Баатар багшийн шаламгай шавь
Шар нохой жилийн босгон дээр тэр төр засагтаа олон жилийн нөр хөдөлмөрөө үнэлүүлж, “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Газрын хэвлийгээс эрдэнэс ундраасан гучин гурав дахь жилийнх нь нүүрэнд Алтан гадас энгэрт нь гялалзсан. Энэ бол эзнээ олж ирсэн зүй ёсны шагнал билээ. Эрдэнэт ууландаа сүслэж, ширхэг чулуу бүрийг нь элгэмсэн хайрласаар яваа мянга мянган эгэл уурхайчдын нэг нь тэр билээ.
Уурхайчны амьдралтай танилцах энэ удаагийн томилолт минь “Эрдэнэт” уулын ил уурхайн өрөмдлөгийн талбайд өрнөлөө. Хавар цаг хуйсагнуур аашаа үзүүлж, хавсарга тавьсан бүүдгэрхэн өдөр хөргийн баатраа зорин очихуй.. Харин тэрээр тэнгэрийн муухайг огтхон ч тоосон шинжгүй, аварга машинаа залуурдаж, хичээнгүйлэн шимтэн ажиллах. Саад болохгүй гэсэн дээ шууд яваад очиж зүрхэлсэнгүй, хэдэн хором хүлээе хэмээн бодож зогстол ашгүй эргэн харж, толгой дохив. Хүдрийн ил уурхайн өрмийн машинч Артын Дамдиндорж хэмээх яриа хөөрөө, явж суух үйл хөдлөл нь гавшгай хөнгөн эр инээмсэглэн мэндчиллээ. “Ах нь өдрийн норм, төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хором, мөч бүрийг алдахад хайран” гэж хэлсэн нь надтай ярилцах цаг хугацаандаа ихэд харам буй нь илт байв. “Уурхайд олборлолт хаана хийгдэхийг олж тогтоосны дараах хамгийн эхний ажил нь өрөмдлөг. Тэгэхээр өрмийн машинч хамгийн эхний дамжлага хийдэг гэсэн үг юм. Хариуцлага, эмх цэгц, цаг ашиглалт өрмийн машинчийн ажлын гол түлхүүр” гэж яриагаа эхэлсэн. Энэ түлхүүр нь түүнийг хувь хүн талаас нь ч бас тодорхойлох шиг.
Түүний “Эрдэнэт” үйлдвэртэй хувь заяагаа холбосон гучин дөрөв дэх хавар нь тохиож буй. Тэрээр Эрдэнэтэд хүлгийн дөрөө мулталсан 1981 он бол шинэхэн үйлдвэр дотооддоо уурхайн нарийн мэргэжлийн ажилчдаа бэлтгэж эхэлсэн үе. Сургалтын төв гэх эдүгээгийн Технологийн сургуулийн өрмийн машинистын анхны курсын нэг төгсөгч нь А.Дамдиндорж. Нэг ангид үе тэнгийн шижигнэсэн арваад залуу “хойно” төгсөж ирсэн мэргэжилтнүүдээр хичээл заалган өрмийн машинч мэргэжилтэй болцгоов. А.Дамдиндоржийн наашаа зорих үндсийг түүний аав Арт нь тавьсан гэдэг. Уурхайн ажил дотроос өрмийн машинистын мэргэжил даанч сайхан шүү гэсэн аавынх нь зөвлөгөө хүүдээ ажил хөдөлмөрийн жигүүр хайрласан гэлтэй. Өрмийн машинч гэж чухам ямар алба байдгийг төсөөлөөгүй ч аавынхаа хэлснийг дагасан нь алдаагүй гэж тэр хуучилсан. Түүний аав нь тууварчин хүн байв. Эрдэнэтийн овооны дэргэдүүр тууврын мал олонтаа тууж явахдаа энд том үйлдвэр барих сураг чимээ дуулж, түүнийгээ ярьж очсон нь тэр байж. А.Дамдиндорж эхээс есүүлээ. Алсын ухаантай аав ээжийн захиас хүүхдүүдээ эрдэнэсийн уурхай руу хөтөлж, энэ насны ажил, амьдралтай золгуулсан гэдэг. Эдүгээ түүний ээж 80 нас сүүдэр зооглосон сайхан буурал бий. Ингэж байгалийн сайхан, Хар нуураараа алдартай Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул хүү Эрдэнэтийн суугуул хүү болсон түүхтэй.
Шинэхэн, залуухан өрмийн машинч ил уурхайдаа ажиллаж байтал түүнийг эр цэргийн албанд дуудав. Гурван жилийн хугацаат албаа 065 дугаар ангид хааж, радио холбооны буухиа шууданчийн мэргэжил эзэмшжээ. Харин түүнийг халагдаж үйлдвэртээ ирэхэд ажлын шаардлагаар орон тоон дээр нь өөр хүн ажиллаж байсан тул Засвар механикийн завод руу шилжив. Нэгэн үед цэргийн алба хаасан Баатар, Пэлжээ, Чинбаа нар нь ч мөн өөр цехэд ажиллах болж. Гэсэн ч хувь заяа, сурсан ажил мэргэжил нь тэднийг дахин Ил уурхайд “учруулж”, хагас жарны турш мөр зэрэгцэн хөдөлмөрлөсөн юм. ”Үеийнхэн минь бүгд гавьяаны амралтаа авцгаасан. Би л сүүлийг нь мушгих бололтой. Уурхай нэгэн үеэр шинэчлэгдэж, залуучууд бидний залгамж халаа болж байна. Арга ч үгүй юм даа, үйлдвэр маань хүнээр бол идэр насанд хүрлээ” гэж тэр санааширсан.
