-Танай сэтгүүлчдийн эгнээ хэр цэвэр вэ?
-Яг л танайхан гэсэн үг. Най байхгүй.


Цагдаатай хөөрсөн хуучаас

Нэг. Хэн ч халдашгүй...

Цэвээн Жамсраногийн эрхэлж байсан “Шинэ толь” шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүлээр баримжаалан, Монголд орчин үеийн сэтгүүл зүй үүсээд 101 жил болж байна гэж үзэн ойг нь тэмдэглэлээ. Яахав, бүх юм 21 онд эхэлсэн гэдэг үзэл суртлыг бодоход долоо найман жилээр цаашилсан хэрэг. Монгол хэл дээр гарч байсан тогтмол хэвлэл гээд үзвэл XIX зууны сүүлчээр Оросын загалмайлсан буриад Петр Бадмаевын санаачилсан “Жизнь на восточной окрайнъ” буюу “Дорнод хязгаарын амьдрал” руу хүрнэ. Тэгээд “Монголын сонин бичиг”, “Монгол үгийн бодрол” гээд явна. Тэдгээрийг мөн л орос болон хятадууд санаачилж, Грин муж, Харбинд үйлдэж байсан аж.

Хэрвээ энэ ойг мэдээллийн хэрэгслэл, мэдээлэл дамжуулах тогтолцоо анх үүссэн гэдэг утгаар авч үзвэл Монголын эзэнт гүрний үеийн өртөө шуудан руу очно. Төрийн чухал мэдээлэл хориод хоногт багтан Хархорумаас Европ орж байсан гэдэг. Эзэнт гүрний бүхий л өнцөг буланг хамарсан өртөө шуудан нь манай төдийгүй дэлхийн анхны мэдээлэл дамжуулах сүлжээ байсан нь эргэлзээгүй. Монголд мэдээллийн хэрэгслэл, сүлжээ байгуулагдсны 900? орчим (Чингис хаан санаачилсан, Өгөөдэй байгуулсан, Хүннүгийн үед ч байсан байж болох) жилийн ой болж байна.

Хэвлэн нийтлэх эрх чөлөө болон салбарын чөлөөт өрсөлдөөний зам 1990-ээд оноос цоо шинээр эхэлснийг ч бас орхиж болохгүй.

Үүсээд 24, 93, 101, магадгүй 900 орчим жил болж байгаа монголын сэтгүүл зүй өөрөө бойжилтынхоо ямар түвшинд явна вэ? Эрийн цээнд хүрсэн үү, арай Д.И.Фонвизины “Недоросль” буюу “Өсдөггүй гайхал” шиг талбар нь багтаамж нь томорсон ч сэтгэлгээ нь нялх хэвээрээ байгаа юм биш биз! Эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн өсөлтийн хурдацыг нийгэм эдийн засаг нь гүйцэж чадахгүй байгаа ч юм бил үү.

Үүнийг хэн хэлж өгөх вэ. Нийгэмд шүүмжлэлээс чөлөөтэй орон зай байхгүй ч тэр бүхэн хэвлэл мэдээллээр дамжин өрнөдөг. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийг шүүмжлэх гэвэл мөн л хэвлэл мэдээллийг ашиглах ёстой. Гэтэл өөрийнх нь гараар өөрийг нь багалзуурдахыг тэд зөвшөөрнө гэж үү?

Ингэхээр салбарынхаа хөгжлийн түвшинг баримжаалах, мэргэжлийнхээ нэр хүндийг хамгаалах үүрэг сэтгүүлчдийн өөрсдийнх нь нуруун дээр ирж байна.


Хоёр. Ядаж дээрэлхүүлэхгүйн хүсэл

Нэг ийм ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Хүн төрөлхтний нэг хэсэг нь үнэнд цадиггүй дуртай төрөх ба өөрөө ч тэрийгээ эхээс унуутаа ухамсарласан байдаг. Тэд өдөртөө байг гэхэд долоо хоногтоо ямар нэг үнэн юм хэлэхгүй бол унтаж чаддаггүй. Зөвхөн тэд л үнэн ба худлыг ялгах ба ялгаад өгсөн үнэнийг нь эсэргүүцэж байгаа этгээд бол “үнэнд дургүй” болж тааран буруутах нигууртай гэхчлэн. Иргэд төдийгүй сэтгүүлчийн мэргэжил сонгосон маш олон хүн үүнд итгэлтэй байдаг. Харин бодит байдал арай өөр.

