Нэгдсэн Монголын төлөө эцсээ хүртэл ганцаараа тэмцсэн харчин гүн Бавуужав
Та бүхэн харчин гүн Бавуужавын зургийг харж байна. Түүхэн эх сурвалжид тэмдэглэснээр бол дээлийнх нь урт ханцуйн дотуурх гарынх нь бугуйнд хэнд ч үл мэдэгдэх жижигхэн япон гар буу үргэлж бэлэн байдаг байжээ. Хэрэгтэй үед гаргаж ирдэг.
Та бүхэн харчин гүн Бавуужавын зургийг харж байна. Түүхэн эх сурвалжид тэмдэглэснээр бол дээлийнх нь урт ханцуйн дотуурх гарынх нь бугуйнд хэнд ч үл мэдэгдэх жижигхэн япон гар буу үргэлж бэлэн байдаг байжээ. Хэрэгтэй үед гаргаж ирдэг. Яаж гаргаж ирсэн, хэрхэн цэнэглэсэн нь хэнд ч анзаарагддаггүй байсан гэдэг. Бас нэг онцлог нь өвөл зуны ямар ч улиралд нэгэн эрээн цамцнаас салдаггүй байсан нь өнөөгийнхөөр сум нэвтэрдэггүй хантааз байсан болов уу (япончуудаас бэлэглэсэн ч гэдэг) гэж үздэг. Хорьдугаар зууны эхэн үеийн дэндүү ээдрээтэй, эрсдэлтэй цаг үед амьдарч байсны илрэл болов уу. Ар талд нь бүрэн зэвсэгтэй, хятадууд юм шиг царайтай цэргүүд зогсч байгаа биз. Тэд бол жинхэнэ цахар цэргүүд. Тэр дундаа бүр Бавуужавын аавынх нь эзэмшил болох өргөн дэлгэр тариалангийн талбайд нь ажиллаж байгаад сүүлдээ Бавуужавын морин хороонд үнэнчээр зүтгэж, хамтдаа дуусацгаасан журмын нөхөд нь юм. Тэр туг бол таван замын байлдаанд мордоход нь Богд хаанаас аян дайндаа авч явахыг зарлигдан олгосон туг хиар нь болой. Зарим судлаачид түүнийг Хубилай Сэцэн хааны удмын хүн болох Зостын чуулганы дарга ван, Зүүн түмэд хошууны мэйрэн, шударга журамт эрэлхэг дайчин Бавуужав хэмээн тэмдэглэсэн байдаг бол зарим нь Богд Хаант Монгол Улсын Үе Улиран улсад туслагч гүн, Шударга баатар Бавуужав хэмээн оноожээ. Мань эр 1875-1916 оны хооронд 41 насалсан хүн юм. Энэ хугацаандаа үхэхээс бусдыг тэр үзжээ.
Бавуужавыг 13 настай байхад эцэг, эх нь уугуул нутаг Зостын чуулганы Түмэд зүүн хошуунаас нүүж Сүргийн хошуунд шилжин суурьшиж тариалангийн асар том талбайн эзэн болжээ. Тэгэхээр Бавуужав бол чинээлэг гэр бүлээс гарвалтай, баян айлын хүүхэд. Бас багаасаа бичиг үсэгт суралцсан. Ерөнхий характер нь тийм нэг бардам түрэмгий, хүнд дээрэлхүүлж үзээгүй, өөртөө итгэлтэй, дээр нь айхавтар үндсэрхэг үзлээр хүмүүжиж төлөвшсөн, энэ үзэл бодол нь үнэт зүйл нь болсон нэгэн байжээ. Эцэстээ энэ үзэл бодол, төлөвшил нь түүнийг Ар-Өвөр Монголыг нэгтгэсэн, хүчирхэг Монгол Улс байгуулахын төлөөх тэмцэлд мордуулсан юм. 1904 оны Орос, Японы дайны үед тэрбээр Японы талд хүчин зүтгэж морьт цэргийн даргаар ажиллаж Хаант Оросын цэргийн ар талд хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, хүнс хоол, зэр зэвсгийг нь олзолж, бараа таваар зөөвөрлөдөг зам харилцааг нь таслах үүргийг гарамгай гүйцэтгэж байжээ. Тэр үед Бавуужав төмөр зам дэлбэлснийхээ хөлсөнд япончуудаас их хэмжээний буу зэвсэг, алт, мөнгө авч морьт хороогоо бэхжүүлж байсан гэдэг. Орос, Японы дайны дараа тэрбээр морьт цэргээ шууд дагуулж Хянган Давсан нуурын орчим хуарагнан суусан байдаг. Улмаар 1908 онд Японы дэмжлэгээр одоогийн Ляонин мужийн цагдаагийн товчооны даргаар хүртэл томилогдож үзжээ. Түүний энэхүү япончуудтай сүжирсэн байдал, санхүү, зэвсгийн дэмжлэг ихээр авч, морьт хороогоо өргөтгөж, бие даах байдалтай байх болсны алсын зорилго нь цаг ирж нөхцөл бүрдэхэд Өвөрмонголыг хятадуудаас чөлөөлөх туйлын зорилготой байсан гэж өнөөдөр судлаачид үздэг.
