Одохуй-зорчихуй-ирэхүй-зохицохуй буюу Д.Гантөмөрийн “Аялахуйн философи”
Энэ ном бол философич Д.Гантөмөрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл юм.
Энэ ном бол философич Д.Гантөмөрийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл юм.
Эрдэм шинжилгээний ном зохиол уншиж барагтаа бол үзээгүй, тэр тусмаа аялал жуулчлалын салбараас хол хөндий хүнд олон зүйлийг таниулж дэлгэсэн сонирхолтой бүтээл болжээ. Ингээд зохиогчийн өгүүлсэн, өөрийн эргэцүүлснээ товчлон хүргэе.
Бид аялах дуртай гэж ярьдаг, гэтэл аялахуй нь хүний сэтгэлд яаж нөлөөлдгийг, аяллаас бид юу хүсэж, юунд тэмүүлдгээ яг таг хэлчихэж чаддаггүй шүү дээ. Алив хүний сэтгэлийг догдлуулсан аялахуй хэмээх үзэгдлийн учрыг ойлгоход Д.Гантөмөрийн энэ бүтээл тун чиг тустай юм.
Аяллыг өрнийн философиор хэрхэн яаж тодорхойлдог вэ?
Энд хүн гэмээнэ хүрээлэн буй орчиндоо хэзээд ханалгүй, “энд ба одоо ахуйн” буюу хүрээлэн буй ертөнцийн хязгаарыг, тэр дундаа “Би”-гийнхээ бодит байдлыг гэтлэн давахад ямагт эрмэлзэж, шинэ зүйлийн хүслэн болсон араатан, мөнхийн Фауст юм гэж тодорхойлсон нь аялахуйн утга учрыг тайлахад хөтөлнө. Энэ үүднээс аялагчийн сэдэл нь санаашрал, дотоод зөрчилт шинж юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Аялал нь уг чанараараа хүн төрөлхтөний амьдралын хэрэгцээнээс үүдсэн, нэг газраас нөгөөд аялах үйлдэл, үүнийг хийх тодорхой сэдэл шалтгаан болоод очсон газартаа тодорхой үйл ажиллагаанд хамрагдахыг цогцоор нь багтаасан феномен юмсанж. Экзистенциализмын үүднээс аялал бол өөрийгөө сонсож, таних үе, “Би”-гийн туршлага, үйлдэл, шилжилт, “хүмүүний чөлөөлөгдөл” буюу эмансипаци гэж үзжээ. Чухамдаа бидний өдөр тутмын энэ амьдрал аялах шалтгааныг үүтгэж, тэр нь хүний чөлөөлөгдөхүй, тоглохуйг нөхцөлдүүлнэ.
Тэгвэл буддын гүн ухаанд чухам яаж тайлдаг юм бол?
Өөрийн “Би” хэмээн баригч түүнээс ангижрах, хорвоогийн үнэмлэхүй үнэнийг “Би”-гийн орчноосоо чөлөөлөгдөж таних дадал, үйл; тийш тэмүүлэх дотоод зоригдохуйд хөтлөгдөн тийн мэдэхийн найман чуулганаар дамжин тус тусын хамаарлыг багтаан нэршсэн утга өгөгдсөн мэдлүүд, тэдгээрийн хэлхээ, хоорондын харилцан нөлөөллөөс үүдсэн “авьяас”-аас төрсөн мэдэгдэхүүн гэж үздэг байна. Тэгэхээр аялал гэдэг авьяас билгийг өдөөн сэргээж, онгод хөглөдөг үзэгдэл болох нь ээ.
Жишээ болгоод энд би хэд хэдэн зохиол бүтээлийг нь орчуулж байсан алдартай хоёр зохиолчийг аваад үзье. Японы орчин цагийн алдартай зохиолч Харуки Мураками дэлхийд танигдсан олон зохиолоо дадсан орчноосоо ангид Грек, Европоор аялан байхдаа бичсэн бол Хятадын зохиолч, Нобелийн шагналт Мо Янь их олон бүтээлдээ төрөлх тосгон Гаомигээ дүрсэлсэн байдаг. Мураками бодитойгоор аялж бүтээдэг бол Мо Янь сэтгэлд нь хадагдаж үлдсэн хүүхэд, өсвөр насандаа оюун санаагаараа аялан очиж, төсөөллөө хөгжөөн онгодоо сэргээн туурвидаг ажээ.
Монголчуудын хувьд нүүдэллэн амьдрах хэв маягаас улбаатай аялахуйн туршлага нь бурхны шашны бэлгэдлийн чанартай Шамбалд зорчих орон зайн болон Майдар эргэх цаг хугацааны шилжилтийн тухай үзэл санаагаар баяжин уламжлагджээ. Бидний хувьд аялал хэмээх нь сэтгэл, оюунаа дадуулан үйлдэх, сэтгэлийн амар амгаланг эрж хайх бясалгал, нөгөө талаар газар үзэж, нүд тайлах туршлага юм.
Энд сонирхуулахад бүхнийг сэтгэлийн чанартай гэж үздэг йогачара философийн үүднээс таван төрлийн аялагч байдаг гэж үздэг байна. Эхнийх нь байгаа орчноосоо илүү тухтайг эрэлхийлж алжаалаа тайлж амарч зугаалснаар цэнэглэгддэг амрагч бол удаах нь баяжуулагч буюу шинийг үзэж, сэтгэлийн орон зайгаа тэлж, өөр ахуйг тодорхой түвшинд хүлээн зөвшөөрдөг “би”-гээ энхрийлэгч юм. Гурав дахь нь “би ба би бус”-ын дунд эргэлзэн солигдож яваа туршлагажигч буюу шинийг мэдрэхийг хүсэж, өөр ахуйг бүрдүүлж эхэлдэг аялагч бол дөрөв дэх нь мөнөө л дотроо эргэлзэн буй өөрчлөгч буюу төвөөсөө холдож, шинэ төвийг үүсгэн өөртөө дадуулдаг аялагч, харин тав дахь нь зориулагч буюу өдөр тутмын орчноосоо холдож өөрийн тав тух, таашаалыг бусдын сайн сайхны төлөө зориулдаг, өгөөмөр нинжин, бодь сэтгэлийн буянт “би бус” аялагч юм.
Өрнийн аялагчид онгон зэрлэг байгальд аялж зугаалахыг хүсдэг бол Азийн улс орны аялагчид тав тухтай, тохилог таатай орчинд амарч аялахыг илүүд үздэг байна.
Аялах гэдгийг өөрийн ажил мэргэжилтэй холбоод үзвэл:
Хүн гэдэг оюун санааны төвөө нээж олохын тулд, өөрийн төв дэх дутуу бүхнээ нөхөж дүүргэхийн тулд, өдөр тутмын дасал болсон тойрогт орчноосоо зугтаж амьсгаа аван амсхийхийн тулд “оюун санаагаараа” аялдаг ажээ. Эргээд харах нь ээ, өөрийгөө олж, “чөлөөлөхийн” тулд би их олон жилийг үджээ. Эцэст нь тэгээд эрж зорьсноо олсон гэж бодогдоно.
Орчуулагч хүн бол энэ тухайд бусдаас хавьгүй азтай. Өдөр бүр өөр орон цагт аялж, шинийг мэдэрч, тэрхүү мэдэрснээ эх хэл дээрээ оноон буулгаж бусдад хүргэх хувьтай билээ. Тиймдээ ч Пушкин “жинхэнэ орчуулагчдыг” гэгээрлийн өртөөний улааны морьд гэж тодорхойлсон биз ээ. Улааны морьд алсын аянд хөл залгуулдаг “ачтай”. Д.Гантөмөрийн тодорхойлсноор туршлага дадлаас хаа өмнө өгөгдсөн “зуршил” хэмээх авьяас, басхүү чин хүсэл хувь зохиолыг минь ийн чиглүүлсээр байна.
Юмс үзэгдлийг хүн хэрхэн яаж таньдаг тухайд мөн энэ бүтээлд тодорхой өгүүлжээ. Тийн мэдэхүйн зургаан чуулганы нэг болсон гол сэтгэл бол тодорхойгүй тунгалаг сэтгэл бөгөөд түүний нөхөр болсон шинжүүд бий болсноор тэрхүү тунгалаг сэтгэл бодит илрэл бүхий сайн, муу үйлдэлт сэтгэлийг бий болгодог юмсанжээ. Гол сэтгэл нь 51 янзын сэтгэл бологч хүчин зүйлээр дамжиж хөдлөх буюу түүнийг хөдөлгөдөг 51 төрлийн “өнгө будаг” бий аж.
Тэр дунд хүний сэтгэлийг дэнслүүлдэг үлэмжийн сайхан хайрын мэдрэмж багтаж л таарна. Хайр мөн ялгаагүй нэг төрлийн аян, сэтгэлийн шилжилт билээ. Тиймдээ ч дурласан хүнд жигүүр ургасан мэт санагддаг биз ээ. Дурлаж байгаа л бол тэр сэтгэл залуу, халуун байна гэж бодогдном.
Хайр сэтгэлийн энэ аяны адагт алив нэгэн алдаж буруудсанаа ухаарч болох ч чин сэтгэлээс бусад нь бултаараа хоосон, буй бүхэн үзэгдэл төдий гэдгийг ухамсарлах биз ээ.
Бүтээлд үүнээс гадна аялал жуулчлалын ахуйн хүн-байгаль, нийгэм-соёлын хамаарал, Монгол улс дахь аялал жуулчлалын хөгжлийн бодлогын философийг таниулан хүргэжээ.
Эцэст нь зохиогч “Аян, аялал, зугаалга нь өөрт өгөгдөж буй одоо, эндээс чөлөөлөгдөж, тийш хөдөлсөн шалтгаантай, бие сэтгэлийн шилжилт, түүнээс үүдэх ханамж, эс ханамж, туршлага юм” гэж дүгнэжээ.
Ингээд энэ бүтээлд багтсан Агваанбалдан цоржийн “Гүн утгыг дурдсан дуулал Тонилохуйд орохын үүд” шастирын:
“Мөнх цаст уул, асга хавцал бүгд
Магадлан онон шинжээгүй цагт
Мөн чанар өөрийн байдлаар
Мөнхүү бодтойгоор бүтсэн мэт үзэгдэвч
Тэр бүгдийг төв үзлийн гол ёсоор
Төгс сайтар шинжлэхийн цагт
Нэрийтгэлийн үндэс нь нарийн тоосны чуулганд
Нэгтгэн үзэх дохио сэлтээр оногддогоор
Уул хэмээх нь томьёоллын төдийгөөс
Үлэмж бүтсэн ёс үгүй билээ” хэмээх утга яруу шүлгээр энэ бичвэрээ өндөрлүүлье.
Бат-Эрдэнийн Гэрлээ