дээшээ заасан.
Энэ бол Х.Тэмүүжингийн 2019 онд Сэмүүнд өгсөн ярилцлага. Ганц Цагдаа бус Шүүх, Прокурор, Тагнуул, АТГ-ынхан бүгдээрээ хуруугаа дээшээ заадаг болчихсон цаг үеийг Х.Тэмүүжин ярьсан байна. Өнөөх л МАНАН-гийн бүлэглэл, “Шударга бусын хонгил”. Баривчилгаа бүрийн дараа “Дээрээс шүү дээ, өөр арга алга” гэдэг. Энэ ярилцлага нийгэмд хүрч байх үед Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болж байлаа. Улстөрчдөд Iegacy буюу өв гэж байдаг. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэд ах нараас нь ирсэн улс төрийн нэгэн “сонгодог” өвийг нь Х.Тэмүүжин ийнхүү хэлжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ ийм өвүүдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Бүр устгах ёстой өв гэж мэдэгдсэн, тэмцэл зарласан. Одоо үргэлжилж байна.
Ийм өвийг устгаж байгаа улстөрчийн амнаас их олон ноцтой үгс сонсогддог юм байна. Л.Оюун-Эрдэнэ “МАНАН бүлэглэлийн бий болгосон “Шударга бусын хонгил”-ын “гал хамгаалагч” болох Цагдаа, Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг яаралтай огцруулахыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх ёстой” гэж тэмцлийн эхэнд мэдэгдсэн. Өмнөхөн нь Цагдаагийн даргыг огцруулснаас болж Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасан бэлээхэн кейс байхад шүү. Тагнуулын даргаас болж тарж бутрах шахдаг Их хуралтай, Дээд Шүүхийн даргын суудлыг ярингуут дэргэдээ итгэх хүнгүй болдог Төрийн ордонтой, Прокурорын даргыг өөрчилнө гэхээр боож үхэх шахдаг, зарим нь тэнгэрт гартлаа дэвхцэн баярладаг сайд, гишүүдтэй, ийм л Монгол төрийн тогтолцооны өөдөөс цор цор хийлээ. Эрдэнэтийг булаалдсан, Оюу толгой дээр овоорч шантааж хийсэн, Төрийн өмчтэй банкууд, Төрийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийг тонож дээрэмдсэн бүх хүмүүст дайн зарласан, өнөөдөр ч үргэлжилж байна.
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн ноцтой үгсийг мартаж болохгүй. Шударга бусын хонгилыг өрөгчид болох Монголын хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж “Дараагийн эзэн хэн байх вэ, бид яаж өөрсдийн албан тушаал дээрээ үлдэх вэ” гэхчлэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур төр барьж тоглох, наймаалцах хуйвалдаан өрнүүлснийг Л.Оюун-Эрдэнэ нийгэмд хэлсэн. Тэнд хэн хэн сууж байсан гэдгийг Л.Оюун-Эрдэнэ үйлдлээрээ харуулсан. Тэр гарч ирээд хуулийн салбарын өндөрлөгөөс зайлуулсан хүмүүсийн нэрсийн жагсаалтаас харж болно. Хуулийн байгууллагын том дарга нар гэхээр хамгийн түрүүнд Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч орох байх, Ерөнхий прокурор нь орох байх, Цагдаа, Тагнуулын дарга, АТГ-ын дарга гээд орох байх. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга ч орж магад. Энэ зургаагаас өөр хуулийн байгууллага гэж цоллогдох институци байхгүй. Энэ зургаан хүний тэр үед Сингапур явсан билет энэ тэрийг шалгахад болно. Бараг шалгаж тогтоочихсон учраас өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа үргэлжилж байгаа биз ээ.
Л.Оюун-Эрдэнийн бас нэг ноцтой үг бол тухайн үеийн Монголын “хаан” М.Энхболдоос “Ял аваад явах гэж байсан хүнийг та өршөөсөн шүү” гэсэн тулгалт, асуулт юм. МАН-ын дарга М.Энхболдод яахаараа Шүүхээс гадуур хэн нэгнийг өршөөх эрх байдаг билээ? Шүүх эрх мэдэл гагцхүү шүүхэд хадгалагдах Үндсэн хуулийн зарчимтай. Гэтэл яагаад МАН-ын дарга шүүхийн шийдвэр яаж гарахыг мэдэж, хэнийг ялаас мултлахыг заадаг байв. Энд УЕП, үгүй бол УДШ-ийн ерөнхий шүүгч гэдэг хоёр нөхрийн асуудал хөндөгдсөн юм. Ийм л болчихсон байсан Монголын хуулийн салбар. Бузар булай, хууль бус үйлдэл бүрийг нь дурдаж барахгүй салбар. Энэ том бүлэглэлийн өөдөөс Л.Оюун-Эрдэнэ сөрж байна. Зогсолтгүй ажиллаж байна...
