Х.Тэмүүжин: Өрсөлдөгчтэйгээ нийлж өөрийнхнөө намнадаг улс төр л явж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрх чөлөөгөө хязгаарлуулсан 2000 гаруй иргэн Өршөөлийн хуулийг хүлээсээр байна. Гэвч УИХ асуудлаа шийдэлгүй хүлээлт үүсгээд байгаа. Хуулийн төсөл тойрсон хэтэрхий их улс төржилт нь иргэддээ шийтгэл болж очоод байгаа юм биш үү. Зарим гишүүд он гартал энэ чигээрээ явна гэсэн зүйл ярих юм?
-Өршөөлийн хуулийн гацаа арилна гэдэгт би хувьдаа итгэж байгаа. Хууль зүйн байнгын хороо хуралдаад талуудын маргаантай байсан асуудлууд шийдэгдчихлээ. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихсан. Хоригийг хүлээж авсантай холбогдуулан зохих өөрчлөлтийг оруулах ёстой байсан ч нэмэлт, өөрчлөлтийг ямар хэмжээнд оруулах, саналаа ямар хэлбэрээр хураах вэ гэдэг дээр маргаан гарсан. Энэ маргаан хэт сунжирчихлаа. Гэхдээ шийдэгдсэн. Өршөөлийн хууль чуулганаар орохдоо Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хураагдсан саналын хэлбэрээрээ бүхэлдээ чуулганы нэгдсэн хуралдаан руу орно. Ерөнхийлөгчийн хоригт дурдагдсан тодорхой зүйл заалтуудаар тус тусад нь санал хураалт явуулах байх. Миний хувьд Ерөнхийлөгчийн хоригийг 98 хувьтай дэмжиж байгаа.
-Яагаад 98 хувь гэж?
-Нэг гэмт хэргийг хаалтын хэсэгрүү оруулах шаардлагагүй. Тэр нь 150.3 дугаар зүйл. Энэ бол хуулийн байгууллагууд бизнес эрхлэгчдийг өлгөх гол гох дэгээгээ болгодог, хэрэг үүсгэж шантааж хийх маягаар бизнесийн хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг, хувийн өсөө тайлчих гээд байдаг зүйл байгаа юм. Түүнийг хаалтын хэсэг рүү оруулах шаардлагагүй гэж би үзэж байгаа. Ерөнхийлөгчийн хоригт заагдсан бусад гэмт хэрэг болох албан тушаалаа хэтрүүлэх, авлига авах, үндэслэлгүй хөрөнгөжих, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэх мэт гэмт хэргүүдийг өршөөхгүй, өршөөлийн хуулийн хаалтын хэсэгт оруулах ёстой.
-Гэвч өмнөх удаа Байнгын хороон дээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, бусдын эд хөрөнгийг завших үрэгдүүлэх, албан тушаалаа урвуулан ашиглах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэдэг зүйл заалтуудыг өршөөнө, бусдыг нь өршөөлд хамруулахгүй гэсэн. Байнгын хороон дээр олонх болсон МАН-ын бүлгийн гишүүд кноп андуурч дарсан гээд байгаад итгэх хүн алга...
-Байнгын хороон дээр кноп яаж дарагдсанаас үл хамаарч чуулган дээр кнопоо яаж дарах нь хоригийн хувь заяанд чухал. Тиймээс чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд хэрхэн саналаа өгч байгаагаар нь хэн нь хэвлэлээр хэлсэн үг, олон нийтэд харуулсан нүүрээрээ байж, байр суурь, зарчим дээрээ хатуу зогсож байна гэдгийг харчих боломжтой.
-Үнэндээ авлига, албан тушаалын гээд байгаад хэрэгт нягтлан бодогч голдуу 100 гаруй хүмүүс шалгагдаж байгаа юм билээ. Авлигачдын өршөөхгүй гэж байгаа бол цаад эздийг нь олох ёстой юм биш үү. Энэ 100 гаруй хүнээс болж өршөөлд хамрагдах ёстой 2000 гаруй хүний асуудал хүлээгдээд байна?
