Гари Баллантайн: Монголын эрчим хүчний ирээдүй нь шингэн түлш
Австралийн иргэн Гари Баллантайн геологи хайгуулын чиглэлээр 23 жил ажилласан туршлагатай нэгэн. Австралийн “BHP BILLITON” зэрэг уул уурхайн томоохон корпорациудад ажиллаж байсан түүнийг дэлхийд коксжих нүүрсний төрлөөр “high class” геологич гэж үнэлдэг аж. Тэрээр 2010 оны долдугаар сараас эхлэн “Energy Resource” компанийн Геологи, Хайгуул хариуцсан захирлаж байгаа юм.
Австралийн иргэн Гари Баллантайн геологи хайгуулын чиглэлээр 23 жил ажилласан туршлагатай нэгэн. Австралийн “BHP BILLITON” зэрэг уул уурхайн томоохон корпорациудад ажиллаж байсан түүнийг дэлхийд коксжих нүүрсний төрлөөр “high class” геологич гэж үнэлдэг аж. Тэрээр 2010 оны долдугаар сараас эхлэн “Energy Resource” компанийн Геологи, Хайгуул хариуцсан захирлаж байгаа юм.
-Сайн байна уу. Та өөрийгөө манай сэтгүүлийн уншигчдад танилцуулна уу?
-Сайн байцгаана уу, намайг Гари Баллантайн гэдэг. Би геологич мэргэжилтэй, Австрали улсын иргэн. Нүүрсний салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Би Австралийн “Боуэн” бассейнд олон жил ажилласан. Орос, Өмнөд Африк, Индонези, Хойд Америк, Колумб, Чили зэрэг нэлээд олон газар ажиллаж байлаа.
-Та хаана их сургууль төгссөн бэ?
-Би Австралийн Квийнслэнд мужийн Тувумба хот дахь Өмнөд Квийнсландын Их сургуулийг төгссөн. Улмаар Таунсвилл хот дахь Жеймс Күүкийн Их сургуульд Эдийн засгийн геологийн чиглэлээр суралцаж төгссөн.
-Таныг “BHP Billiton” компанид ажиллаж байсан гэж сонссон. “BHP Billiton”-д ямар ажил эрхэлж байв. Өөр ямар компаниудад ажиллаж байсан бэ?
-Миний хувьд Австралийн “Боуэн” бассейнд зөвлөхөөр ажиллаж байгаад дараа нь “BHP Billiton” компанид ажилласан. Зөвлөхөөр ажиллаж байхдаа “Billiton” (BHP компани Billiton-той нэгдэхээс өмнө), “Shell Coal” зэрэг компанид ажиллаж байсан. Түүний дараа “BHP Billiton” компанийн “Боуэн” бассейн дахь Blackwater уурхайд ерөнхий геологичоор ажилласан. Blackwater уурхайд хэсэг хугацаанд ажиллаж байгаад “BHP Billition” компанийн хайгуулын хэлтэс рүү шилжиж, нүүрсний Олон улсын бүлгийн удирдагчаар ажилласан. Тус компанийн коксжих болон дулааны нүүрсний төлөвлөлтийг хариуцан ажиллаж байсан юм. Монгол, Орос, Хойд, Өмнөд Америк, Африк, Индонези зэрэг өөр бусад олон улс дахь тус компанийн нүүрсний хайгуулын ажлыг төлөвлөж, удирдаж байсан. “BHP Billiton” компанид ажиллаж байхдаа дэлхийн нүүрсний олон ордын талаар мэдлэгтэй болсон. Би 2007 оны эцсээр “BHP Billiton” компаниас гарч, геологийн зөвлөх компани байгуулан ажиллаж байгаад 2010 оноос “Energy Resource” компанид Геологи, Хайгуул хариуцсан захирлаар ажиллаж байна.
-Монгол оронд ажиллаад хэдэн жил болж байна вэ. Анхны сэтгэгдлээ хуваалцана уу?
