МУИС-ИЙН ПРОФЕССОР, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР Ж.БЯМБА: Монгол шиг жижигхэн оронд геологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр нь нэгдмэл байх ёстой

МУИС-ийн профессор, Шинжлэх ухааны доктор Ж.Бямбатай Геосан компанийн геологич Б.Банзрагч ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

Геологи эрдэсзүйн шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба абугай хөөрөлдсөн минь

-Та хуучин ЗХУ-д геологийн шинжлэх ухааны мэдлэг боловсрол эзэмшсэн хүн. Бас тэнд эрдмийн зэрэг, цолоо хамгаалсан. Гэхдээ голдуу фиксист чиглэлээр суралцаж, эрдмийн ажлаа хийсэн байх. Харин сүүлийн жилүүдэд дандаа плиттектоникийн /мобилист/ чиглэлээр ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл туурвилаа хийж байгаа нь ажиглагддаг. Хэдий үеэс ийм чиглэлд илүү анхаарах болсон юм бол. Та анхны зохиол бүтээлүүдээ энэ чиглэлээр туурвисан байх аа. Сүүлд нь засварлаж хэвлүүлсэн санагдаж байна?   
-Миний судалгааны анхны чиглэл бол структур, литологи-фацын чиглэлтэй байсан. Тэгэхээр тэнд фиксизм, мобилизм гэхээр онолын чиглэл ялгарахааргүй байсан юм. Миний хувьд илт мобилист чиглэл рүү гэнэт орчихоогүй, аажмаар л орсон. Харин шинжлэх ухааны докторын бүтээлдээ мобилист чиглэлтэй “Тив хөвүүлж” бичсэн. Хойд Монголын орчмын геологийн тогтоц, фосфорит бий болсон зүй тогтлын талаар Орос хэлээр бичсэн номоо харин сүүлийн үеийн материал тусгаад Монгол хэлээр хэвлүүлсэн дээ.

-Академич О.Төмөртогоо та хоёр үе тэнгийнх, хоёулаа ОХУ-д /ЗХУ/ геологийн шинжлэх ухааны мэдлэг эзэмшиж эрдмийн зэрэг цолоо хамгаалсан. Мөн хоёулаа региональ геологи, ялангуяа онолын геологийн чиглэлээр ажилладаг эн зэрэгцсэн ноён оргилууд гэж болно. Гэтэл та хоёрын эв түнжин нэг л
 сайн биш шиг санагддаг?

-Миний хувьд бидний харьцаа энгийн л байдаг. Геологичид та нарын хүсэж байгаа юм уу, хийж байгаа ажил байх аа. Харин сэтгүүлчид гэдэг хүмүүс эсрэг юм бичсээр байгаад “Хоёр Мөнхийг муудалцуулав” гэдэг шиг геологичид эв түнжингүй болгох гээд байх шиг байгаа юм. Би О.Төмөртогоод ч “Энэ геологичид чи бид хоёрыг эсрэг тэсрэг болгож магадгүй байгаа шүү. Хэн ч юм тийм харьцаанаас ашиг олох гээд байдаг юм байлгүй. Болгоомжтой байгаарай” гэж ний нуугүй хэлдэг. Гэхдээ геологийн шинжлэх ухааны үүднээс зөрөөтэй байгааг нуухгүй. Тийм юм хэнд ч байж болно. Тухайлбал, террейнийн тухай байна, ойр хавийнхаа геологийн тогтцоос эрс ялгаатай, хоорондоо огт холбоогүй, тектоникийн томоохон хагарлаар хязгаарлагдсан өвөрмөц структур тектоникийн бүтцийн тухай ойлголт юм. Манайд тийм бүтэц байгаа. Тухайлбал, Хангай-Хэнтийн дүүргийн өмнөд хүрээллийн стрүктүрүүд болон Цээлийн, Баянхонгорын гэх мэт. Гэтэл Монголын бүх нутгийг террейнүүдэд хувааж үзээд байгаа нь нэг л үнэмшил муутай. Яагаад гэвэл одоогоор батлагдсан террейн байхгүй.Террейнүүд хаана ч үүсээд, хаашаа ч “нүүсэн” байж болох хөдөлгөөнтэй маапаантай стрүктүр тектоникийн бүтэц. Дэлхий дээр бол батлагдсан террейнүүд зарим газар байгаа л даа.

-Монголын голч хагарлын талаар ялангуяа Төв Монголоос Зүүн Монголд шилжих хэсгээс та хоёрын бүтээлүүд илт зөрөх нь харагддаг. Энэ нь чухам хувь хүмүүсийн үзэл санааны зөрүү юу эсвэл геологийн тогтоц, стрүктүрийн онцлог нь аль ч талаараа зөв болох нь нотлогддог юм уу. Ер нь Монголын төв голч хагарал Монгол орны төв хэсгээс зүүн тийшлэхдээ салдаг юм биш биз?
-Монголын гол хагарал бол Зөвлөлтийн геологичдийн үзэл бодол, санаа юм. Би тэр хуучин үзэл бодлыг баримталдаг. Тэр нь ч илүү үнэмшилтэй. Баримт, фактаар батлагдана. Тийм гол хагарал бол хожуу протерозой-түрүү палеозойн эхнээс л одоогийн Монголын нутгийг хоёр хувааж байсан байх аа. Ер нь бол байгалийн шинжлэх ухааны ийм томоохон региональ сэдвээр хэдэн ч талаас нь тайлбарлаж болдог. Тухайлбал, миний диссертац хамгаалж байхад академич А.Л.Яншин “Армяны Арарат уулыг галт уул мөн, биш гээд 23 хүн цол хамгаалсан байдаг юм шүү дээ” гээд миний фосфорын органик гарал үүслийн тухай дүгнэлтийг маань хамгаалж байсан удаатай. Ер нь ямар ч асуудлаар хэдэн ч санал гарч болно. Геологичид чинь өөрсдөө “Хоёр геологич байвал 3-4 үзэл баримтлал байдаг” гэж бие биенийгээ шоглодог биз дээ. Тэгэхээр гол хагарлаар өөр санал бодол өөр олон хүнд ч байж болно шүү дээ. Заавал О.Төмөртогоо бид хоёрыг эсрэг тэсрэг болгох гэж ийм жишээ татдаг нь инээдтэй бас ичмээр! Ер нь гол хагарал гэж байгаа ч юм уу, үгүй ч юм уу.

-Та Монголд геологийн судалгаа бараг эхэлж байсан 1960-аад оны дунд үе, ялангуяа үндэсний геологичид төрж эхэлж байхад мэргэжлийн ажилдаа гаршиж, биечлэн удирдан чиглүүлж байсан цөөн хүний нэг. Энэ үеийн хүндрэл бэрхшээлээс яривал?
-Би их азтай хүн л дээ. Бидний үед Монголын геологийн алба үүсч бүрэлдэн, хөгжиж, өгсч уруудаж байгааг харж байна. Үе болгон өөрийн гэсэн хүндрэлтэй. Тэр үед болж байсан юм одоо бодоход болохгүй байсан шиг, болохгүй юм болж байсан шиг байдаг. Аливаа зүйл хөгжиж дэвших бүртээ хуучнаа шүүмжлэх, хуучин шинийн зөрчил гарна л даа.

-Монголын геологийн 1:200000-ны масштабын иж бүрэн зургийг зохиох ажил үндсэндээ дуусч байна. Та эхний хэсэгт нь редакцийн зөвлөлийг удирдаж байсан хүний хувьд бодлоо хуваалцвал?
-Энэ бол маш чухал, бас том ажил. Үүнд Монголын бүх геологичдийн хүч хөдөлмөр, оюун ухаан шингэсэн цогц бүтээл гэж болно. Өөрөөр хэлбэл дэлхийн геологийн шинжлэх ухааны нэгдмэл зарчимд тулгуурласан, Монголын геологийн нэгдсэн таних тэмдэг, түүнийг баримталсан, геологи, ашигт малтмал, тектоник, дөрөвдөгч, геоэкологийн иж бүрдэл зураг юм шүү дээ. Үүний дараа 1:1000000-ны масштабын геологийн зургууд дахин шинэчлэгдэн шинэ шатанд зохиогдох ёстой. Бас дахиад том, нүсэр ажил эхлэнэ гэсэн үг.

-Гайхалтай бахархмаар юм. Тэгвэл Монголын геологичдийн хийх ажил дууссан юм биш үү. Эрчим хүчний сайд нэг удаа геологийн салбарт хуваарилах төсвийг багасгах, бүр зогсоох тухай ярьж байсан сураг бий?
-Мэргэжлийн бус хүн арга ч үгүй биз дээ. Геологийн судалгаагаа 1:50000-ны масштабаар ч судалж гүйцээгүй орон манайхаас өөр бараг байхгүй дээ. Гэтэл манайх нутаг дэвсгэрийнхээ дөнгөж 30-аадхан хувийг хамруулаад байна. Ямар их ажил хүлээж байгааг төсөөлөхөд тун амархан байгаа биз. Энэ ажлыг дуусмагц 1:200000-ны масштабтай нэгдсэн зургаа дахиад шинэчлэх ёстой болно. Үүний дараа 1:1000000-ны масштабын зургаа шинэчлэн зохионо. Эдгээр зохиогдох зургуудыг дэлхийн геологийн түүхийн алтан хуудсууд болгон бүртгэж болно. Энэ бүхэн танин мэдэхүйн болон хүний хэрэгцээ хязгааргүйн нотолгоо юм даа. Эцэстээ Монголын ард түмний хамгийн том үнэт өв эрдэнийн үүц болох юм. Одоо бол Монгол орны газрын гадаргуу дээр алтан үеийн геологичдийн нөр их хөдөлмөрөөр илэрсэн бараг бүх л орд илрэл, эрдэсжсэн цэг өнөөгийн зохиогдсон ашигт малтмалын зураг дээр тэмдэглэгдсэн байна. Тэдгээрийг нарийвчлан судалж, ордын нөөцийг баттай болгох, илрэл, эрдэсжсэн цэгүүдийг орд болох уу, үгүй юү гэдгийг нь тогтоох, хамгийн гол нь далд байгаа ордыг илрүүлж олох нь өнөөгийн геологичдийн хамгийн чухал зорилт юм. Энэ нь онолын геологийн асуудал төдийгүй геологи, геохими, геофизик, гүний өрөмдлөгийн иж бүрэн судалгаагаар батлах явдал юм. Орчин үед геологийн шинжлэх ухаан, судалгааны ажил нэлээд нь геоэкологийн судалгаанд чиглэгдэх боллоо. За тэгээд геофизикийн гүний судалгаа үндсэндээ хийгдээгүй байна. Гурван хэмжээст судалгаа, гүний өрөмдлөг, бодисын дотоод бүтцийг изотопт түвшинд судлах зах хязгааргүй мэдлэг, тоног төхөөрөмж шаардсан ажил хүлээж байгааг манай засаг төр ойлгож хийнэ гэдэгт итгэж байна.  
 
-Монголын геологийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшний талаар санал бодлоо хуваалцана уу. Аливаа шинжлэх ухаанд онолын судалгаа урагшлах зайлшгүй түлхүүр гэж байдаг байх. Тэгвэл Монголын геологийн судалгааны онолын түвшин аль хэр байгаа бол?
-Монгол шиг жижигхэн оронд геологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр нь нэгдмэл байх ёстой. Монголд геологийн шинжлэх ухаан бага боловч хөгжиж байна. Харин түүнийг ойлгож байгаа хүн хаана байна вэ. Геологийн шинжлэх ухааныг мэддэг, хөгжлийн түвшний өндөр нам байгааг нь хэн хэлэх юм бэ. Хэлсэн ч тоохгүй шүү дээ. Ойлгох ч үгүй. Нөгөө “Илжигний чихэнд ус ч хийсэн, алт ч хийсэн сэгсэрнэ” гэдэг шиг юм болно. Харин гадныхан илүү сонирхож байгаа. Геологийн салбараа хөгжүүлье гэвэл ядаж эхлээд үндэсний геологийн албатай болох хэрэгтэй юм. Юуг нь яаж хөгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг мэддэг ойлгодог хүн, хөрөнгө мөнгө, боловсон хүчин хэрэгтэй. Манай улс ядуу. Улс орны хөгжих боломжийг буруу замруу хөтөлсөн. Мөнгөтэй байж л хөгжинө шүү дээ. Мөнгөө хүний хүнд зүгээр өгчихөөд байна аа. Тэгэхээр чинь улс орон яаж хөгжих юм бэ, геологийн салбараа яаж эрчимтэй хөгжүүлэх юм бэ!

-Геологийн тогтцыг шинжиж судалснаар ашигт малтмал байж болох газрыг онолын хувьд тодорхойлоод дараа нь нээж олсон түүх нэлээд байдаг. Академич Губкин Сибирт нефть, геологич Попугаева алмаз олсон гээд л...Та л гэхэд Хөвсгөл орчмын Уран дөш, Онгилог нуурын ордын стрүктүр, тогтцыг судалсны дараа Бүрэнхааны фосфоритын ордыг онолын хувьд эхэлж “олоод” дараа нь газар дээр нь нээсэн түүх бий. Энэ талаар жаахан дэлгэрүүлж ярих уу?    
-Тийм л дээ, Бүрэнхааны фосфоритын орд нээгдэж болох хамгийн хэтийн төлөвтэй газрыг шинжлэх ухааны үүднээс хэлж өгсөн хүн нь би. Уг нь энд хэд хэдэн илрэл байсан. Харин орд нээгдэнэ гэдгийг хэн ч хэлээгүй байхгүй юу. Хөвсгөл орчмын геологийн тогтцыг судалж /600-500 сая жилийн өмнө үүссэн обьект/ Зөвлөлт-Монголын экспедицийн дарга Н.С.Зайцев өөрийн багш А.В.Ильин нарын удирдлагаар 1972 онд дэд эрдэмтэн зэрэг хамгаалсан. Миний диссертацын гол дүгнэлт бол геологийн зүй тогтлоороо Мөрөн хотын ойролцоо фосфоритын орд нээгдэж болох прогноз байсан юм. Миний удирдагч А.В.Ильин сүүлд нь чиний дүгнэлт яг л 10"-д оносон шүү гэж үнэлж билээ. Дараа нь 1972 оноос ТЭХГГеологийн яамны ерөнхий геологич ГШГ-ын геологийн асуудал эрхэлсэн орлогчоор томилогдож, улмаар Монгол орныхоо бараг өнцөг бүрт очиж, геологийн тогтоц, стрүктүр, гол ашигт малтмалын орд илрэл, тэдгээрийн судалгааны явцтай танилцаж олон жилийн ажлын туршлага хуримтлуулж явсан. Тэгээд аажмаар региональ геологийн стрүктүр, тектоникийн зүй тогтлыг тогтоох ажилд шилжсэн гэсэн үг. Ийм ажлынхаа үр дүнд Геологийн үйлдвэрлэл шинжилгээний хүрээлэнд ажиллаж байхдаа геологийн секторын хүчирхэг хамт олныхоо хамтаар Монгол Улсын геологийн 1:1000000-ны масштабын анхны зургийг болон бусад бүх төрлийн геологийн агуулгатай 30 орчим зурагнуудад тайлбар бичиж хамт болон удирдан зохиолцож, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний эргэлтэнд оруулж нийтийн хүртээл болгосон. Энэ бол том ажил л даа. Бас докторын диссертаци бичиж хамгаалсан.



-Таныг хаана байхад, хэн байхад Их Богдын хэмээх цуутай газар хөдлөлт болсон бэ. Тэр үеийн хүн байгаль орчны тухай ямар сэтгэгдэл төрж байсан талаараа ярина уу?
-Тэгэхэд чинь би аймгийн төв дээр /Одоогийн Галуут сум/ 9 дүгээр ангийн сурагч байлаа. Зуны амралтаараа гэртээ, газар хөдлөлтийн голомтонд очиход газар хөдлөлт бага ч гэсэн мэдрэгдэж л байсан. Чичирнэ, доргино, нурна, цөмөрнө. Ер нь бол үргэлжилж л байсан даа. Тиймээс чухам яагаад газар хөдөлж, тэр том ан цав, хагархай үүсдэг учрыг олохсон гэсэн бодол намайг геологич болоход түлхсэн ч байж мэднэ. Уг нь би зураач болохоор шийдсэн боловч тэр жил тийм хуваарь байгаагүй. Гэтэл “Геологийн зураглал” гэсэн мэргэжил нь зураач гэсэнтэй адил, төсөөтэй юм шиг бодогдож сонгосон хэрэг шүү дээ. Бас Их Богдын газар хөдлөлтийн дараа тэр орчныг доктор Флоренсов тэргүүтэй ЗХУ-ын геологичид бүтэн хоёр жил судалж улмаар “Гобиалтайское землетрясение” гэсэн том бүтээл хэвлүүлсэн. Монголчуудаас Нацаг-Юм нарын геологичид оролцсон байх.

-Таны хамгийн их шүтэж явдаг багш тань хэн бол. Магадгүй бага, дунд сургууль, бас дээд сургууль, геологийн мэргэжилд, мөн амьдрах ухаан, баримтлах зарчим зэргээр өөр өөр багш нөлөөлсөн болов уу?
-Бага сургуульд Шинжээхүү багш, дунд сургуульд бол газарзүйн Чимэддорж багш байв. Харин дээд сургуульд Муратов, Станкеев, Меннер гээд багш нар байсан юм. Ажил үйлдвэрлэл дээр гарсан хойно С.Мормиль, доктор А.Ильин, Л.Зоненшайн нар байсан. Тэд Монголд геологийн судалгаа явуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан томоохон эрдэмтэд байсан юм. Л.Зоненшайны “Учение о геосинклиналях и его приложение к центрально-Азиатскому складчатому поясу” гээд судалгааны томоохон бүтээлийг манай түрүү үеийн геологичид сайн мэднэ дээ. Дараа нь плиттектоникийн чиглэлд илүү судалгаа явуулж, улмаар “Далайн геологи”-иор “өвчилж” эхэлсэн хүн дээ. Монгол талын геологийн анхны багш бол Б.Лувсанданзан гуай байна. Энэ тухай би дурсамжаа бичиж байсан удаатай. Мөн Н.Рягузов, С.Гурвич, Н.Маринов, Ю.Бажин, Б.Постнов, П.Осокин, И.Волчек нарын сэтгэлийн харамгүй зөвлөгөө, тэдний ажлын баялаг туршлага надад маш их нөлөө үзүүлж, үлгэр дуурайл болсон.

-Та олон жил залуучуудтай ажиллаж, тэднийг зохион байгуулж, удирдаж, багшилсан. Ер нь энэ нөхрийг жаахан дэмжчихвэл “юмтай” хүү шүү гэх шавь нар байна биз?   
-Шавь нар бол олон бий. Гэхдээ гоц гойд нь тийм ч олон биш. Тэд болохоор гадагшаа явж суралцах сонирхол нь түлхүү байх нь бий. Арга ч үгүй биз дээ геологи гэдэг орчлон хорвоогоос дэлхийн гүн хүртэл сэтгэх тийм сонирхолтой шинжлэх ухааны “үнэр” авсан залуу хүн хэл суръя, илүү ихийг мэдье гэх нь ойлгомжтой.  

-Саяхан би ШУТИС-ийн ГГТС-ийн захирал сургалтын чанарын тухай ярихдаа “Манай сургуульд химийн хичээл ерөөсөө заалгаагүй хүүхэд геологийн ангид ороод ирдэг. Түүнийг сургахад эхлээд дунд сургуулийн химийн хичээл заахад их цаг алддаг” гэж ярьсан байхыг уншлаа л даа. Үнэхээр харамсалтай. Геологи бол бүдүүлэгдүү хэлбэл, хими, физик, математикийн мэдлэг, логик сэтгэлгээ, оргилуун болоод дэврүүн тэмүүлэл бүхий хүмүүсийн хийх ажил шиг санагддаг. Та бол тэр хүүхдээс сайн геологич төрнө гэдэгт итгэж хичээл заах уу?
-Наадах чинь Монголд боловсролын тогтолцоо сөнөж байгаагийн нэг шинж тэмдэг. Өөр хэлэх үг алга.

-Геологич гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Тэсвэр тэвчээртэй, нэгнийгээ хайрладаг, зорьсондоо заавал хүрдэг хүнийг геологич гэж хэлнэ. Геологичдийн аялж явсан, майхнаа босгож түүдгээ ноцоож явсан буйран дээр орчин үеийн хот тосгон босох юм бол түүнээс илүү нэр хүнд, гавьяа шагнал гэж байхгүй шүү дээ.

-Геологич болох гэж буй залууст хандаж хэлэх үг?
-Мэргэжлээ зөв сонго. Нэгэнт геологич мэргэжлийг сонгосон бол сайн сур. Сурсан хойноо бол тэсвэр тэвчээртэй, нэгнийгээ хайрладаг, хамгаалдаг, зорьсондоо хүрдэг хүмүүжил олж авсан, дээд сургуулиас ч олгосон байх хэрэгтэй.

