Гэгээрэл
Сайн байна уу? Миний хүү. Миний охин. Аавыгаа сонс. Анхаарч сонс. Энэ биеэ зээлийн оромж мэт батгүйд санаж яв. Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэгүйд бодож бай. Ийм нэг үг байдаг юм. Юу гэсэн үг вэ гэвэл Юм бодож бай гэсэн үг. Юу ч бодохгүй явж болохгүй гэсэн үг. Амь амьдрал гэж юу болохыг бод гэсэн үг.
Ш.Чимиддорж 1954 он
120х80 см
тос/зотон
Миний хүү чи сонс!
Жинхэнэ гэгээрэл бол. Би үгүйг таних
Би-д ойртож болохгүй. Бас холдож болдоггүй юм.
Нэг: Сайн байна уу? Миний хүү. Миний охин. Аавыгаа сонс. Анхаарч сонс. Энэ биеэ зээлийн оромж мэт батгүйд санаж яв. Энэ насаа зүүдний үзэгдэл мэт үнэгүйд бодож бай. Ийм нэг үг байдаг юм. Юу гэсэн үг вэ гэвэл Юм бодож бай гэсэн үг. Юу ч бодохгүй явж болохгүй гэсэн үг. Амь амьдрал гэж юу болохыг бод гэсэн үг. Зовлон. Зовлонгийн шалтгаан. Жаргал. Жаргалын үр гэж юу байдгийг бодож мэд гэсэн үг. Тийм нэг түүх аав нь чамд хэлж өгье.
Бурхан багш шавь нараа оршуулгын газарт бясалгал хийлгэх гэж явуулдаг байжээ. Шинэ ирэгсэд эхлээд тэнд гурван сар болно. Амьдрал гэж юу болохыг тэнд тэд ухаарч эхэлнэ. Хөгшин залуу. Баян ядуу. Хэн ч ялгаагүй үнс чандруу болон хийсэхийг тэд ажиглан сууцгаадаг байж. Тун саяхан түүгээр хамар сөхөн ханхалзаж явсан нөхөр. Бас арслан мэт аархуу нэгэн. Одоо тэд хаана байна? Галын дөлөнд хайлан урсаад. Үнс чандруу болоод замхарсан. Амьдрал гэж ийм л билээ гэдгийг ингэж ухаардаг байсан гэдэг. Тэгэхээр миний хүү сонс. Мөнхийн жаргал гэж байхгүй. Мөнхийн зовлон гэж байхгүй. Мөнхийн юм гэж байдаггүй юм.
Тийм учраас: Юунд ч битгий шуна. Юунаас ч битгий битгий зугт. Юуг ч битгий тоо. Юу ч битгий тээ. Яагаад гэвэл: “Амьдралд шунах мунхаглал. Амьдралаас зугтах тэнэглэл” Бурхан ингэж хэлсэн гэдэг. “Тэхий дунд нь орш. Энэ билгүүн ухаан” гэж Бурхан багш хэлсэн юм. Миний хүү чи. Олон юм бодож бай. Олон талаас нь бодож бай. Олон талаас нь бодно гэдэг. Олон тийш нь чулууд гэсэн үг биш. Олон юмыг нэг цэгт хумиж бод гэсэн үг. Юу ч бодохгүй бол. Юу ч хийхгүй бол. Юу ч байдаггүй юм. Аав нь ингэж бодож байна.
Дахиад хэлье. Аливаа юмыг бодож бай миний хүү. Учир утгыг нь ухаж бод. Ухаарахыг хичээ. Тэгэж чадвал чи сайн муу. Сайхан муухайг ухаарч ойлгоно. Өөрөөр хэлбэл. Үнэн байдлыг таниж чадна. Сайн үйлийн зам мөрийг хүн өөртөө ингэж гаргадаг юм. Хүн ингэж чадаж байж илүү их төгс төгөлдөр болдог юм. Аав нь ингэж бодож байна. Бодол бол ухаарч ойлгох эхлэл. Бодол бол алс холын ирээдүй байх эхлэл мөн. Бодол бол эхлэл төгсгөл үгүй. Хэмжээ үгүй асар их хүч чадал. Тийм учраас миний хүү чи. Аливаа юмыг хийж эхлэхээсээ өмнө бодож бай. Бодож хий. Яагаад гэвэл Бодол бол ухаарлын эцэг гэдэг юм. Ухаарал бол гэгээрлийн эцэг мөн.
Тийм учраас миний хүү чи: Бурханаас гуй. Багшаасаа гуй. Бодол гуй. Ухаарал гуй. Гэгээрэл гуй. Түүнд хүрэх арга зам гуй. Оюун ухаан гуй. Тэсвэр тэнхээ гуй. Хүч чадал гуй. Өөр юу ч битгий гуй. Бурхан чамд харамгүй өгч чадах тийм юм гуй. Бусад хүмүүс бас гуйг. Чамайг дагаад гуйг. Бурхан бүгдэд өгнө. Аав нь ингэж бодож байна.
Жан Клоуд 1936 он
160х95 см
тос/зотон
Миний хүү. Миний охин.
Бурханаас гуй. Багшаасаа гуй.
Бодол гуй. Ухаарал гуй. Гэгээрэл гуй.
Хоёр: Агуу бүхний эх булаг бол. Энэрэн хайрлах сэтгэл гэдэг юм. Хайр үгүй бол. Хүн агуу байж чадахгүй. Хайр бол бурхан хүнд өгсөн агуу их хүч чадал. Мөхөхгүй бөхөхгүй зул. Бурхан өөрөө чамд өргөсөн зул!!!
