Д.Цогтбаатар: Гадаадын улс оронд Цагдаагийн атташе томилох тухай зөвлөлдөж байна
Д.Цогтбаатар: Гадаадын улс оронд Цагдаагийн атташе томилох тухай зөвлөлдөж байна
ГХЯ-аас гадаадын улс оронд Монгол Улсаас цагдаагийн атташе томилсон нь дипломат ба албан паспорттойгоор хууль бус үйлдэл хийдэг гэмтнүүдээ “гишгэх газаргүй” болгох нэг алхам болох бололтой. Эх сурвалжаас “Манай улс гадаадын улс оронд цагдаагийн атташе томилж байгаа эсэх талаар албан ёсны мэдээлэл” хүссэн юм.
Учир нь хэрэв гадаадын улс оронд цагдаагийн атташе томилбол Цагдаагийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчих учраас үнэхээр Монголын Засгийн газраас ийм албан тушаалд хэн нэгнийг томилсон эсэх талаарх мэдээлэл албан ёсных байх нь олон улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг зөрчсөн гэх асуудалд холбогдохгүй байх сөрөг арга хэмжээ болох гэнэ. Тиймээс энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад “Атташе гэдэг бол ГХЯ-ны өмч биш шүү дээ. Тиймээс Монгол Улсын ГХЯ түүхэндээ анх удаа цагдаагийн атташе гэх албан тушаалыг бий болгож зарим улс оронд томилохоор холбогдох газруудтай ярилцаж байна” гэж хэллээ.
Энэ нь Гадаад харилцааны яамны хувьд хууль бус үйлдэлтэй тэмцэх арга хэмжээ мөн боловч олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд хэрхэн нийцэх бол. Өнөөдөр эргэн харахад ерээд онд “ганзагын наймаачид”-ын ид үед хүнд гэмт хэргүүд газар авч байсны улмаас зөвхөн дотооддоо чиглэсэн үйл ажиллагаа явуулах хүрээнд Москва, Улаан-Үд дэх консулын газраас хоёр орчим ажилтныг томилж ажиллуулж байсан юм билээ. Харин Цагдаагийн атташе томилж, тэр нь гадаадын улс оронд гүйцэтгэх ажиллагаа явуулж болох эсэх нь эргэж харууштай, олон улсын гэрээ хэлэлцээрийг ноцтой зөрчсөн үйл явдал болох вий гэсэн эргэлзээ төрүүлж байгааг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Учир нь гадаадын улс оронд гүйцэтгэх ажиллагаа явуулах бол Олон Улсын Цагдаагийн байгууллага болон Интерполтой л хамтран гүйцэтгэж болох хууль тогтоомжоор хязгаарлагдсан байдаг.
Ямартай ч одоогоор албан ёсоор, Монгол Улсын Засгийн газраас “цагдаагийн атташе” гэх албан тушаалд хэн нэгнийг албан ёсоор томилоогүй байна. Харин ГХЯ цагдаагийн атташе томилохдоо олон улсын гэрээ хэлэлцээрүүд болон Монгол Улсад дагаж мөрдөж байгаа бусад хууль, тогтоомжид нийцүүлэхэд онцгой анхаарч судалгаатай хандах нь зүйтэй болов уу. Эс тэгвэл Монголын Засгийн газар гадаадын улс оронд дипломат бус, цагдаагийн байгууллагын томилгоо хийж, тэр нь гадаадын улс оронд гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэсэн сөрөг ойлголт төрүүлсэн мэдээлэл цацагдвал том зорилгодоо хүрч чадахгүй болж мэдэх юм.Түүнээс биш цэргийн атташе, хүүхдийн элч, хүмүүнлэгийн болон соёлын элч гэх мэтээр салбар бүрт томилдог бусад төлөөллийн адил хэм хэмжээнд аль ч салбараас томилох нь асуудалгүй. Энэ талаар ГХЯ-аас тухайн эх сурвалжид болон нийтэд албан ёсоор мэдээлэл өгөх нь зүйтэй биз ээ.