-Миний хувьд “BHP Billiton” компанид ажиллаж байхдаа 2006 онд Монголд анх ирсэн. Хувийн компанид ажиллаж байхад Монголд хайгуулын олон ажил эхэлж байсан юм. Энэ үед Expat болон Монголын компаниудийн олон төсөл дээр ажилласан. 2009 оны эхээр “Energy Resource” компани “Ухаахудаг”-ийн нүүрсний шинэ уурхайд Геологийн хэлтэс байгуулахыг хүссэн юм. “Ухаахудаг”, “Тавантолгой” ордын анхны уурхай, олборлолт хийгдээгүй том уурхайд ажиллах нь миний хувьд маш том боломж байсан. Тиймээс 2009-2010 онуудад тус компанид ажилтан бэлтгэж сургах, геологичдийн баг бүрдүүлэх ажил хийсэн. Тухайн үед бид бас хайгуулын олон ажил хийж байсан.
-Монголд нүүрсний ямар төслүүд дээр ажиллаж байсан бэ?
-Би Монголын “Шарын гол”, “Сайхан Овоо”, “Адуунчулуун” зэрэг төслүүд дээр ажиллаж байсан. Мөн “Ухаахудаг”-ийн “Цайдам нуур”, “Эрдэнэцогт” төслүүдэд ажилласан. Тухайн үед маш олон төсөл дээр ажиллаж байсан. Нэг төсөл дуусмагц л дараагийнх нь санал ирдэг байлаа.
-Хээрийн ажилд явж байхад тохиолдсон геологичдийн хөгжилтэй олон сайхан дурсамж байдаг байх. Та бидэнд сонирхуулж ярихгүй юу?
-Геологич бидэнд өдөр бүр л хөгжилтэй зүйл тохиолдож байдаг. Геологичидтойгоо хөгжилдөж, тоглоом, наргиан хийх үе байна. Гэхдээ ёс журамтай байх, ялангуяа хайгуулын үе чухал учир хариуцлагатай, аюулгүй байдал эн тэргүүнд байх ёстой. Монголын сайхан хөдөө нутагт ажиллаж, үндэсний баялаг бүтээх ажилд гар бие оролцож байгаадаа сэтгэл дүүрэн байдаг.
-Таны хувьд Монгол орны нүүрс хуримтлал буюу геологийн насны хувьд карбон, пермь, юра, цэрдийн галав тус бүрээр нүүрсжих процесс, геологийн тогтоц, геодинамик, түүний үүсэл хөгжил талаас нь авч үзвэл ямар дүр зураг төсөөлөгддөг вэ?
-Монголын геологи маш нарийн цогц, урт түүхтэй. Пермь, Юра, Цэрдийн үеийн маш том ордуудтай. Орд бүр ялгаатай. Өмнө зүгт байх “Тавантолгой”-н орд Пермийн үеийн нүүрстэй. Монгол орон хойд зүгтээ Юрийн үеийн нүүрстэй. Монгол оронд нүүрс маш өргөн хэмжээнд тархсан, төрөл бүрийнх байдгаараа их онцлог.
-Монголын коксжих нүүрс жишээлбэл “Тавантолгой”-н нүүрсийг чанарын хувьд Австрали болон бусад орны сайн чанарын нүүрстэй харьцуулахад аль түвшинд хамаарагддаг вэ?
-Хамгийн сайн чанартай коксжих нүүрс бол дунд дэгдэмхий битумтай нүүрс байдаг. “Тавантолгой”-н нүүрс бол яг л тийм сайн чанарын нүүрс. Манай гарагийн хамгийн сайн чанарын хатуу коксжих нүүрс “BHP Billiton”-ий “Боуэн” бассейн дахь уурхайн нүүрс юм. “Тавантолгой”-н нүүрс Австралийн “Боуэн” бассейний нүүрстэй яг ижил чанартай. Гэхдээ “Боуэн” бассейнаас илүү цогц нийлмэл шинжтэй байдаг. Хагарлын түүхээс шалтгаалж “Тавантолгой”-н нүүрсний чанар илүү хувирамтгай. Эдгээр хувирамтгай шинж чанарыг судлахын тулд маш өндөр түвшинд олон улсын стандартаар хайгуулын ажил хийх хэрэгтэй юм. Хэрэв хувирамтгай чанарыг таньж чадвал давуу талаа ашиглан уурхайгаа төлөвлөж болно. “Боуэн” бассейний геологи их энгийн, харин “Тавантолгой”-нх илүү нийлмэл чанартай учраас арай илүү ажиллагаа шаардана. “Тавантолгой”- н нүүрс нь дээд зэргийнх боловч боловсруулаагүй хатуу коксжих нүүрсний орд юм.
