Хэсэг зуур жингүйдсэнээ эргээд л ойчлоо. Биеэ хэлээгүй л дээ. Гэхдээ гунсрах юмгүй цэлмүүхэн. Гадаа өнгийн хорвоо үргэлжлэвч дотор гүнд сэрүү татсан амгалан тэмтрэгдээд байх болсон. Баярлалаа, Багш аа... Ойрхон байсан багшийн номоос нэгийг шүүрээд сөхлөө. “Нирваан”. Санамж болгож ганц өгүүлбэр унших гэсэн чинь салж чадахгүй шимтсээр хэчнээн ч хуудас эргүүлэв. Хэзээний танил дотно мөртлөө үргэлж шинэхэн байдаг сонин шүү. “Нирваан хутгийг би өдрийн бодол, шөнийн зүүднээс сэрэхүй” гэж ухаардаг – Будда. Тийм ээ, үзэгдэл бүхэн зүүд. Буян үйлдэж зүүдлэх, нүгэл хийж зүүдлэх. Бурханыг эрж зүүдлэх, харж зүүдлэх. Бугтай тэмцэлдэж зүүдлэх, тэврэлдэж зүүдлэх... Нойрны зүүд, сэрүүний зүүд... Зүүд бүхэн замхарна. Зүүд биш нь ганцхан тэр... Үзэгдэл биш болохоороо зүүд биш. Аниргүйн тэсрэлт... Гадаад, дотоод ялгаагүй тунгалаг хоосон амьд огторгуй. Ахиад хэзээ тохиох бол? Зүүдэн орчлонгоос уйдахыг минь хүлээж байгаа юм болов уу? Уйдаагүй л яваа минь үнэн...

Фэйсбүүк рүүгээ орлоо. Баяраа нэг линк илгээж. Үзтэл Нисванис-ын “Миний нирвана”. Гайхаж билэгшээв. Энгүүн үгс, энгүүн аяз мөртлөө зүрхний хэнгэрэг дэлдэж, зүүд нойр сандаачих мэт доргиотой, долгионтой. Тэр нэг инээд сонсогдох шиг. Ха Ха Ха Хи. Догшин бурхадын тарни дотор ийм авиа олон тохиолддог. Утгыг нь сүүлд ойлгосон. Зүгээр л инээх дуу. Зүүдний хорвоогоос сэрээд хөхөрч байгаа дуу. Бас зүүдэндээ итгэгч амьтдыг шоолон инээх дуун. Сэрэх мөчдөө Багш элгээ хөштөл инээж байсан гэдэг. Бодидарма, Дилова, Шантидэва, Сараха цөмөөрөө инээж байсан...

Цаанаасаа ирсэн захиалга бололтой. Ошо багш “Нисванис”-тай хамт дуулахыг хүсчээ. Ингээд нэг эвлүүлэг хийлээ. Орчлонгийн зүүднээс сэрж, Нирваанд хүрсэн мөчөө Багш ингэж дуулсан юм. Үгээр илэрхийлшгүйг илэрхийлж байгаа болохоор энэ бол гүр дуу, очир тарни билээ - Миний нирвана:

Эндхийн амьдрал зүүд юм
Эргээд хэн ч түүнийг санахгүй    


Олон төрөлдөө би өөрийгөө дайчилж, хийвэл зохих бүхнийг хийсээр ирсэн. Гэвч түүнтэй учрахгүй л байлаа. Яагаад гэдгээ одоо ойлгодог. Чармайлт минь садаа болж, эрэл минь тотгор болжээ. Эрж хайхгүйгээр юунд ч хүрэхгүй. Гэвч эрлээ хүртэл орхих учиртай цаг ирдэг. Гол гатлахад завь хэрэгтэй ч дараа нь завинаасаа буух ёстой...

Хэчнээн хичээгээд нэмэргүйг харах мөчид бүх эрэл хүсэл замхарсан. Юу ч хүсч хүлээхээ больсон тэр өдөр тэр зүйл эхэлсэн. Ер бусын эрчим энд-одоогоос ундарч эхэлсэн. Тэрээр аль нэг орон зүгээс биш, хаа сайгүйгээс асгаран байлаа. Тэрээр модонд ч, чулуунд ч, агаар тэнгэр, нар эрхис бүгдэд байсан. Би түүнийг алс холын юм шигээр бодон хайж явсан. Гэтэл тийм ойрхон, дэргэд байсан юмсанж. Алс холыг саравчилж байгаа хүн дэргэдэхээ анзаарахгүй шүү дээ.

Долоо хоногийн турш би түших тулгуургүй, зуурах горьдлогогүй төлөвт байсан. ‘Горьдлогогүй’ гэдэг үгийг та нарын хэрэглэдэг сөрөг утгаар хэлээгүй шүү. Энэ үгэнд би өөрийн туршлагаас үүдсэн шинэ утгыг оноож байна. Горьдлогогүй болсноор гансарч шаналсан юм биш. Харин ч эсрэгээр жаргалтай, амар амгалан, бүрэн төвлөрсөн байдалд байв.  Энэ бол сөрөг төлөв биш, туйлын эерэг төлөв. Ердийн хоосрол биш, ер бусаар бялхсан төлөв. Би-гээс салж, тулах цэгггүй болсноор ёроолгүй ангал руу хальсан юм. Гэхдээ айдас түгшүүр байгаагүй. Учир нь, айх хүн ч үгүй, авран хамгаалагч ч үгүй байсан.

Санахгүй байх тусмаа сайхан санагдах
Сайхан зүүд юм


Орой болохын алдад тэсэхүйеэ бэрх боллоо. Амаржих гэж байгаа эх шиг өвдөж, дуншиж эхлэв. Уул нь би тэр өдрүүдэд арван хоёр, эсвэл нэг цаг хүргэж унтдаг байлаа. Харин тэр орой өөрийн эрхгүй нүд анилдаад байв. Нэг л юм болох гээд байгааг мэдрэх. Яг юу гэдгийг нь хэлж мэдэхгүй. Магадгүй, үхэл ч байж болох. Гэхдээ надад айдас төрөөгүй. Тийм гайхамшигтай, дэндүү жаргалтай долоо хоногийн дараа үхлийг харамсах зүйлгүй угтах байлаа. Цовдлогдох хийгээд дахин амилах мэт, үхэх хийгээд шинээр мэндлэх мэт онцгой нэгэн хувь зохиол булангийн цаана отон байх шиг.

Тэнд би хэр сайхан байх бол?
Мансуурал минь хэр урт вэ?


Мансуурч, нүд анилдахын эрхэнд орой найман цагийн үед орондоо орлоо. Гэвч энэ жирийн нойр биш байв. Нойр, самади хоёр төстэй гэсэн Патанжалийн үгийг одоо би ойлгоном. Ганц ялгаа нь самадийн агаарт чи бүрэн сэргэг байна. Биеийн эд эс бүхэн гүн нойронд амарч тайвшрах атал дотоод сэрэхүйн гэрэл хурц тод асаастай. Бие махбодын тавирсан хөндий, ухамсрын гэрэлт оргил хоёр шүтэн барилдана. Тэр жигтэй нойрон дунд эерэг, сөрөг, унтаа, сэрүүн, үхэл, амьдралын эсрэг тэсрэг туйлууд учралдаж, би хоёр хэмжээсэнд зэрэг оршин байлаа. Далд үндсийг нь угзарсан ийм тохиолын дараа хүн яагаад ч хуучин хэвээрээ үлдэх боломжгүй. Амьдрал шинээр эхэлж, ертөнцийг шинээр харна.

Тэнд би хэр сайхан байх бол?
Мансуурал минь хэр урт вэ?


Арван хоёр цагийн орчимд нүд аяндаа нээгдлээ. Өөр нэг зүйл нойрыг минь үргээж орхив. Эргэн тойрон гэрэл гэгээ, жаргал цэнгэлийн хүчит хуй, эрчит давалгаан оволзохыг мэдэрч, өөрийн эрхгүй түүнд хөл, толгойгоо алдан автлаа. Тэр давалгаанд миний бие цогц, өрөө, байшин бүхэлдээ бодит биш болж хувирсан. Бодит ахуйтай анх учрахад бүхий л үзэгдэл бодит биш болдог...