Түүнийг ийнхүү бэлтгэлээ базааж байх үед Ар монголчууд азтай хөдөлж 1911 онд тусгаар тогтнолоо сэргээлээ. Үнэндээ энэ хувьсгалыг хийхэд Халх Монголд сортоотой хэдхэн аавын хүү л хөдөлсөн юм. Чингис язгуурын удам угсаадаа дэндүү хүндэтгэлтэй Сайн ноён хан Намнансүрэн, төрсөн хүүгээ хятадуудад цаазлуулж хорссон Чин ван Ханддорж, хол ойрын мэдээлэл сайтай (арай боловсролтой нь ч гэмээр юм уу) Да лам Цэрэнчимэд нар гол дүрд тоглож бусад нь дагалдан баяссан юм. Гэхдээ ар халхын эдгээр ноёдод үнэндээ зэвсэг агсаад босох зориг зүрх, цэрэг байлдааны туршлага, ур дүй алга байлаа. Том эрх хүзүүндээ зүүж, хамаг амьтны тусын тулд гэсэн үзлээр тусгаар тогтнолоо зарласнаас цааш ахихгүй байсан гэж болно. Ийм үед нь Өвөрмонголоос баахан ноёд хүрэлцэн ирж дэмжлээ. Тэд бол бөөн эр зоригууд. Дайн тулааны туршлагууд. Нэгдсэн Монгол Улс байгуулахын төлөө чинхүү хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилтэй нөхөд байлаа. Маани уншихаас өөр ажилгүй, хүлцэнгүй ноомой Ар Монголд гал дөл шиг ирсэн ноёд хэн байв гэвэл Манлай ван Дамдинсүрэн, Хайсан гүн, Харчин гүн Бавуужав, Тогтох тайж... нарын нэр бүхий цөөнгүй ноёд юм. Эцэстээ эдгээрээс ганц Бавуужав л ганцаараа тэмцэж үлдсэнийг өнөөдрийн түүх гэрчилж байна. Ингэж ирсэн Өвөрмонголын ноёд дотор бэлтгэгдсэн цэрэгтэй ирсэн ганц хүн нь Бавуужав юм шүү. Тэрбээр 1912 оны 12-р сарын 31-нд Богд хаанд айлтгал хүргүүлэхдээ “Монголын төлөө ямхын төдий ч болов тус хүргэхийг хичээж байгааг минь хүлээн авна уу. Энэхүү үйл хэргээс болж элэг зүрхийг шороонд хутгавч гомдох зүйлгүй” хэмээснийг Богд хаан хүлээн авсан юм. Ингэснээр харчин гүн Бавуужавын нэгдсэн Монгол Улс байгуулахын төлөөх их үйлсэд хүчин зүтгэх бүх боломж нээгджээ.