-Таныг коксжих нүүрсний төрлөөр дэлхийд “high class” буюу өндөр зэрэглэлийн сайн геологич гэж ярьдаг юм билээ. Коксжих нүүрсний хайгуул, нөөцийн тооцоог хийхэд юуг түлхүү анхаарах ёстой байдаг вэ. Хамгийн чухал зүйл, ажлын процедураас нэрлээч?
-Манай “Energy Resource” компанийн геологичид Австралийн JORC стандартыг дагаж мөрддөг. Бид өнгөрсөн жил Ухаахудагийн нөөцийг JORC стандартаар шинэчлэн тогтоосон. Манай бүх геологичид энэхүү олон улсын стандартаар мэргэшсэн. Биднийг Монгол Улсын нүүрсний хайгуулын хамгийн шилдэг баг гэж хэлж болно. Бид JORC стандартаар нөөцөө тогтоож, Хөрөнгийн биржид нөөцийг зарладаг. JORC стандарт Австралийн нүүрсний аргачлалыг дагахыг шаарддаг боловч уг зааварт нүүрсний хайгуулын бүх арга техник нэг бүрчлэн багтсан байдаг. Монголын нүүрсний хайгуулыг маш өндөр түвшинд хийх хэрэгтэй. Олон цооногоос, чанартай дээжнүүд илрүүлэх хэрэгтэй. Монголын нүүрсний ордууд маш чанартай, нарийн нийлмэл бүтэцтэй. Тиймээс ийм бүтцийг эрт таньж мэдэх нь чухал. Нүүрсний нийлмэл бүтцийг илүү таньж мэдсэнээр олборлолт амжилттай болох эсэх нь хамаардаг. Хамгийн гол шаардах шалгуур нь керн авалт юм. Ухаахудаг Австралитай адилхан 95 хувиас илүү керн авалттай.
Ер нь геологичид нэг ч материал алгасалгүй нүүрсний үе давхарга бүрээс дээж авах хэрэгтэй. Түүний дээр нүүрсний дээж авалт, тэмдэглэл хөтлөлтийг олон улсын стандартын дагуу хийж сурах хэрэгтэй. Энэ гурван энгийн чухал алхмыг хийхэд л тухайн хайгуул амжилттай болох болно.
-Бид сэтгүүлийнхээ энэ дугаартаа Квийнсланд мужийн “Боуэн” бассейний нүүрсний ордын талаар мэдээлэл оруулж байгаа юм. Австралийн нүүрсний сав газруудын коксжих нүүрсний шинж чанарын талаар манай уншигчдад товч танилцуулна уу?
-Өмнө хэлснээр “Тавантолгой”-н нүүрсний чанар хамгийн сайн чанарын коксжих нүүрстэй гэгддэг “Боуэн” бассейний дунд дэгдэмхий битум нүүрстэй бараг адилхан. Мэдээж үнсний агуулга үүнд нөлөөлнө. Нүүрсийг угаагаад сайн чанарын бүтээгдэхүүн гаргаж, үр ашигтай болгож болно. “Ухаахудаг”-ийн нүүрсний давхарга, “Тавантолгой”-н ихэнх давхаргуудтай адил чанартай, өндөр гарцтай байдаг. Коксжих нүүрс зах зээлд өрсөлдөөнтэй. Хятадаас Австрали хүртэлх зай “Тавантолгой”-гоос Хятад хүртэлх зай хоорондоо ялгаатай. “Тавантолгой”-гоос Хятадын хил хүртэл ердөө 250 км зайтай нь маш том давуу тал. Хамгийн гол нь үнс багатай, их гарцтай, дунд дэгдэмхий нүүрс байх шаардлагатай.
