Монгол хэл, бичиг соёл бага, дунд, дээд боловсрол олж буй хүн бүхэн Д.Нацагдоржоор хэсэг хэсэг өвчилдөг. Анх Цагаан толгой үзэж төгссөний дараа ”Хэнз хурга”, дунд сургуульд ”Миний нутаг” шүлгээр, их сургуулийн нэгдүгээр курст ”Харанхуй хад” өгүүлэгийн задаргаагаар... гэхчлэн. Ганцхан бид ч тэгдэг юм биш юм билээ. Нэг өвөр монгол найз минь хэлж байсан юм. “Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд... гэж миний төрсөн Тэнгэр элс, миний цөлөгдсөн Бадайн жаран элсийг хэлж байгаа, багтаж байгаа гэж боддог. Бахардаж сөхрөөд энэ шүлгийг уншихад булчин шөрмөс минь чангарч, зориг зүрх минь эрчлэгдэж байсан. Энэ шүлгийн ид шидээр соёлын хувьсгал, шорон, цөллөгийг давж гарсан...” гэж. Ер бусын дотоод эрч хүч, хайр нигүүлсэл, түүх гэрэлтсэн шүлэг. Найрагчийн ийм их хайрыг ямар азтай бүсгүй амссан бол гэх бодол аандаа төрнө. Социалист реализмийг цогтой хамгаалагч уран зохиол судлаачид их найрагчийн гэргий Дамдины Пагмадулам руу өнөөг хүртэл шороо цацсаар байгааг гайхавч барагдахгүй. Ямар их үзэн ядалт, үгүйсгэл, үл тоомсорлол вэ л гэж халагламаар.


Д.Нацагдорж, Д.Пагмадулам

Яг л ийм л учирлалаар найруулагч Баатарын Бадрал Пахгмадуламын тухай киногоо ”Бүрхэг шөнийн тэргэл саран” хэмээн нэрийдсэн биз. Тэдний амьдралын хөшигний цаадхи бүх нууцыг дэлбэ татан харвал энхрий охин, эхнэрийнхээ төлөө өөрийгөө зольж, өөрийнхөөрөө дуусч байгаа эр хүний дүр зураг харагддаг. Гай зовлон ганц түүгээр дуусалгүй эхнэр Пагмадуламыг нь харанхуй руу шидэж, төрсөн охин нь эцэг эхээрээ овоглож, тэднээрээ хайрлуулж, толгойг нь түшиж чадалгүй, айж хулмаганаж, судлаач нэртэй туршуулуудад ээрүүлж өнгөрсөн амьдрал... Ёстой нөгөө ”Тунгалаг тамир” кинонд “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэж халаглан харуусч дуун алддаг шиг. БҮРХЭГ ШӨНӨ л дөө. Сар ч үгүй, од ч үгүй яг ийм л шөнө байсан байх...

Пагмадуламын намтар дахь үнэн ба худлуудыг хооронд нь хэрэлдүүлье.

Худал: Нацагдорж орос эхнэртэй, орос охинтой байсан... (Ю.Цэдэнбал нарын зэрэг орос эхнэртэй зүтгэлтнүүдийг нийгэмд эерэг харагдуулах хуучин цагийн пиарчид. Тэр бүү хэл түүний орос охиныг Монголд авчирсан болоод түүний нэрээр бизнес хийсэн, музейг нь устгаж, архивийг нь самарсан шинэ цагийн пиарчдын л ажил. Ийм увайгүй өчүүхэн шалтгаан гэж бас байдаг аа)

Үнэн: Нацагдорж Пагмадуламтай 1922 онд гэрлэсэн. Охин Цэрэндулам нь 1923 онд мэндэлсэн. Охиныг Пагмадуламын аав Муж Дамдин өргөж авч өсгөсөн. (Энэ хүн мужаан биш язгууртан. Богд хаант Монгол улсын тайж. Муж хэмээх нь түүний овог бөгөөд Эзэн Чингисийн өрлөг жанжин Боорчийн шууд угсааны хүн)