Түүхэн эх сурвалжуудад 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээмэгц Бавуужав цэргээ дагуулан явах замдаа нэмж элсүүлсээр 2000 гаруй хүнтэй Нийслэл Хүрээнд иржээ гэсэн нь ч бий. Хаант Оросууд Бавуужавыг дэмжиж байсны үрээр түүний цэрэг 4000 болсон гэж ч бий. Тэр үеийн хүлцэнгүй ноомой, шашинжсан халх Монголын Богд хаан дэмжиж ирсэн Өвөрмонголын эдгээр ноёдод цэрэг дайныхаа бүх хэргийг даатгасныг доорхи баримтаас харж болно. Дундад иргэн улс Өвөр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг зэвсгийн хүчээр цус урсган дарж, улмаар Монгол Улс руу довтлон орох их цэргийг Чуулалт Хаалга, Бат хаалга, Долооннуур, Хөх хот, Бугат хотын чиглэлээр мордуулсан мэдээлэл тэр үед иржээ. Ийм мөчид Монголын шинэ тутам Засгийн газраас үндэс угсаа нэгт ах дүү нараа авран хамгаалах яаралтай шийдвэр гаргаж, Богд хааны зарлигаар 1913 оны 1-р сарын 25-нд таван чиглэлээр их цэргийг угтан эсэргүүцэхээр хөдөлгөсөн юм. Энэхүү 10 мянган монгол цэргийн Егүзэр хийдийн чиглэлийг бэйс Чимэдцэрэн, Найданжав, Дарьгангийн чиглэлийг Хайсан гүн, харчин гүн Бавуужав, Сөнидийн чиглэлийг дэд сайд Насан-Аривжих, Хөх хотын чиглэлийг гүн Сономдорж, Хатны голын чиглэлийг Зүтгэлт нарын Өвөр монголын эх оронч ноёд удирджээ. Тэр байтугай бүх цэргийг Ерөнхийлөн захирах цэргийн жанжнаар баргын манлай ван Ж.Дамдинсүрэн томилогдсон байдаг. Тэрхүү таван замаар дайтах их цэргийн удирдлагыг тэр чигээр нь өвөрлөгч ноёдод даатгасан байгаа биз. Тэдгээрийн дотор Бавуужав үнэхээр тод байлдсан юм. Харчины Бавуужав, харчин гүн Бавуужав гэж нэр алдар нь түгсэн. Түүний нэршсэн харчин овог бол Монгол туургатны хамгийн том овог аймаг. Харчины дараа халхууд гэж яригдана. Ийм их овгийн удмын хүн гэсэн үнэ цэнээ эрт мэдэрсэн, пээдгэр эр бол Бавуужав юм. Дээр нь тэрбээр хар залуугаараа Орос-Японы дайнд оролцож тулалдсан, Японы мэргэжлийн армид байлдаж дайтаж дарийн утаа үнэрлэж, хүний амьтай ярьж үзсэн болохоор тэр үедээ Ар-Өвөр Монголын эдгээр хувьсгалчид дотроо цэрэг армийг мэддэг, юу ч хийхээс сийхгүй, эр зоригтой нь байсныг түүхэн эх сурвалжид тэмдэглэжээ.
Монгол цэргийн түрүүч давшсаар Хөх хотын орчим очиж, ихээхэн хэмжээний нутгийг хятад цэргээс чөлөөлөхөд Бавуужав голлох үүргийг гүйцэтгэжээ. Яг тэр үед Монголын Засгийн газар Өвөр Монголд байлдаж буй цэргийнхээ байршлыг өөрчилж, гүн Сумьяагийн цэргийг Дарьгангийн өмнө захад, Бавуужавын цэргийг хурц бэйс Түдэнгийн хошууны өмнө этгээдэд суулгаж, Зүүн өмнө хязгаарын цэргийн сайд жанжны тушаал хавсарч байсан Ж.Дамдинсүрэнг өвчтэй учир эгүүлэн татаж, уг тушаалд гүн Бавуужавыг тохоон тавьж “зарлигаар гаргасан зүүн өмнө хязгаарын монголчуудыг төвшитгөн тохинуулагч сайд” хэмээн албан ёсоор оноож, Шударга баатар цолоор шагнажээ. Хятадын Засгийн газар Монгол цэргийн эсрэг хүчтэй цохилт өгч чадахгүйгээ ойлгож Монгол Улсын цэргийн давшилтыг зогсоохын тулд Орос Улсаар дамжуулан Монголын Засгийн газарт нөлөөлөхийг хичээсэн юм. Оросын эрх баригчид Монголд сууж байсан өөрийн консул А.