The Colors-Mind Oddity
Уг нь Оюун-Эрдэнэ, М.Энхболдын бий болгож өсгөсөн "эрүүжсэн төр"-ийн эсрэг тэмцсэн бол гайхалтай байх байлаа. Тэгвэл, эрэмдэг зэрэмдэг Квазимодо шиг болчихсон Ардчилалыг маань аврагч болох байлаа.
Надад найрагчийн авъяас байсан бол би одоо Ардчилал, Эрх чөлөөнөөс уучлал хүсэж "үгээр хөгжимдөх" байлаа. Миний аз дутахад надад тийм авьяас заяасангүй. Гэтэл гэмшлийн эмоцид "новшийн шинжлэх ухааны хэл" хүрэхгүй юм.
Монголчууд бид, Ерөнхий сайд Хүрэлсүхийн тэргүүлсэн, Ерөнхийлөгч Баттулгын шадарласан НеоМанангийн цаг үед амьдарч байна. НеоМанангийнхан ардчиллын үнэт зүйл рүү улайран дайрч, дарангуйлал руу чиглэн хөдлөлсөн. Энэ хөдөлгөөнийг дэмжсэн олон түмэн талбай дүүрч байна!
Яаж яваад ийм юм болчихов? Эрх чөлөөнд нугасгүй дуртай монголчуудын дундаас дарангуйллыг импортлоход нь уухайлан угтахад бэлэн олон түмэн яаж яваад гараад ирэв? Энэ асуултын хариулт нь шалтаг шалтгаан тоочсон маш олон янз байгаа. Нэн ялангуяа "унасан бөхөд шалтаг мундахгүй" гэгчээр үнэт зүйлээ алдах дээрээ тулаад буй ардчилагчид бид юуны түрүүн хар масс руу буруугаа заагаад, мөн ч их юм учирлаж гоншигнох байлгүй. Чухам үнэндээ гэвэл бид өөрсдөөсөө л алдаагаа хайвал зохино.
Ардчилагчид бид хариуцлагаүй мунхаг байжээ. Түүнээсээ болоод Ардчилалаа найгүй гомдоосон! Найгүй гомдоогоод зогсохгүй, багагүй хилэгнүүлжээ. Энэ хилэгнэлийнх нь гэрч, бас элч болон неофашизм, неокоммунизм, неонацизмийн холион бантан болсон үзэлтэй НеоМанан довтолгон ирсэн юм шүү дээ!
Уг нь Оюун-Эрдэнэ, М.Энхболдын бий болгож өсгөсөн "эрүүжсэн төр"-ийн эсрэг тэмцсэн бол гайхалтай байх байлаа. Тэгвэл, эрэмдэг зэрэмдэг Квазимодо шиг болчихсон Ардчилалыг маань аврагч болох байлаа. Ардчиллын партизанууд бид хадаг барин угтаж тэмцэлд нь нэгдэх байлаа. Гэтэл "хальтраад", дарангуйлагч болох "алсын хараатай" этгээдүүдийн гар хөл болж, нэг мэдэхнээ необолъшевик, неофашист уриа лоозон хашхичиж, ардчиллын үнэт зүйлийг дайрах болсон юм.
Өнөөдөр НеоМанангийн тайзан дээр зогсох залуус бол популист гэхэд ч гоёдохоор блээфчид! Тэдэн шиг блээфчид ойр наашид харагдаагүй билээ. Одоо тэд рок стар шиг гялалзаж байна. Гомдол, гутрал, бухимдал, атаархал гэчихмээр бүгдийг нийлүүлэн зангирах хорсолдоо автсан масс НеоМанангийн залуусын блээфийн ард жидүүчид нуугдаж байгааг мэдсээр хэрнээ тэднийг хөөргөн уухайлж байна. Популитсууд Монголыг, Венесүэл шиг дампууруулна хэмээн гадарлаж байгаа хүмүүс ч мөн уухайлж байна. Эдийн засаг маань "венесүэл шок"-д өртөж эхлээд байхад шүү! Хөөрсөн олон түмний иррационализм "туг"-аа мандуулж байгаа нь энэ юм. Олны уухайн түрлэгт Неоманангийн залуус хувьсгалч хүчээ улам бүр мэдэрч кайфтай байна даа. Тэгээд тэд хувьсгалт хүчирхийлэлд бэлдэж байна.
Юуны өмнө НеоМанангийн "шударга ёс" гээчийг маш эрчимтэй бий болгож байна.
Одоо Монголд "алагчлалгүй хуулийн засаглал" хэмээх утга бүхий Шударга ёс устах шатандаа орсон. НеоМананд дагаар орогсдыг нь жидүүчин ч байсан ч өршөөх, дайснуудыг нь гэмгүй байсан ч дарах зориулалттай "шударга ёс" бий болж байна.
НеоМанангийхан "хууль ямар хэрэгтэй юм" гээдэхлээ. Аягүйдвэл НеоМанангийнхны "онцгой комисс" удахгүй байгуулагдах буй заа!Мөн радикал хувьсгалчдын угийн туршлага ёсоор рэкетжсэн, эрүүжсэн гэмт хэргийн бүлгүүдийг НеоМанан өөрийн "дайрагч бүлэг" болгохоор зэхэж байгаа бололтой. Тэдгээр бүлгүүдэд шан харамж болгон зарим нэг орд газар амлаж байгаа гэнэ. Ийнхүү НеоМанан хүчээ бага багаар хураасаар нэг л мэдэхэд хүчирхийлэн ялах хэмжээнд хүрэх болно. Дарангуйлал тогтооно! Харамсмаар шүү!
Ардчилалд монголчууд биднийг диваажинд аваачих ид шид байгаагүй л дээ. Гэсэн ч монгол хүн хувь заяаныхаа эзэн байх Эрх чөлөөг хөтөлж авчирч өгсөн буянтай. Ардчилал монголчууд бидний зуу гаруй жил мөрөөдөж ирсэн үндэсний эрх чөлөөг маань өгсөн. Үндэсний эрх чөлөөнийх нь амин сүнс болох иргэний эрх, эрх чөлөөг нь дагуулж өгсөн. Бид хувь заяаныхаа эзэн болсон!
Эрх чөлөө бидэнд картын бараатай байснаа марттал нь лангуу дүүрэн бараа таваар, эд агуурсыг өгсөн. Номын дэлгүүр, сангууд олон урьгалч номоор дүүрсэн. Гудамж дүүрэн машин, гудамжны булан бүрт супермаркет өгсөн.
Эрх чөлөө "нохой хамартаа хүрэхэд усч" гэдгийг харуулсан. Оросуудаар ажлаа хийлгээд бэлэнчлэх сэтгэлгээтэй байсан монголчууд бид Токиод ч гологдохооргүй хороолол барьчихдаг хөдөлмөрч улс болсон. Хурдынхны хорооллыг оросын барилгын инженерүүд шагшиж байна билээ. Доор нь алт байна гэвэл манайхан уулыг ч нураах ажлын бяртай болгосон. Оюу толгойн ажилчид дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн уул уурхайн ажиллах хүч болсон. Иргэд маань ардчиллын ач тусыг санаж байсан үе бий.
Наанаа тунирхдаг ч гэсэн цаанаа ардчиллыг 90 орчим хувьтай дэмждэг нь судалгаагаар илэрч байв. Гэтэл одоо шал өөр болчихлоо. Ардчиллыг устгая гэхээр алга ташиж байна! Бид хаана хариуцлага алдав? Эргээд эхнээс нь бодлоо!
Хүн бээр соёл иргэншилд гэхээсээ илүүтэй, аюул дүүрэн жунглид байхаар бэлтгэгдсэн амьтан аж. Тийм учраас эерэг мэдрэмжээсээ сөрөг мэдрэмж нь илүүтэй хөгжсөн. Үүнээс болоод сайлахаасаа муучлахдаа гаргуун, баярлахаасаа гомдлохдоо шуурхай, гэрэлтүүлэхээсээ харлуулахдаа овтой, хэрэгтэй санал гаргахаасаа шүүмжлэхдээ мэргэжлийн гэх мэтээр авирлана. Энэ талаар сэтгэл зүйн шинжлэх ухаан болон антрополог хангалттай нотолгоотой болсон юм.
Дарангуйлагч нийгэмд сөрөг мэдрэмж "гадагшлах" ямар ч эрхгүй. Дарангуйлал нь дарангуйлагч этгээдийн эрх ашигт эс нийцэх сөрөг мэдрэмжийг маш хатуугаар дардаг.
Дарангуйлагч этгээд зөвшөөрөөгүй үед иргэн нийгмээ муулж болохгүй, удирдагчдаа гомдоллож болохгүй, улсаа харлуулж болохгүй, төр засгаа шүүмжилж болохгүй гэх зэрэг хорио цээртэй бөгөөд тэдгээр табу (хорио цээр)-г зөрчвөл алах хүртэл ялтай юм.
Бидний үеийнхэн үүнийг сайн мэднэ. Дайн болоогүй атал улс орны эдийн засаг дампуурч, дэлгүүрүүдийн лангуу хоосорч, картын бараанд шилжсэн. Хэдий тийм ч монголчуудад гомдоллох эрх байгаагүй. Гомдоллохгүйгээр барахгүй удахгүй Америк тэргүүтэй империалистуудыг ялж "коммунизм" хэмээгч диваажинд очно гээд л баярын жагсаал хийдэг байлаа.
Харин ардчиллын үед монголчууд бид зоргоороо муучлах, гомдоллох, харлуулах, шүүмжлэх эрхтэй болсон. Ингэх ч ёстой!
Эрх чөлөө өөр нэгэндээ хор учруулаагүй бол иргэнд "галзуу" ч байх эрхийг өгдөг шүү дээ. Хүнийг чөлөөлөхдөө бусдын эрхэнд халдахгүй байхаар хязгаарлахаас өөр шалтгаанаар, араншинг нь эерэг, сөрөг гэж ялгаварлан чөлөөлөх аргагүй юм. Ингэх нь ардчилалд харш.
Олон жил дарангуйлалд даруулсан, муучлах, гомдоллох, цуурах, шүүмжлэх, харлуулах гэх мэт эрхүүд чөлөөлөгдмөгцөө цадигаа алдсан. Картын бараагүй болж, урьд хожид үзэгдээгүй олон янзын бараа алаглан лангуу дүүрчихээд байхад л муучлаад, гомдоллоод л байлаа. Машин авчих хэмжээний "ядуус" нь хүртэл "Москвич", "Лада" (социализмын үеийн баячуудын мөрөөдлийн машин шүү!)-г голоод авахаа байчихсан, гудамж дүүрэн барууны машинтай болчихоод байхад л муучлаад, гомдоллоод байлаа.
Гомдоллох, муучлах нь ер нь байнга үйлдэх ёстой "зан үйл" мэт болсон. Хотоороо дүүрэн малтай мянгат малчин чиг л гомдолно, онгоц хөлөглөж байгаа баячууд чиг л гомдолно, үнэтэй ресторан дүүргэн суугаад үдийн хоол идэх залуус чиг л гомдолно, маний үеийнхэн атаархам төгсөлтийн тансаг нийллэг хийж байгаа оюутнууд чиг л гомдолно.
Ийнхүү монголчууд бидний амьдрал социализмийн үетэй зүйрлэхийн аргагүй сайжирсан хэдий ч чөлөөлөгдсөн сөрөг мэдрэмж маань ардчиллын эхний өдрөөс л ололт, амжилт бүхнийг үгүйсгэн, муучлах, гомдоллох, харлуулах, шүүмжлэхийг үзүүлж өгсөн юм. Ардчиллыг дэмжиж байгаа нь 90 орчим хувьтай хэрнээ байгаа байдалдаа сэтгэл ханамжтай гэх хүн ердөө 10 хувьд хүрдэггүй, судалгааны хачин гажиг үр дүн гараад байдаг байв. Ийм үед нь л ардчилагчид бид хариуцлагатай байж, ёс зүйн үлгэрлэл, шударга шургуу хөдөлмөрөөрөө манлайлагч хүмүүс нь ямагт хождог байх "тоглоомын дүрэм" -тэй нийгмийн шударга ёсны харилцааг яаралтай төлөвшүүлэх ёстой байжээ. Энэ ажлыг хийсэнгүй.