-1969-1971 онуудад ЭЗХТЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөхөөр ажиллаж байхдаа Монгол оронд социалист орнуудын /ОУ-ын/ хөрөнгөөр ОУГЭ байгуулан ажиллуулах талаар хийсэн ажлаа жаахан дэлгэрэнгүй яримаар байна?
-Монгол орны геологийг хөгжүүлэхэд, удирдан чиглүүлэхэд өөрийн идэвх, санаачлага, хөдөлмөрийг хандуулж, ЭЗХГЗ-ийн /СЭВ/ нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнд 1969-1971 онд ажиллаж байхдаа ОУ-ын хөрөнгөөр Монгол орны геологийн судалгаанд хувь нэмэр оруулах үүднээс ОУГЭ-ийг байгуулах төслийг санаачлан боловсруулж байгуулах нилээд хүнд, хэцүү олон улсыг зөвшөөрүүлэх, тэр байтугай өөрийнхөө дарга нарт итгүүлэх нүсэр ажил байсныг хэлэх хэрэгтэй юм л даа. Тэгээд намайг уг экспедицийг зохион байгуулах хорооны даргаар томилж улмаар 1976 оны эхээр байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм. Олон Улсын геологийн экспедиц гэж 9 орны геологичдоос бүрдсэн 300 шахам хүнтэй хамт олон Монголын нутагт 15 жил ажиллахдаа геологийн иж бүрэн судалгааны ажлыг 100 мянган км2 талбайд үлгэр жишээчээр хийж, материал баазыг Толгойтод барьсан. Нийт хөрөнгө оруулалт тэр үеийн ханшаар 70 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар гүйцэтгэсэн. Тэгээд уг экспедицийг 1976 оноос 1982 он хүртэл өөрийн биеэр удирдан чиглүүлж, Монгол орны нутаг дэвсгэрт 1:50 000-ны масштабын эрэл зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийтдээ 100 мянган км2 талбайг хамруулан гүйцэтгэж, энэ хугацаанд геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоосон үлэмж хэмжээний материал, зураг схем цуглуулан боловсруулж улсын геологийн алтан фондод хандивласан нь өнөө үед геологи, уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувь хүмүүс, бизнесийн болон эрдэм шинжилгээний олон байгууллагын ашиглаж буй үнэт эрдэнэсийн сан болон үлдсэн байна. Энд нийтдээ тэр үеийн 85 сая ам.долларын хөрөнгийг буцалтгүй оруулсан нь тухайн үед хаана ч байгаагүй томоохон буян байлаа. Бас 9 давхар оффиссийн байр, лаборатори, автобааз, орон сууцны иж бүрэн цогцолбор барьж байгуулсан юм шүү дээ. За тэгээд "Цагаан чулуут"-ын молибден, "Мөнгөн өндөр"-ийн мөнгө, цайр, "Өндөр цагаан"-ы вольфрам, молибден, цагаантугалга, полиметаллын ордууд, Дорноговь, Хэнтийн "Хөлийн холбоо", Сүхбаатарын хэд хэдэн хайлуур жоншны ордуудыг нээж нөөц тогтоосноос гадна Шүтээн зэрэг геологийн тогтоц, стрүктүр-тектоникийн онц сонирхолтой обьектууд, тэдгээрийн ашигт малтмалын хэтийн төлвийн талаарх судалгааг хийж тодорхойлсон доо. Мөн Монгол геологичдоо сургах, олон улсын геологийн арга аргачлал барил, техник тоног төхөөрөмжийг эзэмших, бүтэц зохион байгуулалтын хувьд бусад экспедицүүдэд үлгэр дуурайл болсон зэрэг нь оюуны хөрөнгө оруулалт давхар хийгдсэн нь дамжиггүй.   

-Манай орны геологийн судалгааны бүтэц зохион байгуулалтын талаар таны бодол ямар байдаг вэ. Та геологийн албыг байгуулсан ч удалгүй хуучин байдалдаа орсон. Гэтэл одоо бас үндэсний Геологийн алба байгуулах тухай л ярьцгаах юм?
-Би, Монголд геологийн судалгаа зах зээлийн үед ямар байх талаар судалж, Монголын геологийн албыг байгуулж явлаа. Харин төдий удалгүй намайг Японд сургалтанд яваад ирэх хойгуур МАХН-ынхан уг албыг устгаад, намайг халаад хаяваа. Одоо тэгээд будилцгааж л байна. Сонсвол, нөгөө миний байгуулж байсан геологийн албыг байгуулах сурагтай.



-Геологичдийн холбоо гэхэд МГХ, МҮГХ гээд хоёр салсан. Бас гидрогеологи, газрын тос гээд л тусдаа. Энэ ер нь хэр зөв зохион байгуулалт вэ?
-Ерөнхийдөө бол тэдний л асуудал. Уг нь нэг л байгууллага байвал зохимжтой.  Би түүний төлөө зүтгээд, хийгээд, байгуулаад устгуулсан хүн шүү дээ. Энэ бол тэр геологичдийн өөрсдийн мэдэх асуудал. Би бол аль алинд нь гишүүн. Нэгдчихвэл сайн л байна. Судалгааны биет маань эцсийн эцэст ганцхан газар дэлхий. Зорилго маань ашигт малтмал илрүүлэх.   
                                                                                                                               
-За нэг их улстөржөөд ч яахав. Гэхдээ асуухгүй байж болохгүй нь. Таны үйл ажиллагаа, үзэл санаа тэртэй тэргүй ардчиллын хүн гэдэг нь тодорхой. Ер нь ардчиллын тухай бодлоо хуваалцвал?
-Уг нь би ардчиллын хүн байлаа. Ардчилал гэж байхгүй байхад зарим асуудлаар МАХН намайг тэрс үзэлтэн гэдэг байв. Гэтэл 1990 онд хүсэн хүлээж байсан ардчилал бий болсон чинь тэд бас намайг хүлээж аваагүй юм. Сонин шүү.

-Ер нь та намын тухай ямар бодолтой явдаг вэ. Та МАХН-ын гишүүн төдийгүй төв хорооны хянан шалгах хорооны гишүүн байсан санагдана. Дараа нь “Буян”-гийн Б.Жаргалсайханы байгуулсан Хөрөнгөтний намд орсон?
-Би аль 1980-аад оны сүүлчээс ЭЗХТЗ-д байхдаа МАХН-аас татгалзсан байсан. Монголдоо эргэж ирээд хэд хэдэн хүнтэй зөвлөлдөж байгаад МАХН-аас бүр мөсөн гарсан юм. Би одоо ямар ч намын гишүүн биш. 

