А.Готовсүрэн: монгол орон геохимийн судалгаа явуулахад хамгийн тохиромжтой лаборатори
Энэ удаагийн зочноор Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэжас компанийн хайгуул эрхэлсэн захирал Аюурзанын Готовсүрэнг урилаа. Тэрээр Монголын геологийн салбарт 40 жил хүчин зүтгэж яваа ахмад, туршлагатай, чадвартай геологич юм.
ЭРДЭНЭЖАС КОМПАНИЙН ХАЙГУУЛ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ А.ГОТОВСҮРЭН: МОНГОЛ ОРОН ГЕОХИМИЙН СУДАЛГАА ЯВУУЛАХАД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ЛАБОРАТОРИ
Энэ удаагийн зочноор Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эрдэнэжас компанийн хайгуул эрхэлсэн захирал Аюурзанын Готовсүрэнг урилаа. Тэрээр Монголын геологийн салбарт 40 жил хүчин зүтгэж яваа ахмад, туршлагатай, чадвартай геологич юм. Москвагийн Их Сургуульд геохимич мэргэжил эзэмшсэн анхны Монгол геологич бөгөөд манай хөрсөнд яг тохирсон геохимийн шинжилгээний арга аргачлалыг боловсруулан, ном гаргасан гавьяатан билээ.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе, сэтгүүлийн маань уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Аюурзаны Готовсүрэн гэдэг, Увс аймгийн харьяат. Нутагтаа дунд сургууль төгсөөд, 1973 онд Москвагийн Их Сургуульд геохимич мэргэжил эзэмшсэн.
-Та мэргэжлээрээ 40 жил ажиллажээ. Өнгөрсөн хугацаанд таны хийж бүтээсэн ажлыг төр засгаас үнэлж Аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнажээ. Тэгвэл ажлынхаа гарааг эхэлж байсан шинэхэн геологич А.Готовсүрэнг эргэн санавал сонирхолтой байх болов уу?
-Миний хувьд Москвагийн Их Сургуульд эрлийн геохимич мэргэжил эзэмшсэн анхны төгсөгчдийн нэг. Хамт сургууль төгссөн нөхөд маань өдгөө тус тусынхаа ажлыг хийж байгаа ч эзэмшсэн мэргэжилдээ үнэнч үлдэж, тасралтгүй ажиллаж байгаа нь би л дээ. Жил бүр эрлийн ажилдаа явж, цуглуулсан материалаа боловсруулах гэж толгойгоо гашилгаж суусаар 40 жилийн нүүрийг үзжээ. Бид 1973 онд их сургууль төгсөж ирээд долоодугаар сарын 25-ны өдөр ажилд орж байлаа. Дундговь аймгийн Сайхандулаан сумаас анхныхаа дээж авснаас хойш Монгол нутагт нэг сая гаруй дээж авчээ.
-Таны авсан сая гаруй дээжээс учир нь үл олдох, ихээхэн сонирхол татсан нь юу байсан бэ?
-Миний хувьд 1973 оноос хойш 10 жилийн хугацаанд Монгол нутагт геохимийн судалгаа хийх арга аргачлалыг боловсруулсан. Тэр үеийн ЗХУ-ын газар нутагт ашиглаж байсан арга аргачлалыг тэр хэвээр нь буулгаад Монголын хөрсөн дээр хэрэгжүүлнэ гэвэл учир дутагдалтай шүү дээ. Мэдээж манай орны газар нутгийн онцлог гээд олон хүчин зүйлээс шалтгаалаад яг тохирсон арга аргачлалыг хэрэглэхгүй бол эцсийн үр дүн нь зөрүүтэй гарна. Тиймээс бид тухайн үед 40 гаруй орд газарт очиж дээжлэлт авч аргачлалаа боловсруулан “Арга аргачлалын зааварчилгаа” нэртэй номоо гаргасан юм. Ингэж Монголын нөхцөлд яг тохирсон арга аргачлалын зааварчилгааг 10 жилийнхээ хөдөлмөрийн үр дүнд бий болгосондоо сэтгэл хангалуун байдаг. Тухайн үед уг номоо 100 ширхэг хэвлүүлсэнээс одоо надад ганц л үлдэж. Тэрхүү номыг бичсэнийхээ дараа тухайн зааварчилгааны дагуу судалгаануудыг хийж эхэлсэн. Мэдээж ном бичээд орхих хангалтгүй шүү дээ. Тиймээс практикт өөрөө туршиж үзэж байлаа. Харин бусад аргачлалыг нь тухайн үеийн салбарын сайдын тушаалаар Зөвлөлт Холбоот Улсын Геологийн яамны аргачлалыг тэр хэвээр нь хэрэглэж байсан. Бидний гаргасан арга аргачлалын хүрээнд судалгаа хийж олсон орд бол одоогийн Оюутолгой шүү дээ. Бид Оюутолгойг дөнгөж элэгдэж буй профирийн төрлийн орд учир цаашид зайлшгүй судлах шаардлагатай гэсэн дүгнэлт бичиж өгсөн юм. Уг дүгнэлтийн дагуу BHB компани тус ордыг авсан ч 100 метрийн дотор өрөмдөөд олигтой зүйл олоогүй. Мэдээж шүү дээ, дөнгөж элэгдэж эхэлж байгаа ордын хувьд эхний 100 метрийн дотор хамгийн ядуу хэсэг нь байдаг. Харин Айвенхоу майнзынхан арай гүн өрөмдөөд жинхэнэ баялгийг нь олсон. Тиймээс уг дүгнэлтийг гаргасандаа үнэхээр сэтгэл өег явдаг.
