Юм болгон нэртэй
Англи хэлийг нэг сая үгийн сантай гэж ярьдаг. Хэдэн жилийн өмнө дэлхийн түүхэнд хамгийн том хоёр хэлний толь бүтээжээ.
Англи хэл сая үгийн нөөцтэй ч гэсэн энийг бүгдийг нь байтугай 10 хувийг нь мэддэг хүн хаана ч байхгүй. Дундаж англи хүн бусад үндэстний нэгэн адил 10-15 мянган үг хэрэглэж ярина. Аль ч хэл өөрийн давуу ба дутагдалтай талтай. Англи хэл ч ялгаагүй. Монгол хэл юмыг дүрсжүүлэхэд онц гаажтай. Ганц хамрыг аваад үзье. Монхор-хяраараа бөхтөр хамар, шонхор–үзүүр нь шөвгөр гурвалжин, хянган-хяр нь ирмэгтэй, шонтгор-үзүүр нь урагш түрсэн, нахиу-нармай дотогш, сартгар-нүх том, сархаан-угалз том, унжуу-үзүүр доошоо, ээтэн- үзүүр дээшээ гэх мэт Хөтгөр, хөнхөр, онигор, бүлцэн, бүлтгэр, жуутгар, сүүмгэр, гөлгөр, жартгар, хялар, долир, сөлөр, хялман – энд зөвхөн нүдний тухай л ярьж байна. Нүүдлийн амьдралын онцлогоос л ингэж баяжсан болов уу. Харин үйл явц, процессийн нэршил тааруухан. Ялангуяа нийгмийн болон техник технологийн хөгжлөө дагаж үүсэх нэршил. Иймэрхүү шинэ нэршил өгөгдөлд өдгөө аль ч үндэстэн юун түрүүн англи хэлийг ашигладаг болжээ. Англи хэлэнд шинээр орж ирж байгаа бүх үгсийг бүртгэдэг болж. 2002 онд Монголд зуд болоод Засгийн газар дэлхийгээр нэг зарлан тусламж гуйсан. Зуд гэж юу хэлээд байгааг нь ойлгох гэсэн олон улсын баг ч осолд орж байв. Тэр жилдээ толь бичгүүдэд “зуд” гэсэн үг орж энэ нь хүнд гэхээсээ нүүдлийн аж ахуйд байдаг, өөрөө тэжээлээ олж иддэг хагас зэрлэг маягийн нүүдлийн малд хортой, их хэмжээний талбай хамарсан цасан бүрхүүл гэсэн өдгөө Монголоос өөр газарт нарийн ойлгогдохгүй нэршил болон бүртгэгджээ. Олон малыг хамарсан өлсгөлөн л юм даа.
Даяаршиж, нэг гэрт орж байгаа өнөөгийн ертөнцөд нэгэн утгаар ойлгодог нэршил, нэр томъёо улам ач холбогдолтой болж байна. 1977 онд Касабланка арал дээр хоёр том Боинг онгоц газар дээр мөргөлдөж 1000 гаруй хүн эрстсэн. Онгоцны нисгэгч диспичерээс хөдлөх эсэхээ асуужээ. Цаадах нь “окэй, хүлээж бай” гэж хариулж. Нисгэгч “Окэй” гэдгийг нь сонсоод л битүү манан дунд хөдөлж өөр онгоцтой мөргөлдөв. Үүнээс хойш ялангуяа тээврийн диспитчэр үл зөвшөөрөх тохиолдолд хэзээ ч “окэй” гэсэн үг өгүүлбэртээ оруулж болохгүйгээр тогтсон байна. Одоо алсын зайнаас мэс заслал хийх нь их болжээ. Иймээс мэс заслалыг удирдаж байгаа болон гүйцэтгэж байгаа эмч нарын хооронд үл ойлголцол үүсгэхгүйн тулд юун түрүүн нэршлээ яс нэгтгэх шаардлага гарч байна. Монголын хилээр 50 орчим мянган нэр төрлийн бараа орж ирдэг гэнэ. Энэ болгон англи нэршилтэй. Хятад хэлэнд тэр болгон нь тогтоогүй учир тэндхийн гаалийнхан англи хэлээр нь галиглаад ханзаар биччихдэг аж. Ингэхээр одоо буй болчоод байгаа английн сая үгийг бүгдийг нь орчуулах буюу хэрэглэх ач холбогдол бага юм, тэгээд ч бололцоогүй шахам.
Гэхдээ л ядахнаа ойр зуурын нэлээд олон мянган нэршил тогтож стандартчилагдсан байх нь аль ч үндэстэнд чухал үзүүлэлт юм. Тухайн хэлэнд хэрэглэж байгаа нэршил болгон тэр хэлний санд хамаарна. Яагаад гэвэл хэл гэдэг нь хүмүүс хүлээж авсан тохиролцоогоор бүрддэг болохоос хэн нэгний заавар чиглэлээр болдоггүй. Пэлээтэг гэж ярьж плитка гэж бичээд байгаа үг бол монгол. Үүнийг янз бүрээр хэлүүлэх гэж оролдсон боловч хүмүүс пэлээтэг л гэдэг. Гадаад дотоод гэж үндэс суурийг нь ухвал “цэвэр хэл” гэж байхгүй. Хэлүүд биенээ үргэлж баяжуулж байдаг. Молкоо гэдэг бол лаазалсан өтөгрүүлсэн сүү гэсэн утгатайгаар монгол хэлийг баяжуулжээ. Цонх, бантан, дүнз, хорвоо, цүнх, харандаа, дэвтэр, саван гээд танигдахгүй болчихсон гадаад гаралтай үг үй түм бий. “Товар” гэдэг үг монгол хэлэнд аль XV зуунд орж иржээ. Гэхдээ “в” үсгийн тэмдэгэлгээнээс болоод 600 жил болж байхад гадаад гарал нь танигдаад байна. Харин “замок” гэдэг үг саяхан орж ирээд л замаг болж огт танигдахгүй болчихсон байх жишээтэй. Сүүлийн үеийн шинжлэх ухаан техник технологийн нэршил голдуу шууд орж ирж хэрэглэгдэж байна. Энэнд муу ч юм юу байхав. Тэртэй тэргүй орчуулаад барахгүй, гол нь хүмүүс хүлээж авах эсэхд хамаг учир бий.
Тавиад оноос манайд Нэр томъёоны комисс ажиллаж 120 орчим мянган үгийг эмхэлж стандарчлан нэлээд хэдэн товхимол болгон гаргасан билээ. Эндээс оноосон олон нэршил хэвшсэнээс гадна мөн олныг нь монгол хэл хүлээж аваагүй. Гэхдээ юутай ч том дэвшил болсныг тэмдэглэх хэрэгтэй. Саяхан “Өврийн зурагт монгол-англи толь”-ийг залуу эрдэмтэн Б. Түвшинтөгс эрхэлж НЭПКО компани Сингапур улсад хэвлүүлж худалдаанд гаргалаа. 20 мянган нэршил агуулсан уг толь нь Канадын Кю Ай компаний бүтээгдэхүүн юм. Энэ толийн онцлог нь зургаар илэрхийлж нэршлийг тавьснаар хүн эндүүрэхийн аргагүй болгожээ. Энэ төрөлдөө монопол болчихсон уг компаний толийг Британника, ДК, Вэбстэр зэрэг нэр хүндтэй хэвлэлийн компаниуд шууд авч өөрийнхөөрөө хавтаслан зах зээлд гаргадаг. Тольд уг юмыг цааш задлан нэршлийг хавсаргаж. Ганц шаахай гэхэд ул, зулаг, түрий, өсгий гээд 21 нэршил агуулсан байх жишээтэй. Мэдээж мотор задлахаар бүр ч олон нэршил гараад ирнэ. Эсвэл арван хэдэн янзын даашинз (Палааж гэх нь оновчтой байж магад. Гадаад дотоодоо ярьвал даашинз хятад үг) англи ба монголоор оноосон нэршилтэйгээ байгаа. Түвшинтөгс тэр болгоныг мэргэжлийн хүмүүсээс нь асууж сураглан цуглуулжээ. Гэхдээ л дэлгүүр, оёдлын газар очоод өнөө олон палаажны зургыг үзүүлэн нэршлийг нь асуухад “юу ч гэж онцгойлж нэрлэдэггүй” гэсэн хариу авч байв. Зарим нэршил дээр мэргэжлийн хүмүүс хоорондоо үл тохиролцож нэг нь цэцгийн “дэлбээ” гэхэд нөгөө нь “хэлтэс” гэж маргана.