Миллерт энэ талаар тодорхой үүрэг өгсөн байдаг. Тиймээс ч тэрбээр 1913 оны хавар Монголын Засгийн газарт хандаж Өвөр Монголын нутагт сэргийлэн суулгасан ба хятад цэрэгтэй байлдаж буй цэргээ эгүүлэн татаж авахыг хүсчээ. Гэвч Монголын эрх баригчдаас Өвөр Монголын үндэс угсаа нэгтнээ хамгаалж буй ба харьяат газар нутгаа бүрэн бүтэн болгож авах зорилготойгоо А.Миллерт албан ёсоор мэдэгдсэн ч тэрбээр үл хайхран “Танай Монгол манай хоёр их улсын хэлэлцээрийг эрхбиш хүлээвээс зохино” хэмээн удаа дараа шаардан сүрдүүлсэн юм. Аргагүй шахаанд орсон Монголын эрх баригчид зөвлөлдөн хятадуудаас “Өвөр монгол ба бүх олон монголыг зовоохгүй, Монгол Улсын нyтгийн захад хятад цэргийг ирүүлэхгүй татан буцаах явдлыг Орос, Хятад хоёр Засгийн газраас урьдаар батлан ирүүлсний хойно манай Засгийн газраас цэргүүдээ татан буулгана” хэмээн мэдэгдсэн юм. Үүний дараа мөнөөх-консул А.Миллер “Иргэн Улсын Гадаад Хэргийн Яамнаас Халх нутгийн гадна бүхий Зүүн Монгол, Өвөр Монголын тайван суугчдыг хүчлэн дарлахгүй сэтгэлийг чангалан барих явдлыг иргэн цэргийн захирлуудад мэдэгдсэн ба бас даруй Дотоод Монголын тайван суугчдыг хамгаалж аль болох тусламж үзүүлэхээр өөрийн хэрэг шийтгэгчдэд нийтлэн тушааж Да зүнтүн (Их ерөнхийлөгч ЗЛ.) Юань Ши кайн зарлалыг тархаав” хэмээн бичиг ирүүлжээ. Үнэндээ Монголын Засгийн газар Орос консулын энэхүү удаа дараагийн шаардлагыг ямагт эсэргүүцээд байх бяр тэнхээ тэр үед байгаагүй юм. Орос, Хятадын зүгээс хүч хавсран Монголын эсрэг тэмцвэл эцэстээ ямар ч зовлонд учирч болзошгүйг ухаарч арга буюу Өвөр Монголд байлдаж буй цэргээ түр ухруулан татжээ. Үүнийгээ монгол цэргийн дарга нартаа мэдэгдсэн байна.
Үүнээс хойш Бавуужав Монголын Засгийн газрын шийдвэрийг дагаж “хоёр жил илүү” өөрийн захирсан цэргийн хамт Өвөр Монголд үлдэн Хиагтын гурван улсын бага хурлын эцсийн шийдвэрийг хүлээж байхдаа хятад цэрэг Өвөр Монголд эцэс төгсгөлгүй харгислал үйлдэж байгаад дургүйцэн нутгийн олны аргагүй байдалд туслах зорилгоор өөрийн мэдэлд байсан 2000 гаруй цэргийн мянга гаруйг нь дэргэдээ байлгаж, үлдсэн цэргээ Долооннуур хавьд хуваан суулгаж, Монгол Улсын хаан, Засгийн газар, Улсын Хуралд олон удаа бичиг захидал хүргүүлжээ.
Ийнхүү Бавуужав хятадын бодлогыг хүчээр эсэргүүцэхээс өөр аргагүй боллоо гэж үзсэн. 1913 онд хятадын цэрэг тооны хувьд Монгол цэргээс асар давуу байсан боловч Өвөр Монголын нутагт болсон байлдааны ихэнхэд нь хятадын цэрэг хиар цохиулж ихээхэн хохирол амссан төдийгүй хятадын нэг хороо, гурван анги цэрэг Бавуужавын захирсан цэрэгт дагаж оржээ.
Цэргийнх нь байлдааны бэлтгэл дорой байсан хятадууд Бавуужавыг дайн өдүүлэхээс сэргийлж янз бүрийн арга эрэлхийлж байлаа. Тухайлбал Долооннуурын хятад цэргийн захирагч Хуан Моу Чэн гэгч Тогтбат, Баян хэмээх хоёр ламыг Бавуужав руу томилон илгээж тусгай захидал хүргүүлж, хэрэв хятадтай эвсэн зохицвол Бавуужавт өндөр албан тушаал хүлээлгэх болно хэмээн мэдэгджээ. Гэвч Бавуужав Хуан Моу Чэний хоёр элчийн тус бүрийнх нь өрөөсөн чихийг огтолж тусгай дугтуйд хийж явуулжээ. Бавуужавын Хиагтын хэлэлцээрийн шийдвэрт эгдүүцэн хятадуудын эсрэг тэмцэх байдалд шилжих төлөвтэй болсныг Японы улс төрийн бодлоготнууд өөртөө ашиглахыг хичээсэн юм. Японы Засгийн газар 1915 оны эхээр Хятадад тулгасан “21 зүйлийн шаардлага”-ын тухай хэлэлцээр хийсээр хэдэн сар болоход Бээжингийн Засгийн газар хүлээн авахгүй байсан учир Япон улс хүч хэрэглэхээр шийдвэрлэж олон мянган цэргийг Манжуур болон Шандунгийн чиглэлээр оруулжээ. Үүнтэй зэрэгцүүлэн Бавуужавыг Япон улс өөд нь татахаар шийдэж Миори хэмээх япон офицерийг эмчийн дүрээр илгээж Бавуужавтай уулзуулж зэр зэвсэг, мөнгө найр тавин өгчээ. 