-Нүүрсний ордыг хайх хайгуулын аргачлал, онцлог нь юу байна вэ?
-Монгол Улсад хайгуулын ажил нэлээд сайн хийгдсэн байдаг. 1970-1980-аад оны үед Монгол, Оросын геологичид нүүрсний ордуудыг нээж, зураглал болон байршил тогтоох ажлуудыг сайн хийсэн. Тэдний хайгуулын арга, техник дээд зэргийн байсан хэдий ч өрөмдлөгийн тоног төхөөрөмж муу байснаас дээж авалт нь хангалтгүй хийгдсэн байдаг. Харин өнөөдөр орчин үеийн өрөмдлөгийн технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлснээр нүүрсний керн авалт өндөр түвшинд хүрсэн. Саяхны хайгуулын ажлаар бид өндөр чанартай кернийн дээжлэлт хийсэн. “Ухаахудаг”-ийн бүтээн байгуулалтад нэвтрүүлсэн бидний арга барил нь хоёр хэмжээст сейсмийн хайгуулын арга юм. Би энэ аргыг бусад нүүрсний төслүүд дээр ч амжилттай хэрэгжүүлсэн. Сейсмийн хайгуулын арга нь нүүрсний үеийн үргэлжлэлийг тогтоодог. Цооногуудаас авсан өгөгдлүүдийг ашиглан нүүрсний үеийн үргэлжлэлийг цэгүүдээр тогтоодог юм. Сейсмийн хайгуулын арга нь нүүрсний ордын хоёр хэмжээст дэвсгэр зургийн мэдээллийг өгнө. Ойрхон зай бүхий өрөмдлөгийг газрын хайгуулын аргатай хослуулснаар бид нүүрсний хайгуулын хамгийн хүчтэй багаж хэрэгсэлтэй болж, тухайн ордын талаар илүү сайн ойлголттой болно. Ингэснээр хувирамтгай шинж нь санаа зовох асуудал биш болж, та зөвхөн ордын нөөц баялгаа хэрхэн нэмэгдүүлэх талаар бодох болно.
-Та гадаадын олон орны нүүрсний томоохон ордууд дээр ажиллаж байсан туршлагатай геологич. Тэгэхээр таны бодлоор олон улсад хэрэглэгдэж байгаа ангиллуудаас нүүрсний ордын нөөцийг тогтоох, эдийн засгийн үр ашгийг тооцох, олборлолт, боловсруулалт, борлуулалттай нь хамгийн сайн уялдуулсан ямар ангилал байдаг вэ?
-Нүүрсний хамгийн өргөн зах зээл бол мэдээж эрчим хүчнийх. Харин хамгийн ашигтай нь коксжих нүүрснийх боловч зах зээл нь жижиг. Энэхүү зах зээлийг эрчим хүчний нүүрснийхтэй харьцуулахад 10 хувьтай нь л тэнцэнэ. Коксжих нүүрс бага байсан ч үр ашиг ихтэй байдаг. Том “Тавантолгой” нь манай гарагийн хамгийн том коксжих нүүрсний ордуудын нэг байж болох юм. Монгол Улсын өмнө тулгарч байгаа нэг асуудал бол том “Тавантолгой”-н ордоо хамгийн дээд түвшинд таньж судалж, улмаар Монголчуудад ашигтай байхаар олборлож, боловсруулах асуудал юм.
-Таны бодлоор Монголын нүүрсний судалгааг цаашид хэрхэн хийвэл илүү үр дүнтэй байх вэ?