-Үүн дээр бол Өршөөлийн хууль уу, Эрүүгийн хууль уу гэдгээс илүүтэй мөрдөн шалгах үйл ажиллагааны ур чадварын асуудал яригдах байх. Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой маргааны хил хязгаар хоёр тийшээ саваад байгаа нь ч үүнтэй холбоотой. Нэг талаасаа төрийн үйлчилгээний чанар, шийдвэрийг хар зах дээр зарж байгаа юм шиг үнэ хаялцуулж, нийтийн ашиг сонирхлыг худалдан борлуулах замаар хувийн ашиг сонирхлоо ханган баяжиж байгаа хүмүүс бий. Үүнээс болоод төрийн болон хуулийн нэр хүнд унаж байгаа. Үнэндээ тогтолцоо бүхэлдээ сууриарай ганхахад хүрч байгаа. Энэ сорилтыг бид сөрж зогсох ёстой. Нөгөө талд нь процессийн шударга ёс хангагдаагүй, мөрдөн шалгах үйл ажиллагаа хүний эрхэд суурилаагүй, шүүх тогтолцоо шударга ёсны хэмжүүртээ орж ирээгүй үед “авлига” гэдэг энэ үг хий хоосон популизм, нэгээ талаасаа хүн хэлмэгдүүлэх хэрэгсэл болчих гээд байгаа. Үүнийгээ дэнсэлж үзэх хэрэгтэй. Үнэхээр авлигатай тэмцэх нэрийн доор хүн хэлмэгдүүлээд, өш хонзон аваад, өрсөлдөгчдөө намнаад байна гэсэн шүүмжлэл байгааг би үгүйсгэхгүй байна. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд Өршөөлийн хууль гарч хууль ёсыг үнэгүйдүүлж, шударга ёсны тогтолцоог бүхэлд нь нулимахыг бас дэмжмээргүй байна. Асуудлыг шийдэхийн тулд хууль тогтоомжоо сайжруул, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Эрүүгийн хуулиа өөрчил л дөө. Хуульч, хууль сахиулагчдын гарт хутга болж очоод байгаа тэр зохисгүй эрх мэдлүүдийг нь хуулиараа засаач ээ, процессийн шударга ёс гээд байгаа шаардлагуудаа тавиач ээ гэж байгаа юм. Жоомоо алах гээд байшингаа шатаав гэгчээр улс төрийн өшөө авалтыг зогсоохын тулд авлигчдыг өршөөх нь төрд итгэх иргэдийн итгэл, хуульд захирагдах нийтийн ёс суртахууныг үгүй хийнэ гэсэн үг болно. Дээр байгаа хүмүүс нь өөрөө өөрсдийнхөө гэмт хэргийг өршөөчих юм чинь дор байгаа иргэдэд хууль байгаад ч яах юм, төр засагт захирагдаад ч юу хийх гэдэг болчих гээд байна. Ингэж хоёр туйл руу ээлжлэн савж болохгүй. Харин шийдлээ зөв гаргаж том дүр зургаар нь хараад хүн хэлмэгдүүлээд, өрсөлдөгчөө намнаад, тийм боломж олгоод байгаа хуулийн тогтолцоогоо л өөрчлөх хэрэгтэй. Хуулиа л сайжруул.
-Өршөөлийн хуулиас өмнө Эрүү болон Зөрчлийн хуулиа батлах ёстой гэдгийг ээлжит бус чуулганы үеэр ч ярьж байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй. Энэ нь Өршөөлийн хуульдаа нөлөөлөөд байна аа даа, тийм үү?
-Эрүү болон Зөрчлийн тухай хуулиа баталъя гэж нэлээд эрчимтэй түлхсэн боловч зөрчил үүссэн. Эдгээр хуулиуд суурь шинжтэй л дээ. Хүн бүрийн амьдралд нөлөө үзүүлж, нийгмийг бүхэлд нь хамардаг хууль. Ийм хуулийг түргэн шуурхай хэлэлцэхгүй, сайн ярилцаж дундын ойлголцолд хүрч батлах ёстой гэдэг байр суурьтай УИХ-ын гишүүд байгаа учраас хүлээзнэх байдалд орсон. Энэ хүлээлт нөгөө талдаа иргэдээ хэт дорд үзсэн, шоронжсон, хууль хяналтыханд хууль бус зүйл хийх боломжыг нь олгодог өнөөгийн алдаатай тогтолцоог хүчин төгөлдөр үргэлжлэх боломж олгоод байна. Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиуд нь цогц маягын хамтдаа үйлчлэх бодлого юм ш дээ. Таны асуусанчлан Зөрчил, Эрүүгийн хуулийг батлагдахыг хүлээхээр нөгөө талд нь баялаг бүтээгч, бизнесийнхэн, жирийн иргэд хохирогч болсоор. Хуулийн болхи тогтолцооны дүнд өдөржин, шөнөжин хардуулж, мөрдүүлж, бизнесээ хийж чадахгүй, хөрөнгөө ч гаргаж чаддаггүй тийм байдалд хүрсээр. Гэтэл гадна, дотно хөрөнгө оруулалт “0” зааж, эдийн засаг унасаар, хүмүүсийн халаасан дахь мөнгө багассаар л байна. Үүнийг хараад л суугаад байх уу. Миний итгэл үнэмшил бол Эдийн засгийн ил тод байдлын хууль, Өршөөлийн хуулиа ядаж жил хагасын өмнө гаргачихсан бол эдийн засгийн хүндрэл харьцангуй гайгүй байх байсан болов уу гэж боддог.
-Жил хагасын өмнө гаргах боломж байсан юм уу?
-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хоёр ч удаа өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцээгүй л дээ. Хэлэлцээгүй шалтгаанууд нь тодорхой. Мэдээж улс төр байсан. Н.Алтанхуягийг унагаахын тулд эдийн засгийн шинэ боломжуудыг нээхгүй байх нь тэдэнд ашигтай байсан байх. Түүнээс болж хэлэлцээгүй. Хэлэлцээгүйгээс болж маш олон боломжуудыг алдсан. Алдсан боломжуудын үнэ цэнийг бид тооцож сураагүй тул ийм байдалд хүрсэн. Мөн том төслүүдээ явуулаагүйгээс болж эдийн засаг, төсөв улам л хэцүү болсон. Энэ нь иргэдийн амьдралд их л хүнд тусна байх даа.
-Иргэдийн дунд “Тэмүүжин сайдын хуулийн шинэчлэлт” гэдэг ойлголт нэгэнт бий болчихсон байв. Гэтэл таны өргөн барьсан хуулиудыг дараагийн сайд нь эргүүлэн татаад, заримыг нь дахиж өргөн бариад явж байгаа. Тухайлбал, Цагдаагийн албаны тухай хууль... Ямар ахиц гарсан юм бэ?
-Хуулийн салбарын шинэчлэл олон хүчин зүйлээс хамааралтай ч суурь хүчин зүйл нь улс төрийн тогтвортой байдал. Улс төрд тогтвортой байдал хангагдаагүй газар хуулийн шинэтгэл явагдахгүй. Улс төр тогтворгүй, шинэчлэлийн талаархи тууштай байр суурь байхгүй байгаа газар шинэчлэлийг эсэргүйцэгчид, хуулийн гажиг тогтолцооноос шимж амьдрагсад хүч орж, шинэчлэлийг санаачлагчдыг эргээд буруутгаж, хэрчдэг тийм л дүр зураг байдаг. Энэ дүр зураг манайд ч харагдаж байна. Шинэтгэлийн зорилтууд бол 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгагдан, сонгогчдодоо амласан зүйл. Шинэчлэл болон түүний эргэн тойрон болж байгаа үйл явцыг хэд хэдэн талаас харах ёстой. Нэгдүгээрт, хуулийн салбарын шинэчлэл бол Тэмүүжингийн асуудал биш. Ардчилсан нам амласнаа хийж чаддаг уу гэдэг л асуудал. Хоёрдугаарт, энэ олон хуулийн үзэл санаа чинь 2000 оноос яригдаж байсан зүйл. Тэмүүжин мундагтаа олоод сэдчихсэн ч юм биш. Өмнө нь зүрхэлж барьж авдаг хүн нь цөөн байсан байж магадгүй. Тиймээс энэ шинэчлэл тодорхой цаг хугацааны дараа дахиад л яригдана, хийгдэнэ. Үүнд би санаа зовохгүй байна. Харин хойшлогдож байгаа хугацаа нь таван жил үү, найман жил үү гэдэг л байна.
Цагдаагийн байгууллагыг иргэнд үйлчилдэг, үйл ажиллагаагаа олон нийтэд түшиглэсэн, хаалттай биш нээлттэй, даргад биш хуульд захирагддаг байгууллага болгох уу гэвэл болгоно. Олон нийтэд түшиглэсэн үйл ажиллагааны хүрээнд оюутан цагдаа, school police, олон нийтийн цагдаа гэх мэтчилэн иргэдтэйгээ хамтран хууль сахиулах үйл ажиллагаа явуулдаг шинэ арга хэлбэрүүд бий болсон. Цагдаагийн байгууллагын аюулгүй байдлыг хүртээмжтэй болгоё гээд Улаанбаатар хотод зургаахан байсан цагдаагийн хэлтсийг 14 болголоо. Хүртээмж нь хамаагүй сайжирч байгаа биз дээ. Цагдааг даргынхаа үгээр ажиллах биш, хуулийн дагуу иргэнд үйлчилдэг болгоё, иргэнээ хүндэтгэсэн харьцааны соёлтой болгоё гэсэн зорилго тавьсан. Алдаг оног зарим нь ажиллаж эхэлсэн. Нэгэнт иргэнд үйлчилдэг хууль сахиулагч байхын тулд иргэний хяналтад цагдаагийн үйл ажиллагааг оруулж, тайлагнах тогтолцоотой болгох ёстой. Үүнийг хийхэд цэрэгжсэн, хаалттай зохион байгуулалт садаа болоод байгаа тул түүнийг өөрчилж иргэншүүлэх шаардлагатай. Энэ бүхэн чинь бүгд л хүнд, тэр дундаа жирийн иргэнд зориулсан шинэчлэл. Үүнийг би цагдаад, тэр дундаа дарга нарт нь зориулж хийгээгүй. Нөгөө талд нь цагдаагийн жирийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилтууд байсан. Суманд ажиллаж байгаа цагдаагийн нийгмийн асуудал бүрэн шийдэгдсэн. Тэгээд энэ зүйлс яагаад буруу байсан юм гэхээр хэн ч дуугардаггүй. Зүгээр л гомдсон гээд байгаа цагдаагийн хэдэн дарга, цолоо хураалгасан хэдэн нөхдүүд л байгаа шүү дээ. Иргэнд зориулсан энэ шинэтгэл өөрчлөлт зарим нэг хүнд таалагдахгүй нь тодорхой. Түүнийг нь дөвийлгөн гаргаж ирээд шинэтгэлийг баллуурдаж байна л даа.
-Гэлээ ч гэсэн хуулийг нь хүртэл буцаах байдлаар ингэж баллуурдахын эцсийн зорилго нь юу гэж?
-Эцсийн зорилго нь зүгээр л сандал ширээний хэрүүл. Эргээд харахаар тэр зорилт, шинэтгэлүүдийг ухрааж байгаа алхамууд нь хэн нэгэнд өр төлсөн, сандал ширээний төлөөх хэрүүл байсан гэж харагдаж байгаа учраас би дургүй хүрч байна. Гэхдээ энэ чинь ирж яваа цаг. Хэн нэгний өр төлөөд дуусах бол дөрвөн жилийн л асуудал. Ирж яваа цаг гэдэг 40 жилийн асуудал юм. Хүссэн хүсээгүй хүмүүс юу нь зөв, буруу байсан гэдгийг ялгадаг болчихсон.
-Гэвч тэр ирж яваа цаг хэр удаан хүлээлгэх юм бол. Лав ирэх дөрвөн жилээр хэмжигдэхгүй нь бололтой. АН доторх фракциудын зөрчил, хэрүүл, хагарлыг хараад байхад лав?
-Харьж яваа хүн ирж яваа цагийн дууг дуулдаггүй юм аа. Усны түрлэгийг юугаар ч хаасан зад тавьдаг...
-Хараад байхад Д.Дорлигжав сайд та хоёрын дунд ямар нэг хувийн өс хонзон гэхээр зүйл байдаг уу?
-Хувь хүн гэхээсээ илүүтэйгээр хамгийн гол нь бодлогын зөрчил байдаг. Явж байгаа бодлогыг нурааж байгаа хүнийг хувь хүний талаасаа зөрчилгүй байлаа ч яаж таатай хүлээж авах юм. Хэцүү ш тээ. Тэр хүн Ерөнхий прокурор байхдаа хамгаалж, хоохойлсон цагдаагийн гүйцэтгэх ажлууд байна. Эхлээд хар тамхины хэрэгт холбох гэж, дараа нь албан тушаалын хэрэгт оруулах гэж оролдсон. Эцэст нь нэг эмэгтэйтэй унтуулсан. Хэвлэлээр захиалж бичүүлсэн зүйлээ УИХ-д “маш нууц” гэсэн тамгатай бичгээр явуулаад, чуулганы хуралдаан дээр орж ирж өөрсдөө тэрийгээ хаалттай ярьсан болоод, олон нийтэд аймшгийн гэмт хэрэгтэн болгож харагдуулах гээд яаж л явлаа. Сайдын суудлын төлөө эхийгээ ч зарахад бэлэн ийм хүмүүсийг харах таатай биш л дээ. Түүнээс болоод тэвчихгүй хэлэх үг бас байна.
