Жүчэг мэднэ, харин Сонгун гэж юу билээ?
Олон хүн бүр заримдаа тоймч, судлаачид ч ингэж асуудаг. БНАСАУ буюу бидний нэрлэж заншсан Хойд Солонгос улс хөгжлийн чиг баримжаа болгодог хоёр гол үзэл баримтлал, онолтой. Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений боловсруулсан энэхүү хоёр онолын эхнийх нь Солонгос маягийн социализмыг бие дааж байгуулах тухай “Жүчэгийн үзэл санаа” юм.
Аливаа улс орон улс төр, үзэл суртал, цэрэг арми, эдийн засгийн хувьд бүрэн бие даасан бодлоготой байж, түүндээ тулгуурлан хөгжих учиртай хэмээн томьёолсон Жүчэ үзэл санааг цэгцтэйгээр ойлгоход дөхөм болгон Хойд Солонгосын удирдагч асан Ким Жөн Ир (1941-2011)-ийн “Жүчэгийн үзэл санааны тухай” хэмээх өгүүллийг “МонЦаМэ” цувралдаа хэвлэж байна.
Хойд Солонгосын хоёр дахь гол онол нь Сонгун. Цэргийг шүтэх, цэрэгт түших гэсэн утгатай уг үзэл санааг тайлбарласан “Сонгун үзлийн тухай 100 асуулт, 100 хариулт” товхимлыг БНАСАУ-ын Гадаад хэлээрх утга зохиолын хэвлэлийн газраас орос хэлээр хэвлэснийг эх болгон “Новости Монголий” сонины редактор Ж.Батсайхан орчуулж, мөн газар хэвлэсэн англи эхтэй нь тулгасан болно. Энэ номыг “МонЦаМэ” агентлагийн төлөөлөгч тус улсын Төв Цахилгаан мэдээний агентлагийн урилгаар айлчлах үедээ асууж, зөвлөн худалдан авсан болно. Энгийн хялбарчилсан ойлгомжтой ийм товхимол л олон нийтэд хүртээмжтэй гэж үзсэн болно.
БНАСАУ бол өнөөдөр дэлхийн улс орнуудын дотор өөрийн гэсэн байр суурьтай, өвөрмөц нийгмийн тогтолцоотой орон, цөмийн зэвсэг хийгээд цөмийн байгууламжаараа дэлхий дахины анхаарал татаж байгаа Азийн улс гэдгийг нийтээр мэднэ.
Бид “МонЦаМэ” цувралаар БНАСАУ-ын “Жүчэ” болон “Сонгун” үзэл санааны тухай тоймыг орчуулж нэгэн ном болгож “Жүчэ ба Сонгуны тухай” нэртэйгээр уншигч эрхэм авхайст танилцуулж байна. Ялангуяа судлаачид, улстөрийн болон олон улсын харилцааны чиглэлээр суралцагчид, улстөрийн тойм бичигчид, геополитик сонирхогчдод тун хэрэгтэй ном гэж үзлээ. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа сэргэж буй энэ үед энэ ном олон хүний анхаарлыг татсан хэрэгтэй ном болно гэж найдаж байна.
УЛС ТӨРИЙН АЖЛЫГ АНХААРЛЫН ТӨВД ТАВИХ НЬ
Хувьсгалын зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хүмүүсийг хүмүүжүүлэн идэвхжүүлэхэд чиглэсэн улс төрийн ажлыг анхаарлын төвд тавих хэрэгтэй.
Хувьсгал ба бүтээн байгуулалтыг хүмүүс хэрэгжүүлдэг болохоор хувьсгалт тэмцэл ба социализм, коммунизмын бүтээн байгуулалтын ололт, амжилт нь эцсийн дүндээ тэдэнтэй хэрхэн ажиллахаас хамаарна. Хүмүүстэй ажиллах нь мөн чанараараа улс төрийн ажил бөгөөд энэ нь хүмүүсийн үзэл санааг бүтээх ажил мөн. Хүмүүстэй хийх ажил, улс төрийн ажлыг анхаарлын төвд тавих нь бусад бүх ажлаас өмнө ард түмнийг намын бодлого, чиг шугамын тухай мэдлэгээр зэвсэглэж, тэдний хувьсгалт урам зоригийг бадрааж, ард түмэн өөрөө өндөр ухамсар, идэвхтэйгээр хувьсгалт тэмцэл ба бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэх бололцоо олгоход хүргэнэ. Хувьсгал өөрөө ухамсарт тэмцэл мөн. Хувьсгалыг бусдын заавраар бус, ямарваа гавьяа шагналын төлөө бус, өөрийн улс төрийн итгэл үнэмшилтэйгээр, өөрийн ухамсраар хүмүүс хэрэгжүүлдэг юм. Иймд хувьсгалт тэмцэлд хүмүүсийн ухамсар, идэвхийг өсгөн нэмэгдүүлэхэд дэм болох аргаар улс төрийн ажлыг явуулах нь гол зарчим болно.
