ЗӨВЛӨХ ГЕОЛОГИЧ Б.АЛТАНГЭРЭЛ: 1:50 000-НЫ ЗУРАГЛАЛЫН АЖЛЫГ ХИЙХИЙН ЗЭРЭГЦЭЭ МЕТАЛЛОГЕНИЙН БҮСҮҮДИЙГ САЙТАР СУДАЛЖ, ЗУРАГ ЗОХИОХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Геологичид судлаж буй эрдсээрээ олонд танигдах нь түгээмэл. Нүүрсний, алтны, зэсийн, зураглалын хэмээн нэрлэх нь бий. Бид энэ удаагийн дугаарын зочноор “төмрийн” Б.Алтангэрэл нэрээрээ танигдсан зөвлөх геологичийг урилаа. Монголын эрдэс баялгийн салбарт 30 гаруй жил хүчин зүтгэж буй тэрээр 1:200 000, 1:50 000-ны машстабтай зураглалын ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд төмрийг голчлон судалж байгаа бөгөөд Оюутолгойн төслийн дараа орох Баянголын төмрийн ордын хайгуулыг хийж нөөцийг нь тогтоох ажлыг хариуцан ажилласан юм.

-Монгол оронд геологийн салбар үүсч хөгжсөний 74 жилийн ойн баярын мэнд хүргэе. Баяраа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлсэн бэ?
-Баярлалаа, танай сэтгүүлийн хамт олонд Монгол оронд геологийн салбар үүсч хөгжсөний 74 жил, Мөрөнгийн зураглалын экспедиц байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би 1983 онд Политехникийн дээд сургуулийг төгсөөд Мөрөнгийн зураглалын ангид очиж байлаа. Тухайн үеийн залуус аль болох хүнд хэцүү газар руу тэмүүлдэг оргилуун сэтгэлгээтэй байж дээ. Шинэхэн геологич болоод Алтай таван богдын мөнх цаст оргил бүхий нутагт гурван жил ажилласан.

-Улс орны хөгжил, эдийн засгийн түшиг тулгуур болсон геологийн салбарын ойн баяр харьцангуй даруухан өнгөрлөө. Ер нь төр засаг геологийн салбараа чухал гэдгийг нь төдийлөн сайн ойлгохгүй, ач холбогдол өгөхгүй байгаа мэт санагдах юм. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Монгол орны эрдэнэсийн санг арвижуулах гол ажлыг геологич бид хийдэг ч харамсалтай нь үргэлж уул уурхайнханы дараа хоёрдугаарт бичигдэж ирсэн. Уг нь төр засагт С.Оюун гишүүнээс эхлээд геологич мэргэжилтэй хүмүүс ажилладаг л юм. Салбарын мэргэжлийн холбоод гэж байдаг ч үнэндээ жирийн геологич бидэнд үйл ажиллагаа нь төдийлөн мэдрэгддэггүй. Хээр үйлдвэрлэл дээр ажиллаж байсан геологичид хамтарч МҮГХ гэж байгуулсанаас хойш тус холбооны тэргүүн, УУЯ-ны сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ геологичдийн асуудлаар ярьдаг болсон байна лээ. Хаана нэг газар таарахаараа салбарын тулгамдсан асуудлаа хоорондоо ярихаас хэтрэхгүй. Сонин хэвлэлд ч тэр бүр ярилцлага өгч, дуу хоолойгоо хүргэх нь маруухан. Уг нь геологийн салбар уул уурхайгаас түрүүлж хөгжиж явах ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд гадныхан манай бэлэн орд дээр орж хамаг баялгийг нь хамж, Монголын геологичдийн хийсэн хөдөлмөр бүдгэрч байгаад харамсч явдаг.

-Энэ жил Мөрөнгийн зураглалын экспедицийн 50 жилийн ой тохиож байна. Ажил амьдралынхаа гарааг эхэлж байсан байгууллагынхаа тухай дурсана уу?
-Социализмын үед геологийн салбарыг төрөөс бодлогоор дэмжиж ажилладаг байлаа. Хэд хэдэн геологийн экспедиц ажиллаж газар нутгаа 1:200 000-ны машстабтай зураглалаар бүрэн бүрхсэн. Түүний ихэнхийг Мөрөнгийн экспедиц нугалсан юм шүү. Намайг тус ангид очиход ажил нь ид бужигнаж байсан. Тухайн үед хүнд бүсүүд болох Алтай хангайн нуруу, говийн бүс нутагт зураглалын ажил хийсэн. Одоо ажиллаж буй томоохон компаниудийн ерөнхий геологичдийн ихэнх нь Мөрөнгийн экспедицээс гаралтай юм шүү дээ. Тухайлбал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан агсан Тогтох, “хамар” Лхүндэв, Төмөрчөдөр, Сентерра гоулд компанийн Бүрэнтөгс, Монгол газар компанийн ерөнхий геологичоор олон жил ажилласан Ц.Баярсайхан, Алтайн хүдэр компанийн Чулуунбат гуай гээд олон геологичийг нэрлэж болохоор байна. Миний хувьд тус экспедицэд гуравхан жил ажиллаад цэрэгт явсан юм. Тэгээд Зүүн Герман руу Эвлэлийн ажилтны сургуульд явсан. Социализмын үед улстөрийн ажилтанг төрийн бодлогоор бэлддэг байсан. Нутагтаа иртэл ардчиллын салхи хэдийнэ үлээж, шинэчлэл явагдсан учраас буцаад геологич мэргэжлээрээ ажилласан. Ингээд 1987-2000 онд Олон улсын геологийн экспедицэд ажилласнаас хойш энэ салбарт 30 жил хүчин зүтгэжээ.

