МҮХАҮТ-ийн 60 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн бүрэн эрхийн хүрээнд зарим хүнд Төрийн дээд одон медаль гардууллаа. Түүний шагналын сонголт бизнесийн хүрээнд хэнийг дэмжих бодлогоо зарласан хэрэг гэж хэлж болох юм. 

Өөрөөр хэлбэл үндэсний үйлдвэрийг сэргээх, зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, худалдаа, хүнсний аж үйлдвэрийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн олон жил үр бүтээлтэй ажилласан бизнесмэнүүдийн хөдөлмөрийг үнэлж “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөр, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар нарыг “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнасан. 

Харин олон нийтийн сүлжээнд тэднийг “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай харьцуулан түүнийг шагнаагүйн шалтгааны талаар талцаж мэтгэлцээд авав. 

Эх сурвалжийн өгүүлснээр уг шагналыг гардуулахын өмнөхөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Ерөнхийлөгч дээрх шагнал гардуулахдаа ямар бодлого баримталсан талаар “ам алдсан” гэнэ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн зүгээс энэ удаагийн шагналыг гардуулах сонголтоо хийхдээ уул уурхайтай холбоотой компаниуд, төрөөс зарласан тендерийг тогтмол “түүдэг” компаниуд, улс төртэй ямар нэг байдлаар холбоотойгоор дэмжигдэж ажилладаг хувийн компаниудыг сонгоогүй. Зөвхөн бизнесийн байгууллагуудыг шагнах бодлогыг баримталсан гэнэ. 

Тэгвэл Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-н захирал яагаад уг шагналд багтсан юм бол. Уг нь энэ бол тийм ч тархи гашилгах асуулт биш. Сүүлийн гурван жилд сайн, муугаар дуудуулан 1072 хувьцааны ногдол ашгийг тараах ажлыг амжилттай гүйцэтгэсэн. Энэ ажил нь эдийн засгийн утгаараа ч олон талын ач холбогдлыг нийтэд өгч чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. 

“ЭТТ” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд тарааснаа төр зөв менежмент хийж чадвал уул уурхайн баялгийн үр ашиг нь өрх бүрийн хаалгаар орж иргэн бүрт бодитойгоор хүрч болдгийг харуулсан. Сонгууль бүрт шүлгийн мөр шиг уншдаг байсан энэ үгс бодит үр дүнд хүрээд зогсохгүй царцанги байдалд ороод байсан үнэт цаасны зах зээлийн салбарыг “амь оруулав”. Энэ бол чамлахааргүй гавьяа мөн. 

Мөн Улаанбаатар хотыг утаагүй болгож агаарын бохирдлыг бууруулсан “гол баатар” болох “Тавантолгой түлш” компанийг үүсгэн байгуулахаас өнөөг хүртэл хөрөнгө оруулалтаар дэмжиж ажилласан. Үүгээрээ нийгмийн хариуцлагыг ухамсарлан хүн амын эрүүл ахуй, сайн сайхны төлөө маш том төслийг санхүүжүүлсэн хэрэг юм. 

Цаашилбал “ЭТТ” ХК нь улс орны хэмжээний томоохон төслүүдийг санхүүжүүлэгч гэдэг шинэ имижтэй болсон. Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдолтой төмөр замын хоёр том төслийг санхүүжүүлж, “Тавантолгой” цахилгаан станцын нийт санхүүжилтийн 30 хувийг санхүүжүүлэн түүндээ тохирсон хувь эзэмшиж эхэллээ. Уг станцын нийт санхүүжилт 700 сая ам.доллар, түүний 30 хувийн санхүүжилтийг “ЭТТ” ХК гаргана. Мөн Азийн хүүхдийн наадамд, БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг бэлтгэн нийлүүлэхэд хүртэл 1 сая ам.доллар хандивласан гэхчлэн тус компаниас хамаарч шалтгаалах зүйл улс орны эдийн засагт тун өргөн цар хүрээтэй болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй юм. 

Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдаж, менежментийн ур чадвараар бүтээн байгуулалтын их ажилд хувь нэмрээ оруулж, улс орны хэмжээний эдийн засгийн ач холбогдолтой үүрэг зорилтыг нь ханган биелүүлсэн энэ залууг баатар цол биш салбарынхаа гавьяат болсонд нь эгдүүцэх илүүц биш гэж үү.