Дүүжлүүрийн эзэн
Зарим улс төрийнхөө сүлдэнд арслан, шонхор, далдуу модны навч тахидаг. Харин нэг улс онцгой учир сүлдэндээ дүүжлүүрийн дүрс сонгожээ. Өөрсдийнх нь амгалан тайван, эрх чөлөө, хангалуун амьдрал – энэ бүхэн дүүжлүүрийн л гавъяа, шидэт дүүжлүүр.
Зарим улс төрийнхөө сүлдэнд арслан, шонхор, далдуу модны навч тахидаг. Харин нэг улс онцгой учир сүлдэндээ дүүжлүүрийн дүрс сонгожээ. Өөрсдийнх нь амгалан тайван, эрх чөлөө, хангалуун амьдрал – энэ бүхэн дүүжлүүрийн л гавъяа, шидэт дүүжлүүр. Мянган жилийн өмнөөс энэхүү дүүжлүүр хууль ёсыг тогтоосоор ирсэн. Өөрийгөө ямар ч гэмгүй гэдэгт итгэлтэй хэн ч хүзүүгээ углаж дүүжлүүрийн олсонд шүүлгэх эрхтэй. Чиний зөв бол олс тасарна, харин гэмтэй бол дүүжлэгдэнэ. Сүүлийн зуун жилийн түүхэнд сайн дураараа өөрийгөө нүгэлтэй эсэхийг сорьсон цөөхөн хүн байж. Харин нэг нь л амьд үлдсэн, тэр бол энэ улсын эзэн, дүүжлүүрийн эзэн. Зоригтой бөгөөд нүгэлгүй бол хэн ч дараагийн дүүжлүүрийн эзэн болж чадна. Дүүжлүүрээс шидэт гэрэл цацардаг гэж зарим ард хөөрөлдөнө, зарим нь түүнийг ярьдаг ч хэмээнэ. Магад шидэт дүүжлүүрийн шивнэсэн үгс нөгөө ертөнцийн дүрмийг зорчих гэж буй хүмүүст сануулдаг биз.
Хулгайн ялтай хүн дүүжлүүрт зуун алхам ойртож арван ташуураар шийтгүүлдэг. Бүүр хүнд ялтай бол дүүжлүүрт арван алхам ойртож зуун ташуураар шийтгүүлнэ. Харин үхэх ялтай нэгэн нь дүүжлүүрт шийтгүүлдэг жамтай. Дүүжлүүрт ойрхон явна гэдэг гэм нүгэлтэйг илтгэнэ, иймээс хэн ч ойртож зүрхэлдэггүй. Улсын эзнийг дүүжлүүрийн эзэн хэмээдэг ч дүүжлүүр үнэндээ эзэнгүй, хэнээс ч хамааралгүй – гагцхүү шударга үнэнийг хэлэх гэж тэнгэрээс хайрласан увидаст эд билээ. Хэчнээн ариун шударга хүмүүн ч тэнгэрийн тааллыг сөрөх чадалгүй. Дүүжлүүрийн таалал бол тэнгэрийн таалал.
Гэхдээ шидэт дүүжлүүрт нэгэн тэмцэгч эр итгээгүй юм. Тэгээд өөрийгөө золиослох гэмгүйхэн жаалыг асрамжийн газраас уруу татаж чаджээ. Харин хөөрхий хүү дүүжлүүрт итгэсэн ч тэнгэрийн таалал түүнийг буруутайд тооцсон. “Дөнгөж хэлд орж буй балчир амьтанд ямар нүгэл, гэм буруу байгаа гэж?” хэмээн тэмцэгч эр орилж хүмүүсийг сандраана. Нэг муу бутач жаалд итгэх үү, тэнгэрийн тааллыг ёсоор болгодог улсын сүлд дүүжлүүртээ итгэх үү? “Мэдээж хүү л буруутай, гэмтэй болоод нөгчсөн биз”хэмээн хүмүүс хөөрөлдөөд тэмцэгч эрийн үгийг тоосонгүй. Харин тэнгэрийн тааллыг сөрсөн түүнийг улсын эзэн шийтгэж, арай л үхэх ял оноосонгүй. Балчир хүүгийн амь нас хохирчихоод байхад дүүжлүүртээ итгэдэг мунхаг эзнээ цээжнийхээ гүнд зүхэж ядна. Бүх улсынхаа хувь заяаг мунхаг эзэн, мунхаг дүүжлүүр хоёртоо даатгасан мунхаг түмнээ бүүр ч илүүгээр зүхэх болов.
Хэчнээн ч гэмгүй хүмүүсийг дүүжилсэн иргэд харанхуйгаар л үлдэх юм гэдгийг ухаарсан тэмцэгч эр өөр арга сэдэв. Тэрбээр өөрийн гараар нэгэн дүүжлүүр урлаад түүнийгээ “салбадайн дүүжлүүр” гэв. “Ганцхан зоосоор гэм нүглээ тогтоолгоорой” хэмээн зарлахад хүмүүс шоолно. Гудманд цугларсан олны өмнө “салбадайн дүүжлүүр” –тээ өөрийгөө дүүжлэхэд олс нь тасрав. “Харж байна уу, миний дүүжлүүр үргэлж үнэн хэлдэг, би бол гэмгүй хүн” гэж хашгична. Хэн ч тоохгүй харин ч шоолж хөгжилдөнө. Хөөрхий тэмцэгч залуу хэдэн өдөр хэдэн шөнө өөрийнх нь дүүжлүүрт шүүлгэх нүгэлтэнийг хүлээж цөхрөнгөө барав. Хууль ёсноос гадуур дүүжлүүрт хэн итгэх билээ дээ. Харин тэр нэг өдөр...
Нэг өдөр хоорондоо маргалдаж, үг сөрөлцсөн эхнэр нөхөр хоёр тэмцэгч эр лүү дөхөж ирэв гэнэ. Эхнэр нь нөхрөө өөрийг нь араар тавьсан хэмээн сэжиглэж буй, гэхдээ л нөхөртөө хайртай учир дүүжлүүрээр шүүлгэж чадаагүйгээ учирлав, үхчихвэл яана. Тэгээд ч шидэт дүүжлүүр бол хууль бус зүйлийг л шүүдэг болохоос ухамсар ёс суртахууныг тунгаахгүй. Араар тавилт бол хүн чанарын хувьд адгийн хэрэг ч хууль бус биш. Ийм хэргийг “салбадайн дүүжлүүр” л шүүж чадах юм шиг санагдсан хэрэг. Нөхөр хулган байж дүүжлүүрт хүзүүгээ углана, “арай ч алчихгүй ээ” хэмээн тэмцэгч эр тайвшруулна. Нөхөр дүүжлэгдэхэд салбадайн дүүжлүүрийн олс тасарлаа. Нөхөр өөрийгөө гэм буруугүйг “нотолсондоо” бах нь ханасан байдалтай эхнэр лүүгээ инээмсэглэнэ. Худал үнэн нь мэдэгдэхгүй ч сэтгэлийг нь хуурсан төдий “салбадайн дүүжлүүр” –ийн эзэн тэмцэгч эрд эхнэр нэлээд хэдэн зоос өгөв. Ямартай ч эхнэр нөхөр хоёр эвлэрсэн. Удалгүй араар тавилтын асуудалтай олон хосууд өөрсдийгөө “шүүлгэж” гэм буруугүйгээ нотолно, өлбөрч үхэх дөхсөн тэмцэгч өөр хөөрхөн хөлжөөд авав. Гомдоосон найз, хуурсан найз гээд л “ухамсар, хүн чанаргүй” үйлдэл бүхнээ шүүлгэсэн олон түмэн жаргалтай. Сүүлдээ “салбадайн дүүжлүүр” нэрээ сольж “хүн чанарын дүүжлүүр” болж хувиргав. Олон ч баян эр өөрийгөө “хүн чанарын дүүжлүүрт” шүүлгэж “хүн чанартай” болохоо харууллаа. Шанд нь тэмцэгч эрийн хөрөнгө арвижсаар, улсын нөлөө бүхий эрхэм болов. Мэдээж “хүн чанарын дүүжлүүрт” шүүлгэж нас барсан хүн үгүй. Тиймээс ч улсын иргэн бүр түүн дээр дугаарлаж “хүн чанартай” болохоо харуулахыг зорьно, шүүлгэх үнэ нь ч нэлээд өсч. Гэхдээ тэр нэгэн өдөр анхны “хүн чанаргүй” этгээд тодорсон юм...
Нэгэн өдөр нэгэн наймаачин өөрийгөө шүүлгэв, харин энэ удаад олс тасарсангүй хөөрхий наймаачин бурхан болов. Түүний өрсөлдөгч нь “хүн чанарын дүүжлүүр” –ийн эзнийг хахуульдсан нь тэр байж. Энэ мөчөөс эхлэн өөрсдийгөө “хүн чанартай” хэмээн итгэсэн иргэд “хүн чанарын дүүжлүүрээс” бага зэрэг цэрвэх болов. Гэхдээ л “хүн чанартай” гэсэн нотолгоо хэрэгтэй учир олсыг нь таслаад өгөөч хэмээн “хүн чанарын дүүжлүүр” –ийн эзэнд байдгаа шавхаж эхлэв. Улсын эзэн харин энэ удаад тэсвэр нь барагдаж шидэт дүүжлүүрийн шүүлтэнд тэмцэгч эрийг дуудав. Харин тэмцэгч эр хариуд нь өөрийн “хүн чанарын дүүжлүүр” –тээ улсын эзнийг дуудав. Улсын эзэн нэгэнт хүчгүй болжээ, учир нь өөрсдийгөө “хүн чанартай” хэмээн тунхаглагсад хэтэрхий олон болж. Тэднийг тэмцэгч эр захирч буй. Харин энэ удаад “хүн чанарын дүүжлүүр” гэдэг нэрээ сольж “шударга ёсны дүүжлүүр” болж томров. Улсын ямар ч иргэнийг шударга эсэхийг нь тэмцэгч эр л шүүж эхлэв, өөртөө таалагдаагүйг алж, өөртөө долигонож хахуульдсаныг нь “шударга” хэмээн өргөмжилнө. Улсын эзэн амиа аврахын тулд аргагүйн эрхэнд тэмцэгч эрд шүүлгэв, тэр мэдээж “шударга биш” байлаа. Улмаар шидэт дүүжлүүрийг шатаан орхиж, энэ улсад “шударга ёсыг тогтоох” цорын ганц дүүжлүүртэй, жинхэнэ дүүжлүүрийн эзэн нь тэмцэгч эр болж гэнэ. Хаа нэгтээ, хэн нэгэн ямар нэг дүүжлүүр сэтгэж олбол түүнийг даруйхан “шударга бус” гэдгийг нотлох л үлдэж. Өөрийгөө дүүжлүүрийн боол хэмээнэ тэр, гэхдээ тэр дүүжлүүрийн эзэн, улсын эзэн.
TGT
b
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
budbwsd
Ganbaa PINSHUU
Ganbaa PINSHUU
Зочин
шар цогг
ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙД ИРГЭД...
ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙД ИРГЭД...
Зочин
Luya
Luya
Зочин
nasan
бат
Зочин
их л олон хүн байна даа
onon
onon
onon
Зочин
k
AA
Зочин
Зочин
Зочин
Зочин
батинженер
Зочин
koko
Зочин
sdf
Зочин
P.B
l.Ser-od
ккк
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Nick
Зочин
Билэг
unka
unka
unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЦЭДО
Зочин