Тийм учраас: миний хүү. Миний охин. Чи хайр энэрэлтэй бай. Хүнийг энэрч хайрла. Өршөөн уучилж чад. Тийм хүн агуу их байдаг юм. Тэгээд миний хүү чи. Аавыгаа ээжийгээ хар. Ахыгаа дүүгээ хар. Ханийгаа хар. Үрийгээ хар. Бас амьтаныг хар. Амьдралыг хар. Сайн хар. Тэгээд хайрла. Сэтгэл зүрхээрээ хайрла. Чин сэтгэлээсээ хайрла. Тэгэж чадвал. Хайрын эзэн үгүй болсон ч хайрласан хайр нь үлддэг юм. Тийм хайр мөнхөрдөг юм. Тийм хайр оршихуйгаас гэгээрэл рүү очдог юм. Тийм хайр орчлонгоос тэнгэрт. Ердийн юмнаас ер бусийн хэмжээс рүү явдаг юм.
Тийм учраас: Амьтныг хайрла. Амьдралыг хайрла. Бусдыг хайрла. Бүгдийг хайрла. Түүнийгээ бусдад түгээ. Харамсалгүй харамлалгүй түгээ. Хүрэх болов уу? гэж битгий бод. Хүрнээ. Бүгдэд хүрнэ. Тэгээд чи хар! Тэгвэл чи амьдралын үнэ цэнэ. Гэрэл гэгээг олж харна. Өөрөөр хэлбэл чи амьд амьдралтай болноо. Аав нь ингэж бодож байна.
Тийм учраас: миний хүү чи амьтаныг хайрла. Амьдралыг хайрла. Яагаад гэвэл хайр бол үнэмлэхүй ухаарал. Хайр бол үнэмлэхүй гэгээрэл. Үнэмлэхүй гэгээрэл бол үнэмлэхүй их хүч чадал.
Тийм учраас: Миний хүү чи бурхнаас гуй. Багшаасаа бас гуй. Энэрэн хайрлах сэтгэл гуй, ухаарч ойлгох оюун ухаан гуй. Олон юм битгий гуй. Онож гуй. Эд баялаг, эрдэм чадал битгий гуй. Бусдын гуйдгийг битгий гуй. Алдар нэр, амжилт бүтээл битгий гуй. Хэн ч гуйгаагүй тийм юм гуй. Сэтгэл гуй. Ухаарал гуй. Гэгээрэл гуй. Аав нь гуйж амжаагүй юм. Миний хүү чи гуй. Бурхан чамд өгнө. Бурхан бүгдэд өгнө. Аав нь ингэж бодож байна.
Ц.Жамсран 1924 он
60х24 см
тос/зотон
Миний хүү чи.
Өөрийгөө төгс бус гэдгээ мэдэр.
Үнэн байдлыг ойлго. Тэгвэл илүү төгс болно.
Гурав: Энэрэн нигүүсэх сэтгэл оюунаа байнга сэргээж бай. Бусдад тусла. Буян хий. Тарни унш. Залбирал үйлд. Сайн үйлийн зам мөрийг ингэж гарга. Бас бусдын төлөө залбирч бай. Буян бодож маань хөгжөө. Хамаг амьтаны тусын тулд гээд залбир. Гадна талаасаа биш. Ариун тунгалаг дотор сэтгэлээрээ залбир. Энэ бол ухаарал. Бас гэгээрэл. Аав нь ингэж бодож байна. Гэгээрэл бол горьдлого биш. Гэгээрэл бол хүсэл. Гэгээрэл бол мөрөөдөл. Бүгдийн хүсдэг хүсэл. Зөвхөн хүсэл. Гэгээрэл бол бас зорилго. Бүхний мэдэх зорилго. Ирээдүйн сайн сайханд зорьсон зорилго. Тийм учраас зорилго бол ирээдүй мөн. Бас ирээдүй байх эхлэл мөн. Миний хүү чи. Бусдыг бодож бай. Энэрэн нигүүсэх сэтгэл оюунаар харж бод. Сайн үйл, хүсэл бүрэлдэх учир шалтгааныг ингэж бий болго. Хүн өөртөө ингэж бий болгодог юм. Энэ бол үнэн. Маргашгүй үнэн. Тийм учраас: миний хүү чи. Бурханаас гуй. Багшаасаа гуй. Бишрэн дээдлэх сэтгэл оюун гуй. Ариун тунгалаг ухаарал гуй. Алс холын гэрэлт ирээдүйн зам мөр гэгээрэл гуй. Энэ бол үхэшгүй мөнхийн билэгдэл. Энэ бол эхлэл төгсгөл үгүй хэмжээ үгүй их хүч чадал. Энэ бол ариун тунгалаг алс холын ирээдүй байх эхлэл мөн. Тийм учраас. Миний хүү чи. Бурханаас гуй. Багшаасаа гуй. Мөргөөд гуй. Бодол гуй. Ухаарал гуй. Гэгээрэл гуй. Өөр юу ч битгий гуй. Эцэст нь аав нь нэг юм хэлье. Миний хүү чи: Өөрөө өөрийгөө шинжиж бай. Байнга шинжиж бай. Өөрийгөө төгс бус гэдгээ тэгэж мэдэр. Үнэн байдлыг тэгэж ойлго. Тэгэж ойлгодог юм. Тэгэж чадвал. Миний хүү чи: Илүү их төгс төгөлдөр болно. Аав нь ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна.