-ЭЦГ-ын дэд даргын утасны яриа, удаах бичлэгийг үзнэ үү-

Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний “нялх амрагийн” адал явдал, хүний мууд дуртайчуудыг нэг хэсэгтээ л ам халаасан олон ангит зохиолын “автор” зах зухаасаа илчлэгдэж эхэллээ. Өмгөөлөгч нарын хожимдож дэлгэсэн хурандаа нарын ярианы бичлэг нэг хэсэгт нь цочроо өгч, нөгөө хэсэг нь итгэж ядах. Монголын цагдаа ийм болчихсон уу, эсвэл ийм байсан уу гэж. Эрүүгийн цагдаагийн газрын удирдлагуудыг ороосон утасны яриаг нийтэд дэлгэснээс болж уг мэдээллийг дамжуулсан сайт хакердуулсан тухай маргааш өглөө нь мэдээлэв. Халдлага хийсэн этгээдүүд хэн болохыг мэдэхгүй ч уг сэдвийг үргэлжлүүлэх аятайхан шалтаг гаргаж өгсөн нь олзуурхууштай.

Өмгөөлөгчдийн хожуу гаргаж тавьсан утасны бичлэгийг сонссон олонхи нь “Арай ч дээ, цагдаа нар...”, салбарынхаа сайдыг ингэж гүтгэж байгаа нөхдүүд жирийн биднийг яавал яах юм байна даа хэмээн зүрх алдаж байна. Зарим нэг нь “Х.Тэмүүжин сайдын ээлжит шоу” ч гэж бичиж байх шиг. Харамсалтай нь асуудал нэг хүнийх биш л дээ. Баримтжуулаад гаргаж тавьсан нь л анхных болохоос цагдаагийнхны өдөр тутамдаа ажлаа явуулдаг, хэрэг хүлээлгэдэг арга технологийн л ердөө нэг нь. Нэг мөрдөгч өдөрт хэдэн гэмт хэрэгтэнтэй уулздаг билээ дээ. Ганц Эрүүгийн цагдаа ч биш, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн үүдээр ороод мөрдөн байцаагчийн өрөөний үүдэнд дугаарласан хүмүүсийг тоолоод үзээрэй. Нэг мөрдөгч дээр дор хаяж 10-20 хүн өдөрт орж байгаа. Тал нь гэмт хэрэгт сэжиглэгдэж, тал нь хохирлоо мэдүүлэхээр ирсэн хүмүүс.

Энэ тоолонд мөрдөн байцаагчид Америкийн кинон дээр гардаг шиг онгоц хөлөглөөд гэмт хэргийн мөрөөр мөшгөдөг үү гэвэл эндүүрэл. Ихэнх нь өрөөнөөсөө ажлаа явуулдаг. Гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа нөхрийг дуудаж ирээд баахан хуулийн зүйл ангиар сүрдүүлж байгаад байцаалт явуулна. Хэргээ хүлээхгүй бол бариад хорьчихно. “Муурыг бариад бар гэдгээ хүлээтэл нь нүдэж чадвал хамгийн сайн чекист” гэдэг чинь зүгээр ч нэг онигоо ч биш. Хэдийгээр өнөөдөр хөл гарыг нь санжтал зодож нүдэж, эрүүдэж байгаад хэрэг хүлээлгэдэг явдал үгүй болсон ч гэлээ “мөрдөх” биш, “байцаах” аргаар хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлдэг нь хэвээрээ л байгаа. Нэг хулгайчийг нөгөөгөөр нь мануулж байгаад “Чи тэрнийг тийм хэрэг хийсэн, тэгж ингэж ярьсан гээд мэдүүлчих. Тэгвэл ялыг чинь хөнгөлье” гэх ч юм уу, эсвэл хоёр холбогдогчийг хооронд нь яс хаяж байгаад нэгийг нь нөгөөгөөр нь гэрчлүүлэх энэ тэр бол мөрдөн байцаагчийн өдөр тутмын хийдэг ажил. Ил гарсан нь л ганц энэ болохоос биш. Гэм биш зан, гэнэт биш хууч... гэдэг байх аа.

Яг нарийндаа хоёр хурандаа сайдынхаа эсрэг аймаар мундаг “чика” ажиллагаа явуулаад, түүнийг нь илрүүлээд сүйд болоод байгаа ч юм биш. Харин ч муудаа, гэнэн тэнэгтээ илчлэгдсэн хэрэг. Арай түрүү үеийн хал үзсэн хашир хурандаа нар бол ийм юмыг утсаар ярих ч үгүй. Наад зах нь өрөөндөө дуудаж авчираад үүрэг даалгавар өгөөд гаргана. Ийм ул мөр үлдээхгүй л дээ. Өнөөдөр магадгүй хоёр хурандаагийн хийсэн ажлыг хараад хөх инээд нь хүрээд сууж байгаа биз.

Өмгөөлөгчдийн тухайд ч ялгаагүй. Хэрвээ хэргийн мөрдөлтийн явцад өмгөөлөгчдийн гаргаж өгсөн баримтыг хавтаст хэрэгт хавсаргадаг байсан бол сонин хэвлэлд ярилцлага өгөөд, нотлох баримтаа хамаа намаагүй дэлгэж тавиад явахгүй. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүх ажиллагаанд нотлох баримтаар үнэлдэггүй. Харин хавтаст хэрэгт авах уу, үгүй юу гэдэг нь мөрдөн байцаагчийн үзэмжээс шалтгаалдаг. Хэрвээ мөрдөн байцаагч ч нь нэг талыг барихгүй байж чадвал өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтыг хавтас хэрэгт хавсаргаж болно. Эсвэл өмгөөлөгч мөрдөн байцаагчтайгаа үнэхээр сайн “ажиллаж” чадвал бас нотлох баримтаа хавтаст хэрэгт хавсаргаж болно. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд ямар ч оролцоогүй явж байгаа өмгөөлөгчдийн үнэ цэнийг тодорхойлдог бас нэг хэмжүүр нь энэ байж ч мэдэх юм. Гэтэл мөрдөн байцаагч ч гэсэн уг хэргийг дуусгамаар л байгаа шүү дээ. Гэмт хэргийг нотолж чадахгүй бол юун ажил албан тушаал ахих, цалинтай нь ярина. Тийм учраас нөгөө л хорьж цагддаг, байцаадаг арга руугаа ордог. Дахиад нэг бичлэг...



-Байна уу?

-Байна, Аагий /Ариунболд, сурв/. Яасан бэ?

-Нөгөө охин чинь Монгол HD-гээр ярилцлага өгсөн байна гээд байх юм.

-Телевизээр үү?

-Тийм. Хэзээ өгсөн юм бол?

-Мэдэхгүй, тэрийг бол найз нь мэдэхгүй. Надтай уулзаагүй ш тээ. Өчигдөр өглөө наадах чинь хамгаалагчтайгаа орж ирж надаас нэг 20 мянган төгрөг зээлээд л аваад гарсан. Тэрнээс хойш надтай нь уулзаагүй дээ. Юу гээд ярилцлага өгчихөж үү?

-Мэдэхгүй, би одоо үзээгүй л байна л даа. Шоконд орчихсон байсан майсан гээд буруу зөрүү юм яриад байх юм аа. Нэгдэхээс хоригдох болж байх шиг байна.

-Алив би нэг залгаадахий. Сая залгаад утсаа авахгүй байсан юм аа.

-Ярилцлага битгий өг гээд байхад чинь. Аягүй бол өнөөдөр ч юм уу, маргааш ч юм уу хорих юм шиг байна л даа. Хүн хэлээд байхад . Батбаяр аа, хорино гээд хэлчихвэл зугтаачихна шүү. “Юу хийгээд байгаа юм бэ, чи. Чамайг хорих гээд байна ш тээ” гээд хэл за юу. Хорино гээд хэлчихвэл зугтаачихна шүү. Тэгээд над руу нэг яриатахаач.

-За тэгье, за.

Энэ бол Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга н.Ариунболдын өмгөөлөгч н.Батбаяртай хийсэн утасны яриа. Г.Сарангэрэл 2-р суваг телевизэд өгсөн ярилцлагаасаа буцаж, “Би Х.Тэмүүжин сайдтай холбоогүй. Намайг дарамталж ийм зүйл яриулсан. Би шоконд орчихсон байсан учраас сэтгүүлчийн ярь гэснийг ярьсан” /энэ ярианых нь төлөө цагдаагийнхан түүнд таван сая төгрөгийн урьдчилгаа өгсөн тухай өмгөөлөгчид нь хэлж байга. сурв/ хэмээн дараачийнхаа ярилцлагыг өгснийх нь дараа болсон яриа. Удалгүй Г.Сарангэрэлийг буцаан хорьсныг уншигчид санаж байгаа байх.

Ер нь бол мэдүүлэг зохиох, гэрчийг бий болгох гэдэг зүйл цагдаагийнхны гэм биш зан, хэзээнээсээ хийж ирсэн ажил гэдгийг дээр хэлсэн. Нөгөө талаар энэ нь цагдаа гар нүцгэн байгаатай ч холбоотой. Өмссөн хувцаснаасаа өөр юмгүй гар хоосон мөрдөгчид хэргийг өөрөөр яаж нотлох. Дээр нь угаасаа гэмт хэргийг нотлох баримтад үндэслэж биш, байцаалтаар, гэрчийн мэдүүлгээр хүлээлгэдэг хуучин арга барилаасаа манай цагдаагийнхан салж чадаагүй, систем нь бүхэлдээ хуучнаараа явж байгаатай холбоотой. Тиймээс л ЭБШ хуулиа өөрчилье, хууль сахиулах ажиллагааг хуульчилж өгье гэж яриад байгаа юм.

Уг нь одоо үйлчилж байгаа хуулиар ч гэсэн цагдаагийнхны энэ мэт хууль бус ажиллагаанд хариуцлага хүлээлгэх журам бий. Гэвч хариуцлага хүлээлгэх эрх бүхий нөхдүүд нь өөрсдөө хууль зөрчиж байгаа хүмүүстэйгээ нэг тал болчихоод байхаар гарц харагдахгүй болж байгаа юм. Хэн нь хэнтэйгээ хариуцлага ярих юм бэ. Өмнө нь хурандаа нар хэрэг “цавчиж” хэдэн төгрөг олдог байсан бол энэ удаа улстөрчид оролцоод бүр илүү зохион байгуулалтад оруулчихлаа л даа.

Холбоотой материалыг ЭНД дарж уншина уу.