“Ярилцъя” энэ удаа УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.ЛАМБААГ уншигчидтайгаа уулзуулж байна.

-Хоёулаа таны өг­лөө хэрхэн эхэлдэг та­лаар яриагаа эхэлье?

-Өглөө яахав дээ. Гэрээсээ гараад явж бай­хаар “татвар” авдаг хэ­дэн нөхөр маань на­майг хүлээгээд зогсч байна. Тэр хэдтэйгээ мэндэлж тав гурван төгрөг өгнө. Өнөө хэд ч баярлаад л сурс­наараа санд мэнд алга болно. Араас нь тэднийхээ тухай янзын юмнууд бодож жаал явна. Өглөө ер нь сайхан шүү дээ.

-Юун татвар вэ?

-Яахав дээ, эрт урьд цагт танил явсан, одоо жаахан амсдаг болчихсон нөхөд байна ш дээ. За, манай муу Ламбаа л учир ойлгоно доо гээд бөөн итгэл найдвар тээчихсэн хар үүрээр хүлээж байна ш дээ. Тэгэхэд би юу ч болоогүй юм шиг, мэдрээ нь үгүй хөндий царайлаад нэг их чухал амьтан өнгөрч болохгүй биз дээ. Миний өгч байгаа ч нэг их юм биш шүү дээ. Заримдаа мянгыг, зарим­даа таван зууг л өгнө. Манай авгай заримдаа чи одоо эдэн­тэй юу яриад зогсоод л байдаг юм бэ гэж асууж байдаг юм. Ярина ш дээ. Хүн хүнээ үгүйлдэг хор­воо шүү дээ.

-Өглөө тэр нөх­дүүд таныг хүлээгээд л. Та өөрөө ч тэдэн­тэй­гээ ирж уулзаад дасал болчих­сон. Сана­гал­заад л. Бүр дасчихсан байх уу. Хөг­жилтэй ч юм шиг, ерөнхий утгаараа гоё  юм аа?

-Амьдралд байдаг гоё л юмны нэг дээ. Заримдаа өнөө хэд ор сураггүй хэсэг алга болчихно. Аваргууд зүгээр бай­гаа, хаачсан юм бол гэж бодогдоно. Гарч ирээд ийш тийш өнөө хэдийгээ харуулдаад өлөлзөж ч байх шиг. 

-Та бараг л дайсангүй байх аа?

-Надад элэнцгийнх нь дайсан байх вэ дээ. 

-Улс төрөөр янз бүрийн л үй­мээн болж байдаг. Тэр дунд таныг олон дайсан шавуулчихсан үзэл­цэж байхыг хараагүй. Энэ төрх тө­лвөөс тань болоод Ламбаа   ая­саар л хүн юм даа гэж зарим нь харчих гээд байдаг. Ингэхэд та  урсдаг хүн үү, сөрдөг хүн үү?

-Ер нь бол хүн урсч л явдаг шүү дээ. Бүх юманд урсана. Өөрөө өөртөө ч урсана, өрөөл бусдад ч урсана. Нийгэмд ч урсана. Ерөөсөө бүх юманд урсана. Бүхэлдээ сөрнө гэж ер нь байдаг юм уу. Мэдээжийн хэрэг сөрөх юм байлгүй яахав. Гэр бүлийн хүрээн­дээ ч сөрдөг юм гарч л таарна. Амьдрал дээр ч сөрөх юм гарч л таарна. Улс төрийн хүрээнд ч сөрөх юм гарч л таарна. Өөрөөр хэлэх юм бол би гэдэг нөхөр чинь одоо 1990 оныг хүртэл урссан л байгаа биз дээ. Тэр нийгмийн харилцаандаа дасан зохицоод л урсч байсан. Ухаан орсон цагаасаа хойш нэг их сүрхий дотроо шатаад л, цаг үеийнхээ эсрэг сөрөөд л, нууцхан тэрсэлдэж явсан энэ тэр гэж одоо мун­даг юм яриад яах юм бэ. Үнэн л байя л даа. Сөрөх цагтаа мэдээж бид сөрсөн. Гэхдээ тэрэн дээр нэмэлт уянгын халил хэрэггүй. Зарим нь ч сайхан халих юм. Сайхан ч хальтрах юм. 

-Та бол бас хуучин нийгэмд албан тушаалтай, боломжийн амьд­­­ралтай, орон зайгаа эзэл­чихсэн нөхөр байсан биз?

-Тун давгүй явж байсан ш дээ. (инээв)

-Үнэхээр хөгжилтэй хүн юм. Уг нь инээх гэж биш ярилцах гэж ирсэн юмсан. Гэтэл инээгээд л байдаг ?

-Би үнэнийг л ярьж байна шүү дээ. Үгүй мөн зовж явсан шүү. Тэгээд л гинжийг тас татан хаяхаар шийдсэн гээд л яривал чиний элэг чинь бүр хөшнө биз дээ.

-Цагаан морины дэлэн дээр хулгайч нь ч сууж явсан, хувьсгалч нь ч сууж явсан биз.  Нэг хэсэг нь ерөөсөө алдах юмгүй, угаасаа ба­римжаагаа алдчихсан, эзэлсэн то­дорхой орон зай байхгүй нөх­дүүд орж ирсэн байх. Зарим нь бол орон зайгаа эзэлчихсэн, ажилтай ал­батай, боломжийн ирээдүйтэй амьдарч байсан ч сонголт хийж ор­сон. Үзэл бодлын сонголт хийх бол эр хүний хувьд ялангуяа улстөрч хүний хувьд бас том шийд­вэр байдаг юм шиг байна лээ. Та энэ шийдвэрээ яаж гаргаж байсан бэ?