Өгүүлэх бүрийд огшмоор бахархал хүн бүхэнд бий. Харин таны бахархал юу вэ гэхэд “Би чинь энэ үйлдвэрээс төрсөн ууган хөдөлмөрийн баатарын гарын шавь шүү дээ” гэж сэтгэл нь хөдлөн хариулсан. Үнэхээр ч цэл залуухан гучин нэгэн насандаа төрийн алтан соёмбо энгэртээ зүүсэн “Эрдэнэт” үйлдвэрийн анхны хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайханы шавь гэдгээрээ бахархах нь зүйн хэрэг. Жагаа багшаараа өрөмчний эрдэм ухааныг заалгаж өдий зэрэгт хүрсэн азтай хүн гэж үргэлж баярлаж явдаг гэсэн. Харин тэр өөрөө дөрвөн сайхан шавьтай хүн. Тэдний нэг нь бригадын дарга болж, нөгөө нь хөдөлмөрийн аваргаар тодорч, амжилт бүтээлээр дүүрэн яваа. Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг гэдэгчлэн хөдөлмөрийн баатар багшийн эрдэм үе үеийн шилдэг уурхайчдыг төрүүлэх эх ундарга болж буй нь юутай сайхан.
Өрөмчин хүний хоёр дахь гэр нь өрөмдлөгийн машины бүхээг. Тэнд л “амьдрал” өрнөнө. Тийм ч учраас машинаа байнга “додомдоно”. Тав тухтай ажиллахын тулд тохижуулна. Бүхээгний дотор талд сар, долоо хоногийн ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл гээд зайгүй цаас өлгөж, тогтоосон харагдана. Эндээс өдрийн ажлынхаа дүр зураглалыг харж, цагаа хуваарилна. Тэдний ажлын гол үзүүлэлт нь төлөвлөгөөний биелэлтээр хэмжигдэнэ. Төлөвлөгөөт өрөмдлөгийн ажлаас гадна техникийн урсгал засварууд ч чухал. Өрмийн машины бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангах нь юу юунаас ч илүү хариуцлага, санаачилга шаардана. Тэгж байж гэмээнэ үр бүтээл сайжирч, гүйцэтгэлийн чанар дээшилнэ. Тэр ингэж л ажилладаг аж. Ярианыхаа эхэнд ажиллах зарчмаа хариуцлага, эмх цэгц, цаг ашиглалт гэж томьёолсон нь ийм учиртай. “Уурхайн ажил бол баг, хамт олны хүч хөдөлмөрийн үр дүнд хийгддэг. Ажлаа арван хуруу шигээ эзэмшсэн хамт олонтой ажиллаж байгаадаа олзуурхдаг. Мэргэжлийн өндөр ур чадвартай механик, цахилгааны инженер, мастерууд техникийн засвар үйлчилгээг хурдан шуурхай гүйцэтгэдэг болсон нь олон талын дэвшлийг авчирч байна. Тэднийхээ дэмжлэг, урам зоригоор ажиллаж өдий хүрсэн дээ” хэмээн тэр хамт олноо магтсан. Бас “Шинэ үеийн залуус маань “Эрдэнэт” үйлдвэрээ цаашид авч явах нь мэдээж. Ард олондоо хүртээмжтэй, зөв ухаанаар залж яваасай. Тэгвэл цаашид олон жил үр шимээ өгөх сайхан хангай. Нөгөө талаас, хөдөлмөрийн хүний, уурхайчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж чадвал, тэр чинээгээрээ бүтээмж үр ашиг дээшилж, дэлхийн хөгжлөөс хэзээ ч хоцрохгүй” гэж ахмад уурхайчны хувиар санал бодлоо нэмэрлэнэ лээ.
А.Дамдиндорж хоёр хүү, нэг охинтой. Том хүү, охин хоёр нь Хятад улсад өндөр боловсрол эзэмшсэн бол бага хүү нь уурхайчин ааваа залгамжилж, геологи инженер болжээ. Түүний гэргий Оюунчимэг гэж нутгийнх нь бүсгүй бий. Тэд энд учирч, амьдралаа эхэлж, бас босгосон. Эрдэнэт уулын минь ач буян ингэж миний амьдралыг гийгүүлсэн дээ гэж тэр нүүр дүүрэн инээмсэглэх.
Өрмийн машинч А.Дамдиндорж ирэх жил өндөр насныхаа амралтад сууна. Өдөр тутмын ээлжийн ажлын дэглэмд дасчихсан, зүгээр сууж чаддаггүй шаламгай хөдөлгөөнтэй тэр гэртээ төдийлэн удаан “амарч” суухгүй л болов уу. Ямар нэг зүйл бүтээхээр дотроо төсөөлчихсөн л байгаа. Энэ бодлыг минь таав уу гэлтэй асуухаас өмнө байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байхыг л илүүд үзнэ. Авсаархан жижигдүү амралтын бааз барьж, найз нөхөд, аяны хүмүүс дуртайяа зорин очих тав тухтай орчин бүрдүүлнэ дээ гэж бодож санаж буйгаа хуучлав.
Шар нохой жилийн босгон дээр тэр төр засагтаа олон жилийн нөр хөдөлмөрөө үнэлүүлж, “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Газрын хэвлийгээс эрдэнэс ундраасан гучин гурав дахь жилийнх нь нүүрэнд Алтан гадас энгэрт нь гялалзсан. Энэ бол эзнээ олж ирсэн зүй ёсны шагнал билээ. Эрдэнэт ууландаа сүслэж, ширхэг чулуу бүрийг нь элгэмсэн хайрласаар яваа мянга мянган эгэл уурхайчдын нэг нь тэр билээ.