Будда ертөнцийг зүүд зэрэглээ гэж хэлэхдээ, хана хаалга хоёр ялгаагүй болохоор ханаар гарч болно, эсвэл талхны оронд чулуу идсэн ч хамаагүй гэсэн утгаар хэлээгүй. Тэрээр үнэмлэхүй бодит ахуй байгаа, түүнийг нэгэнтээ таних юм бол бодит гэж итгэсэн ертөнц чинь хий үзэгдэл болохыг хэлсэн. Зүүдэлж байхад зүүд бодит байдаг. Харин нүдээ нээж, бодит ахуйг харснаар сая чи зүүдээ хуурмаг болохыг ойлгоно.

Тэр шөнө үүд нээгдэж, ондоо хэмжээсэнд би орсон. Үнэхээр бодит, үнэмлэхүй түүнийг Бурхан тэнгэр, Дарма, Дао гэхчлэн дуртайгаараа нэрлэж болно. Түүнд тусгай нэр, хаяг үгүй. Тэрээр тунгалаг хоосон атлаа гарт баригдмаар бодит. Хэтэрхий үлэмж түүнийг би шингээж чадахгүй давчидлаа.  Тэнгэр, газар, байгаль ахуйтай цуг байхын тэсгэлгүй хүслэн төрж, өрөөнөөсөө үсрэн гарлаа. Гадаа гармагц бачуурахаа болив. Тийм үлэмж ахуйд өрөө маань дэндүү жижигдсэн юмсанж. Огторгуй хүртэл түүнд багадмаар. Амьсгал жаахан уужирч, ойрхон цэцэрлэгийн зүг алхав. Дэлхийн татах хүч үгүй болсон мэт. Алхаж, гүйж, эсвэл нисч байгаагаа ялгаж чадахгүй байлаа. Жингүй болсон биеийг минь өөр нэгэн хүч эзэмдэн залж байх шиг. Анх удаагаа би ганцаардлаас салж, хувь хүний хүлээснээс гарсан юм. Далайд дусал унах мэт. Одоо бүх далай минийх болсон, би өөрөө далай болсон. Хил хязгаар үл тэмтрэгдэх. Би үгүй, гагцхүү бүхнийг чадах цаглашгүй хүч цалгилах.

Удаан байх тусмаа утгатай санагдах
Уртын урт миний нирвана


Тийн алхсаар өдөр бүхэн очдог цэцэрлэгтээ хүрэв. Шөнийн нэг цаг болж байсан болохоор хаалттай байлаа. Би хулгайч аятай цэцэрлэгийн хаалгыг даван оров. Нэг юм намайг тийшээ түлхээд байсан юм. Биеэ барих чадавхи надад байгаагүй. Зүгээр л хөвж байлаа. “Голын урсгалыг бүү сөр, даган хөв” гэж дахин давтан хэлдгийн минь учир тэр. Би түүний аясаар байлаа. Угтаа би байхгүй, тэр л байсан. Түүнийг бурхан гэж нэрлэвэл бурхан л байсан хэрэг. Гэхдээ би зүгээр л “тэр” гэж дуудмаар байна. Учир нь, бурхан тэнгэр мэтийн үгийг хүмүүс дэндүү их хэрэглэж, бохирдуулсан. Христиан, Лал, Хиндү номлогч, улс төрчид энэ үгийн гоо сайхныг эвдэж гутаасан. Тиймээс би тэр л гэж хэлье. Тэрхүү хүч намайг эрхшээн залж байв.

Цэцэрлэгт орох агшинд бүх зүйл гэрэлтэж, адис ивээл хаа сайгүй халгин цалгилаа. Анх удаагаа би моддын ногоон өнгө, амин шимийн урсгалыг мэдрэх шиг. Цэцэрлэг нойронд умбаж, модод унтаж байсан ч би тэдний амьд ахуйг харж, өчүүхэн жаахан өвс навчны гоо сайхныг ч бахданхан байв. Эргэн тойрноо ажиж байтал онцгойрон туяарах нэг мод намайг урин дуудав. Түүнийг би биш, бурхан өөрөө сонгосон. Тэгээд би тэр модны дор суулаа. Намайг суухтай зэрэгцэн бүх ертөнц нам гүм болсон. Тийм төлөвт хэр удсанаа хэлж мэдэхгүй байна. Гэртээ үүрийн дөрвөн цагт харьсан гэхээр гурван цаг суусан байж таарах. Гэвч тэр цаглашгүй удаан байсан. Цаг хугацаанд үл баригдах, ер юунд ч үл хөндөгдөх онгон дагшин, оёор хязгааргүй мөнхийн ахуй.