Аливаа хүмүүн хүүхэд насаа үдэхийн цагт ирээдүйн амьдралын чиглэлээ сонгох үе ирдэг. Маш олон хүн өөрийн авьяасын илэрхийлэл болсон сэтгэлийн дуудлагыг мэдрэн мэргэжлээ сонгодог. Гэвч бусдаас илүү хүчирхэг, баргийн хүнд дээрэлхүүлээд байхгүй тийм ажлыг л сонгодог нь ерөнхийлөх байх. Хүн төрөлхтөн ардчиллын сайхан түүхтэй ч хүчтэй, бяртай, мэдэлтэйдээ дээрэлхүүлж ирсэн шастирынх нь өчүүхэн хэсэгт тэр нь бий. Түүхийн явцад булчингаас гадна оюуны чадвар, авьяас билиг хүнийг бусдын дээр гаргадаг, өөрөөр хэлбэл баргийн амьтанд дээрэлхүүлэхгүй явуулдаг болсон гээд үзвэл нийтээрээ л нэг хандлагатай байна.

Манайд 3000 хуульчийн орон тоон дээр 30.000 хуульч байгаа нь үүний нотолгоо. Хуулийг судалж мэдээд биелүүлж байхын тулд тийшээ орсон нь байдаг л байх. Гэвч хууль сахиулагчаас хүн айдаг болохыг мэдээд л тийшээ зүтгэсэн нь олонх. (За даа, аймхайдаа л хуульч, хууль тогтоогч болсон болов уу гэж бодмоор хэн хэн байгааг нүдээ аниад бод доо) Үүний дараа сэтгүүлчид орж байгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс олон нийт айхаа байг гэхэд аягүйцдэг болохыг олж харсных. Хэрвээ манай их дээд сургуулиуд Иргэний хөдөлгөөний факультет нээж, “эх оронч”-ийн мэргэжил эзэмшүүлээд эхлэвэл төгсөгчид нь дээрх хоёрын нийлбэрээс ч давна. (Өнөөдөр бүхий л бизнес эрхлэгчид иргэн ба ард түмний эрх ашгийг “хамгаалагч” нарын өмнө өвдөг чичирч байна).

Монголчууд бол муухай үндэстэн, муу хүн болоод ингэж байгаа юм биш, ерөөсөө л туулах, үзэх учиртай юмаа л дамжиж байна гэсэн үг. Хүн бүр л нялх багадаа живхтэй байдаг, мөөмийг зөвхөн тэжээлийн эх үүсвэр талаас нь хардаг, алхахын оронд мөлхдөг шиг л зүйл. Ичмээр биш боловч цаашдаа живхнээсээ салахгүй, хөхнөөсөө гарахгүй, хөлд орохгүй байвал жинхэнэ асуудал мөн.


Гурав. Дөрөв дэх “аймаар амьтан”


 “Хэвлэл мэдээлэл бол дөрөв дэх засаглал мөн” гэдэг үгийг мэдэхгүй тийм хүн тус салбарт байхгүй. Засаглал гэж юу болох, нэг, хоёр, гурав дахь засаглал гэж ямар инстүүцийг хэлдэг зэргийг тэр бүр мэдэхгүй ч өөрийгөө “улсын дөрөв дэх аймаар амьтан” гэсэн итгэлтэй. Засаглал, засгийн газрын ялгааг мэдэхгүй, зүгээр л маш их эрх мэдэл гээд ойлгочихсон цохиж явдаг улс ч бий. Бараг л хүний хөнжил рүү орчихоод, цаадах нь дургүйцэхээр “дөрөв дэх засаг үүргээ биелүүлж явахад саад болов” хэмээн загнах ч удаатай.