-Геологи, химийн шинжлэх ухааны нийлмэл болсон геохимийн шинжлэх ухааны онцлог нь юу вэ. Давуу болон дутагдалтай талыг нь нэрлэнэ үү?
-Геохимич мэргэжил нь байгалийн шинжлэх ухааны төрөл болох геологи, хими хоёрын зааг дээр үүссэн XX зууны шинэ салбар юм. Тиймээс геологи болоод химийн шинжлэх ухааныг мэддэг байх учиртай гэдгээрээ онцлог. Геохимич нь химийн шинжлэх ухааны шинэ дэвшилтэт аргыг геологийн шинжлэх ухаанд ашигладаг хос мэргэжил гэдгээрээ давуу талтай. Геологичид байгалийн тогтоцыг судлахдаа геологийн түвшинд чулуулгийн хэмжээнд түүний дараа эрдсийн хэмжээнд судалдаг. Харин геохимич түүнийг химийн элементийн түвшинд атомын хэмжээнд судалдгаараа онцлог. Нэг ёсондоо маш нарийн аргаар шинжилж үр дүнг нь гаргана гээд бодоход хамгийн нарийн ажлыг хамгийн хямд зардлаар хийдэг онцлогтой юм. Харамсалтай нь социализмын үед ажлын бүтээмж, чанарыг бус зарцуулсан зардлыг нь харгалзан үзэж цалин урамшуулал олгодог байсан учраас бидний хөдөлмөрийн үнэлэмж тун муу байсан. Тухайн үед эрлийн ажил хийж буй манай ангийнханы нэг жилийн зардал хоёр сая төгрөгөөс хэтэрдэггүй байсан учраас удирдаж буй мэргэжилтнүүдийн цалин хамгийн бага нь байлаа. Гэсэн ч бид үнэн сэтгэлээсээ, хариуцлагатай ажилладаг байсан юм шүү. Цалин бага, дээр нь хүнд, хэцүү нөхцөлд ажиллана. Өдөрт 10км явганаар явж дээж авна гэдэг тийм ч амар ажил биш. Балга ус ч үгүй харангадан, зүг чигээ мэдэхгүй төөрч хил давах шахаад, айлын эзгүй гэрт хэвтэж байхад нь бусад багийнхан нь олж байлаа. Энэ нь тухайн үеийнхээ буруу тогтолцооноос үүссэн манай мэргэжлийн дутагдалтай тал нь байлаа. Харин зах зээлийн системд шилжсэнээр энэ байдал өөрчлөгдөж, өнгөрсөн 20 жилийн хугацаа миний хувьд мэргэжлээ практикт хэрэглэсэн азтай он жилүүд байлаа.
-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш та хувийнхаа компанийг байгуулан ажиллаж байна уу?
-Өнөө цагт барууны стандартын дагуу геологийн эрлийн бүх ажил геохимиэс эхэлж байна. Тиймээс 2002 онд Эрдэнэжас нэртэй хувийнхаа компанийг байгуулсан. 1997 онд манай улсад Канадын Жава гоулд, Пурсуит интернейшнл гэсэн хоёр компани хамтран, боломжийн хөрөнгө оруулалттайгаар нэлээд суурьтай геологийн судалгаа хийж эхэлсэн юм. Тэдэнтэй Монгол талаас Монроуд хэмээх компанийн мэргэжилтнүүд болох бидний хэдэн хүн хамтарч ажиллаж байв. Тус компанид гурван жил ажиллах хугацаанд миний бие төслийн удирдагч бэлтгэх чиглэлээр гадаадад томилогдсон анхны Монгол геологич болж Индонезийн ширэнгэн ойд хөл тавьж байлаа. Тэнд цаг агаарын хувьд манайхаас тэс өөр, агаарын температур нь +34 градусаас буудаггүй, халуун бүгчим газар. Түүний дээр тэмээн хорголын чинээ том аалз, гүрвэл гээд элдэв шавьжнууд хаа сайгүй хөлхөөд Монгол хүнд амьдрахад таагүй юм билээ. Намайг Индонезид очих үед манайд цагаан сарын баяр болж байлаа. Цастай хүйтнээс шууд халуун оронд очиход анхандаа сонин санагдаж байсан. Тэнд дөрвөн сарын хугацаанд ажиллаж байтал хувьсгал гарч улстөрийн хувьд таагүй уур амьсгалтай болсон учраас гадаадынханыг бүгдийг нь гаргахад нутагтаа буцаж ирсэн. Хэдийгээр Индонезид богино хугацаанд ажилласан ч гэлээ миний хувьд “Нүд тайлсан” сургамжтай явдал болсон. Социализмын үед удирдлага зохион байгуулалт болоод бидний оролцоо өөр, хийсэн ажилдаа хариуцлага хүлээх гэдэг зүйлийг сайн мэддэггүй байж. Харин намайг Индонезид ажиллаж байх үед манай компанийн захирал Бидуэн гэдэг хүн Монголоос ирсэн юм. Тэрээр надаас Монголын