Ардчилагчид бид Үндсэн хууль төвтэй, хуулийн засаглалыг тогтоосонгүй. Хуучин цагийн "хуулиар засаглах" ёсыг л чирээд яваад байв. "Хуулиар засаглана" гэдэг бол алагчилдаг "хуулийн засаглал" юм. Удахгүй НеоМанан өөрийн үзэл санаа, хүсэл зорилгод нийцсэн хуулиар монголчуудыг засаглаж, өөрийнхөө "шударга ёс"-оор шүүх болно. Ардчилагчид бид энд хариуцлага алдсан!
Ардчилагчид бид хариуцлагатай төр бий болгосонгүй. Эрх мэдэлтэй л бол хариуцлагаас мултарч байдаг төр бий болгосон. Өөрийгөө төрөөр хамгаалуулах гэсэн гэмтэй этгээдүүд төр рүү зүтгэдэг болсон. Төр тонуулчдын "орон байр" болсон. Бас л ардчилагчид бид энд хариуцлага алдсан!
Ардчилагчид бид "нам төвтэй улс төрийн тогтолцооноос төр төвтэй улс төрийн тогтолцоо руу шилжих" ажлыг хийгээгүй юм. Энэ шилжилтийг хийх гэж оролдсон Ерөнхий сайд М.Энхсайханыг эвслээрээ нийлэн "огцруулж" (эл хэрэгт миний бие ч оролцсон) байв. Түүнээс хойш эрх баригч намын "Улс төрийн товчоод" төрийн сонгуульт байгууллагууд болон төрийн захиргааны албадыг шууд удирдаж эхэлсэн. Намуудын энэ амбиц өсөн өссөөр өнөөдөр Монголд намуудын "хэмжээгүй эрхт ёс" эргээд тогтож байна. Ямар сайндаа төр төвтэй улс төрийн тогтолцооны төлөө тэмцэж явсан "алтан хараацай" Л.Болд гишүүн, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурал дахь Ардчилсан Намын бүлгийг Ардын намын Удирдах Зөвлөлийн шийдвэрийг "хэрэгжүүлсэнгүй" хэмээн "буруушааж" байх вэ дээ. Энэ бол "намаас төрийг удирдана" хэмээх коммунист ойлголт сэргэж, байх ёстой зүйл мэт ойлгогддог болсны тод илрэл. Ардчилагчид бид энд хариуцлага алдсан.
Ардчилагчид бид баялгийн хараал тусахаас өмнө амжиж, төрийг зах зээлээс, улс төрийг эдийн засгаас холдуулах ёстой байсан. Тэгсэн бол чөлөөт зах зээл ажилгүйдэл, ядуурлын асуудлыг аль хэдийн шийдэх байсан юм.
Яагаад гээч! Яагаад гэвэл, чөлөөт зах зээл нь тогтвортой өсдөг орлоготой хэрэглэгчийн масс дээр оршин тогтнож, өсөн дэвждэг инстүүц.
Хүмүүс ажилгүй, орлогогүй болно гэдэг бол хэрэглэгчид нь жагсаалаас гаран хорогдож, тэр хэмжээгээр зах зээл давжаарч байна гэсэн үг. Тийм учраас зах зээл нь өөрөө өөрийгөө автоматаар тохируулах инстүүц мөнийхөө хувьд маш хурдан ажилгүйдэл, ядууралтай "дайн" зарлаж тэнцвэрийг олдог.
Харин улстөрчид л санаатай, санаандгүй байдлаар буруу "тоглоомын дүрэм" гаргаж байж зах зээлийн "автомат тохируулга"-ыг алдагдуулж ажилгүйдэл ядуурлыг бий болгодог. Цаашлаад эд баялагт шунасан улстөрчид зах зээлийн автомат тохируулгыг бүр эвдэлдэг. Энэ бол баялгийн хараал. Үүнээс болоод Монголд ядуурал газар их аваад байгаа юм аа! Ажилгүйдэл, ядуурлаас болоод л НеоМанан моодонд орж байгаа шүү дээ. Ажилгүйдэл, ядуурал байгаагүй бол өдийд НеоМанангийн блээфчидыг хэн тоох билээ? Бид энд хариуцлага алдсан!