-Монголчууд хөрөнгөтэй хүнийг үзэн яддаг байхаар МАХН-д тархиа угаалгаж орхисон сэтгэлзүй ноёрхсон үед Хөрөнгөтний намыг дэмжинэ гэдэг их л том эрсдэл баймаар санагдах юм. Энэ тухайд?
-Би хөрөнгөтөн болох гэж тэр намыг дэмжээгүй юм. Харин улс орноо хөгжүүлэх гэж дэмжиж явлаа. Хэн яаж харах нь тэр хүний өөрийнх нь асуудал юм даа.

-Хөрөнгө мөнгө эд баялгийн тухай таны бодол?
-Энэ бол хүн бүхэнд их бага хэмжээгээр байдаг л байх аа. Би бол эд баялгаас илүү эрдэм номтой, соёлтой байх ёстой гэж боддог. Энэ бол хамгийн том, хэн ч халдашгүй бас дуусашгүй хөрөнгө.

-Та Хөрөнгөтний намаас УИХ-д нэр дэвшиж байсан. Хэрэв бусад ардчилсан хүчний намаас дэвшсэн бол ялалт байгуулна, улмаар хэсэг хугацаанд Монголын геологийг толгойлж удирдах байсан даа гэж би боддог юм?        
-Тэр бол таны бодол. Би чинь нам бус хүн. Харин тэр Хөрөнгөтний намыг дэмжиж явлаа. Эх орноо хөгжүүлэхийн төлөө хүсэл зорилгод минь нааш харсан нь тэр нам байлаа.

-Таны “Миний Алтангадас” хэмээх эссэ, шүлгийн ном саяхан уншигчдын гар дээр очлоо. Тэнд өнөөгийн нийгэм, хүмүүс, тэдгээрийн ёс зүй, хандлагын талаар нилээд бухимдсан мөрүүд цөөнгүй байх юм?
-Товчоор хэлбэл би төр засгаа, улмаар улс орноо өөд нь татах болов уу гэж бичсэн юм даа. Зарим эх орон, ард түмнээ бус өөрийгөө л боддог хүмүүс буруу ойлгож магадгүй л дээ. Одоогийн төр, засгийн зарим хуудуутай үйлдэлд хайран эх орон минь хэмээн харамсаж, бас тэвчиж явдаг болоод л бичсэн хэдэн мөр бий.

-Таны авсан фото зургуудаас бүрдсэн фото альбомууд, бас уран зургийн цуглуулгаас бүрдсэн үзэсгэлэн хэд хэдэн удаа олны хүртээл болсон. Энэ талаараа ярьвал?
-Би хөдөө явахдаа үргэлж аппараттай явдаг юм. Гоё сайхан байгалийн хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй зургийг нь авдаг. Заримыг нь зуруулна. Заримыг нь фото альбом болгодог. Хүмүүс үзэж л байг л дээ. Олон юм нуршаад яахав. Энэ бол эх оронч үзлийн 1 илрэл.

-Таны 1969 онд хэвлүүлсэн “Эх орныхоо эрдэс баялгийг нээцгээе” гэдэг ном анхных байсан уу. Тэр ном цаашид уран бүтээл туурвих урам зориг өгсөн байх даа гэж бодогдож байна. Тэр үед 1 төгрөг 20 мөнгөний үнэтэй худалдаалж байсан таны номыг би хадгалдаг юм?
-Тийм шүү, анхных гэдэг утгаараа тэр жижиг товхимол наддаа үнэтэй гэсэн үг. Их Баярлалаа, геологич болж байсан анхны үе минь юм даа.

-Та “Далайн геологи”, “Стратиграфи”, “Геотектоник”, “Монголын эртний структур ба фосфорит” зэрэг мэргэжлийн томоохон бүтээлүүдээ туурвиж олны хүртээл болгосон. Зарим нь гурав дахиа хэвлэгдээд байна. Дотоод, гадаадын хэвлэлд нийтэлсэн эрдэм шинжилгээний өгүүллүүдээ хэд хүрснийг тоолсон болов уу?
-Өгүүллүүдийг тоолоогүй, 100 давсан сайн, муу хэдэн юм байгаа байх аа. Гэхдээ энэ ондоо багтаагаад наддаа арай гайгүй бас геологичдод хүргэвэл сонирхолтой байж болохоор бичигдсэн гэсэн 50 орчим өгүүллүүдээрээ түүвэрлэсэн эмхэтгэл гаргана даа. Дээр дурьдсанаас гадна хүмүүстэй хамтарч “Геологийн Монгол-Англи-Орос толь”, “Геологичийн гарын авлага”, “Хэрэв геологич болохыг хүсвэл” гэх мэт толь, жижиг номнууд нилээд бий.

-Таны “Хоёр үнэний хооронд-I” ном өнөө үеийн хамгийн их хөгжиж, хүмүүсийн таашаал, үнэлгээ, сонирхлыг татаж байгаа баримтат уран зохиолын төрлийг сонгосон нь үнэхээр сонирхолтой болсон. Энэ талаар зарим зохиолчид “Утга зохиол урлаг сонин”-д бичиж байсан. Дараагийн буюу II боть нь хэзээ гарах вэ?
-II ботийг одоо бичиж байна. Чадвал энэ оны эцэс эсвэл ирэх оны эхээр дуусгана. I ботио засварлаад хоёр боть болгон хамт хэвлүүлнэ гэж бодож суух юм.

-Төрж өссөн нутаг гэдэг хүн бүхний өмнөө барьж, мөргөж явах алтан шүтээн. Энэ талаар та мөн ч их ярина даа. Ялангуяа Их Богд хайрхан, Орог нуур...?
-Хүн болгонд төрсөн нутаг бий. Тэдний дундаас би арай илүү ярьдаг байж магадгүй. Нутгаа л их санасны шинж дээ.

-Та ямар бэлгийг таашааж авдаг вэ, мөн ямар зүйлийг хүнд өгөх дуртай вэ?
-Үзэг хүлээн авах, ном бас үзэг бэлэглэх дуртай. Учир нь үзэг бол миний хамгийн ойрын, байнгын бас илэгдэж мохдог, дуусч хуучирдаг, засч сольж сайжруулж байдаг хүрз, жоотуу, сүх, хөрөө мэт байнга хэрэглэдэг хөдөлмөрийн багаж юм даа.

-Таны оюуны болоод биеийн хүчний хөдөлмөрийн ачаалал их, эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлэх, дан сэдэвт зохиол бичих, дэд эрдэмтэн, докторын диссартаци хамгаалах, хариуцсан байгууллага, хамт олноо удирдан чиглүүлэх, шавь нараа сурган хүмүүжүүлэх, хичээл лекц унших, байгалийн фото зураг авах, уран зургийн галерейнхаа цуглуулгийг баяжуулах, судлах, олон нийтийн ажилд оролцох /сонгууль, төрийн болон төрийн бус байгууллага/ гээд үнэхээр олон талтай. Энэ бүхэнд хүрэлцэх цагийг яаж зохицуулдаг вэ. Хэдэн цагт унтаж, босч байна вэ. Ер нь танд энэ олон талт аливаа ажлыг амжуулахад онгод орох гэж байдаг болов уу?
-Онгод гэж юм байхгүй. Нэг ажил хийж байгаад мухардвал /материал дутвал, цаг нь болоогүй юм уу боловсроогүй байвал гэх мэт/ түүнийгээ хойш тавиад өөр ажлаа хийнэ л дээ. Ажилгүй болно гэж байхгүй. Хоногт бол энгийн хүмүүстэй л адил 6-7 цагийн хооронд босч, 22-23 цагийн хооронд унтана. Хоёр ажлыг зэрэг хийнэ гэж юу байхав. Аливаа ажлыг хийдэг цагтай, зорилготой, үр дүнтэй болгохыг эрмэлзэх хэрэгтэй. Хамгийн гол нь хийж байгаа ажлынхаа үндэс суурь, зорилгыг мэддэг байх ёстой. Тийм үед нэг ажлаас нөгөөд шилжихэд төвөггүй л дээ.

-Бидний геологичдийн дунд 70 нас давсан хүн тун цөөрч байх шиг. Угаасаа ч олон биш л дээ. Гэтэл Орос-Зөвлөлтийн геологичид их өндөр наслах нь бололтой. Тухайлбал, Монголын геологийн судалгааны үндсийг тавигчдын нэг В.А.Обручев 93 хүрсэн байх жишээтэй. Геологичид эрүүл мэндээ хэрхэн хамгаалах ёстой гэж та үздэг вэ?
-Залуу наснаасаа эхлээд өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах ёстой юм билээ. Өөрийнхөө залуу насыг эргээд харахад л ойлгох юм даа. Тэгэхгүй бол би залуу хүн гээд хээр гадаа, халуун, хүйтэнд хоноод л, хүчтэй хүн гээд хэдэн олон кг дээж үүрээд л, өндөр ууланд ачаалал ихтэй, амралт багатай маршрут хийж, хоолтой хоолгүй явах нь буруу. Бид өөрсдөө эрүүл мэндээ хамгаалах ёстой шүү. Өөр хэн хамгаалах вэ дээ. Социализмын үед геологичид хээрийн болон өндрийн нэмэгдэл, хөдөлмөр хамгаалал, нормын хувцас зэргээр хангагддаг л байсан шүү дээ. Тэр бол хэдэн төгрөгөөр эрүүл мэндээ хангасан гэсэн үг юм даа. Харин одоо яаж байгаа юм мэдэхгүй байна.  

-Таныг гурван удаа маш хүнд өвчилж, үхлийн ирмэгт тулж очсоныг бас гайхалтайгаар даван туулж өнөөг хүрснийг мэдэх юм. Ер нь Эрүүл байхын тулд яах ёстой вэ?
-Наад зах нь амьдралын /ажлын, хоол хүнсний гэх мэт/ дэг журам барих ёстой. Тэр ирмэгт хүрэхээс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй л дээ. Би тэгж чадаагүй явсан. Залуу байхдаа чадаж байна, болж байна гэж бодож явсан маань өтөл насанд эргээд харахад залуу насны алдаа байсан даа.

-Та аль хэр бурхан шашны ч юм уу шүтлэгтэй хүн бэ?
-Огт шүтлэггүй гэж болно. 70 гаруй жил шүтэж байгаагүй юмыг одоо яахсан билээ. Харин овоонд чулуу өргөх ч юм уу идээний дээж өргөх зэрэг өв уламжлалыг бол хүндэтгэлгүй яахав. Энэ бол шүтлэг биш л дээ. Ёс заншлаа хүндэлж байгаа хэрэг. Тухайлбал, Монголын нутгаар алба, амины ажлаар явахдаа олон л давааг давсан. "Солонгот", "Ганцын", "Загастай", "Хөл Сая"-ын гэх мэт томоохон даваанууд дээр ер нь заавал зогсоно, бас сэржим өргөхгүй байх гэж үгүй л дээ.

-Ингэхэд та төр засгаас хөдөлмөр бүтээлээ хэрхэн үнэлүүлсэн хүн бэ?
-Намайг “Сүхбаатарын одон”-гоор шагнасан, баярлалгүй яахав. Гэхдээ өөрийнхөө хөдөлмөр бүтээлээр, гаргасан бүтээгдэхүүнээрээ өөрийгөө үнэлж сэтгэл дүүрэн явах л өндөр шагнал юм биш үү. Бас түмэн олонд хүрсэн хүртээмж бол бүр хамгийн өндөр шагнал хэмээн боддог. Тухайлбал, мэргэжлийн байгууллагуудын хананд өлгөөтэй байгаа 1996 онд зохиогдсон “Монгол Улсын 1:1000000-ны масштабын геологийн зураг”, геологичдийн ширээний ном болж гурав дахиа хэвлэгдээд байгаа “Геотектоник”, хоёр дахиа хэвлэгдээд байгаа “Монголын геологи, ашигт малтмал”-ын найман боть зэрэг нь миний хүртсэн хамгийн өндөр шагнал. Би энэ мэтээсээ геологидоо хэрэгтэй юм хийж байна гэж дотроо баярлаж явдаг даа. Монголын геологийн 1:1000000-ны масштабын зураг 2006 онд дахин шинэчлэгдсэн л дээ. Тэгээд эдгээр зургийг үндэслэн Орос, Хятад, Солонгос, Дундад Азийн болон Зүүн Өмнөд Азийн орнуудыг хамарсан ЕвроАзийн геологи, ашигт малтмал тектоникийн зэрэг маш том зургууд олон улсын геологичдийн хамтын нөр их хөдөлмөрийн үр дүн болон зохиогдож дэлхий нийтийн хүртээл болов. Хэрэв Монголын геологийн 1:1000000-ны масштабтай геологи, ашигт малтмал, тектоник, стрүктүр формацын дээрх зургууд зохиогдоогүй байсан бол ЕвроАзийн энэ том зургууд дээр Монголын нутаг /1.5 сая км2 талбай/ цагаан толбо буюу онгорхой зай л хоцрох байлаа шүү дээ.

Өнгөрсөн гуравдугаар сард “Монголын геологи хайгуул-2014” хэмээх геологичдийн цугларалтын үеэр геологичид маань “Шилдэг бүтээл” гэж үнэлэгдэж дурсгал гардуулсанд баярлаж байна.

-Таны цаашид хийж бүтээх ажлын талаар сонирхмоор байна?
-Орчин үед мэдээллийн “цунами” дэлхийг нөмөрч байгаа. Түүнээс хэрэгтэй, хэрэгцээтэй, ашигтай мэдээллээ олж авахад нэгэн бодгаль хүрэлцэх ямар ч боломжгүй болов. Иймд зөвхөн хамтын хүчин чармайлтаар л амжилтанд хүрэх боломжтой юм. Би “Монголын геологи ашигт малтмал” гэсэн найман боть ном бүтээх санаачлага гаргаж, өөрийн орны 50 гаруй эрдэмтэн геологичдийн хүчээр энэ ажлын ард гарсан. Эдгээрийн зарим ботийг өөрөө бүтээж зарим ботийг /”Стратиграфи”, “Литосфериийн плитийн тектоник”, “Металл бус ашигт малтмал” гэх мэт/ хамтарч зохиосон бөгөөд ерөнхий редактороор ажилласан хүн л дээ. Геологчид, оюутнууд, геологи болон ашигт малтмал сонирхогчдын таашаалд нийцсэн тул хоёр дахин хэвлэгдсэн. Гэтэл энэ бүтээлийг хийх явц болон хийсний дараа цаашид хийх, бүтээх улам боловсронгуй болгох, шинэлэг мэдээллээр баяжуулах их ажлын суурь тавигдсан гэж болно. Одоо бол нэгдүгээрт, 25 мянгаас доошгүй үгийн /Монгол-Англи-Орос/ багтаамжтай геологийн нэр томьёоны зурагт тайлбар толь бичиг зохиох ажил байна. Одоо энэ толийг ашигт малтмал, тектоник стратиграфи гэх мэтээр салбар салбараар нь мэргэжлийн эрдэмтэд геологичдод хуваарилаад байгаа. Хоёрдугаарт, Монгол орны геологийн тогтцын онцлогоор нь дүүрэгчлэн хувааж, дүүрэг тус бүрийн давхарга зүйн тогтцыг хамгийн эртний настай чулуулгаас өнөөг хүртэл бичих томоохон ажил байна. Эдгээр ажлыг академич Р.Барсболд, О.Төмөртогоо нарын удирдлагаар хийх бодолтой байна. Манайхаас бусад бараг бүх улс орон иймэрхүү ажлаа цэгцэлсэн. Үүгээрээ Монголын геологичид, төдийгүй манай нийт ард түмэн “бахархах” ёстой л доо. Өөрөөр хэлбэл Монголын геологи бол дэлхийн геологийн шинжлэх ухааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсны нотолгоо. Тэгээд ч Монгол оронд дэлхий хуурай газар үүсч эхэлсэн 4.5 тэрбум жилээс өнөөг хүртэл үүсч бий болсон бүх насны, бүх төрлийн /гүний буюу магмын, тунамал буюу далай тэнгисийн, метаморф буюу хувирмал/ бүх найрлагын чулуулгууд тархсан. Тэгээд ч бүх төрлийн ашигт малтмал үүссэн. Үүсэх нөхцөл нь бүрдсэн. Тийм учраас л дэлхий дээр эрдэс баялаг хомсдож байгаа одоо үед дэлхийн геологичид, уурхайн бизнесмэнүүд манай орны эрдэс баялагт анхаарлаа хандуулж байна шүү дээ. Цаашид хандуулах байх.

-Санал бодлоо солилцож ярилцсан танд баярлалаа.Танд эрүүл энхийг хүсэн ерөөе.

Геологич Б.БАНЗРАГЧ