-Тэгвэл та чинь улстөрч болох шахсан юм байна. Геологич мэргэжлээрээ дахин ажилласнаас хойш хаана ажилласан бэ?
-Мөрөнгийн экспедицийн дараа Герман-Монголын хамтарсан экспедицэд ажиллаж байлаа. Тэнд таван сар ажиллаж байтал гадны геологичид нутаг буцсан. Тэр үед Олон улсын геологийн экспедицийн дарга, эрдэмтэн, гидрогеологич Нарангэрэл гэдэг хүн намайг ажилд авснаас хойш 13 жил ажилласан. 1:50000-ны машстабтай зураглалын ажлыг Зүүн баруун Тогоо уул, Сулинхээр, Хутаг уул нэртэй гурван талбайд хийсэн. Гэтэл өнөөх экспедиц маань Гурван гол нэртэй Монгол байгууллага болж овоо гайгүй ажиллаж байтал хувьчлагдсан. Сүүлдээ бутарч зураглалын ганцхан анги үлдсэнийг би ахалж байлаа. Тухайн үед манайд үндэсний компаниуд байгуулагдаж эхэлсэн үе. Манай зураглалын багийнханыг анхаарахаа ч болилоо. Тиймээс найз нартайгаа хамтарч Гео эрэл нэртэй компани байгуулж 1:50000-ны машстабтай зураглалын ажил хийдэг болов. Түүний дараа Болдтөмөр Ерөө Гол компанид 2004-2012 оныг дуустал ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан. Одоо “чөлөөт” геологич болсон, тэгээд ч тус компанид хийх миний ажил дууссан. Ер нь ашигт малтмалыг нь олж нөөц тогтоосноор геологичийн ажил дуусч, уурхайлах ажил эхэлдэг хойно хийх ажилгүй шахуу тэнд сууж байснаас хувиараа ажилласан нь дээр л дээ.  

-Та өөрийгөө “чөлөөт” геологич гэж танилцуулахад их гайхлаа. Олон жил зураглалын чиглэлээр ажилласан туршлагатай геологичийг харьяандаа авчих компани байдаггүй юм байх даа гэж бодож байлаа?
-Над шиг “чөлөөт иргэн” болсон геологичид олон байгаа. Нэгэнт хийх ажилгүй болсон учраас ажил гарвал хийгээд л гэртээ амарч байна. Яахав гадна, дотны компанид ажиллаж болно л доо.

-30 жил хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан хүн гэнэт гэртээ суухаар сонин байгаа байх. Хааяа хөдөө явмаар санагдах юм уу?
-Геологичдийг хавар болж цас ханзрах үеэр уулын толгой ширтээд зогсдог гэдэг дээ. Сэтгэл гэгэлзээд хөдөө явмаар санагддаг л юм. “Ашиг малтмалын тухай хууль” гарахаас өмнө судалгааны ажил улсын төсвөөр хийгддэг байсан учраас геологичид ажлын баталгаатай байлаа. Хөвсгөл, Чойр, Дорнод, Баян-Өлгий, Баянхонгор зэрэг аймгуудад том том экспедицүүд ажилладаг байсан. Тэр үед энэ салбарыг төрийн бодлогоор зохицуулдаг байсан юм шүү. Харин одоо нэгдсэн бодлого гэж зүйл алга. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр сүүлд нь төрийн бодлого боловсруулна гээд яриад байх юм.

