Асаад эхэлсэн асуудлаа А.Мөнхбат цааш нь яаж авч явах вэ
Нэлээн хэд хоногийн өмнө Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлээд буй “Паркаа аваръя” нэгдсэн хөдөлгөөний хүрээнд хүүхдийн паркд газар эзэмшиж буй компанийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудыг урьж саарал ордны “Иргэний танхим”д нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм. Тэр явдал одоо аль шатандаа явааг, ер нь юу болж дуусахыг бүү мэд. Юутай ч араасаа олон олон бодол дагуулах юм.
Нэлээн хэд хоногийн өмнө Монголын залуучуудын холбооноос санаачлан өрнүүлээд буй “Паркаа аваръя” нэгдсэн хөдөлгөөний хүрээнд хүүхдийн паркд газар эзэмшиж буй компанийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудыг урьж саарал ордны “Иргэний танхим”д нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм. Тэр явдал одоо аль шатандаа явааг, ер нь юу болж дуусахыг бүү мэд. Юутай ч араасаа олон олон бодол дагуулах юм.
Бидний ой тойнд хадгалагдан үлдсэн нэрээрээ Хүүхдийн парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэн нь анх 1960 онд байгуулагджээ. Яахав одоо залуучуудын хүчээр буюу соц үеийн нийтлэг кампанит ажиллагаа болох субботникоор бараг босгочихсон гэж яриад байгаа ч тэр үеийн төрийн бодлогоор дэмжигдэн гадны хүчээр боссон эд л дээ. Зөвлөлтийн барилгачид хоёр ч ээлжээрээ ирж барьсан юм билээ. Харин улсын төсвөөс мөнгө ороогүй гэдэг үнэн болов уу. Юутай ч үндэс суурь нь ингэж л тавигдсан түүхтэй аж. Дараа нь дахин өргөтгөх өргөн ажил бас хийгджээ. Монголын залуучуудын байгууллага, Болгарын залуучуудын байгууллага хамтран энэ төсөл дээр ажилласан гэнэ. Гадныхан сэтгэлээ гаргаад ажиллахаар ирж байхад тайван намуун социализм талбай зэргээ юундаа ч харамлахав. Газар үнэтэй гэдгийн тухайд ойлголт ч үгүй байсан үе шүү дээ. Чухам энэ үед л одооны алалдаад байгаа паркийн талбай 35 га гэсэн хэмжээнд хүрчээ.
Харин одоо бол монголын хүүхдүүд паркийн ердөө 13-хан хувийн талбайд чигжиж шахан суурьшуулсан хятад тоглоомон дээр хамгийн өндөр үнээр тоглосон болж, бусад га талбайг тойрсон булаана, нураана гэсэн улаан хэрүүлтэй сууж байна. Цагийн аяс аа гэж. Газар хар нүдээ аваад өгөх шахам дайтдаг үнэт капитал болжээ. Тэгэхээс ч өөр яахав.
Сүүлийн арваад жил монголын хэрүүл хараалын бараг 80 хувийг газар хэмээх сэдэв эзлэх болсон нь үнэн. Тэдний дотроос энэ удаагийн маргаан олон зүйлийг илчилж, олон пүүс компани, бизнесийн зүтгэлтэн, төрийн түшээдийн арьсыг хуулж, үнэн дүр төрхийг нь илчилсэн явдал болж байх шиг байна. Олон жилийн турш хүүхдийн парк тойрсон шүүмжлэл, хүүхдүүдийн гомдол, эцэг эхчүүдийн хорсол өрнөсөн. Энэ дайрлаганд хамгийн их балбуулсан нь “Мон Уран” гэдэг компани. Сүүлийн үеэс нь ганцхан тэднийх ч биш цаана нь бүр аймаар акул айлууд хоймор эзлэн ханхайж байдаг тухай чих дэлсэх болсон. Гэсэн ч хэвлэл мэдээллийн хүчирхэг хаалттай, өөрсдийн мэдлийн асар том машинуудаараа бүх бодлогоо хийж, алахаа алж, налахаа налж байдаг тэдгээр аварга группууд нуугдсаар л байсан. Өнгөн дээрээ ганц муу ноолуулж байдаг номхон тэмээ “Мон Уран” руу бухчихаад л байшин саваа бариад л байсан. Харин А.Мөнхбат гэх шинэхэн толгойтой болсон Монголын залуучуудын холбоо энэ далд юмыг мэдэж ийм том дээсийг давж оров уу, мэдэхгүй зүгээр л гэрэл гэгээндээ хөтлөгдөөд яваад орчихов уу, юутай ч асуудлыг гаргаж ирж тавьлаа. Цаашаа яах бол.
Үнэн хэрэгтээ Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ны 74 хувь нь Бодь группын мэдэлд, 26 хувь нь нийслэлийн өмчлөлд байдаг юм байна. Бодь групп бидний хүүхэд ахуйн бүхий л сайхан дурсамж шингэсэн паркийг маань ердөө 6 тэрбум 481 сая төгрөгөөр л авчихсан байж. Одоо тэд энэхүү паркийг парк биш болгож буй төсөлдөө 45 тэрбум төгрөг оруулчихсан байгаа гэж мэдээлж байна. Ил мэдээлэгдсэн тоо нэмэгдэлтэй, хуурамч өсөлттэй байдаг ч тодорхой хэмжээний мөнгө урсгасан нь ойлгомжтой. Энэ маргааныг үнэндээ анх Залуучуудын холбоо ч биш, “Мон уран” ч биш “Монтана” гэх нэгэн компани үүсгэчихсэн. Гайтай маргаан явсаар манай паркийг Дисней болгох Бодь группын төслийг нураачихсан юм байх. Харин энэ шалтаг бол худлаа шалтаг. Анхнаасаа Бодь групп Иточү корпорац хөрөнгө оруулалт хийнэ, бид дэлхийн жишгийн Диснэйтэй болно гэсэн пиараар олон нийтийг угаасан шүү дээ. Бид юмыг асар амархан мартдаг болжээ. Гэвч өнөөдөр Иточү алга. Орж ирж баахан пиардаж байснаа төслөө Бодь группт бэлэглэлийн гэрээгээр өгчихөөд явчихсан ч гэх шиг. Бодь групп нь гадны нэр хүндтэй компанитай хамтарч биднийгээ молигодсон ч юм шиг...Ямартай ч толгой эргүүлэх зорилготой, толгой эргүүлж дөнгөсөн маапаантай төсөл ахиад л анхаарлын төвд орж ирлээ. За, энэ яахав.
Ингэхэд хэрүүл дэгдээсэн “Монтана” аль хэр газар эзэмшиж байсан юм бэ. Тэд яагаад шүүх цагдаадаа тулах болсон юм бол гэдгийг тандъя. “Монтана” нь анх нэг га газрыг ашиглах гэрээ байгуулжээ. Чингээд зогссонгүй дахин сунгаж газар авав. Ахин цаашлаад явав. Тэгж яваад нэг га газраа MCS компанид шилжүүлж хөлжив. Үндсэндээ энэ. Одоо тэндэхийн 4.4 га газар дээр MCS компанын алдарт Шангри-ла зочид буудлын барилга босох гэж байна. MCS компанын Шангри-ла нь 300-400 сая долларын хөрөнгө оруулалттай Хонгконгтой хамтарсан том төсөл. Барилгынх нь эхний таван давхарт үзвэрийн танхимууд, театр, бассейн зэрэг амралт чөлөөт цаг өнгөрөөх газрууд, дээд давхруудад нь таван одтой зочид буудал байна гэсэн нүд гялбам төсөл явж байгаа. Хэдийгээр нь энэ нь манай нийгмийн дундаж олонхи, тэдний хүүхдүүдэд падлийгүй дээдсийн хүрээнийхний зугаа цэнгэлийн газар болон босох нь тодорхой ч үндэснийхээ компанийн гаднаас босгож олж ирсэн 400 сая долларыг шууд салхинд хийсгэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Ганцхан эднийхийг ч биш бүгдийнх нь энд оруулсан хөрөнгө хийсэх үү. Хийсгэхийн төлөө бүгдээрээ улайран дайрах уу. Энэ бүх дажинаас бид юу хожих вэ. Энэ бол маш том асуулт.
МЗХ-ноос санаачлан өрнүүлээд буй "Паркаа аваръя" хөдөлгөөний хүрээнд болсон нээлттэй хэлэлцүүлэг энэ асуултыг босгоод орхив. Тэд уг нь "Мон-Уран", "MCS", "Сөүл" групп, "Бодь" группийн удирдлагуудад энэхүү хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, газрын маргааны асуудлаар болон хүүхдийн паркийн бодит байдлын талаарх мэдээлэлд нээлттэй хариу өгөхийг хүссэн хүсэлтээ явуулсан ч “Мон уран”- аас бусад нь ирсэнгүй.
Залуучуудын холбооны тэргүүн А.Мөнхбат тус компанийн захирлуудад хандаж хүүхдийн паркийн газрыг “Хэзээ буцааж өгөх вэ” гэсэн захидлыг хүргүүлээд байсан юм. Тэр өөрөө бол хэлэлцүүлэгт бүгдийг нь ирэхгүй гэж тооцсон ч байж мэднэ. Тэгж тооцсон учраас Иргэний танхимд чангаар хэлэлцүүлгээ эхлүүлсэн ч байж бас мэднэ. Гэтэл “Мон уран” компанийн захирал асан, УИХ-ын гишүүн Б. Наранхүү өөрийн биеэр ороод ирсэн нь хэлэлцүүлгийг жинхэнэ хэлэлцүүлэг болгоод зогсохгүй, бүгдийг нь гайхшралд оруулж орхих нь тэр. Уг нь эдгээр компаниудын бүгдийнх нь төлөөлөл парламентад сууж байгаа. Гэвч түүн шиг халуухан уур амьсгалаар умбаж байсан танхим руу эрсхэн алхаад ороод ирж чадсангүй. Энэ үүднээсээ Б.Наранхүү бүгдийнх нь хувьд сюрприз барьж чадав. Тэр хэдхэн сарын өмнө нэрээр нь овоглож явсан, олон жилийн турш зовлонг нь үүрч ирсэн компанийнхаа асуудлаас зугтахыг хүссэнгүй. Хуулийн дагуу бусдад шилжүүлчихсэн, одоо тэдэнтэй ярь гэж тэнэгтсэнгүй. Жижигхэн монголынхоо бүх асуудлыг томоор харж, ухаантай, шударга, хүнлэгээр шийдэцгээж суръя гэж тэр энэ алхмаараа хэлсэн.
