-фельетон-

Бүх юм Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” зохиолын баатар Түгжил малын хулгайч болохоор шийдэж, зааварлагч багш,профессор Төмөрт шавь орсон сюжетээс эхэлнэ. Түгжил Говь Алтай аймагт дадлагын ажлаар явж байхдаа багшаа гэнэт хутгалан хичээлийн хэрэгслэлээ завшдаг.

Манайхан “Тунгалаг тамир”-ыг ид уншиж байх үед “араас хутгалах” гэсэн өрнөдийн хэллэг, “Энэ чинь чи байсан юм уу, Брут минь” гэдэг афоризмтойгоо орж ирж ирэв. Юлий Цезарийг хамгийн итгэлт хүн болох Марк Брут нь араас нь хутгалан алжээ. Юлий маань “Et tu, Brute?” хэмээн латинаар дуу алдаад үхсэн юм байна.

Цезарь ч амь тавьж байж ёолохын оронд афоризм хэлдэг, Брут ч ганц дүрээд зүйл дуусгах мөртлөө тархины цусан хангамж хариуцсан судсыг хөндөлгүй орхиж, хохирогчид цэцэрхэж амжих зай үлдээдэг, аль аль нь сүрхий улс ажгуу.

Харин цахиур Төмөр мань Түгжилийг таньсан боловч “Et tu, Tuglil” гэхийн оронд “Хэдэн муу адсагнаас болж хүн алах нь шив дээ” гэх маягийн юм хэлжээ.

Төмөр хутгалуулахдаа олигтой афоризм латинаар хэлээгүй, дээр нь үхээгүй, нарийн яривал Түгжил араас нь биш хажуу сүвээ рүү нь дүрсэн зэргээс үл хамааран монголчууд өөрийн “Брут”-ийг Түгжил, “араас хугалах”-ыг “Түгжилдэх” хэмээн нэрийджээ. Энэ нь ч дээр юм. Хэн нэгнийг “Брут Дорж, Брут Должин” гэхчлэн хэлэхэд олон түмэн бакалавр Дорж, магистар Должин гэдгээс ялгахгүй, зэрэг цол юм байх гээд харин ч хүндлээд явчихаж мэднэ. 

Өнөө намрын дунд сарын 17-ний балжинням, дашням давхцсан өдрүүдийн араас манай улс төрийн амьдралд Түгжил давхарласан өдрүүд залгав. Нэг өдөр байсан бол яахав, хэдэн хэдэн өдөр, бүр долоо хоногоор давхцав. Залхсан хүмүүс “нэг Түгжилдвэл долоо түгжилдэнэ” гэж энэ л байх гэлцэн толгой сэгсэрч байна.

Эхлээд Батзандан гишүүн маань нам, засгийн удирдагчийг огцруулах бичигт гарын үсэг зуржээ. Угаасаа “нам, засгийн эсрэг юм” байнга ярьж, “дайсны үзэл суртлын идэш” болмоор юм сэдэж явдаг түүнд “социалист хөдөлмөрийн бригад” нь дургүй.

Сайхан далим гарч, түүнийг Түгжилээр нь дуудаж эхлэв. Гэтэл нам, засгийн тэргүүн Алтанхуяг дарга маань бараг л маргааш нь “Солонгосын бүтээлч хөдөлмөрчдийн дунд хүмүүжиж байгаад ирсэн” Н.Энхбаяртай улс төрийн сүй тавьчихав.

Өчигдөрхөн л Энхбаяртай тэмцсээр байж арай гэж ялж засгийн эрхэнд намаа гаргаад дотор онгойн унтсан АН-ын гишүүд өглөө нь  “Энхбаярын талын хүн” болчихоод сэрэв.

Хамгийн шинэ түгжил болсон нам, засгийн удирдагчийн хажууд муу Батзандан бол хуурамч Дамбийжаа, түгжилдэх гэж зүгээр л гурилддаг гар аж. Гэхдээ яах вэ, “түгжлийн дэргэдэх түгжил шарлана” гэгчээр оргүй ч амьтан биш.

Хотын намын дарга Бат-Үүл маань нам, засгийн Түгжилийн явдлыг жигшин “Түгжилдэх мөрөөрөө өөрөө Түгжилдэхгүй, бүхэл бүтэн намыг түгжилдэхийг зөвшөөрөхгүй” гэдгээ ярив.

