Ц.Мянганбаяр дампуурвал монголчууд уул уурхай руу зүглэх нь цэглэх биш үү
Аль ч улс оронд үндэсний хэмжээний томоохон компаниуд нь дампуурахад хүрэх тохиолдол байдаг. Гэхдээ дампууруулдаггүй юм. Төр засаг нь бодлогоор дэмжээд босгоод ирдэг юм. Зээлийн нөхцөлөөр хөрөнгө оруулалт хийж сэхээнэ. Мөн хувьцаа гаргаж тус компани дахь төрийн зэмшлийн хувь хэмжээг бий болгодог.
Аль ч улс оронд үндэсний хэмжээний томоохон компаниуд нь дампуурахад хүрэх тохиолдол байдаг. Гэхдээ дампууруулдаггүй юм. Төр засаг нь бодлогоор дэмжээд босгоод ирдэг юм. Зээлийн нөхцөлөөр хөрөнгө оруулалт хийж сэхээнэ. Мөн хувьцаа гаргаж тус компани дахь төрийн зэмшлийн хувь хэмжээг бий болгодог. Тэр бүү хэл ард түмний дунд аян өрнүүлж үндэсний томоохон группээ дэмнээд явсан гайхамшигтай түүх ч бий. Эдгээрээс хамгийн ойрын үеийн тод жишээг дурдъя гэвэл АНУ-ын дэлхийд алдартай “Женерал моторс” компани (англи товчлол нь GM) байна. 2009 оныг хүртэл “Женерал Моторс” корпораци гэгддэг байсан нь 1908 онд байгуулагдсан нэршил нь. Дэлхийн 157 оронд үйл ажиллагаагаа явуулдаг. Нийт 220.000 ажиллагсадтай томоохон автомашин үйлдвэрлэгч. Гэвч ямар ч аварга компанийн үйл ажиллагаа доголдож дампуурахад хүрдгийг тэд харуулсан. 2009 он гаруут “Женерал Моторс”-ийн худалдаа Европт 7,4 хувиар бууж эхэлснээр шууд алдагдал хүлээж эхэлсэн. Ингээд 2009 оны зургадугаар сарын 8-ны өдөр тус компани дампуурлаа зарлахаа мэдэгдсэн юм. Дэлхий дээрх манай мэтийн улс орны иргэд “Ингээд агуу Женерал моторс дууслаа” хэмээсэн. Харин америкчууд бол тэгж хараагүй. Ердөө нэг сарын дараа нь буюу 2009 оны долдугаар сарын 10-нд АНУ-ын засаг захиргаанаас үндэсний энэхүү том компанидаа тусламж үзүүлэхээ мэдэгдсэн болой. Энэ үед GM компани нь 4.3 тэрбум долларын алдагдалд орсон байжээ. Засгийн газрынхаа дэмжлэгийг авсан тэд 2010 он гэхэд компанидаа зохион байгуулалт, бүтцийн бүрэн шинэчлэл хийсэн. Одоо “Женерал моторс” компанийн 61 хувийг АНУ-ын Засгийн газар эзэмшдэг. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа, үе шаттайгаар төрийн зүгээс хувь эзэмшлээ бууруулсаар бие даах бүрэн чадавхитай боллоо гэсэн үед нь 100 хувь хувьд нь шилжүүлнэ. Тус компанийн 220.000 ажилтных нь 70.000 нь Америкийн нутаг дэвсгэрт ажиллаж байна. АНУ-ын 300 сая хүнтэй. Монгол Улс гурван сая хүнтэй. “Монгол газар” компани 1000 ажилтантай. Зүгээр л тоон харьцуулалт шүү. Америкийн Засгийн газарт 70.000 иргэнийх нь ажлын байр чухал. Монголын Засгийн газарт ч мөн адил 1000 иргэнийх нь ажлын байр чухал гээд цаашилбал нийгэмд баялаг бүтээж байгаа үндэсний хэмжээний үйлдвэрлэгчээ дампууруулах нь тухайн улс орны хувьд шившиг юм байна л даа. АНУ-ын Засгийн газраас “Женерал моторс” компаниа ийнхүү дэмжсэнээр GM-ын зүгээс богино хугацаанд амжилттай хувьцаа гаргасан, мөн Хятад дахь борлуулалт нь огцом нэмэгдсэн байдаг. Одоо тус компанийн 2014 оны санхүүгийн тайланг харахад тус оны зургадугаар сарын байдлаар цэвэр ашиг нь 320 сая ам.доллар байна. Зээл авах чадавхи нь хязгаарлалтгүйгээр, бэлнээр 1,4 тэрбум ам.долларт хүрчээ. Өнөө төрийн эзэмшлийн 61 хувь нь таван хувиар буурах хэлэлцээрийг Засгийн газартайгаа хийгээд эхэлсэн байна. Үндэсний компаниа хүнд үед нь ингэж л авч гардаг юм байна.