Удаан байх тусмаа утгатай санагдах
Уртын урт миний нирвана


Тэгэхэд болсон зүйл хожим хойно ч үргэлжилсээр. Ил харагдахгүй ч далд байдлаар. Тэр шөнөөс хойш би биеэсээ хальсан... Гэхдээ нарийхан мөнгөн утас намайг биетэй минь холбож байна. Энэ бол миний өөрийн дур зориг, хүч чадал биш, гагцхүү оршихуйн таалал. Надаар дамжуулж та нартай нэгэн зүйлийг хуваалцахыг хүсч, энэ эрэг дээр намайг хэсэг зуур торгоохоор шийдсэн бололтой. Тэр өдрөөс хойш миний хувьд өөр ертөнц нээгдэж, энэ ертөнц бодит биш болсон. Энэ ертөнцийг бодит биш гэж хэлэхдээ би эдгээр моддыг бодит биш гээгүй. Модод үнэхээр бодитой, гагцхүү моддыг харж буй чиний зам мөр бодит бус. Модод үнэмлэхүй үнэн, бурхан дотор оршдог. Харин чи тэдний жинхэнэ ахуйг хардаггүй, хуурмаг зэрэглээг хардаг. Сэрээгүй цагт зүүд үргэлжилсээр байх болно.

Эндхийн амьдрал зүүд юм
Эргээд хэн ч түүнийг санахгүй    
Санахгүй байх тусмаа сайхан санагдах
Сайхан зүүд юм


Ганц агшин ч атугай нүдээ нээвээс цаглашгүй их адис ивээл тэнгэр, газар даяарт цацраастайг үзнэ. Энэ бол тансаг сайхан ертөнц. Гэхдээ би өөрийн харж буй ертөнцийг хэлж байна. Та нарын мэдэх ертөнц бол болхи толхи, бохир заваан. Тэр бол та нарын өөрсдийн чинь бүтээл. Бодит ертөнцийг дэлгэц болгон ашиглаж, төсөөллөө тусгасан төдий. Зүүднээсээ гарсан цагт бүх будда нарын нээсэн тэр л ертөнцийг харна. Түүнийг нээх нь амьдралын утга учир.

Удаан байх тусмаа утгатай санагдах
Уртын урт миний нирвана


Давтан хэлье. Чармайлтгүйгээр түүнд хүрэхгүй. Бас хүчин чармайлтаар ч хүрэхгүй. Асар их чармайлт хэрэгтэй. Тэгж байж чармайлт бүхэн утгагүй болох оргил цэг дээр очно. Бүрэн төгс бууж өгсөн үед л тэрбээр залардаг. Би-үгүй, хүсэл үгүй болж, энд-одоод уусан алдрах цагт тэр ирнэ. Ирэхдээ хүчит давалгаан, эрчит хуй мэт ирж, урьд үзээгүй шинэ оршихуйн зүг шидэх болно.

Амьдралаас үнэтэй миний нирвана

Би-үгүй болсон үед чиний зүрхэнд бурханлаг амар амгалан үүрд хоногшино. Хоосорч байж л дүүрдэг жамтай. Тэр шөнө би хоосроод дүүрсэн, үхээд амилсан, эс оршихуй болоод оршихуй болсон. Түүнээс өмнө би түг түмэн төрөлдөө үхэж явсан. Гэвч тэр бүхэн дутуу үхэл байж. Бие махбод л үхэж, заримдаа сэтгэлийн хэсэг, эгогийн сэжүүр мөхөж байсан. Гэвч нөгөө л бодгаль яаж ийгээд үлдэж, ахин дахин дүрээ өөрчилж, нэрээ сольсоор явсан. Тэр шөнийн үхэл харин жинхэнэ үхэл байлаа. Үхэл, бурхан хоёр зэрэг тохиодог юм билээ.

Амьдралаас үнэтэй миний нирвана...