Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!.

                        Б. Ринчен


Уншигч Та  нийслэл, аймгийн төв, хот, тэр ч атугай сумын төвд шинээр  нээгдсэн хоолны газруудын хаяг, оноосон нэрийг сонирхож үзсэн үү? Миний зөвлөсөн дагуу нэг шавь маань магистрын судалгааны ажлаа Улаанбаатар хотын зоогийн газруудын (ресторан) оноосон нэрийн талаар хийсэн юм. Судалгааны дүн яаж гарсан гэж бодно?

Нийслэлийн 6 дүүргийн 700 шахам ресторанаас оноосон нэрээр нь түүвэрлэн авч үзэхэд судалгаанд хамрагдсан нийт газрын бараг 60% буюу таван газар тутмын 3 нь гадаад нэртэй байжээ.



Зөвхөн нэг жишээ татъя.  Баянзүрх дүүрэгт гэхэд BBQ Chicken, Bonita, Broadway Manhattan, City nomads, Djeli, Fuji, Golden Barrel, Hadjurao, Hana, Hasara, Kim Du Han, Laviva, Lyan Kho, Mister Wang, Mongolian’s pub, Namaste, New tornado, Oasis, Opanas, Pharos, Royal Jazz restaurant, Sakura, Sekitei... гээд л монгол нэртэй газраасаа хавьгүй олон  гадаад нэртэй газрууд бий. Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй зэрэг олон хүнтэй төвийн дүүргүүдэд гадаад нэртэй хоолны газрын жагсаалт үүнээс хавьгүй урт байгаа. За тэгээд хятад, солонгос, япон ханзаар бичсэн хаягтай газар хаа сайгүй.  Олон улсад байдаг KFC, McDonal’s, Pizza Hut, Burger King мэтийн том сүлжээ, аль эсвэл аль нэгэн улс, нийслэл хот, олон улсад танигдсан бэлгэдэлийн нэр, дэлхийд алдартай бренд, зочид буудлын Hotеl мэтийн нийтлэг  нэр бол яая гэхэв.

Саяхан Яармагийн Viva City нэртэй хороололд UB Food festival-2014 (Улаанбаатарын хоолны фестиваль-2014)-ийн нээлтэнд фестивалийг хамтран зохион байгуулагчийн хувьд оролцов. Гэтэл орон сууцны энэ шинэ хорооллын нэгдүгээр давхруудыг бүтэн эзэлсэн үйлчилгээний өч төчнөөн газруудаас монгол хаягтайг бараг олж үзсэнгүй.  Фестивальд бүтээгдэхүүнээ гаргаж үйлчилгээ үзүүлсэн 40 гаруй зоогийн газрын нэг загварын асрууд дээр нэг ч монгол хаяг үзэгдсэнгүй. Цөмөөрөө гадаад хэлээр бичсэн  нэр хаягтай. Ойрмогхон уншигчдад хүрч эхэлсэн Menu нэртэй зурагт сэтгүүл нийслэлийн 150 шахам ресторан, баар, их дэлгүүрүүдэд түгээгддэг юм байна. Сүүлийн дугаартаа түгээлтийн цэгүүдийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтаас үзэхэд Баян гол зочид буудал, Улаанбаатар их дэлгүүр хоёрыг эс тооцвол монгол нэртэй газар алга. Хачирхалтай нь  энэ газрууд бүгдээрээ л  улсын бүртгэлд  гадаад нэрээрээ бүртгэгджээ. . Сонин байгаа биз? Хэрэглэгчээ татах гол хөшүүрэг нь ч юмуу, эсвэл  гайхуулах юм, гоёо нь  гадаад нэр, хаяг байдаг бололтой.