Нам, засгийн Түгжил нь “Бат-Үүл намайг түгжилдээд байхдаа яах вэ” гэснээр “Үндэсний Түгжил”-ийн долоо хоног эхлэв. Түгжил нь бүх нийтийн үйл хэрэг болсноор утга нь өргөсөж “таалагдахгүй байна” гэдгээс эхлээд “таалагдаж байна” гэсэн утгыг хүртэл олсон байна. Бие биедээ эрхлэх хос “Хайр аа, чи минь намайгаа түгжилдмээр л байна уу” “Би чамдаа аймаар түгжилтэй ш дээ” гэлцэхийг нойр хулжсан эмээ нар нэг биш удаа сонссон байна.  Нэгдүгээр төрөхийн  тэнд, аав болж баяр хөөр нь багтаж ядсан хархүүгээс “Хүү юу, охин уу” гэж асуухад “Түгжил” гэчихээд, амаа барьсан явдал ч тэмдэглэглэгдэж.

Түгжлээр амьсгалсан долоо хоногт бага сургуулийн хэл зүгшрүүлэх хичээл “Түгжлийгээ түгжлээрээ түгжилдүүлбэл түгжилдүүлээрэй, эс түгжилдүүлбэл түгжлийгээ түгжилээрээ эс түгжилдүүлээрэй” гэсэн хэллэгээр эхэлж, фото студийн зурагчин “За дарлаа шүү. Түгжил гээрэй” хэмээн үйлчлүүлэгчдээ сануулж, айраг найрын дундуур “би сайн эр болж нэг амьсгаагаар гучин хоёр цагаан түгжил хэлье ээ. Нэг цагаан түгжил, хоёр цагаан түгжил, гурван цагаан түгжил....арван цагаан түгжил” гэснээ дуу нь тасрах бөлгөө.

Хүмүүс “Үгүй ер өө, Түгжил нь түгжлийнхээ түгжлийг гайхав” гэгч болох нь шив дээ хэмээн ширэв татах аж.

Бараг л бүх утгыг энэ үгээр илэрхийлж болохыг “Үндэсний Түгжлийн долоо хоног”-ийн үеэр харлаа. Гудамжинд таарсан хоёр хүн “Хүүе ээ. Түгжил минь. Би чамайг эхэндээ Түгжил юм байх гэж бодлоо. Чи ч муу Түгжлийгээ тоохоо байж ээ”, ”Түгжил та хоёр чинь яагаад байнаа гэв ээ”, “Түгжилд л түгжилдүүлчихгүй бол Түгжлийгээ ч түгжилдэчихэлгүй дээ, муу Түгжил агаа нь” гэлцэн хөөр баяр болно. Автобусны кондуктор “Долоон түгжилд буух хүмүүс буугаарай, Түгжилийн уулзвар дээр буух нь хаалгандаа дөхөөрэй” хэмээн анхааруулж, цаг агаарын мэдээ “Түгжил зүгийн нутгаар ялимгүй цас орно. Агаарын даралт унана” гэдгийг сануулах бөлгөө.

Түгжилгүй ч юм алга. Зул сар, шинэ жилийн мэндчилгээний ил захидлыг ”Шинэ түгжлийн мэнд хүргэе”, “С новым тугжелом” “happy new Tuglil” гэсэн бичигтэйгээр хэвлэж эхэлсэн байна.

Манай уран бүтээлчид ч арвин ургацтай байжээ. Зураач нар маань нам, засгийн удирдагчдаа монгол зургийн аргаар, уламжлалт бурхадын чуулганы тигээр бүтээгээд “Сайн цагийн 1000 түгжил” хэмээн нэрийдсэн байна.

Зурхайчдын холбооноос шар, шарагчин хоёр махбод давхцсан өдрийг “Түгжил барилдлагат өдөр” болгон, цаг тооны бичигт оруулах болсноо зарлав. Энэ өдөр эхнэрээ араар нь тавих, нөхрөө мурих, дайсантайгаа нэг хөнжилд орох зэрэг хатуу үйлийг бүтээхэд нэн өлзийтэй хэмээнэ.

Засгийн газраас  жил бүрийн Х сарын гурав дахь долоо хоногийг “Үндэсний Түгжлийн долоо хоног” болгох тогтоол гаргаж, энэ хугацаанд юу санасан есөн хонзонгоо тайлж хэвшихийг уриалжээ.

Гандан хийдэд ч ялгаа алга. Ном бичүүлэх эмгэн “Сундуй Жадамба, Түгжил... бишээ, насаа нэммэр чинь...Алтан хэн билээ өнөө гайхал чинь.. би юу ярьчваа, Алтангэрэл ш дээ” хэмээн уулгална. Ном бичдэг лам ч ялгаа алга, “Сандуйн жүд, Говий Түгжил... ээ базарваань..Лха” хэмээснээ эндүүрлийг  тонилгогч тарни тоолно. Гараад иртэл мөргөлийн жавданд сунангаа толгой дээрээ гараа наманчилсан настан “эх болсон зургаан Түгжил...” гэснээ  учиргүй санаа нь зовов бололтой ”зургаан зүйлийн хамаг” хэмээн их зөвөөр үргэлжлүүлсэн боловч  “...түгжлийн тусын тулд”  хэмээн ахиад л хадуурлаа.

2014.10.22