Хорийн хорин мянган нэршил, тэгээд ч энэ талын анхны оролдлого байсан учир тольд цөөнгүй алдаа гарчээ. Сөхөрцгөнийг - тэмээлзгэнэ, хөхтүрүүг - хэдгэнэ, чалма малгайг - эхнэр малгай гэх мэтээр эндүүрснээс гадна олон газар дэндүү тохиромжгүй нэршил ч тавьсан байна. Гутлыг хэв маягаар нь ангилж үзүүлсэн газарт хавар намрын, илгэн гэх мэтээр материалынх нь болон хэрэглэх цагаар нь нэр оноосон тохиолдол ч байна. Машины хярлаа заасан сумыг буруу хараад “оврын гэрэл” гэчихсэн байна, бас. Манайхан “суудлын даруулга”, суудлын бүс” гээд дасчихсан байхад аль нэг их мэдэгч нь “аюулгүйн бүс” гээд хэлээд өгчиж. Таташ гэхийн оронд “машиндсан мах” ч гэх шиг. Англиар plantain, banana гэж нэрлэх хоёр төрлийн гадил байна. Нэг нь шар, нөгөө нь ногоон. Аргагүйдэж аль алийг нь “гадил” гэжээ. Түжүүрк, күүрчиг, танкийтаг гээд нэгэнт хэвшсэн олон нэршлийг оруулсангүй. Усан онгоц, уран барилга гээд үнэхээр барьц алдуулам сэдвүүд ч тус тольд бий.
Гээд энэхүү нэршил зүйн толь гарсан нь том алхам юм. Одон орон, ургамал, амьтан, хүн, хүнс, сууц, хувцас, урлаг, мэдээлэл, шинжлэх ухаан, нийгэм, спорт гээд бидний эргэн тойрны бүхнийг хамарсан ийм их агууламжтай, хараад шууд таньж болдог толь гарснаар юутай ч сайхан үйлс боллоо. Юм болгон нэртэй, нэршил болгон энд бий. Замын цагдаагийн нэгэн ажилтан уул толийг үзээд ихэд олзуурхав. Ослын бүртгэл тайланг шинжээч уншаад нэршлийг буруу ойлгон буруу дүгнэлт гаргах явдал элбэг гэнэ. Одоо санаа амар, болохгүй бол толийн төдүгээрийг хар гээд биччихсэн ч ойлгомжтой гэнэ. Гаалийнхан энэ толийг харж нэршлээ зөв тавьбал наад зах нь маргаан багасна. Үгүйдээ л гадаад явах нөхөртөө эхнэр нь ойлгомж муутай банзал (Магадгүй юүпэг нь зөв байж болох. Банзал гэдэг төвд үгээс гадна өөр бас муухай утгатай) захин ур муутай юм зурж дайлгаж байхаар нэршлээ хэлээд зургийг нь үзүүлчих нь байна. Ер нь аль ч мэргэжлийнхэн болон хүүхэд хөгшидгүй бүгдэд нь хэрэгтэй толь. Түвшинтөгс докторт баяраллаа. Толь хэвлэхэд дэмжлэг үзүүлсэн Худалдаа хөгжлийн банк, АПУ, Голомт банк, Жэм Интэрнэйшнэл, Сэнтэрра гөүлд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг компаниудад талархал илэрхийлье.
Хэл бол нийт үндэстний өмч. Үүнд хэн ч, тэрбайтугай Бурхан ч монопол тогтоож чадахгүй. Иймээс энэ тольд засвар хийх, шүүмжлэх, санал гаргах эрх хүн бүхэнд бий. Үүгээрээ мэргэжлийн шинжтэй бусад ном толиос эрс ялгаатай. Захын чавганц “энийг нь шүүр, тэрийг нь туучуур гэдэг” гэсэн өөрийн ойлголттой. Тэр дундаа энэ тольд зураг хөрөг нь байгаа болохоор хэн хүнгүй “мэргэжилтэн” болох бололцоотой. Хэлийг эрдэмтэд биш ердөө л хэрэглэгч нь болох үй олон хүн зохиож тогтоодог. Энийг нь Түвшинтөгс доктор цуглуулж эмхтгэсэн хэрэг. Ингэхээр уг толь олон хүний оролцоо санал, залуу эрдэмтний уйгагүй хөөцөлдөөн хөдөлмөрөөр бүтсэн юм. Даяаршиж буй өнөөгийн ертөнцөд монголчууд бид өөрийн нэршилтэй, тэр нь бүртгэгдэж стандартчилагдсан, аль нэг толь бичигт хадагдсан, англи нэршлийн оноолттой байх нь маш их ач холбогдолтой. Иймээс “Өврийн зурагт монгол-англи толь”-ийг засаж дараа дараа гарах ийм төрлийн толинд алдаа бага гарах, нэршлийг хүмүүсийн хэлж ярьдагт нь тохируулах нийтийн ашиг сонирхолд өргөнөөр оролцон толийн талаар санал шүүмжээ ганц нэг гэлгүй хэлж өгөхийг хүснэ. bbaabar@gmail.com эсвэл altaicamon@yahoo.com гэсэн хаягаар хандаарай. Мөн www.baabarpedia.mn сайт байна.