Тэртээ 1989 оны 6 сарын 4-нд Тень Аньмэний талбайд оюутны бослогыг дарснаас хойш өдгөө 30 жил өнгөрчээ. Өрнөдийн хэвлэлүүдээр энэ бослогыг дарсан талаарх янз бүрийн мэдээ мэдээлэл зураг хөрөг ихээр гарч байна.

Хонконгийн түүхч Шюй Жунюэ “Хятадын ойрх үеийн түүх” хэмээх номдоо 6 сарын 4-ний Тень Аньмэний хэргийн цаад учир шалтгаан хийгээд хэрхэн шийдвэрлэсэн түүхэн үйл явцыг нарийвчлан тайлбарласан байдаг. Энд түүний бичсэнийг товчлон авч орчуулан хүргэж байна. Монгол уншигчид үүнийг түүхч хүний нэгэн өнцөг хэмээн хүлээн авна биз ээ. 

...

Хар үүл хотыг нөмөрсөн нь

1989 он, могой жил, шинэ он эхлэхтэй зэрэгцэн нэг л таагүй ёр мэдрэгдэнэ. Хятадад инфляц хурдтай нэмэгдэж, авлига ялзрал улам бугшиж, цөөн тооны тусгай эрх ямба эдэлсэн давхаргынхан ба энгийн олон түмний хоорондох орлогын ялгаа улам ихэссээр. 

Шинэ он гаруут нэрт астрономч Фан Лижи 1 сарын 6-нд Дэн Сяопинд ил захидал илгээв. Захидалдаа ардчиллыг уриалаад шоронд орсон Вэй Жиньшэнийг суллахыг шаардсан бөгөөд түүний захидалд хятадын 51 эрдэмтэн, 39 сэхээтэн гарын үсэг зурсан байсанд Дэн Сяопин ихээхэн бухимдаж, хариу өгөхөөс эрс татгалзжээ. 

Нам засгийн энэ үйлдэлд оюутнууд, сэхээтнүүд ихээр бухимдаж, хоёр жилийн өмнө буюу 1987 онд болж байсан ардчилсан жагсаалыг дахин сэргээжээ. 1989 оны 4 сарын 15-нд Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ху Яобан нас барсан явдал оюутнуудыг жагсахад бүүр ч завшаан олгов. 1987 оны 1 сард жагсаал хийсэн оюутнуудад Ху Яобан аядуу зөөлөн хандсаныхаа төлөө ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг. Иймд түүнийг олон хүн шударга шулуун, ил тод улс төрийн билгэдэл болгон хардаг ажээ. Оюутнууд түүнийг дурсангаа үг хэлэх эрх, жагсаж цуглах эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг шаардаж, авлигатай тэмцэхийн уриалжээ. Бээжингийн их сургуулийн оюутнууд Ху Яобаныг магтан дуулж, консерватив удирдагчдаа шоглон, “Үхэх ёсгүй хүн үхэж, үхэх ёстойнууд нь үхээгүй л байна”, “Шударга хүн үхэж, хуурамч этгээдүүд амьд байсаар” гэх мэт үгтэй хуудсуудыг энд тэнд наажээ. Коммунист нам Ху Яобаныг цагаатгахаас татгалзав, хэрвээ цагаатгавал түүнийг халсан бүх хүн, өөрөөр хэлбэл Дэн Сяопин болон бусад технократууд бүгд буруутай болж хувирах байв. Мянга мянган оюутан жагсаж, Тень Аньмэний талбайд суулт хийн, “Ардчилал мандтугай, эрх чөлөө мандтугай, авлига сөнөтүгэй” гэсэн лоозон барьж хашгирна. 

