(Илтгэлийн төгсгөл хэсэг)


Дипломат албаны менежмент

Монгол Улсын Гадаад харилцааны яамны зорилт, чиг үүргийг  хэрэгжүүлэхийн тулд дипломат албыг бэхжүүлэх, ялангуяа  зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны менежментийг улам боловсронгуй  болгох, түүний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах таатай нөхцөл бүрдүүлэх талаар шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлж ирсэн.

ГХЯ-ны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг Засгийн газар 2005, 2008, 2012 онд шинэчлэн баталсан. Тус яамны төв аппарат гол төлөв цомхон бүтцээр чиг үүргийн ба бүс нутгийн газрууд, ерөнхий чиг үүргийн зарим хэлтэс, Гадаад хэргийн төв архив, нэгжийн харьяаны доторхи хэлтэс, тасагтай  ажиллаж ирсэн. Хилийн чанад дахь Монгол Улсын Элчин сайдын яам төдийлөн олонгүй, Байнгын төлөөлөгчийн газар 2, Ерөнхий консулын газар хоёр хөршид гол төлөв байгуулагдаж байсан, мөн Өргөмжит консулын институцийг Монгол Улсын эрх ашгийг төлөөлүүлэн ажиллуулж байна.
 
Гадаад харилцааны үйл ажиллагааны зорилго, зорилт, агуулга, ач холбогдол, цар хүрээ өргөжихийн хэрээр ДТГ-уудын байршлыг шинэчлэн, хүний нөөцийн орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.

“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн дагуу ГХЯ нь бодлого, үйл ажиллагаагаа “ГХЯ-наас нийлүүлэх бүтээгдэхүүний анги, нэр” хэмээн шинэ аргачлалаар төлөвлөж, дипломат албаны бүх үйл ажиллагаа, хэрэгжүүлэх арга хэмжээг бүтээгдэхүүний ангид оруулж тооцон, Төсвийн ерөнхийлөн захирагч Гадаад хэргийн сайдтай ГХЯ-ны Ерөнхий менежер – Төрийн нарийн бичгийн дарга нь үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах хэлбэрт шилжсэн. Монголын төр, засагт ГХЯ-наас нийлүүлэх бүтээгдэхүүний ангийг шинэчлэн тодотгох, гурван шатны үр дүнгийн гэрээ байгуулж, тайлагнах, дүгнэх зэргээр дээрхи хуулийг системийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж байна.

Гадаад харилцааны сайдаас дипломат албаны үйл ажиллагаа, ДТГ-уудын байршил, боловсон хүчний асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тогтмол мэдээлж, тус албаны ерөнхий байдал, хийгдэж буй өөрчлөлт шинэчлэлт, эерэг болон хүндрэлтэй асуудлууд, цаашдын зорилтын талаар танилцуулдаг.




Зарим хувилбар гарц


Гадаад бодлого, гадаад харилцааг томъёолон зангидаж, зохицуулах талаар ГХЯ  санаачилгатай ажиллаж байгаа ч бүхэлдээ улс орны гадаад харилцаа эрчтэй хөгжиж олон салбарыг нэгэн зэрэг хамрах болсон энэ цаг үед ГХЯ үйл явдлыг угтуулж бус, болсон явдлын мөрөөр араас нь хөөж ажиллах явдал гарсаар байна.

Ингэнэ гэдгийг ч тус яам ардчиллын эхний жилүүдэд олж хараад зохих дүгнэлт хийж Засгийн газартаа танилцуулан, улмаар 1996.12.18-нд “Гадаад хамтын ажиллагааны зохицуулалтыг сайжруулах тухай” Засгийн газрын № 321 тогтоолыг гаргуулсан. Тогтоол 4 бүлэг, 9 зүйлтэй. Гадаад харилцааг эрхлэхдээ ГХЯ-тай урьдчилан зөвшилцөнө, дараа нь тогтмол илтгэж байна гэсэн маш тодорхой заалт бий.

Гэвч салбарын яамд, агентлагуудын гадаад харилцаа, орон нутгийн гадаад харилцаа урсгалаараа явдаг хэвээр байна.  Гадаад харилцаанд оролцохыг сонирхогч байгууллага, нутгийн захиргааны байгууллага, ТББ, хувийн хэвшлийнхний сонирхлыг боож хаагдуулах, хүнд суртал гаргах тухайд бус, харин тэднийг зөв чиглэлд зангидаж гадаад харилцааг нэг цонхоор оруулж харьцдаг байх тухайд энд ярьж байна.

ГХЯ-наас мэдлэг, туршлагын тусламж хүсэх тохиолдол бараг байдаггүй, консул, паспорт виз гэхээс бусдаар салбарын яамд, агентлагууд, аймгууд дор бүрээ гадаад бодлогоо хэрэгжүүлж байна. Дипломат албаны практикт төдийлөн байдаггүй “Тийм аймгаас тэр улсад суугаа бүрэн эрхт төлөөлөгч” гэх албыг буй болгочихсон жишээ байна. Хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгахгүй, тэр ч бүү хэл гадаадад Элчин сайдаар сууж байсан, одоо Шадар сайд байгаа нөхөр “хэлэлцээр хийнэ” гэсэн яриатай л явж байна. Хэлэлцээ, хэлэлцээр хоёроо ялгаач ээ хэмээн би 20-иод жил хэвлэлийнхэн ба улс төрчидтэй мэтгэлцлээ. Засал авах шинж алга. Гадаад харилцаанд дураараа оролцдог, мэдэмхийрдэг, хэт бие даадаг байдлаас болоод олон улсын мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр буруу орчуулагдан, гадаад мэдээний орчуулга гэж авах юмгүй боллоо. Үүнд ГХЯ-ны хэвлэлийн алба анхаарах хэрэгтэй.   

Нэг цонхны бодлогод нэмэрлэх нэг санал байна. ГХЯ-ны зөвшөөрөл зөвлөмж гарсны дараа төрийн бусад яамдын гадаад харилцаа хэрэгждэг эрх зүйн системийг хэвшүүлэх тухайд эрх зүйт төрт БНЭУ-ын туршлага байна.

-    ГХЯ-ны чиглэлийн газрын дарга (Joint Secretary) шийдвэр гаргаагүй л бол хоёр талын харилцаан дээр төр, засгийн дээд хэмжээний айлчлал хэрэгждэггүй. ЕТГ, Засгийн газар, парламент, яамд нь гадаад харилцааны талаар хэрэгжүүлэх арга хэмжээгээ ГХЯ-ндаа мэдүүлдэг, эцсийн шийдвэрийг чиглэлийн газар нь гаргадаг.  
“Нэг цонх”-ны гадаад бодлогын хувьд төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн дээр дараахи загварыг анхаарах хэрэгтэй болов уу.

Гадаад харилцааны шийдвэрлэх асуудал (Problems, Issues)

-          Шийдвэрлэх асуудлаа таних үйл явц

-          Шийдвэрлэх хувилбаруудаа сонгох үйл явц

-          Хувилбаруудаа үнэлэх

-          Шийдлийг шилж сонгох

-           

Гадаад бодлого боловсруулах үйл явц (Policy Development)

-          Судалгаа шинжилгээ

-          Бодлогын хувилбаруудыг сонгох

-          Бодлогын баримт бичиг боловсруулах

 

Гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явц (Decision Making Process)

-          Шийдвэрийн хувилбаруудыг сонгох

-          Шийдвэр хэрэгжүүлэх аргачилал

-          Шийдвэрийн төсөл боловсруулах

-          Шийдвэр гаргах

-           

Гадаад бодлого хэрэгжүүлэх үйл явц (Policy Implementation)

-          Хөтөлбөр

-          Төлөвлөгөө

-          Төсөл

Хяналт шинжилгээ – үр дүн – үнэлгээ


ГХЯ хэдийгээр гадаад харилцааны салбарт их ажил хөөцөлдөн амжуулж хийж байгаа ч түүнийгээ сурталчлан таниулах,  оновчтой мэдээлэх, мөрөөр нь тууштай ажиллах тал дээр анхаарах шаардлагатай. Энэ бол мөн л  “Нэг цонх”-ны гадаад бодлогын механизмын чухал хэсэг нь байх болно.

Бюрократууд ухаалаг шийдвэр гаргахын тулд 

Тулгарсан асуудал дээрээ хэд хэдэн төрлийн хувилбар боловсруул

Дараа нь дээрхи хувилбарууд хэрэгжих магадлал, мөн тэдгээрт шаардлагатай зардлыг тооц

Эцсийн шатанд хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой бөгөөд үнэ өртгийн хувьд тохиромжтой хувилбарыг сонгон ав


Үйл ажиллагааг хэрэгжүүлэх загвар

Урьдаас төлөвлөсөн хариу арга хэмжээний хувилбарууд



Эрх баригчид болон бюрократууд дээрхи зарчмыг баримтлах ёстой боловч судлаач эрдэмтэн Хэрбэрт Симоны үзэж байгаагаар бюрократ аппарат нь шийдвэр гаргахдаа дээр дурдсан “Иж бүрэн ухаалаг арга замыг” тэр болгон мөрдлөг болгодоггүй ажээ.

Эрх баригчид ба гадаад бодлогын бюрократ хэрэгжүүлэгчдэд ирээдүйд учирч болзошгүй хямрал болон тэдгээрийн үр дагаварыг өдөр тутам тооцоолон бодож суух цаг зав байдаггүй. Тэд бүх бололцоотой хувилбаруудыг боловсруулан тунгаан бодох бололцоогүй. Учир нь тухайн асуудлуудад тоолж баршгүй олон төрлийн хувилбарууд байж болох ба тэдгээрийн талаар мэдээлэл цуглуулах ажил асар их үнэтэй тусдаг. Эрх баригчид хичнээн ухаантай байсан ч хүний оюун ухаан хязгаартай төдийгүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа асар ихээр шаардаж байдаг нь  нийтлэг асуудал юм.

Симоны үзэж байгаагаар, эрх баригчид болон бюрократууд мэдээлэл болон цаг хугацааны хязгаарлагдмал байдалтай тулгарсанаар урьд өмнө нь төлөвлөсөн “үйл ажиллагааг хэрэгжүүүлэх загвар” (Standard Operating Procedure) юмуу “урьдаас төлөвшүүлэн бий болгосон хариу арга хэмжээний хувилбаруудад” (repertoire of prearranged responses) найдах хандлага илүүтэй байдаг. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх загвар болон хариу арга хэмжээний хувилбарууд нь тулгарсан асуудлыг хялбарчилж өгдөг, хэрвээ хэрэгжихгүй нь илэрхий болбол тухайн асуудлыг шийдвэрлэх бүхий л боломжтой хувилбаруудыг боловсруулах биш, зөвхөн загвар болон хариу арга хэмжээний хувилбарууддаа л нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Энд хэд хэдэн давуу тал бий.

  1. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх загвар нь ерөнхий бүтцийн хувьд өөрчлөгдөхгүй, урьд өмнө хуримтлагдсан арга барил хэвээр хадгалагдан үлдэх болно.
  2. Нэмэлт өөрчлөлтүүд нь хэрэгжүүлж зохицуулахад харьцангуй хялбар байна. 
  3. Хэрэгжилтийн хэвшмэл горим нь ерөнхий бүтцийн хувьд өөрчлөгдөхгүй тул үүнтэй харилцаж буй бусад хүмүүст хүндрэл учруулахгуй, харилцахад харьцангуй амар байна. Үүний үр дүнд гаргасан шийдвэр нь хамгийн оновчтой зөв сонголт биш байж болох авч шийдвэр гаргагчидийн  “санаанд нийцэхүйц” сонголт байх болно.

Ихэнх эрх баригчид, бюрокортууд дээр дурдсан хэлбэрээр буюу ухаалаг биш байдлаар шийдвэр гаргадаг бөгөөд тэгэхээс ч аргагүй. Ухаалаг биш байсан нь хожим үр дүн, уршиг дагавараар тодорхой харагддаг. 

Хариу арга хэмжээний урьдаас төлөвшүүлсэн хувилбаруудыг
ч мөн адил тайлбарладаг. Онцгой байдал, хямралын үед хэрхэн ажиллах талаар жишээ нь БХЯ дайсны цохилтод хариулах контр арга хэмжээний хувилбарууд боловсруулсан байх шаардлагатай. Эдгээр хувилбаруудыг үйл явдал өрнөхөөс өмнө боловсруулчихсан байх нь уян хатан чанараа алдах талтай ч хэрвээ хувилбар боловсруулаагүй байсан тохиолдолд үйл явдал өрнөсөний дараа бюрократууд ямар ч хариу арга хэмжээ авч чадахгүй байж болох талтай.


Бюрократын бодлого ба бодлого боловсруулахуй


Зарим тохиолдолд гадаад бодлогын шийдвэр бюрократуудын өөр хоорондын өрсөлдөөнөөс ихээхэн шалтгаалдаг байх юм. Тэдний өөр хоорондын өрсөлдөөн даамжирснаар эрх баригчдад (шийдвэр гаргагчдад) мэдээллийг хэтэрхий нэг тийш нь хазайлгаж ойлгуулах, тэр нь гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх, түүнийг удаашруулах, үр нөлөөг нь бууруулах тал бий. Учир нь ямарваа нэг асуудал шийдвэрлэхэд засгийн газрын хэд хэдэн бюрократ байгууллага, нөлөө бүхий хүмүүс оролцож тухайн хүн бүр хувийн сонирхлоо шингээсэн байдаг тул ямагт ялагч ба ялагдагчтай. Тиймээс нэгэнтээ гарсан шийдвэрээс эргэж буцах аргагүй, нэгэнт бий болсон үйл явцыг өөрчлөх боломжгүй, хэрэв өөрчилбөл өндөр эрсдэл өртөг шаардана, цаг алдана. 


Үйл ажиллагааг хэрэгжүүлэх загвар,
бюрократын бодлого ба гадаад бодлого


Загвар ба хариу арга хэмжээний хувилбар, бюрократ хоорондын өрсөлдөөн нь тухайн үйл явдлыг таних ойлгох үүднээс хэрэгтэй, хэрэгцээтэй байж болно. Гэвч шийдвэрлэх үр нөлөө үзүүлж чадахгүй, харин өөр бусад хүчин зүйлүүд илүү чухал, шийдвэрлэх нөлөө үзүүлсээр ирсэн.

Жишээ нь Карибын хямралын тухайд яагаад уг хямралыг зөвлөлтийнхөн өдөөхөд хүрсэн бэ гэдгийг загварын дагуу тайлбарлахад тун хэцүү, уг загвар иймэрхүү хямрал хэзээ хэрхэн өрнөхийг тайлбарлаж чадахгуй. Учир нь Зөвлөлт нь урьд өмнө гадаадад стратегийн зэвсгээ хэзээ ч байрлуулж байгаагүй.

Өөрөөр хэлбэл загвар, бодлого хоёр шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэх нь гарцаагүй боловч ямар ч нөлөөлөл байлаа гэсэн үндсэн чиглэл болон улс төрийн жолоодлогоо алдахгүй байхыг анхаарах хэрэгтэй.


Дипломатч, хэлэлцээ, тохиролцоо

Мэргэжлийн дипломат бодлого, хэлэлцээний тухайд ард түмэн ташаа ойлголттой,  төдийлөн ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй

Энгийн ард иргэдийн хувьд дипломатчид ихэнхдээ тэнэг, утгагуй тоглоом тоглоод байгаа мэт санагддаг

Учир нь улс төрчид, дипломатчид нь харилцагч нөгөө талтай харилцан “наймаалцаж” тохиролцох шаардлагатай нь хөндлөнгөөс харахад утгагуй зүйл мэт

Ерөнхий утгаар бол, шийдвэрлүүштэй тулгарсан асуудлыг эхэлж авч  үзэхээсээ илүүтэй ашиг сонирхлын үүднээс асуудалд ханддаг

Дипломатчид нэгэн зүйл дээр өнөөдөр тохиролцсон тохиолдолд ирээдүйд түүнтэй адил төстөй зүйл тулгарвал үгүйсгэхэд маш хүндрэлтэй гэдгийг ойлгох ёстой

Олон улсын харилцаанд status quo чухал үүрэгтэй учраас өнөөдөр шийдвэрлэгдсэн зүйл ирээдүйд түүнтэй адил төстөй зүйлийг шийдвэрлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх болдог. Тиймээс дипломатчид шийдвэр гаргахдаа маш болгоомжтой хянуур хандаж, буулт хийж байна, шийдвэрээ амархан гаргаж байна гэсэн ойлголт бусдад төрүүлэхгүй байхыг хичээх шаардлагатай

Дипломатчид хэлэлцээний ширээний ард байр сууриа хатуу хамгаалж  чадахаа харуулахын зэрэгцээ хэлэлцээг өөрийн талд ашигтайгаар эргүүлэх арга барил, чадавхитай байх ёстой

Дипломат тохиролцоо бол мэдээжийн үл биелэх зүйл дээр нэг байр сууриа хатуу баримтлаад гөжөөд байхын нэр биш. Хэрэв хэлэлцээн дээр нэг тал нь хэтэрхий боломжгүй байр суурь тулгасан тохиолдолд хоёр муу уршигт хүргэж болно.

1. Харилцагч тал нь дэндүү найдваргүй юм байна гэдэг үүднээс хэлэлцээг шууд орхих магадлалтай

2. Анхнаасаа хэтэрхий боломжгүй, үл гүйцэлдэх байр суурь баримталсан тал хэлэлцээний явцад хэтэрхий их буулт хийхэд хүрч болзошгүй.

Тиймээс хэлэлцээнд оролцогч талууд нь хэлэлцэж буй асуудлаа ухаалаг шийдвэрлэхийн тулд 

1. Хэтэрхий боломжгүй байр суурь баримтлахгүй байх

2. Мөн үндэсний эрх ашгаа хамгаалж байр суурин дээрээ хатуу зогсох чадвартай байх ёстой



Түүхэн аугаа хүний онол



Олон нийтийн санал бодлоос ажихад, хоёр туйлт систем, зэвсэг хураах зэрэг түүхэн үйл явдлын учрыг тайлах нь  харьцангуй хэцүү. Харин түүхэнд хувь хүн болон удирдагчийн үзүүлсэн үүрэг ролиор тухайн үйл явдлыг (хувь хүний хүрээнд) ойлгоход илүү хялбар,  мөн илүү сонирхолтой. Түүх нь шинжлэх ухааны хувьд “аугаа хүн” гэсэн онолыг бий болгож, түүхэн үйл явдалд хувь хүмүүсийн үзүүлсэн нөлөөг онцлон авч үздэг. Удирдагчдын болон шийдвэр гаргагчдын дүр төрх, зан араншин, хүмүүстэй харилцах харилцаа нь шийдвэр гаргахад хэрхэн нөлөөлж ирсэн тухай түүхийн сурвалж бичигт бичдэгээс үүдэн уг бүтээл сонирхол татаж, уншигчид ч  тухайн үйл явдлын талаар ойлгох нь илүү хялбар. 

“Түүхэн аугаа хүний онол”-оор бол, тухайн улсын төрийн бодлого нь удирдагчийн хувийн үзэл бодол, зан араншингаас ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн чухал үйл явдалд удирдагчдын үзүүлэх нөлөө, хувийн зан араншин маш ихээр нөлөөлж ирсэн гэсэн үг юм.

“Түүхэн аугаа хүний онол”ыг сөргүүлсэн өөр онол бий. Түүхэн үйл явдлыг тайлбарлахдаа хувь хүний хувийн зан араншин гэхээсээ илүүтэй тухайн үеийн дотоодын ба олон улсын систем бүтэц илүү чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ энд удирдагчийг бүр орхи гэсэн үг биш, тухайн удирдагчийг хувь хүн талаас нь судалж үзэх хэрэгтэй. Хэдийгээр дотоодын болон олон улсын систем олон улсын харилцаанд илүү чухал үүрэгтэй ч шийдвэр гаргах эрх хувь хүнд байдаг тул түүнийг орхигдуулж болохгүй. Тухайн удирдагчид ямар үед хэрхэн шийдвэр гаргаж байсан, мөн шийдвэрээ гаргахад нь ямар ямар хүчин зүйлүүд хэрхэн нөлөөлж байсныг судалж үзэх нь хойч үедээ сургааль болж үлднэ. Удирдагчдыг хувь хүний үүднээс судалж үзсэнээр тэдний нүдээр олон улсын харилцааны системийг харж үйл явдлыг илүү бодитой ойлгох боломжтой.

Манай улсын гадаад харилцаа жил ирэх тусам өгөжин тэлж, шинэ шинэ агуулгаар баяжин, шинэ шинэ түншүүд бий болж байгаа үед ГХЯ-нд шуурхай байдал үгүйлэгдэж байна. Монголыг сонирхох явдал гадаадад нэмэгдэж, шинэ түншүүд бий боллоо гэхэд тэдэнтэй ажиллах концепц, боловсон хүчний нөөц, мэдээлэл дутагдах явдал байна. Дипломат харилцаа бүхий улсуудын тоо өссөөр байгаа ба тэдэн дотроос хэн нь Монголын жинхэнэ түнш болох, хэн нь Монголд сонирхолтой зэргийг  зөв тооцоолж, бодлогоо угтуулж явуулах дээр түргэн шуурхай ажиллах шаардлагатай, энэ талаар төр засагтаа тухай бүрт нь мэдээлж, бодлогын шийдвэр гаргуулж мөрдөх нь зүйтэй хэмээн үзэж байна.