ГЕОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР, ШУТИС-ИЙН ГГТ-НЫ СУРГУУЛИЙН БАГШ Г.УХНАА: БҮХ ШАТНЫ ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫГ ИТГЭМЖЛЭЛ ХҮЛЭЭСЭН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ОЛГОЖ БАЙХААР ХУУЛЬЧЛАХ ХЭРЭГТЭЙ

Энгийнээр тайлбарлавал дэлхийн үүсэл, царцдас, хурдас чулуулгийн гарал үүсэл, бүтэц, тогтоц, физик, химийн шинж чанар тэдгээрийн хувьсал өөрчлөлт, эрдэс бодис, сариналыг судалдаг байгалийн шинжлэх ухаан бол геологи. Геологичид, бидний оршин амьдарч буй газар дэлхийг судлахын зэрэгцээ эрдэс баялгийг нь нээн илрүүлж, олон талаар ашиглан, хайрлан хамгаалах үүргийг өөртөө хүлээдэг. Тиймээс энэхүү шинжлэх ухааныг хөгжүүлэн, авч явж буй эрдэмтэн, геологичид нь мэдлэгийн хувьд асар өргөн цар хүрээ, мэдрэмж, дундрашгүй сэтгэн бодох, төсөөлөх чадвартай нэг үгээр хэлэхэд оюуны өндөр чадамжтай хүмүүс байдаг билээ. Манай улсын хувьд үндэсний геологийн салбар үүсч хөгжөөд даруй 70 гаруй жилийн нүүрийг үзжээ. Монгол орны эрдсийн санг арвижуулах их үйлст хүчин зүтгэж яваа дотоодын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Геологийн ухааны доктор, ШУТИС-ийн ГГТ-ны сургуулийн багш, Г.Ухнаатай зарим асуудлаар ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Юуны өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасанд уншигчдынхаа өмнөөс танд баяр хүргэе.
-Геологич, ашигт малтмалын ордын хайгуулчин хэмээх хийморлог сайхан мэргэжилтэй ажил амьдралаа холбосны 47 дахь жил, ашигт малтмалын ордын хайгуулын мэргэжлийн багш болсны 40 жилийн ойгоороо төрийн энэ өндөр шагналыг хүртсэндээ өвгөн багш нь үрчлээт магнайгаа тэнийтэл баярлаж явна аа. Түмэн олны хүүхдэд хоёргүй сэтгэлээр эрдэм ном зааж явсныг минь бурхан харж, олон шавь нарын минь буян заяа түшээд, энэхүү хүндэт шагналыг Монголын Үйлдвэрлэлийн Геологичдийн Холбооны дэмжлэгээр хүртлээ. Шавь нартаа, мэргэжил нэгт анд нөхдөдөө чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж, эрдэнэсийн эрэл хайгуулын ариун үйлсдээ олз омог дүүрэн байхын ерөөл дэвшүүлье. Шударга, үнэний үүр хаяарсан сайхан цаг ирж байгаа юм байна. Энэ гэгээ ашид мандан бадрах болтугай.

-Геологи, уул уурхай бол манай улсыг хөгжүүлэх тэргүүлэгч салбарын нэг хэмээн сүүлийн үед их ярьж, бичих болсон. Энэ цаг үед газрын хэвлийд буй баялгаа ашиглахын тулд түүнийг хайж илрүүлдэг боловсон хүчин нэн шаардлагатай. Энэхүү эрэлт хэрэгцээгээ манай улс хэр хэмжээнд бэлтгэн, хангаж байна гэж та дүгнэж байна вэ?
-Манай улс дотооддоо геологич мэргэжлээр дээд болон дунд шатны боловсон хүчин бэлтгэж эхлээд 50 гаруй жил болж байна. Энэ хугацаанд бэлтгэн гаргасан мэргэжилтний тооны хувьд чамлахааргүй болсон байх. Гэхдээ цаг үеийн эрэлт хэрэгцээг харгалзах талаар сайнгүй байна. Өнөөдөр Монгол орны нутаг дэвсгэрт хийгдэж байгаа геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлын дийлэнх хэсгийг төрөл бүрийн ашигт малтмалын эрэл хайгуулын судалгаа эзэлж байгаа. Ирээдүйд ч энэ чиг хандлага хэвээр байх төлөвтэй. Тэгэхээр ашигт малтмалын ордын эрэл хайгуулаар мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд түлхүү анхаарах хэрэгтэй санагддаг.

-Өнгөрсөн хугацаанд мэргэжилтэн бэлтгэх тал дээр тооны хувьд чамлахааргүй амжилт гаргасан. Харин геологич мэргэжилтэн бэлтгэж буй сургуулиуд болоод багш нарын хувьд нийтлэг ямар дутагдал ажиглагдаж байна вэ?
-Геологийн сургуулиудийн хувьд нийтлэг дутагдал гэвэл бэлтгэн гаргаж буй мэргэжилтнийх нь чанар муу байна. Үүнд олон шалтгаан нөлөөлж байгаа байх. Илүү гадарлахын учир өөрийн ажиллаж байгаа сургуулийн хувьд аваад үзвэл:
1. Сургалтын тогтолцоо бүхэлдээ сайнгүй байна.
2. Багшлах боловсон хүчин чанаргүй болсон.
3. Сургалтын материаллаг бааз хангалтгүй, орчин үеийн шаардлага хангахгүй.
4. Суралцагчдын суурь мэдлэг, идэвх оролдлого, бие даах чадвар муу.
5. Үйлдвэрлэлтэй холбоо муутай
6. Тоо хөөцөлдсөний улмаас чанараа дордуулсан гээд тоочоод байвал олон зүйл байна.

-Геологич мэргэжлээр суралцаж байгаа болоод төгсөн гарч буй боловсон хүчний хувьд суралцах хугацаандаа дадлага туршлага хуримтлуулах боломж хэр байдаг юм бол?
-Суралцах хугацаандаа дадлага, туршлага хуримтлуулах боломж хомсхон доо. Голдуу өндөр ачаалалтай, танхимын хичээлд дарагдсаар 4-5 жил өнгөрдөг. Өмнө нь үйлдвэрлэлийн анхдугаар болон дипломын өмнөх гээд хоёр удаа дадлага хийдэг байсныг нэгтгэн нэг болгосон. Тэр нь бас чанар муутай. Мөн дадлага хийлгэж байгаа байгууллага, компаниуд болоод удирдаж буй хүмүүс, сургуулийн хооронд бараг холбоогүй шахам учраас ахиц гарахгүй байна.

-Сүүлийн үед аль ч мэргэжлийн боловсон хүчин чанаргүйдэж байгаа тухай их ярих болсон. ШУТИС-ийн ГГТС-ийн төгсөгчиддөө та ямар үнэлгээ өгөх вэ?
-Нийтэд нь дүгнэ гэвэл дунд буюу түүнээс доош үнэлгээ өгнө. Гэхдээ цөөн тооны гайгүй мэргэжилтэн төгсөн гарч байгааг бас үгүйсгэхгүй. Өнөөгийн баклавр зэрэгтэй “ромбо” зүүсэн инженер гэдэг чинь 60, 70-аад оны дунд мэргэжлийн техник геологичдоос дээрдэх юмгүй болсон шүү дээ. Би 1968 онд Политехникумийн геологийн ангийг техник геологич мэргэжил эзэмшин төгсч байсан учраас үүнийг сайн мэдэх юм. Энэ бол томоохон ухралт мөн.



