Спортын орчуулгаар олон жил ажиллаж, мэргэшиж буй залуу орчуулагч Г.Баярсайханы бас нэг ном худалдаанд гарахад бэлэн болжээ. Г.Баярсайхан өмнө нь Андреа Пирлогийн “Би сэтгэдэг учраас тоглодог” номыг орчуулан хүргэж байсан бол энэ удаа Уругвайн шигшээ болон Барсэлона клубын довтлогч Луис Суарэсийн “Хязгаарыг давахуй” номоо худалдаанд гаргахад бэлэн болоод байна. Санаанд багтамгүй амьдрал, гайхалтай хурц шийдвэрүүд, этгээд зан чанар нь тоглолтонд нь шингэсэн гэмээр сонирхолтой зүйлсийг багтаажээ. Суарэс гэж тоглогч талбай дээр хожихын төлөө юу ч хийхээс буцахгүй “өлсгөлөн чоно” мэт авир гаргадаг бол талбайн гадна даруухан, гэр бүлдээ хайр халамжтай сайн нөхөр, сайн аав гэдгийг төдийлөн мэддэггүй. Өөрийн бүхий л түүх, дотоод сэтгэлээ уудлан гаргасан “Хязгаарыг давахуй” номны хэсгээс уншигч танд өргөн барьж байна. Таалан соёрхоно уу!!!

Стивен Жеррардын гарын үсэгтэй «Хамгийн сайн хамтрагчдаа» дурсгасан Ливэрпүүлийн найм дугаартай өмсгөл Монтевидео дахь гэрийн маань зочны өрөөний хананд өлгөөтэй байдаг юм. Өмсгөл, сонины хайчилбар, гэрэл зургаар дүүргэсэн энэ хана бол анд нөхөд, шүтээн баатрууддаа зориулсан миний мөргөлийн сүм. Энд би цаг хугацааны хүрдийг буцаан эргүүлж, гал усыг хамт туулсан үнэнч анд нөхөд, даль жигүүрийг минь дэлгэж өгсөн баатруудтайгаа ахин уулзаж, сэтгэлийн нандин үгээ шивнэдэг юм.

Жеррард аль аль ангилалд нь харьяалагдана. Тэр бол миний дотны найз бас домог шүтээн. Насьоналийн өсвөрийн академид суралцаж байхдаа би түүнийг Playstation-ий багийнхаа ахлагчаар томилж, хожим Гронинген, Аякст тоглож ахуйдаа премьер лиг, аваргуудын лигт оруулж буй гайхалтай гоолуудыг нь ахин дахин давтан үзэж, урам зориг авдаг байв. Энфилд, Мэлвүүдэд Стивитэй мөр зэрэгцэн тоглож, хамт бэлтгэл хийж, хошигнож хөгжилдөж, хожиж бас хожигдож, баярлаж бас гуниглаж байсан хором мөч бүхний дурсамж надад юутай ч харьцуулшгүй эрхэм, үнэ цэнэтэйбайдаг. «Хамгийн сайн хамтрагч» нь байж чадсандаа ч хязгааргүй ихээр омогшин бахархдаг.

Биширч хүндэлж, үлгэр дуурайл авдаг өөр хэд хэдэн тоглогчтойгоо би талбай дээр болон талбайн гадна танилцаж, нөхөрлөж, гэр бүлийн хүрээний дотно найзууд болцгоосон. «Эль Локо»Себастьян Абреу бол хамгийн тод жишээ нь. Одоо би түүний хүүхдийн загалмайлсан эцэг болж, хуурай дүүгийн хувиар хүссэн цагтаа гэрт нь урилгагүй зочилж, хамаа намаагүй байдаг боловч анх танилцаж байхдаа нүд рүү нь эгцэлж харахаасаа хүртэл зүрхшээн халирдаг байв. Айж эмээсэндээ бус хүндэлж сүсэглэсэндээ. 2005 онд арван найман насандаа Насьоналийн нэгдүгээр багт дэвшиж, мэргэжлийн хөлбөмбөгийн ертөнцөд анх хөл тавихад «Эль Локо» намайг эцэг хүний ёсоор халамжлан санаа тавьж, хажуудаа авсан. Би түүний өргөмөл хүүгээс ялгаагүй байв. Өрх толгойлсон ээжтэйгээ өссөн надад ийм харилцаа, эцэг хүний орон зай үгүйлэгдэж байсан нь мэдээж.

Абреу олноор өөрийгөө хүрээлүүлсэн, нийтэч нээлттэй, бусдын хайр хүндлэлийг төвөггүй татаж чаддаг харизма ихтэй хүн. Хүмүүс түүний хажууд байх дуртайгаас гадна хэлсэн үг хийсэн үйлдэл болгоныг нь хүндэлж, чухалчлан нухацтайгаар хүлээж авдаг юм. Алтны дэргэдэх гууль шарлахын үлгэрээр сүүдэрт нь салахгүй дагасны хүчинд би хүнтэй хэрхэн харилцаж, эерэг сэтгэгдэл төрүүлж, арга эвийг нь олох тал дээр харьцангуй сайжирч чадсан. Биеэ барьсан, ичимхий бүрэг зангаасаа болж олон сайхан боломжийг алдаж, хөгжин дэвжих хаалганы хажуугаар өнгөрч байгааг минь тэр надад хэлж сануулдаг байсан юм.Бас өөрийнхөө нөөц бололцоо потенциалыг баримжаалж, хэр зэрэг хол явж чадахыг минь таниулж, ухааруулсан өөртөө итгэх итгэлийн багш.

«Амжилтын оройд гарахад шаардлагатай бүхэн чамд бүрэлдсэн байна. Тоглолт болгоныг сүүлчийнх, боломж бүрийг эцсийнх гэсэн хандлагаа хэвээр нь хадгалж хэзээ ч битгий хувирга. Агуу үйлсийг чи бүтээж чадна»

Энэ мэтчилэн хөхиүлсэн урмын үгээрээ тэр зориг зүрх, хүсэл тэмүүллийг минь бадамлуулан асаахдаа бас амьдрал, замналын минь цаашдын зорилго, чиглэлийг тов тодорхой зураглаад өгчихсөн юм....

Академийн дипломоо дөнгөж өвөртлөөд, үндсэн багийн дебутээ хийж буй залууст ахмад туршлагатай тоглогчдын заавар зөвлөгөө үлэмж үнэ цэнэтэй байдаг. Ялангуяа үлгэр дуурайл авч, өөрсөд шиг нь тоглогч болохыг хүсдэг нэгэндээ өчүүхэн ч болтугай тоогдож, анхаарлыг нь татна гэдэг том хэрэг. Намайг уругвайн шигшээд дуудагдаад удаагүй ногооноороо байхад Диего Форлан хажууд минь ирж суугаад Аякст хэр зэрэг төвхнөж суурьшиж байгааг минь асуусан өдрийг би хэзээ ч мартахгүй. Дэлхийн хөлбөмбөгийн топ оддын нэг, Европын алтан шаахайн эзэн, Уругвайн бүх цаг үеийн аугаа тоглогчдын нэг надтай яриа өдөж, карьерын минь тухай сонирхож асуусан гэж бодохоор зүүд зэрэглээ шиг үнэмшмээргүй санагдаж байв.

Диего, Локо хоёроос би их зүйл сурсан. Ялангуяа багийн хамтрагч нартаа хэрхэн хандаж, халамжилж, эерэг харилцаа үүсгэх тухай өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил, хандлагаа төлөвшүүлэхэд минь тэдний үзүүлсэн нөлөө үлэмж бий.