-Та геологийн салбарын өнөөгийн хөгжил дэвшлийг хэрхэн үнэлдэг вэ. Энэ салбар олон улсын түвшинд хүрч хөгжиж байна уу?
-Нэг үеэ бодвол геологи, уул уурхайн салбар хөгжиж байна. Харамсалтай нь хууль эрхзүйн орчны тогтворгүй байдлаас болж энэ салбар зогсонги байдалд орлоо. Социализмын үед нөөц нь тогтоогдсон Баянголын төмрийн хүдрийн уурхайн нөөц тогтоох нарийвчилсан хайгуулын ажлыг 2004-2012 онд хариуцан хийлгэснээр Оюутолгойн дараа орох хамгийн том хөрөнгө оруулалт уг уурхайд хийгдсэн. Тус уурхайд одоо 1400 гаруй хүн ажиллаж амьдарч, 100 гаруй км төмөр зам тавьж уул уурхайн цоо шинэ суурин бий болсон. Энэ бол том бүтээн байгуулалт. Хятадын хөрөнгө оруулалттай Болдтөмөр Ерөө Гол компани тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Энэ районд Төмөртэй, Хуст уул, Баянцогтын бүлэг орд /Баянцогт, Дундбулаг, Өндөр-Ухаа/ зэрэг томхон ордууд эдийн засгийн эргэлтэнд ороход бэлэн болсон. Одоогийн бодсон нөөцөөр нь ойлгоод, хамаг хүдрийг нь ухаад дууслаа гэж ярьдаг ч үнэндээ төмрийн тэрбум орчим тн-ны нөөцтэй. Тиймээс энэ ордыг одоогоор ил уурхайн түвшинд олборлож байна. Далд уурхайн ажил гэж бий. Төмрийн хүдэр гүн рүүгээ үргэлжилдэг. Нэгэнт л уурхай байгуулж ухаж байгаа юм чинь тухайн нөөцийг дуустал нь бүрэн ашиглах хэрэгтэй.



-Геологийн зураглалын ажилд улсаас төсөвлөж буй мөнгө бага байгаа учраас 1:50 000-ны масштабтай зураглалын ажил чанаргүй хийгдэж байна гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?
-Үнэн шүү дээ. 1:50 000-ны машстабтай зураглал хийх талбай нь геологийн тогтцын хувьд нийлмэл, энгийн гэх мэт янз бүр байдаг. Ахиухан шиг дээж авч шинжлэх гэхээр төсөвлөсөн мөнгөндөө захирагдахаас өөр аргагүй байдал үүсдэг. Сулинхээрийн бүст 1:200 000-ны машстабтай зураглалаар цөөн хэдэн илрэл илэрсэн бол бидний хийсэн 1:50 000-ны машстабтай зураглалын ажлаар алт, зэс, төмөр, сурьмагийн сонирхолтой томоохон илрэлүүд нээгдсэн. Тиймээс 1:50 000-ны машстабтай зураглал бол маш их хэрэгтэй. Энэ зураглалын ажил нэг хэсэг хилийн бүсийг дагаж хийгддэг байлаа. Харин одоо лиценз бүхий талбайнуудын хоорондох хоосон зайг бөглөх маягаар хийгдэж байна.

Бидний хийсэн 1:50 000-ны машстабтай зураглалын ажлаас шаардлага хангаагүй зүйл бас бий. Гэхдээ энэ нь геологичдийн чадваргүйгээс болсон юм биш. Харин дархан цаазат газрын бүс нутагт зөвхөн гадаргуугийн дээж авч өнгөн талын зураглал хийсэнтэй холбоотой.

-Таны хувьд геологийн зураглалаар 20 гаруй жил дагнан ажилласан хүн. Тиймээс танаас манай улсын геологийн зураглал ямар түвшинд хийгдсэн бэ гэж асуух гэсэн юм?
-Геологийн зураглалын тухайд манайд Оросууд нэлээд ажил хийсэн. Тэднийг нутаг буцсаны дараа монголчууд өөрсдөө дагнан ажилласан. Ер нь аливаа ажлын чанар тухайн хийсэн хүний мэдлэг туршлагаас ихээхэн шалтгаалдаг. Геологийн зүй тогтол бас их сонин шүү дээ. Аливаа ашигт малтмал байх ёстой газраа байна уу гэхээс байхгүй газраа байдаггүй. Мөн зураглалын ажил хийж дадсан туршлагатай геологичид нь өөр чиглэлд ажиллах болсноор дөнгөж сургууль төгссөн залуус дутуу дулимаг зүйл хийх нь бий. Зураглалын ажилд гарахад явах маршрутыг нь гаргаж өгдөг юм. Хэрэв сонирхолтой сонин зүйл тааралдах юм бол бид түүнийгээ дагаж, замаасаа гаждаг. Ингэж сэтгэлээ гаргаж ажиллах ёстой л доо. Харин залуу геологичид яг заасан маршрутын дагуу ажилладаг. Уг нь сэтгэлээ гаргаж ажиллавал орд илрэл олддог. Сүүлд маш олон шинэ орд нээгдлээ.

Чи бид хоёрын хойно байгаа энэ саятын масштабтай зураг гэхэд 2002 онд хийгдсэн. Түүнээс хойш 11 жилийн хугацаанд олон шинэ зүйл хийгдсэн. Гэтэл энэ зураг шинэчлэгдээгүй л байна. Анх энэ зургийг хийж байсан хүмүүсийг амьд сэрүүн байгаа дээр нь геологийн зургаа шинэчилж авахгүй бол тэдний дараа хэн хийх билээ.

-Нэг үе геологи хайгуулын салбар хамгийн ашигтай, цалин өндөртэй, ажлын байрны олдоц ихтэй байлаа. Тиймээс геологич мэргэжлийг сонгох залуусын тоо нэмэгдсэн. Энэ давалгаа одоо хэр нь эрчээ алдаагүй байх шиг ээ?  
-Геологич мэргэжлийг сонгох залуусын тоо сүүлийн гурван жилийн дотор огцом нэмэгдэж анги дүүргэлт нь хэтэрсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн тогтворгүй орчны улмаас геологийн ажлын байрны олдоц муу болсон учраас ажилгүйчүүдийн тоог нэмэх вий гэж бодох юм.

-Боловсон хүчин бэлтгэх асуудлыг төрийн бодлогоор зохицуулах ёстой болов уу. Таны бодлоор геологийн салбарыг өөд нь татахын тулд Монголын эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлогод ямар зүйлийг нэн түрүүнд тусгах шаардлагатай вэ?
-Төрийн бодлогыг тодорхойлон боловсруулж буй улстөрчид юуны өмнө энэ салбарт насаараа зүтгэсэн эрдэмтэн мэргэд, геологичдийн үгийг сонсч, тэднээс санаа авч байх хэрэгтэй. Салбараа ойлгоогүй байж тохирсон бодлого хэрэгжүүлж хөгжүүлнэ гэж байхгүй. Ер нь сайд дарга нарыг томилохдоо салбараа мэддэг хүнийг сонгох ёстой юм. Салбараа мэддэг хүн асуудлыг арай өөр өнцгөөс харж, сэтгэнэ шүү дээ. Одоогийн сайд дарга нар геологийн салбарт тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуулахаас илүүтэй Оюутолгой, Тавантолгойн орд зэрэг том зүйлтэй зууралдаад байх юм. Ганц хийсэн зүйл нь 1:50 000-ны машстабтай зураглалын ажлын төсөл баталлаа. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 1:200000-ны машстабтай зураг зохиож байна. Мөн сансрын зургийн тайлал зэрэг ганц нэг ажил хийж байгааг эс тооцвол энэ салбарт олигтой ажил гарахгүй байна.

Манай орны геологийн зүй тогтол ерөнхийдөө мэдэгдэж байгаа учраас 1:50 000-ны машстабтай зураглалын ажил хийхийн зэрэгцээ металлогенийн бүсүүдийг сайтар судалж, зураг зохиох зайлшгүй шаардлагатай байна. Ингэснээр шинэ орд олох боломж нэмэгдэнэ. Жишээлбэл, Дорнод, Сүхбаатарын бүс нутаг харьцангуй муу судлагдсан, чулуулгийн гарш муутай учраас геологи, геофизик, геохимийн судалгааг нарийвчлан хийж судлах шаардлагатай. Харин говь болон баруун зүгийн нутаг бараг цаасан дээр зурчихсан юм шиг харагддаг.

-УУЯ-ны боловсруулсан төрийн бодлогын төслийг та үзсэн үү. Харсан хүмүүс нь нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?
-Тэрхүү төрийн бодлогыг олж харсан. Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл өөрийнхөө боловсруулсан хуулийг эргүүлэн татсан. Цаг үедээ тохирохгүй хууль оруулж ирээд буруу зүйл хийснээ ойлгосон учраас тэр биз. Гурван жил лиценз олголт, шилжүүлэхийг хорьсноор бүхэл бүтэн геологи, уул уурхайн салбарыг тэр чигт нь гацаанд оруулаад, олон компани дампуурлаа.

-Энэ салбарт үйлчилж буй хууль тогтоомжуудаа шинэчилснээр үүсээд буй нөхцөл байдлыг өөрчилж гацаанаас гарч, геологичдийг ажилтай болгож чадах болов уу?
-Хэдэн жилийн өмнө манай улсын төсөв ядуу байсан. Геологи, уул уурхайн буянаар харин ч гайгүй мөнгөтэй болсон шүү дээ. Тиймээс төсвийн мөнгийг өсгөж буй геологийн салбарт, тэр дундаа судалгааны ажилд боломжийн хэмжээний хөрөнгө төсөвлөх хэрэгтэй. Нэгэнт хууль эрхзүйн орчноо тогтворгүйжүүлж, гадныханыг үргээгээд, одоо гэнэт ухаарч хуулиа өөрчилсний маргааш гадны хөрөнгө оруулагчид орж ирэхгүй л болов уу. Монголын Засгийн газар хуулиа байнга л өөрчилж байдаг юм, юу ч болж магадгүй гээд тэд 2-3 жил харзнах байх гэж бодож байна. Тиймээс бид гол хуулиудаа тогтвортой болгож цэгцлээд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудаа бодлогоор дэмжиж ахиухан шиг мөнгө хаях хэрэгтэй байна.

-Гэтэл геологийн салбарт зарцуулах хөрөнгө Монгол Улсад байхгүй гэдэг. Хэрэв хөрөнгийг нь шийдвэрлээд өгчихвөл ажиллах туршлагатай боловсон хүчин хангалттай бий юу?
-Ажилгүй гэртээ сууж байгаа олон геологич бий. Үлдсэн хэдэн лиценз бүхий газартаа “халтуур” хийж байна. Өрөм, геодези, геофизикийн компаниуд бараг бүгд хаалгаа барилаа. Саяхан гудамжинд нэг танилтайгаа таарсан юм. Тэр хүн орон сууцаа зараад солонгос өрөм авчээ. Гэтэл ажил олдохгүй амьдрал нь дампуурсан байна. Өнөөгийн геологичдийн нөхцөл байдал ийм байгааг улстөрчид ойлгох хэрэгтэй шүү дээ. Хичнээн жил ингэж явах билээ. Манай улс геологи, уул уурхайдаа түшиглэж хөгжихөөс өөр арга зам, гарц үнэндээ байхгүй. Геологи, уул уурхай гэхээр байгаль орчинд халгаатай мэтээр ярих юм. Ашигт малтмалаа олборлож байхад экологийн асуудлыг бодлогоороо зохицуулж нөхөн сэргээлтээ хийж болдог юм. Энэ бол тийм хэцүү зүйл биш.

-Нэг үе хүчээ авч байсан геологи, уул уурхайн салбар түр хугацааны уналтанд орсон ч борооны дараах мөөг шиг олон байгууллага, мэргэжилтнүүдээс чадвартай нь тунаж үлдэх сайн талтай гэж хэлэх хүмүүс бас байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас шалгарал явагдаж байна гэж хэлж бас болно. Нэг хэсэг Чойртын нүүрсний орд дээр Монголын бүх өрөмдлөгийнхөн нүүгээд очив уу гэмээр ажил ундарч бужигнаж байлаа. Америкийн хөрөнгө оруулалттай компани геологичдийг сая, сая төгрөгөөр цалинжуулж байсан. Үргэлж л ийм байх юм гэж олон геологич бодсон. Шулуухан хэлэхэд лиценз олголтыг хорьсноор энэ бүхэн үүссэн. Бүх хүн дамлан зарах гэж лиценз авдаггүй юм. Тэдэн дунд ажил хийе, юм олъё гэсэн хэсэг бас бий. Тэгээд ч ашиглалтын бүх лицензийг олборлох шаардлагагүй. Том гүрнүүд геологийн судалгаа хийж орд олоод түүнийгээ нөөцлөөд хадгалдаг. Хятад улс нүүрсгүйдээ манайхаас авч байгаа юм биш. Тэд баялгаа аль хэдийнэ тогтоогоод нөөцөлсөн байгаа. Казакстан улс гэхэд ухахад бэлэн 30 гаруй төмрийн ордтой ч түүнийгээ хав дараад хадгалж байна. Улс орнууд байгаа баялгаа бүгдийг нь ухаад байдаггүй юм. Үүнийгээ төрийн бодлогоороо зохицуулдаг. Тиймээс манай улс нөөцлөх зүйлээ нөөцлөөд зах зээлд хэрэгцээтэй байгаа түүхий эдээ экспортлох хэрэгтэй. Заавал улстөрчдийн эрх ашигт нийцүүлэх гэж тэмцэлддэгээ болих хэрэгтэй шүү дээ.

-Улстөрчид энэ салбарыг сайн ойлгохгүй байна. Тиймээс геологичид та бүхэн өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэж үгээ хэлэх боломж алга уу?
-Манайд мэргэжлийн холбоод бий. Тиймээс намын их хурал гэдэг шиг геологичдийн их хурал зохион байгуулж асуудлаа хэлэлцэж байх хэрэгтэй. Уг нь манай геологичид нийгмийн идэвхтэй хүмүүс шүү.

-Геологийн зураглалын ажилд орчин үеийн техник, технологийн дэвшил хэр нэвтэрч байна вэ?
-Бидний үед GPS гэж байсангүй. Тиймээс олдсон илрэлээ газрын зурагт тэмдэглэхийн тулд “Энэ нэг жалганы хажууд” гэж баримжаалдаг байлаа. Одоо бол GPS, сансрын утас, niton гээд агуулга тодорхойлох багажнаас гадна хамгийн гол нь компьютерийн программ нэвтэрснээр геологич бидний ажлыг хөнгөвчилж цаг хугацааг хэмнэж, ажлын бүтээмж, чанар, хурд эрс нэмэгдсэн.

-Шинэ дэвшилтэд тоног төхөөрөмжөөс гадна тухайн мэргэжилтний туршлага зайлшгүй хэрэгтэй байх. Нэн ялангуяа геологич мэргэжлийг их сургуульд дөрвөн жил сурснаар эзэмшдэггүй шүү дээ?
-Зураглалаар дагнасан геологичдийн хувьд регионалиар сэтгэх шаардлагатай болдог. Учир нь манай улс өргөн уудам газар нутагтай. Ер нь зураглалын ажлыг энд тэнд хийж байхаар бүсчлээд дагнаад хийвэл илүү үр дүнтэй байдаг. Тухайлбал, би Сулинхээрийн бүст 1:50 000-ны машстабтай гурван зураглалын ажлыг хариуцаж ажилласан. Нэгийг нь хийж дуусаад нөгөөхийг нь үргэлжлүүлээд хийхэд структур нь үргэлжилж байгаа учраас геологийн тогтцоо ойлгоход амар байсан. Тиймээс 1:50 000-ны машстабтай зураглалын ажлыг хэтийн төлөв бүхий районд, нэг зурваст бөөгнөрүүлж үргэлжлүүлэн хийвэл үр өгөөж нь илүү байх болно.

Геологичдийн ажил мэргэжлийн уралдааныг О. Чулуун багш анх Цагаандэлгэрийн ангид зохион байгуулж байлаа. Хоёр удаагийн уралдаанд хоёуланд нь миний ахалсан Гурван гол компанийн баг түрүүлж байлаа. Энэ жил уралдаан дахин сэргэлээ. Миний хувьд геологич нөхөдтэйгөө уулзаж сонирхох маягаар оролцсон. Ингэж геологичдоо цуглуулж ажил мэргэжлээр нь уралдуулж байх нь маш хэрэгтэй зүйл. Мэргэжил нэгт нөхдөөсөө туршлага судалж, шинэ содон зүйл сурч авдаг юм.  

-Мэдээж хийсэн ажил бүрээ хөлсөө дуслуулан, сэтгэл зүрхээ шингээж байж хийсэн нь дамжиггүй. Гэхдээ хамгийн их хүч хөдөлмөр шаардсан ажил тань юу вэ?
-Геологийн 1:200 000-ны машстабтай зураглалын ажил хийгээд өдөрт 10-20 км явган алхах бол энгийн үзэгдэл. Алтайн нурууг даваад хоногийн маршрутаар явахдаа хэдэн боорцог, дохионы буугаа ганзагалаад морьтой явдаг байлаа. Тэр үед Дарханы нэхий гэж зүүмэл дээл нормд тавьж өгдөг байсан юм. Уулын оройгоор их сэрүүн, цас мөстэй, хасах градустай байдаг учраас халуун зун нэхий дээлтэй явна. Бидний үеийнхэн тийм цаг үед залуу насныхаа ааг омгоор явдаг байлаа. Мөрөнгийн геологичид Завхан аймгийн Отгонтэнгэрээс эхлээд Өвөрхангайн Уянга сумын нутаг хүртэлх уул нуруудад Хангай программаар зураглалын ажил хийсэн. Энэ ажил нэлээд чанга байсан. Харин говийн бүст нэвтрэх чадвар харьцангуй гайгүй байдаг. Мөрөнгийн экспедицийнхэн Хөвсгөлийн тайгад зураглалын ажил хийж дуусгасан.

-Та сүүлийн 10 жилийн турш төмрийн ордоор дагнан ажиллаж байгаа. Тиймээс хоёулаа төмрийн ордын талаар ярилцая?
-Төмрийн ордын тухайд манайд баталгаатай судалгаа хийж нөөцийг нь тогтоосон Төмөртэй, Хуст-Уул, Төмөр толгой, Эрээн, Дарцагт, Баргилт, Чандмань-Уул зэрэг хэд хэдэн орд бий. Харин миний ажилласан Баянголын төмрийн орд С2 зэрэглэлээр 110 сая тн нөөцтэй гэж тогтоогдсон. 2004 онд тус ордыг Болдтөмөр Ерөө Гол компани авсан. Тус орд нь баруун, зүүн, төв биет гэсэн гурван хэсгээс тогтдог бөгөөд хоорондоо 2-3 км-ын зайнд орших биеэ даасан гурван ордоос бүрддэг юм. Баянголын төмрийн ордын баруун бүст анх хайгуул хийж нөөцийг нь тогтоон олборлолтын ажил эхэлсэн. Түүний дараа зүүн биетэд хайгуул хийж нөөцийг нь тогтоосон. Одоо төв биетэд хайгуул хийж дуусгаад нөөцийн тайлан бичигдэж байна. Баянголын төмрийн ордын хойд талд төв биетийн үргэлжлэл дээр өөр нэг компани ажилладаг. Миний хувьд Баянголын ордоос гадна хэд хэдэн ордын нөөц бичсэн. Булган аймгийн Бүрэгхангай суман дахь Худаг байшинт, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд орших Элстэйн орд, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Баянцогтын бүлэг орд зэрэг байна.