-Манайхан зарим нь хамраасаа цус гаргалцалгүй хувьсгал хийсэн энэ тэр гээд ярьдаг л юм.   Гэлээ гэхдээ угаасаа нийгмийн харилцаа дотуураа, алсуураа тэр зүг рүү урсч явсан л байхгүй юу. Гадна талын том нөлөө түрж байна. Тэр том нөлөөг дагаж, тэр том урсгалд хамрагдаж л бид  орсон . Хувь хувь хүн дээр мэдээж хувь заяаны хатуу сонголт байсныг үгүйс­гэхгүй. Айхтар хэтрүүлэгтэй сүржиг­нэл бас явдаг учраас л би том утгаар нь өөрийнхөө бодлыг хэлж байгаа юм шүү дээ. Би өөрийнхөө амьдралын хувьд ярья л даа. Жишээлэх юм бол МАХН-ын төв хороогоор орж байж Их сургуулийн багшаар томилогддог байлаа. Тэр үед чинь. Дараа­гаар нь Эрхүү хотод оюутан хариуцдаг дека­наар явах боллоо. Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлө­гөө­нөөр орж явж байлаа. Тухайн үед би бас тэр нийгэмдээ зохицсон итгэл үнэм­шилтэй, тэр нийгмийн  тавьсан зорил­тыг нь хэрэгжүүлэхийн төлөө ажил­ладаг, тэр стандартад нь нийцсэн л това­рищ байсан байгаа байхгүй юу. Тэр үеийн залуучуудын оюун сэтгэл­гээний том өөрчлөлт нь бол гаднаас орж ирж байгаа юмыг хүлээж авах чадвартай нь хоршиж байсан. Үнэнийг хэлэхэд Ардчилал энэ тэрийн чинь тухай анхны яриа хөөрөөнүүд Моск­вагийн их сургуулийн танхимд л өрнөсөн юм ш дээ. Тэр үед би Моск­вагийн их сургуулийн аспирантур бай­сан. С.Зориг, Да.Ганболд энэ тэр чинь бүгд тэнд. Одоо тэгээд л муудалцаж, сайдалцаж байсан цуглаан энэ тэр бий л дээ. Тэнд бидний гоё түүх бас үлдсэн. Жишээбэл шинж­лэх ухааны том эрдэмтэн Дагвадорж багш чинь Моск­вагийн их сургуульд шинж­лэх ухааны докторын зэрэг хамгаалах гэж очиж байлаа. Бид буудалд нь очиж маргал­даж л байлаа. Ер нь бол ингэх хэрэг­тэй, тэгэх хэрэгтэй. Ю.Цэ­дэн­бал даргын явуулж байгаа бодлого ийм байна, тийм байна гээд л. Бөөн зориг зүрх. Москвад өөрчлөн байгуу­лалтын гал дүрэлзэж байх үед бид тэнд ас­пирантурт сурч байснаараа тэр нөлөөг хүчтэй хүлээж авсан байхгүй юу. Манай С.Зориг чинь оюутан бай­лаа.  Сургуулиа төгсөх гэж байгаа гал­тай цогтой амьтан. Тэгээд л бүгд наа­шаа ирж байгаа байхгүй тэд нар. Би бол яахав дээ аспирантур төгсөөд ирэ­хэд чинь угаасаа ажилтай байсан амьтан чинь тэндээ очиж таарна. Бас нэг муу даргын ажилтай. Шинжлэх ухаан дээд боловсролын улсын хорооны хэлтсийн дарга бай­лаа ш дээ. Олон сайхан улстай хамт байлаа . Тэр гоё улсууд чинь бүгд л тухайн нийг­мийнхээ тэр л том урсгалд явж байсан улс болохоос биш угаасаа тэр нийгмээ царцаагаад бариад байгаад байсан улс бас биш шүү дээ. Яагаад Ж.Батмөнх дарга ганцаараа  телевизийн эфир дээр очоод зарлаад л улс төрийн товчоог огцруулчихаж байсан юм бэ. Гай­хамшигтай л хүмүүс эргэн тойронд нь бас байсан л байхгүй юу. Мэдээж Ж.Батмөнх гуай агуу хүн. Угаасаа МУИС-ийн багш байсан. Залуучуудын оюун санааны өсөлт дунд явсан тийм хүний сэт­гэл­гээ бол их өөр байдаг юм. Би өөрөө багш хүн болохоор тэгж харж ч байж магадгүй. Залуучууд дотор ажил­лаад байхаар наад зах нь нүүр царай  хэвээрээ л байгаад байдаг. Тэгээд дарга болохоороо шал өөр болчихдог. Маргааш нь л үс нь цайгаад янзын бо­лоод ирэх шиг л санагддаг юм ш дээ. Би Эрхүүд дөрвөн жил ажил­ласан. Жил бүр 600 оюутан элсүүлж аваад л бужигнаад байхаар чинь яг л тэдний  сэтгэлгээнд уусчихгүй яах юм бэ. Тэдний орчинд уусч, зохицож ажил­лахгүй бол угаасаа болдоггүй. Хүний сэтгэлгээ гэдэг чинь байгаа тэр орчин­доо л дасан зохицож байдаг юм байна лээ. Тийм учраас би нэг юм хэлээд бай­даг юм. Ерөөсөө өнөөдрийн залуу­чуудыг дэмжинэ тусална гэдэг бол угаасаа л сэтгэл зүйтэй л хол­боотой. Урсгал гэж юм байна. Хажуу­гаар нь хиймэл, зохиомол урсгал ч урс­даг. Өнөөдөр ч манай улс төрд тэр зохио­мол урсгал цухалзаад л байна. Нэгэнт урсах сөрөх тухай хөндсөн болохоор чинь би бодлоо дэлгэрэнгүй ярилаа. Би бол урсч явсан урсгалаа нэг том сөрж урсаад өнөөдрийг хүр­тэл тэр урссан урсгал дотроо явж бай­гаа хүн гэж л өөрийгөө бодож байна даа. Одоо дахиад нэг хэсэг улс бид­ний урсч яваа урсгалыг сөрж урсах гээд л байх шиг байна ш дээ. Амьдрал дандаа л ийм оролд­ло­гуу­даар дүүрэн явдаг. Гэтэл бидний ерэн онд сөрсөн тэр урсгал бол тухайн нийг­мийнхээ урс­галыг буцаа­гаад эргүүл­чих­сэн байхгүй юу. Түүхийн урсгалыг  эргүүл­чихсэн гэж хэлж  бол­но. Одоо зарим нь ардчилсан хувьсгал хийнэ, дахиад хувьсгал хийнэ л гэх юм. Буцаж хүрсэн бүх юмаа устгаж, буцаж өнгөрсөн нийгэм рүүгээ явах гээд байгаа юм уу, бүү мэд. Одоо бид хөгжлийн хувьсгал ярих ёстой. Эдийн засгийн хувьсгалыг ярих ёстой. Өөр хувьсгалыг би сайн ухахгүй байна.  

-Та Москвад байсан тухайгаа ярилаа л даа. Монголдоо МУИС-ийн голомт Ардчилсан хувьсгалд асар том үүрэг гүйцэтгэсэн. Одоо та ер нь их сургуулиараа ордог уу?


-Би бол МУИС-ийн бүтээгдэхүүн. Дараа нь тэр бүтээгдэхүүнийг бэлтгэх үйлст зүтгэж  явсан хүний хувьд тэнд өнгөрүүлсэн он жилүүд маань миний оюун санаанаас салдаггүй.  МУИС  бол Монголын эрдмийн их уурхай. Эндээс л хамаг үндэстний сэхээтнүүд төрсөн шүү дээ. Ж.Батмөнх дарга тэндээс л Монгол төрийн зүтгэлтэн болж төрсөн. Ю.Цэдэнбал гуай ч гэсэн Санхүү эдийн засгийн сургуулиас л гарсан шүү дээ. Би тэнхмээрээ оролгүй яахав. Улс төр эдийн засгийн ухааны тэнхимд би ажиллаж байсан. Одоо бол эдийн засгийн ухааны тэнхим гэж байгаа. Цоо ши­нэ залуучууд ажиллаж байгаа. Манай залуучууд тэр тэнхимд ажиллаж байсан бүх хүнээ дандаа цуглуулдаг. Бид ч очдог. Үнэхээр гоё.  Эдийн засгийн сургуулийн хаалгаар оронгуут л гоё санагддаг. Хүнд өөрийнх нь дур­самжийг эзэлсэн, эргэж хурган очмоор болж байдаг, үргэлж сэтгэлд дотно бай­даг орчин гэж байдаг шүү дээ. Миний тэр газрын нэг сургууль маань юм даа.   
-Таны үндсэн мэргэжил эдийн засагч байх аа?

-Цэвэр эдийн засагч.

-Багш Ламбаа гэдэг нэрийг яагаад авчихав аа. Багш Ламбаа Эрүүл мэндийн яаманд тохирохгүй гээд л байх шиг байсан даа?

-Манайхан чинь их сургуульд багшилж байсан гэхээр л бүгдийг нь багш гээд ойлгочихдог юм ш дээ. Би бол багш биш онолын эдийн засагч хүн. МУИС-д багш хийж байсных нь хувьд хүмүүс багш гэж ойлгодог. Гэхдээ би сурган хүмүүжүүлэх ухаа­ны дээд сургууль төгссөн хүн биш. Гэсэн ч л намайг багш хүн Эрүүл мэндийн сайд боллоо гээд яриад байсан. Эдийн засагч хүн салбарын сайд боллоо гэж хэлээд хэлээд ойлгодоггүй юм. Гэхдээ би багш гэдэг алдартаа дэндүү хайр­тай. Өнөө­дөр намайг гишүүн ээ, сайд аа, Ламбаа гуай гэж янз бүрээр л дууд­даг. Хамгийн гоё нь багшаа гэж дуудуу­лах л байдаг. Намайг мөнхийн тэгж хэлж бай­гаа хүн бол Э.Бат-Үүл. Бат-Үүл на­майг Лам­баа гишүүнээ гэж хэлж бай­сан түүх байхгүй. Өөрөө тэр багш байсан хүн. Хөвсгөл аймгийн Рин­ченл­хүм­бэ су­мын сургуу­лийн багшаар очиж л бай­сан хүн. Тэр үеийнх нь дур­самж байн­га дотор нь яв­даг бай­х­гүй юу. Өөрийнх нь дотоод сэтгэлд багш гэ­дэг юм тус­чихсан байна ш дээ. Би бас тийм юм тус­чихсан хүн. Намайг хүн багшаа гэж дуудахад сэтгэлд  нэг л их гоё.
 
-Улстөрчдийн нийгэмд илүү хайрлагддаг нэг юм байдаг л даа. Тэр нь юу вэ гэвэл эрх мэдэлд хандаж байгаа хандлага нь. Эрх мэдэлд тэмүүлж байгаа тэмүүлэл таниж ядахын аргагүй хялбархан мэдрэгддэг. Өнгөрсөн 20 жилд олон залуучууд дарга сайд боллоо. Та бол зүгээр л явж  байсан. Их хожуу төрийн сайдын албыг хашиж байна. Энэ түүх тань элдэв албан тушаалын шуналгүй харагдуулдаг. Ер нь сайд бол гэдэг санал жа­маа­раа л сая ирэв үү, өмнө нь яригдаж байгаад орхидог байв уу?

-Би угаасаа л улс төрд албан тушаалын тухай асуудлыг өөрөөсөө хол тавьж байсан хүн л дээ. УИХ-ын гишүүн гэдэг нь өөрөө их том албан тушаал юм ш дээ. Төрийн эрх барих дээд байгууллагын түшээ хүн гэдэг бол угаасаа  мундаг том өндөр албан тушаал. Тийм учраас л тэд  сайд нарыг, Ерөнхий сайдыг сонгож байгаа биз дээ. Би тийм өндөрт байгаа хүн гэж өөрий­гөө ойлгодог. Харин ч хувь заяаны эрхээр төрд олон жил ажил­лачихсан, тэр хэмжээгээрээ турш­лага суусан, хэдэн оймс илүү элээ­сэн, амьдрал мэдэх гэдэг талаасаа АН намайг хоёр удаа Байнгын хороон даргаар дэв­шүүлж сонгосон. Тэр итгэлийг нь дааж ажилласан уу гэвэл дааж ажилласан. Ер нь бол Байнгын хорооны дарга гэдэг бол өөрөө асар өндөр санаачилгатай байж байж ажил нь бүтдэг. Ороод ирсэн хуулийг батлуулахын тулд чармайж ажилла­даг. Өөрөө зүтгэдэг. Байнгын хорооны дарга бол бусадтай нийцдэг, багаар ажиллах чадвартай хүний ажил. Би Байнгын хороон дарга байхдаа бүх орж ирсэн хуулийн ажлын хэсгийг өөрөө ахлаад л хийдэг байсан. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хам­гааллын чиглэлийн ямар ч хууль орж ирсэн би зүтгэдэг. Найман жилийн хугацаанд 50 гаруй хуулийн ажлын хэсэгт ажилласан байна. Энэ бол зүгээр л миний хувийн яснаасаа өөрт шингэсэн ажиллах дадал, ачааллаас халирдаггүй занай холбоотой ажлууд л даа. Ялархаад байх юм ч байхгүй. Намайг өмнө нь хэн ч сайд бол гэж хэлж байгаагүй. Би сайд болъё гэж ч хэлж байгаагүй. Боловсролын сайдад дэвшээд нэг унаж байсан. Тэр үед чинь Боловсролын сайд чинь тав зургаа унасан байгаа юм. Эхнийх нь унасан хүн дараагийнхаа хүнийг лоббидож унагаад л тэгсээр байгаад манай Ч.Сайханбилэг сайд болж байсан. Тэр санаанаас гардаггүй юм. Би сайд болъё гээд нөгөө хэдтэйгээ ажиллаад л шөнөжингөө тийм юм хийгээгүй. Уг нь тэгдэг байсан юм байна лээ. Та сайн ажиллаарай гээд над руу хүн утасдсан байхгүй юу. Одоо энэ Ж.Бямбадорж энэ тэр сайн ажил­лаарай л гээд байсан. Би сайд болоод сайн ажиллана гэж байна даа гээд л бодоод байсан чинь шөнөжин­гөө цаадуултайгаа сайн “ажиллаарай” гэсэн утгатай юм байна лээ л дээ. Лоб­бигоо сайн хийгээрэй гэсэн юм байна лээ. Нөгөө хурлын гишүүдтэй сайн ажиллаарай гэснийг нь би за сайд болоод сайн ажиллаарай гэж байгаа юм байна гээд л за за гээд байсан. Тэгээд маргааш нь ирсэн чинь би ганцхан хүний саналаар унаж байсан. Гэхдээ тэрэнд ёстой би гуньдаггүй. Ц.Элбэг­дорж Ерөнхий сайд дуудаад таны нэ­рийг дэвшүүлье гэхэд за, тэгээ тэг. Би юу гэж үгүй гэхэв дээ гээд өнгөрч бай­сан. Сая бол ёстой  Н.Ал­тан­хуяг дарга шу­луухан хэлсэн шүү. Та ямар ч сай­дад нэр дэвших болзол хангасан номер нэг хүн бол­чихоод байна. Таныг Эрүүл мэндийн  сайд болгоно. Сайн ажиллана шүү л гэсэн. Манай Бат-Үүл Эрүүл мэндийн сайдыг Ламбаа багш хийхгүй бол хэн хийх юм. Наад хүн чинь Байн­гын хорооны дарга, эрүүл мэнд боловс­рол, нийгэм хамгааллаар хэчнээн жил ажилласан хүн билээ дээ гэж. Тэгээд л дэвшсэн. С.Баяр Ерөнхий сайд бас мундаг хүн л дээ. Намайг АН-аас дэвшээд ороход  би таныг бол бодож байсан юм аа. Туршлагатай бас эдийн засагч хүнд энэ яамыг даатгамаар байна шүү дээ гэж надад хэлсэн. Тэгээд намайг яг ороод ирсэн чинь ямар бүдүүн зүрх­тэй нөхөр вэ, эмчийн мэргэжилгүй байж Эрүүл мэндийн сайд болно гэж юу гэж донгосоод байгаа юм бэ гээд л зарим гишүүн авч өгсөн. Тэгэхэд С.Баяр Ерөнхий сайд ганцхан л үг хэлж байсан. Уучлаарай, энэ хүнийг би мухар олгойн мэс засал хий гэж явуулж байгаа юм биш. Би Мон­голын эрүүл мэндийн салбарын тогтол­цоо бүтэц, эрх зүйн орчных нь тал дээр юм хийлгэх гэж томилж байна. Энэ сал­бар чинь зах зээлд орж өгөхгүй байна шүү дээ гэж хэлж байсан.  Тэгэхэд л нөгөө улсууд нам болж байсан. Энэ бол асар том итгэл. Ийм их итгэлийг хариулах ёстой. Сайд гэж нэр зүүгээд өлийж хараад яваад баймааргүй байна. Маш их юм хийх ёстой. Боло­хоос нь болохгүйг нь хүртэл хийгээд дуу­сах юм сан гэсэн бодлоор өдөр шөнөгүй зүтгэж байна. 

-Түрүүнд сөрөх тухай хоёулаа ярьсан. Сөрөх гэснээс та өнгөрсөн жил хүндхэн өвчнийг сөрөх шиг боллоо. Одоо гайгүй юу?