1915 оны 10-р сард Хаант Орос, Хятадын хамтарсан шаардлагын дагуу Монголын Засгийн газар Бавуужавын байлдааны үйл ажиллагааг зогсоолгохын тулд Манлай ван Дамдинсүрэнг томилж Бавуужавтай уулзуулж учирлан ятгуулсан боловч тэрбээр цэргээ татан буулгахгүй гэдгээ мэдэгдэж, харин ч Япон улсаас тусламж авахаар тохиролцож дуусаад байгаагаа хэлжээ. Энэ бүхнээс харахад харчин гүн Бавуужав нь хилийн дээрэмчин хэзээ ч байгаагүй юм. Харинчиг Орос, Япон хоёрын дунд гулгаж тэшин, нэгийг нь нөгөөтэй нь зохицуулдаж, дундаас нь нэгдсэн Монгол Улсыг бий болгох гэсэн зорилготой улс төрийн том тоглогч байжээ. Тэр Хаант Орост ч нүүртэй байсан юм. Дэлхийн нэгдүгээр дайн ид үргэлжилж байх үед АНУ-Хаант Орост цэргийн зэвсэг нийлүүлэхдээ Дорнод хятадын төмөр замыг ашиглаж байв. Энэ явдалд Герман дургүйцэж Дорнод Хятадын төмөр замд дэлбэлэлт хийх төлөвлөгөө боловсруулж 1915 оны гуравдугаар сард Бээжин дэх цэргийн атташе Папенгеймийн удирдсан 8 герман, дөрвөн хятад, нэг монгол хүнийг тусгай отряд болгон Цицикар-Бөхт хоёрын завсар орчимд төмөр зам дэлбэлэхийг даалгаж, 20 гаруй тэмээнд тэсрэх бодис, байлдааны бусад хэрэгсэл ачуулж, 1915 оны хавар зүүн хойд Хятадын нутаг руу мордуулжээ. Хүрэх замаа төдий л сайн мэдэхгүйн улмаас газарч хүн олж зам заалгах шаардлагатай болсон учир Бавуужавын цэргийн зарим дарга нартай уулзаж зорьж яваа хэргээ нилээд тодорхой танилцуулжээ. Бавуужав уг хэрэг нилээд ноцтой гэдгийг ухаарч оросуудад мэдэгдэн таслан зогсоосон юм. Тийм болохоор Хаант Орос Бавуужавын үзүүлсэн гавьяа зүтгэлийг хоосон өнгөрүүлээгүй юм. Энэ мэтчилэн тэрбээр Ар халхын ноёдоос ч илүүтэйгээр хоёр их гүрний дунд жаалж, улс төрийн тоглолт хийж чадаж байсан ч үнэндээ хүчин мөхөсдөж, Хятадын үнэмлэхүй олон цэргийн хүчинд ялагдан Хаант Орос, улмаар япончуудын далд дэмжлэгтэйгээр Манжуур руу зугтан гарчээ. Түүний 41 насны амьдрал хэрхэн төгссөн нь өнөө хэр тодорхойгүй ч хятадуудын гарт амь эрсэдсэн гэдэгтэй түүхчид санал нийлдэг билээ.
Түүний хэрхэн амь эрсэдсэн баримт өнөө хэр БНХАУ-ын архивт хадгалагдаж байгаа гэж үздэг. Үүнийг манай судлаачид ч баталдаг. Наад захын жишээ гэхэд Монголын түүхэн олон романыг бичсэн Жа.Пүрэв гуай Амарсанаа, Чингүнжав, Галдан бошигт нарын тухай романуудаа бичихийн тулд нэг бус удаа түүхэн эх сурвалжуудыг хайж БНХАУ-ын төв архивт орох үед дээрх түүхэн хүмүүсийн түүх намтар, эхнээсээ эцсээ хүртлээ хэрхэн амьдарч тэмцсэн баримтыг тусгай хайрцгуудад архивлаж, завсар бүрт нь хар тамхины навч хийж хадгалсан байсан гэдэг. Тийм болохоор харчин гүн Бавуужавын амьдралын төгсгөл Хятадын архивт өнөөдөр ч бат найдвартай хадгалаастай байгаа нь тодорхой ажээ.