Л.Пүрэвдорж: Төвбанкны бодлого мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийг хөндөж байгаа нь үнэн
-Шүүмжлэл дагууллаа гэдэгтэй би бүрэн санал нийлэхгүй. Олон нийт эерэгээр хүлээж авсан. Үр дүнгийн тухайд ярихад арай эрт байна.
-Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ. Нэлээд
шүүмжлэл дагуулж, бас нэлээ хугацаа өнгөрлөө. Нэмсэний үр дүн эдийн засагт мэдрэгдэж
байна уу?
-Шүүмжлэл
дагууллаа гэдэгтэй би бүрэн санал нийлэхгүй. Олон нийт эерэгээр хүлээж авсан. Үр
дүнгийн тухайд ярихад арай эрт байна. Төв банкны зүгээс авч байгаа энэ арга хэмжээ
бол үр дүн нь нэлээд хожуу гардаг. Манайхны тооцоолсноор 5-6 сарын хоцрогдолтой
явдаг. Харин бодлогын хүүг нэмэх бодитой шалтгаан, шаардлага байсан нь өдөр ирэх
тусам мэдрэгдэж байна л даа.
- Ямар бодитой шалтгаан байсан гэж?
-Өнөөдөр эдийн засгийн хөгжлийн ирээдүй их гэрэл
гэгээтэй харагдаж байгаа. Оюутолгойн гэрээг баталчихсан, валютын урсгал нэмэгдэж,
хөрөнгө оруулалт өслөө. Монголын эдийн засаг хямралыг үндсэндээ даваад дараагийн шат руу нь орлоо. Гэхдээ л болгоомжлол төрүүлж, анхаарахаас аргагүй байдалд
оруулж байгаа зүйл бол инфляцийн өсөлт. Инфляци бол монгол хүн бүрийн амьдралд нөлөөлдөг, бизнесийн
орчныг тогтворгүй болгодог. Инфляци арван хувиас даваад ирэхээр бизнесээ төлөвлөхөд
ч хэцүү. Инфляци бүр их өсөхөөр төгрөгийн ханшийг унагадаг, санхүүгийн секторыг
тогтворгүй болгодог аюултай. Инфляци нэмэгдэхээр маргааш юуны үнэ, яаж нэмэгдэх бол гэсэн болгоомжлол,
хүлээлт үүсдэг. Сая махны үнэ өслөө, бензинийн үнэ нэмэгдээд жаахан буурлаа. Махан дээр арга хэмжээ авч дөнгөж буугаад байтал зөрөөд эрчим хүчний үнэ нэмэгдчихлээ. Одоо арван
сарын 1-нээс цалин нэмнэ, хүүхдийн мөнгө олгох тухай хэлэлцэж байгаа зэрэг нь хүлээлт
үүсгэж инфляцийг улам хөөргөж байна. Засгийн газар хоёр удаагийн дайралтаар үндсэндээ
иргэн бүрт 70 мянган төгрөг тараагаад дуусч байна. Энэ нь инфляцийг бодитой бий
болголоо. Харин Төв банкны бодлогоос болж мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд байгаа юм
алга. Санхүүгийн системийнхэн мөнгөний нийлүүлэлтийг
хүний бие дэх цусны эргэлттэй зүйрлэж ярьдаг.
Өнөөдөр манайд цаг үеийн байдалтай холбоотой нийлүүлэлтийн болон төсвийн
тэлэлтээр нөхцөлдсөн инфляци үүсээд байна. Төв банк эдийн засгийн тогтвортой байдлыг
хадгалахын тулд инфляцийн хүлээлтийг багасгах, инфляцийн өсөлтийн хурдыг бууруулах,
дараагийн арга хэмжээг авах боломж олох гэж л бодлогын хүүгээ нэмсэн.
-Нэмснээр ийм үр дүнд хүрнэ гэсэн тооцоо
ер нь бол байгаа биз дээ?
-Тийм
тооцоо бий бий. Цаашид махны үнийн өсөлтөөр
арга хэмжээ авахгүй, Засгийн газар зарлагаа нэмээд, Монголбанк арга хэмжээ авахгүй
суугаад байвал ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нэг тооцоо байна. Үүгээр бол инфляци асар их өснө. Монголбанк арга
хэмжээ авлаа авлаа гэхэд, Засгийн газраас
хавсралт арга хэмжээг авахгүй бол бодлогын хүүг эргээд 14 хувьд хүргэсэн
ч инфляци оны эцэс гэхэд ихээхэн өндөр хэвээр байх тооцоо ч бас бий.