Гэтэл манайхан өнөөдөр яаж байна вэ, “Монгол газар” дампуурах нь, Ц.Мянганбаяр дампуурах нь” гэсэн чимээнээр бах тав нь ганц ханаж, нийтээрээ хөөрцөглөн дэвэргэж, цахим ертөнцөөр тэр эрийг ёстой нэг зүхэж байна. Өөр улс оронд бол биднийг тэжээдэг, татвараараа биднийг авч явдаг саалийн том үнээ минь өнгөрөх нь хэмээн сандарч, төр засаг юутай хээтэйгээ санаа тавьж, дэмжиж тусладаг байхад шүү. “Женерал моторс” компанийг Засгийн газраас дэмжих болжээ гэсэн шийдвэр долдугаар сарын 10-ны өдөр цацагдахад тус компанийн салбарууд байдаг хотын иргэд гудамжиндаа гарч, бид наадмаар яаж баярладаг билээ, яг түүн шиг баярлан хөөрч тэмдэглэсэн гэдэг. Оюун сэтгэлгээний ямар хол зөрүү байна вэ. Монголын уул уурхайн компаниуд модоо бариад байдаг, ар хударгаар нь гадны уул уурхайн компаниуд баяжаад байдаг. Тэднийг зүхэх гэсэнгүй л дээ, Монголд л хөрөнгө оруулагчид. Зүгээр л тэдний анзаанд очиж, хөдөлмөрлөж, баялаг бүтээж байсан Ц.Мянганбаяр гэж залуу эдийн засгийн нэгэн том давалгаанд хөл алдлаа. Яагаад монголчууд минь та нар дээрээс нь дэвслээд байгаа юм бэ. Ямар ааш аягтай, ямар хүн байдгийг нь үнэндээ мэдэхгүй юм. Гэхдээ өмөөрөл төрөөд байна. Монголчууд бид бүгдийн сүүлийн хорин жилд харж байснаар бол Ц.Мянганбаяр захиралтай “Монгол газар” компанийн хамт олон нийгмийн түүчээнд Монголын бүх салбарынхныг чирч явсан. “Камертон” хамтлагийг ивээн тэтгэдэг л гэнэ, сумод баахан хүүхэд явуулсан нь одоо олон улсад нэртэй бөхчүүд боллоо л гэнэ, үндэсний бөхийнхөн ч түүний ивээлд өсч бойжсон. Дээр нь бүх нийтээрээ тавлаад байгаа хүүхнүүдийн асуудал байна. Амьдралд хөлөө олох гэж яваа, загварын ертөнцөд нүүр царай болох гэсэн хүсэл тэмүүлэлтэй, насанд хүрсэн бүсгүйчүүд шүү дээ. Насанд хүрсэн бүсгүй хүн хэнийгээ сонгох нь өөрийнх нь эрх. Хүн шиг амьдралтай л болцгоосон. Ц.Мянганбаярын тэр их дэмжлэгийн хаялга нь өнөөдөр манай бүсгүйчүүд дэлхийн мисс болох шахаж байна. Энэ мэтээр ивээл тэтгэлгийг нь авсан олон хүмүүс одоо хэдүйнэ Монголын нийгэмд танигдсан нэр нөлөөтэй, алдар цуутнууд болжээ. Одоо тэд юу бодож сууна. Туслах юмсан, дэмжих юмсан гэж бодож байгаа байх. Тийм бол Ц.Мянганбаяр захиралдаа, “Монгол газар” компанидаа тусла, хөдөлгөөн өрнүүл, хөрөнгө оруул. Ингэдэг жишиг олон улсад бий. Та нарыг хүмүүс харж байгаа. Харж байгаа дээр нь нэр төр, алдар цуугаараа нийгэмд эерэг сайхан уур амьсгалыг бүрдүүлж “Монгол газар” компанийг босгож ир. Тэгэхгүй бол Монголыг тэжээж ирсэн саалийн нэг сайхан үнээ чинь чилээрхэж эхэллээ. Энэ компани, энэ хүн л та бүгдийг амжилтад хүргэсэн, алдар хүндийн оргилд аваачсан. Гэхдээ “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярыг доошоо орчихлоо гэж бодохгүй байна. Харин чиг “Монгол газар” компанийн хамт олны зүгээс дампуурлыг зарласнаар бүхнийг шинээр эхлэх боломжтой гэж үзэж байгаа байх.