-Монголын их дээд сургуулиудад сурч байгаа геологичид маш өндөр түвшинд бэлтгэгдэж байна. Геологичдийн ерөнхий мэдлэг сайн байгаа нь маш том давуу тал. Түүний дээр олон улсад ажиллаж байсан туршлагатай над шиг хүмүүстэй өөрийн эх орондоо хамт ажиллаж байгаа нь залуу геологичдод хоёр дахь давуу тал болж байгаа юм. Олон улсын түвшинд орон нутгийн геологичдоо сургаж байгаа нь тэдний ирээдүйн ажлын амжилтад төдийгүй Монгол Улсын ирээдүйд ч хэрэгтэй. Монголын ордуудыг олон улсын түвшинд судалж, олон улсын стандартаар баталгаажуулах нь эдгээр ордуудын ирээдүйн олборлолтод маш чухал. Өнөөдөр Монголын бүх ордуудад олборлолт хийхгүй ч хэзээ нэг өдөр олборлох болно. Иймээс орд газруудыг эрт олж илрүүлж, эрсдэлийг нь мэдэж, орд нарийвчлан таних нь маш чухал.
-Ер нь Монголд ажиллахад танд ямар хүндрэлүүд гарч байв. Монгол геологичидтой нэг баг болон ажиллахад ямар байна вэ?
-2008 оноос хойш миний сургаж бэлдсэн дөрөв дэх баг одоо “Ухаахудаг”-т ажиллаж байгаа. Бүх багийнхан маань маш сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Монгол залуусын сурах эрмэлзэл, урам зориг нь надад маш их таалагддаг. Тэд Монголдоо их сургууль төгссөн ч маш сайн бэлтгэгдсэн байдаг. Харин сайн болоналдартай геологич хоёрын хооронд гардаг ялгаа бол тэдний хандлага юм. Монголын геологичид ерөнхийдөө том зорилготой. Нүүрсний геологи миний ажил учраас би зөвхөн нүүрсний геологийн тухай л ярьж байна. Би өөр бусад геологийн тухай сайн мэдэхгүй. Нүүрсний геологич монгол залуус үнэхээр бахархмаар байдаг. Бидэнд тохиолддог бэрхшээл нь хот суурингийн зэргэлдээ том ордууд байдаггүй явдал юм. Тиймээс бид байгаль орчны ямар ч хүнд хэцүү нөхцөлд ажиллах болдог. Бид бол тэргүүн эгнээнийхэн. Нүүрсний геологичид орд нээхэд хамгийн эхэнд, олборлоод уурхайг хаахад хамгийн сүүлд байдаг. Шинэ газар, орчинд ажиллах нь хэцүү ч миний адил геологичдийн хувьд энэ бол бэрхшээл биш.
Ямар нэг төсөл эхлэхдээ аюулгүй байдлыг сайтар хангаж, хээрийн ангийг зөв зохион байгуулж, сайн өрөмдлөгийн компанийг сонгож, геологи, лабораторийн багийг сайтар бүрдүүлж, хуучин туршлагаас суралцах шаардлагатай байдаг. Ингэснээр төсөл амжилттай болно.
-Цаашдаа хэдэн жил Монголд ажиллах вэ. Танд төлөвлөсөн зүйл байна уу?
-Цаашид тэдэн жил Монголд ажиллана гэж би төлөвлөөгүй байна. Би одоогоор “Energy Resource” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээ дуусахаар цаашид яахыгаа шийднэ. Би том “Тавантолгой”-н бүтээн байгуулалт хэрхэн өрнөхийг хармаар байна. Ямар ч геологич хүнд шинэ орд газрын нээлтэнд оролцох нь ховор завшаан байдаг юм. Том “Тавантолгой” бол яах аргагүй том орд. Би “Ухаахудаг”-ийн бүтээн байгуулалтанд оролцож байгаадаа баяртай байна. Зарим хүмүүст тавин жил ажилласан ч над шиг аз завшаан тохиодоггүй. Хэрэв надад Монголд дахин ажиллах боломж олдвол дахиад хэдэн жил ажиллана. Монгол Улс бол шинэ нүүрсний ордууд дахин илрэх боломжтой орон. Нүүрсний геологич хүний хувьд бид үргэлж нүүрсний ордуудыг хайж явдаг. Ийм л үйл явдлууд Монголд өрнөж байна. Хэрэв байгууллагууд намайг ажиллуулахдаа таатай байгаа бол би Монголд ажиллахдаа дуртай л байна.