Өөрийгөө бусдаас дээгүүр зиндаанд тавьж, дарийн утаа дөнгөж үнэрлэж байгаа академиас дэвшсэн залуу тоглогчдыг дээрэлхэж, дэглэж, бах таваа хангадаг бурангуй үзэгдэлд би хэзээ ямагт шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Сул дорой, бага балчир, өмгөөл ивгээлгүйг нь далимдуулан хүнд халдаж, зовоож, зүй бусаар авирлах эрх хэнд ч байхгүй. Нэг зорилгын төлөө, нэг туган дор жагсаж, нэг тогооноос хооллож, нэг багт харьяалагдаж байгаа бол бүгд хэн хэнээсээ илүү гарахгүй, дутаж хоцрохгүй эн тэнцүү, ижил тэгш эрх эдлэх ёстой. Хожил байгуулахад цөм адилхан баярлаж хөөрч, хожигдоход хамтдаа гуниглаж цөхөрдөгтэй адил. Би өөрийгөө хүнлэг, өр зөөлөн, сайн хүн болгож харагдуулах гэж хувцас солих өрөө, бэлтгэлийн талбайд дээрэлхүүлж гадуурхагдаж байгаа хүүхдийн талд ордоггүй. Зовж зүдэрч байгаа нэгэндээ туслах нь хүний жинхэнэ мөн чанар гэдэгт итгэдэг болоод тэр...

Академийн шинэхэн төгсөлтийн залуусын мууг нь үзэж «хичээл заах» явдал хөлбөмбөгт хаа сайгүй түгээмэл байдаг. Уругвай, Нидерланд, Английн аль алинд би ийм явдалтай олон удаа учирч байсан. Мэдээж эрчүүдийн ертөнцөд хатуу тоглоом шоглоом байлгүй л яахав. Ах нартайгаа бэлтгэл хийсэн анхны өдрийг нь мялааж үсийг нь өндгөн толгой болгож хусдаг, өмд цамцных нь нь ханцуй шуумгийг хагаслаж хайчлаад хаячихдаг уламжлал нэг хэсэг Насьональд байсан. Нэг удаа миний хамаг хувцаснууд алга болчихоод өдөржин эрэл сурал болов. Халаасан дотор нь амь шигээ хайрладаг анхны гар утас маань байсан юм. Тэгээд арай гэж олтол юу ч үгүй танаад, өмсөхийн эцэсгүй болгоод тавьчихсан байж билээ. Цахилгаан халаагуурын цаана малгай нуугаад шатааж байсан ч тохиолдол бий. Олон эрчүүд нэг дор байрладаг газарт иймэрхүү зүйлс байж л байдаг. Гэхдээ тодорхой хязгаараас хальж хэтрүүлэлгүй, тоглоом - танхайрал хоёроо ялгаж салгаж чаддаг байх ёстой.

Одоогийн хүүхдүүдийн сэтгэлгээ, юмыг харах өнцөг, хүлээж авах хандлага өмнөхөөс илт өөрчлөгдөж ондоо болсон нь ажиглагддаг. Техник технологи, холбоо харилцаа хөгжсөн мэдээллийн эрин үед амьдарч, илүү нээлттэй чөлөөтэй биеэ даасан сэтгэдэг болсных юм уу хүнээр үг хэлүүлэх, юу хийхээ заалгаж сургамжлуулах дургүй болсон шиг санагддаг юм. Буцааж хэлэх үг, хэдэрлэж зөрөх хэл ам, түргэн тавьтаргүй авир нь хариу үйлдэл хийхэд хэзээд бэлэн, хоолой дээр нь тулчихсан явах нь элбэг. Хүн хүний ааш авир хүмүүжил дадал адилгүй ялгаатай боловч хүлээцтэй тайвнаас нь илүү, дүрсхийсэн хуйсгануур нь надтай олон таарсан. Хэн ч юу гэж хэлж байсан тэвчээртэй, уужуу сонсоод авахыг нь авч, хаяхыг нь хаях л хамгийн зөв шийдэл гэдгийг би Насьональд байхдаа ухамсарлаж зарчмаа болгосон. Үг сөргөж хэрэгцээгүй хэрүүл маргаан хийлээ гээд чи юу ч хожихгүй. Харин өөртөө л лай хураана. Тэгснээс чимээгүй байсан нь дээр. Зайлшгүй шаардлагатай чухал гэсэн үедээ л өөрийнхөө санааг ул суурьтай, ухаалаг, цэгцтэй хамгаалж чадвал чиний ялалт тэр....

Хувийн харилцаагаа би талбай дээр авч гарахгүй байхыг хичээдэг. Тоглолтын үеэр хэн нь чиний найз, хэн нь чамд хүйтэн хөндий ханддаг нь хамаагүй. Тэр бүгдийг толгойноосоо ерэн минут арчиж хаяад, яаж хожих вэ гэдэгт л хамаг анхаарлаа төвлөрүүлэх нь чухал. Гэхдээ бодол, сэтгэгдэл, харах өнцөг гэдэг заримдаа ухамсаргүйгээр үйлдэгддэг зүйл. Гурван тоглогч талбай дээр байлаа гэж саная. Чи, чиний найз тэгээд багийн чинь хамтрагч. Найзыгаа зуун хувийн гоолын боломж алдахад чи «Хайран юм. Хийчих байсан юмдаа» гэж харамсаад өнгөрөх бол нөгөө тоглогчийг алдахад тэгж бодохгүйгээр үл барам илүү шүүмжлэлтэй хандаж болно. Тоглолтын явцад ашигтай байрлалд л байвал хэнд бөмбөг дамжуулж, хэнээс хүлээж авахаа би хайхардаггүй боловч иймэрхүү жижигхэн зүйлс дээр өөрийн эрхгүй хувийн харилцаагаар харж, сэтгэчих гээд байдаг юм. Хүний төрөлхийн хариу үйлдэл болоод тэгдэг байх.

Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгддэг, ижил сэтгэлгээтэй хүмүүст ухамсаргүйгээр итгэж, ойртон дотносохыг хүсдэг нь хүний бас нэгэн төрөлхийн араншин. Дээрх зүйлс биш юм гэхэд ядаж л хэл соёл, хобби сонирхлоороо холбогдож баг дотроо тодорхой хүрээлэл буюу бүлэг үүсгэх тохиолдол хөлбөмбөгт нэн элбэг байдаг. Тэр бүлгээрээ хоолны ширээнд хамт сууж, хувцас солих өрөөнд ойрхож байрлаж, чөлөөт цагаа хамт өнгөрөөнө. Ялангуяа өмнөд америк тоглогчид энэ тал дээр европчуудыг бодвол илүү идэвхтэй, бүлэгсэг байдгийг би анзаарсан. Яагаад ч юм. Соёл уламжлал, нийгмийн бүтэц, орчин нөхцлөөс хамаардаг байж болох юм. Гурван орон, таван клубээр дамжих явцдаа би испани хэлтнүүд хоорондоо амархан хэл амаа ололцож бүлэг үүсгэхийг олонтоо харсан боловч нидерланд, англи тоглогчдыг тэгтлээ дотносож, хамтлаг байгуулж байсныг санахгүй байна. 

Лукас, Коатес, Коутиньо тэргүүтэй Ливэрпүүлийн испани хэлтнүүдийн группийн бүрэн эрхт гишүүн нь би байв. Бас монополи тоглоомдоо хамгийн мундаг нь. Би л өөрийгөө ингэж хөөргөдөг болохоос үнэндээ тийм олон удаа хожиж байгаагүй. Ганц хоёр удаа л муу аргаар булхайцаж хожиж байв. Эхнэр хүүхдүүдтэйгээ нэгнийдээ цуглаад латин америк хоол хийж, хөгжим сонсож, тоглоом тоглох зэргээр бидний гэр бүлийн хүрээний нөхөрлөл бэхжиж, нягтарч нэг насны найзууд болцгоосон. Ялангуяа Лукастай би хэн хүнээс илүүтэй ойр дотно харилцаатай байсан. Одоо ч хэвээрээ. Хөлбөмбөгөөс жинхэнэ үнэнч найзаа олох өвсөн дундаас зүү эрэхтэй адил хэцүү боловч би амьдралынхаа андуудыг олсон. Нэг нь миний шүтээн.