Улс төрийн ажлыг тэргүүн болгож явуулахыг социалист байгуулалтын мөн чанар шаардаж байдаг. Мөлжлөг, дарангуйлалд өртсөн капиталист нийгмээс ялгаатай нь социалист нийгэмд ард олон бүхний эзэн болдог тул олон түмний улс төрийн өндөр ухамсар, хувьсгалт урам зоригт түшиглэх нь зүй ёсны хэрэг юм. Улс төрийн ажлыг тэргүүн болгож, хөдөлмөрчдийг хувьсгалын эзэн болгох ухамсарт идэвхийг дээшлүүлж, социалист байгууллын давуу талыг харуулж, социалист байгуулалтыг эрчимтэй явуулдаг юм. Улс төрийн ажлыг гол болгох нь практик захиргааны үйл ажиллагаа, техник эдийн засгийн ажлыг хойш тавьж үл ойшооно гэсэн үг бус юм.
Нөхөр Ким Ир Сений сургаснаар, улс төрийн ажлыг гол болгоод, түүнийг практик захиргааны болон техник-эдийн засгийн ажилтай чадварлагаар хослуулах хэрэгтэй. Социализм, коммунизмыг байгуулах нь бүх нийгмийн хэмжээнд төлөвлөгөөтэй явуулах өндөр зохион байгуулагдсан үйл ажиллагаа бөгөөд орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололтод түшиглэн явдаг төвөгтэй ажил юм. Маш сайн зохион байгуулагдсан засаг захиргааны ажил, шинжлэх ухааны үндэслэлтэй техник, эдийн засгийн ажил бол социализм, коммунизмыг байгуулах ашиг сонирхлоос гарах зүй ёсны шаардлага мөн. Гэвч энэ ажлын амжилт нь гагцхүү улс төрийн ажлыг гол болгосноос шууд хамаарах юм. Улс төрийн ажлыг үл ойшоовол, цэвэр ажил хэргийн чанартай техник-эдийн засгийн ажлаар орооцолдвол хувьсгалын зорилтуудыг хэрэгжүүлэх тэмцэлд ямар ч амжилт олохгүй. Ард олныг социалист байгуулалтад дайчлан идэвхтэй оролцуулахын тулд ёс суртахуун, улс төрийн урам өгөхөд гол анхаарлаа чиглүүлж, тэдгээрийг материаллаг урамшуулалтай зохистой хослуулах хэрэгтэй.
Социалист нийгмийн мөн чанар, хэв шинж нь түүний коммунист уг чанарт байгаа юм. Улс төрийн ба ёс суртахууны урамшуулал зайлшгүй байх нь социалист нийгмийн коммунист уг чанараас үүдэж, харин энэ урамшууллын зорилго нь эдгээр коммунист шинжийг хөгжүүлэхэд оршино. Социалист нийгэм нь өөрөө шилжилтийн чанартай. Иймд бид энэ нийгэмд хөдөлмөрийн хэмжээ, чанараар хуваарилах социалист зарчмыг хэрэгжүүлэх хэрэгтэй, материаллаг урамшууллыг орхигдуулж болохгүй. Ёс суртахуун, улс төрийн урамшууллыг дутуу үнэлж, материаллаг урамшууллыг гол аргаа болговол социалист нийгмийн үндсэн шинж чанарт зөрчилдөх болно. Энэ нь хөдөлмөрчдийн дунд амиа хичээх үзлийг хөгжүүлж, тэднийг мөнгөний, эд таваарын боол болгож, эцсийн дүндээ социалист байгуулал, хувьсгалын ололтыг дотроос нь идэж, завхруулах ихээхэн осолтой, хортой хандлага юм.
Социализмын үед ямар ч тохиолдолд ёс суртахууны ба улс төрийн урамшуулалд гол ач холбогдлыг өгөх хэрэгтэй. Социалист байгууллын мөн чанарын давуу тал бол ард түмэн бүхний эзэн болж, нягт нэгдэн нягтарч, төр улс, ард түмний төлөө, нийгмийн ба хамт олны сайн сайхны төлөө ухамсартай хөдөлмөрлөж байдагт оршино. Ёс суртахуун, улс төрийн урамшуулалд давуу тал өгөх нь ард түмэн улс орны ба хувьсгалын эзэн болсон ажил хэрэгтээ эзний ёсоор хандаж, ухамсартай идэвх гаргахад хүргэж чадна.
Улс төрийн ажлыг итгүүлэх болон хүмүүжүүлэх аргаар явуулна. Улс төрийн ажил бол хүнтэй ажиллах, тэдний үзэл санааны ухамсарыг дээшлүүлэх ажил мөн. Тушаал команд өгөх хүнд суртлын аргаар хүмүүсийн ухамсарт идэвхийг яагаад ч дээшлүүлж чадахгүй. Яг эсрэгээр, итгүүлж, хүмүүжүүлэх аргаар, өөрөөр хэлбэл, тодруулан тайлбарлах, зөвлөх аргаар хүмүүсийг хувьсгалт үзэл санаагаар зэвсэглэж болох бөгөөд тэдний хувьсгалт урам зоригийг, шавхагдашгүй бүтээлч эрч хүчийг бүрэн дайчилж, нам олон түмний холбоог улам бэхжүүлж болно.
Улс төрийн ажлыг амьд, олон янзын арга хэлбэрээр явуулах хэрэгтэй. Улс төрийн ажил нь олон янзын нөхцөлд, олон янзын зан төлөвтэй, адил бус түвшинд бэлтгэгдсэн хүмүүсийн дунд явагддаг бүтээлч ажил болохоор улс төрийн ажлыг бэлэн загвар, жороор явуулах боломжгүй юм. Улс төрийн ажлыг тодорхой нөхцлийг тооцсон олон янзын арга хэлбэрийг ашиглаж, агуулгатай, эрчимтэй явуулах ёстой. Улс төрийн ажил нь олон түмний өөрийнх нь үйл хэрэг байх ёстой. Өргөн олон түмнийг хүмүүжүүлж, идэвхижүүлэх улс төрийн ажлыг хэдхэн ажилтны хүчээр хэрэгжүүлэх бололцоогүй. Хувьсгалч бүр улс төрийн ажилтан, хүмүүжүүлэгч, зохион байгуулагч байх үүрэгтэй.
Нөхөр Ким Ир Сений сургаснаар, нэг хүн арвыг, арван хүн зууг, зуун хүн мянган хүнийг хүмүүжүүлэн идэвхжүүлж байх хэрэгтэй. Энэ бол олон түмний өргөн хүрээг улс төрийн ажилд оролцуулах, олон түмний үйл хэрэг болгох хамгийн сайн арга мөн. Улс төрийн ажил нь хувьсгалын практиктай нягт холбоотойгоор явагдах ёстой. Түүний гол зорилго бол тавьсан зорилтыг амжилттай, шийдвэртэй хэрэгжүүлэх явдал юм. Улс төрийн ажлын үр ашиг нь хувьсгал ба бүтээн байгуулалтын практик үр дүнгээр илэрч, практик ажлаар үнэлэгдэх ёстой. Шийдвэрлэж буй хувьсгалын зорилтуудаас салангид, хувьсгал ба бүтээн байгуулалтын үйл хэрэгт нөлөөгүй улс төрийн ажил нь хэнд ч хэрэггүй юм. Хувьсгалын практикаар үнэн зөв нь, амьдрах чадвар нь нотлогдсон улс төрийн ажлыг гол болгох зарчмыг үргэлж баримтлан, социализм ба коммунизмыг улам бүр сайн, хурдтай байгуулах нь манай үүрэг мөн...
СОНГУНЫ ТУХАЙ 100 АСУУЛТ ХАРИУЛТААС
1. “Сонгун” үзлийг хамгийн товчоор томъёолбол...?
“Сонгун” үзлийн утга чанар нь зэвсэгт хүчнийг эн тэргүүнд хөгжүүлэх зарчимд тулгуурлан, армийг гол хөдөлгөгч хүчин болгож, хувьсгалын үйл хэрэг, социалист бүтээн байгуулалтыг урагш хөгжүүлэхэд оршино.