Талбай дээр 6 долоо хоног үргэлжлэн жагсаж, сэхээтнүүд, профессорууд, сэтгүүлчид, урлагийнхан, хотын жирийн иргэд, бүүр намын гишүүд, цэргийнхэн хүртэл дуу хоолойгоо өргөх болов. 5 дугаар сарын дунд гэхэд ардчилсан эсэргүүцлийг дэмжигчид нэг сая гаруй хүн болж, бусад муж, хотуудад том жижиг жагсаалууд гарч халдварлав. 5 сарын 30-нд урлагийн сургуулийнхан америкийн эрх чөлөөний хөшөөний жижгрүүлсэн хувилбарыг хийж, Тень Аньмэний талбайн хойд талд Маогийн том зурагийн харалдаа байрлуулсан нь эрх баригчдын тэвчээрийг баржээ.

Намын хагарал

Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жао Жыян өмнөх дарга Ху Яобаны адилаар оюутнуудад аядуу хандаж, өөрчлөлт шинэчлэлтийг түүчээлэгчийн хувиар Коммунист намыг арай илүү нээлттэй болгох ёстой гэсэн байр суурьтай байв. Тэрбээр энэ байр сууриасаа болж Ерөнхий сайд Ли Пэн, Улсын дарга Ян Шанькунь гэх мэт консерватив технократуудтай хагаралджээ. Консерватистууд оюутны бослого гарах болсон эх үндсийг нам доторх Ерөнхий нарийн бичгийн дарга залуу Жао Жыян, өмнөх дарга Ху Яобан нар эдийн засгийн муу бодлого явуулж, инфляц өсөн, эдийн засаг тэнцвэр алдаж, замбараагүй байдал үүссэнтэй холбон буруутгаж байв. 

Жао Жыян хятадын дөрвөн гол судалгааны байгууллагын нөлөөгөөр шинэчлэлт хийх үйл хэргээ үргэлжлүүлэх бодолтой байсан ба оюутны бослогыг дэмжих замаар консерватистуудын эсрэг улс төрийн байр сууриа бэхжүүлэх гэж боджээ. Консерватистууд хоёр жилийн өмнө болсон оюутны бослогын үеэр Дэн Сяопинийг ятгаж, гол буруутнаар Ху Яобаныг тодруулснаар түүнийг зайлуулж чадсан билээ. Яг энэ тактикаар дахин Жао Жыяныг бослогын далдуур дэмжигч нууц ноёнтон нь гэж ойлгуулж зайлуулахаар төлөвлөжээ. Ийнхүү оюутны бослого намын дотоод хагарлын далд тэмцлийн золиос болох нь тэр. 

Эдийн засагч Чэнь Юнь, Ерөнхий сайдын орлогч Яо Илинь нар нууц төлөвлөгөө боловсруулав. Төлөвлөгөөгөөр Ерөнхий сайд Ли Пэн оюутнуудын шаардлагад ямар ч буулт хийхгүй, хатуу байр суурь баримтлана, ингэж оюутны тэмцлийг улам ширүүсгэж өдөөнө. Үүнтэй зэрэгцээд Жао Жыяныг жагсагчдыг далдуур дэмжсэн буюу нам доторх урвагч болгон хувиргана. Жао Жыян оюутны бослогод аядуу зөөлөн хандаж буй байдал Дэн Сяопинийг ихэд хилгэнүүлэх ёстой ба тэрээр эрс хариу арга хэмжээ авч, бослогыг ч дарж, Жао Жыяныг ч буулгах ёстой, яг хоёр жилийн өмнө Ху Яобанг унагасантай адил. Ингэхийн тулд оюутнуудыг ч, Дэн Сяопинийг ч хатган хилгэнүүлэх ёстой ажээ. 

Ингээд Улс төрийн товчоо хуралдаж, Улсын дарга Ян Шанькун бослогыг “зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, намыг хагалж, социализмыг эсэргүүцэх зорилготой ажиллагаа” гэж шууд буруутган зарлав. Гэтэл Жао Жыян 5 сарын 4-нд Азийн хөгжлийн банкны хурал дээр “Засгийн газар ухаалаг хандаж, ардчилсан замаар хуулийн дагуу асуудлыг шийднэ” гэж шал өөр утгатай мэдэгдэл хийж орхив. Консерватистууд Жао Жыяныг намын дотроос эхлээд зөвшөөрөл авалгүйгээр мэдэгдэл хийж, дотоод хагарлыг ил гаргасан гэж буруушаалаа. Ли Пэн мэдэгдэл хийж, Жао Жыяны үг зөвхөн түүний байр суурь, намын үзэл бодлыг зөвхөн Дэн Сяопин төлөөлнө гэв. Ли Пэн энэ мэтээр Дэн Сяопиныг Жао Жыяны эсрэг амжилттай хатгаж чаджээ. 

Ядаж байхад 5 сарын16-нд М.Горбачёв Бээжинд айлчлах үеэр Жао Жыян уулзахдаа намын бүхий л гол шийдвэр Дэн Сяопиний зөвшөөрлөөр л гардаг хэмээн хэлж орхисныг Дэн болон консерватистууд түүнийг улсын нууц задалсан гэж үзэж буруутгав. М.Горбачёвийн айлчлалыг угтан авах ёслол Тень Аньмэний талбайд болох ёстой байсан ч оюутны жагсаалын улмаас цуцлагдаж, арга буюу онгоцны буудал дээр ёслолыг хийсэн, мөн түүний үдэш алхаж зугаалах арга хэмжээг аюулгүй байдлын үүднээс цуцалсан зэрэг нь гадаад ертөнцөд Хятадын эрх баригчид бослогыг нэгэнт хяналтаасаа алдсан мэт дохиог өгчээ. 

5 сарын 17-нд Коммунист намын дээд удирдлагууд “бэлэн байдлын хурал” зарлан хуралдуулж, оюутны бослогыг хүчээр дарах талаар хэлэлцэн шийдвэр гаргаж, мөн Жао Жыяныг намын Ерөнхий нарийн бичгийн албан тушаалаас нь буулгах шийдвэр гаргалаа. 

5 сарын 19-ний өдөр Дэн Сяопин Ухань хот явж, тэнд Цэргийн зөвлөлийн өргөтгөсөн хурал зарлан хуралдуулж, цэрэг хөдөлгөх үүдийг нээсэн ба мөн тэр өдөр Ерөнхий сайд Ли Пэн Бээжинд онц байдал зарлав. 

5 сарын 19-өөс 6 сарын 4-нд бослогыг дарах хүртэлх хоёр долоо хоног Дэн Сяопин, Ян Шанькун нарт нягт нямбай төлөвлөгөө гаргахад хангалттай хугацаа байлаа. 

6 сарын 3-ны орой телевизээр Бээжингийн иргэдийг Тень Аньмэний талбайг орхин явахыг ноцтой хоолойгоор зарлан мэдэгдэж, Ардын чөлөөлөх арми дэг журмыг тогтоох болно гэж санууллаа. Мөн өдрийн 4 цагийн үед бослогын удирдагч оюутан руу үл мэдэгдэх хүн утасдан бослогыг цэргийн хүчээр тараах тул тарахыг ятгажээ. Гэвч оюутнууд амиа өгөхөд бэлэн гэж, нөгөө талаар гар нүцгэн иргэд рүү ардын чөлөөлөх арми буу шагайхгүй гэсэн итгэлтэй байжээ. 

Оройн 10 цагт Ли Пэн ерөнхий сайд тушаал буулгаж, талбай руу цэргүүд оруулан, үүр цайхаас өмнө цэвэрлэсэн байхыг зарлигдав. Танк, хуягт, зэвсэгт цэргүүд төлөвлөгөө ёсоор талбайн гурван талаас оржээ. Нийт 7, 8 цагийн дотор гүйцэтгэж дуусгасан байна. Хэдэн хүн үхсэн талаар тоо зөрүүтэй байдаг ба барууны хэвлэлүүд 3 мянган хүн үхэж, 10 мянга гаруй хүн шархадсан гэж мэдээлж байсан ч хожим “Нью Йорк таймс” залруулан 400-800 хүн үхсэн гэж бичжээ. Харин Хятадын Засгийн газар эхлээд хүний амь үрэгдээгүй гэж мэдэгдэж байгаад удалгүй 23 хүн талбайн гадна талд санамсаргүй амь үрэгдсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг...