Ямар амьтны нүд гэдгээсээ хамаарч юмс янз бүр үзэгдэнэ. Жишээ нь ердийн гэрийн муур яаж хардаг вэ? Харанхуйд та муураас хавьгүй муу харна. Учир нь муурын нүд цаанаа “толь” гэсэн илүү зүйлтэй, тэрэн дээр гэрэл олон дахин ойж харааг нь хурцалдаг байна.

Гэхдээ гэрэлтэй үед муур танаас хавьгүй муу харна. Таны ялгаж чадаж байгаа өнгөнүүдийг муур тэр болгон салгаж тодоор харж чадахгүй. Муурны танаас давуу нэг чадвар гэвэл хөдөлгөөнтэй юмыг маш гярхай олж харж чадна. Яльгүй сэрвэлзэх хөдөлгөөн л муурын нүдэнд өртөнө дөө. Иймдээ ч хулганын сайн ангууч юм.

Та номхон зогсож байгаад хүзүүгээ зугуухан эргүүлэн орчин тойрноо нэг сайн хараад тогтоогоод ав. Дараа нь гэнэт зогтусхийгээд шууд нүдэндээ харагдаж байгаа зүйлээ нэг тогтоо. Эргэн тойрныхоо зүйлээс аль зэрэг хязгаарлагдмал хэсгийг нь хөдөлгөөнгүйгээр харж чадаж байгаагаа тэгвэл ойлгоно.



Одоо тэгвэл туулай юу харж чадаж байгааг дээрх зургаас үзэж болно. Тэр өргөн зурвасыг харж чадаж байхад та ердөө голын улаан хүрээтэй хэсгийг л хөдлөлгүйгээр харна. Хоёр талд нь байгаа хэсгийг хүзүүгээ эргүүлж байж л нэг юм харна шүү дээ.

Туулай голын нарийхан зурвасыг харин огт үздэггүй. Учир нь нүд нь таных шиг нэг хавтгай дээр биш, хоёр талдаа байрлалтай шүү дээ. Овсгоотой болоод туранхай хүн тэр зурвасаар туулайд дөхөж болно. Туулай ийм өргөн зурвасаар харж чадаж байгаа нь олон дайснаасаа сэрэмжлэх нэг зохицол нь юм.

Энэ могойн хоёр нүдний ажиллах дүрэм ерөнхийдөө таныхтай төстэй мэт. Могой хулгана ангуучлах гээд ширтэж байна. Харин нүдэнд нь таны харснаас шал өөр дүрс тусна. Учир нь түүний хараа фокус тохируулдаггүй, цаад харагдаж байгаа зүйлийнхээ дулааныг мэдэрдэг. Зураг дээр буй хулганын биеэс дулаан ялгарч байгаа учраас түүнийг могой мэдрэн харж байна. Харин хулганы идэж байгаа жимс дулаангүй учир могойд огтоос үл үзэгдэнэ. Могой нэгэнт дулаанаар мэдэрч хардаг учраас тас харанхуйд ч ямар ч амьтныг төвөггүй харж чадна. Та алгаа дэлгээд нүүрнээсээ холдуулж байгаад нэг сайн хар даа. Хумс чинь цэвэр байна уу, хиртэй юу? Алганыхаа хичнээн хээг тод харж тоолж чадаж байна? Гэтэл таны дээгүүр харцага 30 метр холуур нисэж явна гэж үзье. Харцага таны алгыг илүү тод хурц харна гээ. Эрдэмтдийн нотолж байгаагаар зарим махчин шувууд нүдэндээ томруулдаг дурантай аж. Харцага таны харж байгаа жирх рүү ширтэн фокусаа тохируулахад хамаагүй ойроос юм шиг, илүү тод сайн харж байна даа. Харцага, шонхор, бүргэд агаарт удаан хугацаагаар элин хальдаг. Хоолоо л харж буй хэрэг. Тэр өндрөөс газарт буй өчүүхэн зүйлсийг ч томруулан тодруулан үзэж чаддаг юм чинь.



Хүн шавьж хоёр ямар ялгаатай хардаг вэ? Хүний нүд ганц л линзтэй, тэр нь мөн ганц дүрсийг тархи руу мэдээлнэ. Үүний дүнд та жишээ нь энэ цэцгийг ганцыг л олж үзнэ. Ерөөсөө ч ганц л цэцэг байгаа юм чинь.

Гэтэл зөгийн нүд зургаан тал бүхий хэдэн зуун линзтэй. Тэр олон линзнүүд нийлж байж арай гэж нэг цэцэг “бүтээнэ”. Яагаад хүн шавьж хоёрын харж буй цэцэгний өнгө өөр байна? Хүн үзэгдэх гэрлийн уртад хардаг бол шавьж ультра богино урттай гэрлийг хардаг. Бидэнд ягаан харагдаад байгаа цэцэг маань зөгийн нүдээр нил өнгөтэй харагдаж буйн учир энэ. Шөнийн дуран хэрэглэж үзсэн бол гэрлийн уртаас хамаарч юмсын өнгө өөрчлөгддөгийг төсөөлөх байх. Ультра туяанд цэцгийн бал илүү сайн харагддаг аж. Усны амьтан мэдээж усандаа сайн харж таараа. Та хувинтай ус руу толгойгоо дүрээд нүдээ нээ. Муухан л харагдана даа. Яагаад гэвэл таны нүд усанд биш, агаарт харах зориулалттай.

Гэтэл зарим мандлын загас болон хоёр нутагтан ус, агаарыг зэрэг харж чаддаг аж. Хоёр талдаа нэг нэг нүдтэй боловч үнэндээ дөрвөн нүдтэй юм шиг. Нүд бүр нь дотроо хоёр хэсэгтэй.



Төв Америкт нутагладаг энэ загас усны мандлаас ялаа шумуул барьж иддэг. Нүдний дээд хэсэг нь мандал дээр наадах шумуул ялаа хайж явна. Харин нүдний доод хэсэг нь өөрийг нь хэзээ ч үмхээд авч магадгүй махчин загасыг сэрэмжлэн харж яваа юм.



НЭПКО хэвлэлийн газар