Хоёр хөрш гүрний төрийн тэргүүн дараалан айлчилж, Душамбед манай улсын Ерөнхийлөгч хоёр хөршийнхөө тэргүүн нартай нэг дор уулзаж гэхчлэн манай улсын гадаад бодлогын шинэхэн алхмууд хэрэгжсээр байна. Үүнтэй холбоотойгоор энэ гадаад бодлого маань ямар угшилтай, яаж хэрэгжих боломжтой ба ёстой гэдэг талаар улс төрчдөд санаа сэдэл өгүүлэхээр ГХЯ-нд болсон нэгэн эрдэм шинжилгээний хуралд зохиогчийн хэлэлцлүүлсэн илтгэлээс зориуд оруулах нь зүйтэй хэмээн үзлээ – baabar.mn сайт


Монгол Улсын нэг цонхны гадаад бодлогын түүх гэж ярих аваас олон арван жил, бүр цаашлаад Монголын дипломатын өнө эртний ба эртний түүх хэмээн маш том сэдвийг хөндөх болно. Агуулга, цар хүрээ, түүхэн он дараалал талаасаа эрдмийн нэг байтугай нэлээд хэдэн зэрэг хамгаалахаар сэдэв бoлов уу.



Иймд энд би гарчигт өгүүлсэн их түүхийг ярихгүй, зөвхөн ардчиллын жилүүд дэх гадаад бодлогын практикаас жишээлэн ярих болно. Өмнөх коммунист нийгэмд гадаад бодлого нь хөдлөшгүйгээр нэг цонхоор хэрэгжиж байсныг оршил болгож харьцуулалт хийн тайлбарлая. Зорилго, зарчим, тэргүүлэх ба дагалдах чиглэл, шийдвэр гаргах механизм маань өмнөх нийгэмд нэн тодорхой, хялбар байсан.

1990 оноос өмнө

1990 оноос хойш

Зорилго

-          Дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн байр суурь, эв нэгдлийг бэхжүүлэх

-          Олон улсын коммунист–ажилчны хөдөлгөөнийг бэхжүүлэх

-          Капитализмыг алгассан социалист чиг баримжаат хөгжиж буй орнуудыг дэмжих

-          Үндэсний эрх ашгаа хамгаалах

-          Хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэх

-          Гадаад харилцааг эдийн засагжуулах

Зарчим

-          Социалист интернационализм

-          Пролетарийн интернационализм

-          Энх тайвнаар зэрэг орших

 

-          Үндэсний эрх ашгаа дээдлэх

-          Олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд (НҮБ-ын Дүрмийн)

-          Нээлттэй байх

-          Олон тулгуурт

-          Ардчиллын үнэт зүйлсийг дээдлэх

-          Прагматизм, реализм

Тэргүүлэх ба дагалдах чиглэл

-          ЗСБНХУ

-          Социалист хамтын нөхөрлөл

-          Хөгжиж буй социалист чиг баримжаат орнууд

-          Олон улсын коммунист–ажилчны хөдөлгөөн

-          Капиталист ертөнцийн орнууд

-          Хоёр хөрш ба АНУ

-          Өрнө, дорнын хөгжингүй орнууд

-          Ази-Номхон далайн бүс нутаг

-          НҮБ, олон улсын байгууллагууд

-          ТУХН ба посткоммунист орнууд

-          Хөгжиж буй орнууд

Шийдвэр гаргах механизм

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо, Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газар, ЕНБД

Улсын Их Хурал шийдвэр гаргана

ҮАБЗ-өөр хэлэлцэж зөвлөмж гаргана

Засгийн газар хэрэгжүүлнэ



1990-ээд оноос хойш Монгол Улсын гадаад харилцаа шинэ нөхцөл байдалд зохицон хэлбэрэлтгүй урагшлан хөгжиж ирсэн. Гэхдээ хэд хэдэн онцлогтой.
 
  • Гадаад дотоод орчин үндсээрээ өөрчлөгдсөн
  • Монгол Улс дэлхийд нээлттэй болсон, иргэд нь гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй
  • Гадаад харилцаанд оролцогчдын цар хүрээ, тоо хэмжээ тасралтгүй өсч ирсэн
  • Нээлттэй орчин нь гадаад харилцааны ба аюулгүй байдлын элдэв эрсдэл дагуулах магадлалтай

1990 оноос хойшхи манай аль ч засгийн газрын үед гадаад бодлогын залгамж чанар хадгалагдаж, харилцаа өргөжин тэлсэн. Удаа дараагийн засгийн газрууд нээлттэй, олон тулгуурт, прагматик гадаад бодлого тууштай явуулсаар ирсэн.

Монгол Улсын гадаад бодлогыг “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал”-аар (2004, 2011)  хуульчлан тунхаглаж, 1996, 2000, 2004, 2008, 2012 оны Засгийн газрууд Үйл ажиллагааныхаа хөтөлбөрүүдээр тухай бүрт нь тодотгон дэлгэрүүлж хэрэгжүүлж ирсэн ба хэрэгжүүлж байна. Эрх зүйт төртэй ардчилсан улсын гадаад бодлогод гэнэтийн хувиралт, огцом эргэлт гардаггүй, гарч болохгүйг дээрхи үзэл баримтлалуудыг мөрдөж ажилласан бидний  20 орчим жилийн туршлага нотолж байна.  

Нэг цонхны гадаад бодлого гэдэг нь хэд хэдэн үйл ажиллагааны цогц үзэж болохоор юм. Үүнд:

-    Гадаад бодлогын шийдвэр гаргах механизм
-    Гадаад бодлогыг хэрэгжүүлэх хууль тогтоомж
-    ГХЯ-ны гадаад харилцааг зангидаж, зохицуулах үүргийн хэрэгжилт
-    Түүний мониторинг, гаргах зөвлөмж гэх мэт

Гадаад бодлогыг үнэлэж дүгнэхдээ орчин – дүгнэлт – бодлого гэсэн схемээр авч үзэж байна.

Орчин

Дүгнэлт

Бодлого

Эерэг

Харилцан хамаарал

Интеграцчилал

Даяаршил

Бүс нутагчлал

Мэдээллийн их урсгал

Бололцоо нээж байна

Асар их хурд шаардаж байна

Шинэ түнштэй ажиллах байнгын бэлтгэл

Ардчилал, зах зээл рүү шилжих гадаад таатай нөхцөл бүрдүүлэх

Шинэ түншийн эрэл

Сөрөг

Орчны түргэн хувьсал

Олон улсын систем дэх шилжилт

Тодорхой бус байдал

Урьдчилан төсөөлөмгүй байдал

Сорилт

Болгоомжлол

Түгшүүр

 

Аюулгүй байдлаа сахин хамгаалахад чиглэсэн гадаад,  дотоод бодлого зэрэгцүүлэн явуулах хэрэгтэй



Гадаад бодлогын шийдвэр гаргах механизм (Хуулийн дагуу)                                                                                                                                                                                                                                                                                       Улсын Их Хурал:

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын гадаад бодлогыг Улсын Их Хурал тодорхойлно. Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, УИХ-ын үйл ажиллагаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах, эрх зүйт, ардчилсан төрийг төлөвшүүлэх, ард түмний хүсэл зориг, эрх ашиг, эв нэгдлийг хангах, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулан хэрэгжүүлэх зарчимд үндэслэнэ. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дараахи асуудлыг хариуцна. Үүнд:

-    Монгол Улсын үндэсний аюулгүй байдал;
-    Монгол Улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчин;
-    Төрийн нууцын хадгалалт, хамгаалалт;
-    Монгол Улсын хил, түүний хамгаалалт;
-    Гадаад бодлого;
-  Бусад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох асуудал;
-    Монгол Улсын олон улсын гэрээ, Монгол Улс олон улсын байгууллагад элсэх тухай асуудал;

Монгол Улсын Ерөнхийлөгч:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар, үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь:
 
-    Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийг тэргүүлэх,
- Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагаас гаргуулан авч, шаардлагатай асуудлыг ҮАБЗ-ийн хуралдаанд санаачлан оруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар өгч, ҮАБЗ-ийн зөвлөмжийн биелэлтэд хяналт тавих,
-  Үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс шаардлагатай гэж үзвэл улсын аюулгүй байдлыг хангах байгууллагын тодорхой үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл авах зэрэг болно.  

Гадаад харилцааны талаархи Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь:

-    Гадаад харилцаанд Монгол Улсыг бүрэн эрхтэй төлөөлж, мэдэгдэл, хэлэлцээ хийх, хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах,
-    Гадаад улсад айлчлах болон айлчлалын дүнгийн талаар Улсын Их Хуралд мэдээлэл хийх,
-    Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах,
-    Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигч хуралдаанд оролцсон нийт гишүүний олонхийн дэмжлэг авч чадаагүй тохиолдолд Ерөнхийлөгч дахин өөр санал оруулах,
-    Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах,
-    Тодорхой асуудлаар өөрийн бие төлөөлөгчийг гадаад улсад түр хугацаагаар томилон ажиллуулах зэрэг болно.

Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл:

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тухай хуульд зааснаар, ҮАБЗ ажлаа УИХ-ын өмнө хариуцна. ҮАБЗ-ийн үүрэг нь:

-    Гадаад орон, олон улсын байгууллагатай төр, засгийн дээд хэмжээний хэлэлцээний үед баримтлах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагад тодорхой асуудлаар төр, засгийн дээд хэмжээнд байр сууриа илэрхийлэхдээ төрийн гадаад бодлогод нийцүүлж зөвлөлдөн тогтох,
-    Үндэсний аюулгүй байдал болон төрийн гадаад, дотоод бодлогын нэгдмэл байдлыг хангах үүднээс улс орны төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийлгэж, авах шаардлагатай арга хэмжээний талаар санал боловсруулан Зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх зэрэг болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд Зөвлөлийн гишүүн байна. Хууль тогтоомжид заасан үндэслэлээр Зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зохих өөрчлөлт оруулж болно. Зөвлөлийн тэргүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч байна. Зөвлөлийн тэргүүн нь Зөвлөлийн ажлыг бүхэлд нь удирдаж, дараахи бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

-    Зөвлөлийн хуралдаанд хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;
-    Зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналыг Улсын Их Хуралд оруулах;
-    Төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэхэд Зөвлөлийг төлөөлөх зэрэг болно.

Засгийн газар:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газар нь Төрийн гадаад бодлого хэрэгжүүлэх талаар дараахи бүрэн эрхийг эдэлнэ. Үүнд:

-    Улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн талаар төрийн гадаад бодлого боловсруулж хэрэгжүүлнэ.
-    Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлнэ.
-    Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг Улсын Их Хурлын холбогдох шийдвэрийг үндэслэн байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэж, тэдгээр байгууллагын дүрэм, орон тооны хязгаарыг баталж, ажилтны цалингийн дундаж нэгжийг тогтооно.
-    Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
-    Гадаад улс, олон улсын байгууллагад суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэнэ.
-    Нэгдсэн Үндэстний Байгууллага болон Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад өөрийн эрх хэмжээний дотор Монгол Улсыг төлөөлнө.

Гадаад улстай гэрээ, хэлэлцээр байгуулах талаархи Засгийн газрын бүрэн эрх нь:

-    Улсын Их Хуралтай зөвшилцөн дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын өмнөөс олон улсын гэрээ байгуулна.
-    Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, Монгол Улс олон улсын гэрээнд нэгдэн орох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
-    Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах асуудлыг шийдвэрлэнэ.
-    Байгууллага хоорондын шинжтэй Монгол Улсын олон улсын гэрээний хэлэлцээ хийх болон гарын үсэг зурах журам боловсруулж хэрэгжүүлнэ.
-    Олон улсын гэрээгээр Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгаж, зохион байгуулна.
-    Олон улсын гэрээнээс үүсэн гарсан асуудлаар Монголын талын эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авах зэрэг болно.



Гадаад харилцааны яам:

Дипломат албаны тухай хуульд зааснаар, гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг нь:

-    Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах;
-    Улс орны аюулгүй байдал,  үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
-    Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, байр суурь, нэр хүндийг олон улсын хэмжээнд дипломат аргаар бататган хамгаалах;
-    Монгол Улсаас гадаад улстай тогтоосон  дипломат болон консулын харилцааг хэрэгжүүлэх;
-    Монгол Улсын нэгдэн орсон олон улсын  байгууллагад  тус улсын идэвхтэй төлөөллийг хангах, эрх ашгийг хамгаалах;
-    Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, явц, үр дүнг нэгтгэн илтгэх;
-    Монгол Улсын нэгдмэл, залгамж чанартай гадаад бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Монгол Улсын төр, засгийн албан ёсны байр суурийг илэрхийлэх;
-    Гадаад улс төрийн бодлого, үйл ажиллагааг эдийн засаг, шинжлэх ухаан, техник, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаатай уялдуулан зохицуулах;
-    Төр, засгийн газрын байгууллагын шугамаар хэрэгжүүлэх олон улсын харилцааны үйл ажиллагааг мэдээлэл-судалгаа, арга зүйн зөвлөмжөөр  хангаж, үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах;
-    Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, тэдгээрийн байршил, зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагын дагуу боловсронгуй болгох санал боловсруулах;
-    Монгол Улсын олон улсын гэрээг байгуулах, дагаж мөрдөхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдсэн аргачлал, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, тэдгээрийн дагуу Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийн байдлыг бүхэлд нь нэгтгэн дүгнэх, хэрэгжилтийн явцын талаар Засгийн газарт илтгэж байх;
-    Монгол Улсын гадаад хэргийн архивыг эрхлэх, Монгол Улсын олон улсын гэрээг хадгалах;
-    Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, албан ёсны мэдээлэл түгээх, монголын олон нийтийг дипломат үйл ажиллагаа, олон улсын байдлын талаархи цаг үеийн мэдээллээр хангах;
-    Төрийн дипломат  ёслолыг зохион байгуулж хэрэгжүүлэх зэрэг болно.

Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны зохицуулалт, түүний хяналт шинжилгээ, мэдээлэл үнэлгээг ГХЯ дээр төвлөрүүлнэ. ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газар нь жил бүрийн эцэст Монгол Улсын төрийн яамд, Улаанбаатар хот, аймгуудын гадаад харилцааны тайланг нэгтгэн дүгнэж мэдээлнэ.

(үргэлжлэл бий)