-Эх болсон дэлхий, байгалийн баялгийг судлах цаг наргүй ажилд хүчин зүтгэж буй мэргэжлийн геологичдийхоо мэдлэгийг дээшлүүлэхийн тулд “Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл, сургалтын төв”–өөс сургалт зохион байгуулж байгаа гэсэн. Тус байгууллагынхаа үйл ажиллагаанаас сонирхуулаач?
-Өнөөдөр Монгол Улсад үйлдвэрлэлд ажиллаж байгаа геологичдоо давтан сургадаг тогтолцоо үндсэндээ байхгүй болсон. Харин дээхнэ үед манай сургууль дээр мэргэжил дээшлүүлэх факультет гэж байлаа. Ямар боловч тэнд геологичид маань суралцаад, бас чамгүй номын дуу сонсоод, мартсанаа нэхэн сэргээдэг, нэг үгээр хэлвэл мэргэжлээ дээшлүүлдэг байлаа. Мөн хуучнаар ЗХУ руу явж мэргэжил дээшлүүлэх хэлбэр ч байсан. Одоо тэр бүхэн байхгүй болсон. Ийм үед Монголын Үйлдвэрлэлийн Геологичдийн Холбоо, тус сургуулийн эрдэмтэн багш нар, геологичдийн санаачлага, тухайн үеийн геологийн салбарыг хариуцаж байсан яам, агентлагийн дэмжлэгээр 2009 онд ЭБЭХ-ний сайдын 227 тоот тушаалаар Геологийн салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөл байгуулагдсан юм. Түүний ажиллах дүрэм, зэрэг олгох үйл ажиллагааны журам боловсруулагдан мөрдөгдөж байна. Энэхүү ажлын хүрээнд инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах чиглэл бүхий төвийг ШУТИС-ийн захирлын 2011 оны хоёрдугаар сарын 02-ны өдрийн А-32 тоот тушаалаар “Эрдэс баялгийн судалгаа, геомэдээлэл, сургалтын төв” нэртэйгээр байгуулан миний бие захирлаар нь ажиллаж байна. Энэ хугацаанд бид Геологийн салбарын инженерүүдэд “Мэргэшсэн” зэргийн сургалтыг жил бүр тогтмол хоёр удаа зохион явуулж байгаа бөгөөд түүнд хамрагдсан 93 инженер “Мэргэшсэн” зэрэг хамгаалсан. Үүнээс геологийн зураглал мэргэшлээр 15, ашигт малтмалын хайгуул мэргэшлээр 65, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик мэргэшлээр 13 инженер зэрэг хамгаалсан байна. Мөн хэдхэн хоногийн өмнө энэхүү сургалтыг ашигт малтмалын хайгуул мэргэшлээр 16 инженер суралцаж, шалгалтаа амжилттай өгсөн.

Геологийн салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох журмын 3.5 дугаар заалтыг үндэс болгон мэргэжлээрээ 25-аас дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байгаа, онцгой бүтээл туурвил гаргасан, боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэгтэй инженерүүдийн “Зөвлөх” зэрэг горилсон материалыг хүлээн авч төгсөлтийн ажил бичүүлж, хамгаалуулах үйл ажиллагааг тус төв зохион явуулж байна. Одоо “Зөвлөх” зэрэг хамгаалсан 39 инженер байгаагаас геологийн зураглал мэргэшлээр зургаа, ашигт малтмал, эрэл хайгуул мэргэшлээр 22, палеонтологич нэг, хүдэр ба чулуулаг судлалаар хоёр, геомэдээлэл мэргэшлээр нэг, ашигт малтмалын эрэл хайгуулын геофизик мэргэшлээр дөрөв, гидрогеологи мэргэшлээр хоёр, хайгуулын өрөмдлөг мэргэшлээр нэг инженер байна. Мөн геологийн зураглал мэргэшлээр хоёр, ашигт малтмал, эрэл хайгуул мэргэшлээр хоёр инженер “Зөвлөх” зэргийн төгсөлтийн ажлаа амжилттай хамгаалаад байна. Үүнээс гадна бид геологийн зураглал, тодорхой төрлийн ашигт малтмалын эрэл хайгуулын аргачлалаар мэргэшүүлэх сургалт, зэрэгтэй инженерүүдийг геологийн төрөл бүрийн судалгааны ажилд зөвлөгөө өгөх, үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргах чиглэлээр дадлагажуулах сургалт, зэрэг сунгах болон зэрэг ахиулах сургалтуудыг зохион явуулах болно.

Түүнчлэн бид төрөл бүрийн ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажилд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах, ордын хайгуулын үр дүнгийн тайланд шинжээчийн дүгнэлт гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай төв ШУТИС-ийн төв номын сангийн 207 тоотод байрладаг.

-Манай улс газар доорх баялгаа ашиглаж эхэлсэн цагаас хойш техник технологи, боловсон хүчин гээд олон зүйл дээр тодорхой хэмжээгээр шинэчлэгдсэн. Үүнийг харахад сайшаалтай ч бас дутагдалтай тал байгаа. Энэ тал дээр таны бодлыг сонсох гэсэн юм. Ер нь хайгуулын стандартын тухайд ямар байр суурьтай байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд Монгол орны геологийн салбар янз бүрийн яамдын бөөрөнд наалдаж, төрөөс энэ салбарыг хоёр ба түүнээс доош зэрэглэлийн байранд тавьж хандаж байна. Мөн удирдлагыг нь сонгууль бүрийн дараа сольж өөрчлөх, тэгэхдээ салбарын онцлогийг огт мэдэхгүй мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулах болсон зэргээс улбаалан Монголын геологийн бодлогын тогтолцоо алдагдахад хүрсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй байх аа. Геологи хайгуулын олон шатлалт судалгаанаас хамгийн чухал нь ордын хайгуул гэж би хайгуулчин хүний хувьд боддог. Энэ ажлыг явуулах наад захын заавар, дүрэм журам, өөрөөр хэлбэл стандарт одоо хүртэл байхгүй л байна шүү дээ. Монгол Улсын ашигт малтмалын нөөц, эрдсийн баялгийн ангилал, түүнийг хэрэглэх зааврыг бидний хэдэн нөхөд боловсруулаад, арай гэж батлуулаад мөрдүүлэх гэж байтал аар саархан шалтаг заагаад өмнөх Ерөнхий сайд нь хүчингүй болгочихсон. Одоо хайгуулчид маань судалгааны ажлын үр дүн болсон ашигт малтмалынхаа нөөцийг улсад хэрхэн тайлагнах барьцгүй болчихоод байгаа. Энэхүү үндсэн баримтад тулгуурлаад ашигт малтмал бүрийн нөөц, баялгийн ангилал, түүнд тавигдах шаардлагууд, судалгааны стандартууд боловсруулагдах учиртай юм. Харин одоо шинээр байгуулагдсан Уул уурхайн яамны Геологийн асуудал эрхэлсэн газар, хэлтсүүд мэргэжлийн боловсон хүчнээр боломжийн түвшинд хангагдсан байгаа тул энэ асуудлыг сайнаар шийдэх байх гэж найдаж байна.

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ямар бүтэц, зохион байгуулалттай ажилладаг вэ. Энэ байгууллага жилд хичнээн ордын газрын хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж хүлээн авдаг юм бол?
-Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь ерөнхий зөвлөлөөс гадна салбар зөвлөлтэй. Миний бие түүний Ашигт малтмалын ордуудын хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэх салбар зөвлөлд нь ажилладаг. Салбар зөвлөлүүдэд яам, агентлагийн мэргэжилтнүүд, салбарын шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд, мэргэжлийн холбоодын төлөөлөл бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцдог. Сүүлийн жилүүдэд манай салбар зөвлөл жил бүр төрөл бүрийн ашигт малтмалын 100 гаруй ордын тайланг хүлээн авч хэлэлцэж ирсэн. 2012 онд энэ тоо нэлээн багассан нь шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдохгүй байгаатай холбоотой байх. Өмнө нь олгосон хайгуулын зөвшөөрлүүдэд хайгуул хийгдээд дуусах тийшээ хандаж байгаа болохоор энэ тоо улам багасах байх аа.

-Энэ цаг үед “Ашигт малтмалын тухай хууль”-ийн хэлэлцүүлэг явагдаж олон хүн өөрийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлж байгаа. Таны бодлоор шинэчилсэн найруулгад геологичидтой холбоотой ямар зүйл заалт оруулаасай, зайлшгүй байх ёстой гэж бодож байна вэ?
-Миний хувьд “Ашигт малтмалын тухай хууль”-д өөрийн санал бодлыг олонтаа өгч байсан. Миний саналыг тоож авч үздэггүй учраас өнөөгийн хуулийг нэг их шимтэн судлахгүй байгаа. Гэхдээ тогтмол өгдөг, өгөх ёстой гэж үздэг гол хоёр саналаа хэлье. Нэгдүгээрт, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг геологи-хайгуулын ажлын үе шатлалаар ангилан олгож байх. Хоёрдугаарт, бүх шатны геологийн судалгааны ажлыг итгэмжлэл хүлээсэн дадлага туршлага бүхий мэргэжлийн байгууллагуудад олгож байхаар хуульчлах хэрэгтэй болов уу гэж би хувьдаа бодож байна.

-Ахмад геологичийн хувьд та шинэ залуу боловсон хүчин, шавь нар болон мэргэжил нэгт нөхдөдөө сургамжийн үгээ хэлнэ үү?   
-Шавь нар болоод шинэ залуу боловсон хүчиндээ өөрийнхөө шүтээн болсон нэгэн мэргэн сургааль үгийг хэлмээр байна. “Эзэн хичээвэл заяа тань түшнэ”.

-Үнэтэй цагаасаа хуваалцаж ярилцсан танд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.

2013.03 сар
Д.ОЮУНЖАРГАЛ