талаар болоод тэнд хэрэгжиж буй төслийн талаар их зүйл асуусан. Тухайн үед тэнд Кендин гэх төсөл хэрэгжиж байсан юм. Миний хувьд уг төсөлд оролцох гэж бус суралцаж байгаа гэсэн ойлголттой байлаа. Тиймээс Бидуэн захирлын асуусан асуултанд нэг их юм бодолгүй өөрийнхөө үзэл бодлыг хэлж, энгийн геологичид хоорондоо ярилцдаг шиг л ярьсан. Тэрээр Кенден төслийн талаар асууж байна. Тэгэхээр нь “Миний бодлоор арай л буруу өрөмдөөд байна. Уг нь арай өөр газарт өрөмдвөл хүдэр олдох магадлалтай” гээд түүнийгээ тайлбарлалаа. Гэтэл өнөөх чинь төслийн удирдагч Флеймийг дуудаад “Энэ Монгол хүн чамаас дутахааргүй чадварлаг геологич, яагаад энэ хүний санаа бодлыг асууж тусгаагүй юм. Хийж буй ажлаа зогсоогоод маргааш гэхэд энэ хүний хэлсний дагуу өрөмд” гээд миний өмнө нөгөө хүнийг баахан загнадаг байгаа. Тийм юм болно чинээ төсөөлөөгүй байсан би гэдэг хүн их эвгүй байдалд орж билээ. Ингээд маргаашнаас нь эхлээд миний хэлсэн санааны дагуу өрөмдөхөөр болж хоёр өдрийн турш уулын жимээр багажаа гараар зөөлөө. Би ч санаа зовоод, дуугүй байж байхгүй яав даа гэж халаглаад нойр ч хүрэхээ байлаа. Ядаж байхад Бидуэн захиралд 70-80 метр өрөмдвөл хүдэр гарна гээд хэлчихсэн байдаг. Тэдний багаж өдөрт 20 метр өрөмддөг байв. Гурван өдөр өрөмдөөд 70 метрт хүрэхэд хүдэржилтийн сураг алга аа. Тэр шөнө би унтаж чадаагүй. Өглөө эрт нөгөө газраа очтол 75 метр өрөмдөөд таван метр хэртэй өргөнтэй хүдэр огтлолцсон байсан. Шинжилгээнд явуултал дунджаар найман грамм тн хүдэр гэж гарсан. Индонезууд гурван жилийн хугацаанд анх удаа хүдэр огтоллоо гээд бөөн баяр болж билээ. Ингэж нэг миний санаа амарсан юм. Энэ явдлаас би хоёр зүйлийг ойлгож авсанаа одоо хэр нь амьдралдаа мөрдлөг болгодог. Юу гэхээр нэгдүгээрт, геологич хүний хэлсэн үг бүр хариуцлагатай байдаг. Тухайн үед бидний хувьд нэг төсөл хэрэгжүүлэх гэж хөөцөлдөөд жилийн дараа хэрэгжвэл их юм байсан учраас түүнтэйгээ адилхан бодоод, санаагаа хэлсэн төдийд маргааш өдрөөс нь ажил хэрэг болон хэрэгжиж эхлэхэд үнэхээр хариуцлагатай байх ёстойг ухаарсан. Хоёрдугаарт, хувийн салбарт ажиллахын тулд мэдээллийг алхам тутамдаа нарийн судлах ёстойг ой тоондоо шингээж авсан.
1997 онд доктор О.Гэрэл багшийн санаачлагаар хэдэн хүний хамт Английн нэрт эрдэмтэн, геологич Ричард Силитоег урьсан юм. Уг нь тэр хүн нэг цагт 2000 ам.доллараар зөвлөгөө өгдөг, мундаг том эрдэмтэн байж. Гэтэл бид түүнийг нь ч сайн мэдэлгүй бидэнд танд өгөх хөрөнгө мөнгө байхгүй. Харин энд ажиллах хугацаанд тань байрлах байр, зардлыг тань л даая. Тиймээс та өөрийнхөө ирж, буцах зардлаа гаргана уу гээд үнэн байдлаа учирлан хэлээд урилаа. Гэтэл тэр мундаг эрдэмтэн Монгол оронд ирж үзээгүй учраас амралтаараа ажиллахаар ирсэн юм. Ингээд бидний 10 хүн түүнтэй нэг сарын хугацаанд ажиллах боломж тохиосон. Геологич Г.Дэжидмаа бид хоёр түүнтэй бүтэн сарын турш цуг явж, олон төсөл дээр ажиллахдаа ямар их хөдөлмөрч хүн бэ гэдгийг нь мэдэрч, олон зүйл сурч авсаны хамгийн чухал нь геологичийн хэлж буй үг, дүгнэлт асар их үнэ цэнэтэй байдаг гэдгийг ойлгосон юм. Тухайн үед Өлтийн шороон ордын төслийг сайд асан М.Пэлжээ гуай удирдан ажиллаж байлаа. Ингээд тус ордыг Ричард Силитое гуайд танилцууллаа. Нэг өдөр хагас тус газартай танилцаад буцах болоход М.