-Өвчнийг сөрсөөн. Сөрөх сөрөх­дөө би өөрөөсөө их том чадвар нээсэн шүү. Бид чинь ингээд л үхдэг юм байна гэж бодоод л дуус­чихдаг улс байна. Би одоо яагаад урьд­чилсан сэргийлэх үзлэг гэдэг юмыг тэргүүн зэрэгт тавьж, энэ хуулиудыг өөрчлөөд байгаа юм бэ гээч. Монголчууд чинь ерөөсөө тоох­гүй явсаар байгаад л үхчихдэг юм байна ш дээ. Ажил хийдэг хүн нь ажлаа хийж явсаар байгаад л үхчихдэг. Малаа хариулаад явж байгаа малчин нь  хэдэн малаа бодож явсаар байгаад л дуусдаг. Малынхаа хөлийг боож ханиадны эм өгсөөр байгаад өөрөө болохоор өвчнөө мэдэхгүй хүндрүүлж яваад л явчихдаг юм байна ш дээ. Тийм учраас л би ерөөсөө л урьдчилан сэргийлэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэдэг юмыг номер нэг үйлчилгээ болгоё гэж зүтгэлээ. Энэ орчны эрүүл мэнд гэдэг асуудал чинь монголчуудыг сүйрүүлж дуусна ш дээ. Энэ утааг хар, хөрсний бохирдлыг хар, усны бохирдлыг хар. Эмнэлэг барих, тоног төхөөрөмж гэхээсээ илүү энэ Улаанбаатарыг тойрсон жорлон­гуудаа шийдэх хэрэг­тэй. Бүхэлдээ жорлонгоороо амьс­га­лаад, үер бо­лохоор л жорлонг нь авч­раад подвол руу нь, сургууль руу нь, цэцэрлэг рүү нь хийчихээд гэр хороол­лынхон яг тэр шалбааган дотроо 10 хо­нож байна ш дээ. Эндээс өвчин тусах­гүй яах юм бэ. Тийм учраас Эрүүл мэндийн салба­рын ажил бол бүх юмтай хол­боотой. Хүмүүсийн ухам­сартай ажил­лахаас өгсүүлээд зөндөө юм байна. Адаглаад телевизийн бүх суваг эрүүл мэндийн цагтай боллоо ш дээ. Би энийг дэмжиж байгаа. Хамтаа­раа л зүтгэхгүй бол болохгүй байна шүү дээ.
 
-Тэр цагууд тань иргэдэд эрүүл мэндийн  боловсрол олгох зорил­готой болохоос биш  Ламбааг сур­талчлах цаг биш биз дээ?

-Би бол угаасаа л зад гөвүүлдэг хүн ш дээ. Би чинь бүр интерполоор эрэнсурвалжлагдсан хүн шүү. Одоо ч гэсэн интернет дээр тэр зураг байж л байдаг юм. Супер зураг бил үү юу билээ тэр дотор байж байдаг юм.  “Зууны мэдээ” сонины тэргүүн нүүрэн дээр гарсан зураг. Эрүүл мэндийн хамгийн том даргыг эрэн сурвалжилж байна гэсэн.  Би тэрэнд гомддоггүй. Би тэр үед яг өвдөж байсан учраас жаахан хямарсан уу гэвэл хямарсан. Хүн хямардаг юм билээ. Яах нь вэ дээ гэж.

-Таныг шүүмжлээд бичиж л байлаа.  Юм хэлдэггүй шүү дээ. Гомдож байна шүү гээд хэлчихэд яадаг юм?

-Би амьдралдаа ёстой нэг ч сэт­гүүл­чийг, нэг ч сонинг эсэргүүцэж шүү­хэд өгч явсангүй дээ. Намайг бол янз бүрээр туусан л даа. Яахав, тэгж л байдгаас хойш. Намайг янз бүрээр доромжлоогүй л бол болоо ш дээ. Миний ажил төрөлтэй холбоотой, авгай хүүхэдтэй холбоотой, миний хөнжил рүү ороогүй байвал дүүрч. Би ийм зүйлд нэг их гудихаа байчихсан. 

-Та шог зураг гэдэг юмтай ер нь хэзээ учирсан юм бэ?

-Ер нь бол би багшийгаа л ярьдаг юм. 10 жилд сурч байхад манай математикийн багш манай ангийн багш байсан. Энэ хүнийг л дуурайя гэж би бодсон юм ш дээ. Спортод авьяастай, зурганд авьяастай. Тэр хүнд чадахгүй юм байхгүй. Биеэр жижигхэн. Тэгсэн мөртлөө л долоо найман малгай давхарлаж тавиад модон морин дээ­гүүр сэп гээд гараад явчихна. Өөрөө тийм хүн болохоор намайг чи шүлгээ бич, зургийг ч зур гэнэ. Сар болгон ханын сонин гаргуулна. Тийм учраас манай ангиас хэд хэдэн шүлэг бичдэг, кино найруу­лагч энэ тэр төрсөн. Хэд хэдэн хүн зураг руу орсон. Жишээлэх юм бол би бол их сургуульд орж ирээд цэрэгт яваад Сүхбаатарын кабинет гэдгийг чинь зурж бичсээр байгаад будаг бийрээс салахаа больсон. “Тоншуул” гэдэг газар руу давхиад ороод ирсэн чинь намайг хэсэг улс өлгийдөөд авчихсан даа. Өлгийдөж авсан улс нь бол манай Арнайн Гүрсэд гуай, Цэн­дийн Доржготов, Ц.Байды гэдэг агуу хүмүүс байлаа. Анхны зураг нь С.Лам­баа­гийн сэдвээр А.Гүрсэд зурав гээд гарч байсан. Тоншуул дээр нэрээ гаргачихсан амьтан мандана аа даа. Оюутан байсан сэтгэл дотор чинь булгилаад л тэгээд шөнө өдөргүй зурдаг болсон. Тэгээд л сүүлд Ц.Дорж­готов гэдэг хүний арга барилд ороод л яг тэрний хэв маягаар зурдаг хүн ч болж ирсэн. Ямар сайндаа Ишдагва гуай намайг чи чинь одоо оюутан юм уу, хичээл ном хийдэггүй юм уу гэж загнаж байсан. Тэгтлээ хүн шунадаг юм байна лээ.  Ж.Барамсай гээд агуу шог зохиолч байлаа ш дээ. Ямар ч сайхан бичиж байлаа. Тэр нөхөр бид хоёр чинь Ихтамир суманд ёстой нөгөө мөсөн дээр чинь үзэж тарж явсан, ус зөөж явсан, модон машинаар уралдаж явсан. Бокс тог­лож байсан хоёр юм ш дээ. Хоёулаа даавуугаар гараа боож байгаад боксдоно доо. Тэр үед бокс Монголд ид мандаж байсан юм. Яг тэр найм төгсч байх үед. Тэр миний анхны С.Ламбаагийн сэдвээр А.Гүрсэд зурав гэдэг зураг чинь Ж.Барамсайн  анхны өгүүллэгтэй хамт гарсан байхгүй юу. Тэгээд л хоёулаа уулзаж аваад л юмаа ч ярьдаг болсон. Тоншуул надад их юм өгсөн дөө. Маш их юм өгсөн.  Би тэгээд сүүлдээ шог өгүүллэг бичсэн. Хөглө­сөн. Хүн чинь бас чадахгүй юм руу хэцүү л дээ. Тэгсэн ч  би зураг зурсан, юм бичсэн. Би цэрэгт байхдаа Дорнод аймгийн дугаар ангийн том идэвхтэн сурвалж­лагч байлаа ш дээ. “Улаан од” гэдэг со­ниноос салдаггүй. Мэдээ бичээд л. Одоогийн УИХ-ын гишүүн Арвингийн аав Дашжамц гэдэг мундаг хурандаа манай ангийн дарга байсан юм. Энэ хүн шүлэгч, яруу найрагч хүн. Өрөөндөө дуудаж ирээд босоод зогс­чихсон нуруугаа үүрээд л шүлэг хэлээд байна. Би л тэрийг бичдэг байх­гүй юу. Би тэгээд шүлэг оролддог бол­чихсон ш дээ. Одоо би чинь олон шүлэгтэй ш дээ ер нь бол. Нууц л даа. Хүн шоолох ч юм билүү. Гэхдээ би улстөрчдийн болор цомд шүлэг бич­сэн шүү. Миний шүлэг бол гайгүй л болсон. “Бурхан ээжийн өмөөрөл” гээд. Ерөнхийдөө ийм гоё амьдралыг л би туулсан л даа. Миний цэргийн амьдрал бол үнэхээр гоё. Маш том бүтээн байгуулалтанд оролцсондоо баяр­ла­даг. Дорнод айм­гийн 030 дугаар анги гэдэг чинь Дорнод аймгийн мах ком­бинат, хүнсний комби­нат, ноос угаах үйлдвэр, сүүний үйлд­вэр дөрвийг на­майг гурван жил гурван сар цэргийн алба хаахад барьсан юм шүү дээ. Суурийг нь тавиад намайг халаг­дахад барьж дуусгасан. Айм­гуудаас илгээл­тээр хүүхдүүд аваад л. Арван хэдэн аймгийн хүүхдүүд. Нэг аймгаас 10-аад гэр барьчихсан. Дандаа охид голдуу. Тийм л учраас Дорнод аймагт Архан­гайнхан их байдаг юм. Цэргүүд нутаг нутгийн гэрүүдээ хам­гаалалтад аваад л. Гэрүүд гэж охидыг л хам­гаа­лалтад авч байгаа хэрэг шүү дээ.

-Тийм үү. Тэр хамгаалалтын үед та хоосон л ирсэн юм билээ ш дээ. Бүр их сургуульдаа үргэлжлүүлж сурч байгаад эхнэр авсан байна лээ?

-Би ч тэгсэн л дээ. Цэргээс ирээд хоёр­дугаар ангид орсон. Хоёрдугаар ангид орох жил бил үү гуравдугаар ангид орох жил бил үү манай эхнэр элсч орж ирсэн. Би дотуур байранд амьдардаг байсан юм чинь. Дотуур байранд гүйж явж байгаад эхнэртэйгээ суусан. Суухдаа ч бас гурван жил гаруй хөөцөлдөж явж байгаад төгсдгийн даваан дээр шахуу л нийлсэн л дээ. Амьдрал сайхан шүү. Дэнжийн мянга гээд байшингууд бай­даг ш дээ. Тэр байшинд орох гэж очоод л багийн Засаг дарга байсан юм уу нэг хөгшин байсан. Их сайхан хөгшитэй танилцсан. Тэгээд гуйсан чинь юун байр гээд байна. Тэгэнгүүт нь хэдэн зураг зурж, конторыг нь тохи­жуулж өгөөд л надад байр өгчихсөн ш дээ. Жижигхэн байранд хоёу­лаа амьдарч байгаад, багш болоод л их сургуулийн байранд орсон. Тэр нь оюутны байр шүү дээ. Ер нь бол бид хүнд замыг туулсан даа. Нэг их жаргалтай сайхан байсангүй ш дээ, бас. Оюутны бай­ранд л гэр бүлтэйгээ амьдраад байна. Дан за­луу багш нар. 20-иод багш нар нэг давх­­рыг эзэгнэдэг бай­лаа. Эдийн зас­гийн дээд сургуу­лийн нэг давхрын оюут­­ны байрны араас нь орно. Цөмөө­рөө залуучууд уч­раас хүүхдүүд нь нялх. Цөмөөрөө нэг хоёр ойтой. Бу­жигнуулж өгнө. Одоо бол тэр хүүх­дүүд бие биенээ аймаар мэдэлц­дэг юм. Тэрий­гээ бид нар профессорын байр гэнэ. Гоё нэртэй. 1976 онд багш бол хүн чинь 1981 онд дарга болоод яваад өгсөн.

-Ямар нэгэн кран байв уу?