Саяхан кофе шопын буланд хэдэн хүн даруухан хөөрөлдөхийг сонслоо. “Нэг хэсэг ч үнэхээр даварсан даа, нүдэн дээр л цүнх дүүрэн мөнгө зөөж давхилдсан даа, муу луйварчид...” гэж. Цаана нь суух залуу “Одоо 7 хоногт наймаар нь хэргийг шилжүүлж байна шүү дээ, хэзээ тийм байсан юм” гэв. Өөдөөс нь харсан залуу “Манайд салхи орсон, орсон, прокуророос холдох минь гэх үе байсан шүү” гэж байна. “Үйлээ үзсэн хэрэг бүртгэл... сейф рүү шидэгдэх дургүй хүрмээр шүү, нэг дарга нь дуудаад л...” гэхчлэн өнгөрсөн цаг дээр яриа өрнөцгөөв. Чихний үзүүрт урссан хууль сахиулах байгууллагын тэр залуусын яриа яагаад ч юм надад “Салхи эргэж байгаа юм болов уу даа” гэх бодлыг төрүүлсэн юм. Үр дүн үүднээс л мэдрэгддэг гэж үг бий. Засч сайжруулах ажил энэ салбарт их бий. Гэхдээ л сүүлийн гурван жилд хууль хүчний ажилтнуудын дунд ийм үгс, ийм хандлага бий болж, арай л өөр болж байгаа аяс мэдрэгдэх боллоо. “Ажиллахад арай л амар болж байна” гэж нийслэлийн прокурорт ажилладаг найз маань шинэ жилийн ширээн дээр бас хэлсэн шүү.
Гэхдээ л болоогүй, мөн ч их юм үзэж, туулж, давж туулах шаардлагатай тулгарч байна. Яагаад гэвэл өчигдөрхөн л ЦЕГ-ын дарга, АТГ-ын дарга, Тагнуулын ерөнхий газрын дарга, Барилга хот байгуулалтын сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүд нарын хүмүүс бүлэглэж, гадаадын хөрөнгө оруулагчийн газрыг дээрэмдэж байлаа шүү дээ. Энэ мэт схемийг нэг дайралтаар эвдэж чадах уу.
Японы хөрөнгө оруулалттай “Суруга Монгол” компани, японы иргэн Цүнэяки Хара гэсэн хоёр нэрийг жишээ нь сонссон уу. Гүүглээс энэ хоёр нэрээр олж унш даа. Тэдний нийлж хийдэг гэмт үйлдлийн нэг л гэж ойлго. Ноцтой үгс тэнд уншигдана. 2012 оны хоёрдугаар сард “Суруга Монгол” ХХК-ийн захирал Цүнэяки Хараг Хан-Уул дүүрэгт байрлах “Палас” зочид буудлын 609 тоот өрөөнөөс хар тамхины хэргээр баривчилсан. Бүтэн дөрвөн сар түүнийг мөрдөн байцааж, хорьсны эцэст 2012 оны зургадугаар сард шүүхээс Цүнэяки Хараг хар тамхи хэрэглээгүй, буруугүй гэж цагаатгасан. Энэ хэргийг “Суруга Монгол” ХХК-ийг газарт шунасан дээрх бүлэглэл, хууль хяналтын байгууллагынхны оролцоотойгоор, маш нарийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулсан байдаг юм. Цүнэяки Хара гэх япон иргэнд хар тамхиар гүйцэтгэх ажиллагаа хийсэн. Ингэж айдас хүйдэст автуулсны дараа "Суруга Монгол"-ын эзэн, япон эр Монголоос дайжиж, зугтсан. Түүнийг Япон руугаа зугтахтай зэрэгцээд, эзэмшиж байсан үнэ цэнэтэй газрыг нь УИХ-ын гишүүд, мөн сайд, Тагнуулын дарга, ЦЕГ-ын дарга, Хууль зүйн дэд сайд нарын хүмүүс ижил тэнцүү хувааж авсан. Төрсөн өдрийн торт хувааж байгаа юм шиг. Энэ одоо ардчилсан Монголд байж болох үйлдэл мөн үү. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар гарч ирснээр японы иргэн Цүнэяка Хараг дуудсан, урьсан, хөрөнгөө эргүүлж авахыг хүссэн... Ийм л юм болж байгаа. Япон улс Монголын ямар түнш билээ дээ. Ерэн оны хүнд бэрх цагаас хойш өнөөдрийг хүртэл Монголд гараа сунгаж байгаа ард түмэн шүү дээ.
Ингэж л хууль завхруулдаг хууль сахиулагчидтай Л.Оюун-Эрдэнэ тулалдаж ирлээ. Тулалдах явцад олон ноцтой үгсийг тэрээр нийгэмд цааш цаашид хүргэх байх. Чимээгүй үзэх нь эрсдэлтэй. Өнөөдөр түүнийг барьж идэхээр шийдсэн дайснууд маш олон. Энэ бүгдийн эцсийн үр дүн нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байх хугацаандаа Монголын улс төрд зөв өв үлдээх. Улстөрчийн үлдээсэн сайн ӨВ улс орныг ӨӨД нь татдагийг бид хөгжсөн орнуудаас харж байна шүү дээ...