-Энгийн хүмүүс шиг уулзаад ярилцаж болоогүй юм уу?
-Өмнө нь уулзаад энгийн сайхан ярьдаг л байсан. Одоо бол хэт өндөр дээрээс шүлсээ хаяж байгаа хүний өөдөөс ам ангайх дэмий биз дээ.
-Хуулийн салбарын шинэчлэлд цаашид юу тулгарах бол? Үргэлжлэх үү, эсвэл үгүй юу?
-Нэгэнт галт тэрэг хөдөлчихсөн. Тэр галт тэрэг эхлээд хурдаа авч хүрэх ёстой газраа дөхөх боломж байсан бол одоо замынхаа дунд очоод зогсчих магадлалтай болчихлоо. Одоохондоо галт тэрэг зогсоогүй. Хүмүүс амьдарч буй нийгмээ, тогтолцоогоо байнга сайжруулахын төлөө явдаг. Байнгын сайжруулалтын үр дүнд л тайван сайхан амьдрал бий болдог. Түүнээс ганц төгс зүйл хийчихээд болчихлоо гээд сууж болохгүй. Хүн л болсон хойно алдана, ононо. Тиймээс энэ шинэтгэлийг байнга сайжруулах ухаалаг хүмүүс цаг цагтаа гарч ирээд, хийгээд л явна. Сайжирсан тогтолцооны үр шимийг олон мянган хүн хүртсээр байх болно. Энэ бол хэн нэг хүнд хаяглагддаг зүйл биш. Амьд үргэлжилдэг процесс.
-Сүүлийн үед Ардчилсан намынхан хоорондоо таарамжгүй байгаа дүр зураг ажиглагдах боллоо. Энэ нь бүлэг дээр ялангуяа илүү тодорч байна. АН-ын залуу гишүүний хувьд өрнөж буй эдгээр процессуудыг хэрхэн харж байгаа вэ?
-Ардчилсан нам дотор таагүй, дэмжиж боломгүй нэг зүйл байгаа нь үнэн. Тэр нь юу вэ гэхээр Ардчилсан нам нэг нэгэндээ маш гүнзгий шарх сорви үлдээдэг. Гэхдээ энэ нь намтай холбоогүй л дээ. Намын удирдлагын түвшний хүмүүс болон лидерүүдтэй холбоотой асуудал. Эсвэл намаар дамжиж өндөр албан тушаалд очсон хүмүүсийн хийдэг ажил. 1996-2000 онд ийм л байсан. Үүний дүнд С.Зориг нас барсан. Маш олон хүн хэлмэгдэж, зарим нэг нь амьдралаараа хохирсон. Зарим нь шоронгоос гарч ирээд амь насаа алдаж байсан тохиолдол хүртэл бий. Нэг нэгэндээ хэтэрхий гүн сорви үлдээдэг муу зуршил өнөөдөр ч арилахгүй байна. Ний нуугүй хэлэхэд өрсөлдөгч намынхаа бодлого зөрүүтэй улстөрчдөөс хавьгүй илүүгээр өөрөө өөрсдийгөө үзэн ядах юм. Өш хонзон санах юм. Хүнд үзэл бодлын зөрүү байж болно. Үзэл бодол өөр байлаа гээд ардчилсан зарчмаар олонхийнхоо саналыг дагахын оронд хууль хүчний байгууллагыг оруулж ирээд нэг нь нэгнийгээ шоронд хийчих юм. Нэгнийхээ амьдралаар тоглох гэж оролдох юм. Энэ нь эцсийн дүндээ эдгэшгүй шарх сорви үлдээж байна. Мэсний сорви арилдаг, үгийн сорви арилдаггүй гэдэг. Ярилцаж байгаад хэрэлдэж шүүмжлээд, ширээ шаагаад босч явах бол улс төрд байдаг л зүйл. Харин эсрэгээрээ өөрийнхөө удирдлага доор байгаа хууль хүчний байгууллагыг хөдөлгөөд гэр бүл, амьдралаар нь тоглох гэж оролдоно гэдэг дэндүү л дээ. Тэр шарх чинь аньдаггүй байхгүй юу. Ардчилсан намын энэ үзэгдэл 1996-2000 онд ч байсан. 2012-2016 онд ч энэ үзэгдэл давтагдаж байна. Энэ нь АН-ыг муухай харагдуулж байгаа. Уг нь нэг намд байгаа болохоор үзэл баримтлал, үнэт зүйл нэг гэж харж болохоор хүмүүс атал авсан шарх, өгсөн сорвиосоо болоод нэг намд зэрэгцэн оршиж чадахгүй хэмжээнд хүртлээ үзэн ядалцаж байна. Үүнээсээ болоод эв түнжингүй болчихоод байна. Хамгийн аймшигтай нь гудамжинд байхдаа зүв зүгээр байсан хүмүүс эрх мэдэлд очихоороо эвдэрчих юм. Энэ хамгийн том аюул. Үүнд намын жирийн гишүүд огт хамаагүй. Тэр тусмаа АН-ыг дэмждэг ардчиллын төлөө яваа хүмүүс бүр ч хамаагүй. Тэнгэрийн суудалтай юм шиг дээр гарчихаад байгаа цөөхөн хүмүүсийн л асуудал.
25 жилийн өмнө ардчиллыг эхлүүлсэн хүмүүс дотор лидер шиг лидер яваа хүмүүс бий. Үүнийг үгүйсгэх аргагүй. Үнэт зүйлээ гээгээгүй, итгэл үнэмшилтэй, тулхтай, асуудлыг ноён нуруутай шийддэг, залуусаа дэмждэг хүмүүс ч байдаг. Гэхдээ тэр дунд анхны үзэл баримтлалаасаа ухарч, үнэт зүйлээ гээчихээд, шүүмжилж байсан хүмүүсийнхээ дараагийн дүр төрх болоод хувирчихсан хүмүүс их болчих гээд байгаад жаахан шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Болохгүй байгаа зүйлээ шууд хэлчих зориг, тэвчээр ч байх хэрэгтэй. Бүгдийг нь зулгуйдаад явна гэж байхгүй.
-Намын лидерүүд гэхээр 25 жилийн өмнө ардчилсан хувьсгал явж байсан нөгөө л хэдэн хүмүүс. Одоо ч гэсэн эрх мэдлийн оройд хэвээрээ. Залуучууд хаана байна?
-Манай намын хуучин лидерүүдийн цөөнгүй хэсэгт нэг хатуу итгэл үнэмшил байдаг юм. “Залуучууд чадалтай бол хаалгаа өшиглөөд ороод ир” гэдэг. Тийм учраас залуус өөрийнхөөрөө байвал хүнд сорилт, таагүй нөхцөл дундаас олон шарх авч шовойж гарч ирнэ. Тэгэхгүй гэвэл хэн нэг лидерийн цүнхийг барьж, араас нь гүйж, зарим газар түрийвч, зарим газар улаан хамгаалагч нь болж байж эдэлбэр газарт нь хурган дарга хийнэ. Тэгэхээр эрүүл саруул бодол алга болчихдог. Энэ бол ганц Ардчилсан намд биш, бусад намуудад ч байгаа түгээмэл үзэгдэл. Улс төрийн намуудад дотоод ардчилал байхгүйтэй холбоотой. Намуудын санхүүжилт ил тод биш байгаатай холбоотой. Бодлогын эрүүл саруул өрсөлдөөн биш албан тушаал, эд хөрөнгөө яаж хуваалцах вэ гэдэг өөр уралдаан руу орсноос улбаатай. Үүнийг өөрчлөхийн тулд улс төрийн намуудаа өөрчлөх ёстой. Ерөнхийлөгч ч энэ цэгийг олж харсан учраас улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр шийдсэн хэрэг.
-Ирэх жил сонгууль болно. Гэвч Улс төрийн намуудын болон Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэх асуудлын дараалалт багтсангүй. Энэ бүгдийгээ өөрчлөх юм уу, үгүй юу?
-Өргөн баригдаагүй хуулийг хэлэлцэх асуудлын дараалалд бичдэггүй. Өргөн баригдаад явчихвал яаралтай хэлэлцэх ёстой хуулиуд л даа. Сонгуулийн нэгдсэн хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барих гээд дуншиж байна. Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч хангалттай хийлээ. Албан ёсоор хууль тогтоох байгууллагад оруулаад хэлэлцүүлэх цаг нь болсон.
-Яг ямар хуулиуд гараасай гэж бодож байгаа вэ?
-Өмнөх хуулиудаасаа сургамж аваад урагшаа алхсан хууль л гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр юун дээр итгэл үнэмшилтэй байна вэ гэхээр хүчтэй Ерөнхий сайдтай болох ёстой. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлээ бүрэн өөртөө авч чаддаг парламентын засаглал бүхий улс болох шаардлага байна. УИХ нь УИХ шиг ажиллаж, Засгийн газартаа хяналтаа тавьсан шиг тавьдаг, гэхдээ гүйцэтгэх эрх мэдэл рүү ороод эрх мэдэл булаацалдаад байдаггүй. Ерөнхий сайд нь кабинетаа бүрэн мэдэж ажилладаг, хариуцлагаа бүрэн хүлээдэг, ажил хийдэг, мэргэшсэн захиргаатай байх ёстой. Түүнээс биш фракциудын төлөөлөл гээд УИХ-ын жижигрүүлсэн хувилбар болчихоод улс төржөөд суугаад байж болохгүй. Улс төр хийх нь УИХ дээрээ л байдаг юм байгаа биз. Эрх мэдлийн хуваарилалтын энэ гажгаа засах хэрэгтэй. Улс төржих газраа улс төржихгүй болохоор Засгийн газрын кабинет дотроо хүртэл талцаад улстөрждөг боллоо. Яам, агентлагуудыг фракц бүү хэл хувь хүн эзэмшээд эхэлчихлээ. Энэ чинь Засгийн газрын кабинетийн зарчим, гүйцэтгэх эрх мэдлийн нэгдмэл байдал гэх ойлголтууд байхгүй гэдгийг харуулаад байна. Монгол Улсын нэгдмэл улс гэчихээд аймгуудаараа хуваагдаж, салбараараа өмчдөгддөг энэ байдлыг таслан зогсоох шаардлагатай. Тэгэхгүй бол энэ үзэгдэл Монгол Улсын суурь аюулгүй байдалд заналхийлээд эхэллээ. Монгол Улс нэгдсэн улс боловч “нэгдмэл бус улс”-ын шинж рүү явчихлаа. Холбооны улсад ч ийм систем байхгүй. Фракц, хувь хүн, эдийн засгийн бүлэглэлүүд Монгол Улсыг салбараар нь эзэмшинэ гэдэг нь бүрэн бүтэн тусгаар, бүгд найрамдах улсын суурь эвдэгдэж байна гэсэн үг. Энэ бол аюул. Энэ аюулаас бид салахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх ёстой.
Манайх шиг парламентын засаглалтай улсад байж боломгүй нэг алхам хийсэн нь намын дарга, Ерөнхий сайд хоёр тусдаа байгаа явдал. УИХ-ын дарга намын дарга байна гэдэг ч бас том зөрчил. Бусад орнуудад намаас түтгэлздэг албан тушаал дээр бид бүүр нөгөө тийш нь саваад намын дарга тавьчихаад байгаа. Үнэн чанартаа УИХ-ын дарга нь хоёр дахь Ерөнхий сайдыг бий болчихож байгаа юм. Ингээд эрх мэдлийн давхар хуваарилалт үүсч, нам доторхи зөрчил, тэмцэл бий болж байна. Нэг нь нэгнийгээ хэмэлдэг, хэлмэгдүүлдэг заримдаа төмөр шиг хатуу өширхсөн энэ зөрчлийн үртэс нь энгийн хүний амьдралд овоолсон хог болж, үр хүүхдийнхээ ирээдүйг олж харах нүдийг сохолж байна шүү дээ. Уг нь эрх мэдлийн хуваарилалт эрэг шураг нь зөв таарсан машин шиг Монгол Улсыг хөгжил рүү хөтлөх ёстой.
-Засгийн газрыг огцруулна, Засгийн газрын гишүүнийг огцруулна л гэх юм. Гэтэл ҮХЦ “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй” гэж шийдвэр гаргасан. Харин УИХ хүлээж аваагүй. Үүний үр дагаврыг та юу гэж харж байна вэ?
-Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр бид Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилдог, өөрчилдөг тэр тогтолцоо руу очих ёстой гэж боддог. Харамсалтай нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хууль тийм боломж олгохгүй байна. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдэж болно. Үндсэн хуулиар боломжтой зүйлийг Цэц боломжгүй мэт тайлбарлан “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж болохгүй” гэдэг дүгнэлт гаргасан нь алдаа л гэж би харж байна. Үндсэн хуульд цагаан дээр хараар биччихсэн зүйл, заалтуудыг нүдээ аниад байхгүй мэт явж болохгүй байх. Түүнээс биш Цэц Засгийн газраас авлига авч, шийдвэр гаргасан энэ тэрийг бол би мэдэхгүй. Энэ байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх үүргийг төр хариуцдаг. Үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай санхүү болон техник, дэд бүтэцтэй холбоотой асуудлаар хуулийн хүлээнд Засгийн газар шийдвэр гаргаж байгаа бол буруутгах шаардлагагүй.
-Сүүлийн үед таныг хамаатан садандаа орон сууц өгсөн талаар мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Хэвлэлээр хар тамхины хэрэгт гүтгэж, хүүхэнтэй унтуулж, ямар ч үнээр хамаагүй нэрийг нь бохирдуулаад үлдээе гэсэн өмнөх технологитой л адилхан байхгүй юу. Баахан хамаатан садандаа байр өгсөн гэж хэвлэлээр цуураад, дараа нь сэтгүүлчдийг дуудаад, Хууль зүйн яамны тамгын газрын дарга нь “сэтгүүлчид асуусан болохоор хэлж байгаа юм. Тэмүүжин ер нь хууль зөрчсөн байж болзошгүй” гэх ухааны юм хэлээд сууж байдаг. Яахав дээ, хүн бусдыг өөрөөрөө л хэмждэг юм. Өөр шигээ л бодсон биз. Захын хуульч хэдий шуналтай байлаа ч ийм гэнэн, тэнэг зүйл хийхгүй. Малын эмч хүн хуулийн ажил хийвэл харин магадгүй л юм. Би энэ асуудлыг шалгуулахаар АТГ-д хүсэлтээ хүргүүлчихсэн. Тэд шалгаад тодруулаад гаргаад ирэг. Тэр дунд ашиг сонирхолын зөрчилтэй нэг ч гэсэн хамаатан гараад ирээсэй билээ. Шинэ хамаатантайгаа танилцчихмаар л байна шүү.
-Гэхдээ энэ бүх мэдээллүүд бүгд таны ойр орчим, нэг намынхнаас гараад байна. Гомдолтой биш үү?
-Урагшаа гараад тулааны талбарт өрсөлдөгчидтэйгээ ширүүхэн үзэж чаддаггүй хэрнээ окопон дотроо дэргэдэх хүмүүсээ “Түгжилдээд” суудаг хүмүүс манай намд олон бий. Тэр дундаа төрийн өндөр албан тушаалд намын нэрээр байнга очдог нь ч нэг бус бий. Тэр хүмүүстэй хэл ам хийгээд явна гэхээр намын нэр хүнд уначих гээд. “Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг” гээд хүлцэнгүй яваад байтал энэ бүхэн хэрээс хэтэрлээ. Олгой хагаравч тогоон дотроо, толгой хагаравч малгай дотроо гэдэг шиг намынхаа “Түгжилүүд”-ийн хийдэг ажлыг дэлхийгээр нэг зарлаад яахав гээд чимээгүй тэвчээд байтал тэр нь энэ хэмжээнд ирж байгаа юм бол хагарвал ч хагараг л дээ. Өрсөлдөгчидтэйгээ ханилж, өөрсдийнхнөө намнадаг энэ байдал чинь бүр 1996-2000 оноос эхтэй. Тэр үеийн улс төрийн туршлагаараа өнөөдөр амьдрах гэж оролдож байгаа энэ хүмүүс бол АН доторхи томоохон хорт хавдар даа.
Ярилцсан Э.ЭНХБОЛД /Өдрийн сонин. 2015.10.16/
Зочин
уншигч
уншигч
ЗОЧИН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Тэмүүжин ах
Зочин
Нараа
эмүүжин
зочин
EMCHLUUL
Зочин
О
O
temuujing demjij bnaa
demjinee
Demjinee
Otgonbaatar
митиртх
митиртх
митиртх
Зочин
иргэн
Зочин
Должин
зочин
ZOCHIN
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
zuv duu
Зочин
mmm
Dagiimaa
Зочин
Shudarga es
Зочин
зочин
irgen
Зочин
Зочин
ыём
Зочин