2. “Сонгун” үзэл хэзээ, хэрхэн үүссэн бэ?
“Сонгун” үзлийг социалист Солонгосыг үндэслэгч Ким Ир Сен /1912-1994/ үндэслэсэн юм. Тэрээр 1920-иод оны дундуур Японы эзлэн түрэмгийлэгчдээс Солонгос улсыг чөлөөлөх тэмцлийн замд орсон билээ. Зэвсэгт хүчнээс хувьсгалт үйл хэргийн төгс ялалт төдийгүй, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэстний цэцэглэлт, хөгжил хамаарна гэсэн үнэн ёсыг тэрээр нээж томьёолсон юм. 1930 оны зургадугаар сард Калунд болсон Хувьсгалт залуучуудын эвлэлийн удирдах боловсон хүчин, империализмтай тэмцэх залуучуудын холбооны зөвлөгөөн дээр Ким Ир Сен “Сонгун” зарчимд тулгуурлан Японы түрэмгийлэгчдийг эсэргүүцэх зэвсэгт тэмцлийн жанжин шугамыг тодорхойлсон юм. Үүний үр дүнд “Сонгун” үзэл үүссэн юм.
3. “Сонгун үзэл” үүсэх түүхэн болоод нийгмийн нөхцөл юу байсан вэ?
“Сонгун” үзэл нь империалист гүрнүүд эзлэн түрэмгийлсэн улс орнууддаа харгис, дээрмийн харилцаа тогтоосон тухайн цаг үеийн тусгал болж үүссэн байдаг.
Тэдгээр өдрүүдэд империалистуудын дээрэм, харгислал газар авахын хэрээр империалистуудтай тэмцэх ард түмний тэмцэл улам эрчимжин газар авч байлаа. Зэр зэвсгийн мөн чанарт нэвтэрч, түүний үнэ цэнэ, хүч чадлыг мэдсэн Ким Ир Сен зэр зэвсэгт ач холбогдол өгөх үзэл санааг дэвшүүлэн тавьсан юм. Түүнчлэн сонгун үзэл нь милитарист Японы эсрэг үндэсний эрх чөлөөний тэмцэл, Солонгосын хувьсгалын үндсэн зорилго болсон түүхэн нөхцлийн тусгал болж үүссэн билээ.
Японы империалистууд Солонгосын ард түмний үндэсний эрх чөлөөний тэмцлийг гал, сэлмийн тусламжтай аймшигтай зэрлэгээр дарж байснаар Солонгосын ард түмэн зэвсэг барилгүйгээр улс орон, ард түмний тусгаар тогтнолыг эргүүлэн авч чадахгүй гэсэн хувьсгалт шаардлагаас үүдэн Ким Ир Сен зэр зэвсгийг үндэсний эрх чөлөөний тэмцлийн ялалтанд хүрэх түлхүүр гэж үзэн, зэр зэвсгийн тусламжтайгаар Солонгосын тусгаар тогтнолыг олж, хувьсгалт үйл хэргийг урагшуулах Сонгун үзэл дэвшүүлсэн юм.
4. “Сонгун” үзлийн эх сурвалж юу вэ?
“Сонгун” үзлийн эх сурвалж нь Ким Ир Сен өөрийн аав Ким Хен Жикээс өвлөн авсан хоёр гар буу болон Ким Ир Сений үүсгэн байгуулсан анхны хувьсгалт байгууллага болох “Империализмыг сөнөөх холбоо”-ны үйл ажиллагааны хөтөлбөр байсан юм. Энэ хоёр гар буунд “Улс орны тусгаар тогтнолыг олж авах тэмцлийн дээд хэлбэр бол зохион байгуулалттай зэвсэгт тэмцэл юм” гэсэн Ким Хен Жикийн алс хэтийн бодол агуулагдаж байгаа. 1926 оны аравдугаар сард үүсгэн байгуулсан “Империализмыг сөнөөх холбоо”-ны үйл ажиллагааны хөтөлбөр нь Японы империализмыг зэвсгийн хүчээр устгаснаар тусгаар тогтнолоо олж аван, Солонгост социализмыг байгуулж, дэлхий дахинд империализмын эсрэг тэмцлийг өрнүүлнэ гэж тунхагласан байлаа.
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Зочин
heh
зочин
зочин
Зочин
д тэмүүжин
Зочин
Зочин
Xacap
Зочин
irgen
buugiib
buugiib