Хамаг юм “хэвлэл, мэдээлэл бол ямар нэгэн буянтай үйл, хүмүүнлэгийн ажиллагаа, төрөлхийн шударга хэдэн гарын сонголт мөн” эсэхээс эхлэх учиртай. Мэдээлэл бол зүгээр л бизнес гэдгийг ойлгон хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүмүүс мэдээлэл хүлээн авах хүсэлтэй ба сонирхолтой. Тэр сонирхол дээр тулгуурласан мэдээлэл түгээх бизнес байдаг. Мэдээллээ зарахаасаа илүү мэдээллийг нь хүлээн авдаг зах зээл дээрээ тодорхой үнээр сурталчилгаа явуулж ашиг олдог бизнес. Хүмүүс хараажийн үнэн шударга мэдээллийг шуурхай түгээдэг сүлжээг сонгоно. Хэрвээ худал хуурмаг юм яриад эхэлбэл олон нийт итгэхээ болино. Олон нийт итгэхээ болихоор зах зээлээ алдаж, бизнесээ нураана. Ийм учраас мэдээллийн хэрэгслэл зах зээл олж авах, олсноо хадгалахын тулд бодитой мэдээлэл, шуурхай түгээхээс өөр замгүй. Хэвлэл мэдээлэл хэмээх бизнесийн зорилгоор бодитой мэдээлэл шуурхай түгээдэг, шударга тогтоц байгаа учраас нийгэм, ялангуяа төрийн албаны алдаа дутагдал олон түмэнд үргэлж ил байна. Нийгмийнх нь гажиг ил учраас засагдана. Алдаа нь засагддаг нийгэм эрүүл байна. Энэ утгаараа чөлөөт хэвлэл мэдээлэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалаас дутахгүй чухал үүргийг нийгэмд гүйцэтгэнэ. Дөрөв дэх засаглал гэдгийн учир энэ. Жишээлэхэд, “Өдрийн сонин” захиалагчийнхаа тоогоор бусдыгаа тэргүүлдэг нь нийгмийн итгэлийг хамгийн их хүлээсэн, тэр хэрээрээ шударга ёс тогтоох багана болж яваа л гэсэн үг.

Ингээд харахаар мөнөөх Адам Смитийн “үл үзэгдэх” гарын үлгэрээр зүгээр л мэдээллийн зах зээл дээр хийдэг бизнес яван явсаар нийгэмд шударга ёс тогтоох хүчирхэг хэрэгслэл болж байна гэсэн үг.

Эндээс ургаад сэтгүүлчийн ёс зүй, эрх мэдлийн тухай асуудал урган гарч байна. Сэтгүүлч нь мэдээлэл түгээдэг болохоос бусадтайгаа л адилхан нийгмийн гишүүн. Ямар ч илүү эрх дарх байхгүй. Сэтгүүлчийн үнэмлэх нь “энэ хүн мэргэжлийн ажлаа хийж яваа” гэдгийг л илтгэхээс бус ямар ч давуу эрх олгохгүй. Харин төрийн албан хаагч сэтгүүлчийн хүссэн мэдээллийг өгөх үүрэгтэй байдаг нь сэтгүүлч, мэдээллийн хэрэгслэлийн эрх ашгийг бодолцохоосоо илүү олон түмний мэдээлэл авах эрхийг хүндэтгэсэн заалт. Энэ заалт ч бас хязгаартай. Дурын нэгэн сурвалжлагчийн үнэмлэхээ үзүүлээд тусгай албадын гүйцэтгэх ажилтай танилцаж, улсын нууцыг үзэж, түүнчлэн хувь хүний нууцад халдаж болохгүй. Бас “модоо нуухгүй бол нүдээ нуухгүй” гэдгийн үлгэрээр юмаа нууж чадаагүй хүний нууцыг хадгалах үүрэггүй.

Харин харьяалагддаг мэдээллийн хэрэгслэл нь нэр нөлөөтэй байхын хэрээр сэтгүүлч, сурвалжлагч нар нь нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг. Хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол тэдний мэдээлэл олж авах, түгээх эрхийг нь нийгмийн зүгээс бусдаас илүүтэйгээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Тэр утгаараа илүү эрх мэдэлтэй байхыг нь зөвшөөрнө.


