"ХӨРӨГ" 1967 ОН.
С.Дондог (1935-1996 он)
у/б/цаас
40Х70см












1974 онд С.Дондогийн зурсан «Ажилчин», «Сэхээтэн», «Малчин» гэдэг сери зураг нь түүний алдартай бүтээлүүд юм. Энэ сери зураг одоо Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна.  С.Дондогийн  зураг  монгол үндэсний зураг болон Азийн улс орнуудын зураг зурах араг барилыг хослуулан чадмагаар хэрэглэж зурсан байдаг. С.Дондог зураас болон орон зайн илэрхийллийг яруу тансаг гаргаж өгдөг зураач байсан. Тэрээр дүрслэх урлагийн сургуульд олон жил багшилсан. Түүний олон шавь нар өнөөдөр уран бүтээлээ амжилттай туурвиж явна. 



БОДОЛ

Эцэг эхээ хайрладаг айлд
Бурхан амьдардаг юм.

Аав нь сая олон юм бодож хэвтлээ. Тэгээд босоод юм бичиж сууна. Хэрэгтэй эсэхийг мэдэхгүй зүгээр л санаагаа бичиж байна. Шуудхан бичье.

Нэг: Сая би бодлоо, юмыг багаас нь эхлэх ёстой гэж. Ерөөсөө ертөнцийн хууль өөрөө тийм юм шүү дээ. Юу гэсэн үг вэ, гэхээр, ийм юм.

Ухаан нь:  Чи томоо дэлгүүртэй болъё гэвэл эхлээд жижигхэн мухлагтай бол. Тэгээд түүнийгээ дэлгүүр болтол нь торд гэсэн үг. Арч, зүлгэ, өнгө оруул. Цаг зав, хүч хөдөлмөрөө бүү хайрла гэсэн үг. Судал, суралц, бие сэтгэлээ бүрэн дайчил гэсэн үг.

Би ойлгож байна л даа. Зовлон бэрхшээл их бий. Гэхдээ одоо хэлж чадахгүй байна. Тэр бүгдийг даван туулж байж чи муу мухлагаа томоо дэлгүүр болгож чадна. Хэдэн жилийн дараа чи арван том дэлгуүртэй болохыг хэн байг гэхэв. Чи өөрөө л мэдэх хэрэг шүү дээ гэж бодлоо. За байз. Зүйрлээд хэлбэл юу гэмээр юм дээ.

Ухаан нь: Хүн анх эхээс төрөхдөө ямар хөгийн юм төрдөг билээ. Хүн болох гэж эцэг, эхээ яаж зовоодог билээ. Яг үүнтэй адилхан юм   байна. Эрүүл чийрэг  хүүтэй. Хүчтэй хүнтэй. Хүчирхэг том дэлгүүртэй болох хоёр яаг адилхан. Тэвчээр зориг шаардсан том ажил юм байна гэж бодлоо. Хүн төрсөн үрээ дэндүү жоохон арчилгаа ихтэй нялх балчир гээд хаядаггүйтэй адилхан. Муу жижигхэн мухлагаа том дэлгүүр болгоход хэцүү байна гээд хаяж болохгүй гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Би ингэж бодож байна.

Хоёр: Сая бас бодлоо. Чиний хамт тоглогч чинь, хамтран зүтгэгч тань буруу бодоод булхайцаад тоглуулахгүй бол. Болохгүй байвал яахав, гэж бодлоо.

Би бол шууд л босч очоод. Ширээгий нь өшиглөж хаяад шатраа нураана. Нүүр рүү нь цацчихаад эргэж харалгүй гарч одно. Би бол тэгнэ. Яадгийн. Хүн өөрийг нь хүн шиг бодож тэвчиж тэсээд байхад. Хайран сайхан цаг зав, хүч хөдөлмөрөө зориулаад байхад. Хохь нь. Тэгээд хая. Чи бол бага хохирно. Цаадах чинь харин хэцүүднэ. Дахиад өөр хэн нэгнийг мэхлэх гэж яваад бүүр баларна. Ер нь тэгээд иймэрхүү хүнээс эртхэн салсан нь дээр. Өөр үнэнч сайн хүнтэй өөр тоглоом тоглож болно шүү дээ. Тийм биз дээ. Би ингэж бодож байна.

Гурав: Аавынх нь сайн нөхөр та нарын сайн танил нэг хүн бий. Нэрийг нь хэлээд яахав. Ухаантай. Тэгээд бас шударга хүн л дээ. Тэр хүн надад хүн үрээ хайрлах ёстой. Тэгэхдээ хайр чинь зөв байх хэрэгтэй гэсэн. Талхыг нь олж аманд нь хийж өгөөд байж болохгүй. Өөрсдөө олог. Чадахгүй бол өлсөг гэсэн. Наадах чинь хоол биш хор болно гэсэн. Тэр хүн буруу ойлгосон байж мэднэ. Тэгэхдээ тийм юм байдаг шүү дээ.

Уг нь тийм. Нээрээ алт шиг үнэтэй үрдээ хайргүй хүн гэж хаа байхав. Гэхдээ зөв хайрлах хэрэгтэй. Тэгж чадаж байж хүн болгодог. Сайн хүн, хөдөлмөрч ухаантай хүн болгодог. Эр биед хүрсэн хүний аманд нь талх хийж өгч болохгүй. Өөрсдөө олж идэх ёстой. Эцэг эх гэдэг түшиг тулгуур нөмөр нөөлөг нь байх ёстой юм. Тийм биз дээ. Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Эцэст нь. Аав нь нэг сургааль үг хэлье. Бага байхдаа би уншиж байсан юм. Энэ биеэ зээлийн оромж мэт батгүйд санаж яв. Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэгүйд санаж яв. Эцэг эх ахмадын өмнө боол мэт дорд бай. Өр ширтэй юм шиг өглөг буян бусдад үйлд. Анхаарч уншаад ойлгож чадвал ач тусаа өгөх сургааль юм. Аав нь ингэж бодож байна.