Пэлжээ гуай үдэлтийн цайллаган дээр “Дэлхийд алдартай мундаг геологич ирж манай ордтой танилцсанд баярлалаа. Та үндсэн орд олдох тухайд дүгнэлт гаргаж өгнө гэдэгт найдаж байна” гэж хэлсэн юм. Гэтэл Ричард Силитое гуай маш их уурлаж билээ. Тэгэхээр нь бид түүнийг буруу ойлгож, орчуулга нь буруу байсан бололтой гээд дахин тайлбарлаж өгтөл бүр уурлаад гараад явчихлаа. Тэгэхэд бид гайхаад ганц хуудас дүгнэлт гаргаад өгөхөд яахав дээ, түүнээс юу л унав гэж, яасан сүртэй юм гэж хэсэг мууллаа. Учир нь Оросын мэргэжилтнүүд хагас өдөр танилцсан талбайдаа олон хуудас дүгнэлт бичиж, тайлбар өгдөг байсан учраас бид ингэж төсөөлж байсан хэрэг. Маргааш нь Ричард Силитое гуайг сайхан зантай байх үед нь би уурласан учрыг нь асуулаа. Гэтэл тэрээр “Тийм хариуцлагагүй зүйл энэ ертөнцөд байдаг юм уу. Хэрэв би тус обьектийн талаар дүгнэлт гаргая гэвэл хамгийн багадаа нэг сар ажиллаж, бүх зүйлийг нь судална. Хэрэв орд олдох магадлалтай бол дүгнэлт гаргаж өгнө. Харин түүний дараа миний гаргасан дүгнэлтийг үндэслээд та бүхэн дэлхийн геологи хайгуулын ажил эрхэлдэг ямар ч компани, банкнаас зээл авч, хөрөнгө босгож чадна. Ийм хариуцлагатай ажил. Хэрэв би баруун солгойгүй дүгнэлт гаргаад байвал үнэ цэнэгүй болно” гэж хэлж билээ. Түүний хэлсэн үг миний тархинд буусан. Сүүлд Ричард Силитое гуай “Mining” сэтгүүлд манай улсын талаар нийтлэл бичсэнээр Австрали, Канадчууд манайхыг сонирхож орж ирсэн юм шүү дээ. Ер нь хөрөнгө босгоно гэдэг амаргүй. Тухайн хөрөнгө оруулагчийн итгэлийг олсон геологичийг итгүүлэх нь хамгаас чухал байдаг. Гэтэл манайхан хэдхэн цагийн дотор л олон сая ам.долларын төсөл ярьчихдаг. Үнэндээ өнөөх хөрөнгө оруулагч өөрийнхөө итгэмжит геологичоо судлуулахаар нааш нь явуулдаг юм. Хэрэв тус геологичид манай талын геологич итгүүлэн үнэмшүүлж чадвал хөрөнгө оруулалтынхаа 60 хувийг авлаа гэсэн үг. Ийм л учиртай юм шүү дээ. Гэтэл манайхан яриад л шууд хөрөнгө оруулалт олчих юм шиг бодоод байдаг нь буруу.
-Гадны компаниудад ажиллаж буй мэргэжилтнүүдийн ур чадварын тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Урд, хойд хөршийн компаниудад ажиллаж буй Монголчууд мэргэжлийн ур чадварын хувьд төдийлөн өсч, дэвжихгүй байна. Харин барууны байгууллагад ажиллаж буй манай мэргэжилтнүүд хурдан хугацаанд чадвараа ахиулж чадаж байна. Энэ нь барууныхан манайханд илүү элэгтэй хандаад байгаа явдал биш. Харин системийн бөгөөд зарцуулж буй цалингийн ялгаанаас болж байгаа гэж миний хувьд боддог. Барууны геологичдийн цалин болоод зардал асар өндөр. Тиймээс тэр зардлыг багасгахын тулд гадаадын мэргэжилтний хийдэг ажлыг яг тэр хэмжээнд хийж чадаж буй Монгол геологичдийг арай бага цалингаар ажиллуулах нь тэдэнд ашигтай байгаа юм. Тиймээс Монгол геологичдод эрх, үүргийг нь өгдөг. Мэргэжлийн ур чадварыг нь барууны стандартад хүргэхийн тулд яг тухайн нөхцөл байдалд хүргэн сургаж бэлтгэж байна. Тэгэхээр Монгол геологичид өсч, дэвжих нь дамжиггүй. Гэтэл манайхан бидний авч буй цалин гадныхантай харьцуулахад бага байна гээд гомдоллоод байх юм. Үнэн хэрэгтээ дэлхийн хаана ч очиж ажиллах түвшний мэдлэг боловсрол, ажлын ур чадвар, техникийн дэвшлийг бид барууныхнаас сурч байна. Үүнийг мөнгөөр үнэлэх аргагүй. Барууныхан биднийг геологийн хувьд чадамжтай болголоо шүү дээ. Харин Орос, Хятадын компаниудийн тухайд өөрсдийнх нь мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн хөлс Монголчуудынхаас тийм чиг их зөрүүтэй байдаггүй учраас хэл усаа мэддэг, хэлсэн үгээр нь байдаг өөрсдийнхөө ажилтнуудыг авах илүү сонирхолтой байдаг юм билээ. Энэ бүхнийг жингийн туухай дээр зөв тавьж үнэлж бодох хэрэгтэй.
-Манай улсад геохимийн шинжлэх ухаан хэр хэмжээнд хөгжсөн гэж та хэлэх вэ?
-Геохимийг судалгааны чиглэлд болон үйлдвэрлэлд ашигладаг. Судалгааны чиглэл нь ертөнцийн тогтцыг шинжлэх ухааны үүднээс гүн гүнзгий судлаад эргээд практикт ашигладаг. Харин үйлдвэрийн чиглэл гэдэг нь эрэл хайгуулын ажилд геохимийн арга аргачлалыг шууд ашиглахыг хэлж байгаа юм. Энэ хоёр нь нэг цэгт огтлолцдог ч гэлээ ганц хүн дангаараа хийж чадахгүй учраас чиглэл чиглэлээр нь судалдаг учиртай. Тиймээс Шинжлэх ухааны академын хүрээлэн, ШУТИС-ийн геологийн факультетийн эрдэмтэн геологичид эхний чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг хийдэг юм. Харин практик хэрэглээний чиглэлийг геохимич мэргэжлээр ажиллаж буй бид хийдэг. Ер нь Оросын геохимийн шинжлэх ухааны хөгжлийн түвшин социализмын үед ч тэр, одоо хэр нь дэлхийд тэргүүлж яваа. Манайхан Орос, Чех улсуудад геохимийн боловсрол эзэмшсэн, түүний дээр Монгол орон геохимийн судалгаа явуулахад хамгийн тохиромжтой лаборатори учраас манай улсад геохимийн шинжлэх ухаан боломжийн түвшинд хөгжиж байна гэж миний хувьд боддог.
-Өдрөөс өдөрт шинжлэх ухаан хөгжиж, хүрээгээ тэлж, хэрэглэгдэх арга аргачлал нь улам боловсронгуй болж байна. Геохимийн шинжлэх ухаанд гарсан хамгийн сүүлийн дэвшлийг манай сэтгүүлийн уншигчидад сонирхуулна уу?
-Геохимийн шинжлэх ухаан гүн гүнзгий хөгжиж байна. Ялангуяа экологийн судалгаа сайн хөгжжээ. Бид баялгийг эрж олохын зэрэгцээ экологийн асуудалдаа ихээхэн анхаарах шаардлага тулгарч байна. Ер нь хүн төрөлхтөн сайхан амьдралыг бий болгохын тулд баялгийг эрж хайж, бүтээж байна. Мөн амьдрах эрүүл, таатай орчинг бүрдүүлэхийн тулд хүрээлэн буй орчноо судалж байна шүү дээ. Бид өмнө нь химийн 114 элементийн хүрээнд судалгаа хийдэг байсан бол өдгөө изотопын түвшинд судалгаа шинжилгээ нарийсч, дэлхийн гүн рүү явсаар байна. Хоёрдугаарт, нано технологи. Бидний сэтгэхүйд байгалийн баялаг бол юугаар ч орлуулашгүй зүйл учраас мөнхийн үнэ цэнэтэй хэмээх ойлголт гүн гүнзгий суужээ. Гэтэл шинжлэх ухааны ололт амжилт, дэвшлийн үр дүнд өнөөдөр бидний үнэ цэнэтэй хэмээн дээдэлж буй зарим ашигт малтмал ирээдүйд хэрэглэгдэхгүй, ашиггүй болох магадлалтай юм. Тиймээс бид ирээдүй хойч үедээ баялгаа хадгалж үлдээнэ хэмээн хав дарах нь ашиггүй, буруу зүйл болж байна. Үүнтэй уялдуулан нэг жишээ хэлье л дээ. Дэлхийн II дайны дараа Оросууд танкны гайхалтай армитай болсон. Тэрхүү танкны гол хүчин чадал нь сум нэвтэрдэггүй хуяг байлаа. Тэрхүү хуягийг хамгийн өндөр түвшний гангаар хийдэг бөгөөд тэр ган нь вольфрам, цагаан тугалгын орцтой байсан юм. Тиймээс манай улсын Модот, Бүрэн цогт, Чоногол гээд вольфрам, цагаан тугалгын хамаг ордыг Оросууд хуу хамаад олборлоод дууссан. Үүнээс манайхан цаашид энэ хоёр эрдэс ямагт ашигтай байх юм байна гээд судалгаа шинжилгээ хийж нэлээд хэдэн орд шинээр олсон. Гэтэл шинжлэх ухааны дэвшлээр ганг сайжруулах шинэ төрлийн ашигт малтмал олсноор цагаан тугалга, вольфрам хоёрын хэрэгцээ эрс хязгаарлагдах боллоо. Тиймээс манай орны зүүн хэсэгт геологичдийн нээсэн олон орд эдийн засгийн эргэлтэнд оролгүй 30 жилийн турш дэмий байж л байна. Тэгэхээр мөнхийн хэрэглээтэй гэж ойлгож авдартаа нууж байгаа мэт аливаа ашигт малтмалаа хав дарах нь өнөөгийн бидэнд ч тэр, ирээдүй хойч үед маань ч ашиггүй байх нь. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрсний хэрэглээ асар хэлбэлзэлтэй байна. Дэлхий нийт нано технологийн тухай ярьж байна. Тэгэхээр өнөөдөр ашиглагдаж буй олон эрдэс ирээдүйд ямар ч хэрэггүй энгийн нэг чулуу болох эрсдэлтэй. Тиймээс энэ асуудлыг төр засаг, ард түмэнд ойлгуулах хэрэгтэй байна. Манайд танин мэдэхүйн дутагдал асар их нүүрлэжээ. Геологийн талаар огт ойлголтгүй, ташаа мэдээллээр тархиа угаалгасан ард иргэд бидний ажилд чөдөр болж байна. Социализмын үед бид судалгаа шинжилгээ хийгээд 100метр хэртэй газар ухлаа гэхэд хоёр талаар нь хүн мал гарч болохуйц болгож орхиод явдаг, тэр нь байгалийн нөлөөгөөр аяндаа дарагддаг байсан юм. Тухайн үед тэнд мал, амьтан уналаа гэж лав дуулддаггүй байсан. Гэтэл одоо 10-15 см нүх өрөмдөөд тэмдэглээд орхиход хамгийн хурдан угшлын морь нь юм уу, эсвэл сайн үйлдрийн үнээ нь асар уудам газар нутгаас ганц тэр нүхийг олоод хөлөө хугалаад үхчихлээ гээд малчид заргалдаад явах юм. Ийм жудаггүй байж бас болохгүй биз. Ард иргэд мэдээллийн дутагдал, танин мэдэхүйн гачаалаас болоод геологич биднийг эх орноо худалдсан хүмүүс хэмээн нүд үзүүрлэн хардаг болж. Уг нь бид тэр хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй бензин шатахуун, цахилгааны эх үүсвэр болсон нүүрс, хэрэглээний төлбөрийг олох гэж яваа. Барууны орны энгийн иргэд нь геологийн тогтоцоо дунд сургуулийн сургалтын программаараа заалгадаг учраас түүнийг маш сайн мэддэг байх жишээтэй. Харин манайхан танин мэдэхүйн мэдлэг мэдээлэлгүй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид нэг л өдөр явна, харин бүтээн байгуулалт үйлдвэр нь манайд л үлдэнэ. Хүний дансанд буй хөрөнгө мөнгөний захиран зарцуулах эрх нь тухайн хүнд байгаа болохоос тэр нь Монголын өмч гэдгийг ойлгох хэрэгтэй. Хятад болоод Орост гарсан хувьсгалын хөрөнгөнд хандсан хандлага нь тэс өөр байсан юм. Хятадууд хувьсгалын дараа томоохон үйлдвэр, пүүс компаниудийг улсын мэдэлд шилжүүлэн авсан ч эздийг нь буцаагаад удирдах албан тушаалд нь үлдээсэн. Хэдийгээр төрийн өмнөөс ажиллаж байгаа ч нэг насаараа хөдөлмөрлөж бүтээн босгосон үйлдвэр, хийж дадсан ажлаа хэзээ ч муу хийж чадахгүй шүү дээ. Нэг насаараа хийж сурсан зүйлээ хүн хэзээ ч чанаргүй хийдэггүй, үнэн сэтгэлээр ханддаг юм. Тиймээс Хятадын үйлдвэрүүд хөгжсөн. Харин манайд болоод Орост бүгдийг нь улс хурааж аваад, эздийг нь буудаад юу ч мэдэхгүй нэг пролетарыг даргаар нь тавьсны улмаас бүгд дампуурч, бид газар алгадсан. Энэ бол түүхэн бодит үнэн. Тиймээс бид хийж бүтээж чадаж буй хүнээр ажлыг нь хийлгэж бүтээн байгуулалтыг нь авч үлдэх хэрэгтэй.
Сүүлийн үед геологийн судалгаа шинжилгээний ажлыг төрийн мөнгөөр хувийн компаниуд хийх хэрэгтэй гээд яриад байх юм. Бизнесийн сэтгэлгээтэй хүмүүсээр ажил хийлгээд том орд олно гэвэл эндүүрэл болно. Хуучин тогтолцооны үе шиг экспедиц байгуулна гэж лав сэтгээгүй байлтай. Хэрэв үнэхээр тэгвэл бүр дампуу юм болно. Ер нь геологийн ажлыг хувийнхан хийх нь илүү үр дүнтэй. Тэр их эрсдэлтэй зүйлийг ард түмний татварын мөнгөөр хийж болохгүй л дээ. Тиймээс мэдээллийн дутагдал, гачаалд буй төр засаг, ард түмэнд геологич бидний дуу хоолойг “Хайгуулын мэдээ” сэтгүүл хүргэхийн тулд хүрээгээ тэлээрэй хэмээн хүсэн ерөөе.
-Тэгвэл ирэйдүүд үнэгүйдэх эрсдэлтэй ашигт малтмалаас алиныг нь түлхүү судалж олборловол манай улсад илүү ашигтай байх вэ?