-Манай улс төмрийн хэр хэмжээний нөөцтэй вэ, төмрийг ямар технологиор олборлодог вэ?
-Дэлхий нийттэй харьцуулвал манайд маш их нөөцтэй том орд байхгүй. Хамгийн том нь Дархан Сэлэнгийн районы бүлэг ордууд юм. Районаар нь авч үзвэл Дорнод-Сүхбаатар, Дорноговь-Дундговь, Тамир голын бүлэг орд, Говь-Алтайн Цээл, Алтайн нуруунд хэд хэдэн бүлэг орд бий. Скарны гаралтай баян агуулгатай Баянгол, Төмөртэй, Таян нуур, Худаг байшинт, Баргилт, Гэдгэр хангай, Зүүн цагаан хошуу, Дөрвөлжингийн ордуудыг хуурай, соронзон сеператороор, төмөрт кварцитийн гаралтай Тамир гол, ядуу агуулгатай скарны гаралтай Чандмань-Уулын ордыг нойтон, соронзон сеператороор баяжуулан төмрийн хүдрийн баяжмал гарган авч байна. Цаашид бүх ордоо нойтон, соронзон сеператороор баяжуулан 64 хувиас дээш агуулгатай төмрийн хүдрийн баяжмал гаргаж бөөнцөглөх, ангижруулсан төмөр, ган ширэм хайлах үйлдвэр хүртэлх эцсийн бүтээгдэхүүн гаргах хэмжээнд төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх нэн шаардлагатай байна. 

-Дахин судалгаагаар их нөөцтэй том орд олдох боломж хэр байгаа бол?
-1960-аад оны үед төв болон зүүн бүсийн нутгаар Оросууд агаарын соронзон зураглалын судалгаа хийж манай гол төмрийн ордуудыг нээсэн юм. Баруун зүгийн нутагт агаарын геофизикийн судалгаа хийх хэрэгтэй. Ер нь 1:50 000-ны машстабтай зураглалын ажлыг хар төмөрлөг тархсан металлогенийн районуудад нарийвчилж хийх хэрэгтэй байна.

-Манайд хэдийгээр дэлхийн хэмжээний том төмрийн орд байхгүй ч гэсэн дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний нөөцтэй гэж ойлгож болох уу?
-Манай улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангана. Гэтэл одоо хэр нь гадаадаас өндөр үнээр барилгын арматур төмөр худалдан авч байна. Өндөр үнэтэй арматур төмөр нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж байгаа юм. Монгол Улсын төмрийн нийт хэрэгцээ 500000-1000000 тн байдаг. Тиймээс хэрэгцээгээ хангах хэмжээний төмөр, ган ширэм үйлдвэрлэдэг үйлдвэрийг ойрын хугацаанд барих шаардлагатай байна. Дархан, Сэлэнгийн районы төмрийн хүдрийн ордууд нь Монгол Улсын төмрийн хэрэгцээг хэдэн зуун жил хангах нөөцтэй.

-Геологич мэргэжлийг эзэмшиж, ажилласнаас хойш таны сурсан хамгийн чухал туршлага тань юу вэ?
-Бид фондонд буй Орос тайлангаа уншаад зураглалдаа явдаг байлаа. Зураглалд гарахын тулд бүх талын мэдээлэл судлах хэрэгтэй байдаг. Түүнээс гадна туршлагатай ахмад геологичид бидэнд их зүйлийг зааж сургасан. Талийгаач Тогтох гуайг дагаж зураглалд их гарсан. Ер нь том газар нутагтай улс орнууд бүлэгчилсэн зураглалын аргыг хэрэглэдэг. Одоогийн улсын төсвөөр хийгдэж буй ажилд хоёр жилийн хугацаанд 1:100 000-ны машстабтай хоёр лист өгдөг. Харин бүлэгчилсэн зураглалын аргаар бол томоохон хэмжээний талбайд зураглалын томхон анги ажилладаг. Ашигт малтмалаа гэхэд хэдэн хүн нь хариуцаж ажиллах жишээтэй. Манай улс 1:200 000-ны машстабтай зураглалд үүнийг туршиж үзээд их амжилттай ажилласан. Туркуудтай хамтран Ховд аймгийн эргэн тойронд 1:50 000-ны машстабтай бүлэгчилсэн зураглалын ажил хийж байлаа. Мөн Чехүүд Алтайн нуруунд 1:50 000-ны машстабтай бүлэгчилсэн зургийн ажил хийж байсан.

-Та ямар учраас геологич гэх бахархмаар бас халширмаар мэргэжлийг сонгосон бэ?
-Миний ах Чех улсад өрмийн инженерийн сургууль төгссөн юм. Барууны оронд хамгийн сайхан, хамгийн өндөр цалинтай ажил бол геологийн салбар байдаг. Ахын минь эзэмшсэн мэргэжил надад нөлөөсөн. Бидний үеийн геологичид хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байсан. Бид өглөө оройдоо гурилтай шөлөө идээд замд гарахдаа боорцгоо ганзагалаад л явдаг байлаа. Говьд ажиллахад орос фургон, 69 автомашины мотор халаад явахгүй шүү дээ. Бага үдийн 11 цагаас хойш нохой гаслам халуун болдог. Тиймээс бид үүрээр ажилдаа гарч нар мандах үед ид ажиллаж байдаг байлаа. Халуун гэрт дөчийн бетонтой ус цацаж чийглэж, мишокныхоо даавуунд унтдаг байсан. Говь, хангай аль алинд нь ажиллаж байлаа. Хүний нас гэж богинохон юм аа. Зарим нэг нь олон газар явж үзсэн байх. Нэг хэсэг нь гурав, дөрвөн орд дээр хайгуул хийж байтал 30 жил өнгөрчих юм. Зураглалын ажил хийсэн бидний хувьд бол нэг газраа хоёр жил ажиллаад нүүгээд явдаг. Өнгөрсөн хугацаанд Монгол орныхоо бүх аймгийг үзсэн.