-Инфляци өссөн гол шалтгааныг эдийн засагчид
бэлэн мөнгө тараасантай холбож байгаа. Та ч сая инфляцийн өсөлтийг угтуулж бодлогын хүүгээ нэмсэн гэлээ.
Гэтэл одоо дахиад 50 мянган төгрөг бэлнээр тараана, инфляци бас өснө.
Тэр үед төв банк бас л бодлогын хүүгээ нэмэх үү?
-Хэрвээ
одоо 50 мянгыг тараагаад, оны эцсээр цалин нэмээд, ирэх онд 500 мянган төгрөгийг
бэлнээр, дараа жил дахиад 500 мянгыг сургалтын төлбөр гэх мэтээр бэлэн бусаар, ингээд хүн бүрт нэг сая төгрөг тараана гэвэл өнөөдрийн
хүн амаар үржүүлбэл энэ нь 2.8 их наяд төгрөг.
1.5 сая төгрөг өгнө гэвэл дөрвөн их наяад төгрөг болно. Монголчуудын жилийн хэрэглээ түүхэндээ хүрсэн
дээд хэмжээ нь 3.2 их наяд төгрөг байгаа.
Гэтэл бүтэн жилийн хэрэглээг нь буюу ийм их мөнгийг Монголын эдийн засагт гэнэт хийчихээр шингэхгүй. Яагаад гэвэл Монголын эдийн засаг өөрөө
жижигхэн, дээр нь хямралаас дөнгөж гарч байгаа, өсөлтийн хурдаа аваагүй яваа. Сая Цагаан сараар 70 мянган төгрөг тараасан. Гэтэл
тэр нь юмны үнийг өсгөж, Хятадын импортыг нэмэгдүүлж байгаад буцаад Төвбанкны үнэт цаасан дээр ирээд
суучихсан. Өөрөөр хэлбэл, эдийн засагт шингэж чадахгүй байгаа юм. Энэ байдлаа олон давтвал сэргэж байгаа эдийн засаг дахиад
хямралд орно. Тийм учраас бэлэн мөнгө тараахаа
зогсоогооч, улстөрийн амлалтаа биелүүлэхдээ бэлэн мөнгө тараахгүй, хувьцаа хэлбэрээр
өгөөч, хөгжил угтаж байгаа ийм үед хариуцлагагүйгээсээ болж эдийн засгаа битгий
сүйрүүлээч гэдгийг сануулж, УИХ, Засгийн газарт захидал бичиж, ард түмэнд олон нийтийн
мэдээллийн хэрэгслээр хандаж байна.
-Ер нь бол эдийн засгийн харилцаагаар үүсээгүй
баахан мөнгө гэнэт орж ирээд сэргэж байгаа
эдийн засгаа унагаж байна. Өөрөөр хэлбэл,
улстөр нь эдийн засгаа татаж унагаж байна гэж ойлгож болох уу?
-Өөрөө
их зөв хэллээ, эдийн засгийн чадамжаар бий
болоогүй, хөдөлмөрөөр үүсээгүй гэнэтийн их мөнгө эдийн засагт орж ирээд шингэхгүй
байна. Зүйрлэбэл, хатаад ангаад гандчихсан
хуурай хөрс байдаг даа. Гэнэт аадар бороо
орохоор үер буугаад дайралдсан бүхнээ туугаад явчихдаг. Манай эдийн засаг тийм л
байдал руу явчих гээд байна.
-Монголбанк цаашид ч бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй гэсэн
баталгаа байхгүй юм байна, тийм үү?
-Бодлогын
хүүг нэмэгдүүллээ ч энэ өсөлтийг бүрэн зогсоож дийлэхгүй. Энэ өсөлт Төв банкны мөнгөний
бодлоготой холбоотой бус шалтгаанаар үүсч байгаа боловч, бидний зүгээс эдийн засгаа
аварч үлдэх л арга хэмжээ авч байгаа юм. Нөгөө талаас Төв банкны бодлогын хүүг их
нэмэхээс өөр аргагүй байдалд орвол улсын эдийн засагт үндсэндээ асар их муу нөлөөтэй.
-Бодлогын хүүг нэмэгдүүлэх нь том зургаа харсан шийдвэр байх. Гэтэл бодлогын
хүүг нэмэх нь арилжааны банкны хүү нэмэгдэх, зээл хумигдах, үүнээс болоод хувийн
секторын үйл ажиллагаа доголдох гээд сөрөг талуудтай биз дээ ?
-Богино
хугацаанд бол яах аргагүй ийм сөрөг үр дагавартай. Гэхдээ дунд болон урт хугацааны
эдийн засгийн тогтвортой өсөлт, санхүүгийн захын тогтвортой байдлыг хангахын тулд
Төв банк ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байна.
Бодлогын
хүүг нэмнэ гэдэг бол хувийн сектор руу зээлээр гарах мөнгийг Төв банк өөрийнхөө үнэт цаасан дээр татах арга хэмжээ юм. Энэ нь хувийн секторт, эдийн засагт муу нөлөөтэй
нь үнэн. Харин банкинд муу, банкны салбарыг сүйрүүлэх гэж байна гэдэг бол худлаа. Засгийн газрын төсөв нь томроод л, Төв банк нь
төсвөөр гарсан тэр их мөнгийг аргагүй эрхэнд хамж аваад л байвал бодит эдийн засагт
үнэхээр муу нөлөөтэй. Хүнд таван литр цус
байх ёстой бол тэр нь ордог хоёр замтай.
Төсөв ба мөнгөний бодлогоор гэж. Төсвийн
бодлогоор явбал хэрэглээ, төсвийн хөрөнгө оруулалт руу явдаг. Мөнгөний бодлогоор бол хувийн сектор, бизнес рүү
явдаг. Хэрвээ төсөв нь хүчрэгдэхгүй, УИХ нь төсвийг улам нэмж
батлаад байхаар чинь мөнгөний бодлогын шугамаар бодит эдийн засагт, арилжааны банкууд
руу ордог мөнгөний хэмжээ нь багасаад байна гэсэн үг. Энэ бол төр засаг нь хувийн сектороо шахаж эдийн
засгийнхаа ирээдүйн хөгжлийг боомилж, хумиж байна л гэсэн үг. Бодлогын хүү гэдэг бол Төвбанкнаас үнэт цаас худалдаж
авсны төлөө арилжааны банкуудын төлж байгаа хүү. Арилжааны банкууд өөнөөдөр өөртөө
байгаа бүх нөөцөө зээл болгож гаргаж чадахгүй байгаа. Ийм үед нь Төв банк өндөр хүү өгч байна гэдэг
бол арилжааны банкуудыг л дэмжсэн бодлого.
Гэтэл манай зарим арилжааны банкныхан үүнийг ойлгож буй мөртлөө улстөржиж,
зориудын захиалгатай материалуудыг хэвлэлээр явуулж байгаа. Хаанаас хэн яаж захиалаад байгаа тодорхой байгаа.
-Эдийн засгаа аврахын тулд Төв банкны зүгээс бодлогын хүүгээс өөрөөр оролцох
бололцоо байна уу?
-Өөр
арга бараг байхгүй. Ер нь өнөөдөр Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11
хувь байгаа. Харин зээлийн жигнэсэн дундаж хүү 18-20 орчим хувьтай байна. Зөрүү нь 9 пункт байгаа биз. Хэрэв эдийн засаг дахь зээлдэгчид эрсдэл даах
чадвартай байсан бол 11 хувиар Төв банкны үнэт цаас авахын оронд зээл гаргах ёстой.
Тэгэхэд банкууд зээл гаргалгүйгээр бага өгөөжтэй Төв банкны үнэт цаасанд байршуулж
байна гэдэг бол цаад эдийн засаг эрсдэл даах чадваргүй байгаатай нэг талаар холбоотой.
-Төв банкны зүгээс бас банкны бүтцийн өөрчлөлтийг
батлуулах гээд тэр нь явахгүй байх шиг байна. Банкны салбарт яг ямар өөрчлөлт хийх
гээд байгаа юм бэ?
-Зээл
яагаад гарахгүй, Төв банкны үнэт цаасан дээр суугаад байгаа нь тодорхой шалтгаануудтай.
Бодит эдийн засгийн сэргэлт сайн болоогүй, том зээлдэгч нар зээлийнхээ хуучин өрөөс
бүрэн гарч чадаагүй, шинээр үүсч байгаа бизнесүүд нь арилжааны банкуудын итгэлийг
хүлээгээгүй, зээл аваад эргээд төлөх чадвартай төсөл цөөхөн зэрэг шалтгаан бий. Энэ бол нэг талын шалтгаан.
Одоо банкны системд 522 тэрбум сул чөлөөтэй
мөнгө байна. Тэрийг 10.87 хувийн хүүтэйгээр
төв банкинд байршуулж байна. Арилжааны банкнаас
гарч байгаа зээлийн хүү дунджаар 18 хувь байгаа. Арилжааны банкууд энэ 11 ба 18
хувийн хүүгийн зөрүүнээс ашиг олох боломжтой.
Гэтэл арилжааны банкууд яагаад зээл өгч чадахгүй байна гэхээр сая хэлсэн
бодит эдийн засагтай холбоотой шалтгаанаас гадна банкны системд ч зарим шалтгаан
байгаа юм. Тухайлбал, өөрийн хөрөнгө нь дутчихсан. Өөрийн хөрөнгө гэдэг бол тухайн
банкны өмчлөгчийн хөрөнгө. Өөрийн хөрөнгө, актив хөрөнгө хоёрын зохистой харьцаа
алдагдсан. Өөрөөр хэлбэл, өмчлөгчийн хөрөнгийн даах чадвараас давсан зээл олгоод
эхлэхээр тухайн банкны үйл ажиллагаа доголдож эхэлдэг. Нийт салбарынхаа хэмжээнд гайгүй мэт харагдавч
өмчлөгчийн хөрөнгө, нийт актив хоёрын зохистой харьцаа цөөвтөр банкнаас бусад банкин дээр үндсэндээ алдагдчихсан. Өмчлөгчийн оруулсан хөрөнгө 2007 онд буюу хямрал эхлэхээс өмнө
450 тэрбум төгрөг байсан. Зээлийн өсөлтийг
хангаад явж болж байсан. Харин одоо өмчлөгчийн
хөрөнгө 260 орчим тэрбум төгрөг болж 2007 оныхоосоо 190-ээд тэрбум төгрөгөөр багассан.
Тийм учраас цөөвтөр банкнаас бусад банк зээл олгохоор найдвартай ажиллагаа нь буурчих
учраас зээл гаргаж чадахгүй байна. Иймд өөрийн хөрөнгийн дутагдлаас яаралтай гарах
шаардлага байгаа юм. Уг нь манай банкууд хямрал ид явж байх үед төр засаг туслахгүй байна,
мөнгө өгөөч гээд байсан ш дээ. Одоо бол мөнгө
ав, буцаагаад төлөөрэй гэж байгаа.
-Тэгээд банкны өмчлөгчид яагаад мөнгө авахаас буюу энэ хөтөлбөрөөс татгалзаад
байгаа юм бол?
-Одоо
банкны системд 4.5 их наяд төгрөг байна.
Үүний 3.1 наяд нь харилцах хадгаламж.
Энийг төрөөс батлан даачихсан. Банк өмчлөгчдийн хөрөнгө гэж 260-аад тэрбум
төгрөг байна. Эндээс харвал банкны систем
маань бүхлээрээ төр дээр буюу нийт монголчуудын халаасан дээр сууж явна. Нэгэнт төр ингээд даачихсан учраас банк өмчлөгчид
тайвширчихсан. Өөрөөр хэлбэл, төрийн хариуцлага ихэдчихсэн, өмчлөгчийн хариуцлага
багасчихсан, энэ байдлаа сайжруулах сонирхол өчмлөгчдөд бага байна. Ийм үед төр
шийдвэрээ гаргах ёстой. Банкны эздийнхээ аяыг дагаад яваад байх уу, нийт эдийн засгаа
тэтгэх бодлого хэрэгжүүлэх үү гэдэг сонголтоо хийх болоод байна. Банкны бүтцийн өөрчлөлт хийнэ гэдэг бол зөвхөн
банкны салбарын асуудал биш. Энэ бол Монгол
Улсын хөгжлийн тухай асуудал. Өнөөдөр эдийн засаг түргэн өсч байна, Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалтууд
идэвхжинэ. Зээл авах хэрэгцээ улам нэмэгдэнэ. Гэтэл банкуудын зээл өгөх чадвар сул байдаг. Сул
гэдэг нь хоёр утгатай. Нэг талаас зээл өгчих мөнгө нь банкинд байгаад байдаг. Гэтэл өмчлөгчийн хөрөнгө, нийт актив хоёрын харьцаа алдагдчихсан учраас зээл гаргаж чаддаггүй.
Цаашид энэ байдалтайгаа байх уу, эсвэл өмчлөгчдийг шахаж бодит эдийн засгаа бодох
уу гэдэг хоёр сонголт байна.
-Банкны шинэчлэлийн хөтөлбөрийг Засгийн
газар өргөн барих ёстой гэж гишүүд үзэж байгаа. Засгийн газар яагаад өргөн барихгүй
байна вэ?
-УИХ 2009 онд ээлжит бусаар чуулахдаа банкны бүтцийн
өөрчлөлтөө хий, банкуудаа сайжруулах ажил хий гэж үүрэг өгсөн. Тэрний дагуу, сая ярьсан бодит шалтгаан байгаа
учраас, бас дэлхий нийтийн туршлагад тулгуурлан
банкны бүтцийн өөрчлөлт хийх гээд байгаа юм. Эдгээр шалтгааны улмаас бид хөтөлбөр боловсруулаад
Сангийн сайдад өгсөн. Гэтэл Сангийн сайд энийгээ та нар өөрсдөө УИХ-д өргөн барь гэсэн.
-Монголбанкинд ийм эрх байхгүй биз дээ?
- Ихээхэн
хэмжээний бондын эрх олгох тухай тогтоолын төсөл өргөн барих эрх Монголбанкинд байхгүй. УИХ ч Монголбанкнаас хүлээн авч шийдэх боломжгүй.
-Одоо тэгээд зогсонги байдалд орчихсон
уу?
-Зогсонги
байдалтай л байна. Гэхдээ тал талаасаа хүчин
чармайлт тавьж ойрын үед УИХ-д өргөн барих байхаа гэж найдаж байна.
-Энэ байдал удаан үргэлжилбэл яах вэ?
-Банкны
салбар сул, эдийн засагт байгаа боломжоо бүрэн дайчилж чадахгүй байгаа энэ байдал
цаашид удаан үргэлжилбэл хөгжлийг түргэтгэх биш, хойш л татна.
Нөгөө талаас Монгол руу орж ирж байгаа асар их хөрөнгүүд Монголоос гадуурхи арилжаанд явна. Банкууд зээл
өгөхгүй бол том аж ахуйн нэгжүүд гаднаас
авна. Ингээд Монголын санхүүгийн салбарын
хөгжил дотоодоос биш, гаднаас хамааралтай болж эхэлнэ. Мөн ганц нэг банк доголдох, унахад хүрэх аюул бодитой бий болно. Том жижиг гэлтгүй нэг банк л сул байхад банкны
салбар бүхэлдээ доргичихдог.
-Тэгэхээр энэ арга хэмжээнд хамрагдах ёстой
тэдгээр банкууд л нийт салбараа унагачих гээд байна гэж үзэж болох уу?
-Зарим
банкны өмчлөгчид хэтэрхий амиа бодож байгаа
юм. Өөрийнхөө эрх ашигт Монголын хөгжлийн
эрх ашгийг нийцүүлэх гэж улайрч байна. Сэтгүүлчдэд төдийгүй, олон нийтэд бараг мэдрэгдэж байгаа байх. Тэд хэвлэлээр захиалга өгөөд төлбөртэй
юм бичүүлээд, түүнийгээ бүх сонин хэвлэлээр үг үсгийн өөрчлөлтгүй олон давтаж байна.
Нийт эдийн засгийн ерөнхий эрх ашгийг харахгүй, би л өмчтэйгөө, банкныхаа эзэн байж
байвал улс орон хамаа алга гэсэн байдлаар хандаж байна.
-Тэгвэл улстөрийн амлалт нь нийт эдийн засгаа татаж унагааж байна гэдэгтэй адил
банкныхан өөрсдөө банкны шинэчлэлээ гацааж байгаа юм байна ш дээ?
-Банкныхан
гэж салбараар нь бүхэлд нь ойлгож болохгүй.
Тодорхой цөөхөн банкны эзэд лобби хийж яваа. Хэн гэдэг нь ч тодорхой байгаа. Улстөржүүлж байна, гишүүдийн толгойг угаах гэж
оролдож байна. Жишээ нь, МАХН банк булааж авах гэж байна гэж сурталчилж байгаа.
Тийм юм ерөөсөө байхгүй.
-Жишээ нь хэн бэ, ер нь банкуудын эздийг,
өмчлөгчдийг ил зарлаж болдоггүй юм уу? Уг нь иргэд итгэж найдаад мөнгөө хадгалуулж
байгаа тэр банк олон нийтэд аль болох л нээлттэй байх ёстой биз дээ?
-Банкны
шинэчилсэн хуулиар тухайн банк эзэд өмчлөгчдөө зарлах учиртай. Одоо бид шахаж удахгүй зарлуулна.
-Банкны шинэчлэлийн хөтөлбөр гэдэг маань
Монголбанкныхны боловсруулсан төсөл үү, эсвэл хэвлэлээр яваад байгаа хоёр солонгос
зөвлөхийн зөвлөгөөнүүд байна уу?
-Дэлхийн
эдийн засгийн хямрал санхүүгийн салбараас
үүссэн. Банкны салбарын менежмент сул, банкны өмчлөгчид хариуцлагагүй байсан. Үүнээс
улбаалаад банкны салбарыг сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэх тухай дэлхий даяар
ярьж байна. Олон ч зүйл хийж байна.
Банкны хяналтыг сайжруулах, өмчлөгчдийн хариуцлагыг дээшлүүлэхийн тулд томоохон
банкууд дээр тодорхой татвар тогтоох, үүнийгээ банкны салбар муудсан үед хэрэглэх
гэх мэт. Энэ бол хямралаас дэлхий нийтээрээ авсан сургамж. Бид сая хямралаас үндсэндээ
гараад ирлээ. Бидний авсан сургамж бол өмчлөгчийн хөрөнгийн дутагдлыг маш түргэн шийдэх. Шийддэг
нэг арга нь муу банкуудыг унагаад цааш явах хувилбар. Энэ бол хүнд гэдгийг бид мэднэ. Тийм учраас нийт банкаа хамруулаад өмчлөгчдийг
нь оролцуулаад, тэднийг жаахан шахаад бас боломж олгоод бүгдээрээ хамт явъя л гэсэн арга ш дээ. Энэ бол ганцхан Монголд
хэрэглэх гэж байгаа арга ч биш. Хямралд орсон бусад орнууд ч хэрэглэж хямралыг
давж байгаа. Турк, Тайланд, нөгөө надтай адилтгаж бичүүлээд байгаа Исланд гээд.
Бүгд л энэ аргыг хэрэглэж байсан. Энийг бид санаанаасаа зохиогоод хийчихээгүй. Дэлхийн
банк, Олон улсын валютын сангаас зөвөлгөө авч байгаа. Дэлхийд тэргүүлэх зэрэгт багтдаг
дөрвөн том мэргэжилтэн ирүүлж энэ хөтөлбөрийн ерөнхий санааг босгож өгсөн. Дараа
нь бид өөрийн болгож Монголынхоо онцлогт тохируулж зассан. Банкны холбооныхны зөвлөмжийг
тусгасан. Тэгэхээр энэ бол дэлхий нийтийн
туршалагад тулгуурлсан Монголбанкны өөрийнх нь хөтөлбөр гэж үзэх ёстой. Солонгос зөвлөх гэдэг чинь бүр сүүлд ирсэн. Ирээд
сар л болж байгаа байх. Хөтөлбөр хэрэгжээд явахад нарийн ширийн зүйл хэлж зөвлөөд
явах үүрэгтэй Дэлхийн банкнаас ирүүлсэн зөвлөх.
Тэгээд ч Монголбанкинд хоёр зөвлөх байхгүй. Нэг л байгаа.
-Хэвлэлээр хоёр л гээд байгаа.?
-Нэг
нь Сангийн сайдынх, тэнд ажиллаж байгаа.
-Бэлэн мөнгөний амлалт, инфляцийн өсөлтөөс болоод
олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд зогсох уу?
-“Стэнд
бай” гэж хөтөлбөр бий. Улирал болгон дүгнэдэг. Сая тав дахь дүгнэлт нь болсонгүй. Яагаад болсонгүй гэхээр нэгд танай төсөв их үрэлгэн
байна, одоо төсвийн тодотголоороо та нар асар их зарлага гаргах гээд байна. Энэ
чинь эдийн засгийн чинь тогтвортой байдлыг алдагдуулна. Хоёрт 2010, 2011 оны төсвийн
хүрээний мэдэгдлийг үзэхээр их замбараагүй зүйлүүд хийх гэж байна, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тавин хувийг бэлнээр
тараах гэж байна. Хэрвээ тараавал эдийн засгийн
хөгжил чинь болохгүй. Бас банкны бүтцийн өөрчлөлтөө баталж эхлүүлэхгүй бол энэ салбар чинь зогсонги
байдалд орно гэж байгаа.
-Гаднынхны энэ хөтөлбөр зогслоо гэхэд Монгол
Улсад хохиролтой юу болох вэ?
-Лав
л 70 сая долларын санхүүжилтийг Засгийн газар авч чадахгүйд хүрнэ. Монголбанкинд ОУВС-гаас орж ирэх 40-өөд сая доллар
ч орж ирэхгүй болно. Хөтөлбөрийн 5,6 дах
үе шатыг дүгнэсний үндсэн дээр 70 сая долларын санхүүжилт авах ёстой.
Дампуурсан “Зоос”, Анод”-той холбоотой
асуудлуудаа бүрэн шийдсэн үү. Сүүлийн үед бас төрийн банкийг хувьчлах тухай ярьж байна, үнэхээр хувьчлах юм уу?
-“Зоос”
банкны хувьд асуудал шийдэгдсэн. “Анод” банкны хувьд жижиг хувьцаа эзэмшигчидтэй
холбоотой асуудлаар сая УИХ-аас чиглэл авсан.
Удахгүй шийднэ. “Зоос”-ын суурин дээр байгуулсан Төрийн банк “Зоос”-той харьцуулахад хамаагүй сайн болсон.
Цаашид хувьчилна. Засгийн газар хувьчилна. Төв банкны хувьд хувьчлахыг дэмжиж байгаа.
-Монголбанк Олон-Овоотын лицензийг авахын
тулд Зоос банкийг зориуд дампуурууллаа гээд байгаа. Үүнд үнэний хувь байна уу?
-Олон-Овоотын
лицензийг Монголбанк мэдэхгүй. Засгийн газар л “Жаст” группт шилжүүлчихсэн байсан. “Зоос” банк өөрийн буруугаас болж дампуурсан. Ер нь Монголын банкны салбарт уламжилж ирсэн алдаа
дутагдлыг цаашид засах уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирж байгаа. Нэг банк нэг том зээлдэгчдээс хэт хараат болох, нөгөө талаар өмчлөгч
ба түүнтэй холботой этгээдүүд зохистой хэмжээнээс давсан зээлийг авдаг. Ийм хоёр дутагдал Монголын бүх банкинд бий. Одоо бид үүнээс салах учиртай. Монголбанк төрийг
төлөөлж байгаа. Төрийнх нь шаардлага сулраад
Монголбанк, арилжааны банк хоёрын дунд эрүүл биш, зарчмын бус харилцаа үүсэхээр
банкны салбарт их муу нөлөөтэй. Ний нуугүй хэлэхэд нэг үе тийм байж. Тэрнийг засч чадах уу, үгүй юу гэдэг сонголтын
өмнө ирээд байна. Монголбанкны өнөөдрийн удирдлага бол үүнийг засъя гэж зүтгэж байгаа.
Тийм учраас ч банкны шинэчлэлийн хөтөлбөрийг боловсруулсан.
-Сүүлийн үед Монголбанкийг луйвардсан Чалмерс
гэж нөхрийг манайхан хилээрээ гаргаад алдчихсан тухай хэвлэлүүд бичиж байна. Зарим
хүн Чалмерс Монголбанк хоёр нэг талын хохирогч,
хамтраад явах ёстой гэж байгаа.?
-Энэ
бол миний ярих дургүй сэдэв. Асуусан учраас хариулъя. Бид Флоридад Америкийн хуулийн
компани хөлсөлж авсан. Чалмерсаар зуучлуулаад мөнгө авчихсан хэд хэдэн этгээд Флоридад байгаа юм. Монголбанк хуулийн компани хөлсөлж аваад хоёр
гурван жил ажиллаж байж саяхан Флоридагийн шүүхийн шийдвэр гарсан. Чалмерс болон түүнтэй холбоотой этгээдүүд Монголбанкийг
хууран мэхэлжээ. Тийм учраас Монголбанк эдгээр
этгээдээс 69 сая доллар, дээр нь нэмээд шүүхийн зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж шүүхийн
шийдвэр гарсан. 69 сая гэж сайхан дуулдаж байгаа боловч Чалмерс болон түүнтэй холбоотой
этгээдүүд хөрөнгөгүй бол бид юу ч авч чадахгүй. Тэгэхээр Чалмерс Монголбанк хоёр нэгдээд явах боломжтой
байж уу, адилхан хохирогчид байж уу, үгүй юу гэдгийг Флоридагийн шүүхийн шийдвэрээс
харах боломжтой юм.
-Хуулийн компани хөлсөлсөн, дээр нь нөгөө
этгээдүүд хөрөнгөтэй эсэх нь тодорхойгүй гэхээр Монгол Улсын нэр хүндийн л асуудал
болохоос нэхэмжилсэн мөнгөнөөсөө илүү зардал гаргачихсан юм биш үү?
-Зардал
бол гарсаан. Монгол төгрөгөөр 3.2 тэрбум төгрөгийн зардал гарсан. Гэхдээ энд нэг
юм бий. Тэд Монголбанкнаас 21 сая ам.доллар
хуураад авчихсан. Тэр мөнгийг л бид хайж
байгаа. 21 сая ам.долларын аккредитив нээчихсэн.
Монголбанк гурван саяас бусдыг нь төлөөгүй. Гэтэл үлдсэн 18 сая долларыг нь биднээс
нэхэмжлээд Швецарийн шүүх дээр зарга үүсгэчихсэн яваа. Хэрвээ тэр шүүхийн шийдвэр бидний эсрэг гарвал
Монголбанк дахиад 18 гаруй сая доллар төлөхөөр болчихоод байна. Швецарийн шүүхийн шийдвэр бидний талд гарахад
Флоридагийн шүүхийн шийдвэр бага ч гэсэн нөлөөлөх болов уу л гэж найдаж байна.
-Монголбанкинд гаднаас улстөрийн дарамт
шахалт бол бий биз. Жишээ нь томилгоон дээр?
- Монголд
улстөрждөггүй салбар гэж байхгүй болсон юм биш үү.
-Дарамталж чаддаг мөртлөө дэмжлэг алга
уу?
-Ерөнхийдөө
Монголбанкны бодлого өнөөдрийг хүртэл улстөрийн дэмжлэг авч ирсэн. Шүүмжлүүлдэг ч гэсэн бид асуудлаа шийдээд л, бодлого
нь зөв яваад л хямралын давалгаанд эдийн
засгаа аваад гарч чадсан ш дээ.
-Монголбанк хоёр дэд ерөнхийлөгчтэй. Тэдэнтэйгээ
баг болж ажиллаж чадаж байна уу, сая хоёр нам квот маягаар тэднийг томилсон шүү
дээ?
-Би
Монголбанкинд ирээд өөрийн дураар нэг ч хүн
халаагүй. Зарим нэг газрын захирлууд хүсэлтээрээ сургуульд явах зэргээр гарч орсон.
Хоёр дэд ерөнхийлөгчийн хувьд өөрийн чинь хэлдгээр улстөрийн шалгуураар томилж чөлөөлснийг
олон түмэн мэдэж л байгаа байх. Ирсэн хоёр дэд ерөнхийлөгчийн ажил дөнгөж эхэлж
байна. Эхлэл нь гайгүй сайн л явна. Залуу
хүмүүс цаашид улам зоригтой, олны өмнө ил гарч, бодлогоо танилцуулж урам зоригтой
л ажиллах хэрэгтэй. Адаглаад Монгол Улсын эрх ашгийн төлөө томилуулсан намынхандаа
бодлогоо ойлгуулахын тулд эрч хүчтэй ажиллах хэрэгтэй юм.
-Ер нь таны талаар хэвлэлээр гараад байгаа
юмс улстөрийн зорилготой байж болох уу?
-Болно. Яагаад гэвэл миний явуулж байгаа бодлого бол өмчлөгч,
мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийг хөндөж байгаа нь үнэн. Гэхдээ Монгол Улсын, нийт эдийн
засгийнхаа эрх ашгийн төлөө юм. Тэр утгаараа улс төрийн зорилготой байхыг үгүйсгэхгүй.
Зочин
BC
VIRUS
Admin
Зочин
Зочин
монгол хүн.