-Эдийн засгийн үр өгөөжийн хувьд ойрын 10 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр ханш нь нэг их унахааргүй, манай оронд томоохон ордууд олдох онолын болоод практикийн магадлалтай ашигт малтмалыг судлах ёстой. Мөн ирээдүйд ашигтай байж болох магадлалтайг нь таамаглан судлах хэрэгтэй. Ямар ч байсан ойрын 10 жилийн хугацаанд алт, зэсийн үнэ хэлбэлзэх хэдий ч огт хэрэгцээгүй болохгүй. Манай улсын геологийн тогтцоор дээрх хоёр ашигт малтмал боломжийн нөөцтэй байгаа. Мөн бусад төрлийн тэр дундаа газрын ховор элементийн судалгааг орхигдуулж болохгүй. Биднийг бага байхад Монгол орноос өөр мал аж ахуй эрхэлдэг улс орон байхгүй мэт сургадаг байж. Гэтэл үнэндээ мал аж ахуй эрхэлдэг олон улс орон байдаг. Манай улсын малын тоо толгой нэг хүндээ хувааж үзэхээр асар олон мэт харагддаг хэрнээ чанарын хувьд хангалтгүй байна. Үүнтэй адилхан манайхан ашигт малтмалын арвин нөөцтэй, биднээс л хүн гуйж ирнэ хэмээн бодож, яриад байх юм. Гэтэл бидэнд тэгтлээ гайхуулаад байх зүйл үнэндээ алга. Тухайлбал, зэсийн орд гэвэл томоохон нь Оюутолгой л байна. Харин Чилийн зэсийн ордууд бол үнэхээр гайхалтай шүү дээ. Тодорхой зайнд алдартай ордууд нь цуварч байрладаг. Тиймээс биднээс л хүн гуйж ирэх мэт сэтгэж аяглаж болохгүй. Үнэндээ геологич бид хөрөнгө оруулалт олох гэж арга саам хэрэглэж гадныхнаас гуйж байж арай гэж хөрөнгө оруулалт олж байна.
-Сүүлийн үед ногоон экологи гэж их ярих болж. Таны түрүүний ярьсанчлан мэдээлэл хомс байгаагийн улмаас нутгийн иргэд геологичдийн ажилд хүндрэл их учруулдаг байх. Гэхдээ эргээд байгаль экологийн асуудал бас яригдах болов уу?
-Сүүлийн үед ялангуяа барууны орнууд экологийн асуудлыг их ярьж байгаа нь нэг талаараа зөв зүйл. Гэтэл үнэндээ XVIII зууны төгсгөл үеийн түүхэн зургуудаас Селезийн сав газрын уурхайнуудын байсан байдлыг одоо үзэх юм бол нүд халтирмаар байсныг харж болно. Харин өдгөө тус газар нь уул уурхайн ажил явагдаж байсан ямар ч ул мөргүй болж амралт, сувиллын газар байгуулагдсан. Уурхайн ухсан карьеруудад загас, ургамалтай нуур цөөрөм байгуулж, овоолсон шороонууд нь цанын бааз, мод ургамалтай толгод болсон байна. Гэхдээ энэ ажлыг уурхай ажиллуулахтайгаа зэрэгцээд хийж бүтээгээгүй шүү дээ. Тэд хөрөнгөтэй болсныхоо дараа хийсэн. Ер нь барууныхан экологийн асуудлыг өндрөөр тавьж байгаа нь хөндлөнгөөс сайхан сонсогдож байгаа ч цаанаа учиртай. Тэд экологийн асуудал эрхэлсэн байгууллагуудыг асар их хөрөнгөөр санхүүжүүлж уул уурхай хөгжиж, өсч өндийх гэж яваа улс орнуудад ийм төрлийн сурталчилгааг хүчтэй хийж байна. Энэ нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжиж эхлэх үед нь буюу үүрэнд нь дарах зорилготой байдаг. Өнгөн дээрээ экологи ярьж байгаа мэт хэрнээ тухайн үндэстнийг өсч өндийлгөхгүй байх зорилготой. Тухайлбал, Шинэ Зеландад нефьт хайх асуудал ид яригдаж, далайн шлейфэд нь хайгуул хийх эрхийг компаниудад өгч ажил эхэлж байхад ногоон хөдөлгөөнийхөн суртал ухуулгаа түлхүү явуулснаар энэ ажил зогссон. 15 жилийн дараа хориг тавьсан нь буруу байсныг ойлгоод цуцлахад одоо хүртэл ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй байна. Ер нь манайд ч гэсэн нэг иймэрхүү юм явагдаад байна. Тиймээс тунг нь тааруулах хэрэгтэй. Геологийн компаниудийг зөвхөн амин хувийнхаа эрх ашгийн төлөө явж байна гэж улстөрийнхөн ойлгоод байна. Түүнээсээ болоод мэргэжлийн бус хүмүүсийн үгээр бодлого явуулж байгаа нь энэ салбарыг улам бантан болгож байна. Энэ асуудлыг бодож үзэх хэрэгтэй.