-Ямар ч кран байгаагүй.  Манай академич Содном гуай чинь их сур­гуу­лийн ректор байлаа ш дээ. Залуу­хан багш нөгөө оюутныхаа байранд тэр үед чинь дэглэм хатуу юм чинь. Оюутны байранд шөнөжингөө жижүүр хийж хонодог байсан. Би шинэ жилийн жижүүр таарчихаад байж байсан чинь ректор Содном гуай гэнэтхэн ороод ирдэг юм.  Гаднаасаа нүдний шил мил болсон яравгар хүн шүү дээ. Тэгээд дотуур байруудаар явж үзсэн. Намайг Содном гуай хаанахын багш вэ гэлээ. Би Эдийн засгийн факультетын улс төр, эдийн засгийн багш Ламбаа байна гээд нэр усаа хэлээд сайхан танилц­лаа. Уг нь би өөрөөс нь томилолтоо авсан хүн. Яаж таних вэ дээ. Тэр жил 90 хүн багш болж орсон юм чинь. Тэгээд л дараа жилийнх нь дөрвөн сард  Дээд боловс­ролын хороо гэдэг юм байгуулагдаад Содном гуай дарга нь болчихсон. Дээд боловсролын хороо гэж ямар юм байдгийг тэр үед мэдэх биш. Аймаар нууцлагдмал байсан юм чинь. Гэнэт­хэн тэнхимд сууж байсан чинь Дээд боловсролын хороон дээр дуудаж байна гэдэг юм байна. Энэ одоо яахаараа дууддаг юм бэ. Бас ямар хэрэг хийчихсэн юм бол гээд очсон. Тэгсэн чинь Гомбо гээд боловсон хүчний дарга байсан. Урлах эрдэм дээд сургуулийн Тунгалагийн аав ш дээ. Сайхан хүн байсан. Тэр хүн дарга дуудсан гэлээ. Их айсан. Тэгээд дагуулаад аймаар том өрөөнд орсон. Содном гуай за Ламбаа хо­роонд ирэх үү гэсэн. Хороонд ирэх үү гэдгийг би ойлгохгүй шахуу байгаа юм чинь. За хө дээд боловсрол хариуц­сан мэр­гэжилтэн хэрэгтэй байлаа. Ажиллах уу гэсэн дуугүй л байгаад байсан. Ажил­лана аа хө гээд л гарга­сан. Тэгээд би маргааш нь л дээд боловсролын газрын дээд боловс­ролын асуудал хариуцсан мэргэжилт­нээр ирж байгаа юм. Юуных нь ч учрыг  олохгүй байгаа юм чинь. Ер нь бол яахав хэзээ ч мартагдахгүй зүйл бол энэ олон жилийн хугацаанд энэ сай­хан хүмүүсийн дэргэд ажилласан тэр түүх маань л  надад амьдрал бэлэг­лэсэн. Маш сайхан амьдрал бэлэглэ­сэн. Содном гуай, Даваасүрэн гуай,  Мон­гол бичгийн Дашцэдэн гуай, Дээд боловсролын хэлтсийн дарга Энэбиш гуай гэж одоо гавьяат багш болчихсон байж байгаа, Галсан гуай энэ тэр гээд. Ер нь бол дээр үед чинь Боловсролын яам, Дээд боловсролын хороо хоёр чинь салж нийлэх нь ёстой өвчин туссан юм шиг байлаа. Нэг өдөр л Дээд боловсролын хороо тусдаа гар­лаа гэнэ. Нэг өдөр хоёуланг нь ний­лүүллээ л гэнэ. Ер нь бол би дөрөв нийлж, дөрөв салахад нь л байсан хүн. Тэгэхдээ сайхан улсууд ажиллаж бай­сан. Тэгээд л бичиж сурсан, заг­нуулж сурсан, хүн загнаж сурсан, хүн­тэй ажил­лаж сурсан. Ер нь бол үе үе янзын юм хийдэг байлаа. Бүх их дээд сур­гуулийн багш нарыг хи­чээ­лээ орос хэл дээр заалгадаг болгох ту­хай МАХН-ын төв хорооны тогтоол гарч бид нарыг чинь нэг алав. Гурван сар заах гэж үйлээ барсан. Тэгээд л хү­чин­гүй болсон доо. Янз бүрийн л юманд өртөж байсан. Гэхдээ л маш гоё. 

-Танаас хүн ер нь айдаг уу. Ширүүхэн дуугараад хүн загнах уу?

-Надаас хүн айдаггүй байх аа. Би бол хэчнээн загнаж ууртай байгаа юм шиг байгаа мөртлөө дараа нь инээм­сэглэдэг болохоор тэр дороо тайв­ширчихдаг байх. Гэхдээ  хүнд уур­ла­даггүй, загнадаггүй мөртлөө тавьсан шаардлага  бол хүнд хүрдэг юм. Хийгээд, биелүүлээд байгаа нь өөрөө хүндэтгэл байхгүй юу. Сайхан дөл­гөөхөн тайван байна гэдэг бол зүгээр нааз­гай амьтан суугаад байхын нэр биш. 

-Таны гар дээр юун тухай ши­вээс байдаг юм бэ?


-Цэрэгт л цэрэг зурчихсан байхгүй юу. Нэг орой цөмөөрөө сууж байгаад цэрэгт байснаа дурсъя гээд. Са­хилгагүй улс чинь яах вэ дээ. Цөмөө­рөө гар дээрээ нэг нэг цэрэг зураад.

-Цэрэг ээ, залуучууд чинь хун зурдаг байсан юм биш үү?

-Бид цэрэг л зурчихсан. Сурагч үзгийг утсаар ороож байгаад тэгээд бэхэнд дүрж байгаад  хатгаад сийл­чихнэ. Хоёр өдөр халуурна гээч. Цэ­рэг гэж бичээд дор нь Дорнод гээд бич­чихсэн.

-Та хааяа зуу татна биз?


-Ний нуугүй хэлэхэд зуу байтугай л татаж байлаа ш дээ. Эр хүний амьдрал хойно таталгүй яахав. Найз нөхөд­тэйгөө. Одоо харин сүүлийн гурван жил амссангүй л дээ. Энэ нэг өвчин эмгэг янз бүрийн юмнаас болоод.

-Та ерөнхийдөө улстөрчдөөс театр, урлаг соёлд ойр харагддаг хүний нэг л дээ. Бас дуулдаг. Бүжиглэлээ гээд шүүмжлүүлсэн. Таны нэртэй холбоод бичсэн үү ламбада бүждэг Ламбаа гээд... Үнэхээр бүжчихсэн юм уу?


-Ламбадааг хийсээн, хийсэн.  Би нээрээ сонгуульд бол жишээ нь урлаг энэ тэрийг чинь дагуулж явдаггүй ш дээ. Өөрөө л дуулчихна. Өөрөө л дунд нь ороод бүжиглэчихнэ. Дунд нь ороод бужигначихна. Ямар ч бүжгийг би хийчихнэ шүү. Ёстой  вальсыг нь ч эргэчихнэ, тангог нь ч хийчихнэ, мангог нь ч хийчихнэ. Алийг нь ч хийнэ.

-Та гоё дуулдаг юм байна лээ?

