1961 оны тэртээх намрын тэр өдрүүдэд дэлхий дахины анхаарал Алтан Москва руу төвлөрч, тэнд ЗХУКН-ын XXII их хурал чуулж СССР-т коммунизм байгуулах лут үйлсийг хэлэлцэж байлаа. Тэр их үйлс хэрхэн сүйрсэн тухай түүх нуршилгүйгээр их хурлын индрээс дэлхийн шинэ дайнд АНУ ба өрнийнхнийг өдөн дуудаж, хийрхэл дэврээсэн зарим түүхийг эргэж сануулъя. Бидний үеийнхэн, бидний хойч  үеийнхэн үүх түүхээ мэдэх үүрэгтэй, гол нь ямар ертөнцөөс салж, ямар руу нь явж буйг мэдрүүлэх үүднээс XXI зууны энэ цаг үед бол хэн ч үнэмшмээргүй, дэндүү хэнээтэй, инээдтэй (бүр галзуу), бас эмгэнэлтэй гэмээр эшлэлүүдийг дор дурдах болно. Энэ эшлэлүүд бас яг өнөөдөр Солонгосын хойгт өрнөөд буй дайны хэнээрхэлийг зөвөөр ойлгож тайлбарлахад чинь тустай болов уу. Мөн өмнөх нийгмээ санагалзан дурсаж яваа ахмад хижээл насны бүх коммунистуудад зориулав. Энэ нийтлэл эдүгээ Монголын амьдралаас  хол хөндий сэдэвтэй ч тухайн  цагтаа манай коммунистууд тэгж хийрхэлцэж явсныг нь сануулая.


 
Чухамдаа ХХ зууны гол агуулга нь социалист, капиталист нийгмийн хоёр системийн уралдаан байсан гэдэг утгаар дэлхийн бөмбөрцөгийг эл уралдааны асар том талбар юм гэж тооцвол социализм нь хуучин ертөнцийн байр суурийг  алхам алхмаар байлдан авч, хоёр системийн энх тайван уралдааны явцад капитализм бүх улс түмний өмнө ёс суртахууны талаар гүн ихээр ялагдав гэсэн үгс их хурлын тайлан илтгэлийн эхнээс эхлэн дурайжээ.

“Араатан чонын авиртай империализм”, ”цагаандаа гарсан империалистууд”, “ард түмнээ социализмын замаар орчихно гэж тэд үхтлээ айж”, “ангийн үзэн ядах үзэлд автагдан улангассан дайснууд нийт хүн төрөлхтөнийг дайны хөнөөлд учруулахаас буцахгүй”, “империалистуудын хүч тамир нь барагдаж, чадал тэнхээ нь муудсан боловч хомхой сэтгэл нь хэвээрээ байгаа зөнөсөн ховдог өвгөн шиг аашилж” гэхчлэн Н.С.Хрущевын тэр илтгэлд баахан харааснаа, империалист түрэмгийлэгчид оршиж байгаа цагт бид хэзээ ч бэлэн зэхээтэй байж, батлан хамгаалах хүч чадал, зэвсэгт хүчин, аюулаас хамгаалах байгууллагаа улам зузаатган бэхжүүлэх ёстой, хэрэв империалистууд эрэгцүүлэн бодохгүйгээр социалист орнуудад халдаж хүн төрөлхтөнийг дэлхийн хөнөөлт дайнд оруулах гэвэл тэдний тэр тэнэг балай алхам эцсийн алхам нь болж, капитализмын нийт систем эцэс болно (Алга ташив)  гэсэн заналхийлэл цаашаа хөвөрчээ.

Гурван бүлэгтэй тэр илтгэлийн тэргүүн бүлэг нь бараг тэр чигээрээ ийм үгсээр дүүрч, дараагийн бүлэгт коммунизмын өрнүүн байгуулалтын төлөвлөгөө, гутгаар бүлэгт Лениний намын их үйлс гэхчлэн байх агаад би энд зөвхөн тэргүүн ба удаахи бүлгээс эшлэж, тэр үеийн олон улсын харилцааны өрөөсгөл баримтлалыг нь сөхөж байна. “Капитализмын цаашдын ялзралыг аргалах аргагүй, капиталист орнуудын эдийн засаг нь халуун ханиад туссан өвчтөн шиг болж”, “амьдаараа ялзарч байгаа цатгалан баяныг санагдуулдаг” гэсэн үгс явснаа капитализмын мөхөх тавиланг олон баримтаар нотолж, тэр нь дотроосоо өтөж, зөрчил нь хурцдаж байгаа тухай АНУ, Япон, Өрнөд Европын улсууд дээр нэр зааж яриад,  нэвт шувт ялзарсан капиталист байгууллыг бүх гэм согогтой нь хамт булшлая (Алга нижигнүүлэн ташив) гэсэн алга ташилтууд шил даран хөврөх ба илтгэлийн тэр хэсгээс үзвэл ЗХУКН-ын XXII хурал дууссаны маргааш л өрнийнхний систем нурж унах нь уу гэлтэй дүгнэлт, томъёолол хараал зүхэлтэй хослон дүүрсэн байна.

“Энх тайван зэрэгцэн орших явдал бол СССР-ийн гадаад бодлогын жанжин шугам мөн” гэсэн дэд бүлэгт уг нь энх тайвныг бэхжүүлэх их үйлсийг тодорхойлмоор аястай эхэлсэн боловч сүүлдээ ямагт занах,  зүхэх хэлбэр рүү орж, “...Гитлерийн Герман итгэл эвдэж балмадаар халдан довтолсныг мартаагүй байна. Империалистууд дайны аюул заналыг үүсгэж байхад сэтгэл амарлингуй байж огтхон ч чадахгүй (Алга ташив)”,  



“Түрэмгийлэгчдийг буултаар уяруулдаггүйг түүх сургаж байна. Амин чухал асуудлын талаар империалистуудад буулт хийх гэдэг бол энх тайван зэрэгцэн орших бодлого биш, түрэмгийлэгч хүчний өмнө найр тавин бууж өгөх гэсэн хэрэг мөн. Бид хэзээ ч тэгж чадахгүй (Алга ташив)”  гэсэн андгай тангараг үргэлжилжээ.

Илтгэлийн “Зөвлөлт Холбоот Улс коммунизмын өрнүүн байгуулалтын шатандаа шилжин орлоо” хэмээх хоёрдугаар бүлгийн материал-техникийн бааз байгуулах чухал үе шатны тухай дэд бүлэгт “Би нэгэнт илтгэлээсээ хальж ярьсан болохоор” гэсэн тодотголтой Н.С.Хрущевын хувийн сэтгэлийн хөөрөл давамгайлсан, дэлхийн шинэ дайнд өдөж уриалсан үг өгүүлбэр шил даржээ. Бүхэлдээ “Дэлхийн дайн хаяанд тулж ирлээ” гэсэн сэрэмжлүүлгээр тухайн цагийн батлан хамгаалах бодлогоо зөвтгөж тэрээр ярьсан ярианаас эшлэбэл:

Бид эдүгээ тив хоорондын алслан нисэх баллистик пуужин, агаарын онгоц сөнөөх пуужинт зэвсэг, хуурай зам, агаар болон усан цэргийн пуужинтай боллоо. 12 мянга гаруй км хол тусдаг манай шинэ пуужингуудыг туршиж шалгалаа. Манай харвасан пуужин гойд мэргэн тусаж байгаа тухай мэдээ бид авсаар байна. Энэ хавиар Америкийн хөлөг онгоцууд ч мөн байж, зөвлөлтийн пуужин яаж явж байгааг ажиглаж, америкчууд манай пуужингийн нисэлтийн тухай зохих мэдээ баримтуудаа нийтэлж, бид ч тэр мэдээ баримтыг нь өөрийнхтэйгээ тулган шалгаж байна. Манай хөлөг онгоцууд дээр байгаа нөхдөд бид итгэлгүй яахав.  Ингэхлээр бид ч хянаж байгаа, дайсан ч хянаж байгаа, хоёр давхар хяналт болж байна (Алга ташив).       
      
Зөвлөлтийн пуужин тусах газраа яг тусаж байгааг дайсан этгээдүүд (үнэндээ бид тэднийг өөрийн дайсан биш байгаасай гэж хүсэх боловч империализмын төрөлх шинж чанарыг аргагүй л харгалзах хэрэгтэй) ч нотлон хэлж байна. Энэ сайн хэрэг ээ! Бид энэ талаар эргэлзэх юм алга (Алга ташив).