Ардчилагчид бид коммунистуудаас ангийн муухай дээрэлхүү үзлийг нь "далд ухамсар"-таа өвлөөд авчихаж. Үүнээс улбаатай ихэрхүү, сэхүүн политикийн гайгаар хөдөө орон нутаг, гэр хорооллынхон маань ардчилал, чөлөөт зах зээлийн зах хязгаарт хаягдсан. Ядахдаа хөгжлийн эдийн засгийн онол ёсоор эдийн засгийн өсөлт нь нийгмийн ялгаварлал байхгүй үед улам бүр эрчимждэг гэдгийг ойлгочихдоггүй ардчилсан төрийн бодлогоос болоод гэр хороолол, хөдөөгийн иргэд чөлөөт зах зээлийн үр ашгаас хүртэж чадаагүй. Гэр хороолол, орон нутаг хоёрыг "зээлжих зэрэглэл"-гүй болгон хорлочихсон юм чинь тэгэлгүй яахав! Хугацаа өнгөрөх тусам ардчиллын өгөөжийг улам бүр цөөхөн хүн амсах болсон билээ. Үр ашгаас нь хоцорсон гэр хорооллын мэт ард олон өнөөдөр НеоМананг уухайлан зогсож байна. Хэрэвзээ гэр хорооллынхны хашааны газар дээр бизнес босож байсан бол манай гэр хорооллынхон юу гэж НеоМананг тоохов. Ардчилагчид бид энд хариуцлага алдсан!
Боловсролтой залуус маань бас ардчиллын захад хаягдсан. Боловсрол өндөртэй залуу даргын "цүнх барьж" бялдуучилж гүйхгүй. Тэд өөрийнхөө үнэ цэнийг мэднэ. Гэтэл улс төрийн лидерүүд цүнхийг нь барьж гүйгээгүй болохоор нь тэднийг ардчиллын зах хязгаарт хаясан. Өнөөдөр тэд ардчиллыг жигшээгүй ч гэлээ ардчилагчдыг зэвүүцэн НеоМананг догиож байгаа. Ардчилагчид бид энд хариуцлага алдсан!
Ийн би өнгөрсөн алдаагаа бодоод Ардчилал, Эрх чөлөөнөөс уучлал хүсэж сууна!
Телевизээр монголын The Colors хамтлагийн Mind-Oddity дууны клипийг үзлээ. Ямар гайхалтай индий дуу вэ? хэмээн бодохтой зэрэгцээд, энэ сайхан залуусаа Дарангуйлалын гарт өгөх гэж байгаадаа өөрийн эрхгүй харуусал төрлөө!
Тэд дарангуйлал дор "хүчиндүүлэн" амьдрахын зовлонг үзээгүй, мэдэхгүй. Дарангуйлалын дор уран бүтээлчид амьд үлддэг юмаа гэхэд "тэжээвэр амьтан" болдгийг бидний үеийнхэн л мэдэх билээ.
Ардчилагчид бид мунхаг байж, хариуцлага алдсан нь үнэн. Гэсэн хэдий ч залуусаа Дарангуйлалын гарт "тушааж" өгөөд амиа бодон явчихаж болохгүй. Залуус маань эрх чөлөөтэй амьдрах эрхтэй!
НеоМанангийн балаг тун удахгүй венесүэл шокийн улмаас массд ойлгогдоно. Яг Венесүэлийн чааваасчуудийнх шиг. Тэр цагт ардчилагчид бид нэгдэн босоцгоож, залуусаа Дарангуйлалаас хамгаалах хэрэгтэй!
Оч
Танд итгэл алдарлаа
Зочин
Алтан
Zochin
Зочин
Зочин
халиун
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
сүхээ
монголхүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
Нямаа
Үзэл бодолгүй байсан юм чинь
Үзэл бодолгүй басан юм чинь
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ovgon
Зочин
buruu bol shiitgeltei
Зочин
Зочин
zochin
Зочин
BAATAR
Munkhuu
Хаана алдсаныг хэлэх үү
Zochin
Зочин
moogii
zochin
тэмцэе
зочин
Зочин
Зочин
Хамгийн муухай нь
Хамгийн муухай нь
Хүн
РАВДАН
Эзэн хааны нийгэмлэг
A
Nek
Монгол
Франц
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
РАВДАН
Монгол
Irgen
Mongol
Зочин
Болд
Гэрэл
Hotiin zaluu
Базамат
Гэрэл
Гэрэл
Зочин
Зочин
РАВДАН
Зочин
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
seegii
баба
Zochin