-Дуулахын тухайд яахав ерөн­хийдөө энэ дуу хуур бүх юм чинь миний цэргийн амьдралаас л үлдсэн юм ш дээ. Цэрэгт чинь бол хүнийг бас хөгжүүлдэг байлаа шүү дээ. Гурван жил бол их хугацаа. Эр хүн болгодог юм. Тэвчээртэй болгочихдог юм. Хүний авьяасыг бас илрүүлдэг юм. Галсан­жамц гэж ахмад байлаа. Ёстой тас няс инээ­сэн ямар гоё хүн байсан гээч. Тэр өөрөө их авьяастай. Хөгжим дарна, дуул­на, бүжиглэнэ, шүлэг уншина, эл­дэвтэй.

-Та өөрөө баян хуур тоглодог биз дээ?


-Арми намайг чинь гитар тоглуулж сургасан, баян хуур тоглуулж сурга­сан, дуу дуулж сургасан, шүлэг ун­шуулсан. Би чинь концерт хүртэл хө­төлж байлаа ш дээ. Бүхэл бүтэн 030-р ангийн концертыг гурван жил хөтөлсөн байх. Тэгээд л дуулна. Хэдүүлээ сай­хан шог гараа тоглоно. Тэр чинь гоё мэд­рэмж төрүүлдэг. Гитар нэлээн олон жил тоглож байлаа. Одоо бол чадахгүй л дээ.

-Та нээрээ л гуниггүй хүн юм аа?

-Ямар ч гуниггүй ш дээ. Яахав намайг хүн бол инээмтгий хүн, инээдэг хүн гээд янз бүрээр бичдэг юм. Инээмсэглэх гэдэг чинь хортой нь юу байхав дээ. Би өөрөө өөрийгөө тайван байлгахыг хүсдэг хүн шүү дээ. Хүний өмнөөс би өөрийгөө хүнд байдалд оруулах хэрэг байхгүй. Өөрийнхөө байдгаараа л байж байх ёстой. Тэгээд анх манай Б.Дэлгэрмаа санаачлаад л “ Лиш ” цэнгүүн гээд зохиохоор болоод тэгэхэд би Хишигбаяр, Дэлгэрмаа хоёртой анх удаа “Хайрлан дуулмаар байна” гэдгийг чинь дууллаа даа. Дуулахын тулд Чулуунбатаар мөн ч дэглүүлсэн дээ. Дуулахад хэцүү юм байна гэдгийг тэгэхэд бас мэдсэн. Би хөгжим энэ тэртэй нийлдэггүй юм. Өвөрмөц хоолойтой шүү дээ. Маш их өвөрмөц хоолойтой учраас л зарим хүмүүс миний хоолойгоор мөнгө олж идээд байгаа юм. Ц.Нямдорж, С.Лам­баа, Б.Жаргалсайхан гурваар чинь мөн их мөнгө олж байна ш дээ. Улсууд чинь дуурайгаад. Би үүнийг зүгээр наргиж хэлж байгаа юм шүү. Мөнгө олох нь юу байхав. Гэхдээ намайг үнэгүй сурталчилж өгч байгаа юм. Би тэрнээс нь баясаад л яваад байдаг юм. Намайг улсууд чи хууль энэ тэр хийдэг хүн хувь энэ тэрээ авахад яадаг юм гэж. Намайг сурталчилж байгаа юм аа гэж би өмнөөс нь тоглоом хийдэг юм. Одоо ч машины тос ч болчихсон л явж байх юм, цавуу мавуу юу юу ч болж байна  баллаж өгч байна шүү дээ.

-Нямдорж сайд та хоёрыг ч мөн их дуурайх юм аа. Зарим нь бол дургүй хүрмээр биш гэж үү. Ням­дорж сайд уурладаггүй юу?


-Нямдорж сайд чинь бол их сонин хүн шүү дээ. Нямдорж бол улс төрийн л ууртай хүн. Тэрнээс ахуйн болон найз нөхрийн хүрээнд бол огт уур­ла­даггүй хүн шүү дээ. Их сонин. Засгийн газарт хамт ажиллаж байхад чинь Зас­гийн газар дээр асуудал хэлэлцэж бай­х­ад тонгочиж өгнө. Зүгээр үед бол яаж ч өөрийг нь доромжилж бай, яаж ч элдэв өнгөөр хэлж бай тоох ч үгүй. Сонин характертай. Би бол улс төрд ч ахуйн энгийн нөхцөлд ч уурлаж чаддаггүй байхгүй юу. Уурлана гэхээр инээд хүрээд тэгээд л яачихдаг юм. Тэгээд ч уур юуг яана билээ үг байдаг ш дээ.

-Чуулган энэ тэр дээр хүнтэй ам муруйж байхыг тань нээрээ ха­раагүй ээ. Харин  Очирхүү гуайг л нэг ганган хэлсэн тухай яриа байдаг?


-Нэг том асуудал хэлэлцэж байсан юмаа. Бүгд л жаахан улайсчихсан байсан. Тэгсэн чинь Очирхүү гишүүн орж ирээд л “Ламбаа одоо юу гэж шүлсээ үсчүүлээд орилоод байгаа юм” гээд уурлаж байна. Тэгэхээр нь би урдаас нь “Очирхүү чи одоо юу гэж хүн рүү үсээ өрвөгнүүлээд дайраад байгаа юм” гээд хэлчихсэн л дээ.

-Үсээ өрвөгнүүлээд байх даа яахав дээ. Уучлаарай, ёстой инээдээ барихад хэцүү байна. Яриагаа дуусгая. Үргэлжлэлийг нь удахгүй хийнэ шүү?


-Хамгийн гол нь тэр үсээ өрвөг­нүү­лээд гэдэг л сонин. Тэгээд л нөгөө масс чинь инээгээд тэр орчин өөр болчихож байхгүй юу. Би ер нь олон онигоотой юм ярьж хүмүүсийг инээл­гэж  их тайвшруулдаг л даа. Ямар ч юман дээр. Энэ бол муухай зүйл биш шүү дээ. Тийм үү. Та гуних дуртай бол надаас суралцаж бас болно шүү. За ам­жилт хүсье. Улс төр ярихгүй ярилцах үнэ­хээр таатай юм байна. Дандаа ийм байгаа­рай.