Дөрөв. Босгон дээр

Бурханч тэгдэг юм уу, ерөөсөө тэгж таардагч юм уу, ямар байсан тодорхой тооны хүнд хамаарах тодорхой авьяас, чадвартны тоо гэж байх шиг байгаа юм. Шигээр барахгүй байгаа нь харагдаад байдаг юм. Ухаандаа, нэг сая хүнийн дундаас Хэмингүэй шиг зохиолч, Курасова шиг найруулагч, Түвшинбаяр шиг бөх, Норовбанзад гуай шиг уртын дууч хэд төрж болох тухай ярьж байна. Үүнийг сэтгүүлчдийн ур чадвартай холбоотой гарч буй шүүмжлэл, гомдлоос үүдэн сөхөж байгаа юм.

Өнөөдөр мэдээллийн зах зээлд оршин тогтнох бололцооноос хэтэрсэн хэвлэл мэдээллийн хэрэгслэл оршин тогтнож байгаа. Энэ тоо хэтрэхийн хэрээр 3 сая орчим иргэнд ноогдох сурвалжлагчийн орон тоо хэмжээнээсээ хальсан. Халихын хэрээр тэдэнд ур чадварын болон ёс суртахууны үүрэг хүлээлгэх боломж үгүй болно. Улсын цол олгодог олгодог наадам улсын хэмжээгээр жилд ганц болдог учраас “сайн бөх”-ийн тухай ярьж болж байна. Хэрвээ яг ийм барилдаан зуун газар зэрэг болдог бол улсын зуун арслан зэрэг төрж бөхийн чанар энэ тэрийг тоймлох аргагүй болно. Энэ мэт бөлгөө.

Бараг хүн болгон өөрийн мэдээллийн хэрэгслэлтэй байх эрмэлзэл нь хуучин хориг хаалттай нийгэмд байсан сэтгэл оюуны хүлээсийн үлдээсэн шархтай холбоотой бөгөөд нэгэнт л боломж олдсон дээр бүгдээрээ “дөрөв дэх засаглал” болж үзэж байж сая санаа амрах учиртай байх. Чөлөөтэй нийгэмд мэдээллийн хэрэгслэлтэй болох, өөрөө мэдээлэл түгээх эрхийг хааж боож болохгүй.

Сэтгүүлчдийн нийт бие бүрэлдэхүүн ч манай нийгмийн ерөнхий тусгал. Энэ нь хүний хайлангууд нэг дор цуглаагүй бөгөөд бусадтайгаа л адилхан ариун шударга явдалтан, мөрөөрөө явдаг хэсэг, нэр барьсан худалч, үнэмлэх үзүүлсэн сүрдүүлэгчид эзлэх хувьтай гэсэн үг. Ерөөсөө ч манай гариг дээр зөвхөн сайн хүмүүсийг нэг тогоонд багтаах ямар ч боломж байхгүй. Шоронд ч сайн хүн бишгүй байгаагийн адил бурханы сүмд ч найгүй гарууд зөндөө. Хүний ертөнцийн сүргийн бүтцийн тухай ийм  нэг үг байдаг. “Нэг ч маанаггүй тосгон уйтгартай, харин хоёртой бол эмгэнэлтэй” гэж.

Харин зөв тогтоц, зөв бүтэц бий болохын хэрээр ямар төрснөөсөө үл хамааран зөв амьдрахаас өөр аргагүй болдог. Шударга сэтгүүлчийг шударга хэвлэл мэдээллийн тогтоц төрүүлдгээс биш төрөлхийн шударга иргэнийг нэг дор цуглуулах замаар ажил явдаггүй гэсэн үг. Том төрөөс ухаалаг төр гэдэг бол тооноос чанарт шилжинэ л гэсэн санаа. Төрийн албанд шударга хүнийг цуглуулах гэж оролдохын оронд хэн ч орсон шударга байхаас өөр аргагүй тогтоцыг бүтээнэ л гэсэн үг. Яг түүн шиг манай хэвлэл мэдээллийн хэрэгслэл ч тооны олноос чанартай цөөн рүү шилжих босгон дээр байна. Ганцхан сэтгүүл зүй ч бус ерөөсөө нийгмээрээ, төрөөрөө ийм босгон дээр ирсэн. Харин энэ процесс хэрхэн өрнөхийг “тэнгэр мэдэхээс би яахин мэдэх” билээ.