-Та Монгол орны ямар нутгаар явж үзсэн бэ?
-Би Монголын хойд талын нутгуудаар мөн зүүн болон өмнө зүг, говийн бүсүүдэд очиж байсан. Монголын ихэнх газруудаар ажлаар явж байсан. Харин одоо бол хойд зүгт байдаг том нуур болох Хөвсгөл рүү аялж, Монголын сайхан байгалийг хармаар байна. Монголоос явахаасаа өмнө очиж үзэхийг хүсдэг. Энэ зун боломж гарвал явна.
-Монголын нүүрсний хайгуул хэрхэн явагддаг, геологийн судалгаа, боловсруулалтын ерөнхий түвшин байдлыг та ажигласан байх. Энэ талаар цаашид юуг анхаарах хэрэгтэй гэж та үзэж байна?
-1970-1980-аад оны үед Монголын нүүрсний ордууд геологийн судалгаа сайн хийгдсэн байдаг ч нээгдээгүй маш олон орд байгаа гэж боддог. Манай багийнхан өөр том орд хайна. Их “Тавантолгой”-н ордоос гадна бусад жижиг ордууд нь нүүрсний ордын төв болох боломжтой юм. Гэхдээ пермийн хатуу коксжих нүүрсийг анхаарах хэрэгтэй. Хойд зүгт Юрийн үеийн томоохон нөөц бүхий орд газрууд илэрч эхлээд байгаа. Юрийн үеийн нүүрс нь пермийн үеэс залуу ч их хатуу коксжих нүүрс биш боловч сайн судлууштай. Цэрдийн үеийн хүрэн нүүрсийг шингэрүүлэн ашиглах боломж ирээдүйд их байна гэдэгт итгэдэг. Зарим нэг хийх боломжтой ажлууд технологийн дагуу хийгдэж байгаа. Хэрэв амжилттай болвол Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээр өөртөө төдийгүй бүс нутагтаа маш том ханган нийлүүлэгч болох боломжтой.
-Монголын нүүрсний ордуудыг цаашид хэрхэн, ямар түвшинд судлах, ямар үйлдвэр барих, нүүрсээ хэрхэн үнэ хүргэх боломж бидэнд байна гэж та бодож байна вэ?
-Энэ асуудал дээр мөн л геологичдийн тухай ярих болно. Тэдэнд маш сайн чадвартай болоод том орд газрууд олж илрүүлэх боломж бий. Дараагийн алхам бол олборлосон нүүрсний чанарыг сайжруулахын тулд угаах үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулах юм. “Ухаахудаг” төсөл дээр дэлхийн хэмжээний угаах үйлдвэр барих ажил амжилттай явагдаж байна. Манай угаах үйлдвэр Австралийн угаах үйлдвэрүүдтэй адилхан. Нүүрсийг сайн чанартай нүүрс болгож ангилах технологийг Монголд нэвтрүүлж байна. Одоо бидний хийх ажил Монголчууддаа энэ технологийг таниулж хэрэглэхэд сургах юм. Энэ ажил одоогоор “Ухаахудаг” дээр хийгдэж байгаа. Монголчуудад энэ мэдлэгийг олгох Expat-ийн туслалцаа маш чухал. Хэдэн жилийн дараа Монголчууд үйлдвэрүүдээ өөрсдөө ажиллуулах чадвартай болно.
-Монголын хүрэн нүүрсний ордуудын талаар ярилцъя. Хүрэн нүүрсийг хэрхэн олборлож, ямар технологиор боловсруулж, хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргах боломж байдаг вэ?
-Хүрэн нүүрс бол хар нүүрстэй харьцуулашгүй, ашигтай бүтээгдэхүүн. Монгол орон хүрэн нүүрсний том орд ихтэй. Өмнө хэлсэнчлэн хүрэн нүүрсний ирээдүй бол шингэрүүлэх технологи юм. Мэдээж Монголчууд шатахуунаа импортлохоос өөрөөр хангах эх үүсвэргүй байгаа нь яах аргагүй сул болж байгаа. Монголын эрчим хүчний ирээдүй нь хүрэн нүүрсний агуу их нөөцийг шингэн түлш болгох юм. Харамсалтай нь уг технологи маш их өндөр өртөгтэй учраас зарим ажлуудыг нь зохих ёсоор тодорхой хэмжээнд гүйцэтгэх шаардлагатай. Монголчууд ашигт малтмалын орд газруудыг эзэмших асуудал дээр замынхаа дунд явж байна. Ирээдүйд Монголчууд түлш шатахууны бүтээгдэхүүнийг 100 хувь импортлогч орноос 100 хувь экспортлогч орон болох боломж байгааг би харж байна. Энэ нь Монголчуудын давуу тал болно.
-Хүрэн нүүрсний хэрэглээ хэтийн төлөв цаашид дэлхий дахинд ямар болох бол?
-Хүрэн нүүрсний экспорт бол уламжлалт цахилгаан станцуудыг эрчим хүчний нүүрсээр хангах юм. Монгол Улсын газарзүйн байрлал энэ зорилгоор хүрэн нүүрсийг экспортлоход бага зэрэг бэрхшээлтэй. Хүрэн нүүрс коксжих нүүрс шиг тийм их мөнгөний үүсвэр биш учраас тээвэрлэлтийн хувьд асуудалтай. Хүрэн нүүрсийг эрчим хүчний зорилгоор олон улсад экспортлох нь Орос эсвэл Хятад руу гаргахаас илүү бэрхшээлтэй гэж бодож байна. Хүрэн нүүрс дотооддоо эрчим хүчний нүүрсээр хангана. Харин ирээдүйн хөгжил бол газрын тосны аж үйлдвэрлэл байна гэж боддог. Эхлээд нэг хоёр томоохон үйлдвэр босговол цаашид олон болоод өргөжнө.
-Та нефтийн чиглэлээр аль зэрэг судалж байсан бэ. Мөн битумын судалгаа хийж байв уу?
-Би газрын тосны салбарт ажиллаж байгаагүй. Газрын тос нь нүүрснээс тэс өөр зарчимтай. Нүүрсний геологичид, газрын тосны геологичид адилхан тунамал чулуулаг дээр судалгаа хийдэг хэдий ч нүүрсний ордуудын судалгаа 500 метр дотор хийгддэг. Харин газрын тосных 3000 түүнээс дээш гүн бассейнд хийгддэгээрээ ялгаатай.
-Шатдаг занарын судалгаа, олборлолт, боловсруулалтын талаар гадаадын ямар орон тэргүүлэх эгнээнд явж байна вэ?
-Одоо шатдаг занар илт давамгай эрчим хүчний эх үүсвэр болж байна. Хэд хэдэн томоохон орд газруудтай Америк, Канад улс тэргүүлж байгаа гэж бодож байна. Австрали бас шатдаг занарын нэлээд олон том ордтой гэгддэг. Шатдаг занарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд эхний бүтээгдэхүүнээ гаргаад эхэлсэн байгаа. Монгол Улсын хувьд шатдаг занарын чулуулагтай. Шатдаг занараар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс илүү хүрэн нүүрсээр бүтээгдэхүүн хийх боломжтой. Хүрэн нүүрсний ордууд дээрээ шингэрүүлэх үйлдвэр барих нь оновчтой гэж боддог.
-Монгол орны нүүрсний ордуудын ирээдүйн хэтийн төлөвийг бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байна гэж та боддог вэ?
-Монгол Улс “Оюутолгой” мөн нээн илрүүлээгүй байгаа дэлхийн зэрэглэлийн Их “Тавантолгой” коксжих нүүрсний орд газар зэрэг томоохон орд газар нөөцтэй гэдгээрээ онцгойрч байна. Монгол Улс ойрын хэдэн жилд олон төрлийн томоохон орд газруудыг хөгжүүлнэ гэж бодож байна.
-Одоо гадны хөрөнгө оруулагчид Монголын нүүрсийг хэр сонирхож байна?
-Миний бодлоор гадаадын хөрөнгө оруулагчид Монголын нүүрс болон бусад ашигт малтмалыг сонирхсон хэвээр байгаа. Австралид бүртгэлтэй Монголд газар эзэмшдэг нэлээд олон компаниуд болон хөрөнгө оруулагчид нүүрс болон бусад эрдэс баялагт сонирхолтой байгаа. Гэвч уул уурхайн явц удааширсан. Хайгуулын ажил магадгүй удаан байгаа боловч тэдний сонирхол байсаар байна. Тэдгээр компаниудаас одоогоор хэн ч Монголыг орхиж, гараагүй байна. “Peabody” гэх зэрэг зарим томоохон компаниуд олон зөвшөөрөл эзэмшдэг. Түүнчлэн “Anglo American” компани Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын эрдэс баялгийг сонирхсоор байгаа ч үйл ажиллагаа нь удаашралтай байна. Гэхдээ энэ нь бидний бизнесийн ажиллагаанд тохиолддог, давтагддаг байдал юм. Тиймээс хайгуул болон олборлолтын ажил нь удаан хугацаанд гарч ирэх боломж юм.
-Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад тогтвортой, хэн хэндээ үр ашигтай хамтран ажиллах талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Миний бодож байгаагаар сүүлийн 3-5 жилийн хугацаанд Монголд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй гадаадын байгууллага компаниуд их байгаа нь ажиглагдсан. Энэ их зорилт, тэмүүллийг одоогийн байгаа үйл явц нөхцөл байдал удаашруулж байж болох юм. Монгол Улсын Засгийн газар ойрын хугацаанд хэд хэдэн томоохон шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болов уу гэж боддог. Монгол Улсын Засгийн газрын гаргах шийдвэрээс шалтгаалж гадаадаас хөрөнгө оруулах хүсэлтүүд нэг бол ихсэнэ, эсвэл багасна. Тиймээс гадаадын хамтрал болон хөрөнгө оруулах байгууллага компаниуд Монголд хөрөнгө оруулах, мөн Монгол Улсыг нөөц баялгаа боловсруулахыг харах маш их сонирхолтой байгаа гэж бодож байна. Ингэх нь Монгол Улсын иргэн бүрт хэрэгтэй. Хөрөнгө оруулагч байгууллагуудад хөрөнгө оруулалтын аюулгүй, найдвартай байдлыг хангасан шийдвэр гаргах нь Засгийн газрын асуудал юм.
-Та Монголын геологичдод хандаж юу хэлэх вэ?
-Бүгд эерэг сэтгэлээр ажлаа үргэлжлүүлэн хийх, хүсэл тэмүүлэлтэй байгаарай, сургуульдаа шамдан суралцаарай гэж хэлмээр байна. Та бүгд сургуулиа төгсөөд сайн геологич болохын тулд их туршлага хуримтлуулаарай. Мэдлэгээ тэлэхийн төлөө бусдаас суралц. Өөдрөг сэтгэлгээтэй геологич байхыг хичээгээрэй. Би урьд нь дэлхийн олон оронд аялж янз бүрийн хүмүүстэй хайгуулын ажил дээр хамтран ажиллаж байсныхаа хувьд хэлэхэд Монголын геологичидтой ажиллах нь маш сайхан байдаг гэж хэлмээр байна. Манай компанийн геологийн багийхан шилдэг баг бөгөөд тэдний нэг гэдгээрээ би хувьдаа бахархдаг. Түүнчлэн тэдний ажлын ёс зүй, ажилдаа хандах хандлага, ажлаа сайн хийх зуураа хөгжилддөг, наргианч занд ч талархах хэрэгтэй байх. Би тэднээр бахархдаг. Тиймээс та бол Монголын ирээдүй гэдгийг санаж, хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн хийж, суралцаж байгаа зүйлдээ шамдан суралцаарай гэж хэлье.
-Үнэтэй цагаа хуваалцан ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Ч.БАТТУЛГА
Зочин
Zochin
Зочин