Зарим нь занхайсан том гарууд цаана нь сууж байхад, захад нь ганцхан га-тай, тэгээд нэг га-гаараа нэг насаараа балбуулж яваа энэ нөхөр ер нь эрүүл хүн үү гэж асууцгааж байх юм. Юун хөрөнгө оруулалт хийе, Бодь группын оруулсан мөнгийг бид гаргая, хятад тоглоомуудыг нураая, жинхэнэ дэлхийн төвшний тоглоомууд авчирч суурилуулъя, тэгээд дараа нь бид 10 жил монголынхоо хүүхэд багачуудыг үнэгүй тоглуулъя вэ...............Бүгд түүний мэдэгдэлд ангайв. Цалингийн доод хэмжээ хэд байгаа билээ. Ийм байхад хүүхдүүдээ 150-200 мянган төгрөгөөр яаж тоглуулах юм. Бид хэдий болтол ийм өөдгүй байх юм бэ, хүн шиг байцгаая л даа гэсэн мессежийг тэр бүгдийн өмнө гарч зосоод нисгэлээ.
Бас үнэхээр Төр бүх компаниудаас газрыг нь хураая гэвэл “Мон уран” өгнө гэж онцолсон. Төр болчихсон компаниудтай тэр түмний нүдэн дээр ийн тэмцэхээр шийдсэнийг бүгд харав. Овоо гар юм аа, хэлэлцүүлгийн эхэнд дайрч давшиж байсан танхим халуун алга ташилт нижигнүүлэв. Зүгээр нэг пиар гэж харах арга алга. Дурсамж тээн он жилүүдээс он жилүүдэд бидэнд өвлөгдөн ирсэн хүүхдийн парк дулаан уур амьсгал тээсэн дотно сэдэв болон хувирч, хүмүүс бие биенээ чичлэхээ зогсож, өөр зүйлийн тухай эргэцүүлэв. Б.Наранхүүгийн авчирсан зүйл бол энэ байв.
Хүүхдийн парк дотор “Туяа” гэж залуусын гоё ресторан байдаг байлаа. Аавтайгаа тэр ресторанд анх орж үзсэн минь дурсагдана. Одоо аав минь ч алга, Туяа ресторан маань ч алга. Эдүгээ тэр ресторан Сөүл нэртэй Солонгос эзнийх болсон. Анх эднийх 1996 онд 10 жилийн түрээсээр авсан юм байна. 10 жил хэзээ эхэлснийг мэдэвч, хаана дууссаныг мэдэхээ байв. Сөүл групп халиад зайсанг тэр чигээр нь авав. Хамаад л яваад байгаа.
Одоо яах вэ. Үндэсний компаниудаа алалцуулаад л байх уу, нийлж нэгдээд хүүхдүүдийнхээ паркийг хөл дээр нь босгох уу. Барьсан бүтээсэн болгоныг буцааж нураах уу. Баян данагар, улс төрийн хамгаалалтад эрх тааваараа амьдардаг компаниуд нь дийлээд, бусад нь хүчин мөхөсдөөд гарах уу. Эдгээр олон асуулт асаад эхэллээ. Асаад эхлэсэн асуудлаа А.Мөнхбат цааш нь яаж авч явах вэ. Үнэндээ түүнд хальтхан эргэлзэж байгаагаа нуумгүй байна. Бодь групп, "MCS"-ийн зүгээс шахалт, гуйлт юм юм чиглэх байх. Улс төрд хөтөлж яваа Сайхан ахыг нь ч явуулж шалах л байх. Тэглээ гээд А.Мөнхбат акцаа олон түмнээр дэмжүүлж, ард түмний талархлыг хүлээчихээд аль нэгнийх нь эрх ашигт бууж өгөх үү. Юутай ч энэ удаагийн нийтлэлээ Мөнхбат аа, битгий ухраарай, битгий худалдагдаарай, зөв эргүүлж, зөв зогсоож, зөв буурь засаарай гэсэн үгээр өндөрлөе. Тэр буурь мөрөөдлийн Диснэйн буурь байхаас гадна ирээдүйн Мөнхбат гэдэг улстөрчийн буурь бас байх юм шүү гэж хэлье дээ.