Худал: Пагмадулам хар тамхичин байсан. Ясчин хятадтай суусан... (Бас л өнөөх соцреалистуудын ажил. Ингэж бичсэнийх нь төлөө тэднийг монголын бүх эмэгтэйчүүд эхчүүдийг гутаан доромжилсон ч гэж ялласан ч болно)

Үнэн: Монголын анхны эмэгтэй парламентч. Энэ хуралд Ардын хувьсгалын анхны долоогоос Х.Чойбалсангаас өөр хэн ч сонгогдоогүй гэж бодоход шүү. Манж, хятад, орос, герман хэлтэй. Анх баруунд боловсрол эзэмшиж, Германд суралцсан. Шүлэг бичдэг байсныг нь ч бид нарийн тодорхой мэдэхгүй, бүтээлүүдээс нь үлдэж хоцорсон нь үгүй. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга. Шинэ үндсэн хууль батлалцсан хүнээ ингэж гутааж, муучилж, доромжилж, мартаж манантуулахын учир шалтгаан чухам юунд байсан юм бол? Ингэж болдог шинжлэх ухаан, ийм суртал ёстой нам, засаг, тийм хүндлэлгүй эмэгтэйчүүдийн байгууллага чухам Монголд л байдаг байх. Түүнд зүүсэн шошго “Монгол хүнийг гутаан доромжилж болох хятад хүнтэй суусан монгол хүүхэн” гэх хоч. Харин цаг хугацааны өнөөгийн өндөрлөгөөс дүгнэвэл, зорилго нь аргаа зөвтгөхийн учир хятад байтугай чөтгөртэй суусан ч цагаатгаж болох цаг үе байсныг огоорч боломгүй. Өнөөг хүртэл бид ийм л ойлголттойгоор нүдээ боолгож, чихээ бөглүүлж, хэд хэчнээн ч он жилийг өнгөрөөв. Эвлэрэв. Хүлээв.


Зүүн гараас Д.Пагмадулам, Д.Цэрэндулам, Балжид. 1925

Нэхэн саная. Цаг хугацааны хүчин зүйлтэй нь харгалзуулан дүгнэя. Мөрдлөгө хавчлага, үргэлжийн айдас түгшүүр, тэгээд шорон гяндан... Үртэй хүний гол долоо тасардаг гэдэг дээ. Үр удмаа эсэн мэнд авч үлдэхийн тулд China town-д очиж, хятадтай суусан дүр үзүүлэн, хар тамхи татдаг гэх цуу тарааж, гай зовлон охиноос нь, үрээс нь л холуур өнгөрч байвал юу ч хийхэд бэлэн явсан эх хүний л үйлдлүүд... Пагмадуламын амьдралыг товчхондоо ингээд л дүгнэчихэж болно. Тэр хүн хэзээ, хэрхэн энэ орчлонгоос явсныг хэн ч мэдэхгүй, тэр бүү хэл төрсөн охин нь ч мэддэг гэхэд эргэлзээтэй гэж болохоор.

Гэхдээ л бидний дунд тэр өдрүүдийнх нь тухай багагүй мэдэх түүхэн гэрч үлджээ. Өдгөө 94 настай Ёндонжамцын Цэрэндулам гуай цэргийн ансамблийн бүжигчин, гавъяат жүжигчин. Энэ настан буурал олон жил сэтгэлдээ хадааж явсан үнэн мөнийг Б.Бадрал найруулагчийн кинонд анх удаа хүрнэлээ. Урьд өмнө хаана ч дурсагдаагүй баримтыг дэлгэлээ гээд шагнал, зэмлэлийн аль нь ч ирсэн гэсэн уран бүтээлчид баярлах гомдох нь юу л бол. Нуугдаж, зугтаж, айж, бэтгэрч, ганцаардсан эгэл жирийн монгол эмэгтэйн тухай гунигтаэй дурсамж киноны хамгийн оргил болоод гол тайлал нь болжээ.


Зүүн гараас Д.Пагмадулам, Гэсэржав, орос хэмээх Долгор

Хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгалаа, үр хүүхдэд нь төгрөг мөнгө өглөө л гэнэ. Хэдэн халтар төгрөг тэртээх жилүүдийн бүрхэг шөнүүдийн зовлон, шаналалыг тайтгаруулж чадна гэж үү? Цаг наашилж, цас битүүрчихээд байхад нэр төрийг нь сэргээх, үнэн мөнийг нь тогтоохоос зайлсхийж, таг дуугүй, хэлмэгдүүлсэн гайтуулсан хэвээр сууна гэдэг л жинхэнэ гэмт хэрэг санагдана.

Төрийн хошой шагналт Д.Намдаг агсан доктор Ч.Билигсайхан багшид хэлж байжээ. “Бид чинь энэ тухай ярихгүй гээд нэг юман дээр гарын үсэг зураад гараад ирсэн хүмүүс шүү дээ” гэж. Тэгээд, ямар ч асуултанд нь хариулаагүйг бодоход... Тэр чухам ямар бичиг байв?

Пагмадуламыг бид энэ чигээр нь мартчихжээ гээд төсөөлье л дөө. Нацагдоржийн шүлгүүдийн өнөөх эрчимлэг, энэрэнгүй, түүхэн шинжүүд нь хэвээрээ байх л байх. Гэхдээ л түүний амьдралын түүхийг үнэнээр нь мэдсэн хүний өрөвдөх, гэмших, хайрлах давхар давхар мэдрэмжүүдээр дутах нь гарцаагүй. Үүнийг л авъяаслаг найруулагч Б.Бадрал ТЭРГЭЛ САРГҮЙ БҮРХЭГ ШӨНӨ болгож харсан байх юм.


Зүүн гараас Д.Цэнд-Аюуш, З.Гүндсамбуу (Магсар хурцын гэргий), Д.Пагмадулам

Үнэмшил, өөриймшил хоёроор хомсдсон өнөө үеийнхэнд хандахад, залруулаагүй алдаа л жинхэнэ алдаа гэдэг биш үү. Бид Пагмадулам, Цэрэндулам нарыг цагаатгая. Тал бүрт тарсан энэ гэр бүлийнхнийг түүхэнд нэг гэрт оруулж, элэг бүтэн болгоё. Нацагдоржийнх гэдэг жирийн сайхан айл, Монголын шинэ үеийн сэхээтэн гэр бүл, эрдэмт, билэг төгөлдөр гэргий, зохиолч, яруу найрагч эмэгтэйн тухай үнэн сайхан дурсамжийг хойч үеийнхэндээ үлдээе.

Б.Бадрал найруулагчийн “орчин үеийн домог”-ууд цаашаа үргэлжилнэ гэнэ лээ. Тэртээ 10-аад жилийн өмнө хийгдэж байсан түүний хурц дайчин, баталгаа нотолгоогоор сэхээсэн, үйл явдлын хурц өрнөлтэй жинхэнэ орчин үеийн баримтат киноны цувралуудыг үзэгчид санаж байгаа нь лавтай. Очирбатын Дашбалбар агсныг амьд мэт хийсэн “Шамбалд бичсэн захидал” (2007) кино нь хэдэн жил баримтат киночдийн “аман домог” байлаа. МУИС-ийн бүтээгдхүүн, монгол утга соёл, түүхийн жимээр хөтлөн түүчээлэгч хүрээ хөвгүүн Б.Бадрал, Г.Ням-Очир нар Пагмадуламыг эрж хайгаад, энэ бүтээлээрээ гарцаагүй олжээ.

Бидний амьдрал, түүхэнд дахин ийм “Бүрхэг шөнийн тэргэл саран” бүү тохиолдог, бүсгүйчүүд, хүмүүс бүү хагацан салаг, бүү шаналан тарчлаг гэж залбиръя. Бусдыг нь та Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтат кино бүтээгчдийн нийгэмлэгийнхний хийсэн энэ киног дахин үзсэнийхээ дараа дотроо тунгаан бодоорой гэж хэлэх байна. Youtube-ийн энэ холбоос дээр бүтнээрээ байгаа.