-Хээрийн геологичоор ажиллаж байх үед сонирхолтой, хөгжилтэй явдал их тохиолддог биз?
-Хөгжилтэй хөгтэй зүйл олон тохиолдоно. Уг нь бид 40 литрийн хоёр бидоноор дүүрэн хар цай чанадаг. Гэтэл халуунд тэр нь ер уусан болдоггүй их сонин. Халуунд хүн шингэнээ хөлсөөр алддаг учраас бие засахгүй нэлээд хэдэн хоног болдог. Тухайн үед орос цэргийн манек хар цайгаа хийдэг ганц сав байлаа шүү дээ. Нэг удаа би бензин авахаар Хатанбулаг сум руу явсан юм. Тэгээд нэг айлд ортол цай хийж өгч байна. Түүнийг нь уутал хамаг биений хөлс цуваад нөгөө айлын хүүхнээс их санаа зовж ичиж байж билээ. Тэр айлаас бушуухан гарахын түүс болж байсан юм. 

-Маршрутаар явж байгаад төөрч байв уу?
-Тухайн үед GPS гэж байгаагүй учраас бага зэргийн төөрөх зүйл байсан. Уул модоор баримжаалж явдаг байлаа.

-Таны үед жилийн гурван улиралд нь гэрийн бараа хардаггүй байсан биз дээ?
-Тийм шүү, дөрөвдүгээр сараас 11 сар хүртэл гэрийн бараа хардаггүй байлаа. Геологичдийн гэр бүлийн хүмүүс үр хүүхдээ харж, гэр орноо авч явдаг шүү дээ.

-Ан агнаж, загас барьж, жимс түүж цэвэр экологийн хүнсээр хооллодог. Тиймээс шаардлагаар ан авладаг. Таны хувьд ан агнаж байв уу?
-Нуугаад яахав ангийн тарган мах олон идсэн. Би дөрөвдүгээр дамжааны оюутан байхдаа ангийнхан хоёр хүүхдийн хамт Булган аймагт дадлага хийж байсан юм. Тэр үед хүнс дуусаад, гурав хоног нэрс түүж жимс идэж байлаа.

-Геологи бүр бусадтай ижилхэн байх сонирхолгүй байдаг гэсэн. Таны бодлоор геологичийн онцлог юу вэ?
-Геологич бүр өөрийн гэсэн өвөрмөц байдлаараа бусдаасаа ялгардаг. Тухайлбал “буурал” Энхбаатар гэж геологич байна. Тэр байнга дисант хувцас өмсөж, нүдний шил зүүдэг. Харин миний хувьд гэрэл зураг авах хоббитой. Байнга л аппаратаа үүрээд явдаг. Харин сүүлийн үед гар утасны аппарат чанартай болсон учраас утсаараа зураг авдаг болсон шүү. Надад хоёр аппарат бий, олон ч зураг авсан даа. Гоё, сонирхолтой тогтоцтой чулуу, байгалийн зураг авах дуртай. Баримтжуулна гээд байнга зураг авч явдаг юм. Мэргэжлийнхээ буянаар Австрали, Хонконг, АНУ, Франц, Итали, Герман, Энэтхэг зэрэг орнуудад очиж үзсэн.

-Та өөр ямар хоббитой вэ?
-Чулуу цуглуулна. Геологич бүр чулуу цуглуулдаг хоббитой болдог юм. Бид чинь чулуугаа үнэрлэнэ, долооно, их юм болно оо.

-Геологич хүн асар их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат, эр зоригтой байх ёстой юм шиг ээ?
-Ууланд хонож хээр гадаа явдаг учраас өөрийн эрхгүй тэсвэр тэвчээртэй болдог юм. Геологичид их сайхан нөхөрлөдөг.

-Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж авсан уу?
-Геологичийн хүүхэд мэргэжлийг нь өвлөн авдаг. Би хоёр хүүхэдтэй. Нэг нь АНУ-д бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр сурч байгаа. Харин нөгөө нь Австралид уул уурхайн чиглэлээр мастерт сурч байна. Би эхнэр, ач хүү хоёртойгоо амьдарч байна. 

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.

Д.ОЮУНЖАРГАЛ