Манайд цөмийн шинэ зэвсэг турших ажил их амжилттай болж байгааг хэлье. Бид удахгүй турших ажлаа дуусгана. 10 дугаар сарын шувтаргаар л дуусгах байх. Төгсгөлд нь 50 сая тонн тротилын хүчтэй ус төрөгчийн бөмбөг дэлбэлэх байх (Алга ташив) . Манайд 100 сая тонн тротилын хүчтэй бөмбөг бий гэж бид хэлсэн. Энэ үнэн. Гэвч ийм бөмбөгийг хамгийн алс хол газар тэсэллээ гэхэд цонхныхоо шилийг хагалчиж болох учир тийм бөмбөг тэслэхгүй байгаа юм (Нижигнэтэл алга ташив). Ийм дээрээс бид тийм бөмбөг тэслэхээс одоохондоо түдгэлзэж байгаа. Тэгэхдээ  50 саяын бөмбөг тэсэллээ гэдэг чинь 100 саяын бөмбөг тэслэхэд хэрэглэх багажаа туршчихлаа гэсэн үг. Гэвч хуучны үгээр, бурхан минь, аль ч улсын нутаг дэвсгэр дээр тийм бөмбөг бид хэзээ ч тэслэхгүй байх юмсан.

Зөвлөлтийн усан дорхи флотыг байгуулах ажил амжилттай болж байна. Манай дайснууд баллистик пуужингаар зэвсэглэсэн усан дорхи флот байгуулж байна. Бид флотоо баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэж байна. Цэргийн эвсэл бүхий дайснууд манай орон болон социалист орнуудын нутаг руу усан дорхи хөлөг онгоцноос буудах гэж бэлтгэж байна. Бид хариуд нь газар дээгүүр болон усан доогуур буудахад бэлэн байна. СССР бол эх газрын гүрэн юм. Бидний эсрэг дайн дэгдээх гэсэн этгээд аргагүй л ус гатлах болно. Тэгээд ч бид социалист орнуудын хил хязгаар руу чиглэж яваа тэнгисийн хөлөг онгоцыг олон зуун км-ийн цаана далайд явж байхад нь онож буудах баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэсэн усан дорхи флот байгуулж байгаа юм. Атомын хөдөлгүүрээр тоноглогдсон, баллистик болон өөрөө хараалагч пуужингаар зэвсэглэсэн Зөвлөлтийн усан дорхи флот түрэмгийлэгчдийг болон мөн дайн гарвал усан дорхи хөлөг онгоцноос харвасан манай пуужингийн урамтай бай нь болох дайсны нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг хүртэл хиар цохих болно (Алга нижигнүүлэн ташив).    

Зөвлөлтийн армийг пуужин-цөмийн техникээр шинэчлэн зэвсэглэх ажил бүрэн гүйцсэнийг тус их хуралд илтгэн мэдэгдье. Эдүгээ манай зэвсэгт хүчин ямар ч түрэмгий этгээдийг ниргэн сөнөөх хүчирхэг зэвсгээр зэвсэглэлээ. Бид зэвсэгт хүчнээ пуужин, усан доогуур ажиллах флот, атомын зэвсгээр зэвсэглэхдээ нисэх хүчнээ улам хөгжүүлэн нарийсган сайжруулах ажлаа үргэлжүүлсээр байна.



Нөхөд өө! Манай гайхамшигт пуужин, түүний хөдөлгүүр, нарийн багаж хэрэгслийг зохиосон нөхөд энэ танхимд сууж байгааг бид харж байна. Зөвлөлтийн армид хамгийн орчин үеийн зэвсэг бүтээж өгсөн эрдэмтэд инженер, ажилчдад тус их хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье (Нижигнэтэл алга ташив).

“Зөвлөлтийн ард түмний гарт байгаа атом, ус төрөгчийн зэвсэг нь” гэхчлэн сүрдүүлж занасан эдгээр үгс хэдэн мөр яваад коммунизм байгуулах төлөвлөгөө, химийн үйлдвэр, угсармал барилга гэхчлэн төрөл цааш арилжжээ.

Орчин цагийн ойлголтоор бол илтгэлийн дээрхи хэсгийг  дайнч, дайны хэнээ туссан гэж солиотой хүн ч түвэггүй ойлгохоор. Тухайн цагтаа коммунизмын материал-техникийн их байгуулалтын нэг чухал уриа лоозон, чухал салбар нь болж явсан атом, ус төрөгч,  пуужингийн энэ их хийрхлийг гарчигт өгүүлсэнчлэн дэлхийн шинэ дайны уриа гэж үзэж болно. Энэ их уриа дуудлага хэрхэн төгсгөл болсон, хараал зүхэл амсуулсан нөгөө өрнийнхөн нь эдүгээ хэн болчихоод, өөрсдөө ямар байдалтай буй талаар бяцхан эргэцүүлэл хийх эрх уншигч Танд үлдлээ шүү.