-Монгол Улс палентологи үлэг гүрвэлийн олдвор, судлалаар дэлхийд гуравдугаарт явдаг хэрнээ геологийн салбар энэ хэмжээнд хөгжиж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Миний хувьд энэ талаар сайн мэдэхгүй ч гэлээ зарим нэг санаа хэлж болох юм. Учир нь манай улсад палентологийн судалгаа том эрдэмтдийн нөлөөнд өндөр түвшинд яваа. Ялангуяа академич Р.Барсболд гуай нарыг нэрлэж болохоор байна. Р.Барсболдын аав Ренчинбямбаев гуай бол манай анхны сэхээтэн, мундаг эрдэмтэн хүн байсан. Тэрээр хүүхдүүддээ орос хэлийг унаган байдлаар, англи хэлийг дунд сургуульд байхад нь сургасан. Гэтэл хөдөөний дунд сургууль төгссөн хүүхэд оросоор ганц өгүүлбэр хэлж чадахгүй. Тиймээс энэ хоёрын хооронд танин мэдэхүйн асар том зөрүү гардаг. Унаган орос хэлтэй, англи хэлээр ярьдаг сэхээтэн гэр бүлд өссөн хүүхэдтэй хөдөөний хүүхэд хамт гадаадын сургуульд сурахаар их чирэгдэнэ. Сургууль төгсч ирсэнийхээ дараа ижилхэн зүтгэсэн ч түүнийг гүйцэхгүй болохоор нөгөөгөө матдаг зүйл их байсан. Боловсролтой хүнтэй эн зэрэгцэхийн тулд өөрөө хичээж хөдөлмөрлөхийн оронд нөгөө хүнээ дарж авахын тулд дэмий зүйлээр хөөцөлдөж байсны улмаас бусад салбар нь төдийлөн сайн хөгжөөгүй тал байж болох юм. Палеонтологийн салбарыг лидер хүмүүс авч явсан учраас тэр түвшинд хүргэсэн байж болох. Нөгөөтэйгээр ертөнц ямар уудам билээ тэр хэрээр геологийн шинжлэх ухаан тэлэгддэг учраас хөгжил нь төдийлөн хурдацтай явдаггүй.
-Сүүлийн үед манайхан уул уурхайн олборлолтонд химийн хортой бодис ашигласнаар хор хөнөөл дагуулж байна гэж их болгоомжилж байна. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?
-Аливаа зүйлд үйлдвэрлэлийн технологийг барих ёстой. Үүнийг барихгүй бол том уурхай ч тэр, жижиг гуанз ч гэсэн адилхан аюул учруулна. Тухайлбал, шатахуун түгээх станцыг орон сууцны хороолол дунд барилаа, тэсэрч дэлбэрэх аюултай гэдэг. Үнэндээ технологийг нь барихгүй бол хотоос 20км зайтай барьсан ч аюул учруулна шүү дээ. Сингапурт 70, 80 давхар барилгын хамгийн доод давхарт шатахуун түгээх станц нь байрладаг. Манайхан цианид гэж нэг аюул байна гэж яриад байх юм. Гэтэл Шинэ Зеландад Вахигийн ордыг ашиглаж байхыг үзлээ. Тэнд алт олборлохдоо цианидийг ашигладаг. Тус орд бүхэл бүтэн хотын дунд байрладаг. Тэглээ гээд аюул учирсан зүйл алга. Японы далайн эрэг дээр ашигт малтмал олборлож байна. Хамгийн гол нь технологийнх нь дагуу ашиглах ёстой юм. Харин бүхнийг учир утгагүй хоригловол урагшлах бус, хүй нэгдлийн үе рүү ухарна гэсэн үг. Дахин хэлэхэд технологийг л чанд баримталдаг байх хэрэгтэй.
Бизнесийн салбар дахь өрсөлдөөний улмаас янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа нь нууц биш. Нүүрсний орд эзэмшдэг хүмүүс нүүрснээс шатдаг хий гаргах нь шатдаг занараас гаргаж авахаас хамаагүй дээр гэж ярих нь мэдээж. Тиймээс бодит байдал дээр нь очиж нүдээр үзэх хэрэгтэй. Тэгээд ч зарим хүмүүс өөрийгөө үнэмлэхүй үнэнийг хэлж байна гээд түүндээ итгээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын толгойг угаагаад байх юм. Тиймээс өөрийнхөө хийж буй ажлыг бусдынхтай харьцуулж харж байх хэрэгтэй юм аа гэдгийг миний 40 жилийн туршлага надад харуулсан. Тэгэхгүй бол анхны программчилсан загвараасаа салж чадахгүй түүнийгээ үнэн хэмээн бат итгэж хүмүүст тулгах нь нэмэр болохоосоо илүү нэрмээс болж олныг төөрөгдүүлэх аюултай. Ер нь хүн нас ахих тусам ярих дуртай, түүний дээр залуу хүмүүсийн толгойг эргүүлэх чадамж их өндөр болдог юм байна. Тэгснээр залуусыг танин мэдэхүйд хүргэхийн оронд өөрийнхөө үзэл бодлыг шууд суулгаж өгөх гээд байдаг юм байна. Адольф Гитлер “Ямар ч худлыг хэлээд байхаар эхэндээ хүмүүс эсэргүүцнэ. Тодорхой хугацааны дараа дуугүй болж улмаар чамайг дагаж хэлдэг болно” гэж хэлсэн байдаг. Энэ зарчмыг зарим хүмүүс дэндүү овжин ашигладаг болж. Тиймээс аливаа мэдээлэлд болгоомжтой хандаж, бусад хүмүүс юу ярьж хэлж байгааг сонсож байх ёстой юм.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.
Зочин
Telmen
Telmen
Зочин
GRBureau
Зочин
N.Bayart
Зочин
usa
төмөрчин
төмөрчин
zochin
Зочин
Зочин