 Ингэж мэдэх мэдэхгүй гадаад нэрээр “гангарах” нь зөвхөн хоолны газар ч биш компани, сонин сэтгүүл, дэлгүүр, банк, үсчин гоо сайхан,  үйлчилгээний бусад  газарт ч ихээхэн газар авч одоо тэгээд төвөөс хөдөө тийш “халдварлаж” эхэллээ. Super Market, Grand Plaza, Maxmall ...Mart, Center, Everyday, Autocolor, Гудамжны хаяг, самбар, реклам чимэглэл... Орон сууцны шинэ хорооллууд ч  адил.  Маршал таун, Golden Park, Royal Castle ч гэх шиг... Сургуулиуд ч бас  Hobby, Santis, Үү-цай ч гэх мэт гадаад нэрээр гангарах шинжтэй. За тэр банк энэ тэр гээд бас л...  Хотын төвийн орд харш төдийгүй захын хорооллын дэлгүүр, гуанзны  навтгар байшин,  орон нутаг, зам дагуу харийн хэлээр бичсэн сурталчилгааны  самбар, хаягаар дүүрлээ. Гадаад нэртэй байгууллага, нэгж тэр бүхнийг бүгдийг нь жагсааж бичье гэвэл барагдахгүй их ажил. Ийм болохоор өөрт арай ойр байдгаар нь  нь хоолны газрын жишээн дээр товчхон бичлээ.

Дэлхийн улс орнуудын лавлахыг сөхөж үзье. Гол төлөв Африк, Ази, Латин Америк, далай тэнгисийн бүс нутагт орших  олон орны албан ёсны хэл нь англи, франц, испани, португал гэхчилэн өмнө нь  тухайн улс үндэстнийг колоничлож байсан улсын хэл байдаг. Ийм улс орны үндэсний хэл аль хэдий нь мөхжээ. Тэгвэл Монгол улсыг хар л даа. Монгол улсын албан ёсны хэл нь монгол, үндэсний мөнгөн тэмдэгт нь төгрөг гээд тодоос тод биччихсэн байгаа.  Бид чинь өөрийн гэсэн хэл, бичиг соёл, уламжлал, үндэсний валют, гадаадад зорчих Монгол улсынхаа паспорттой ард түмэн шүү дээ. Энэ бол монгол хүн болж төрсний, монгол хөрс шороон дээрээ амьдарч байгаагийн бахархал яах аргагүй мөн.

Ингээд бодохоор Монгол орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг улсын бүртгэлтэй газрууд өөрийн гэсэн үндэсний оноосон нэртэй байж болохгүй гэж үү? Хаяанд байгаа Буриад, Өвөр Монголыг аваад үз дээ.  Сибирийн хотууд дотроос таван одны зэрэглэлийг анх авсан зочид буудлаа Буриадынхан Мэргэн баатар гэж нэрлэжээ. Энд Байгал, Сэлэнгэ, Гэсэр, Жангар гээд түүх, соёлоо хадгалсан оноосон нэр олон бий. Монгол хэлний үгийн сангаас нэр олдохгүй байна гэж баймааргүй юм. Уг нь бидэнд  үзэсгэлэнт байгаль, уул ус, мал, амьтан, түүх соёл, түүхэн хүмүүс, үлгэр домог ёс заншилтай холбоотой нэр, нэршил хүрэлцээтэй бий.

Улсын бүртгэлийн байгууллагууд энэ талаар ямар бодлоготой байдаг юм бол оо?  Ингээд л  яваад  байх уу? Нэг мэдэхэд монгол нутаг дээр маань өөрийн нэр хаягтай байгууллага, газар байхгүй болчих вий дээ.  Яах аргагүй анхаарах асуудал биш үү? 

Өөр нэг асуудал бол  Монгол улсын нутаг дэвсгэрт байрладаг төр, захиргааны болон албан байгууллагын хаягийг заавал англиар давхар бичих шаардлага байгаа юм уу?  Монгол, кириллээрээ байхад л ойлгомжтой бус уу?

Монголдоо эх хэлээрээ илүү гангарах, бас бахархах, бүр цаашлаад  гадныханд гайхуулах  юмсан.


ШИНЭ НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА